Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Ардчилсан намын залуу үе алтан хараацайн үүрнээс анх удаа жигүүрээ дэлгэлээ

Ардчилсан намын Онц их хурал энэ сарын 5-нд болж өнгөрлөө. 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1318 төлөөлөгч оролцож, 95 хувийн ирцтэйгээр хуралдаж, намынхаа өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, нэг санаан дээр тогтоцгоох шиг боллоо. Сумдын АН-ын дарга нарын 300 нь тамгаа авчирч намынхаа эв нэгдлийн төлөө хурлын тайзан дээрээс тамгалсныг энэ нам анхан болон дунд шатандаа хагарал, хуваагдалгүй нэгэн цул болж буйгаа илэрхийллээ гэж улс төрийн ажиглагчид дүгнэсэн юм. Нөгөөтэйгүүр Ардчилсан намын хуралд сонгогч, олон нийт анхаарлаа хандуулж байсан нь анзаарагдсан. Монгол Улсад улс төрийн сөрөг хүчин үгүйлэгдэж, байгаа сөрөг хүчин нь сул байгаагаас нэг намын хэт дарангуйлал туйлдаа хүрч, үүний горыг ард түмэн яс махаараа, аж амьдралаараа мэдэрч арга мухардаж байгаа учир яалт ч үгүй улс төрийн тавцанд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэдгийг ухаарсантай холбоотой байх.

Онц их хурлыг Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүн Б.Батсайхан даргалж, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд, Б.Наранбадрах нар ажилласан бол Онц их хурлыг дэмжиж буйгаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрэлцэн ирсэн. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн бүгд оролцов. Түүнчлэн энэ намын үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүн асан олон хүн хуралдаа идэвхитэй оролцсоныг ард түмэн шууд дамжуулалтаар харсан байх. Хурлын үеэр энэ нам дотроо байсан ээдрээтэй асуудал дагуулсан сэдвүүдийг цэглэж, нэг мөр болгож авцгаалаа. АН-ын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, нийт намын гишүүдийн саналаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргаараа ёсчлон батлаадахав. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг 100 хувийн саналаар сонгоцгоолоо.

Ийнхүү Ардчилсан намын алтан хараацайнуудын үүрнээс АН-ын залуу үе анх удаа жигүүрээ дэлгэж гарч ирэв. Ардчиллын алтан хараацайнууд төдийгөөс өдийг хүртэл АН-ыг алдаатай, оноотой чирч ирж залуу үедээ халаагаа өгсөн нь энэ. Энэ хүртэл Ардчилсан нам тарж бутарч, хагаралдаж сүүлдээ улстөрийн тавцангаас арчигдахын наагуур л юм болсон. Өдрийн сонин өнгөрсөн зургадугаар сард “Араасаа залгасан болгоноо “залгисан” Ардчилсан холбооны өвгөд улс төрөөс зайлах болоогүй юу” гэж хатуухан дуугарсныг уншигчид мартаагүй. Тэр дагуу бараг л дахиад залуу үеэ залгиад идчихээ л шахаж байтал ашгүй Онц их хурал товлогдсон. Үнэндээ Онц их хурал хүртэл энэ нам араасаа залгах залуу үегүй байсан юм шүү. Харин энэ удаагийн их хурлаараа намынхаа удирдлагыг анх удаа залуу үедээ, залуустаа өгчихлөө. Ардчилсан намын залуур залуу үедээ тэр чигээрээ шилжсэнээр бүх хэрүүл, үл ойлголцол арилж дахин эвлэлдэн нэгдэх үүд нээгдлээ гэж харж байна.

Хурлын төлөөлөгчид “Юутай ч бид удирдлагаа залуустаа өгчихлөө. Одоо бид залуусаасаа эн тэргүүнд эв нэгдлийг хүсч байна” гэдгийг микрофон барих тоолондоо захиж байсан. Энэ ч үнэн. АН-ын залууст эв эе хамгийн нэгдүгээрх асуудал. Эв нэгдэлтэй байж гэмээнэ намаа нам шиг авч явна. Үүнийг жирийн дэмжигч хүртэл захиж, сануулсаар байна. Үүнтэй зэрэгцэн АН-ын залуусын нуруун дээр Монголын нөлөө бүхий том намын хувь заяа, энэ намыг дэмждэг гишүүн болон дэмжигч 1.3 сая хүний итгэл найдвар давхар ирж байгаа юм.

МАН-ын залуус намаа шижигнэтэл сайхан аваад явдаг, АН-ын залуус харин чаддаггүй гэдэг үгийг одоо ул болгоцгоо.

Харин Ардчиллын алтан хараацайнууд одоо юу хийж, намдаа тус хүргэх вэ гэвэл залуусынхаа араас савраа татахад л болно. Үүнийг хурлын төлөөлөгчид ч дахин дахин сануулж байсан шүү дээ. Залуустаа боломж олгоё, тэдэнд итгэе, битгий хошуу ам нэмж хорло, хол очоод хар, тэд чадна гэж хатуухан сануулж байсныг хараацайнууд сонссон нь мэдээж л дээ. Битгий залуу үеэ зулгаа, битгий тээг бол. Монголд Ардчилсан намын залуусын үе ирчихлээ. Энэ бол АН-ын залуусын үе. Ардчилсан нам бол энэ намын залуу үеийн нам болчихлоо. Монголд цаашид ардчилал байх үгүйг энэ намын залуус л шийднэ. Ардчилсан намыг Ардчилсан нам шиг авч явахад залуус хэрэгтэй. Хожмоо энэ үеийг АН залуусаараа цусаа сэлбэсэн, хараацайнуудаасаа ангижирсан он жилүүд байлаа гэж түүхэнд тэмдэглээсэй. Ийм боломжийг ах нар нь өг.

