Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.БАТ-ҮҮЛ: Ард иргэдийнхээ хүн ёсны эр зоригийг бүү мохоогоорой!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 15-нд шийдвэрээ гаргаж Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Түүний хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.


– ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ, ШУНАЛТ ОЛИГАРХИУДЫН АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ НАМАА НЭГТГЭЭРЭЙ! –


Миний бие 2002 оны арваннэгдүгээр сард сүхбаатарын талбайд “Трактортой цуглаан” зохион байгуулсан юм. Тэр өдрөөс хойш 19 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж иржээ. Энэ тэмцэл тун амаргүй тэмцэл байсан юм. Юу нь амаргүй байсан гэхээр нэг талаас гэр хорооллын иргэд өөрсдөө хашааных нь газар ямар их үнэ цэнэтэй хөрөнгө болохыг ойлгохгүй байсан. Нөгөө талаас тэдний энэ байдлыг нь ашиглаж хашааных нь газрыг үнэгүйдүүлж авах гэсэн олигархèудын заль мэх нь гүйцэгдэхгүй байлаа.

2002 оны тавдугаар сард Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, тус хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулиуд батлагдсан. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд эрх баригчид яагаад гэнэтхэн газар өмчлөх асуудлыг хуульчлах сонирхолтой болсны цаад санаа илэрсэн юм. Нийслэлийн Баянгол, сүхбаатар, чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдийн газраас өмчлөлийн төлбөр нэхэн,төлбөрөө эс төлбөл “барилгажих талбай” нэрийдлээр хураахаар төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд 2003 онд төвийн таван дүүргийн 11848 хашааны газартай айлыг, 61-ийн гарам, Жаргалант тосгон, Тахилт гэх мэт 18 байршилд 1271 га газарт шилжүүлэн нүүлгэж, суурьшуулах шийдвэр гаргаж байв.

Жил бүр ийм тооны айлыг хотын зах руу нүүлгэх тооцоотой ажиллаж байсан юм.

Ийм хүний үнэргүй, чөлөөт ардчиллын үнэт зүйлүүдийг уландаа гишгэсэн шударга бус явдлыг хараад би Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан, тракторын цуваагаар манлайлсан жагсаалтай Сүхбаатарын талбайд орж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан.Тариаланчдын энэ тэмцлийн үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа “газарт оролгүй” хамгаалагдаж үлдсэн.Гэр хорооллынхныг олигархиудын халдлагаас хамгаалсан жинхэнэ баатрууд бол “Газар” хөдөлгөөний тариаланчид билээ. Тухайн үед трактортай тэмцэлд гэр хорооллынхон минь идэвхтэй оролцоогүй, тэр цуглаанд ирээгүй нь харамсал төрүүлдэг.

Трактортой цуглаан хүчээ авна гэдгээс айсан олигархиуд гэр хорооллынхныг нүүлгэн шилжүүлж, хашааны газрыг нь авах санаархлаа зогсоосон ч гэр хорооллынхныг зүгээр орхиогүй. Тэд 2006 онд хашааны газрынх нь үнэ цэнийг унагааж үнэгүйдүүлэн авах шинэ арга руу шилжсэн юм.

2012 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам анх удаа ялж олонх болсон. Бидний хамгийн эхний ээлжинд гаргасан шийдвэрүүдийн нэг нь хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр хөрөнгө оруулагч талд худалдаж байх шийдвэр гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Энэ бүх арга хэмжээний үр дүнд хашааны газрын үнэ огцом өсч үнэт хөрөнгө болсон. Хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ. Хамгийн сүүлийн жишээ сонсоход 100 айлын долдугаар хорооллын орчимд газрын эзэн 0.05 га газраа 800 мКв үл хөдлөхийн талбайгаар сольсон байна. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлсний, гэр хорооллын төлөө тэмцсэн бидний тэмцлийн үр дүн юм шүү.

Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон.

Дахин төлөвлөлтийн ажлыг зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж,тэднийг өрөнд оруулсан. Дахин төлөвлөлтийн дараачийн алхам болж байсан “Сайн хашаа” хөтөлбөрийг шууд “устгахаа” ил тод зарласан.

Тэдний зорилго бол гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон олон их наядаар тоглож хөлжих юм. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирсэн. Энэ санаархлаа гүйцэлдүүлж тэрбум тэрбумаар нь мөнгө угаасныг бүгд мэднэ. Үр дүнд нь утаа арилаагүй, ядуурал буураагүй, дахин төлөвлөлт зогссоныг нийтээрээ харж байна.

Гэр хорооллын хашааны газрын үнийг заавал унаган иргэдээ мэхэлж байхын оронд чөлөөт үнээр харилцан ашигтай тохирох дахин төлөвлөлтийн аргаар явж болно. Миний хүү Чулуудайí “Грандлайн” компани ийм боломж бийг тухайн үед үлгэр жишээ харуулж байсан юм.

Би албан тушаалаа ашиглан хүүдээ ямар ч давуу эрх олгоогүй. “Грандлайн” компани дахин төлөвлөлтийн бусад 17 компанитай адил тэнцүү эрх эдэлж байсан. Харин ч улс төрийн дайралтаас болоод төслөө зогсооход хүрсэн юм. Миний хүү гэр хорооллынхныг сайхан амьдруулах гэсэн аавынхаа мөрөөдлийг дэмжиж яваад өнөөдөр улс төрийн золиос болсон шүү!

Хүүтэй минь хамт, мөн миний удирдлага дор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хариуцаж явсан гэм зэмгүй хүмүүсийг ажлаа хийснийх нь төлөө 2016 оноос хойш залхаан цээрлүүллээ. Эрх баригч Ардын нам 2016 онд төрийн залгамж халаагаа уландаа гишгэж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосноос болж олон айл орон гэргүй болсон. Энэ бүх хог новшоо нэгэн гэр бүлийн аав, хүү хоёрт үүрүүлж, буруугаа тохож, золиослоод өөрсдөө мөнгө угаах гэсэн тэдний шуналт улс төр өнөөдөр намайг шоронд хийж хилсдүүлж чадлаа!

