Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймгийн бэлчээрийн даац 3 дахин хэтэрчээ

Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн болж байна.

Дундговь аймгийн хувьд бэлчээр даацаасаа 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна.


Зөвлөгөөний нээлтийн үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84,2 хувьтай байгааг дуулгаад энэ жил нийт 169,7 мянган малчид өрхөд 67,8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8,4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр “УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.


Зөвлөгөөний үеэр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулга, “Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт”, “Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого”, “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт”, “Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүд”, “Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанар сайжруулах тухай”, “Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцож байна.


Өнөөдрийн зөвлөгөөний гол онцлог нь бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх талаар төр, салбар яам, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, малчид хамтран санал солилцож, зөвлөлдөж байгаа нь юм.


Дундговь аймгийн хувьд бэлчээр даацаасаа 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна. Цаашид энэ судалгааны дүнд үндэслэн дунд, урт хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. Нөгөө талаар, Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хөрөнгө эргээд малчдад зарцуулагдах учир малчид татвараа идэвхтэй төлж байгааг тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал хэлсэн юм.

Categories
мэдээ утга-зоxиол

“Яруу үдэш-2021” шинэ шүлгийн уншлага энэ сарын 20-нд болно

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд “Яруу үдэш-2021” шинэ шүлгийн уншлага 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цагаас “Novotel”-ийн “Ballroom”-д болно.

Уран зохиолын боловсрол төвөөс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү шинэ шүлгийн уншлагад

Агуулга, хэлбэрийн шинэлэг эрэлхийлэл бүхий яруу найргийн бүтээлүүдийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх “Яруу үдэш-2021” шинэ шүлгийн уншлагаар олон нийтийн урлагийн боловсрол, тэр дундаа уран зохиолын боловсролын түвшинг дээшлүүлэх, урлаг хоорондын уялдаа холбоог сайжруулах, яруу найргийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн сацуу дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү үед нийгмийн сэтгэл зүйг дэмжиж, иргэдийн урам зоригийг сэргээн хөгжүүлэх зорилготой юм байна.

Шинэ шүлгийн уншлагын оролцогч яруу найрагчдын уран бүтээлийн дээж болох шилмэл шүлгийн түүвэр хэвлэгдэж уншигчдын хүртээл болохоос гадна тэдний бүтээл туурвилыг гарын үсгийг нь бичүүлэн авах боломжтой аж.

Categories
мэдээ спорт

Г.Пүрэв-Очирыг “Алтан од” одонгоор шагнав

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очирын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.
Шагналыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал нар гардуулж өгөв.
Энэ үеэр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Пүрэв-Очир бид хоёр нэгнийгээ эртнээс мэднэ. Пүрэв-Очир маань улсын цолтой мундаг бөхөөс гадна олон сайн шавь нар төрүүлэн гаргасан гавьяат дасгалжуулагч. Нэгэн үе БТСУХ-г удирдаж байлаа. Энэ үедээ спортын салбарын хуулийг боловсруулж батлуулсан нь түүний хамгийн том гавьяа. Хуультай болсноор Монголын спорт цэцэглэн хөгжих үндэс суурь тавигдсан юм.
Мөн олон жилийн турш МҮОХ-ны гишүүн байсан. Гүйцэтгэх зөвлөлд байхдаа арын албаны маш олон ажлыг амжуулдаг байлаа. Ийм сайхан хүндтэй хүндээ эрхэм дээд шагналаа гардуулах болсондоо баяртай байна” гэв.
Categories
мэдээ нийгэм

Зайнаас тандах технологи ашиглан ой, хээрийн түймэр унтраах дадлага хийжээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Ой, хээрийн түймрийг орон зайн мэдээллийн технологи ашиглан эрт илрүүлэх боломж” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.

Зайнаас тандах технологи ашиглан анх удаагаа зохион байгуулагдсан тус дадлага сургуулийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон Мандал сумын Засаг даргын Тамгын газартай хамтран явуулсан юм.