Монголд Ардчилсан намаас бусад нь МАН-ын халаасны, хөлсний нам гэдгийг бүгд мэднэ. Бусад нам гээд байгаа хүмүүсийн ярианд үнэмшвэл Ардчилал утгаа алдаж, хүний эрх, эрх чөлөө тоос шороо мэт сарниж, энэхэн хонхортоо шигдэж, хөгжлөөрөө дэлхийгээс хол хоцорно гэдгийг бид сүүлийн жилүүдэд хангалттай мэдэрч байна. Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд шороотой хутгалдаж, дэлхийн топ улстөрчид Монголоос нүүр бууруулж, ардчиллын баян бүрдээ ширгээх хэмжээний дарангуйлалд нухлуулж байна. Ингэж нухлуулахад, хүний эрхийн тал дээр олсон ололтоосоо ухрахад МАН-ын халаасны намуудын оролцоо ч бий. Тэр нам гэгдээд байгаа хүмүүсийг хуурамч гэдгийг Монголын ард түмэн мэдчихсэн. Сонгууль дөхөхөөр амилж, бусад үед нь эзнийхээ даалгавраар “унтаж”, зоос шидэхээр нь хөдөлгөөнд ордог тоглоомны захиалгат нам гэдгийг зах хязгаар нутгийн эгэл жирийн иргэн хүртэл мэддэг болчихсон. Ийм эрүүл бус улс төрийн орчинд сөрөг хүчин батжиж дахин босч ирэх нь том үзэгдэл юм. Магадгүй энэ үзэгдлийг болоосой гэж сонгогчид битүүхэндээ хүлээж ч байсан. Дахин босч ирэхдээ залуус нь бүх удирдлагаа гартаа атгах нь олон хүнд, цаашлаад улс эх орны ирээдүйд гэрэл гэгээ, итгэл найдвар авчирч байгаа юм.

Алтан хараацайн үүрнээс жигүүрээ дэлгэж чадсан Ардчилсан намын залуус эргэж харж, хойноо хоцорсон хараацайнуудаасаа айж, сүрдээд байх юм огт байхгүй шүү. Наад хүмүүс чинь хийдгээ хийчихсэн, хэлдгээ хэлчихсэн. Хэнийг нь хэн бэ гэдгийг ард түмэн хэдийнээ дүгнээд дүнгээ өгчихсөн. Саяны Онц их хурал хүртэл ардчиллыг сайн, муу хэлүүлсээр чирч ирээд зогсоолдоо зогсчихсон хүмүүс. Тиймээс тэдний үгэнд ороод ч байх шаардлагагүй. Алтан хараацайнуудын үгэнд орж “Тэр дарга тэглээ, энэ дарга ингэлээ” гээд дороо гортиглож эргэлдээд байвал ажил чинь, нам чинь урагшлахгүй. Хаях ёстойг хаяад, гээх ёстойг гээгээд зүгээр л зүтгэ. Өөрсдийнхөөрөө, зоримог, ардчилагч байр сууриараа намынхаа түүхэн энэ үеийг үргэлжлүүл. Энэ бол та нарын үе. Та нар л энэ намаа авч явна.

Шувууны амьдралын хамгийн хэцүү үе нь өндөгнөөсөө хагарч гарч ирээд, өдөлж гүйцээд жигүүрээ дэлгэх байдаг. Энэ хоорондоо маш их бэрхшээл туулдаг. Үүн шиг Ардчилсан намын залуу үе магадгүй хамгийн хэцүү үе, хамгийн том босго, хориг, саадаасаа салж жигүүрээ дэлгээдэхлээ гэж харж байна.

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн ДАШТ-ээс манай баг тамирчид 4 медаль хүртжээ

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод болж, өчигдөр өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн долоо, байлдааны самбо бөхийн долоо нийт 21 жинд манай баг тамирчид өрсөлдөж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -72 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль, -59 кг-ын жинд Б.Алтангэрэл, -54 кг-ын жинд Н.Баярмаа нар мөнгөн медаль тус тус хүртжээ. Багийн дүнгээр Монгол аравдугаар байрт жагссан бол бүх Оросын самбо бөхийн холбоо найман алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Беларусь, Украин, Казакстан зэрэг орнууд удаалжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 231 мянган ам.доллар байсан бөгөөд алтан медалийг 4 мянган ам.доллар, мөнгөн медалийг 3000 ам.доллар, хүрэл медалийг 2000 ам.доллар тус тус дагалдав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комиссоос зарласан хуваарийн дагуу өнөөдөр 08:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Шалгалтыг

  • орон нутагт энэ сарын 17-ныг,
  • Улаанбаатарт энэ сарын 21-нийг дуустал хугацаанд өдрийн таван ээлжээр зохион байгуулна.

Шалгалтад орох иргэд Төрийн албаны зөвлөлийн exam.csc.gov.mn цахим хуудсанд хандан шалгалтын системд өөрийн эрхээрээ нэвтрэн орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч нууц үгээ солино.

Мөн шалгалт эхлэхээс 30 минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж, танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэй юм. Шалгуулагчид өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбар өвчтөнөөсөө зугтах биш тосч авдаг болно

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн салбарын реформыг өнгөрсөн онд хийсэн. Хэрэгжилт нь ямар шатанд явна вэ. Та бүхний хүлээж байсан үр дүнд хүрч чадаж байна уу?

-Хуулийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг эмчлэх том реформ хийгдэж байна. Өмнө төрөөс дааж байгаа тусламж үйлчилгээгээр хэдэн том эмнэлгүүдийн цалин, дулааны зардал явдаг байсан. Зарим санхүүжилтээ даатгалын сангаас өгдөг байв. Лапшатай зүйрлэх юм бол гурилыг нь даатгалын сан, махыг нь төр даадаг гэсэн үг. Энэ нь хэт их төвлөрлийг бий болгож байсан оновчгүй бодлого байлаа шүү дээ. Яагаад гэвэл заавал тэр санхүүжилт авсан газарт л иргэн үнэгүй эмчлүүлэх болно доо. Тиймээс хавдрын өвчтэй улсууд хавдрын эмнэлэг дээр төвлөрнө. Эрчимт эмчилгээний том эмнэлгүүдэд хичнээн хүн ямар зардлаар эмчлүүлсэн нь ямар ч хамаагүй. Төр “Би та нарт цалин өгч, байшингийн чинь дулаан цахилгааныг төлж байгаа учраас хэдэн хүн ч байсан эмчил” гэдэг байсан. Тэгэхээр эмийн төсөв нь хүрэхгүй. Эмчилгээнийхээ зардлыг даахгүй, ар гэрт нь захидаг байлаа. Сарын сүүлч болохоор эмнэлгийнх нь санхүүжилт нь дуусаад бас л ар гэрээс нь эм, тариа татдаг байсан. Бас нэг муу тал нь жилдээ нэг хүн хоёр сая төгрөгт багтаж өвдөх ёстой байв. Жилийн энэ лимитнээсээ хэтрэх юм бол даатгалаас мөнгө өгөхгүй. Тэгэхээр хавсарсан өвчтэй хүн бүрэн эмчлэгдэж чадахгүй. Үүнээс гадна бэртэж, гэмтсэн иргэд яаралтай тусламж хүсэхдээ заавал гэмтлийн эмнэлэгт очдог байсан. Хувийн эмнэлэг гараа зүссэн хүнд оёдол тавиад өгчихнө шүү дээ. Яагаад тэр санхүүжилтийг нь өгөхгүй байгаа юм бэ. Хаана ч эмчлүүлсэн мөнгийг нь өгдөг тогтолцоо дутаад байгаа биз. Дээрээс нь хэт их төвлөрдөг. Иргэд эмчлүүлэхийн тулд хол зам туулдаг. Эсвэл хувийн эмнэлэгт очихоор заавал халааснаасаа мөнгө гаргах болно. Улсын эмнэлэгт үзүүлбэл 90 хувийг нь даатгалаас төлдөг. Харин хувийн эмнэлэгт хандвал нийт зардлын аравхан хувийг төр даадаг байсан. Хуучин тогтолцооны өөр нэг дутагдалтай тал нь ор санхүүжүүлдэг байсан. Эдгэрсэн, эмчлүүлсэн хүнээрээ санхүүжүүлдэг биш. Зүгээр ор нь дүүрэн байвал мөнгө өгдөг байв.

