Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай хүйтэн байна.

2021 оны 12-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 15-17 хэм хүйтэн байна.


2021 оны 12 сарын 18-ны 20 цагаас 12 сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 15-20 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 21-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 20, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг” гэв

Нийслэл хотын зам талбайг цас мөсгүй, халтиргаа гулгаагүй байлгах гэж хичээн ажилладаг зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал болоод техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал мэдээлэл өглөө.


-Цас цэвэрлэдэг техник хэрэгслийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд тусгай зориулалтын 85 техник хэрэгсэл байдаг. Тэрхүү техник хэрэгслээр халтиргаа гулгаанаас хамгаалах тусгай бодис болон давс цацдаг. Дүүргүүд мөн өөрсдийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд давс, тусгай бодис нөөцөлсөн. Дүүргүүдийн хувьд нөөцөлсөн бодис, давсаа өөрсдийн нутаг дэвсгэрийн орон сууц, гэр хорооллын туслах замуудад цацдаг. УБЗАА-ны тухайд нийтийн эзэмшлийн томоохон магистрал замууд, зуслангийн болон алслагдмал замуудын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг.

Зам талбайн цас мөсийг цэвэрлэхэд яалт ч үгүй гар ажиллагаа орж байгаа. Гар ажиллагааг багасгаж, автомат болон техникжүүлсэн ажиллагаанд шилжих шаардлагыг гүйцэтгэгч байгууллагад тавьдаг. Хот тохижилтын газар болон дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад цас цэвэрлэх тоног төхөөрөмжийг төсвөөс авч өгч байгаа. Алслагдмал замын цэвэрлэгээг хувийн хэвшлийн компанитай гэрээ хийн хариуцуулсан. Тэдгээр хувийн байгууллагуудын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл стандарт шаардлага хангасан, автоматаар давс, бодисоо цацдаг, замаа автоматаар шүүрдээд соруулчихдаг. Цас орж байх үед үлээлгэх төхөөрөмжийг суурилуулдаг болсон байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын тухайд төсвөөс хамааралтай учир багаж, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Гэхдээ бид жил ирэх тусам машин, техникийн парк шинэчлэлийг бага багаар хийж, аль болох механикжиж, техникжүүлэхээр ажиллаж байна.

-Халтиргаа гулгаа үүсэх үеэр ажиллах хүчний тоог нэмдэг үү?

-Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг. Эдгээр хүмүүс зуны улиралд ногоон байгууламжийн арчилгааг хийдэг. Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг. Нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Цас орж буй үед гараар шүүрдэх бус, автоматаар үлээлгэх төхөөрөмж ашигладаг болж байгаа. Олон газар энэхүү төхөөрөмжийг авч байна.

-Аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-ууд гадна талбайнхаа цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Өвлийн улиралд хүмүүсийг халтирч унахаас сэргийлж, эргэн тойрны 50 метр хүртэлх зам талбайг цас мөсгүй байлгах үүрэгтэй. ААНБ-ууд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-НИТХ-аас баталсан журамд энэ тухай тодорхой заасан. ААНБ-ууд гадна орчны 50 метр хүртэлх талбайг хариуцаж цэвэрлэнэ гэж тодорхой заасан төдийгүй талбайн хэмжээг зурагт буулган, гэрээгээр баталгаажуулж өгдөг. 50 метр хүртэлх талбай гэхээр тухай байгууллагын гадна талбай 5-10, 20-30 метр байж болно шүү дээ. ААНБ-ууд гэрээнд заасан талбайнхаа хог хаягдлыг цэвэрлээд зогсохгүй зуны улиралд шарилж, лууль ургавал зулгаах, өвөлдөө бол цас мөсийг цэвэрлэх үүргийг гэрээгээр хүлээдэг гэсэн үг.

Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний болон Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах зүйл заалт бий. Гэхдээ бид торгох шийтгэхээс аль болох зайлсхийдэг. Ихэнх ААНБ-ууд санаачилгаараа цэвэрлэгээ хийж хэвшсэн. Цэвэрлэгээ хийгээгүй газруудад хороодын олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нар шаардлага тавьж ажилладаг.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 106 зөрчил илрүүлжээ

Гудамж, замын хяналт шалгалтаар өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны баасан гаригт нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 106 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Энэ оны 11 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33 мянган зөрчил илрүүлжээ. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол 1300 бүртгэгдэж, согтуу жолоочийн улмаас 95 хүний амь нас хохирсон байна.

Тээврийн цагдаагийн албанаас “Don’t drink and drive” буюу “Уусан үедээ бүү жолоод” нөлөөллийн арга хэмжээ явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Ур Чадвар-2021” тэмцээний ялагчид тодорлоо

“Монгол Ур Чадвар-2021” тэмцээний ялагчид тодорлоо. Дэлхийд монгол залуусын ур чадварыг харуулдаг тэмцээнийг энэ сарын15-17-нд 7 мэргэжлээр 2 үе шаттай зохион байгуулжээ. Шилдгээр шалгарсан оролцогчид 2022 оны 10 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авах юм.

