Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна

2021 оны 12 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод 169 суурин, 11 түр цэгт 182 багийн 830 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 11 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгалд 27 мянган малчин хамрагджээ

2021 оны байдлаар 27 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаад байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 19,4 мянган малчин, 1,6 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу нийт 21 мянган хүн хуулийн нөхөн төлөх боломжийг ашиглаж, 42,9 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн ажээ. Үүнээс 12 мянган хүн Нийгмийн даатгалын сангийн үр шимийг шууд хүртэж, 33 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

ТЦА: Явган зорчигчдыг тод өнгийн хувцас өмсөхийг анхааруулж байна

Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 20-23-ны хооронд зам тээврийн ослын 1142 дуудлага бүртгэгджээ. Тус газрын мэдээлснээр орон нутагт авто ослын улмаас найман хүн гэмтэж, таван хүн амь насаа алдсан байна. Тодруулбал, автомашин онхолдсон таван осол гарч гурван хүн амь насаа алджээ. Мөн үл хөдлөх зүйл мөргөж хоёр хүний амь хохирчээ. Харин нийслэлд 12 осол бүртгэгдэж, 12 хүн бэртсэн байна.

Иймд жолооч нар орон нутагт зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын нөхцөлд хурдаа тааруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Мөн явган зорчигчид автомашин гүйцэт зогссоны дараа гарцаар гарах болон шөнийн цагаар тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Ууланд төөрсөн хоёр иргэнийг олжээ

Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон иргэд нэгнээсээ салж, төөрсөн байжээ. Өвлийн хүйтэнд хоёр хоногийн турш төөрсөн иргэдийг 12 дугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагийн орчимд ахлах ахлагч Б.Буянтогтох ахлагчтай, ахлагч З.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, амь насыг нь аварсан байна.

Төөрсөн иргэд, “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдах дөхлөө. Хилчдийн алба үйл ажиллагааны талаар ямар ч ойлголт байгаагүй. Хилийн манаатай таарч амь аврагдсандаа үгээр хэлэмгүй их баярласан. Хилийн манааны бүрэлдэхүүн энэ хүйтэнд өдөр шөнө харгалзахгүй хилээ хамгаалж явдаг юм байна. Хилчидтэй таарч морин дээр нь сундлаад явж байхдаа сэтгэл амарч хилчдэдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан. Залуустаа хандаж хэлэхэд эх орны хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчдийн ажил мэргэжлийг ойлгож бас хайрлаж хүндэлж яваарай. Өөрсдийн болгоомжгүй байдлаас болж та бүхний ажилд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэжээ.
Categories
мэдээ цаг-үе

Холимог тулааны 2021 оны аваргын бүс хамгаалах тулаан болно

Өнөөдөр холимог тулааны 66 кг жингийн 2021 оны аваргын Бүс хамгаалах тулаан болно.

Аваргын бүсийн төлөө Garuda mma тамирчин А.Гантүлхүүр өрсөлдөх бол аваргын бүсийн хамгаалж Шандас мма 2020 аварга Б.Энх оргил тулалдана.

Дэд оргил тулаанд:
66 кг жинд Ширэн бээлий клубийн тамирчин Э.Ганзориг буцаж тулаандаа ирснийг зарласан бол түүний өрсөлдөгч сүүлийн 3 тулаандаа ялалт байгуулаад байгаа Шандас мма тамирчин Ч.Дагийсүрэн юм.Тамирчид кикбокс, шүтобоксын аваргуудын холимог тулаанаар өрсөлдөнө.

May be an image of 19 people
Categories
гадаад мэдээ цаг-үе

NASA-гийн Жэймс Вэбб сансрын телескопыг дэлхийгээс хөөргөлөө

NASA-гийн цоо шинэ Жэймс Вэбб сансрын телескопыг Улаанбаатарын цагаар Бямба гарагийн орой Өмнөд Америк тивийн зүүн хойд эрэгт орших Францын газар нутгаас сансарт хөөргөжээ.

Уг телескоп нь сүүлийн 30 жил дэлхийн тойрог замд ажилласан Hubble Space Telescope-ийг залгамжилж, ирэх 10 жил сансрын уудамд ажиллах юм.

Бараг $10 тэрбумын өртгөөр бүтээсэн Жэймс Вэбб нь өмнөх телескопоос 100 дахин өндөр хүчин чадалтай тул ертөнцийн үүсэл гарал, од гарагуудыг судлахад хувьсгал болно гэж үзэж байгаа.

Саран дээр анх удаа хүн буулгасан Aполло төслийн гол архитекторын нэрээр уг телескопыг нэрлэжээ.

Жэймс Вэбб телескопыг бүтээх ажил Hubble телескопыг анх хөөргөсөн 1990 оноос хойш эхэлж, АНУ, Европ, Канадын олон мянган мэргэжилтэн оролцсон юм.

Өчигдөр Францын Ariane 5 пуужин шинэ телескопыг хагас цагийн дотор дэлхийн тойрог замд хүргэсэн байна.

Жэймс Вэбб цаашаа 1.5 сая километрийн зайд буюу дэлхийгээс сар хүртэлх зайг дөрөв дахин үржүүлсэнтэй тэнцэх алсад очиж байрлах юм. Багаж төхөөрөмжүүдээ тохируулж дууссаны дараа 2022 оны дундуур үндсэн ажилдаа орох ажээ.

Өнөөдрийн Hubble телескоп ертөнцийг бүтээсэн Их Тэсрэлтээс хойш 400 сая жилийн дараах үйл явцыг харж чадсан бол Жэймс Вэбб энэ хугацааг 100 сая жил болгож урагшлуулах юм.

Өөрөөр хэлбэл 13.8 тэрбум жилийн өмнө тохиосон Их Тэсрэлтийн дараа ертөнцийг гэрэлтүүлсэн анхны оддыг судлах боломжийг олгоно.

Алсын одноос дэлхийд ирж буй гэрэл урт хугацааг туулдаг. Тухайлбал манай нарны системийн гадна орших хамгийн ойрхон одноос цацарсан гэрэл дөрвөн жилийн дараа дэлхийд хүрдэг байна. Нарны гэрлийг бид найман минутын дараа хүлээж авдаг гэдэг.

Тэгвэл Жэймс Вэбб телескоп анхны оддоос цацарсан гэрлийг хугацааны алдагдалгүй ажиглах чадвартай юм.

Тиймээс телескопыг тээвэрлэсэн Ariane пуужинг газраас хөөрөх үед NASA-гийн телевизийн хөтлөгч Роб Нэвайс “Жэймс Вэбб хорвоо ертөнц үүссэн цаг үе рүү хийх аяллаа эхэллээ” гэж тайлбарлаж байв.

Hubble болон Жэймс Вэббс телескопуудын техник үзүүлэлтүүдийг дараах байдлаар харьцуулжээ.

Эх сурвалж: Reuters, BBC

Categories
мэдээ цаг-үе

Энэ онд 50 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ

Тэтгэмжийн даатгалын сангаас 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 160.9 мянган хүнд 26.0 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс 56 мянган хүнээр илүү байгаа аж. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 2020 онд 1.1 мянган хүнд 928.9 сая төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 633 хүнд 583.7 сая төгрөг зарцуулжээ.

Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 2.4 сая иргэнд 2.9 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид өдөр нь дүүгээ харж, аав ээждээ туслаад, орой нь утасны тоглоомоо тоглочихоод л унтчихдаг гэв

Өнгөрсөн даваа гаригаас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлсэн билээ. Бид сурагчид амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаа талаар сурвалжлахаар 12:30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.

Өчигдрөөс хүйтний эрч чангарч өдөртөө -18 градусын хэмтэй, гадаа жиндүүхэн байв. Биднийг очих үед хүн цөөхөн, энд тэнд ахимаг насны эмэгтэй сандал дээр сууж, зарим нь талбай тойроод алхаж байгаа харагдана. Хамгийн олон хүн цугласан хэсэг бол “Цасхан” чаргаар гулгах талбай байлаа.

Талбайд 3-4 том хүн хууч хөөрч, арваад хүүхэд шуугин газрын уруу чаргаар гулган, газрын өөд чаргаа чирэн өгсөж байв. Арай бага настнууд нь зузаан хувцас, чирсэн чаргандаа түүртэн унах ч түүнийгээ тоож байгаа янз алга. Талбайд хүүхдээ гулгуулахаар очсон ээж С.Жаргалмаа “Өнөөдөр гадаа хүйтэн болохоор хүн цөөн байна. Би хоёр хүүтэйгээ долоо хоногт хоёроос гурван удаа ирж гулгадаг. Хүүхдүүд амраад гэрт дэлгэц ширтэж байснаас хамаагүй дээр. Энд хичээлийн стрессээ тайлж, найзуудтай болох гээд агаарт сайхан байдаг. Саяхныг хүртэл цаг агаар дулаахан байсан болохоор энд олон удаа ирсэн шүү” гэв. Гулгахаар ирсэн сурагч Б.Тэлмүүн “Би тавдугаар ангид сурдаг. Манай аав, ээж өдөр 15 цагт ажилдаа явдаг. Би аав, ээжийгээ ажилдаа явсны дараа гэрээс гарах зав байхгүй. Хоёр дүүгээ харж, хоолоо хийнэ, мөн гэрийн даалгавраа хийдэг. Өнөөдөр аав, ээжийг гэрт байх хугацаанд хоёр найзтайгаа хамт ирсэн юм. Дахиад хэдхэн удаа гулгачихаад гэр рүүгээ явна” гэж яаруухан хэлчихээд найзууд руугаа гүйчихэв.

Ингээд бид орон сууцны гадаах тоглоомын талбайнууд руу очиход ихэнх нь хүнгүй харагдана лээ. Баянзүрх дүүргийн ногоон төгөл хотхоны тоглоомын талбайд 13:40 цагийн үед жижиг гулсуур дээр бага ангийн хоёр гурван охин гулсаж, хэдэн хүү гялайж хөлдсөн мөсөн дээгүүр юуг ч анзаарах сөхөөгүй хөөцөлдөж гүйлдэнэ. Гулсуурын хойд талын модон сандал дээр сууж буй эгч нь үү, ээж нь үү гэмээр эмэгтэй утсаа шагайнгаа “Хүүе, халтирч унав” гэж чангаар хэлэх нь тод сонсогдоно. Тэднээс амралтынхаа хугацааг юу хийж өнгөрүүлж байгаа тухай тодруулбал хоёрдугаар ангийн жаахан шар хүү “Аав, ээж ажилдаа яваад би гэртээ ганцаараа хүүхэлдэйн кино үзэж, дота тоглодог. Амралтын өдрөөр хөлбөмбөгийн дугуйланд явдаг. Хааяа энэ талбай дээр найзуудтайгаа тоглодог юм” хэмээн хээв нэг хариулчихаад гүйж одов.

Дөрөвдүгээр ангийн охин “Би гэртээ шинэ жилээ тэмдэглэчихээд Булган аймаг руу ахынх руугаа явж амарна. Амралтын даалгавар бага өгсөн. Тиймээс тоглох зав их гарч байна” гэв.

Ингээд бидний сурвалжлах баг Хан-Уул дүүргийн И-Мартын гурван давхарт байрлах “Playtime 1250” хүүхдийн тоглоомын төвийг зорилоо. Тоглоомын төвийн бүртгэлийн хэсэгт арваад хүн дарааллан зогсоно. Бүртгэлийн хэсгийн үүдэнд хүүхдээ хүлээж гадуур хувцсыг нь барьсан эцэг, эх сууж байв. Хүүхдүүдийн шуугилдах, инээлдэх чимээ сонстож буйг нь анзаарахад тоглоомын талбай дотор нэлээд олон хүүхэд буй бололтой. Тус тоглоомын төв нэг удаа 250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ч цар тахлын үед 88 хүүхдийг нэг дор хүлээж авч байгаа аж. “Өдөрт дунджаар 70-80 хүүхэд ирдэг байсан бол сурагчдын амралт эхэлснээс хойш өдөрт 120-150 хүүхэд ирж тоглож байна. Амралтын өдрүүдэд ачаалал нэмэгддэг. Эцэг, эхчүүдийн вакцины хоёр тунг шалгаад, хоёр цаг тутамд ариутгалаа хийж 4-11 насны хүүхдүүдийг өдөр бүр 10-21 цагийн хооронд хүлээж авч байна. Бид цар тахлын улмаас жил гаруй хаагдсан болохоор шинэ жилийн урамшуулал зарлах боломжгүй. Төрсөн өдрийн эзэн 50 хувийн хөнгөлөлттэй, ажлын өдөр тавуулаа ирвэл зургаа дахь хүүхэд үнэгүй гэсэн хоёр л урамшуулал байгаа. Нэг хүүхэд хоёр цагийн 26 мянган төгрөгийн үнэтэй” гэж тоглоомын төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал А.Элбэгбаяр хэллээ.

Бид тоглоомын талбайгаас гарч Монголын хүүхдийн ордонг зорьсон юм. Ордонд сурагчдын амралтаар морин хуур, хуучир, төгөлдөр хуур, хийл, лимбэ, бишгүүр, шанз-төгөлдөр хуур, ятга-төгөлдөр хуур, ёочин-төгөлдөр хуур, хөөмийн гэх мэт сургалтууд хичээллэж байгаа аж. Ордон дотор бүжгийн хувцастай, гоёл чимэглэлээр гангарсан хүүхдүүд хажуугаар зөрнө. Тэд хичээл нь амарчихсан учраас дугуйландаа их цаг зарцуулж байгаадаа таатай байгаа талаар хэлж байлаа.

Харин Сүхбаатар дүүргийн аравдугаар ангийн сурагч “Манай аав, ээж хоёр Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг. Би хичээл амарснаас хойш цөөн удаа гадаа гарсан. Гэртээ гурван дүүгээ харж, утасны тоглоом тоглож, телевиз үзэж өдрийг өнгөрөөж байна. Орой аав, ээжийг ирэхээр найзуудтайгаа PubG тоглодог. Ихэнхдээ шөнийн 1,2 цаг гэж унтдаг. Хааяа үүрээр 4,5 цаг хүртэл тоглодог. Өглөө болтол тоглочихоор маргааш нь нойр хүрээд манараад байдаг. Манай найзууд ч гэсэн өдөр нь дүүгээ хараад, эсвэл аав ээждээ туслаад орой утасны тоглоомоо тоглочихоод л унтчихдаг” гэсэн юм.

Бид мөн орон нутгийн малчдын сурагч хүүхдүүд өвлийн амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаа талаар ч мэдэхийг зорилоо.

Ингээд Өмнөговь аймгийн малчин Б.Амгалан “Манайх сургуулийн насны хоёр хүүтэй. Хүүхдүүд амралтаараа хөлдүүшээ түүж, өвлийн идэш бэлтгэхэд тусалж, тэмээний уралдаанд явж, шаардлагатай үед гэр интернэтээр багштайгаа холбогдож, даалгавраа явуулж л өнгөрөөж байна. Малчин бидний хувьд сурагчдын амралт гэдэг халуун ам бүлээрээ байдаг цөөн үеийн нэг шүү дээ. Хүүхдүүд хичээлтэй үед сумын төв рүү айлд сууна. Аав, ээжийгээ санана. Баасан гаригийн орой очиж хүүхдүүдээ аваад бүтэн сайн өдөр буцааж хүргэж өгдөг. Амьдрал нэг иймэрхүү л үргэлжилдэг” гэв.

Ингээд Нийслэлийн БЗД-ийн 111 дүгээр сургуулийн 3а ангийн багш С.Мөнхзулаас сурагчдын амралтын талаар тодрууллаа.

-Танай ангийн сурагчид амралтаа хаана өнгөрүүлж байна вэ?

-Ангийн эцэг, эхчүүдийн дунд бөглүүлсэн судалгаанаас 86.8 хувь нь хотод, 13.2 хувь нь орон нутагт гэсэн дүн гарсан. Дийлэнх хүүхдүүд маань хотод амарч байна.

-Хүүхдүүд амралтаараа яг юунд хамгийн их цаг зарцуулж байна вэ?

-Энэ тал дээр 71 хувь нь даалгавраа хийж, хичээлээ давтаж, 14 хувь нь утас, компьютер үзэж, 2.6 хувь нь гадаа тоглож, 5.3 хувь нь дугуйлан, сургалтад хамрагдаж, 2.6 хувь нь шигтгээ наамал хийж, гэр бүлийнхэндээ туслан өнгөрүүлж байна гэж хариулсан.

-Танай ангийн сурагчид ихэнх цагийг ямар хүмүүстэй өнгөрүүлж байгаа бол. Өдөр бүр хүүхдүүдтэйгээ байдаг аав, ээж олон байхгүй болов уу?

-Үүнд 50 хувь нь гэр бүлийн том хүнтэй, 24 хувь нь гэртээ ганцаар, үлдсэн 26 хувь нь бусад асран хамгаалагчид буюу өвөө эмээ, ах эгч гэх мэт хүмүүстэйгээ хамт байдаг.

-Амралтын даалгавар өгсөн үү?

-Шинэ он гартал өгөөгүй. Амралтын хугацаанд хүүхдүүдийг нөүтбүүк, таблет, утастай ойр байх ямар ч даалгавар өгөөгүй. Нэгдүгээр сараас үзсэн хичээлээ мартахгүй байх талаас монгол хэл, математикийн даалгаврыг хэвлэж өгсөн гэсэн юм.


А.ГАНТУЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Ахмадуудын тэтгэврийг өндрөөр тогтоолгохын тулд энэ хуулийн төслийг өргөн барьсан

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Та Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Бараг жилийн дараа хэлэлцэх эсэх нь шийдэгдлээ. Хэлэлцэгдэхгүй яагаад ингэж удав?

-Сөрөг хүчний зүгээс УИХ-ын чуулганаар хууль батлуулна гэдэг маш хүнд. 2016 оноос хойших хугацаанд сөрөг хүчний санаачлан батлуулсан хууль хоёрхон байдаг. Нэг дэх нь, энэ оны эхэнд батлуулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль. Хоёр дахь хуулийг ярианы богино нэршлээр нь хэлбэл, хуурамч шатахууны хууль (Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль). Үүнийг энэ оны зургадугаар сард батлуулсан. МАН-ын хэт олонх байгаа энэ үед сөрөг хүчний гишүүд санаачилсан хуулиа парламентаар дэмжүүлнэ, батлуулна гэдэг бол маш хүнд даваа. Тиймээс үе шаттай явж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу долоон жилийг таван жил болгох тухай хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сард өргөн барьсан. Жилийн дараа энэ хуулийг парламентаар хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Ингэхдээ тодорхой хэмжээгээр МАН-ын бүлэгтэй нэгдсэн байр сууринд хүрч ойлголцсон. Энэхүү хуулийг энэ удаа дэмжээд хэлэлцэх эсэхийг шийднэ. Үүнийхээ дараа Нийгмийн даатгалын багц хуультай хамтатгаж хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

2016 онд МАН олонх болж Засгийн газраа байгуулсан. Ингээд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан. Үүнийхээ хүрээнд эдийн засаг болоод санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. 2018 ОУВС-гийн хөтөлбөрөөсөө Засгийн газар гарсан. Иймээс эдийн засгийн арга хэмжээгээ өөрөөр шийдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ нэг зүйлийг орхигдуулсан нь ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг долоон жилийн цалингийн дунджаар тогтоох асуудал. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсан учраас ахмадуудыг илүү өндөр хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох боломжийг олгох үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьсан.

-Хэдийгээр тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага байгаа ч өнөөгийн түвшинд НДС-гийн санхүүгийн нөөц боломж хүнд байна. Энэ хууль батлагдвал хэр хэмжээний төсөв шаардагдах бол?

-Манай үе үеийн Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн менежмэнтийн үйл ажиллагааг буруу явуулж ирсэн. Европын хүн амын насжилт өндөр байдаг. Ажил хийж байгаа хоёр хүн тутамд гурван тэтгэвэр авагч ногдож байгаа. Харин манай улсын хувьд ажил хийж байгаа 10 хүн тутамд гурван тэтгэвэр авагч ногдож байна. Гэтэл европын нийгмийн даатгалын сан ямар ч асуудал, хэл амгүй ажиллаж байна. Энэ юуг хэлж байна гэхээр тэнд тэтгэврийн сангийнхаа үйл ажиллагааг зөв менежмэнтээр удирдаж байна гэсэн үг. Манайхан ийм өндөр хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хэрнээ цөөхөн ахмадуудынхаа тэтгэврийг өгч чадахгүй байна гэдэг нь Нийгмийн даатгалын санд хайхрамжгүй хандсаны нэг илрэл. Ер нь бол Япон, Солонгос, европ зэрэг өндөр хөгжилтэй орнууд тэтгэврийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийнхаа хөрөнгийг үр ашигтай байлгах үүднээс хувьцаа авах, эсвэл үр ашигтай бизнес, том хөтөлбөрт хөрөнгө оруулдаг. Гэтэл бид үйл ажиллагаа нь доголдсон банкинд хадгалуулаад алдаж байх жишээний. Энэ бол бидний менежмэнт буруу явж байгааг илтгэсэн тод жишээ. Гэхдээ энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүсийн буруу биш. Зарим нь 40, 30 жил хамгийн багадаа гэхэд л 20 жил нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн өндөр хувиар шударгаар төлсөн. Тэд ирээдүйд үүнийхээ үр шимээр тэтгэвэр авна даа гэсэн итгэл үнэмшлээрээ төлж ирсэн учраас төлсөн шимтгэлийнхээ дагуу тэтгэврээ авах ёстой. Гэхдээ тэтгэврийг бага өгөх замаар асуудлыг шийдэж байна гэдэг нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Энэ хууль хэрэгжсэнээр зарцуулах төсөв нь хамгийн ихдээ Богд Зонхов хөшөөг барих төсвийн тал мөнгө л тэтгэвэрт гарч байгаа хүмүүст зарцуулагдана. Тийм их зардал гарахгүй. Манай улсын төсөв санхүү тэлсэн. 16 тэрбум төгрөг гэдэг бол Нийгмийн даатгалын сангийн хувьд ч тэр, Монгол Улсын төсвийн хувьд ч тэр тийм ч их мөнгө биш.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх зүйн орчныг хумьж Засгийн газарт өгсөн. Гэтэл одоо бас парламентын зарим гишүүд өөрсдийнхөө тодорхой эрхийг Засгийн газарт өгөхийг дэмжиж байна. Ковидын хуулийг сунгах шаардлага нийгэмд үнэхээр байгаа юм уу?

-Дэлхийн бүх л улс орон эдийн засгаа дэмжих, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах гэж явж байна. Үүнийхээ хүрээнд аж ахуйн нэгжээ дэмжиж, эрүүл мэндийнхээ салбарт тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулж байгаа. Ковидын хуулиар УИХ-аас Засгийн газарт гол том эрхээ өгсөн. Миний хувьд энэ хуулийг эсэргүүцэх гурван шалтгаан байгаа. Нэгдүгээрх нь, Ковидын хуулиар батлагдсан улсын төсвийн зардлын хүрээнд дотор нь зардал шилжүүлэх замаар хэтрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газарт өгсөн. Гэтэл өнгөрсөн хугацаанд Засгийн газар тодорхой хэмжээгээр зардлаа хэтрүүлсэн. Үүнийгээ улсын төсвийн тодотголоор зассан. Парламентаас баталсан улсын төсвийн зардлыг хэтрүүлэхгүй байх ёстой. Хоёрдугаарх нь, төрийн албан хаагчийг шууд томилж байгаа. Энэ бол өөрсдийнхөө цүнх баригч, эсвэл сонгуульд нь явсан хүн, хамаатан садангаа тавих өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалтыг давах чадваргүй хүмүүсийг энэ хуулиар төрд авч байна. Түүнчлэн чадваргүй мэргэжилтнүүдийг дэвшүүлж газар, хэлтсийн дарга болгож байна. Төрийн албаны үнэлэмжийг ингэж багасгаж байна. Төрийн албаны мерит зарчмыг байхгүй болгож байна. Тиймээс төрийн албан хаагчийг шууд томилсон тушаалаа хүчингүй болгох, мөн энэ заалтыг оруулахгүй байхыг шаардаж байгаа. Гуравдугаарх нь, энэ хуулиар далимдуулж төрийн өмчит томоохон компаниуд тендер шалгаруулахгүйгээр шууд худалдан авалт хийж байна. Компаниудын захирлууд өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүст янз бүрийн тендерийг шууд гэрээгээр өгч байна. Энэ бол төрийн өмчийг шууд завших боломжийг олгож байгаа хэрэг. Тиймээс энэ заалтыг авч хаях хэрэгтэй. Ингэвэл Ковидын хуулийг дэмжихэд болохгүй зүйл байхгүй. Логистикийн хямрал үүссэн, үнийн өсөлт бий болчихсон энэ үед Засгийн газар тодорхой хэмжээгээр эрх авч, үүнийхээ дагуу ард иргэдийнхээ амьдрал ахуйд хэрэгтэй үйл ажиллагааг явуулах, эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр тодорхой хэмжээнд байндаа тусаж байна. Нааштай энэхүү үйл ажиллагааг явуулахад би эсрэгүүцэхгүй байгаа.

-Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг шоронд хийчихлээ. АН-ынхны зүгээс шударга шүүх болсонгүй. Сөрөг хүчнийхнийхээ дуу хоолойг мохоох гэсэн үйлдэл гэж байсан. Та ардчиллынхаа алтан хараацайг өмгөөлж юу хэлэх вэ?

-Би Э.Бат-Үүл баатрыг ямар нэгэн хувийн ашиг сонирхол ерөөсөө гаргадаггүй хүн гэж ойлгодог. Тэр хүнд тийм их өмч хөрөнгө байхгүй. Байгаа ч үгүй. Тэр хүн өнгөрсөн хугацаанд хувьдаа хөрөнгөтэй болохын төлөө явж байгаагүй. Тиймээс тэр хүний итгэл үнэмшил, шударга ёсны төлөөх тэмцэлд би итгэдэг. Хувь хүнийхээ хувьд ямар ч асуудал гаргаагүй гэж би ойлгож байгаа. Гэхдээ би шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүгнэлт гаргах эрхгүй. Юунд үндэслэж, яаж шийдсэнийг би мэдэхгүй байна. Ер нь Ковидын хуулиар далимдуулж иргэдийн эрх, эрх чөлөөг хасах, халдах асуудал гарч байгаа. Ардчилал, шударга ёс, хувь хүний эрх чөлөөний төлөө бүгдээрээ зүтгэж байгаагийн хувьд эрх баригчид ч тэр, хууль хүчний байгууллагууд, шүүхийн байгууллага ч тэр хамтдаа зүтгэх ёстой.

-Та парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүн. Хэдийгээр таныг анх сонгогдоход МАН УИХ-д олонх, Засгийн эрхийг барьж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөр байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн институци бие даасан байгууллага гэлээ Ерөнхийлөгч эрх барьж байгаа намаас гарлаа. Ингээд төрийн эрх барих байгууллагууд МАН-д төвлөрч байна. Нэг нам хэт олонх болсон энэ нөхцөлд танд юу мэдрэгдэж байна. Наанадаж л Ковидын хуулиар гишүүдийн үг хэлэх хугацааг богиносгосон?

-Засаглал хэт нэг талд гарах асуудалтай юм байна гэдэг нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас мэдрэгдэж байна. 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед энэ МАН-д маш хүндээр мэдрэгдсэн байх. Хэт олонх болсон тухайн үед бидэнд нийгмийн болоод хууль, шүүхийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байсан. Тэр үедээ шүүхийн, хууль хүчний байгууллагын шинэчлэлийн ажлыг бүрэн хийгээгүйнхээ үйлийг өнөөдөр бид эдэлж явна. Тийм ч учраас манай намын бүртгэлийн асуудал шүүх дээр очоод шийдэгддэггүй, хоёр талд хуваагдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, 2010 онд МАН-ыг хуваасан үйлийнхээ үрийг ах нарынхаа буянаар эдлээд явж байна. МАН-ын болон МАХН-ын явсан сургамжит зам бидэнд байна. Хэдэн жилийн дараа яаж нөлөөлөв гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын алдсан алдаа бидний нүдэнд ил байна. Тиймээс тэр алдааг давтахгүй урагшлах боломж манай намын залуучуудад байгаа. Үүнийг ашиглахгүй өөр өөрсдийн амбицыг хөөвөл МАН, МАХН-ын хуваагдсан алдааг бид дахиад давтана.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Шар бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 26, Адъяа гариг. Билгийн тооллын 22, Харцага одтой, шар бич өдөр.

Өдрийн наран 8:41 цагт мандан, 17:05 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.