Тэгэхээр өвдсөн, өвдөөгүй хүмүүс эмнэлэгт хэвтэх дуртай болно доо. Ороо дүүргэж байвал эмнэлгүүдэд хэнийг хэрхэн эмчилсэн чанар хамаагүй. Мөн өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээ, компьютер томогарфикт иргэн өөрөөсөө зардлаа төлдөг байсан. Сард 55 мянга, улиралд 160 мянган төгрөгөөр оношлогоо хийлгэх, эмчлүүлэх эрхтэй байсан. Тийм болохоор иргэд өвдөөгүй ч байсан тэр мөнгөө ашиглахын тулд эмнэлэгт ханддаг үрэлгэн зардал бий болчихсон байв. Дээрхээс гадна хөнгөлөлттэй эмнүүдийг маш түвэгтэй авдаг байсан. Хэдхэн эмийн санд тусгай зөвшөөрөл өгчихдөг, сарын эхэнд бөөн оочер дараалал үүсгэнэ. Санхүүжилт нь дуусчихна. Төсөв нь, эм нь хүрдэггүй. Ийм олон түвэгтэй бэрхшээлийг арилгах зорилгоор эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн реформыг хийсэн. Аливаа шинэчлэл хийхэд засч залруулах жижиг, сажиг асуудлууд гарна. Явцын дунд засагдаад, сайжраад явна. Гэхдээ үндсэн том зорилго нь өөрөө зөв.

-Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийн хувьд өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн хэрнээ нэр төрөл нь багассан гэж байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Амь насанд нь эрсдэл учирч болзошгүй хүний эмийг төр дааж байгаа. Ингэхдээ 30-70 хувийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Хуучин жилийн 28 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан төсвийг 60 тэрбум болгож өсгөөд хүрэлцээтэй болголоо. Хоёрдугаарт, дурын эмийн сандаа ороод авах боломжтой болгож байгаа. Сарын хэд дэх өдөр ч хамаагүй очиж авах боломжтой. Түвэгтэй авдаг байсан эмийг хялбар авдаг тогтолцоо руу орсон нь маш том амжилт.

-Эмнэлгийн ор санхүүжүүлдэг тогтолцоо ямар болов?

-Хүн эмчилсэн бол тэр хүний эмчилгээний өртгийг нь тооцоод санхүүжилтийг нь олгодог болчихож байгаа юм. Жишээлбэл, ходоод тайруулах хагалгаа хийлгэхэд 10 сая төгрөгийг өгч байна. Улс, хувийн эмнэлэг мэс засал хийсэн нь хамаагүй олгож байна. Тухайн иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай авсан бол хандсан эмнэлэг нь Даатгалын ерөнхий газартай гэрээтэй байвал санхүүжилтийг ямар нэг саадгүйгээр өгнө. Тэгэхээр иргэнээс гарч байгаа санхүүжилт байхгүй болчихлоо. Хуучин өндөр өртөгт болон эмчилгээний зардал тус тусдаа байсан. Тэрнийхээ 25 хувийг даатгал төлдөг. 25 хувийг нь өндөр өртөгтийнх зардлаас төлдөг байсан. Тэгвэл одоо бүгдийг 10 сая төгрөгийн өртөгтэй нэг багц болгосон. Хорт хавдрын эмчилгээ тэг өртөгтэй болчихлоо. Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдрын эмчилгээг төр даана гэсэн байдаг. Энэ хууль одоо бодитоор биеллээ олж байна. Иргэнээс мөнгө гарахгүй, амар болсон. Энэ том дэвшил. Дээрээс нь төвлөрөл байхгүй болж байна. Аль ч эмнэлэг дээр хагалгаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэд компьютер, томографик гээд өндөр өртөгтэй оношлогоо хийлгэх гэж ямар их мөнгө төлдөг байлаа. Тэгвэл төр 70 хувийг нь даадаг болсон.

-Эмнэлгүүдийн санхүүжилт өмнөхөөсөө нэлээд нэмэгдсэн харагдана лээ?

-Гуравдугаар шатлалын том эмнэлгүүдийг харахад энэ оны 3-9 дүгээр сар хүртэл 2-10 тэрбум төгрөгөөр илүү санхүүжилт авсан байгаа. Эмнэлгүүд сайн ажиллаад, олон хүн эмчлэх юм бол санхүүжилтээ бүрэн авч чаддаг юм байна. Энэ нь өөрөө хуучин байсан төсвөөсөө хамаагүй илүү болж байгаа юм. Тэгэхээр эмнэлэг эм тариагаа ар гэрт нь захихгүй. Өөрсдөө даагаад явах боломж гарч байгаа дэвшил гэж харж болно.

-Гэтэл эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдэхгүй байгаа нь ямар учиртай юм бол?

