Categories
баннер мэдээ энтертаймент-ертөнц

“Iphone 13”-ын эрэлт буурчээ

Өнгөрсөн есдүгээр сард “Apple” компани “iPhone” гар утасны шинэ загвараа танилцуулсан. Уг загвар нь худалдаанд гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлж байсан ч сүүлийн үед эрэлт нь буурчээ.

Шинжээчид компанийн борлуулалтыг зургаан хувиар өсөж, 117.9 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байв. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Эрэлт бага байгаа нь дараагийн загварт олон шинэчлэл орсон гэх мэдээлэлтэй холбоотой байж болзошгүй тухай гаднын хэвлэлүүд онцолжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

“Хангайн цом” яруу найргийн наадамд М.Амархүү түрүүллээ

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Архангай аймгийн “Хантамир” утга зохиолын нэгдэл “Хангайн цом” яруу найргийн наадам боллоо.

Энэ жилийн яруу найргийн наадам халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч Сунтарын Лувсанпэрэнлэй хутагтын мэндэлсний 380 жилийн ойг угтан түүний нэрэмжит болж байгаагаараа онцлог болов.

“Хангайн цом” яруу найргийн наадам нь 1980-аад оноос үүдэлтэй бөгөөд зөвхөн аймгийнхаа хэмжээнд тэмдэглэдэг байсан бол 2018 оноос улсын хэмжээний болгон өргөжээ.

Энэ жилийн наадамд 21 аймгаас 86 бүтээл ирснээс шилдэг 15 найрагчийг шалгаруулж, МЗЭ-ийн болон Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зохиолч М.Амархүү тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Наадмын шүүгчээр Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээд удаагүй байгаа зохиолч яруу найрагч О.Содномпил, П.Батхуяг болон Архангай аймаг дахь утга зохиолын нэгдлийн дарга, яруу найрагч Ц.Мөнхбаяр, Болор цомын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш нар шүүн тунгаалаа.

Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар УАШТ-д хамгийн олон удаа түрүүлжээ

Монголын чөлөөт бөхийн түүхэнд өсвөр үе, залуучуудын УАШТ-д хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлсэн хоёрхон тамирчин бий.

Тэд Баянхонгорын аймгийн тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул, Өлзийсайханы Пүрэвсүрэн нар юм.

Тэдний ард ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бүрнээбаатарын Нямгэрэл нар өсвөр үе, залуучуудад нийт долоон удаа түрүүлсэн байдаг.

Ө.Пүрэвсүрэнгийн найман түрүү

2013 онд өсвөр үеийн 40 кг-д алт

2014 онд өсвөр үеийн 40 кг-д алт

2015 онд өсвөр үеийн 43 кг-д алт

2016 онд өсвөр үеийн 46 кг-д алт

2017 онд өсвөр үеийн 56 кг-д алт

2018 онд залуучуудын 59 кг-д алт

2019 онд залуучуудын 65 кг-д алт

2020 онд залуучуудын 68 кг-д алт

Б.Хонгорзулын найман түрүү

2015 онд өсвөр үеийн 46 кг-д алт

2016 онд өсвөр үеийн 49 кг-д алт

2017 онд өсвөр үеийн 52 кг-д алт

2018 онд өсвөр үеийн 57 кг-д алт

2018 онд залуучуудын 57 кг-д алт

2019 онд залуучуудын 59 кг-д алт

2020 онд залуучуудын 59 кг-д алт

2021 онд залуучуудын 62 кг-д алт

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно.

Хуралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевиз орон даяар шууд дамжуулна.

2011 оноос Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлсэн билээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Энэхүү түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах гэж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг түүхэн байршилд, уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь арга хэмжээний ач холбогдлыг тодруулах, өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийслэлд шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна” гэв

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва өнөөдөр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког “Монгол дахь дотоодын шилжих хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төсөлд сонгогдсонд талархаж байгаагаа Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва илэрхийлэв.