Шилдгээр шалгарсан сурагчид:

• Гагнуурчин мэргэжлийн шилдэг оролцогч Герман-Монгол мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч Дашдондов овогтой Амаржаргал
• Токарьчин мэргэжлийн шилдэг оролцогч Дорнод аймаг дахь политехник коллежийн суралцагч Галхүү овогтой Очбаатар
• Мужаан мэргэжлийн шилдэг оролцогч Завхан аймаг дахь политехник коллежийн суралцагч Гүншир овогтой Хатанбаатар
• Өрөг угсрагч мэргэжлийн шилдэг оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч Отгонбаатар овогтой Нармандах
• Сантехникч мэргэжлийн шилдэг оролцогч Техник, технологийн политехник коллежийн суралцагч Ганхуяг овогтой Адъяадорж
• Цахилгаанчин мэргэжлийн шилдэг оролцогч Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч Ариунаа овогтой Шинэхүү
• Тогооч мэргэжлийн шилдэг оролцогч Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Самдан овогтой Өсөх-Ирээдүй

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хөөтийн чулуун зэвсгийн ил суурингийн дурсгал дахь бичил үлдцүүд

Хөөтийн чулуун зэвсгийн дурсгалт газар нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөт хэмээх газарт байрлах ба тус нутаг нь Дорнод Монголын бэсрэг уулсаас тогтсон, жижиг уулсын эргэн тойронд эртний голуудын хуурай сайрууд их байна. Энд газрын өнгөн хөрсөн дээрээс чулуун зэвсгийн зүйлс тархуу байдалтай олдох хэдий ч зарим газарт нягтаршил ихтэй бэсрэг уулын орой тэгш хэсэгт байгаа нь сонирхолтой юм. Дурсгалын он цагийг тодорхойлон үзэх боломжтой үлдцүүд олон тоотой олдсон нь бүгд бичил ялтас цуулан авах үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байсныг илтгэнэ.

Хөөтийн дурсгалын он цагийг тодорхойлох эдгээр үлдцүүд дээд палеолитын төгсгөл үед үүсэн бий болсон бичил ялтас цуулах арга учир ойролцоогоор 15.000-10.000 жилийн өмнө холбогдоно хэмээн үзэж байна .
Categories
амьдралын-өнгө мэдээ

Хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян өрнүүлжээ

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас хүүхдүүдэд дэлгэцийн донтолтын хор хөнөөлийг ойлгуулах, бага наснаас нь эрүүл дадалд сургах зорилготой аян санаачлан өрнүүлж байгаа аж. Тус аяны хүрээнд “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг казах хэлнээ орчуулж, цэцэрлэгийн насны 2200 хүүхдэд хүргэхэд бэлэн болжээ. Холбогдох санхүүжилтийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс шийдвэрлэсэн байна.

Мөн “Эерэг өөрчлөлтийн түүчээ” төрийн бус байгууллагаас Баян-Өлгий аймгийн цэцэрлэгийн багш, арга зүйч нарт “Хүүхдийн сэтгэл зүй ба дэлгэцийн донтолт” сэдэвт сургалтыг аймгийнхаа Боловсролын газартай хамтран зохион байгуулах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажил хийхээр төлөвлөжээ.

Энэ талаар “Эерэг өөрчлөлтийн түүчээ” төрийн бус байгууллагын тэргүүн, “Дэлгэцээс холдуулах дадлууд” номын зохиогч Н.Дуламсүрэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай уулзах үеэрээ танилцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэмэлт тунгийн хамрагдалт 40.5 хувьтай байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 50, II тунд 97, нэмэлт сэргээх тунд 1991, нийт 2138 иргэнийг дархлаажуулав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40.5 хувьтай байна.

Зорилтот бүлгийн буюу 2984 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.216 (76.7 хувь), 16-17 насны 26.877 (79.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хооронд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталлаа.

Энэ нь Монгол Улс, ОХУ-ын хооронд боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны байгууллага хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичиг юм.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн Мөсөн талбайн ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Биеийн тамир, спорт хороо”-ны 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажлын зохион байгуулалтын үйл явцтай танилцаж ажиллалаа.

Уг спорт цогцолборын мөсөн талбайн мөс тавилтын ажил 95 хувьтай байгаа бөгөөд ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, Чингэлтэй дүүргийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Энэхүү байгууламж нь олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор бөгөөд усан сэлэлт, хоккей, сагсан бөмбөг, бокс, жүдо, самбо зэрэг найман төрлийн спортоор хичээллэх боломжийг хүүхэд залууст бүрдүүлж ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнд болон маш хүнд хүний тоо буурчээ

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд одоогоор 2454 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 489 нь хүүхэд, 99 нь жирэмсэн эх юм.

Харин гэрийн хяналтад 4583 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг дүгнэвэл:

  • Хөнгөн – 920
  • Хүндэвтэр – 1237
  • Хүнд – 255
  • Маш хүнд – 42 хүн байна.

Өмнөх саруудтай харьцуулахад хүнд болон маш хүнд хүний тоо буурсан үзүүлэлттэй байна.