-Ийм сул тал байгаа нь үнэн. Эмнэлгүүдийн удирдлагын бие даасан тогтолцоо руу шилжих ёстой. Гэхдээ ямар ч хувьчлал байхгүй. Менежментийн хувьчлал ч биш. Зөвхөн эмнэлгийн байгууллага төсвөө өөрөө захиран зарцуулах эрхийг өгч байгаа юм. Хавдар судлалын эмнэлэг дээр жишээ аваад ярья л даа. Жилд зургаан тэрбум төгрөгийн төсөвтэй. Илүү хүн ажиллуулаад мөнгө өгч болохгүй. Төсвийн хуулиараа зардлаа зургаан тэрбумаас хэтрүүлэх нь хориотой. Ариутгах бодис, эм, эмнэлгийн хэрэгсэлд тэд, тэдэн төгрөг гээд төсөвлөчихдөг байсан. Гэтэл эмнэлгийн тусламж үйлчилгээ өөрөө хязгаартай байж болохгүй. Ковид гарлаа гэхэд ариутгалын бодисоо илүү авах шаардлагатай. Өөр төрлийн өвчин гарсан учраас эмчилгээний эмийн төрлөө өөрчлөх ёстой. Нэг эмчийн ширээ сандал, өрөөг засахын тулд Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргана. Эрүүл мэндийн яамнаасаа Сангийн яаманд очно. Сангийн яамнаасаа буцаад Эрүүл мэндийн яаманд хариу өгнө. Ингэж бичиг, цаас болж явсаар бүтэн гурван сар өнгөрдөг. Эмнэлэг ингэж хүлээж болохгүй. Тэгвэл эмнэлгийн удирдлага өөрөө захиран зарцуулах эрхтэй, маневерь хурдан байх ёстой. Эмнэлгийн байгууллагын онцлог нь ийм. Дараа нь аудит шалгана биз. Гэтэл одоо болтол эрүүл мэндийн байгууллагууд бүтэц рүүгээ орохгүй байна. Энэ нь эрүүл мэндийн реформыг амьд болгоход чөдөр болж байна л даа. Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулаад, эндээсээ захирлаа сонгоод, тэр захирал нь ТУЗ-рөө хяналтаа хийлгээд үүрэг даалгавар аваад орон тоогоо батлаад цалингаа нэмэх эрх нь байгаа. Тэгэхэд саяын энэ санхүүжилтээр нэмэлт урамшуулал байдлаар 20-50 хувийн цалин өгсөн. Гэхдээ үндсэн цалинг нэмж чадахгүй байгаад байна. Энэ бол засаглалын алдаа.

-Эрүүл мэндийн салбарт реформ хийснээр хувийн эмнэлгүүд их орлоготой боллоо, ор дүүргэлт нь сайн байна. Үүнийг хоёр талтай л тайлбарлаад байх юм. Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулж хувийн эмнэлгүүдийг санхүүжүүлж байна гэсэн хардлага байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тэд нар орлого олж байгаа. Зарим эмнэлгүүд иргэдээсээ мөнгийг нь авч эмчилгээ үйлчилгээ үзүүлчихээд дараа нь даатгалаас мөнгө нь орохоор буцаагаад өгч байна гэсэн. Энэ бол сайн дэвшил. Гэхдээ ийм том шинэчлэл богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй. Өвдөөд эмчлүүлсэн улсууд ямар их баяртай байгаа гээч. Ийм эмчилгээг хийлгэхдээ өмнө 3-5 сая төгрөг төлдөг байсан бол юу ч төлсөнгүй. Нүдний болор солиулахад ердөө 20 хон мянган төгрөг төллөө шүү дээ гэж байна. Хавдарын эмнэлэгт химийн эмчилгээг таван сая төгрөгөөр хийлгэж байсан бол өнөө жил нэг ч төгрөг төлсөнгүй гээд иргэд их талархалтай байна л даа. Бидний хүсээд байгаа том зорилго бол хүн өвчин тусаад ядуурч болохгүй. Иргэд хаана амьдарч байгаагаас үл хамаараад эмнэлгийн тусламж авдаг байх ёстой.

-Энэ шинэчлэлийн хүрээнд төвлөрлийг арилгана гэж байсан. Тэгэхээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг яаж чадавхижуулж байна вэ?

-Хамгийн ойр жишээ хэлье л дээ. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг ТУЗ байгуулчихсан. Тэнд манай хавдрын эмнэлгийн хоёр залуу очоод ажиллаж байна. Долоо хоногийн өмнө над руу ярьсан. “Бид энд ирээд 22 хагалгаа хийлээ. Ходоодны хавдар, элэгний хагалгаа хийсэн. Хүмүүс нь хот руу явахгүй ямар амар юм гэж байна” гэсэн. Өндөр өртөг гэж тусгай тендер зарлаж эмнэлгүүдэд санхүүжилт өгдөг байснаа болиод зөвхөн гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон чинь аймгийн нэгдсэн эмнэлэгт ийм хагалгаа хийгээд мөнгөө авч байна шүү дээ. Иргэнээс мөнгө гаргуулахгүйгээр орон нутагт хагалгаа хийж чадаж байна. Хуучин өндөр өртгийн эрхтэй эмнэлгүүд авдаг байж. Тэгэхээр одоо багцаар нь үнэлчихээр аймгуудад эмчилсэн л бол тэр мөнгөө авна. Эмнэлэг нь 10 саяараа өндөр өртөгтэй багаж, эмээ худалдаад авчихна. Хүнээ эмчилнэ. Үлдсэн мөнгөө цалин болгоод тавина. Энэ тэгш байдлыг бий болгох том дэвшил. Үүнийг нэг өдөр хийчих ажил биш. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд тоног төхөөрөмжөө сайжруулах ёстой.

-Хувийн эмнэлгүүд тоног төхөөрөмж сайтай шүү дээ. Тэгэхээр тэдэнд давуу тал болохгүй юу?

-Энэ хуулиа зүгээр батлаад орхичихоогүй. Хувийн эмнэлгүүд давуу эрхтэй ажиллах эрсдэл байсан учраас өрсөлдөх чадварыг нэг гараанаас болгох зорилгоор 130 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүгээрээ аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд авах боломжийг тавиад бүрдүүлсэн. Тиймээс хэрэгжилт нь бодитой байна уу гэж шалгаж байгаа. Үр дүнгээр эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд тусгайлан анхаарахгүй бол болохгүй юм байна гэж үзсэн.

-Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрх, сумын эмнэлгүүдийг хэрхэн анхаарч байгаа вэ?

-Анхан шатны тусламж үйлчилгээний төв хоёр санхүүжилт авдаг. Суманд харьяалалтай иргэдийн тоогоор тогтмол зардал буюу нэг иргэнээр 30 мянган төгрөгийн санхүүжилт авдаг. Жишээлбэл, 2000 хүн амтай сум байлаа гэхэд жилдээ 60 сая төгрөгийн төсөвтэй. Тэгвэл энэ санхүүжилтийг ирэх оны төсөвт хоёр дахин нэмж байгаа. Анхан шатан дээр байгаа сумын эмнэлгийнхэн иргэддээ илүү ойрхон ажиллахыг хүсч байгаа. Орон тоогоо өөрсдөө нэм. Боловсон хүчнээ сайжруул гэж байгаа. Анхан шатанд үзүүлж байгаа хүнээ зөв оношлоод, зөв эмчилгээ хийх нь ямар үр дүнтэй байдгийг ковидоор харлаа. Жишээлбэл, ковид дөнгөж туссан хүнийг зөв тест хийнгүүтээ оношийг нь шуурхай тогтоож, алтан үед нь вирусийн эсрэг эмчилгээ хийчихвэл нам дарна. Мэдээж эмчлүүлэхгүй удвал хүндэрнэ шүү дээ.