Уулзалтын үеэр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко өчигдөр болсон “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форумд тус байгууллагын зүгээс эерэг үнэлгээ өгч байгааг дурдлаа. Түүнчлэн НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас хийсэн “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”-ны дүнг товч танилцуулав. Улаанбаатар хотод шилжин суурьшиж байгаа иргэдийн дийлэнх нь 20-29 насны залуучууд байгааг судалгаанд онцолжээ. Мөн агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд шилжих хөдөлгөөнтэй шууд холбоотой учир үүнд чиглэсэн бодлогыг судалгаан дээр үндэслэн сайжруулах хэрэгтэйг дурдаад, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ:

-Шилжин суурьшиж буй иргэд хотын хөгжилд болон эдийн засагт эерэг нөлөө авчирдаг тул тэднийг хотын амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцахад чиглэсэн цогц төвтэй болвол үр дүнтэй байна гэв.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын зүгээс хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд шилжих хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг хэлэлцэн, хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

АЙЛЧЛАЛ: Г.Занданшатар “Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх санал дэвшүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Энэхүү айлчлал нь 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус улсад айлчилснаас хойш парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.

Коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй албан ёсны айлчлал БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкартай хийсэн уулзалтаар эхэллээ.

No description available.

Уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын хэлхээ холбоо, чөлөөт, ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийнзарчмаар тууштай өргөжин хөгжиж, “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биеэ дэмжиж, хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Энэтхэг Улс 1.0 тэрбум дахь иргэнээ вакцинжуулж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд амжилт гаргасан явдалд баяр хүргэж, Энэтхэг Улс цар тахлын тархалтыг хяналтдаа авч халдварын тоо буурч, эдгэрэлтийн хувь өсч байгаад баяртай байгаагаа мөн илэрхийллээ.

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсныг онцлон дурдаж, айлчлалын үеэр тохирсон асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

No description available.

Цаашид улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэн, хоёр орны Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дайчлах нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод, энэ хүрээнд улс орны дээд удирдлагыг харилцан айлчлуулах саналтай байгааг тэмдэглэв.

БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.Жайшанкархоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл нь Энэтхэг-Монголын харилцааны бат бэх суурь гэдгийг онцлон тэмдэглэв. Түүх, соёл, уламжлал, шашин шүтлэгийн хувьд нягт холбоотой оюун санааны хөршүүд тул соёлын салбарын хамтын ажиллагаа, түүний дотор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг ноён С.Жайшанкар дэмжиж байгаа илэрхийлэв.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин: Манай хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгдмэл улс үндэстнүүд юм

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд бараалхлаа.

Бараалхалтын үеэр тэрбээр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Энэтхэг Улсад хийж буй айлчлалынхаа үеэр нүүр учран уулзах завшаан тохиолдсонд нэн баяртай байна.Энэтхэг Улс бол манай оюун санааны хөрш бөгөөд нэн чухал стратегийн түнш билээ. Юуны өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж буйг минь хүлээн авна уу. Манай хоёр ард түмэн хэдий газарзүйн байршлын хувьд хол оршдог ч түүх соёлын ижил төсөөтэй зүйлсээр уламжлагдсан оюун санааны хэлхээ холбоо маань биднийг ямагт ойр дотно нөхөрлүүлж ирсэн билээ. Монголын ард түмэн Энэтхэг Улсыг Бурхны орон хэмээн хүндэтгэж ирсэн. Монгол Улс Энэтхэг Улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таныг манай оронд морилон айлчлахыг урья” гэв.

No description available.

Монгол, Энэтхэгийн хууль тогтоох дээд байгууллагууд хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Миний энэ удаагийн айлчлал манай хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд болон парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад 2015 онд айлчилсан нь Монгол, Энэтхэгийн харилцааг шинэ шатанд гаргасан бөгөөд хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг эхлүүлэх гараа болсон билээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт хамтран ажиллаж байгааг Таны сонорт хүргэхэд таатай байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.