Дадлага сургуулиар 1,2 га талбайд түймрийн унтраах үеийн алба хаагчдын энерги зарцуулалт, өвсний чийгсэл, салхины хурд, цаг хугацааны хэмжилтийг хийж, хүч хэрэгслийг урьдчилан тооцоолох онолыг практикт туршсанаараа ач холбогдолтой байлаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Бөхчүүд цол, чимгээ гардлаа

Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нар оролцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давсан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын БатсуурьтУлсын Даян аварга” цол,
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 8 давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Улсын харцага Мягмарын Бадарчид “Улсын гарьд” цол,
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол,
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улсын заан” цол,
  5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол,
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 44 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол,
  7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол,
  8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол,
  9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус тус олголоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, цолны чимгийг баяр наадмыг зохион байгуулах хороо олгодог юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэр”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг тус тус олгов.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УБТЗ-ын 47.3 тэрбум төгрөгийн өрийг 2025 он хүртэл Улсын төсвөөс төлөхийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Манай улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндхэн байсан. 1990-ээд оны үед Японы Засгийн газар гараа сунгаж 1-2.6 хувийн үндсэн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй төмөр замыг сэргээн сайжруулах МонПи1, МонПи2 төслийг үе шаттай хэрэгжүүлсэн. Уг төсөл “Улаанбаатар төмөр зам”-ын техник технологийн дэвшил төдийгүй тухайн үед Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулсныг бид мэднэ. Засгийн газар уг зээлийг авсны дараа 2000 онд Сангийн яам “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа зээлийн хүү 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа 25 жил болгосон байдаг. Гэхдээ төрөөс төмөр замыг дэмжин харж үзсэн оновчтой шийдвэр байсан. МонПи1, МонПи2 төсөл нь 7.9 тэрбум иень буюу төслөөр авсан серийн зүтгүүр тухайн үедээ түлшний зарцуулалт 20-30 хувь, тос маслын зарцуулалт 18 дахин бага байсан нь Багануур-Улаанбаатар хооронд нүүрс тээвэрлэлтийн 80 орчим хувийг ДАШТ болон серийн хоёр зүтгүүрээр гүйцэтгэсэн байдаг. Мөн ачаа болон зорчигчийн вагон худалдан авсан хэмнэлтийн зөрүүнээс 18 сая ам.доллараар 1400 км урттай шилэн кабелийг төмөр замын шугамын дагуу суурилуулсан нь манай улсад интернэтийн сүлжээний үйлчилгээг бий болгосон анхдагч нь байсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 2000-2014 онд нийт 48 төгрөгтэй дүйцэх иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан. 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл болон түүний хүүгийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон. УИХ-ын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, алдангийн хүүгийн нийт дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлогдсон дизелийн түлшний онцгой албан татвар төлөгдсөн 73.8 тэрбумыг суутган тооцсон ч одоогоор 131 тэрбумын үлдэгдэл байна.

Монгол Оросын Засгийн газрын 1949 онд онд байгуулсан олон улсын хэлэлцээрээр дизелийн түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан. Гэвч зээлийн үндсэн дүнгээс тооцон төлбөрийг барагдуулсан. Хэлэлцэх эсэхийг шийдэх эсэх УИХ-ын тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7 тэрбумаар, Оросын талын хувь хэмжээг мөн 83.7 тэрбумаар тус тус нэмэгдүүлэх асуудлаар хэлцэл хийх, үлдэгдэл 47.3 тэрбумыг улсын төсөвт 2021-2025 онд төвлөрүүлэхээртусгасан болно. ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсны эцэст Монгол Улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МонПи1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон” хэмээн тогтоолын төслийг танилцууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хот 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, Төсвийн хороо хуралдлаа. Хурлаар Монгол Улсын Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор төсвийн шинэ харилцааны талаар болон нийслэлийн халамжийн салбарын зохион байгуулалт, санхүүгийн нөхцөл байдлын мэдээлэл сонссон юм. Мөн нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлахаар батлагдсан эд хөрөнгийн өнөөгийн ажлын явц болон нийслэлийн өмчөөс хасагдсан, шилжүүлсэн, нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгө, барилга байгууламжийн тайлантай танилцаж, хэлэлцлээ.

Нийслэл хот энэ оны 11 дүгээр сарын байдлаар 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 60 нэр төрлийн барилга байгууламж, 140 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэн авчээ. Харин 22.5 тэрбум төгрөгийн барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, бусад эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчөөс хассан байна. Мөн 8.29 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлжээ.

Хурлын төгсгөлд Хурлын Эдийн засаг, Төсвийн хорооны дарга, Тэргүүлэгч М.Халиунбат “Эдийн засаг, Төсвийн хорооны 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдэж дуусаж байна. Хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөнд нийслэлийн өмчийн харилцаа, өмчийн ашиглалттай холбоотой ажлуудыг тусгах саналтай байна” гэв. Мөн хорооны гишүүдэд 2022 онд хийгдэх төлөвлөгөөт ажлуудад саналаа өгөхийг сануулав. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томуугийн ханиадтай 16 хүртэлх насны 1582 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч, Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч, АУ-ны магистр О.Солонго мэдээллээ.

Энэ оны аравдугаар сарын 25-31-ний хооронд улсын хэмжээнд амбулториор үйлчлүүлэгчдийн дунд томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд 21 (УБ-т 9,8%, аймгийн дундаж 30,6%) тохиолдол, 16 хүртэлх насны 1582 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 25,6 хувь нь буюу 405 нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байгаа нь улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжилийн түвшинд байна.

Өвчлөгсдийн дотор 58,6 хувийг 15 хүртэлх насных, үүн дотроо 37,9 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5,6 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрээнд халдварын тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол авто замын тээврийг энэ сарын 27-ноос нээнэ

Замын-Үүд-Эрээн боомтын авто замын тээврийг 11 дүгээр сарын 27-ноос эхлүүлж магадгүй байна.

“Сүүлийн долоо хоногийн хугацаанд Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Цаашид 20 хоног халдвар бүртгэгдэхгүй бол авто замын тээврийн эхлүүлэхээр байгаа”-г Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээллээ.

Харин Гашуунсухайт-Ганцмод боомтоор лхагва гарагийн байдлаар нүүрс тээврийн 600 орчим автомашин гарсан талаар Сангийн сайд мэдээлэв.

Тээврийн хэрэгслүүдийг бөмбөлгийн зохион байгуулалтад оруулах журам батлагдсан байна. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр тээвэрлэлтийн явц цэгцэрч, хэвийн горимд орж эхэлжээ. Үүний дүнд сүүлийн 3-4 хоногт тогтмол 400-500 тээврийн хэрэгслээр нүүрс гарчээ. Цаашид тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагаа тогтворжвол нүүрс тээврийн автомашины тоог үе шаттай нэмэх боломж үүснэ гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх нот бичиг явуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байгааг Сангийн сайд мэдээллээ.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төмөр замаар тээсэн ачаа өмнөх сараас 80.9 мянган тонноор өсөв

Төмөр замын тээврээр 2021 оны эхний арван сард 26.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 (7.1 хувь) сая тонноор өсжээ.

Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд дотоодод тээсэн ачаа 1.2 (13.7 хувь) сая тонн, импортын ачаа 310.4 (12.7 хувь) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2021 оны аравдугаар сард 2.8 сая тонн болж, өмнөх сараас 80.9 (3.0 хувь) мянган тонноор өсжээ.

Агаарын тээвэр Агаарын тээврээр тээсэн ачаа 2021 оны эхний арвансард 3.9 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 1.7 (78.4 хувь) мянган тонноор өссөн байна.

Агаарын тээврээр 2021 оны эхний 10 сард дотоодод 51.5 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 41.6 (44.7 хувь) тонноор буурсан байна.

Харин олон улсад тээсэн ачаа 3.8 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.7 (83.9 хувь) мянган тонноор өссөн байна. Агаарын тээврээр тээсэн ачаа 2021 оны аравдугаар сард 564.4 тонн болж, өмнөх сараас 114.7 (25.5 хувь) тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд олон улсад тээсэн ачаа 118.9 (27.7 хувь) тонноор өссөн нь нөлөөлсөн байна