Үүний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч, бизнес хийх олигархиудын шунал юм гэдгийг одоо та нар ойлго.

Гэр хорооллын иргэд ээ! Гэхдээ та нар минь битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Олигархиудад бүү хууртаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой!

Та бүгдийн төлөө тэмцсэн миний 19 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй! Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна! Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа.

Ардчилсан намын гишүүд ээ!

Дарангуйллын эсрэг, шударга ёсны төлөө, шуналт олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө НАМАА НЭГТГЭЭРЭЙ!

Эцэст нь хэлэхэд, олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр прокурор “Таны Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны төлөө энэ хэрэгт холбогдуулан яллаж байна” гэж хэлэхийг сонсоод маш ихээр цочирдсон. Үүнээс хойш аливаа удирдах албан тушаалтан улс орноо хөгжүүлэхээр гаргасан бодлого шийдвэрийнхээ төлөө ийм айхавтар залхаан цээрлүүлэлт хүртэж ял авдаг жишиг тогтох вий гэдэг харуусал тээн энэ дөрвөн хананы дунд сууна. Прокурорын хэлснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг яллабал Монголын хөгжлийг зогсоох асар том цохилт болно.

Ийм зүйлийн дараа зориглож, улсын хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт хийх хүн олдохгүй. Захиргааны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсных нь төлөө ялладаг жишиг тогтвол энэ төрд зориглож ажиллах хэн нэгэн гарахгүй шүү. Засаг даргын хувьд гаргасан бодлого, хийсэн үйл ажиллагааг минь гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол энэ залхаан цээрлүүлэлт зөвхөн надаар дуусаг. Хуулийн дагуу оногдсон ажлаа хийсэн гэм зэмгүй хүмүүсийг хоморголон хилсдүүлж огтхон ч болохгүй. Ард иргэдийнхээ хүн ёсны эр зоригийг бүү мохоогоорой. Хууль улам муудвал эцсийн зогсоол нь хэлмэгдүүлэлт байдаг юм шүү гэдгийг хууль, шүүхийнхэн ямагт санаж, хүнлэг энэрэнгүй байх хүн ёсны итгэл үнэмшлээ сэрээгээрэй!

2021.12.19 Хорих ангиас Эрдэнийн Бат-Үүл

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Оюу толгойгоос ганц бичиг ирсний төлөө Оросын их өрийг төллөө гэж шоуддаг шиг юм болж байна

Ойрын өдрүүдэд Оюу толгойг буулгаж авлаа, тэд хоёр гараа өргөлөө гэцгээж байна. Тэр жил Оросын их өр тэглэгдлээ гэдэг шиг. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд тухайн үеийн МАХН-ын дарга нар “Оросын их өрийг тэглэлээ, түүхэнд байгаагүй гайхамшгийг Н.Энхбаяр дарга минь байгууллаа” хэмээн хундага тулгаж, уйлалдаж билээ. Тухайн үеийн УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, өнөөдрийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин… нарын томчууд мэгшиж, Н.Энхбаярыг налж унан, тэвэрч аван байсан юм. Өнөөдрийн хүмүүс үнэмшихгүй байх л даа, Ц.Нямдорж өнө мөнхөд Н.Энхбаярыг дарж, барьж байсан юм биш шүү. Түүнийг тэвэрч уйлдаг байсан үе бий. Хойд Солонгосын хүүхнүүд их удирдагчаа бүчиж аван асгартал уйлдаг шиг тийм сайхан цаг МАН-ынханд одоо эргэн ирж байгаа бололтой. Ганц МАН ч биш юм даа, өнөөдөр сошиалаар “Босоо минь үргэлж л босоо байдаг нь хүүхнүүд бидний бахархал” хэмээн бичиж, Оюу толгойг буулгаж авсан баатар болгон шагшиж байна. Ганц босоо биш “Болорчулуун бол гайхамшиг, Бат-Эрдэнэ бол эх оронч, Даваасүрэн бол дахин төрөхгүй улстөрч” хэмээн тэдний эргэн тойрныхон магтаж байна. Үнэн хэрэгтээ Рио Тинтогоос нэг бичиг ирсэн хэрэг шүү дээ. Цаана нь ямар олон асуудал байгааг харах ухаан хэрэгтэй байна. Эхэнд дурдсан Оросын их өр тэглэлтийн үеэр юу болсон гэхээр манай баатрууд Айвенхоу Майнзын Фрийдландаас 50 сая ам.доллар урьдчилж аваад Оросын их өрийнх нь үлдэгдэлд өгчихсөн талаар эх сурвалжууд өнөөдөр ч ярьдаг. Оросын тал 10 гаруй тэрбум доллараа тэглээд 200 сая долларын үлдэгдэл манайд тулгаж өнөөдрийн дотор төл гэжээ. Түүнд нь тэр мөнгө явсан хэрэг байх. Тухайн үед улс төрд ойрхон байсан хүмүүс тэрхүү 200 сая долларыг манай хэдэн томчууд оросуудтай хуваагаад авчихсан гэж ярьдаг, бас бичдэг. Оросын талын зарим хэвлэлүүдэд энэ талаар гарсныг жишээ болгож Монголын нийгэмд цацаж байсан үе ч бий. Тэгсхийгээд нам дарагдсан даа.

Өнгөрсөн 70 жилийн бодит үнэн бол Монгол Улс нь ЗХУ-ын түүхийн эдийн бэлтгэл бааз байж, мах, арьс шир, ноос ноолуур, зэс… юу байдгаа тэдэнд зүгээр шахуу нийлүүлсэн. Түүний төлбөрийг тооцоход хүрвэл юун 10 тэрбум доллар, хэдэн зуун тэрбум долларын баялгийг оросууд хагас зуунд зүгээр хэрэглэсэн гэсэн үг. Энэхүү бодит түүх, бодит үнэн, нарийн ширийнийг гадарлах монголчуудын зүгээс “Монгол Улс яахаараа Орост өртэй байдаг юм бэ, бид харин тэднээс авлагатай ард түмэн шүү дээ” гэж хэлдэг, ярьдаг, зарим нь бичдэг. Ийм л ээдрээтэй 70 жил юм. Гэвч өнөөдрийн энэ их мэдээллийн урсгал дунд тэр чухлыг олж хардаг, мэдэрч уншдаг, мэдэж дуугардаг нь байхгүй болжээ. Тэр жилийн яг өдийд буюу шинэ жилийн өмнөхөн Оросын их өрийг тэглэсэн гэх эрх баригчдын шоу, өнөөдөр давтагдаж байгаа нь энэ юм. Оросын их өр тэглэлт-Оюу толгойн 2.4 тэрбум өрийн тэглэлт. Энэ бүгдэд цаг хугацаа л үнэнийг хэлнэ.

Өнөөдөр Оюу толгойг буулгаж авлаа, 2.4 тэрбум долларын өрийг тэглэлээ, Дубайн гэрээг цуцаллаа… гэдэг нь цаанаа ямар учиртайг бодож тунгааж байгаа хэсэг цөөхөн байх шиг. Гавьяагаа булаалдан сүйд болж байгаа босоо Ганбаа, Болорчулуун, Бат-Эрдэнэ, Даваасүрэн… нарын дунджаас доогуур боловсролтонгуудын пиар л байна. Дээр нь Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдын мэдээллүүд нь гавьяа байгуулжээ гэж бодохоос өөр аргагүйд хүргэж байна.

Энэ хэдээс арай дөнгүүр боловсролтой, төрд олон жил ажилласан, тэр хэрээрээ барууныхантай харьцсан С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг… нарын хийсэн гэрээг эд нар шиг хэдэн нөхөр эцэслэж мухарлаад, эх орондоо ашигтайгаар эргүүлчих нь гэж ч юу байсан юм. Бодит шалтгаан бол Оюу толгойд осолтой олон асуудал байж. Түүнийгээ дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлдэг энэ том компани ойлгож. Дээр нь Рио Тинто дотор нь ажиллаж байсан монгол эмэгтэй ЗГХЭГ-ын дэд дарга болсон нь бас нөлөөтэй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын гавьяа гэвэл энэ эмэгтэйг урвуулж авсанд байгаа байх. Энэхүү эмэгтэй Риогийн бурууг ухаж гаргаж ирсэн, хэлэлцээрийн ид оргил үед түүнийг ХЗДХ-ийн дэд сайдаар түр шилжүүлэн томилж хэлэлцээрийн ширээний ард суулган “Рио”-гийнхныг улалзуулсан нь Монголын Засгийн Газрын зүгээс басчиг муу технологи биш юм. Ямар ч байсан 2.4 тэрбум долларын өрийг тэглэх саналыг цаад талаас гаргууллаа. Тун товчхондоо ийм л процессын гавьяаг булаалдах эрх Босоо, Болор, Баагий, Даваа нарт байх шаардлагагүй. Үнэхээр та хэд гавьяа байгуулах гээд байгаа юм бол одоо орхигдсон хамгийн чухал асуудлуудад анхаарч ажилла. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд бүтэн найман жил экспортолж байгаа зэсийн баяжмалаас олсон ашгийн 34 хувийг Монголын Засгийн газар тооцож авах ёстой. Үүнийг та дөрөв хий. Мөн АМНАТ-ыг тооцож авах ёстой. Улмаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед тэглэсэн Оюу толгойн хоёр тэрбум долларын татварын өрийг сэргээ. Цаашилбал, хээр талд хэдэн монгол гэр байсаар байх юм уу. Эрдэнэтээс том энэ орд Эрдэнэт шиг биш юм аа гэхэд Эрдэнэтийн нэг баг шиг хэмжээний орчин үеийн хотхон байгуулчихаж болохгүй юу. Чилийн зэсийн үйлдвэрт Ямайкийн харууд очиж дүрвэгсдийн лагерь шиг юманд нь амьдран, өдрийн нэг долларын хөлс авч байгаатай ялгаа юу байна, монгол ажилчид чинь. Нийт ажилчдынх нь 90 хувь нь монголчууд гэж байна. Тэдний цалин дэлхийгээр нэг зүдрүүхэн байдаг хятад, вьетнамчуудын хямд ажиллах хүчний хэмжээнд л байгаа. Монголын өнөөдрийн инфляцитай харьцуулахад шүү. Ийм асуудлуудыг шийдэхэд оролц. Оюу толгойд хамгийн өндөр цалин авч байгаа ганц монгол хүн бол Н.Багабанди гэж Монголынхоо утаанаас зугтааж, Хавайн эргийн наран шарлагын газарт хар нүдний шилтэй өвөлжин хэвтдэг нөхөр л байна. Үүнээс өөрөөр үр дүнг нь үзээд, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн нэг ч монгол ажилтан наана чинь алга. Энэ мэтчилэн асуудал Оюу толойн 2.4 тэрбумын өр, Дубайн гэрээ… гэсэн хоёр өгүүлбэрийн ард нуугдаж байна.

Эцэст нь нэг үнэнийг хэлэхэд, одоо энэ босоо Ганбаа, Болорчулуун, Бат-Эрдэнэ, Даваасүрэн… нарын “баатар”-ууд удахгүй Оюу толгойг баруун солгойгүй магтан дуулагсад болно. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Тэгэхээр одоо Оюу толгойн талаар цоо шинэ шүүмжлэгсэд гарч ирэх хэрэгтэй байна. Жинхэнэ цаад үнэнийг мэргэжлийн түвшинд гаргаж ирдэг, Монголын байр суурь, эрх ашгийг Олон улсад илэрхийлдэг, тийм шүүмжлэгсэд бидэнд хэрэгтэй байна. Ингэх цаг нь болсон. Яагаад гэвэл Оюу толгой бол дэлхийд гарын таван хуруунд багтах зэс, алтны орд. Хоёрдугаарт, дэлхийн зэсийн хэрэгцээний 30 хувийг залгиж байгаа Хятадын зах зээл хаяанд байна. Бүр цаашилбал, олон улс дахь дэвшилтэт технологи, шинэ гайхамшиг бүхэн зэсээс бүтэж байна. Зэсгүйгээр хийгдэх нэг ч шинэ технологи энэхүү гариг ертөнцөд алга. Ийм том хөзөр бидний говьд байхад бид том байх ёстой. Ганц Оюу толгойгоо тойрч бүжиглээд, Оюу толгой дээрээ ухаалаг алхам хийгээд явахад бусад бүх боломжууд нээгдэнэ. Бид дэлхийд байр суурьтай байж чадна. Үүнд зөв хөтлөх төр засаг, удирдагчид, шүүмжлэгсэд хэрэгтэй болжээ. Ийм цаг үе дээрээ ирсэн болохоор одоо сайн дурын уран сайханчид үлд, та нарыг үүргээ гүйцэтгэсэн гэж хүндэлье. Оюу толгойгоос ганц бичиг ирсний төлөө Оросын их өрийг тэглэлээ гэдэг шигээ шоудах нь гэнэн харагдаж байна. Зөв гэсэн бүхэн тодорхой хугацааны дараа буруу болж, буруу гэсэн бүхэн зөв болдог тийм цаг үе, нийгэмд бид амьдарцгааж байна. Бүх зүйл цаг хугацааны шалгуураар шүүгдэнэ, ял зэмлэл хоёроо хүртэнэ. Одоогоос арав гаруй жилийн өмнө Оюу толгойн гэрээ байгуулагдахад С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт, дараа нь Дубайн төлөвлөгөө батлагдахад Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, Да.Ганболд бүгд гайхамшигт үйлс бүтээсэн нөхдүүд байсан биз дээ. Оросын их өрийг тэглэсэн Н.Энхбаяр шиг үндэстний баатар байгаагүй. Өнөөдөр тэд хэн болцгоосон байна вэ. Ийм л юм эцэстээ болдог. Босоо Ганбаа, Болорчулуун, Бат-Эрдэнэ, Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар… бүгд 10 жилийн дараа хэн болсон байхыг хэн маань ч хэлж мэдэхгүй. Дубайн гэрээ, 2.4 тэрбум доллар бүгд шоронгийн виз болох ч юм уу, ер нь хэн мэдэх юм. Бид чинь Монголд амьдарч байна шүү дээ…


Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг энэ сарын 23-нд шүүнэ

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн “Омикрон” хувилбар дэлхийн 89 улсад бүртгэгджээ

Коронавирусийн “Омикрон” хувилбарт вирусийн халдвар дэлхийн 89 улс оронд бүртгэгдээд байна. Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ мэдээлсэн гэж “Рёйтерз” агентлаг мэдээллээ. Байгууллагын мэдээлснээр, шинэ хувилбар нь өмнөх “Дельта” хувилбараас илүү хурдан тархаж байгаа бөгөөд тохиолдлын тоо хагас өдрөөс гурван өдрийн дотор хоёр дахин эрчимтэй нэмэгдэж байгаа аж. “Омикрон” хувилбарт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь “КОВИД-19”-ийн “бултах” чадвартай байгаа эсхүл халдвар дамжих чадвар нь нэмэгдсэн гэсэн хоёр хүчин зүйлийн хослолтой холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг ДЭМБ тэмдэглэв. Зарим улс оронд өвчлөл ихэссэнээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, орны тоо хурдан хугацаанд дүүрч болзошгүйг ДЭМБ анхаарууллаа.

“Халдварын тоо хурдацтай нэмэгдэж байгаа тул эрүүл мэндийн олон системд ачаалал нэмэгдэх магадлалтай” хэмээн ДЭМБ мэдэгдлээ. “Омикрон” хувилбар нь Африкийн өмнөд хэсэг /Өмнөд Африк, Лесото, Ботсвана/-т анх илэрсэн. Хожим нь дэлхийн хэд хэдэн оронд тархаж, 2021.12.14-нд ДЭМБ шинэ хувилбарын улмаас илүү олон нас баралт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж мэдэгдэж байсан. Үүний зэрэгцээ шинэ хувилбар нь нь өмнөх мутацитай харьцуулахад аюул багатай гэж тус байгууллага үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч урьдчилсан мэдээллээр, хүн төрөлхтний боловсруулан гаргаж авсан вакцинууд түүний эсрэг үр дүн бага үзүүлж байгааг мөн ДЭМБ онцлов.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД

2021.12.18-ны байдлаар ОХУ-д 1023 хүн коронавирусын халдварын улмаас нас барсан гэж тус улсын шуурхай штабаас мэдээллээ. Энэ үзүүлэлт хоёр сарын доторх хамгийн бага үзүүлэлт гэгдэж байна. Харин нас баралтын дийлэнх нь буюу 81 нь Москва хотод, Санкт-Петербург хотод 67 нас баралт бүртгэгджээ.

ОХУ-д коронавирусийн нийт хохирогчдын тоо 297,203 хүнд хүрсэн ба ОХУ-д цар тахал эхэлснээс хойш нийт 10,2 сая гаруй хүн “КОВИД-19”-ийн халдвар авснаас 8.9 сая хүн эдгэрч, 1,544,375 өвчтөн эмчийн хяналтад байна.