Тэрбээр энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой тохиож байгааг дурдаад, тэртээ 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Энэтхэг Улсын зүгээс идэвхтэй дэмжсэнийг Монголын ард түмэн ямагт санаж явдаг. Олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ирсэн энэхүү сайхан уламжлалаа цаашид ч үргэлжлүүлэн хадгалахын төлөө байна гэв.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин УИХ-ын дарга Г.Занданшатарыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Таны хэлсэнчлэн БНЭУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хичээн ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээж авлаа. Эрхэм Ерөнхийлөгчийн найрсаг дотно хандлага, харилцаанд бид талархаж, харилцан айлчлалыг зохион байгуулахдаа таатай байх болно.

Манай хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгдмэл улс үндэстнүүд юм. Бид Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Цар тахлын энэ амаргүй цаг үед харилцан бие биеэ дэмжин ажиллаж байгаад баяртай байна” гэв.

Хамтарсан сургууль, Монгол Цахиурын хөндий байгуулах, “Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх зэрэг саналыг дэмжихээ илэрхийллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-тай албан ёсны уулзалт хийлээ.

Тэрбээр уулзалтын эхэнд парламентын түвшний энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, найрсаг дотно хүлээн авч буйд талархал илэрхийллээ.

No description available.

Тэрбээр “Энэтхэг Улс Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг анхны 150 мянган тун “Астра Зенека” вакциныг буцалтгүй тусламжаар ирүүлсэн.Энэтхэг Улсад өвчний тархалтихэсч, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газар 1.0 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгосон. Энэтхэг Улсын “Жубилант Женерикс” компанитай Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулж нийт 200.000 тун “Ремдесивир” тариа худалдан авсан. Ийнхүү цар тахлын хүнд үед хоёр улс харилцан бие биенийг дэмжиж байгаад баяртай байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын үеийн улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, БНЭУ-тай хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд онцгой анхаарал хандуулж, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль” баталж, Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай Ажлын хэсэг байгуулан төслийн хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг мэдээлэв. Тэрбээр үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөн.

Хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг онцлоод, өнгөрсөн 5 жилийн дотор Монгол Улсын ерөнхий боловсролын 76 багшийг Энэтхэгт зохион байгуулагдсан дунд хугацааны англи хэлний сургалтад хамруулсанд талархал илэрхийллээ.

Лок Сабха-гийн дарга Ом Бирла Энэтхэгийн парламентын урилгыг хүлээн авч айлчилж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж, эх орондоо тавтай морилохыг хүслээ.

Тэрбээр “БНЭУ, Монгол Улс олон жилийн түүхэн хэлхээ холбоогоо өргөжүүлж, ардчиллын үнэт зүйлсээрээ нэгдэж, зуунаас зуун дамжин түншилж байна. Төр, засгийн түвшинд хийсэн 2015, 2019 оны айлчлалууд бидний харилцааг шинэ түвшинд авчирсан. Ялангуяа Ерөнхий сайд Нарендра Моди-гийн танай улсад 2015 онд хийсэн айлчлал түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Энэхүү айлчлал хоёр улсын төр засаг болон ард түмнүүдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг улам нягтруулсныг онцлон дурдахыг хүсэж байна” гэв.

Тэрбээр дэлхий нийтэд тохиолдсон цар тахлын үед харилцан бие биеэ дэмжиж ажилласан маань дэлхийн улс орнуудад үлгэр дуурайл болсонд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарлаа хандуулна хэмээн онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн мэдээллийн технологийн салбарын ололт амжилтаас суралцах, энэ зорилгоор хамтарсан сургууль байгуулах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад Энэтхэгийн туслалцааг авах, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Болливуд”-ын салбарыг Монголд байгуулах, кино зураг авалтыг Монголд хийх зэрэг санал дэвшүүлэв.

No description available.

Ноён Ом Бирла дээрх саналуудыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, худалдааны шинэ урсгал нээх боломжийг судлан, тус салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, энэ хүрээнд Энэтхэг Улсад Монголоос коксжсон нүүрс экспортлох асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Categories
мэдээ нийгэм

“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан ТҮК-ийн ажилчдын одонгийн найр боллоо

Ерөнхийлөгчийн зарилгаар “Алтан гадас” одон хүртсэн Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх, ажилчин Г.Бямбадорж, зам, талбайн мастер С.Жаргалсайхан нарын баярт зориулж Монголын ард түмэн хандив өргөсөн “Алтангадас” одонгийн найр “Буган халиун” ресторанд өнөөдөр боллоо.

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Манай хамт олны хөдөлмөрийг ойлгож, хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Манай хамт олон 700 гаруй алба хаагчтай ч өнөөдөр одонгийн найранд нь хамт олны төлөөлөл, гэр бүл, найз нөхөд зэрэг 200 гаруй хүн оролцож байна.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Г.Бямбадорж “Сэтгэл маш өндөр байна. Монголын ард түмэндээ баярлалаа. 2008 онд анх хог тээврийн машины жолоочоор ажилд орж байсан. Өглөөний 08.00 цагт ажилдаа гараад орой 19.00 цагт буудаг. Хамт олондоо баярлалаа” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ЦУОШГ: Нийт нутгийн 2.6 хувьд их, 10.8 хувьд нь дунд зэрэг зудын эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.


Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

Энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 орчим хувьд дунд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан байна.

11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см, бусад нутагт 0-5 см цастай байна.

Зудын эрсдэлийг тооцоолж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зургаас үзвэл нийт нутгийн 2.6 хувьд их, 10.8 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гарсан.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим хэсэг эрсдэл их гэсэн зэрэглэлд байна.Зудын эрсдэл их байгаа газарт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Төвийн Баяндэлгэр сумд болон Баян-Өлгийн Алтай, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын ганц нэг багийн нутаг хамрагдаж байна.

Өнгөрсөн зун бороо хур элбэг, нэгжийн ургац сайн улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээтэй гарсан, мөн 12 дугаар сард дунджаас дулаан, цас багатай байх төлөвтэй байгаа нь зуд турхан үүсэх нөхцөл бага байгааг харуулах боловч цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх талтай юм.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-SPEAK OUT: Улаанбаатар хотын иргэн та оройн хоолоо хэдэн цагт иддэг вэ?

Улаанбаатарын иргэд түгжрэлээс болж олон асуудал, бэрхшээл дунд амьдарч байна. Тэдгээр бэрхшээлийн нэг нь түгжрэлээс болж оройн хоолоо оройтуулах болжээ. Оройн хоол оройтох нь хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг билээ.

DNN-SPEAK OUT”-аар түгжрэл эхэлсэн энэ үед иргэд оройн хоолоо хэдэн цагт идэж байгааг тодрууллаа.


О (Бичиг хэргийн ажилтан, нас 48)

-Манайх ам бүл цөөн. Хувийн автомашингүй учир автобусаар ажилдаа явдаг. Сүүлийн үед түгжрэл эрс нэмэгдчихлээ. Өмнө нь ажлаа тараад гэртээ 19, 20 цагт орж ирдэг байсан бол одоо 21.00 цагт гэртээ орж байна. Мах гэсэхийг хүлээвэл хоолоо 23.00 цагт идэхээр байгаа юм. Эрт ирсэн нь хоолоо хийлээ гэхэд 20 цагт иднэ гэсэн үг. Манайх хотын захад учир автобусаар 2, 3 цаг явж байна. Оройтож хооллоод нойр булчирхай, цөс өвддөг болчихсон.


Х (Дөрөвдүгээр курсийн оюутан, нас 20)

-Өмнө нь аль болох оройн хоолоо эрт идэхийг хичээдэг байсан. Харин түгжрэл ихэссэнээс болоод оройн хоолоо 20, 21 цагт иддэг болсон. Хоолоо шингээх гэж буцалсан ус, хоол шингээдэг эм уудаг. Заримдаа оройн хоол идэхгүй тараг уугаад унтдаг.


С (Сэтгүүлч, нас 35)

-Ажлаа тараад 2-3 цагийг түгжрэлд зогсож өнгөрөөхөд оройн хоолны цаг хэдийнэ өнгөрчихдөг. Гэртээ ирээд хөнгөхөн маягийн юм идээд унтаж байна. Амралтын өдрөөр л оройн хоолоо эрт идэж байна. Амралтын өдрүүдээр шөл, устай хоол унд хийж иддэг. Хотын түгжрэл хүмүүсийн амьдралын хэмнэл, хооллох цагт асар сөргөөр нөлөөлж байна. Нэг хохирогч нь би. Түгжрэлд удаан зогсохоор шээс хүрвэл ямар ч авралгүй учир шингэн юм бага уудаг. Гэтэл саяхан эмнэлэгт очиж цусны шинжилгээ өгөхөд эмч “Та шингэний дутагдалд орсон байна, шингэн юм, тэр дундаа ус сайн ууж, цусаа шингэл” гэсэн. Түгжрэл хотын иргэдийн эрүүл мэнд, цаг зав, амьдралын хэв маягийг ч түгжиж, хохироож байна.


Д ( Эмч, нас 26)

-Ажлын ачаалал ихтэй үед хоол идэх байтугай. Ариун цэврийн өрөө ч орох завгүй үе байдаг. Ажлаа тараад гэртээ ирэх замдаа бэлэн гоймон аваад идчихдэг. Ядарсан хүн гэртээ ирээд мах гэсгэхийг хүлээсээр байтал шөнө дунд болно. Хоолоо оройтож иддэг болсноор миний хоол боловсруулах үйл ажиллагаа ерөнхийдөө муудсан нь ажиглагдаж байна. Хэрэв түгжрэлд дэмий 1, 2 цаг өнгөрүүлдэггүй байсан бол гэртээ сайхан хоол хийж иднэ шүү дээ. Эрт амарч байж маргаашийнхаа ажиллах эрч хүчийг олж авна. Тийм болохоор гэртээ амарсан үедээ 19 цагийн үед хооллодог. Бусад үед гадуур хооллодог.


Н (Гуравдугаар курсийн оюутан, нас 19)

-Би дүүтэйгээ хоёулаа амьдардаг. Байрны түрээснээс болоод сургуулиасаа нэлээн хол нүүсэн. Хотын төвөөр байрны үнэ хэтэрхий өндөр байгаа. Уг нь сургуульдаа ойрхон байхдаа гэр лүүгээ алхаад ирчихдэг түгжрэлд 2, 3 цаг зарцуулдаггүй байсан. Одоо сургуулиасаа 18 цаг гэж гарсан бол 30 минут зарим үед 1 цаг автобус хүлээгээд хамгийн эртдээ л гэхэд 21 цагт орж ирнэ. Аль түрүүлж ирсэн махаа гаргаж гэсгээгээд хоолоо хийдэг. Орой хоолыг тогтмол 22 цагт иддэг болчихсон. Өдөр сургууль дээрээ юм идэхгүй бол өлссөн хүн их иднэ. Мэдээж шөнийн 22 цаг болж байхад их хоол идчихээр унтаж болохгүй ходоод өвдөнө. Өглөө нь хичээлээсээ хоцрохгүй гээд эрт гарна. Өглөөний цайгаа ууж амждаггүй.


Б (Түгээлтийн ажилтан, нас 34)

-Оройн хоолыг 19:00 цагаас өмнө идэх ёстой. Гэвч хоол идэх 19 цагтаа гэртээ ч ирж амждаггүй. Гадуур бэлэн, ширхгийн хоол их иддэг. Түгжрэлд 2-3 цаг юу ч идэхгүй, уухгүй байж чадахгүй шүү дээ. Ажлын ачааллаас үүдээд таарсан газраасаа ширхгийн хоол аваад машиндаа иддэг.


А (Таксины жолооч, нас 48)

Би өглөө 10 цаг гэж гэрээс гараад өдөр 15 цагт өдрийн хоолоо гэртээ иддэг. Дуудлагаар цэцэрлэгийн хүүхэд зөөгөөд. 18 цагийн үед таксинд явж эхэлдэг хүмүүсийн ажил тарж байгаа цагаар аль болох олон хүмүүсийг гэрт нь дулаан хүргэж өгөхийг хичээдэг. Тэгж явсаар байгаад оройн хоол идэх цагаа ч мартчихсан байдаг. Нэг хүн суулгаад л түгжрэлд орчихно. Ойрхон 2, 3 буудал газар 1 цаг явж байна шүү дээ. Ид түгжрэлийн цаг эхэлчихсэн хэцүү л байна. Гэр лүүгээ явах замд хүн таарвал тэгээд л өөр тийш нь явчихна. Ингэж явсаар байгаад шөнийн 02 цагт оройн хоолоо иддэг дээ.


Ү (“Хар хорин” захын Худалдаачин, нас 31)

Манайх сүүлийн үед махнаас татгалзаж байгаа. Санхүүгийн хувьд хэмнэлттэй. Түүнчлэн ажлаа тараад Улиастайд очтол оройны 22 цаг болчихдог. Манай нөхөр бид хоёр хамт ажилладаг учраас гэрт хоол хийх хүн байхгүй. Гэртээ очоод мах гаргаад гэстэл 30-40 минут болно. Тэгээд шөнийн 23 цагт махтай хоол иднэ гэдэг их хүнд. Тийм учраас будаа их хэрэглэдэг. Хааяа гадуур хоол идээд очдог. Гэхдээ замдаа 2-3 цаг түгжрэлд суусаар байгаад хоол маань шингэчихдэг. Гэртээ очоод заавал юм идэж байж унтдаг. Ганц манай гэр бүл ч биш Улаанбаатарын түгжрэлд орж байгаа бүх хүн л ингэж хооллодог байх. Шөнө сайхан амарч, өглөө бие хөнгөн, сэргэг сэрэхийг хүсч байна. Тийм учраас аль болох хөнгөн хооллохыг сурч байна.


Г(Хувиараа бизнес эрхлэгч, нас 29)

-Би Баянбүрдээс Налайх руу явж ажилладаг. Ажил 18 цагт тараад гэртээ ирэх гэсээр байтал 22 цаг өнгөрчихдөг. Зарим үед шөнийн 23 цаг өнгөрүүлж ирнэ. Ар гэртээ цаг зарцуулж чадахгүй, түгжрэлд хамаг цагаа үрчихдэг. Гэртээ ирээд хоолоо идэх гэсээр байтал 23 цаг болчихно. Ингэж идсэн хоол хоол болох уу. Буруу хооллож эрүүл мэндээрээ хохирсоор л байна шүү. Иргэдээ зөв амьдралын хэвшилд оруулахад хэрэгтэй байна.


М (Хувиараа бизнес эрхлэгч, нас 36)

-Манайх хороололд байдаг. Гэр ойрхон болохоор 20 цагт оройн хоолоо иддэг. Харин нөхөр маань 22 цагт ажлаасаа ирдэг. Би хоолыг нь бэлдээд халуун саванд хийж тавьдаг. Халуунаар нь хадгалж байгаад өгөхгүй бол хоолоо халааж таарна. Шөнийн 22 цагт халаасан хоол идэх ходоодонд муу шүү дээ. Аль болох шарсан, хуурсан хоол орой иддэггүй.


О (Хоёрдугаар курсийн оюутан, нас 18)

-Манай гэр Хайлаастад байдаг. Хичээл тараад автобус хүлээгээд 22 цаг гэж харьдаг. Гэртээ очоод өөрийнхөө гар, нүүрээ угаагаад л хоолоо иддэг. Шөнийн 22 цагт хоолоо иддэг гэж болно. Унтахын өмнө их хоол идвэл ходоодны ажиллагаа хvндэрч тайван нойрсож чадахгүй юм байна лээ.


З (“Нарантуул” захад наймаа эрхлэгч нас 32)

-Орой ажлаасаа тараад 21 цагийн үед хоол иддэг. Манай эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ байдаг учир ажил тараад очиход халуун хоол, цай бэлэн байдаг. Харин манай хоёр хүү аавтайгаа хооллоно гээд хүлээж байдаг. Тийм учраас аль болох түгжрэл багатай замаар тойроод ч хамаагүй хурдан очихыг л боддог доо.


Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо

Нэгдсэн үндэстний байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил тус өдрийг “Ковид 19-ийн дараах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан, хүртээмжтэй, тогтвортой дэлхий, ертөнц-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцид 2009 оны 5-р сарын 13-ны өдөр нэгдэн оржээ. ДЭМБ-аас гаргадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тайлангаас харахад дэлхийн нийтийн хүн амын 15 хувь буюу нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг.