Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг” өнөөдөр эхэлнэ

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болсон.

Тус холбоодын нэгдсэн “Дээд лиг” өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний 17:00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.

Өнөөдөр гурван тоглолт болно;

  • Багануур Тулнууд vs ШУТИС Шаркс
  • Хасын Хүлэгүүд vs Эрдэнэтийн Уурхайчид
  • Завхан Brothers vs Алдар Танан Гарьд

УОК-ын шийдвэрээр тоглолтууд суудлын 50 хувийн дүүргэлттэй болох бөгөөд тасалбарын үнэ 10-20 мянган төгрөг байх аж.

Тоглолтыг Uni-Sport суваг 600, LookTv, Ddish 888 сувгаар шууд дамжуулна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Эрдэнэбүрэн: ОХУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын ганц бодит ажил нь ойн хүрээнд гаргасан “Тунхаглал” л байлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын үр дүнгийн талаар Улс төр судлаач, Олон улс судлалын доктор Н.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын явцыг та нарийн сайн харсан байх. Тус айлчлалын үр дүнгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Манай улсын Төрийн тэргүүний ОХУ-д хийсэн албан айлчлалыг би нэг л өгүүлбэрээр хариулъя. ОХУ-ын тавьсан шаардлагыг манайх хүлээн авч байна гэж албан ёсоор хэлэх гэж очсон айлчлал. Ердөө л энэ. Айлчлалын өмнө ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, бусад салбарын сайд нар нь ар араасаа ирж бидэнд тодорхой шаардлагыг тавиад явсан шүү дээ. Тухайлбал, Эгийн голын УЦс-ыг танайх баривал манайд ийм байна ч гэдэг юмуу. Танайх үүнийг барих гэж битгий яар, биднээс эрчим хүч бусад зүйлсээ авч л бай” гэх зэрэг шаардлага, байр сууриа илэрхийлээд буцсан. Энэ бүх шаардлага, байр суурийг нь хүлээн зөвшөөрч байна хэмээн хэлэх гэж очсон айлчлал болов уу гэж харж байна. айлчлалын эхнээсээ л манайхан дорой, юм үзээгүй гэдгээ харуулсан. Гадаад явж үзээгүй, дипломат харилцаа, дипломат соёл гэдгийг мэддэггүй нөхдүүдээр Ерөнхийлөгч маань айлчлалын багаа бүрдүүлсэн бололтой. Монгол Улс буурай хөгжилтэй ч гэсэн хоёр улсын энэхүү айлчлалыг дэлхий нийтээр харж, үнэлэлт, дүгнэлт өгч ярилцаж байгаа. Нөгөөтэйгүүр айлчлал гэдэг бол тухайн улсын дэлхийд танигдах том талбар. Тэр утгаараа улс бүхэн ямар ч оронд айлчлал хийхэд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ дипломат соёлыг дээд зэргээр эрхэмлэдэг. Хариуцлага, шударга ёсыг зарчим болгодог. Ерөнхийлөгчийн хувьд энэхүү айлчлалынхаа багийн бүрэлдэхүүнд хариуцлага тооцох ёстой гэж судлаач хүний хувьд эхний дүгнэлтээ хийсэн. ОХУ-ын талаас айлчлалд ач холбогдол өгч байгаа нь ойлгомжтой. Цар тахлын үед ОХУ-ын гадаад худалдаа болон улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгаа.

Ийм үед манайх шиг жижиг орнуудтай харилцаагаа өргөжүүлж, эдийн засгийн худалдаагаа эрчимжүүлэх бодлого баримталж байгаа юм. Энэхүү бодлогынхоо хүрээнд хамгийн ойрын хөрш орон болсон Монголтой харилцаагаа илүү бэхжүүлэх, Монголыг ашиглаж Хятадтай илүү уян хатан, түргэн шуурхайн худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжоо судлах зорилгоор манайхыг хүлээн авсан болов уу.

Та айлчлалын үр дүнгийн талаар ярьсангүй. Томоохон эдийн засгийн төслүүдээ хэрэгжүүлэхэд түлхэц болсон айлчлал байв уу, зүгээр түүхэн ойгоо хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх вэ гэдгээ ярилцсан айлчлал болчихов уу?

