Хөлбөмбөгийн ДАШТ тухайн жилийнхээ зургаагаас долоодугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай. Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ 2022 онд Катарт болохдоо өвлийн улиралд болохоор болжээ. Тодруулбал, 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нд Катарт хөлбөмбөгийн ДАШТ эхэлж, арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөхөөр болсныг FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино өчигдөр Москвад болсон хэвлэлийн хурал дээр зарлалаа.
Персийн булангийн Катар улс нь зундаа маш их халуун болдог тул өвлийн улирлыг ийнхүү сонгожээ. Харин дэлхийн улс орнуудын дотоодын лигийн тэмцээнүүдийн хуваарьт энэ нь саад болохоор байгаа аж.
Гэвч Инфантино Катарын ДАШТ өвөл болохыг лигүүд мэдэж байсан тул тэмцээний хуваариа өөрчлөх боломжтой гэж мэдэгджээ.
2026 онд АНУ, Мексик, Канадад болох ДАШТ-ийг 32 биш, 48 багтай зохион байгуулах шийдвэр нэгэнт гарсан. Харин Катар 2022 ДАШТ одоогоор 32 багтай явагдахаар байгаа хэмээн Инфантино хэлсэн байна.
Өнөөдөр ДАШТ-ий хаалтын ажиллагаа болж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зохион байгуулагч орны эрхийг Катарын эмир Шейх Тамим Бин Хамад Аль Танид хүлээлгэж өгөх юм.