Categories
мэдээ нийгэм

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийг гүйлгээнээс татна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болжээ. Учир нь тус онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртэд олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байжээ. Тодруулбал, уг дэвсгэрт нь ямар нэг цонхгүй, туузгүй бөгөөд ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой юм байна.

Иймд 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож, дээрх дэвсгэртийг эзэмшиж буй иргэдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл банкуудад болон Монголбанканд хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой байхаар зохицуулжээ.

Тухайн хугацаа энэ оны гуравдугаар сарын 1-нд дуусгавар болж буй тул 2006 онд үйлдвэрлэгдсэн, хуурамч бус 20 мянгатын дэвсгэрт эзэмшиж буй бол банканд хандан солиулахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд гал гарч 3 хүүхэд угаартжээ

Cэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн долдугаар байрны гуравдугаар орц нэгдүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 21:52 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраажээ.

Гал түймэрт иргэн есөн настай эрэгтэй Ч, таван настай эрэгтэй Ч, долоон настай эмэгтэй И нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгчээ. Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ улс-төр

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана.

  • 11.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ.
  • 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ. Мөн “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.
Categories
гадаад мэдээ цаг-үе

БНАСАУ дуунаас хурдан пуужин туршсан гэж мэдэгджээ

БНАСАУ дуунаас хэт хурдан пуужин туршиж, цэнэгт хошуу нь мянган километрийн зайд байдаа оновчтой туссан бөгөөд туршилтыг удирдагч Ким Жөн Ун ажиглалаа гэж тус улсын Хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох “Нодон Синмун” сонин мэдээлжээ.

БНАСАУ мягмар гаргийн өглөө 7 цаг 27 минут орчимд Япон тэнгис рүү баллистик байж магадгүй пуужин харвасан тухай мэдээлсэн. Пуужин хамгийн багадаа 700 километр ниссэн бөгөөд хамгийн өндөр хурд нь 60 километрийн өндөрт 10 Мах байсан гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ пуужин нь “илүү дэвшилтэт” гэж тус хороо үзэж байгаа боловч дуунаас хурдан пуужин мөн эсэхийг батлахаас татгалзсан хэвээр байна.

“Нэгдүгээр сарын 11-ний өдөр нөхөр Ким Жөн Ун дуунаас хурдан пуужин харвах туршилтыг ажиглалаа. Туршилт дахин амжилттай болж, дуунаас хурдан пуужингийн толгой пуужингаас 600 километрийн заагт салж, … мянган километрийн зайд далайд буй байг оносон” гэж “Нодон Синмун” сонин мэдээлжээ.

Ким Жөн Ун пуужинг бүтээхэд гар бие оролцсон эрдэмтэн, инженерүүд болон бусад хүмүүст “онцгой талархал илэрхийлж”, бүтээсэн пуужинг нь улс орны батлан хамгаалахын таван жилийн төлөвлөгөөний гол зорилтуудын нэг болсон “асар том амжилт” гэж тодорхойлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг нулимлаа

1998 оны наймдугаар сард Монгол Улс анх удаагаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон юм. Ардчилал, чөлөөт нийгмийн амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөө Монголд ийн хуулиар баталгаажсан юм. Төдийгөөс өдий хүртэл бид энэ хуулиндаа итгэж найдаж, урдаа барих ганц хууль гэсээр ирсэн билээ. Гэтэл Монголын төр буюу УИХ-ын дарга Г.Занданшатар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай дээрх хууль руу хээвнэг нулимж орхилоо. Өнгөрсөн долоо хоногт болсон сэтгүүлчидтэй уулзсан уулзалт дээр УИХ-ын дарга “Хэвлэлийн эрх чөлөөний хууль ямар ч санкцгүй хууль. Тэгэхээр хэрэгжих боломжгүй” гэж мэдэгдэв. Хэдийгээр албан бус уулзалт хэдий ч Монголын хэдэн арван сэтгүүлчийг өмнөө суулгаж байгаад ийн мэдэгдсэн нь хэтэрхий том доромжлол байлаа. Хууль баталдаг хамгийн том институцийн дарга нь ингэж мэдэгдэнэ гэдэг Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрдугаар зүйлийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх болохоор байгаа юм. Үндсэн хуулийн 30 жилийн ойн босгон дээрээ ийм үйлдэл үзүүлж байгаа Г.Занданшатар даргыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгч огцруулах үйл ажиллагааг сөрөг хүчнийхэн болон хуулийнхан даруйхан эхлүүлэх хэрэгтэй байна.

1998 онд Э.Бат-Үүл нарын санаачлан батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль ердөө дөрөвхөн зүйл заалттай. Тодруулбал:

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ 
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт  Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино.  2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах  Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.  3 дугаарзүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох  3.1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.  3.2.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.  4 дүгээрзүйл.Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох  Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. 
       МОНГОЛ УЛСЫНИХ ХУРЛЫНДАРГА  Р.ГОНЧИГДОРЖ

Ийм л хууль. Хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцэгдэн баталсан, Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны ганц чиг баримжаа болсон энэ хуулийг үйлчлэх боломжгүй гэж зарласан нь юу гэсэн үг вэ. Энэ нь төр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль руу нулимсантай агаар нэг явдал юм. Өөрөөр тайлбарлах боломжгүй байна.

Үнэхээр энэ хууль хэрэгжих боломжтой эсэх талаар хуульчдаас асуухад “Хэрэгжинэ. Хууль л бол хууль. Хэрэгждэггүй хууль гэж байдаггүй. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Иргэний хууль зэрэг бусад хуулиар зохицуулагдаад явдаг. Санкц байхгүй ч гэсэн хориглоно гэсэн заалт байгаа. Тэр заалтыг зөрчсөн шийдвэр гарсан бол тухайн шийдвэрийг нь шүүхэд өгч болно” гэсэн хариулт өгч байх юм. Өдөр тутам иргэдэд хуулийн зөвлөгөө өгдөг, өмгөөлөл үзүүлдэг хуульч, өмгөөлөгчид Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой гэж байхад эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын дарга нь хэрэгжих боломжгүй хууль гэж тайлбарлаж байна. Энэ тэгээд хэвийн зүйл үү. Эрх баригчид үүндээ бат итгэлтэй байдаг нь үйл ажиллагаанаас нь маш тод харагддаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд бүхий л яамд, агентлагууд дэргэдээ асар том бүтэц бүхий хэвлэлийн албатай. Энэ алба өргөжин тэлсээр хүчирхэг техник технологи, хүн хүчтэй болж, төрөөс санхүүжиж байна. Төрийн үйл ажиллагааг мэдээлнэ гэхээсээ илүүтэй тухайн дарга, сайдаа сурталчлах, нэр хүндийг нь өргөх, дарга маш их ажиллаж байгаа гэж л ил далд бүхий л хэлбэрээр магтах ажиллагааг хийж байна. Нэг сайдаас ярилцлага авъя гэхэд өмнөөс бэлэн ярилцлага, видео дүрс шидэх хүртлээ өндөр авсан байна. Редакцийн асуулт, сэтгүүлчийн бодитоор мэтгэлцэх асуултууд гэж байхаа больсон. Өнөө даргаа өргөх гэсэн бэлэн тавилттай хуурай ярианууд энд тэнд хөвөрч байдаг болсон. Ингэж төрөөс санхүүждэг хэвлэлийн албад, багууд томрон томорсоор жамаараа өсөн өндийж байгаа чөлөөт хэвлэлийг багалзуурдаж унагах дээрээ тулж байгаа. Дарга нар дэргэдэх хэвлэлээ улам томруулахаар бие биенээсээ өрсөж байна уу гэлтэй үйл явдлууд өрнөж байна. УИХ дэргэдээ хэвлэлийн албатай хэрнээ Парламентын мэдээлэл сурталчилгааны төв хэмээх дахин нэг шинэ алба нээсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн хэвлэлийн албатай хэрнээ МОНЦАМЭ агентлагийг өөрийн мэдэлдээ албан ёсоор аваачсан. Энэ бүгд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалтыг шууд зөрчиж байгаа явдал юм. Мөн Монополийн эсрэг хууль, Өрсөлдөөний тухай хууль гээд бусад хуулиудыг ч зөрчиж байгаа.

Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй, хэн ч сөхөхгүй байгаа нь туйлын харамсмаар. Төр өөрийн данхар бүтэц, бүхий л сайн муугаа хүчтэй хэвлэлийн албадаараа магтуулсаар байгаад ард түмний толгойг угаана гээд итгэчихсэн тууж явна. Дээр нь сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодыг гартаа оруулах санаа тээж яваа нь цухалзсаар ил болж байна. Хэрэгтэй, хэрэггүй түмэн шидийн зүйлийг залгисаар эрх баригчид өөрсдийгөө улам л хүчтэй болж байгаа мэтээр төсөөлж суудаг байх. Ийм байдал үнэндээ нэг л өдөр савандаа багтахгүй дэлбэрдэг гэдгийг Казахстаны үйл явдал яруу тодоор харуулж байна. Ийм байдалд хүргэхгүйн тулд хууль зөрчихийг ил тод уриалж байгаа өндөр дээд эрх баригчдад хатуу арга хэмжээ авч “хууль зөрчсөн” үндэслэлээр Цэцэд өгч шүүлгэх нь өлзийтэй юм.

Г.Гэндэндарам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус хүйтэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-ын сангаас өрхийн эмнэлгүүдэд 308 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдав. Хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр танилцуулсан.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой болгох, төлөвлөлтийг сайжруулах, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар тусгажээ.

Энэ оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2021 оны 408 дугаар тогтоолоор батлуулж, төрөөс шимтгэлийг хариуцдаг

  • 0-18 насны хүүхэд,
  • Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн,
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн,
  • Хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),
  • Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон ял эдэлж байгаа ялтны шимтгэлийн орлогод энэ онд 164 тэрбум төгрөг буюу 2021 оноос 79.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлуулжээ.

Түүнчлэн, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг энэ сарын 01-нээс хоёр дахин нэмэх шийдвэр гарч, 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 308 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно.

Мөн эмнэлгүүд бие даан төсвөө зарцуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалинг гүйцэтгэлд суурилан нэмэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмж, чадварлаг эмч, сувилагч, асрагч нарын ажиллах хөшүүргийг бий болгоно.

Энэ хүрээнд “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод хэмжээ, сүлжээ”-г шинэчлэх Засгийн газрын тогтоолын төсөлд оруулах саналыг боловсруулан, танилцуулга, тооцооллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Энэ саналд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн сүлжээний доод хэмжээг төсвийн нөөцөд тулгуурлан тогтоож, 13.7-35.0 хувиар (дундаж нь 23 хувь) нэмсэн гэлээ.

Эрүүл мэндийн сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 118 төсөл, арга хэмжээний нийт 387,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 128,6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалт батлагдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Үндсэн хуульдаа сэтгэлийн хөөрөл, атгаг зорилгоор гар хүрч болохгүй

Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Ардчилсан хэмээн тодотгодог 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү эцэг хуулийг батлалцсан тухайн үеийн төрийн түшээдийн нэг бол та. Юуны өмнө танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Ардчилсан Үндсэн хуулиа боловсруулж, хэлэлцэж, баталцгаасан Ардын Их Хурлын депутатууддаа, Улсын бага хурлын гишүүддээ, ард нийтээр хэлэлцүүлэхэд идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлж байсан иргэддээ, Монгол Улсынхаа иргэн бүрт баяр хүргэе.

-Та бүхэн шинэ Үндсэн хуулийг батлахдаа ямар нэгэн эрх мэдэл, ашиг хонжоо бус нийт ард түмнийхээ шударга ёс, эрх тэгш байдал, ардчиллыг хангах ганцхан л зорилго өвөртөлж байсан байх тийм үү. Тиймдээ ч хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ шилжүүлсэн юм уу?

-Үндсэн хууль маань улс төрийн хүчнүүдийн зөвшилцөл, эвлэрлийн үр дүн, ард түмний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл, ардчилсан хувьсгалын ялалт баталгаа юм. Академич, депутат Р.Барсболд гуайн дурсаж бичсэнчлэн “Ардын Их Хурлын депутатуудын үнэнч байдал, шударга хандлага, улс төрийн хуйвалдаан болон аливаа намын муйхар үзэл суртлын дээгүүр эх оронч үзэл, ард түмний ашиг сонирхлыг дээдлэн баримтлагч байр суурь, шинэ үеийн амьсгаа үнэхээр ноёрхож байсан” нь олон зөрчил, ялгаа, бэрхшээлийг даван туулж Үндсэн хуулиа батлан гаргаж чадсаны “нууц” нь байсан юм. Үндсэн хуулийг хүчин төгөлдөр болгон мөрдөж эхлэх явдлыг удаан хугацаагаар алгуурлах нь эдийн засаг, улс төрийн төдийгүй ёс зүйн хувьд ч гэсэн зохисгүй хэрэг болно гэж үзсэн учраас таван жилийн бүрэн эрхтэй сонгогдсон Улсын Их Хурал, Улсын Бага Хурал нь өөрсдөө шийд гарган гурван жилийн бүрэн эрхээ дутуу орхин 1992 ондоо шинэ Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгууль явуулж Үндсэн хуульдаа бүрнээ шилжиж билээ. Үүргээ биелүүлчихлээ гэж сэтгэл ханан эрхээ гурван жилээр өөрсдөө “хасаж” чадсан нь тэр үеийн төрийн түшээд-депутатууд Улсын Бага Хурлын гишүүдийн өндөр ёс зүй байсан юм. Төрийн эрх мэдэл гэдэг бол “үүргээ биелүүлэхийн тулд олгогдсон эрх” гэсэн философи ийм л байлаа.

-1992 онд баталсан Үндсэн хуулиас хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь “дордуулсан долоо” гэж цоллогддог 2000 оны өөрчлөлт. Тэр үед үнэхээр дордуулчихсан юм уу. Та хэрхэн дүгнэдэг вэ?

-1996-2000 онд сонгогдон ажилласан УИХ-ын үед Үндсэн хуулийн түвшинд бий болж байсан бэрхшээлүүдийг цаашид давтагдуулахгүйн тулд олонх, цөөнхийн 100 хувийн зөвшилцлөөр 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт нь хоёр өөр УИХ-аас баталсан ч үг үсгээрээ яг адилхан. Учир нь эхнийхийг нь Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулийн процессыг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон. Би тэгж боддоггүй.

Харин дараагийн УИХ процессыг нь Цэцийн хүссэнээр залруулан тэр нэмэлт, өөрчлөлтийг 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр дахин баталж 2000 оны долдугаар сарын 15-наас дагаж мөрдсөн. Энэ хугацаанд өмнөх 1999 оны нэмэлт, өөрчлөлтийг дараагийн Их Хурлаас дагаж мөрдөнө гэсэнтэй тохирч байгаа юм. Тодруулж хэлбэл, нэмэлт, өөрчлөлтийн заалтууд Үндсэн хууль зөрчсөн тухай асуудал биш юм шүү. Ийм маргааныг Үндсэн хуулийн Цэц шийдэхгүй. Өнөөдөр ийм асуудал Цэц дээр яригдаж байгааг гайхаж байна. 50 гишүүнтэй олонх 25+1 гишүүнтэй цөөнхөөс хамаарч 51 хүргэж ирц бүрдэлгүй 30 хоног чуулганы хуралдаанаа хийж чаддаггүй, цөөнх Улсын Их Хурлын ганц дэд даргыг өөрөөсөө сонгуулна гээд долоо хоногоор гацаадаг, олонх Ерөнхий сайдаа УИХ-д оруулж ирж чадахгүй Ерөнхийлөгчөөр долоон удаа буцаалгаж зургаан сар үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай байж Ерөнхийлөгчийн зөвшөөрч болох хүмүүсээс дэвшүүлэхээс аргагүйд хүрдэг. Гишүүдээсээ Засгийн газрын гишүүн томилж нэг болохоор болдог, нөгөө болохоор бас болдоггүй. Энэ нь Цэцээс хамаараад байдаг. Гомдоллосон арав гаруй гишүүн нь цөөнхтэй нийлээд нууц санал хураалтыг ашиглан өөрийн Засгийн газраа огцруулаад байдаг гэх мэт бэрхшээл дундуур 1996-2000 оныг Улсын Их Хурал туулсан болохоор л долоон өөрчлөлт Үндсэн хуульдаа оруулсан. 2016-2020 оны УИХ дордуулсан долоог засах ёстой гэж популизм хийж Үндсэн хуулийг 2019 онд баталж, 2020 оны тавдугаар сард дагаж мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө тэр долоог агуулгын хувьд өөрчилж чадаагүй. Зарим засвар бүлэг, зүйлийн байрлалыг солихоос хэтрээгүй. Энэ нь 2000 оны нэмэлт өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг зөвшөөрсөн хэрэг. Жишээ нь, нэг өөрчлөлт нь “Ерөнхий сайд дөрвөөс илүүгүй Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж оруулсан өөрчлөлтдөө одоо “зовж” гар хөлөө хөдөлгөж байх шиг байна.

-2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар та ямар үнэлэлт, дүгнэлттэй байдгийг асууна даа гэж бодож байлаа?

-2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр баталж 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гэж тодотгоё. Нэмэлт, өөрчлөлт оруулах нь ийм хоёр шаттайг Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан байдаг. Тэгээд гурав дахь хэсэгт нь Улсын Их Хурлын ээлжит сонгууль, явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэж заасан байдаг юм. Иймд энэ нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд заасан процессыг зөрчсөн гэж үзэж Цэцэд хандсан ч Цэц маргаан үүсгэж хэлэлцээгүй. Ийм нэг сэтгэгдэлтэй байдаг юм.

Агуулгын талаар товч байр сууриа хэлье. Үндсэн хууль маань “товч” Үндсэн хуульд хамаарна. Иймд нэг түвшний асуудлууд нэг л түвшиндээ байх ёстой, эс тэгвэл Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн биш гэсэн ялгаанд орж буруу агуулга илэрхийлэгдэнэ. Жишээлбэл, стратегийн биш ордын үр өгөөж ард түмэнд ногдохгүй байж болохоор юм шиг. Эсвэл Монгол Улсын төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх явдлыг үгүйсгэх, энэ талаар ард нийтийн санал асуулга явуулж болох юм шиг гэх мэт үр дагавар гарах нэмэлт өөрчлөлт орсон. Ингэж болмооргүй.

-Уг нь шүүхийн реформ хийхэд чухал ач холбогдолтой Үндсэн хууль гэдэг шүү дээ. Гэхдээ УИХ-ын сонгуулиас өмнө гэж яараад таны дээр хэлсэнчлэн ийм дулимаг өөрчлөлтүүд оруулчихав уу?

-Яарснаасаа юу, санаатай юу эсвэл тохиролцож чадаагүй юм уу, тодорхойгүй ойлгомжгүй байдалтай нэмэлт, өөрчлөлтүүд бий. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбогдуулж оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ач холбогдолтойг огт үгүйсгэхгүй. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хаанаас томилохыг бүрхэг орхисноор эдгээр Үндсэн хуулийн байгууллагуудаар дамжаад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хөндөж болзошгүй нөхцөл үгүйсгэгдэхгүй. Энэ нь ч Шүүхийн тухай хуулийн үүнтэй холбоотой заалт, саяхан болсон томилгоогоор харагдлаа. УИХ-аас зарим гишүүдийг нь томилохоор хуульчилсан нь УИХ нь Үндсэн хуулиа зөрчсөн эрх мэдлийг хуулиар өөртөө олгосон гэж үзэж байгаа. Учир нь Үндсэн хуульд УИХ-ын томилгооны эрх мэдлийг 25 дугаар зүйлийн 1 дэх заалтын 6 дахь хэсгээр “Ерөнхий сайд хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын (одоогоор ийм УИХ-ын биш долоон байгууллага байдаг) бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх огцруулах” гэж тодорхой заасан. Гэтэл дээрх хоёр байгууллага нь ажлаа шууд хариуцан тайлагнах байтугай бүр хараат бус байх байгууллагууд шүү дээ. Энэ талаар Цэцэд миний бие мэдээлэл 2021 оны аравдугаар сард гаргасан ч одоо болтол маргаан үүсгэх эсэх талаар эцсийн хариу өгөөгүй л байна. Өөр нэг нь “Ерөнхийлөгчөөр… иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлт болон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд энэ өөрчлөлтөд хэрхэн шилжих талаар огт заалт оруулаагүй нь тун асуудалтай байгаа юм. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон, 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрөөс. Энэ нь тэр үеийн Ерөнхийлөгчид хамаарах уу, эс хамаарах уу? Зөвхөн нэг удаа сонгоно гэдэг нь дөрвөн жилээр (хоёр удаа ч дөрвөн жилээр) сонгогдсон хүнд хамаарах уу? тодорхойгүй. Тухайн үеийн Ерөнхийлөгчтэй тохиролцохдоо өөрөөр тайлбарласан уу? Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бараг хамаагүй үг үсэг дутуу бичсэн тухай маргаан Цэцэд үүсгүүлээд Цэц түүнийг нь шийдэж нуугдмал байсан санаагаа Цэцээр гүйцэтгүүлсэн дээ. Яагаад анхнаасаа 30 дугаар зүйлдээ “…зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг заагаад хавсралт хуулиандаа “Энэ заалтыг 2021 оны сонгуулиар сонгогдох Ерөнхийлөгчөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заагаад 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “зөвхөн нэг удаа улиран сонгогдож болно” гэснийг “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдож болно” гэж их тодорхой хийж болоогүй юм бэ. Ямар ч хууль бичигчийн мэддэг зүйлчлэл биз дээ. Өөр ч юмнууд бий. Иймэрхүү л дүгнэлттэй байдаг даа. Үндсэн хуульдаа сэтгэлийн хөөрөл, атгаг зорилгоор гар хүрч болохгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар би бас Цэцэд хандсан ч бас л маргаан үүсгэлгүй тагласан шүү.

-2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлсэн. Хэдийгээр манай улс парламентын засаглалтай ч ер нь сүүлийн үед Засгийн газарт хүч төвлөрүүлэх нь ихдээд байна уу?

-Нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж байсныг “…зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэж өөрчилсөн юм. Өмнө нь хуулиар Ерөнхийлөгчид хамаатай, хамаагүй олон бүрэн эрх олгочихсон гэх шүүмжлэл байсан. Энэ нь ч ортой юм. Гэтэл Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн бусад зүйлүүдэд (39.2, 51.2, 56.2) бүрэн эрх олгосон байдаг. Энэ зөрчил үү? Жишээлбэл, шүүхийн шүүгчдийн томилгоо, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарын томилгоог Ерөнхийлөгч эдгээр зүйлд заасны дагуу хийдэг. Энэ эрх мэдлийнх нь хүрээнд зайлшгүй байх эрх мэдлийг яах вэ? Өөр субьект хийх үү? Ерөнхийлөгч өөрөө татгалзлаа гээд болчих зүйл биш, үүргээс татгалзаж болдоггүй юм. Тэгээд л УИХ томилгоонуудтай холбоотой бүрэлдэхүүнийг авах уу? Үндсэн хуулийн төслөөсөө эхлээд байсаар ирсэн үзэл санаа нь шүүхийн бие даасан байдлын, шүүгчийн хараат бус байдлын баталгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл (одоо нэмээд Шүүхийн сахилгын хороо), Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэсэнд оршдог. Ер нь хууль тогтоох, гүйцэтгэх шүүх эрх мэдлийг салган хуваарилж харилцан хяналт тэнцвэржүүлэлтийг хангахад Ерөнхийлөгчийн чиг үүрэг байдаг үзэл санаа Үндсэн хууль бий шүү.

Засгийн газрын хувьд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүрэн дэмждэг. Ерөнхий сайдад эрх мэдлээсээ илүү үүрэг их ирсэн гэж боддог. УИХ-ын өмнө сайд нар нь биш, Ерөнхий сайд л үүрэг хүлээнэ. Сайдаасаа болж ирэх эрсдэл Ерөнхий сайдад л нэмэгдэнэ. Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулдаг үүрэгтэй заалтын Засгийн газрын бүлэгт аваачсан нь Үндсэн хуулийн бүлэг зүйлчлэлийг алдагдуулж байгааг хэлье. Ерөнхийлөгчид байдаг бүрэн эрхэд Ерөнхийлөгчийнхөө бүлэгт л байх ёстой.

-Гэхдээ л Засгийн газарт төвлөрсөн хүч “айхтар” байна шүү дээ?

-УИХ хуулиар Засгийн газарт хуулиар тогтоох ёстой хэмжээний эрхүүд олгож байгаа нь нэмэгдээд байх шиг санагддаг. Тухайлбал, ковидтой холбоотой зохицуулалтууд, түүний дотор төсвийн зарцуулалттай холбоотой. Энэ чинь Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчмыг зөрчиж байгаа асуудал л орно шүү дээ. “… журмыг Засгийн газар тогтооно” гэсэн заалттай хуулиуд л их гараад байвал журмаар биш хуулиар тогтоох асуудлуудаа ч Засгийн газарт алдана шүү дээ. УИХ-ын чадавхтай л холбоотой юм. Тэгээд сайд нар хүчтэй харагдаад, сайд нь Улсын Их Хурлын гишүүн байхаар бодогдоод л эхэлнэ. Тэгж ч байх шиг байна.

-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад гурван жил болж байгаа ч дахин нэмэлт, өөрчлөлт оруулах талаар эрх баригчид яриад байна. Үүнийг та юу гэж дүгнэж байна?

-Муугаар хэлбэл, “нохойд барьдаг мод” гэдэг шиг, сайнаар хэлбэл, “хүслийг хангагч шидэт саваа” гэдэг шиг Үндсэн хуулийн Цэц маань юу л болоод байна даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө дутуу дулимаг хийсэн юмнуудыг нь хүслийнх нь дагуу биелүүлж өгдөг л болоод байна уу даа.

Би дээр хэлсэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө “гоёж” 2020 оны сонгуульд орох гэж Үндсэн хууль зөрчин яарч цогцоор нь хийх нэмэлт өөрчлөлт, зохицлоор нь шилжүүлэх хавсралт хуулийг хийж амжаагүй. Өнгөрсөн хойно нь цэцэрхэж байгаа юм биш шүү. Ажлын хэсгийн хуульчидтай ч уулзсан, “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагуудаараа удаа дараа санал, шүүмжлэлээ хэлсэн. Бүр эцэст нь Цэцэд хүртэл хандаж засаж залруулах боломж гаргах юмсан гэж хичээсэн. Үндсэн хууль маань хүн бүрийн мэдэж сахиж явах нандин нь шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт тухайн УИХ оруулж болохгүй хоёр л заалт бий. Нэг нь дээр хэлсэн сонгуулийн өмнөх зургаан сар дотор, нөгөө нь хоёр удаа хэлэлцээд нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй санал авч эс чадвал тухайн УИХ дахин авч хэлэлцэхгүй гэж. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зүйл заалтад найман жилийн дотор дахин нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалттай юм. Үүнийгээ өөрчилж байж л асуудал яригдана л даа. Нөгөө талаас дандаа УИХ-ын дөрөвний гурваас олон суудалтай олонхтой УИХ-аас Үндсэн хуульд гар хүрэх нь улс төрийн ардчилсан соёл биш л дээ.

-Та давхар дээлтэй холбоотой заалтыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Саяны нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн түвшинд Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүнээс дээгүүр зиндаанд болгосон л доо. “…Засгийн газрын гишүүн нь Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гээд Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заачихсан. “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Дорж” гэдэг байсан бол одоо “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Дорж” гэх болчихож байгаа юм. Уг нь “…Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүдээс байж болно” гэж томьёолох ёстой байсан болов уу.

-Өмнө нь давхар дээл шиг муу юм байхгүй байсан бол одоо давхар дээл шиг сайн юм байхгүй мэтээр л яриад байна шүү дээ?

-Тийм ээ. “Давхар дээл” муухай гэдгээр Засгийн газрыг ч огцруулах “зэвсэг” хийж байлаа шүү дээ. 2000 оны нэмэлт өөрчлөлтийн “дордуулсан долоо”-гийн нэг гол нь гээд л. Үүнийг засна гэсэндээ “ичээд” оруулсан өөрчлөлтдөө одоо өөрсдөө бүдрээд байх шиг. Тэгээд Цэцээрээ “янзлуулах” гээд л арга саам хайж байна.

Уг нь хүн амын тооноосоо хамаарсан олон улсын жишгээр УИХ нь 140 орчим гишүүнтэй, сонгуулийн хувь тэнцүүлсэн, эсвэл холимог системтэй, Ерөнхийлөгчөө УИХ-аасаа сонгодог, УИХ-ын гишүүн сайдууд нь УИХ-даа жин дардаггүй тоотой байхад болохоор санал явуулж байсан юм. Гишүүдээ аргадсан төсвийн зарцуулалтыг бодоход зардал нэмэгдэхгүй л гэж байгаа юм даа.

-Давхар дээлтэй холбоотойгоор Цэцийн хурал хойшлоод байгааг та юу гэж харж байна?

-Боломжгүй зүйлийг болгох гэж оролдох хэцүү л дээ. Гаргалгааг олох аргагүй. Хүчээр хийхэд үнэнд гүйцэгдэх болохоор биеэ хураасан амьтан шиг л байх шиг байна. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосонтойгоо адилтгаад болгочихъё гэхэд миний дээр хэлснээр Үндсэн хуулийн процессын алдаа гэж үзээд хүчингүй болгох аргагүй. Бас тэр заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болговол үр дагавар нь Цэц Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан болно. Энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл болно. Ийм л хайчинд байгаа болохоор элдэв шалтгаар хойшлоод байна. Гарах гарц бий. Цэцийн процессын хуулийн дагуу нэг гишүүн нь уг асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг эсэргүүцсэн ажиллагаа үүсгэн, түүнийг нь авч хэлэлцээд тогтоолыг нь хүчингүй болгож асуудлыг дуусгах.

-Зарим улстөрчид тэр дундаа АН-ынхан сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар зохицуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг. Үндсэн хуульдаа пропорцианаль хувилбарыг оруулах ёстой гэдэг шүү дээ. Энэ талаарх таны бодол юу вэ. Заавал Үндсэн хуульдаа ингэж тусгах хэрэгтэй юү?

-Үндсэн хуулийн Цэц л энэ талаар нэг удаа болно, нөгөө удаад болохгүй гэсэн шийд гаргаад “хашраачихсан” юм л даа. 2012 оны сонгуулийг холимог системээр явуулахад Цэцэд маргаан үүссэн ч Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн ч 2016 оны сонгуулийн сар гаруйханы өмнөхөн Цэц холимог системийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж, тэр сонгууль хэцүүхэн л юм болсон л доо. Үр дүнд нь нэг нам давамгайлсан УИХ бүрдсэн. Харин саяны нэмэлт өөрчлөлтөөр сонгуулиас өмнөх нэг жилийн дотор сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй тухай заалт орсон нь чухал зүйл болсон.

Сонгох эрхийн гурван зарчим байдаг. Нийтийн, чөлөөтэй, шууд гэж. Шууд сонгох эрх гэдэг нь ямар нэгэн завсрын шат, дамжлаггүй сонгогчдын өгсөн саналын үндсэн дээр сонгуулийн дүн шууд гарч байх зарчим юм. Ийм утгаараа холимог систем нь Үндсэн хууль дахь шууд сонгох эрхийг зөрчихгүй гэж үзэх үндэстэй гэж боддог. Ийм байдлаар авч үзээд Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн дагуу Цэцэд бүрэлдэхүүний олонх өмнө нь гаргасан Цэцийн шийдвэрийг дахин хянан үзэх санал гаргаж улмаар хүчингүй болгох нэг боломж, нөгөө нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах. Ер нь тойргоо манаж, “усалж” байж сонгогддог байдлаас салахгүй бол Монголын улс төр цэвэр ариун байж чадахгүй нь ээ гэдэг дүгнэлт аль хэдийнэ бий болжээ. Ингэж салах арга нь сонгуулиа хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах л байна. Улсын Бага Хурал хувь тэнцүүлсэн сонгуулиар суудал хуваарилагдан байгуулагдаж байсан шүү. Байнгын ажиллагаатай анхны парламентынхаа сайн жишгийг эргүүлж авч ирэх цаг болсоон.

-Тантай ярилцаж байгаагийнх хэмээн олзуурхаж асуух асуулт, сэдэв их байна. Гэхдээ энэ удаагийнхаа ярилцлагыг ингээд өндөрлөе. Үндсэн хуулийг тойрсон ярих асуудал ч танд их байгаа байх. Тиймээс ярилцлагыг жаргааж та юу хэлэх вэ?

-Төрийн аливаа дарамт, даварсан үйлдлийн эсрэг иргэдийн гартаа барих ганц зэвсэг, хуулийн хамгаалалт нь Иргэн-төрийн хоорондын эрх тэгш нийгмийн гэрээний дээд хэлбэр, илэрхийлэл-Үндсэн хууль мөн гэсэн үг бий. Иймд иргэд минь Үндсэн хуулиа мэдэж, төр нь сахиж байх учиртай. Монгол Улсын Үндсэн хууль маань мэдэгтүн, сахигтун! гэсэн уриагаар төгсдөг билээ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Дашнямтай, хөхөгчин үхэр өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 12, Буд гариг. Билгийн тооллын 10, гоё хүүхэн одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8:39 цагт мандан, 17:22 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч нэмнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 28-33 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.