Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 02-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 81, II тунд 278, нэмэлт сэргээх тунд 8193, нийт 8552 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 34.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2971 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.049 (76.6 хувь), 16-17 насны 26.791 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Month: December 2021
БНСУ-д 13 настай монгол охиныг солонгос охид хоёр өдрийн турш хорьж, зодож дарамталсан хэрэг гарсан нь монголчуудын дургүйцлийг төрүүлээд буй. Иргэд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд ”Энэхүү хэргийн өмнөөс БНСУ өөрийн албан хуудсаар дамжуулан уучлалт гуйхыг шаардаж байна. Түүнчлэн, хохирогч охинд сэтгэл зүйн болон бие махбодын хохирлыг нөхөн төлүүлэх шаардаж байна. БНСУ-д манай улсаас олон хүн ажиллаж амьдардаг. Цаашид ийм хэрэг дахин гаргуулахгүй байх, монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарах хэрэгтэй. Албан ёсоор гуйгаагүй тохиолдолд олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Энэ хэргийг бид хоёр орны дипломат харилцааг бодолцон шударга найрсаг байдлаар шийдвэрлэхийг хүсэж байна” гэлээ
Харин БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ким Чоль Сан “Монгол Улстай бид дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жилийн хугацаа өнгөрч буй үед ийм хэрэг гарсанд үнэхээр их харамсаж байна. Солонгос улсын зүгээс энэхүү хэргийг шударгаар шийдвэрлүүлж, шийдвэр гарсан даруйд Монгол Улсын элчин сайдад мэдэгдэнэ. Түүнчлэн одоогийн байдлаар БНСУ-д 40 гаруй мянган монгол хүн ажиллаж амьдарч байна. Цаашид ийм зүйл болгохгүйн тул анхаарч ажиллана” гэлээ. Мөн хохирогч охин болон гэр бүлийг хамгаалалтад авна гэдгийг хэлсэн юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 375 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 277 нь Улаанбаатар хотод, 147 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас 3 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 9974 хүн байна.
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг авч үзвэл,
- Хөнгөн: 2034
- Хүндэвтэр: 2411
- Хүнд: 571
- Нэн хүнд: 98 хүн байна.
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид иргэн Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад
- Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг
- Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг
- Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг
- иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авчээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.
Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
“Ковид-19” цар тахлаас үүдэж Дорноговь аймагт суудлын галт тэргийг одоог хүртэл явуулаагүй хэвээр байна.
Энэ оны 12 дугаар сарын 2-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг хэзээ зорчиж эхлэх талаар төлөөлөгчид аймгийн Засаг даргад асуулга тавьсан юм.
Харин аймгийн Засаг даргын мэдэгдсэнээр суудлын галт тэрэг явуулах саналыг УБТЗ-ын удирдлагад тавьсан бөгөөд 12 дугаар сарын 5-наас хойш суудлын галт тэрэг зорчиж эхлэх боломжтой хэмээн онцолсон.
”Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоогоод удаж байгаа юм.
АНУ-д коронавирусийн Омрикон хувилбар одоогийн байдлаар Колорадо, Нью-Йорк, Калифорни мужид зөөвөрлөгдсөн халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Иймд АНУ-д оршин суугаа иргэд Та бүхнийг дархлаагаа сайн дэмжих, вакцины нэмэлт тундаа хамрагдах, олон нийтийн газар маск зүүж хэвших, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд гадаад улсад, ялангуяа халдварын тохиолдол бүртгэгдсэн улсуудад зорчихгүй байхыг зөвлөж байна.
АНУ-д түр хугацаагаар зорчиж буй иргэдийн хувьд байдал хүндэрвэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцож аялахыг зөвлөж байна.
Коронавирусийн Омрикон хувилбарыг ӨАБНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн /2021.12.02/ байдлаар ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиб, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэж, Канад, Израиль, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, Япон, Швед, АНУ, Испани, Португали, Шотланд, Австри, Франц, Энэтхэг, Саудын Араб, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсад Циркийн урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан уран бүтээлчдийг шагнаж урамшууллаа.
Үүнд, “Кон-Арт” төвийн захирал, ахмад уран бүтээлч Р.Мандах-Оргилыг “Алтан гадас” одонгоор, “Монгол харцага” хамтлагийн багш, морь сургагч Г.Балдандаваа, “Хан Монгол” морьтны холбооны морины жүжигчин, морь сургагч дасгалжуулагч Л.Баттөр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Соёлын дэд сайд М.Батбаяр өчигдөр гардуулан өгсөн юм.
Эүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх Баасан гаригийн ээлжит мэдээллээ хийж байна.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 25 улсад цар тахлын омикрон хувилбар батлагдаад байна. Шинэ хувилбар нь дархлаа муутай хүнд халдварлаж байна. Улс орнууд эрсдэлийн үнэлгээг хийж, хязгаарлалт тогтоож байна. Оксфордын их сургуулийн багийн судалгаагаар цар тахлын эсрэг нэмэлт тун нь дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд батлагдсан тохиолдлын тоо 70 хувиар буурсан. Гэрээр хянагдаж байгаа өвчтөний тоо 66 мянгаас 10 мянга руу хүрч буурсан. Нас баралт 4.5 дахин буурсан. Иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж эхэллээ. ДЭМБ-ын зөвлөмжөөр ахмад настан болон бага насны хүүхдийг гадаадад аялахгүй байхыг анхааруулж байна.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагчтай үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцаж, дарамталсан, бичлэг хийж сүрдүүлсэн гэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нарыг арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ГХЯ-нд дуудаж уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын дунд сургуулийн сурагч монгол иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, биед нь халдан, сэтгэл санааны болон бие махбодын хохирол учруулсан сэтгэл сэртхийлгэм хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд монгол хүн бүрийг цочирдуулсан энэ хэрэгт солонгосын тал онцгой анхаарал хандуулж, хэргийг үнэн зөв, бүрэн дүүрэн шалган шийдвэрлэх, гэм буруутай бүх этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, хэргийн явц, шийдвэрлэлтийн мэдээллийг монголын талд гаргаж өгөх, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид туршлагатай өмгөөлөгч олж өгөх, хохирогч болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг нэн яаралтай хангах зэрэг асуудлыг БНСУ-ын эрх бүхий байгууллагуудад мэдэгдэхийг хүсэв.
Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д олноор зорчиж, сурч, ажиллаж, амьдардгийг дурдаад, цаашид Монгол Улсын болон БНСУ-ын иргэний эрх ашиг хөндөгдсөн хэрэг зөрчлийг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, гэрээ хэлэлцээрт заасны дагуу хоёр талдаа шуурхай мэдээлж, хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлов.
БНСУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Сан Чоль болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн асуудлыг төвдөө мэдээлж, хариу өгөхөө мэдэгдэв.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар
Онцгой байдлын газрын дуудлагын хоногийн мэдээнд нийт 6 гал түймрийн дуудлага бүртгэгдэж, нас барсан 2 дуудлага, автомашины төмөр эд ангид хавчуулагдсан 1 дуудлага бүртгэгджээ.
Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Ноён хонгор” гэдэг газарт спиртний үйлдвэрийн гүний худагнаас хүний хувцас, гутал гарч ирсэн, хүн байх магадлалтай гэсэн дуудлагыг 12.02-ны өдөр иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, 22 км зам туулан 15:00 цагт очиж, /3,5 м гүн устай, 7 м гүн, ашиглалтаас гарсан/ гүний худгийн усыг соруулж, тус сумын харьяат иргэн Х /67 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган Орхон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт 2 дугаар багийн “Бага богч” гэдэг газар иргэн Ц /45 настай, эмэгтэй/ 11.29-ний өдрийн 14:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 11:20 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид 12.01-ний өдрийн 22:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 12.02-ны өдрийн 11:32 цагт тус сумын Хөлцөөт 2 дугаар багийн Улаан-Үзүүр гэдэг газраас цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Энержи 0 цэг” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг хүлээн аван тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход тус сумаас Өмнөговь аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн Б.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашиныг иргэн Ч.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашин /2 зорчигчтой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг мөргөж, тус автомашинд зорчин явсан иргэн Э /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, 2 хөл хугарсан байсныг 17:35 цагт автомашинаас эсэн мэнд гаргаж, тус сумын сум дундын эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.