Categories
мэдээ нийгэм

“Өвлийн идэш”-д борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 25-наас зохион байгуулж эхэлсэн.

Тус арга хэмжээнд худалдаалж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй, лабораторийн шинжилгээнд оржээ. Түүнчлэн иргэд “Мал эмнэлгийн гэрчилгээ” гар утасны аппликэйшн ашиглан худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг шалгах, шаардлагатай тохиолдолд шууд лабораторид шинжлүүлэх боломжтой аж.

Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Л.Энхцэцэг “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар махны гарал үүслийг шалган, тодорхойлж байгаа. Мөн иргэд өөрсдөө ч гарал үүслийг нь шалгах боломжтой. Тухайлбал, Завхан аймгаас ирсэн махыг гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь аппликэйшнд оруулан шалгахад “Завхан хүнс групп” ХХК-д үйлдвэрийн аргаар бэлтгэн, Завхан аймгийн лабораторид шинжлүүлсэн байх жишээтэй. Товчоодоор гарал үүслийн гэрчилгээгүй мах нэвтрэх боломжгүй. Тэгэхээр энд худалдаалж буй бүх мах гарал үүслийн бичигтэй гэсэн үг” хэмээв.

undefined

“Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл” уриатай зохион байгуулж буй тус арга хэмжээнд оролцож байгаа худалдаачид болон тэдний бүтээгдэхүүнүүдийг цахим системд бүртгэжээ. Мөн мал эмнэлгийн улсын байцаагч нар 09:00-17:00 цаг хүртэл хоёр ээлжээр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд иргэд хүсвэл улсын байцаагч нарт хандан худалдан авах гэж буй махаа шинжилгээнд оруулан, баталгаажуулах боломжтой.

“Өвлийн идэш” арга хэмжээ арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлан ажиглах 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байна

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэхэд нь өөрийн зардлаар 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан.

Шийдвэрийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 40 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлан ажиглах зориулалтаар нийслэлийн хэмжээнд 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байна.

Өнөөдрийн байдлаар “Багабаян” цэргийн амралтын газар, “Ворлд Монголия” зочид буудалд нийт 214 иргэнийг тусгаарласан байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Шинжлэх ухаан-100” виртуал үзэсгэлэн нээлтээ хийлээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Монгол Улсад шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйгаараа онцлог гэдгийг Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл “Шинжлэх ухаан-100” виртуал үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцолж байв.

“УИХ, Засгийн газраас шинжлэх ухааны салбартай холбоотой бодлогын томоохон шийдвэрүүд гарч байна”

Түүнчлэн тэрбээр “Төр засгийн зүгээс шинжлэх ухаан технологийн салбарт хандуулах анхаарал нэмэгдэж, УИХ, Засгийн газрын зүгээс бодлогын томоохон шийдвэрүүд гарч байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас есдүгээр сард 329 дүгээр тогтоол гаргасан нь шинжлэх ухааны салбарын менежментийг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан санхүүгийн системийг бий нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинээр байгуулах гэх мэт нэлээд том бодлогын шийдвэр гарсан.

Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн тохиолдуулан салбарынхан менежментийг шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг дээр анхаарч үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөний үеэр өнөөгийн байдал, цаашдын хандлага, технологийн дэвшилтэй хэрхэн хөл нийлүүлж алхах вэ, хувийн хэвшлийн оролцоог шинжлэх ухааны салбарт хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан AI технологи ашигласан бүтээсэн “Шинжлэх ухаан-100″ виртуал музей, шинжлэх ухааны түүхийн 5 боть,сор дээж бүтээлүүдээс толилуулсан үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн үеэр 40 гаруй байгууллагын бүтээл, түүхэн дурсгалт эд зүйлсийг танилцуулсан” хэмээн ярилаа.

8

rr4p8l_262543049_928651411111766_8573075295806238001_n_x974-1024x683

“Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, хөгжүүлэлтийг олон улсын жишигт хүргэхэд ESAN системийг ашиглах боломжтой”

Үзэсгэлэнгийн үеэр Степпе Линк Холдинг ХХК-иас шинжлэх ухаан, боловсролын салбарын багш, судлаачдын бүтээлүүдийг хүртээмжтэй болгох, оюуны өмчийг хамгаалах зорилготой ESAN системийг танилцуулсан юм.

Тус системийн хөгжүүлэлтийг хийхдээ дэлхийн хамгийн том буюу Европын холбооны DRM/Digital rights management/-г ашиглан контентын оюуны өмчийг хамгаалж байгаа аж. Дэлхийн нэр хүндтэй олон сургуульд ашигладаг энэ систем контент оюуны өмчийн хулгайд өртөхөөс сэргийлдэг.

Манай улсын эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, эшлэл авсан үзүүлэлтээр Азидаа 19, 20 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь сайн үзүүлэлт гэдгийг Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл хэлж байв. Тэгвэл судлаачдын бүтээлийн нэгдсэн цахим санг бий болгосноор эрдмийн ажил, оюуны бүтээлийн үнэлэмж нэмэгдэн, инновац технологид тулгуурласан бизнесүүд хөгжих боломж бүрдэж байгааг ESAN төслийн зөвлөх, Доктор, дэд профессор Э.Болормаа ярьсан юм.

ESAN ХХК хиймэл оюун ухаанд суурилан ESAN, ESAN Edu, CONTENT CENTER платформуудыг хөгжүүлж байгаа. CONTENT CENTER платформ дээр хийгдэж буй цахимжуулалтын ажлын хувьд хэвлэмэл бичвэрийг крилл, уйгаржин бичгээс цахим руу шилжүүлэх боломжтой. Цаасан хэлбэрээр байгаа материалыг скайнардаад оруулахыг цахимжуулах гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд тект хувилбарыг тэмдэг таних программ ашиглан үг, өгүүлбэр цаашилбал гадаад хэлнээс орчуулсан хувилбарын хуулбарыг хүртэл шалгах боломжтойгоороо шинэлэг технологи юм.

ESAN системийн талаар доктор Э.Болормаа “Хиймэл оюун ухааны технологийг ашиглан монгол эрдэмтдийн олон тооны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, хөгжүүлэлтийг/R&D/ олон улсын жишигт хүргэхэд ESAN системийг ашиглах бүрэн боломжтой. Эрдэм шинжилгээний өгүүллүүдийг цахим санд төвлөрүүлснээр цөөн тооны салбарын хүмүүсээр хязгаарлагдахгүй бизнес, аж үйлдвэр, төрийн байгууллагууд цаашилбал хувь иргэнд ч нээлттэй платформыг бий болгож байна. Ийнхүү судалгааны ажлууд зах зээлийн жамаар хөгжиж, чанар чансаа нь нэмэгдэн улмаар эрдэмтдийн бүтээл гадаадад ч үнэлэгдэх боломж бүрдэх юм.

ESAN системд бүх төрлийн ном, сурах бичиг хэвлэмэл материалуудаас гадна их, дээд сургууль хүрээлэнгүүдийн бүтээл болох эрдмийн ажлууд орж ирснээр гол дата бааз бүрдэнэ гэж харж байгаа. Дата бааз үүссэнээр салбарын хөгжилд цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн ажил болно. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ашигладаг энэ систем контентын оюуны өмчийг хамгаалахад чухал үүрэгтэй.

Анагаах, химийн шинжлэх ухаан хөгжилтэй улс орнуудын хувьд тэргүүлэх чиглэлүүдийн нэг байдаг. Гэтэл манай улсад олон улсын жишгийн R&D байхгүй. Манайд маш олон судалгаа байгаа ч давхцал байна уу, үгүй юу гэдэг дээр ESAN системийн баазыг ашиглаж болох юм. Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт л гэхэд өвчтөнүүдийн мэдээллийг эмнэлэг хооронд тодорхой нууцлалын шаардлагыг ханган чөлөөтэй солилцох, шинжилгээний хариу CT, MRI зургуудын санг үүсгэн хадгалж AI технологи ашиглан оношийг батлах, үнэн зөвийн магадлалыг нэмэгдүүлэх зэрэг хязгааргүй боломжууд бий болж байна” хэмээн ярилаа.

Шинжлэх ухаан, технологийн сангийн хувьд эрдэм шинжилгээний бүтээлүүдийн тайланг итгэмжлэн хадгалах үүргийг гүйцэтгэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 5,800 орчим докторын десертаци, эрдэмтдийн бүтээл, 1993 оноош хойших 4,200 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, 18,000 орчим шинэ бүтээл, оновчтой саналын талаарх мэдээлэл хадгалагдаж байгаа аж.

Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл “Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс 4,200 гаруйг нь нээлттэй байршуулсан. Цаашид их дээд сургууль, сангууд дээрх мэдээллүүдийг нэгтгэсэн цахим сан бий болгоход ESAN системийн хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах боломжтой гэж харж байгаа” гэдгээ хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 102 жолооч согтуу жолоо барьж, 232 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Өнгөрсөн сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1870 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1504, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 142, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 72 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 102, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 70, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 98, эрүүлжүүлэх байранд хоносон 232, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 67 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүх С.Батболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын 4 нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “хариуцагчийн хаяг тодорхойгүй” нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
гадаад мэдээ нийгэм

Грек Улс вакцинд хамрагдаагүй ахмад настнуудыг торгоно

Грек Улс 60-аас дээш насны иргэдээ Ковид19 халдварын эсрэг бүрэн тунд заавал хамрагдах журам мөрдүүлж эхэллээ. Хэрвээ татгалзсан тохиолдолд нэгдүгээр сараас эхлэн сар бүр 100 еврогийн торгууль ногдуулна гэж Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдсэн юм. Торгуулийн мөнгийг хүнд өвчтөний тоо нэмэгдэж, ачааллаа дийлэхгүй байгаа эрүүл мэндийн салбарт зарцуулах ажээ.
Грекийн 11 сая хүн амын 63 хувь нь бүрэн тун тариулсан боловч 60-аас дээш насны 520,000 гаруй хүн вакцинд огт хамрагдаагүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул голын хөндийгөөр 24-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгороор 12-17 градус.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2-НООС 6-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Арванхоёрдугаар сарын 2-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 2, 3-нд тал, хээрийн нутгаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийн хууль бус орлого 200 сая төгрөгийг хураана

“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,268,304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208,943,478 төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргаж зөрчлийн үр дагаварыг арилгуулах арга хэмжээг авлаа.

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй 21 үйлчилгээний төрлөөр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон.

Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараах зохицуулалт хийнэ:” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авахаар хуульд заасан байдаг.

Иймд тус хуульд заасны дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан юм.

“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн дараах шийтгэлийг оногдуулсан. Үүнд:

  • Зохицуулалтгүй үйлчилгээний 2020 оны борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,268,304 төгрөгөөр торгох;
  • Хууль бусаар олсон орлого болох 208,943,000 төгрөгийг хураан авах;
  • Зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээг тус тус авлаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ЭМЯ: 554 хүнээс халдвар илэрч, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 554 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 359 нь Улаанбаатар хотод, 194 нь орон нутагт батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 10.370 хүн байна.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг авч үзвэл,

  • Хөнгөн: 2137
  • Хүндэвтэр: 2540
  • Хүнд: 660
  • Нэн хүнд: 111 хүн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана.

Тусгаарлах байрны төлбөр:

– 0-3 настай хүүхэд үнэгүй,

– 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,

-13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,

Унааны зардал:

– Том хүний зардал 20.000 төгрөг,

– 0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжинд,

– 6-12 хүртэлх насны хүүхдийг 10.000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.

Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ/ тодорхой бичихийг анхаарна уу.