-Ковидын эмчилгээнд асар их зардал гарч байна. Үр дүн хангалттай биш байна гэж нийгэм даяар шүүмжилж байгаа…

-160 мянган төгрөгийг гэрийн эргэлтэд зарцуулж байгаа. Энэ бол эмийн багц биш. Энэ бол өрх, сумын эмч нар өвчтөнөө гэрт нь байлгаж байгаад эмчил гэж байгаа мөнгө. Тэр дотроо эмийн багцаа өгөөд, шинжилгээгээ хийгээд, хүнээ хяна, хөдөлмөрийн хөлсөө ав гэж байгаа юм. Яг үүнтэй адил нэг хүнийг эдгээсний төлөө 160 мянган төгрөг өгч байна гэж ойлгож болно. Хэрэв гэрээр эмчлэхэд хүндэрсэн бол сумын эрүүл мэндийн төвд очоод хэвтүүлж, нэг хүнийг эмчилсэний төлөө 980 мянган төгрөг өгч байна. Сая Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очиж ажиллалаа. Сумын эрүүл мэндийн төв 300 гаруй иргэнийг хэвтүүлж эмчилсэн байна. Тухайн эмнэлэг 300 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Мэдээж, эм тариа авна. 14 хоног улаан бүсэд ажилласан хүмүүстээ тус бүр нэг сая төгрөг өгсөн байна. Одоо 13 дахь сарын цалин өгөх гэж байна. Энэ бодитой орлогыг нь нэмэгдүүлж байгаа юм. Тэгэхээр одоо би хэлэх гээд санаа бол Эрүүл мэндийн салбарын том реформын ач холбогдол нь хөдөлмөрлөөд мөнгө авдаг бай. Мөнгө авахын тулд хүн эмчлэхийн төлөө хүсдэг бол. Энэ бол анхан шат, хувь, гуравдугаар шатлалын эмнэлэг ялгаагүй чанарын төлөө өрсөлддөг болж байгаа юм. Анхан шатны эмнэлэг санхүүжилтээ бүрэн авахын тулд тухайн өвчтөнөө хоёр дахь шатлалын эмнэлэг рүү явуулахгүй сайн эмчлэхийг хүсч байна шүү дээ. Эмчилж чадахгүй бол аймгийн эмнэлэг тэр мөнгийг нь авна. Аймгийн эмнэлэг эмчилж чадахгүй бол улсын төв эмнэлэг авна. Тэгэхээр санхүүжилтээ авахын тулд бүгд хүнд чанартай тусламж үзүүлдэг болно. Өмнө эрүүл мэндийн салбар өвчтөнөөсөө зугтаадаг байсан бол одоо тосч авдаг болно. Энэ реформ амилахад мэдээж цаг хугацаа орно. Дэлхий дээр байгаа сайн туршлагыг Монголын хөрсөнд буулгаж, нэг ч гэсэн иргэнээ гадаад явуулахгүй эмчилдэг байя. Нэг иргэнээ ч гэсэн аймгаас Улаанбаатар явуулахгүй эмчилдэг байя. Нэг иргэнээ сумаас аймаг руу явуулдаггүй байя гэдэг эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг дэмжиж байгаа санхүүжилтийн тогтолцоо юм.

-Ирэх оны төсөвт өвчний эрт илрүүлэгт 60 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ хөрөнгөөр ямар ажлууд хийх вэ?

-Өнгөрсөн хугацаанд эрт илрүүлгийн олон хөтөлбөр байсан. Даатгалаас зургаан төрлийн багц үйлчилгээгээр эрүүл мэндийн эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг хийж байгаа. Хамрагдалт нь 6-7 хон хувьтай байна. Яагаад энэ амжилтгүй байна вэ гэвэл хаа байсан хөдөөний хүн Улаанбаатар хотод ирж эрт илрүүлгийн үзлэгт орохгүй. Аймагт байгаа эмнэлэг нь эрт илрүүлгийн үзлэг хийх сонирхолгүй. Учир нь завгүй тоног төхөөрөмжтэй. Дандаа өвчтэй хүмүүсийг үзэж байхад юун эрт илрүүлгийг явуулах мантай. Нөгөөтэйгүүр санхүүгийн хувьд ашиггүй байна. Бага мөнгө тавьчихаар тэрийг хийх сонирхолтой хувийн эмнэлэг ч үнэндээ байхгүй. Манайх мөнгө төсөвлөхдөө амсуулах төдий тавьчихаар өгөөжөө өгдөггүй. Тэгвэл бид 2022 оны төсөвт эрт илрүүлэх үзлэгт 60 тэрбумтөгрөг тавьж байна. Тарифыг нь нэмээд зогсохгүй орон нутагт суурилсан эрт ирлүүлэх үзлэг хийнэ. Ингэхдээ эмнэлэгт суурилахгүй. Тусдаа эрүүл мэндмйн төвүүдээр дамжуулна. Нэг ёсондоо өвчтэй хүнтэй ажилладаггүй төвүүдэд эрт илрүүлэх тоног төхөөрөмжүүдийг сурилуулаад тэндээ үзлэг хийнэ. Иргэнийг дуудаж үзнэ. Дээрээс нь эргэн дуудах тогтолцоотой болно. Гар утсан дээр нь “Та 40 нас хүрлээ. Өнөө жил ходоодоо дурандуулна шүү” гэж урилга ирэх нь байна. Хаана очихыг нь ч тодорхой хэлнэ. Мессэж очсоноос хойш гурван сар өнгөрөхөд та үзүүлээгүй бол дахиад гар утсанд мессэж ирнэ. Гурав дахиа шаардана. Хэрэв ийм үзлэг хийж байхад ирж үзүүлэхгүй байсаар хорт хавдар илрээд оношлогдвол хамтын төлбөрөө төлөөрэй гэнэ. Арван саяын 2.5 саяыг төлөх нь байна. Иргэн өөрөө хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Энэ мэтчилэн тогтолцоогоо сайжруулахаар ажиллаж байна. Иргэн бүрээ эрт илрүүлэх үзлэгт оруулчихдаг, өвчнийг эрт үед нь оношилчихдог тогтолцоо руу орвол эдийн засгийн хувьд өгөөжтэй. Эрт оношилсон хүнийг бага зардлаар эмчилнэ. Эрт эмчлэгдсэн хүн хурдан ажилдаа орно. Хөдөлмөрийн чадвараа алдах нь бага. Хамгийн гол нь өвчин бүрэн эдгэрэх боломжтой.