-Айлчлалын үр дүнг хэлэхээсээ өмнө айлчлал ямар бүтэц, ямар зохион байгуулалт, ямар өнгө аястай болов гэдгээ гаргаж ирэх ёстой. Тэр утгаараа айлчлалын зохион байгуулалтын талаар ярьсан юм. Энэ айлчлалын хүрээнд шийдвэрлэх ёстой олон асуудал байсан. Бид ч хүлээлт ихтэй байлаа. Гэвч бидний хүлээсэн шиг тийм үр дүнтэй айлчлал болж чадсангүй. Өнгөрсөн баларсан дайны он жилүүдээ ярилцаж, цаашдаа дайн гарвал хамтарч нөхөрлөх тухайгаа тунхаглалаа. Найрсаг харилцаагаа улам найрсаг нялуун болгоё гэлээ. ОХУ-аас Хятад улс руу явах хийн хоолойг дэмжинэ гэдгээ хэллээ. Гол нь хийн хоолой явснаараа манайх тийм ашиг авна шүү гэдгээ ярьсангүй. Хамгийн их хүлээлттэй байсан сэдэв бол Эгийн голын УЦС-ын төсөл.

-Танаас яг энэ талаар асуух гэж байлаа. Эгийн голын УЦС-ын төслийг дэмжихгүй гэдгээ ОХУ-ын талаас хэлсэн. Харин бидэнд эрчим хүчээ хоёр дахин нэмэгдүүлж өгье гэсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа гарах том төсөл гэдгийг хэн хүнгүй л ойлгож байна шүү дээ. Айлчлалын үеэр энэ асуудлыг хэрхэн авч хэлэлцэв?

-Тийм ээ, үргэлжлүүлээд ярихад Эгийн голын УЦС-ын төсөл бол хамгийн чухал сэдэв байсан. Хоёр талын эмзэг сэдэв. Хоёулаа өөр өөр байр суурьтай байна шүү дээ. Манайх барина, эрчим хүчнийхээ хараат байдлаас салъя гэнэ. Оросууд бариулахгүй ээ, манай байгаль, экологид сөрөг нөлөө үзүүлэх гээд байна гэдэг. Энэхүү байр сууриа нэгтгээд цааш явах ёстой байтал энэ талаараа нэг ч ярьсангүй. Харин ОХУ-ын талаас энэ төслийн талаар нэр цохож шууд яриагүй ч гэсэн Байгал нуурын цогцолбор газрыг хамгаалах, хил дамнасан гол, мөрнүүдийн байгаль, экологийн зүй зохистой байдлыг хамгаалах асуудлаар манайхтай хамтран ажиллах тухайгаа хэлсэн. Хариуд нь манайх хамтран ажиллая гэдгээ хэлж, тунхаг бичигтээ гарын үсэг зурлаа. Оросын цаад санаа нь хил дамнасан гол, мөрөнг хамгаалах асуудал биш. Манай Эгийн голын УЦС-ыг бариулахгүй гэсэн санаа энд явж байгаа юм. Үүнийг нь манайх ойлгосон ч ойлгоогүй юм шиг хамтран ажиллаж, танай Байгал нуурыг чинь хамгаалъя гэдгээ Ерөнхийлөгч нь очоод хэлчихлээ шүү дээ. Одоо энэ төсөл цаашдаа явах эсэх нь бүүр ч хүнд боллоо. Хийн хоолойн асуудал байна. Энэхүү хоолойг тавьснаараа бидэнд ямар ашигтай байх вэ гэдгээ ярьсангүй. Харин Хятадтай холбогдох хийн хоолойг чинь бид зөвшөөрч байна, манай газар нутгийг дайруулан барьчих аа гэдгээ хэллээ. Мөн Хятадтай холбогдох хурдны авто замаа манайхаар дайруулан бариарай гэнэ. Төмөр замаа ч гэсэн манайхыг дайруулахыг бодоорой гэнэ. Энэ бүгдээс нь харахад Орос, Хятад хоёрын эдийн засаг, худалдаа, тээвэр логистик гээд бүх асуудлыг л зөвшөөрсөн гуравдагч орны байр сууринаас хандлаа. Өөрөөр хэлбэл, Оросыг Хятадтай холбох асуудлыг л ярилаа.

-Манай хөгжилд чухал шаардлагатай байгаа төмөр зам, эрчим хүч, бензин, шатахууны асуудлаар ярилцаж бодит үр дүн гарсан зүйл байна уу?