Харин өчигдөр буюу 2021.12.19-ний байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын 27,967 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын 85 бүс нутагт шинэ тохиолдол илэрсэн бөгөөд үүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй 2,250 /8.1 хувь/ байна. Ийнхүү ОХУ-д нийтдээ 10,214,790 тохиолдол буюу халдварын тохиолдол 0.27 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ.

“Роспотребнадзор”-ын мэдээлснээр нийт хугацаанд “КОВИД-19”-ийн 235.1 сая гаруй лабораторийн шинжилгээ хийсэн ба түүний 563 мянга нь сүүлийн өдөр хийгдсэн шинжилгээ байна. ОХУ-д 1,544,375 хүн эмчийн хяналтад байна.

ИХ БРИТАНИД

Их Британид “Омикрон” хувилбарт коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо долоо боллоо. Энэ талаар Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээлэв.

“Омикрон” нь агентлагийн өдөр тутмын тайланд дурдсанаар, эдгээр бүх нас баралт Англид бүртгэгдсэн аж.

Лондон хотын дарга Садик Хан коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан онц байдал зарлалаа. Сүүлийн өдрүүдэд Лондон хотод “коронавирусийн халдвар авсан эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдсэн” хэмээн хотын дарга мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, Засгийн газрын мэдээлснээр Лондон дахь эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад долоо хоногт даруй 28 хувиар өссөн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Лондонд коронавирусийн хязгаарлалтын эсрэг жагсаал цуглаан болсон. Жагсаалын үеэр Парламентын талбайд зодоон болж, цагдаа нар хөнгөн бэртсэн ба жагсагчдыг баривчлан саатуулсан үйл явдал болж өнгөрлөө.

Үүнээс гадна өнгөрсөн хоногт тус улсад “КОВИД-19”-ийн “Омикрон” хувилбарт халдварын дахин 10,059 тохиолдол бүртгэгдэж, тус улсад “Омикрон”-оор оношлогдсон нийт халдварын тоо 24,968 болов. Зургаа хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 13-нд энэ үзүүлэлт 4,713 байсан.

Ийнхүү Их Британид “КОВИД-19”-ийн цар тахлын үеэр нийтдээ 11 сая гаруй халдвар илэрч, халдвар авсан хүмүүсийн дунд 147 мянга гаруй хүн нас бараад байна.

Өмнө нь, арванхоёрдугаар сарын 16-нд ДЭМБ-ын төлөөлөгч Дэвид Набарро хэлэхдээ, “Омикрон” хувилбарт тархалтын хурдад тус байгууллага санаа зовж байгаа гээд шинэ халдварын тоо 2-3 хоногт улам нэмэгдэж байна гэв. Хэдийгээр “Омикрон” нь үхлийн аюул багатай гэгдэж байгаа ч Их Британийн эрүүл мэндийн системийг “доргиох” болно гэж Набарро хэлэв. ДЭМБ-ын төлөөлөгчийн таамаглаж буйгаар байдал хоёр долоо хоног эсвэл түүнээс ч өмнө улам дордож магадгүй аж.

(Эх сурвалж: Canews)

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Олон улс судлаач П.Наранбаяр: Хятад хилээ хаагаад байгаа нь Бээжингийн олимптой холбоотой


Гадаад харилцаа болон цаг үеийн асуудлаар Олон улс судлалын доктор П.Наранбаяртай ярилцлаа.


-Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлого ер нь ямар чиг хандлага руу явж байна. Судлаач хүний хувьд алдаа дутагдал ажиглагдаж байна уу?

-Манай улсын хувьд тогтвортой гадаад бодлого баримталдаг орнуудын нэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар солигдлоо гэхэд өмнөх бодлогоо үргэлжлүүлэх үүрэг хүлээж байдаг. Нөгөөтэйгүүр Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бол гадаад бодлого. Тэр утгаараа тогтвортой явах ёстой. Бодлогын тухайд бол хэд хэдэн зарчим бий. Түүний нэг нь олон тулгуурт гадаад бодлого. Нэг үе АНУ, ЗХУ гэсэн хоёр туйл байлаа. Манай улс ЗХУ-ын лагерь дотор орж гадаад бодлогоо томьёолж байсан түүхтэй. Энэ алдаа, сургамж дээрээ үндэслээд олон тулгуурт гадаад бодлогыг Монгол Улс тунхагласан. Өдийг хүртэл энэ бодлого дээрээ бат зогсож байна гэж харж байгаа. Гадаад бодлогын номлол бол огт өөрчлөгдөхгүй ингэж явах ёстой. Жижиг буурай орны хувьд энэ бодлогыг хамаагүй савлуулж бас болдоггүй.

-Тэгэхээр яг энэ зарчмаа бариад гадаад бодлогоо тодорхойлж явж чадаж байна уу?

-Ер нь бол гадаад бодлогын номлол өөрчлөгдөөгүй. Энэ талаараа сайн. Нөгөө талдаа гадаад бодлого дээр алдаа гарсан уу гэвэл гарсан. Хоёр хөршийн бодлого суларсан гэж хардаг. Томилсон Элчин сайд нар нь цэргийн хүмүүс байсан, нэг үе. Ийм байж болохгүй. Энэ албанд том туршлагатай, нэр хүндтэй, дипломатч хүн очно уу гэхээс цэргийн хүн биш. Цэргийн хүн томилсон нь буруу болжээ гэж боддог.

-Манай улсын хоёр хөрштэйгөө харилцах бодлого алдагдсан гэж ярилаа. Тодорхойлж хэлбэл юуг хэлээд байна вэ?

-Цар тахлаар далимдуулж хилээ хааж байна. Хойд хөршөөсөө эрчим хүч, бензин, шатахуунаараа хараат байгаа байдал зэрэг дээр бодлого алдагдсан нь харагдаж байгаа юм. Эрчим хүч гэдэг бол чухал. Хөгжлийн үндэс нь эрчим хүч. Хэр зэрэг эрчим хүч үйлдвэрлэж чадаж байна, тэр хэмжээгээ тухайн улсад хөгжих боломж нь нээлттэй байдаг. Энэ хүрээнд гэж ярихад усан цахилгаан станцын асуудлаар оростойгоо тохирч чадахгүй байна. Энэ мэт эзнээ, шийдлээ хүлээж байгаа гадаад бодлогын тулгамдсан асуудлууд байна шүү. Оросын Холбооны Улсад өөрийн үндэсний эрх ашиг байна. Тэр нь Монгол Улс өөрөөс нь эрчим хүчний хувьд хараат байх явдал. Энэ бол Оросын эрх ашиг. Харин Монголын үндэсний эрх ашиг бол эрчим хүчний хараат байдлаас гарах. Ингэхээр хоёр улсын эрх ашиг хоорондоо зөрчигдөж байгаа биз. Тэгэхээр зөрчилдөөнийг судлах гэдэг бол гадаад бодлогын үндсэн чиглэл юм. Гадаад харилцааг тойрсон өнөөгийн энэ хандлагаас нэг зүйл ажиглагдаж байна. Тэр нь их гүрнүүдийн харилцаа хүйтэрч байгаа явдал. Тухайлбал, Хятад улс дэлхийн хоёр дахь эдийн засаг болж хувирлаа. Дэлхийн худалдааны байгууллага дотор Хятад өөрсдийгөө хөгжиж буй орны хөнгөлөлт, чөлөөлөлтийн эрхээ эдлэхгүй гэдгээ зар-лачихлаа. Ийм маягаар Хятад хүчирхэгжиж байна гэдэг бол АНУ-тай шууд зэрэгцэхэд хүргэж байгаа юм. Олон улсын нөхцөл байдал нэг туйлт байдлаасаа олон туйлт руу орох магадлалтай болчихлоо. Улс орнууд Хятадаас зээл авч байна. Монгол Улс ч бас зээл авсан. Зээлээ төлж чадахгүй найман улсын нэг гэж АНУ-ын судлаач зарлачихлаа. Ийм маягаар их гүрнүүдийн харилцаа хүйтэрч байна. Тэр дундаа Орос Америк, Хятад Америкийн харилцаа хүйтрэх нь ардчилсан үзэл суртлыг хүлээж авсан орнуудад их таагүй нөхцөл байдал үүсгэх юм.

-Таны хэлдгээр эрчим хүч бол хөгжлийн үндэс. Тэр утгаараа бид өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд явъя гэхээр оросууд нь таатай хүлээж авахгүй байна. Үүнийг нь манай гадаад харилцаа, гадаад бодлого тодорхойлдог нөхдүүд тэр улсынхаа байр суурийг ойлгох хэрэгтэй гэхээс илүү дорвитой хариулт өгдөггүй. Бид ер нь хоёр хөршөө ойлгох албатай юу. Бид бас хөгжмөөр байна шүү дээ?

-Гадаад харилцаан дээр манайд мэргэжлийн өндөр ур чадвар дутагдаж байна. Ялангуяа судалгаа, шинжилгээ дутагдаж байгаа юм. Тухайлж нэг жишээ хэлье л дээ. Зүүн өмнөд Азид Мэгүм гэж гол байдаг. Энэхүү гол олон улс орны нутаг дэвсгэрийг дайрч урсдаг. Энд усан цахилгаан станц баригдсан. Бас л байгаль орчин, экологийн тэнцвэр гэж ярьдаг. Уг голын доор нь байж байгаа улс орнууд эсэргүүцэж ярьдаг байсан. Гэхдээ л станцаа барьсан байдаг. Үүнээс жишээ аваад, тэр голын усан цахилгаан станцыг яаж барив, гадаад бодлого нь яаж явав, бусад улс орнуудтайгаа хэрхэн ойлголцов гэдгийг сайн судлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай Гадаад харилцааны яамны дэргэдэх судалгааны хүрээлэн үүнийг маш анхааралтай ажиглах ёстой. Бид хоёр хөрштэйгөө мөнхийн байгаагүй шүү дээ. Монгол Улс хоёр хөрштэй болсон нь ХХ зууны л асуудал.

-Та хоёр хөрштэй болсон талаар түүх сөхөж ярих гэж байна уу?

-Тийм. Яахав, Манж Чин гүрнээс тооцоод үзвэл 17 дугаар зуунаас эхлэлтэй байх. Тэрнээс өмнө монголчууд хэзээ ч ийм хоёр улсын дунд оршин байгаагүй. 360 гаруй жилийн өмнө Оросын Сибирь лүү хийсэн түрэлт Буриадыг өөрийнхөө харьяанд оруулснаар Орос гэдэг улс манай хойд хөрш болж байгаа юм. Тухайн үед Чахундорж Түшээт ханын Орос руу явуулсан гадаад бодлого их зөв байсан. Хэрвээ тэр бодлогыг явуулаагүй байсан бол Оросын энэ түрэлт урагшаа Сэлэнгэ рүү орох байсан. Буур хээрийн гэрээгээр энэ түрэлт зогссон. Манж Чин гүрэн Монголыг өөрийнхөө харьяанд оруулсан. Тэгэхээр тухайн үед хөрш улс зөвхөн Орос л байсан, ийм түүхтэй. Тэр утгаараа хоёр хөршөө бид мөнхийн юм шиг боддог. Энэ хэзээ ч өөрчлөгдөж болно. Одоо манайхан зуу, зуун жилээр ой тэмдэглэж байна. Тухайлбал, 1921 онд анхны сургууль байгуулагдсан мэтээр 100 жилээ тэмдэглэлээ. Гэтэл 1911 онд анхны бага сургууль Хүрээнд байгуулагдаж байсан. Тэр утгаараа 109 жилийн ой гэж тэмдэглэх учиртай. 1921 онд Оростой анх дипломат харилцаа тогтоосон гээд ярьж байх жишээтэй. Үүнийг яг дипломат харилцаа гэж үзэхэд хэцүү. Тухайн үед Болшевик засгийн газар Монголын Ардын төр засгийн газартай гэрээнд гарын үсэг зурсан түвшингээс эхлээд өөр. Үнэндээ тухайн үед ЗХУ Монголыг де факто хүлээн зөвшөөрсөн болохоос биш де юре хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс хойш явсаар байгаад де юре хамтын ажиллагаа буюу дипломат харилцаа тогтоосон үйл явдал 1945 оны Ялтын хэлэлцээр. Тэгэхээр дипломат харилцаа тогтоосны 100 жил гэхээс илүү гадаад харилцаа тогтоосны 100 жил гэвэл арай өөр.

-Тантай урд хөршийн талаар голлож ярилцах гэсэн юм. Хятад бүх хилээ хаалаа. Үүнээс шалтгаалж манай улсын эдийн засаг, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хомсдол гээд асуудал эхнээсээ гарч эхэллээ. Хятад хилээ хаасан нь цар тахлын нөхцөл байдал гэж дүгнэж байгаа ч цаад зорилго нь манай улсыг өөрийн эрх ашигтаа нийцүүлэх санаа явж байна уу?

-Манай улсын импортын бараа бүтээгдэхүүний 80 хувь нь Хятадаас хамаарч байгаа. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн асуудал шүү. Аль нэг улсаас хамаарсан эдийн засгийн нөхцөл байдлыг 30 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалт байдаг. Тэгэхээр Хятад улс 80 хувьд хүрчихсэн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх асуудал. Давчихсан хэрнээ яваад л байдаг. Нөгөөтэйгүүр ийм болтол явсан нь бидний арчаагүй байдалтай л холбоотой. Замын-Үүд яаж хөгжив, Эрээн яаж хөгжиж байна. Манайхны хийж байгаа халдвар хамгааллын хаалга нь ямар байна. Эрээнд ямар байна. Энгийн жишээ л энэ. Энэ бүх зүйлээс харвал Монгол Улс авлигад дээрээсээ доошоо нэвт орсон гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Төмөр замаа хөгжүүлж чадаагүй нь бидний буруу. Аливаа тээвэрлэлтийг төмөр замаар явуулъя гэхээр төмөр замаа цахилгаан болгож чадаагүй нь бидний буруу. Монголын хилээс Хятадын хил рүү төмөр зам шууд гараад явчихаж чаддаггүй. Заавал ачиж буулгах асуудал үүснэ. Ковидоос шалтгаалж ямар нэгэн тээвэрлэлтийг алсын зайнаас буюу төмөр замаар явуулахыг шаардаж байна. Тэгээд төмөр замаар явуулъя гэхээр манайд төмөр зам нь хөгжөөгүй. Энэ бидний л буруу. Одоо болтол гаальтай 69 автомашинаар тээвэрлэлт хийж байна гэдэг бол ёстой онигоо. Хятад хилээ нээхгүй байж байж нэгхэн өдөр нээгээд хилээ хаачихсан. Хятадын зүгээс танай талын хорио цээрийн дэглэм чинь болохгүй байна гэдэг. Тэгээд ганц өдөр хилээ нээхэд хэний бараа таваар орж ирж байна. Дандаа тансаг хэрэглээний томчуудын бараа таваар нь орж ирж байгаа юм. Засгийн газар нь “Өнөөдөр Хятадаас тэдэн чингэлэг бараа орж ирлээ” гэж зарладаг, ийм хэмжээнд хүртлээ бид жижгэрчихсэн байна. Энэ бол өнөөгийн Монголын гамшиг. Тиймээс хэн нэгнийг буруутгахаас илүү өөрсдийгөө буруутгах ёстой. Бид хөгжих хэрэгтэй байна. Тээвэр ложистикээ бид хөгжүүлэх ёстой байжээ. Үүнийг татварын бодлогоор дэмжих ёстой байж. Хувийн оролцоог нэмэх байж, төмөр замуудаа тавих байж.

-Хятад хилээ хаасныг өөр өнцгөөр харж байгаа судлаачид байна. Тухайлбал, манай улсыг ШХАБ-д элсээгүй болохоороо Хятад улс соёлтойгоор цар тахал гэдэг байдлаар хилийн хориг тавиад байна уу гэж ярьж байна. Энэ асуудлаар та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Соёлтойгоор хориг тавилаа гэж бас буруу томьёолж байна. Ковидтой байна. Хятад өөрөө ямар дэглэмтэй улс билээ. Хятад улс тэг халдварын тохиолдол гаргахгүй байх хэмжээнд хатуу бодлого барьж байгаа. Нөгөөтэйгүүр Хятадад байгаа Монгол Улсын Элчин сайд ажлаа хэр зэрэг сайн хийж байна вэ. Үүнд хариуцлагын асуудлыг ярих ёстой. Улс орны эрх ашиг, тэнд байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор л Элчин сайдууд томилогдон очдог. Дээр нь нэмээд Элчин сайд гэдэг хүн мэргэжлийн хүн байх ёстой. Олон жил дипломат албанд нухлуулсан тийм хүнийг томилох хэрэгтэй. Өмнө нь Хятад улс төрийн зорилгоор хилээ хааж байсан. Монголд Далай лам айлчлал хийх үед хилээ хааж байсан удаатай. ШХАБ-д элсээгүй гээд хилээ хаасан гэж би харахгүй байна. Энэ байгууллагад элсэж ороо гэж хамгийн их шахдаг улс бол Орос шүү дээ.

-Хятад хилээ хаагаад удвал манай улсын эдийн засаг, бараа бүтээгдэхүүний хомсдол ёстой гамшгийн асуудалд хүрэхэд ойрхон байна. Тиймээс хилээ нээгээч ээ гэдэг шаардлагыг бид тавихаас өөр аргагүй юм. Нөгөөтэйгүүр хилээ нээхгүй байгаа энэ асуудлыг олон улсын байгууллагад хандаж, олон улсын анхааралд оруулахын тулд бид ямар байгууллагад хандах ёстой юм бол?

-Дэлхийн худалдааны төв байгууллагад бид хандаж болно. Хятад хилээ хаагаад байгаа нь Бээжингийн олимптой холбоотой л гэж харж байна. Бээжингийн өвлийн олимпийг ямар нэгэн байдлаар бойкотлох, эсвэл амжилтгүй зохион байгуулах юм бол Си Жиньпиний засаглалын нэр хүндэд маш том сөрөг нөлөөтэй. Тиймээс Бээжингийн олимпыг дуустал хатуу чанга бодлого барьж байгаагийн нэг илрэл бол энэ хилийн асуудал байх аа.

-Улстөрч хүний хувьд эрх баригчдын бодлого, тэр дундаа давхар дээлийн асуудлыг хэрхэн харж байна. Давхар дээлтэй гишүүдийг нэмье гээд Үндэс хуулийн өөрчлөлтийг яриад эхэллээ шүү дээ?

-Ард түмний сонголт гэж бий. Үүгээрээ Засаглах эрхээ хэрэгжүүлдэг. Парламентын гишүүдийг сонгодог. Пар-ламентаасаа Засгийн газар нь мэндэлнэ. Улмаар Засгийн газар бие дааж үйл ажиллагаагаа явуулна. Үүнээс нэг зүйл харагдаж байгаа юм. Ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэдэг зүйл. Энэ бол Английн парламентын систем. Эндээс угшилтай. Өөрөөр хэлбэл, чамайг сонгоогүй байхад засаглах эрхийг хэн өгсөн бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ асуултыг УИХ-ын гишүүн биш сайдаар ажиллаж байгаа хүнээс асууж болно. Тэр хүнийг ард түмэн сонгоогүй. Тэгсэн хэрнээ Засаглах гээд байдаг нь ямар учиртай юм. Засгийн газарт ажиллаж байгаа дан дээлтэй буюу УИХ-ын гишүүн биш сайд нарыг ард түмэн сонгоогүй гэдэг л ойлголт. Тэр утгаараа дан дээлтэй сайд нарын нэг нь ч сайн ажиллаж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай Үндсэн хууль үүн дээр алдаатай ажиллаж буй нь харагдаж байгаа юм. Тэр утгаараа хэний ч сонголтоор гарч ирээгүй хүн сайд хийгээд явж байна. Тэр нь ямар ч хүчгүй, нөлөөгүй хүн байдаг. Ард түмний сонголтоор гарч ирээгүй болохоороо ямар хүч байхав дээ. Парламентын гишүүдийг нэмэх хэрэгтэй. 76 гишүүн байж байгаад 18 нь сайд болчихвол хачин юм болно. Нөгөө эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлнэ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж, давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх нь зөв гэж бодож байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Хар бар өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 20, Сумъяа гариг. Билгийн тооллын давхарласан 16, хэрцгий охин одтой, хар бар өдөр.

Өдрийн наран 8:38 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Туул голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 14-19 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Э.Бат-Үүл баатрын цагаан толгой Баатар цагаан хаанд олигтой үнэлэгдсэнгүй” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төр
судлаач, Олон улс судлалын
доктор Н.Эрдэнэбүрэн“ОХУ-д хийсэн
Ерөнхийлөгчийн
айлчлалын
ганц бодит
ажил нь ойн
хүрээнд гаргасан
“Тунхаглал” л
байлаа”
гэснийг I-II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хорих ангиас
бичсэн захидлыг бүрэн
эхээр нь I-III нүүрнээс уншаарай.

Хөдөө аж ахуйн шинжлэх
ухааны доктор, профессор,
академич , гавьяат
агрономич Б.Дорж “Их хэмжээний ургац
хураан авсан ч дийлэнх нь
чанар муутай, гуравдугаар
зэргийн тариа байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Э.Бат-Үүл баатрын цагаан
толгой Баатар цагаан хаанд
олигтой үнэлэгдсэнгүй” хэмээн өгүүллээ.

“МУИС-ийн Тогтвортой
хөгжлийн хүрээлэнгийн
захирал, систем судлаач,
доктор (Ph.D) Т.Чулуун “Сүүлийн 30 жил улс төр тогтворгүй, авлига
хээл хахууль ихтэй, том дүр зургаа харж чадаагүйн гор
өнөөдөр гарч байна” хэмээн
VII нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ нийгэм

Пакистаны банканд дэлбэрэлт болж 14 хүн амиа алджээ

Пакистаны өмнөд хэсгийн Карачи хотын нэгэн банканд дэлбэрэлт болсны улмаас 14 хүн нас баржээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр шархадсан хүмүүсийн тоог гаргаагүй аж. Гэхдээ олон хүн гэмтэж бэртсэн гэдгийг хэллээ.

Цагдаагийн офицер Сарфараз Наваз “Дэлбэрэлт үүссэн шалтгааныг одоогоор олоогүй. Тэсрэх бөмбөгийн баг дэлбэрэлтийн шалтгааныг хайж мөрдөн шалгах ажиллагаа явж байна ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 сая төгрөгийн 1 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны аравнэгдүгаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 33,697,051 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 17180141

  • 30 мянган төгрөгийн азтан – 30,260
  • 100 мянган төгрөгийн азтан – 3,081
  • 500 мянган төгрөгийн азтан – 290
  • 1.5 сая төгрөгийн азтан – 33
  • Гурван сая төгрөгийн азтан – 3
  • 20 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 40 сая төгрөг байсан юм.

Супер тохирлын дугаар 38429719 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.