-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн явцыг сонирхуулахгүй юу?

-Дэлхийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн цахим шилжилтийн төсөл хэрэгжиж эхэлж байгаад бүтэн жил гацсан. Ингээд Иноваци цахим бодлогын байнгын хорооноос “Энэ төслийг цааш нь яаж үргэлжлүүлэхэд гаргалгаа ол” гэсэн үүрэг даалгавар аваад ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ямартай ч бүтэн жилийн гацаанаас гараад Эрүүл мэндийн яам, Дэлхийн банктай холбоод төслийг үргэлжлүүлэх тал дээр ажил нь явсан. Ингээд 2022 оны зургадугаар сар гэхэд Монгол Улсын 3.3 сая иргэн өвчтөний гар карт нь цахимжина. E-Mon­golia цахим хуудсанд байдаг шиг тухайн иргэний вакцинд хамрагдсан эсэх мэдээллийг эмч нэг удаагийн нууц кодоор үздэг болно. Зузаан гар карт аваад явах шаардлагагүй. Эмч ажлын компьютерээсээ тухайн өвчтөн өмнө хаана ямар эмчид үзүүлж, ямар эмчилгээ хийлгэж байсан зэрэг бүгдийг харах боломжтой. Энэ том тогтолцоо руу шилжчихээр 3.3 сая иргэнээ баахан давтан шинжилгээ хийлгэдэг үргүй зардлаа болино. Өвчтөний талаарх мэдээллийг хурдан авч үзэх боломжтой болно гэсэн үг. Амь нас нь эрсэдсэн хүн ухаангүй байж байхад өвчний түүхийг нь үзэх боломжтой болно. Цахим шилжилт хийснээр эрүүл мэндийн салбарт асар том дэвшил гарна. Цахим картаар дүрс оношлогоог хүртэл үзэх боломжтой. Ийм том цахим шинэчлэл эрүүл мэндийн салбарт хийгдэж байна. Хурдлуулах гэж олон оролцогч байгууллагуудыг дуудаж, хэлэлцүүлэг хийж, гаргалгаа гаргаж, зөв голдиролд нь оруулж ажиллаж байна.

-Ковидод 2.4 их наяд төгрөг зарцууллаа. Чингис бондын санхүүжилтээс давсан хөрөнгийг цар тахалд зориулсан. Энэ хөрөнгөөр эрх мэдэлтнүүд өөрсдийн хамаарал бүхий хувийн эмнэлгүүдээ санхүүжүүллээ гэж байна?

-Чанарыг шалгах ёстой. Даатгалын ерөнхий газрын бас нэг том чиг үүрэг нь яг худлаа хэлсэн үү, жинхэнэ хүн эмчилсэн үү гэдгийг хянадаг. Тэрийг хянах тогтолцоо одоо гүйцэт бүрэн ажиллаж эхлээгүй байна. Үүнийг хиймэл оюун ухаанаар дамжуулаад хянах боломжтой. Цахим шилжилтийн давуу тал нь энэ. Жишээлбэл, эмнэлгүүдийн эмчилсэн хүний өвчний түүх, шинжилгээ зэрэг цахимд ороод ирэхээр эрүүл мэндийн даатгалаас тэр хүний өмнөөс мөнгө нэхэмжилнэ. Ингэхдээ тухайн эмчлүүлсэн иргэний нэр нь нэхэмжлэлтэй хамт ирнэ. Хиймэл оюун ухаан нэр, регистр нь таарч байна уу гээд, паспортын хэсгийг шууд шалгана шүү дээ. Дээрээс нь энэ хүн хүнд гэсэн бол цээжний рентген зураг авсан байх ёстой. Тэр хүн ковидынхоо шалтгаанаар хатгаа болсон байж хүнд өвчтөндөө хамаарна. Хатгаагүй хүнийг хүнд гэхгүй. Энэ бүх мэдээллүүд байвал зөв эмчилсэн байна, мөнгийг нь өгье гээд хиймэл оюун ухаан эхний шалгуурыг хийж байх ёстой. Тэр цахим мэдээлэл бүгд нэг дор ирэнгүүт хүн болгоныг шалгах боломжтой. Хувийн эмнэлгүүд худлаа хэлж, хулгай хийж л байгаа бол эрхийг нь хасах ёстой. Ахиж санхүүжилт авах боломж нь хаагдана.

Хөнгөлөлттэй эмэн дээр сар бүр таван тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Хурууны хээгээр уншуулаад эм олгоод эхлэнгүүт дөрвөн тэрбум болоод буурчихаж байгаа юм. Ковид гараад хурууны хээг нь уншихгүй гэсэн чинь таван тэрбум нь нэмэгдсэн. Тэгэхээр аль нэг газар хулгай хийгээд байгаа биз. Цахимд шилжиж чадаагүйн алдаа энэ. Хулгай хийдэг тогтолцооноос гарахын тулд цахим шилжилт чухал.

-Ковидын түр хуулийн хэрэгжилтэд та ямар дүгнэлттэй байна вэ. Энэ хууль хэрэг болж чадсан уу?

-Энэ хууль үүргээ биелүүлчихсэн. Одоо дахиж сунгах хэрэггүй, болно. Хямралын үеийн менежментийг хийхийн тулд зайлшгүй түр хууль хэрэгтэй байсан. Тэгж байж мөнгө төгрөг төсвөө зөв хуваарилах шаардлагатай байлаа. Долдугаар сард төсвийн тодотгол хийхдээ зөвхөн эрүүл мэндийн салбарт 730 тэрбум төгрөгийг тусгасан. Тэрнээс бусад салбаруудад юу ч нэмээгүй. Цар тахлын үед хөрөнгө санхүүг зөв чиглүүлэхэд энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Ковидын эмчилгээний зардлаас гадна Монгол Улсад дутагдалтай байсан эрчимт эмчилгээг хөгжүүлж чадсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас эрчим эмчилгээний ор, монитор, амьсгалын аппаратаар хангасан. Монгол Улс эрчимт эмчилгээний 1000 ор дэлгэх чадваргүй байсан. Нэг ор гэхэд мянган ам.долларын үнэтэй. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд 3-5 амьсгалын аппараттай боллоо. Сумдад ч байна. Энэ том амжилт. Бид яаж эрчимт эмчилгээг хөгжүүлэх үү гэж толгой өвддөг байсан. Хуучин ямар ч санхүүжилт өгдөггүй байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.3 сая төгрөгийг эрчимт эмчилгээнд өгдөг боллоо. Тэгэхээр зөв шийдвэр салбарын хөгжилд ямар эргэлт авчирдгийг эндээс харж болно.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин туулай өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 15, Сумъяа гариг. Билгийн тооллын 11, Могойг хүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7:58 цагт мандан, 17:15 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хйилгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “МАН Ардчилсан намынхнаас илүү найдвар төрүүлэх юм” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Үндсэн хууль
тогтоогчдын нэг, иргэн Д.Ламжав “Өөрчлөлтийг бусад
механизмтай уялдуулахгүй өрөөсгөл
байдлаар хийвэл Үндсэн хуулиа
оршуулах аюултай” гэснийг “Улс төр”
нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Хаан банкны хувьцааны
“хэрүүлийн алим”-ны ард хэний
эрх ашиг хөндөгдөөд байна вэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН Ардчилсан намынхнаас
илүү найдвар төрүүлэх юм” хэмээн өгүүллээ