-Асуудлуудаа манай тал хэлсэн. Төмөр замаа сайжруулах асуудлаа ярьсан. Эрчим хүчний хараат байдлаасаа салах талаар ярьсан. Ер нь томоохон төсөл хөтөлбөрүүдээ бүгдийг нь ярилаа. Гэхдээ ямар нэгэн бодит ажил хэрэг болгож, шийдэлд хүрсэн зүйл нэг ч байсангүй. ОХУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын ганц бодит ажил нь ойн хүрээнд гаргасан “Тунхаглал” л байлаа. Өөр томоохон шийдвэр, үр дүн харагдсангүй. Харин ОХУ-ын хувьд энэхүү айлчлалаас бодит шийдвэртэй үлдсэн. Тухайлбал, “Роснефть” компани шинэ нисэх онгоцны буудалд шатахуун нийлүүлэх сонирхолтой байгаа тухайгаа хэлж, нийлүүлэхээр боллоо. Энэ нь Оросын ашиг сонирхол мөн үү, мөн. Үр дүнд хүрлээ. Мөн Оросоос Хятад руу Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслөө явуулахаар боллоо. Энэ ч бас Орос, Хятадын л ашиг сонирхол биелж байгаа хэрэг. В.Путин “Өнгөрсөн жил манай улсын компаниуд Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцыг шинэчилсэн. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг хамтарсан төслийг боловсруулж байна” гэж хэлсэн. Үүгээрээ манайх л юм хийж, ашгаа бодно, танайх харин бидний хэлсэн болгоныг зөвшөөрөөд яв гэдэг санаагаа илэрхийлж байна уу гэж харсан. Өөрөөр хэлбэл, ОХУ ашигтай гэсэн зүйлээ бүгдийг нь хийх зөвшөөрлөө авлаа. Харин манайд хийнэ, хамтарч ажиллана, найрсаг харилцаагаа бэхжүүлнэ, яваандаа болно доо гэсэн агуулгаар л хандлаа шүү дээ. Нөгөөтэйгүүр Орос, Хятад улс хөгжлийнхөө шинэ харилцаандаа Монгол Улсыг гүүр болгон ашиглах санаагаа илэрхийлсээр байгаа юм. Энэ асуудалд манай улс тун болгоомжтой хандах ёстой.

-Хоёр улсын төрийн тэргүүний хэлэлцээний үр дүнд Монгол, Оросын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулсан хамтарсан тунхаглал гарсан. Энэхүү тунхаглалаас онцлох зүйл юу байна вэ. Энэ тунхаглал бидэнд ямар үр өгөөжтэй вэ?

-Энэхүү тунхаглалаас би нэг зүйл олж харсан. Манай талд ашигтай ганц өгүүлбэр байгаа юм. Тэр нь “Монгол, Оросын хамтын ажиллагааг уламжлалт найрамдал, итгэлцэл, сайн хөршийн харилцаа, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудын дагуу цаашид хөгжүүлэх бат бөх эрх зүйн үндэс суурийг бүрдүүллээ” гэж байгаа юм. Үүнд хоёр талынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтална аа гээд заачихсан байгаа биз. Энэ заалтаа урдаа барьж байгаад л Эгийн голын төслөө явуулах хэрэгтэй. Энэ бол манай дотоод асуудал. Танайх оролцохгүй гэдгээ Төрийн тэргүүнүүдийн хооронд хийсэн тунхаглалдаа хэлсэн байгаа шүү дээ гээд л дайрах ёстой. Нөгөөтэйгүүр хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн энэхүү тунхаглалд манай талд ашигтай байх зүйл ажиглагдсангүй. Нөгөө л нэг найрсаг харилцаа, сайн хөрш, ахан дүүсийн харилцаа гэдгээ л тодотгож өгсөн байна лээ. Яахав, хоёр улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтарч ажиллана, ийм ийм ажлууд хийнэ гэж тохиролцсон нь харагдсан. Үүнийг нь сайшааж байгаа ч бид томоохон төслүүдээ хөдөлгөх, том эдийн засгийн шилжилтийн асуудлыг ярьж, тохиролцон, шийдвэрт хүрэх ёстой байсан. Гэвч уламжлалт уулзалт, нөгөө л нэг ярьдаг хэдэн зүйлээ ярьж, хоёр улсын албаны хүмүүс нь гар барилцан зургаа татуулаад л айлчлал өндөрлөлөө. Надаас өөр судлаач өөр өнцгөөр нь ярих л байх. Энэ бол миний үзэл бодол, миний судлаачийн байр суурь шүү гэдгийг хэлье.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Харагчин туулай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 21, Ангараг гариг. Билгийн тооллын 17, өглөгт охин одтой, харагчин туулай өдөр.

Өдрийн наран 8:39 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, багш шавьд барилдах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

2021 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-наас хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ явуулбал УИХ-д бараг цөөнх болно” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Омикрон хувилбар дельтагаас хурдан тархаж
байгаа тул Европын зарим оронд зул сарын
баярын үеэр хөл хорио тогтоох бололтой” гэснийг I-VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

АН-ын дарга С.Эрдэнэ “Э.Бат-Үүлийг хувийн
ашиг сонирхлоо хангах ямар
нэгэн алхам хийсэн гэдэгт
ерөөсөө итгэхгүй байна” гэв.

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр “Хиймэл оюун ухааны хөгжил,
ирээдүй” нийтлэлийг I-IV нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ” “МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ явуулбал УИХ-д бараг цөөнх болно” хэмээн өгүүллээ.

“Эх, нярай хоёроор шалтаглаж Засгийн газраа
огцруулж “тоглосноос” 11 сарын дараа”гэснийг
VII нүүрнээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ нийгэм

БНХАУ-ын Төв банк цар тахлаас хойш анх удаа бодлогын хүүгээ буурууллаа

Хятадын Ардын банкны удирдлага даваа гаригт бодлогын хүү 3.85 хувь байсныг нэг жилийн хугацаатай 3.8 хувь болгон бууруулаа. Харин таван жилийн хугацаатай бодлогын хүүг 4.65 хувь хэвээр хадгалсан байна.

Ингэснээр БНХАУ-ын Төв банк цар тахлаас хойш анх удаа банкны зээлийн үндсэн хүүг бууруулах шийдвэр гаргалаа. Хятадын Ардын банк хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сард бодлогын хүүгээ бууруулж байв.

БНХАУ-ын Төв банк өнгөрсөн долоо хоногт үл хөдлөхийн салбарт бий болсон өрийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор арилжааны банкуудын нөөцөд зайлшгүй байх шаардлагатай бэлэн мөнгөний хэмжээг бууруулах шийдэр гаргасан. Харин энэ удаа бодлогын хүүг бууруулсаар аж ахуйн нэгжүүд болон өрхүүдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж тооцож байгаа аж.

Хятад улс нь цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралын шокоос ангижирч чадсан дэлхийн хамгийн анхны том эдийн засаг болж байв. Гэвч шинжээчид өнгөрсөн долдугаар сараас хойш тус улсын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлдэг барилгын салбарт томоохон өрийн хямрал бий болж, олимпын наадамтай холбоотойгоор эрх баригчдын зүгээс ковидыг үл тэвчих хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь тус улсын эдийн засгийн өсөлтийг боомилсон гэж дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: CNBC

Categories
мэдээ спорт

С.Жавхлан: Миний дуулах эрхийг 8 жилээр хаслаа гэвэл ямар сонсогдож байна

Хоёр ч удаа допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ найман жилээр хасуулсан Э.Оюунболдын талаар УИХ-ын гишүүн асан С.Жавхлан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Энэ сайхан дүүг танихгүй, уулзаагүй ч бидний л дүү шүү. 3 сая 400 мянгын нэг бидний л нэг нь энэ хүү шүү.

Бид нэгнээ алдаж оноход ч түлхээд нулимдаг биш чадлаараа хайрлаж урамшуулдаг байх ёстой. Алдаж онодог л хорвоо шүү дээ. Нэгнээ хэт их ингэж талцаж нохой аятай боорлдогоо одоо болимоор юм. Монгол хүн гэдэг утгаараа хэн байх нь хамаагүй элэг сэтгэл гаргадаг баймаар бас, 8 жилээр барилдах эрх хасах бол арай л биш ээ. Заримдаа арай л өр цөлгүй нэгэндээ хандах юм.

16 хоног талбай дээр зогсох 16 жил шиг санагдсан. Цаг хугацаа хэнд ч асар үнэтэй. Холбоо нь бараг ял өгдөг болоод байгаа юм уу.

Монголын дуулаачдын холбооноос дуулах эрхийг бас 8 жилээр хаслаа гэвэл ямар сонсогдож байна. 8 бол арай л чанга байхаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

​Д.Монголхүү: Э.Бат-Үүл болон ард иргэдийг хоморголон хэлмэгдүүлэхийг тэвчихгүй, тэмцэнэ

“No double standard” хөдөлгөөнөөс Засгийн газар, МАН нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл хийж, дараах шаардлагыг МАН-д хүргүүллээ.

“No double standart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүү “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө ардчилсан хувьсгалын хөдөлгөөнийг манлайлсан Монголын Ардчилсан холбоо түүний гишүүд дэмжигчид бид өнөөгийн дарангуйллыг тэвчихгүй. Монгол Улсын баатар Э.Бат-Үүл болон ард иргэдийг хоморголон хэлмэгдүүлэхийг цаашид зүгээр харж суухгүй, эцсээ хүртэл тэмцэх болно.

МАН өнөөгийн дарангуйллыг бүхий л үйлдлээр өөгшүүлэн Ардчиллыг ийм байдалд хүргэж байна. Одоо хангалттай. Бидний тэвчээр тасарлаа. Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид та бүхнийг энэ дарангуйлал хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэн иргэдийн оролцоотой эвлэлдэн нэгдэхийг уриалж байна. Хүний эрх, эрх гэдэг чөлөө гэдэг АН, МАН гэх хоёр намын хооронд байх хэрүүлийн асуудал биш. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой.

Ардчилсан холбооны гишүүн “Монголын улс төрийн ууган хүчин МАН нь коммунист нийгмийг удирдаж явсан 70 жилийн туршлагатай боловч хүний эрх гэж ярьж эхэлсэн өдрөөс арав дахь хоног өнгөрөхөд ийнхүү бүдрэн унаж байна. Одоо эрх барьж буй МАН-аас Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой гэх дагуу дараах хэргүүдийг ч мөн шалгаж, холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна. Нээлттэй шүүхээр шийдүүлэхэд дэмжлэг үзүүлж эдгээр хэргүүдэд холбоотой эрх бүхий албан тушаалтнуудыг түр төлөөлж хуулийн байгууллагад шилжүүлэхийг шаардаж байна. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулав

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санал санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж байгаа хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулан, тэдэнд урам зориг, эрч хүч өгч, хүүхэд багачуудад үлгэр дуурайлал үзүүлэн, олон нийтэд алдаршуулах зорилготойгоороо тус арга хэмжээ нь онцлогтойгоор зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээгээр:

“Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд” – Мөнгөнцоожын Бэхбат /Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 10-1 анги/

“Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд” – Отгонбаярын Нандин /Монгол улсын Консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 7-а анги/

“Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд” – Энхтөрийн эрхэс /“Орчлон” сургуулийн 8-в анги/

“Нийслэлийн шилдэг хүүхэд” – Ганхөлөгийн Цасанболор /Багахангай дүүргийн Хангай” цогцолбор, 12-а анги/

“Нийслэлийн шилдэг хүүхэд” – Баярсайханы Энхжин /Налайх дүүргийн Лаборатори 119 дүгээр сургуулийн 12-3 бүлэг/

“Нийслэлийн шилдэг хүүхэд” – Эрхбатын Эрххулан /Нийслэлийн 51 дүгээр сургуулийн 12-б анги/

“Нийслэлийн шилдэг хүүхэд” – Ням-Очирын Бадармаа /Нийслэлийн Лаборатори 23 дугаар сургууль, 11-а анги/

“Нийслэлийн шилдэг хүүхэд” – Эрдэнэцогтын Өдөр /“Бритиш” сургууль, 9-у бүлэг/

“Нийслэлийн шилдэг хүүхэд” – Заминдийн Мөнх-эрдэнэ /Нийслэлийн Лаборатори 151 дүгээр сургууль, 5-а анги/- ийн сурагчид тус тус шилдгээр тодорлоо.

Эдгээр хүүхдүүд нь сургууль хамт олон, олон нийтийн дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, сайн дурын болон хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, цар тахлын үеийн нөхцөл байдлын үед хичээл зүтгэл гарган амжилтаа ахиулсан тэргүүний манлайлагч хүүхдүүд юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газраас олгосон 300 мянган төгрөгөө аваагүй иргэд хүсэлт гаргана уу

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард коронавирусийн цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 мянган төгрөг олгосон. Иргэн бүрд олгосон уг дэмжлэг болон вакцины бүрэн тунд хамрагдсаны урамшуулал 50 мянган төгрөг аваагүй иргэдийг www.ebarimt.mn/300 цахим хуудсанд бүртгүүлэхийг уриалжээ.

qs4m0z_269483125_448225706860158_1257343205770291744_n_x974 Засгийн газраас олгосон 300,000, вакцины урамшуулал 50,000 төгрөгөө аваагүй иргэд хүсэлт гаргана уу

Дэмжлэг, урамшууллаа аваагүй иргэн Та 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:59:59 цагаас өмнө цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргахыг Сангийн яамнаас санууллаа.

“Оюу Толгой” ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг 3,373,025 иргэндээ олгож байгааг Сангийн сайд мэдээлж байв.

Иргэн бүрд 300 мянган төгрөгийг тараахтай холбоотой Засгийн газрын 93-р тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна.

Эх сурвалж: Сангийн яам