Ардын багш цол хүртсэн
Монгол Улсын Боловсролын
их сургуулийн Боловсролын
суурь судалгааны төвийн
эрхлэгч, гавьяат багш,
академич Б.Жадамбаа “Өдөр бүр шавиа сургах гэж
оролдохдоо өөрөө сурч байдаг” хэмээснийг “Ардын цолтон” нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Засгийн газрын долоон удаа өөрчилсөн журам
иргэдийг чирэгдүүлсэн” хэмээв.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа “Мөсөн өргөө”-гөөс сурвалжиллаа. р “Степпа
арена” ХХК-ийн гүйцэтгэх
захирал Н.Батмөнх “Цагийн үнэлгээ бол
манайд хямдхан л байгаа” гэлээ.

Сүхбаатар дүүргийн ИТХын дарга Б.Энхболд “Төрийн албаны тухай
хуульд оруулж байгаа нэмэлт
өөрчлөлтөөр мерит зарчмаа
устгахаар байна” хэмээн IV нүүрт ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ болов

“Мартаж болохгүй” аяны хүрээнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ боллоо.

Нэгдсэн арга хэмжээг НОБГ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, 15,17 дугаар хороодын Засаг дарга, түүний ажлын алба, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран зохион байгуулна.

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, анхааруулга өгч ажиллах юм.

Мөн иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтыг таниулж, ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл, зөвлөмж өгнө.

Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороонд 4,125 айл өрхийн 12,000 гаруй иргэн амьдардаг. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн галлагаа ихсэж, иргэд гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд орон нутаг хэрхэн оролцох талаар хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар Төрийн ордонд хэлэлцэж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”, “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”,”Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг сэдвээр ярилцах юм.

Засаг дарга нар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг мод тарьж ургуулахад зарцуулах, агро-ойг хөгжүүлж, дүүрэг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн бодлогыг мод тарьж ургуулахтай нягт холбох нь зүйтэй гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, ялангуяа иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг тодотголоо.

Тухайн орон нутаг мод үржүүлгийн зориулалтаар ашиглах газрыг давуу байдлаар олгох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөв цөөрөм байгуулах зэргээр усны нөөц бүрдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрөөс олсон орлогыг зориулалтын дагуу зөв төлөвлөж, зарцуулах зэрэг шаардлага тулгарч байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв.

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болно. Чуулганаар:

  • Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;
  • Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;
  • Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;
  • Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;
  • Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр ярилцах юм.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-14-ний өдөр болсон салбар хуралдаануудаас гаргасан зөвлөмжийг хэлэлцэн, нэгдсэн зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Зориудаар ойжуулахад тохиромжтой талбайг зайнаас тандах аргазүйн судалгааг хийжээ

Цөлжилт, газрын доройтлыг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн билээ. Монгол Улсын хэмжээнд 1.8 сая га талбай бүхий ой доройтоод байна. Үүний 1.5 сая га нь байгалийн сэргэн ургах чадвараараа ургаж, 300 мянган га талбайг зориудаар ойжуулах шаардлага тулгарч байна. Хэнтий, Завхан, Дорнод аймагт ойн доройтол хамгийн эрчимтэй явагдсан. Иймээс 300 мянган га талбайд зориудаар ойжуулалт хийхээс гадна говь, хээрийн бүсийн 290 мянган га талбайд хамгаалалтын ойн зурвас хийж, ойжуулахаар төлөвлөж байгаа. Ингэхдээ булаг, шанд усны эхийг хамгаалах ажлыг хийнэ. Мөн нэг га-д ойжуулалт хийх нормативыг шинэчлэн баталж, 2-3 дахин нэмэгдүүлсэн гэдгийг БОАЖЯ-ны ойн бодлогын газрын дарга мэдэгджээ

МУ-ын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон дурьдвал ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах, нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20%-иар бууруулах, 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ

Эдгээр үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын санал санаачилгаас үүдэн Монгол орны хэмжээнд ой мод тарих, ургуулах асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн энэ үед зориудаар ойжуулахад тохиромжтой талбайг зайнаас тандах судлал (ЗТС) ба газарзүйн мэдээллийн системийг (ГМС) ашиглан тодорхойлох аргазүйн судалгааг хийлээ. Энэхүү судалгааны зорилго нь ЗТС ба ГМС-ийг ашиглан зориудаар ойжуулах боломжтой нутаг дэвсгэрийн байршлыг оновчтой сонгох, төлөвлөхөд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад тус болох аргачлал боловсруулахад оршино. Судалгааны талбайгаар Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын зарим хэсэг болон нийслэлийн Налайх дүүргийн хэсэг нутаг дэвсгэр багтсан Туул голын эх бүрэлдэх, зарим цутгал голууд багтсан 272,845 га талбайг сонгон авлаа. Галттай, Дэлгэр, Бугат, Дунд ботгот, Зүүн ботгот, Мухарт, Халзан ботгот, Зүүн Баян, Баруун Баян, Тэрэлж зэрэг том жижиг олон голууд Туул гол руу цутгаж ус хураах талбайг нэмэгдүүлж байдаг. 1940 оноос эхлэн Туул голын ай савд мод эхээр огтолсон, түймэрт өртсөн, хортон шавжинд нэрвэгдсний улмаас ойн нөөц доройтол, хомсдолд хүрсэн байна. Зураг 1-д судалгааны талбайн байршлын үзүүлэв. Эдгээр шалтгаанаас хамаарч Туул голын гадаргын урсац багасаж, зарим жилд хаврын улирал тасрах үзэгдэл ажиглагдах болсон. Туул голын ай савд нэн тэргүүнд ойжуулах шаардлагатай 200 гаруй га газар хуримтлагдаад байна. Иймд энэ талбайг судлаж нөхөн сэргээх, шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, эн тэргүүнд тулгамдсан асуудал болоод байна


Судалгаанд оптикийн Sentinel 2A хиймэл дагуулын 2020 оны 9-р сарын 26 болон синтетик апертурт радарын (САР)-ын Sentinel 1В дагуулын 2020 оны 5-р сарын 4-ны мэдээ болон Төв аймгийн Эрдэнэ сумын ойн зохион байгуулалтын материал [6], ГМС-д хадгалагдаж буй зарим орон зайн давхрагуудыг ашиглав. Оптикийн мэдээг газрын бүрхэвч болон ойн төрөл зүйлийн ангилалд, САР-ын мэдээг ашиглан орон зайн өндөр нарийвчлалтай өндрийн тоон загвар (ӨТЗ) гарган авч ашиглав. Мөн Landsat цуврал хиймэл дагуулуудын 1990, 2000, 2010, 2019 онуудын ба Sentinel 2A хиймэл дагуулын 2020 оны мэдээг газрын бүрхэвчийн ангилалд ашигласан болно.

Доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах талбайг тодорхойлох аргачлал боловсруулах энэхүү судалгаанд Ц.Дашзэвэгийн ойг нөхөн сэргээх, ойжуулах үндэслэлийн дагуу [3] морфометрийн буюу хотгор, гүдгэрийн хүчин зүйлс (гадаргын өндөр, хэвгий, зүг зовхис) болон ойн өөрчлөлт, ой, хээрийн түймрийн эрсдэл, газрын бүрхэвч, уур амьсгал, хөрсний чийг дулааны хангамж, хөрсний хэв шинж зэрэг хүчин зүйлсийг авч үзсэн болно. Гадаргын өндөр, хэвгий, зүг зовхисын зургуудыг гарган авахын тулд өндрийн тоон загвар (ӨТЗ) ашиглав. Судлаач Э.Нямжаргал нарын Sentinel 1B хиймэл дагуулын САР-ын мэдээг ашиглан ӨТЗ-ыг гарган авах аргачлалыг ашигласан болно

Энэхүү судалгаанд шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон бөгөөд тодорхой үр дүнгүүдийг гарган авлаа. Судалгааны талбай нь далайн түвшнээс дээш 1376-2368м-т оршиж байна. САР-ын мэдээ ашиглан гарган авсан ӨТЗ-ын орон зайн шийд 10м. Зураг 2-т өндөржилтийг харуулав. ӨТЗ-ыг ашиглан гарган авсан налуу, хэвгий болон зүг зовхисын зургийг Зураг 3, 4-т үзүүлэв.


Монгол орны ой ургамалжилтийн мужлалаар Өвөр байгалийн ой ургамалжилтийн мужийн Зүүн Хэнтийн хошуунд хамаарагдана (Цэдэндаш, 1996). Монгол орны ойжуулалт, ойг нөхөн сэргээх мужлалаар Өвөр байгалийн ой ургамалжилт, ойжуулалт, ойг нөхөн сэргээх мужид хамаарагдана. Энэхүү мужид ойн түймэр, нилэнхүй огтлолтын дараа хусан ой ургах бөгөөд зориудаар нөхөн сэргээх шаардлагатай. Үндсэн төрлийн шилмүүст ойн талбайд орлон ургасан хусан ойг хэсэг бүлгээр, эсвэл нарийн зурвасаар нэлэнхүйд нь огтолж, үндсэн төрлийн ойг зориудаар нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн байна.



Газрын бүрхэвч: Landsat 8 хиймэл дагуулын 2019 оны 9-р сарын 26-ны оптикийн мэдээг газрын бүрхэвчийн ангилалд ашиглав. Туслах векторын машин сургалтын аргаар ангилал хийн газрын бүрхэвчийн зургийг гарган авлаа. Газрын бүрхэвчийг ангилахын тулд нийт 20247 пикселийг сигнатур болгон сонгон авсан бөгөөд ангиллын нийт нарийвчлал 91.29% байв.

Ойн талбайн өөрчлөлт: Эхлээд ойн бүрхэвчийн талбайг олон цаг улирлын сансрын мэдээ ашиглан гаргалаа Зайнаас тандсан олон цаг улирлын сансрын мэдээ ашиглан ойн бүрхэвчийн талбайн өөрчлөлтөөс үзэхэд 1990-2019 оны хооронд тогтмол буурсан бөгөөд нийт талбай 87.3801 км2-р хорогдсон байна. Зураг 5-д 1990-2019 оны ойн талбайн өөрчлөлтийг харуулав.


Доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах талбайг тодорхойлоход дээрх шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон бөгөөд шаталсан дүн шинжилгээний аргаар нэгдсэн үр дүнг гарган авлаа. Судалгааны талбайг нэн тохиромжтой, тохиромжтой, тохиромжгүй, нэн тохиромжгүй гэж 4 ангилан зураглалаа. Мөн ойн зохион байгуулалтын материалаас ойжих болон ойжуулсан талбайг давхцуулан харахад ихэнх талбай нь нэн тохиромжтой ангилалд тохирч байлаа.

Орчин үед ГМС ба агаар сансрын түвшнээс зайнаас тандсан мэдээг төрөл бүрийн сэдэвчилсэн судалгаанд өргөнөөр ашигласаар байгаа бөгөөд хиймэл оюун болон зүйлсийн интернет (IoT) зэрэг ахисан түвшний технологиудыг орон зайн дүн шинжилгээ, хэрэглээнд эрчимтэй ашиглаж байна. Олон эх сурвалжийн янз бүрийн өгөгдөл, мэдээ, судалгааны дүн болон өндөр түвшний технологиудыг экологийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээр ашиглах болсон. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах бэлчээр, ус, ой, хөдөө аж ахуйн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд ашиглаж байна.

Энэхүү судалгаагаар ЗТС ба ГМС-ийг ашиглан нөхөн сэргээлт хийх, ойжуулах талбайг сонгох, байршлыг нь тогтоох, зураглал боловсруулах боломжтой юм гэж дүгнэлээ.

Мөн түүнчлэн энэхүү аргын дагуу тодорхой бүс нутгийн (аймаг, сум, нийслэл) түвшинд зориудаар ойжуулахад тохиромжтой байдлын нэгдсэн үнэлгээг хийх боломжтой юм гэж үзлээ. Энэхүү судалгааны үр дүн болох боловсруулсан аргачлал нь доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах талбайг сонгох, төлөвлөхөд шийдвэр гаргагч болон судлаачдад тус болох юм. Энэхүү судалгаа нь ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн “Монгол орны газарзүй, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний бүтээлд бүрэн эхээрээ хэвлэгдэхээр
хяналтын шатанд явж байгаа болно.


ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн