Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Одбаяр: Чи энд үхэж гай болох нь, гэртээ очоод хоолоо идээд байж бай. Удахгүй ялыг чинь уншина гээд л явуулчихлаа


“No double standart” хөдөлгөөнийг зохион байгуулагч Э.Одбаяртай ярилцлаа. Тэрээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа 20 гаруй хоногийн турш өлсгөлөн зарласан. Шүүхээс түүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөн, эмчилгээ-гэр-хуулийн байгууллага гэсэн маршрутаар гаргаад байгаа юм.


-Биеийн байдал ямар байна. Ямар эмчилгээ хийлгэж байна вэ?

-Олон хоногийн турш өлсгөлөн зарлахаар бие хордлогод орчихдог юм байна. Бөөр, цөс, дотор эрхтэний үйл ажиллагаа өөрчлөлтөд орсон байна.

Өлсгөлөнгийн үед тусгаарлалтын камерт оруулчихаад нарлах, усанд орох гэх мэт бусад боломжийг хязгаарладаг юм байна.

Хорих ангийн эмч өдөр бүр хяналт тавьж байсан. Дотроосоо хордсон, 12 орчим кг жин хассан байдалтай л гарч ирлээ. Тиймээс хордлого тайлах болон бөөр, бусад эрхтэнийг нөхөн сэргээх эмчилгээнд орж байна.

-Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан залуус нэг л өдөр ачигдаад явчихсан. Хорих ангид өлсгөлөн зарласан. Тэндээс гарах гэсэндээ биш “No dou­ble standart”-ыг шаардсан шаардлагаа үргэлжлүүлж байна гэж дуулсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үгээ хэлээд, үзэл бодлоо илэрхийлээд тайван замаар жагсаал цуглаан хийснийхээ төлөө янз бүрийн зохиомол хэрэгт гүтгэгдэж, дээрээс нь эрх чөлөөгөө хасуулна гэж төсөөлөөгүй.

Тэгж төсөөлөөгүй, тооцоолоогүй байхад эрх чөлөөг маань хязгаарлачихсан учраас арга буюу торны цаанаас өөрөөр үзэл бодлоо илэрхийлэхийн тулд хийж чадах зүйл маань тэр л байсан. Гэр орныхонтойгоо ч олигтой таван үг сольж болохгүй, гаднаас ямар ч мэдээлэлгүй бүтэн тусгаарлалтын байдалд орчихсон. Өнөөдөртэйгөө нийлээд 45 дахь өдрөө үргэлжилж байгаа “Double standart”-ын асуудлыг хөндөж, өлсгөлөнгийн замаар үзэл бодлоо илэрхийлж чадах байсан. Түүнээс биш намайг эндээс гаргаад өгөөч, суллаад өгөөч гэсэн агуулга байгаагүй. Хоёр удаа өлсгөлөн зарлахаар өгсөн мэдэгдэх хуудастаа энэ агуулгаа тодорхой бичсэн. Тэр ч утгаар “No double standart”-ыг 461 дүгээр ангиас үргэлжлүүлж байна гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөж байсан.

-Ямар үндэслэлээр баривчилсан юм бэ. Хорих ангиас Д.Монголхүүг булаагаад явчихсан гэв үү, Дорнодод болсон ноцтой ослыг ил болгосных гэв үү?

-Би анх Дорнод аймагт харамсалтайгаар машинд дайруулсан С гээд залуугийн асуудлаар шүгэл үлээж, олон нийтэд ил болгосон. Учир нь видео баримтыг ил болгож гаргаж байсан хүмүүс ямар нэгэн байдлаар дарамт шахалтад өртөж байснаас олон нийтэд хүрэх боломж нь хязгаарлагдмал байсан байдаг. Гэтэл тэр үйлдэлд маань МАН-аас гаргасан гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ингээд над дээр хууль бусаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гэрээс баривчилж байлаа.

-Өнгөрсөн долдугаар сард болсон үйл явдал, тийм үү?

-Тийм. Долдугаар сарын 31-нд. Тэр өдөр намайг баривчилсан даруйдаа өмгөөлөгчгүйгээр эрх зүйн туслалцаа авах боломжгүйгээр мэдүүлэг авна гэж байгаад ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Тайван гэх хүн өрөөндөө оруулж, сүрдүүлж заналхийлсэн. “Чи энэ видео баримтаа фэйсбүүк дээрээсээ устгаад, энэ баримтыг өгсөн хүнээ эх сурвалжаа ил болгочих юм бол чамд хэрэг үүсгэхгүй. Эндээс асуудалгүй гараад явна. Үгүй бол чамтай хатуу чанга гараар ярина” гэж хувийн байдлаар ярьсан. Би бол цагдаагийн байгууллагын удирдлагууд болон албан хаагчдыг хуулийн дагуу ажлаа хий, эх сурвалжаа би хамгаалах эрхтэй гээд татгалзсан. Тэндээс л асуудал эхэлсэн. Мөн нийслэлийн прокурорын н.Бадрал гэж хүн бий.

Ер нь өнгөрсөн хугацаанд болсон хууль бус баривчилгаа, хэрэг үүсгэж байгаа асуудал дээр нэг зүйлийг би тийм ч сайн анзаараагүй явснаа ойлгосон. Ялангуяа сая эрх чөлөөгөө хасуулсан асуудал дээр илүү тодорхой харлаа. Прокурорын байгууллага бол хүний эрхийг маш ноцтой зөрчдөг юм байна. Бид прокуроруудад итгэдэг байсан юм билээ. Хяналтын прокурор учраас энэ хэргүүд дээр хөндлөнгөөс хянаж байдаг байх гэж бодож байтал хэлмэгдүүлэлтийн махны машинаар оруулдаг, яллахад чиглэсэн бүх зааварчилгааг өгч ажилладаг гол хүн нь прокурор байдаг юм байна. н.Бадрал гэх прокурор намайг яллагдагчаар татах бүх ажлын даалгавар, чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчийг ажиллуулж байсан. Би уг нь оршин суугаа хаягтай, тэр хаяг дээрээ байнгын оршин суудаг. Хаашаа ч оргон зугтах шаардлагагүй. Дээр нь миний байгаа байршил олон нийтэд бараг л тодорхой байдаг. Өдөр бүр шахуу лайв хийж байдаг хүн. Ийм байхад над дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулаад, н.Бадрал прокурор бараг 3-4 удаа дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас ирүүлснээр миний эрхэд халдаж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Намайг барьж хорих шийдвэр, ялангуяа сая шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цагаар баривчлаад араас нь залгуулаад намайг оролцуулахгүй, ар гэрийнхэн, өмгөөлөгчид мэдэгдэхгүйгээр цагдан хорих 30 хоногийн шүүх хурлыг хийчихлээ. Үүн дээр хяналтын прокурор Бадрал орсон байгаа юм.

-Хуулийн байгууллага цагдан хорих тухай танд мэдэгдсэн гэж хэлсэн гэдэг шүү дээ?

-Тэр хүн надад шүүх хурлын товыг мэдэгдсэн гэж гөрдөж байгаа. Гэтэл яг тэр үед нь 461 дүгээр ангийн камерт хоригдоостой байсан. Ингэж хууль зөрчсөн үйлдэлд нь гомдол гаргаад, тэр гомдлыг маань хэлэлцсэн шүүх хурал дээр нөгөө прокурорынхоо хоолойг анх удаа сонссон. Шүүх хуралд би хорих ангиас онлайнаар орж байгаа шүү дээ. Тэгэхэд шууд худлаа гүтгэж байсан. Шүүгчийн өмнө “Надад шүүх хурлыг мэдэгдсэн” гэж. Прокурор бүхэлдээ ийм болчихсон юм уу, ийм нөхдүүдээ дээд хяналтын прокурор, Улсын ерөнхий прокурор нь хянадаггүй юм уу.

Прокурор дээр үнэхээр олон асуудал байдаг юм байна. Сая саатуулагдаж байхад 461 дүгээр ангид 18-25 насны залуус бараг 80-90 хувийг эзэлж байна. Тэнд хүмүүсийг хориод орхичихсон, мартчихдаг юм байна. Тэдний эрх маш ноцтой зөрчигдөж байна. Хүн гэм буруутай байж болно, гэм буруугаа тогтоолгох гэж байж болно. Гэхдээ тэнд хүний үндсэн суурь эрх хангагдаж байх ёстой. Тэнд хүний нэг цаг, нэг өдөр ямар урт удаан, ямар хүнд хэцүү нөхцөлд өнгөрдөг юм бэ. Гэтэл тэнд хэдэн сараар хоригдож байгаа, бүтэн жил болчихсон залуус байна. Асуудлыг нь шүүх шийдвэрлээгүй, прокурор нь мартчихсан. Өлсөж цангаж байж прокурор нь ирж байх жишээтэй. Ийм маш олон залуус эрүүл мэнд, амь насаа эрсдэлтэй байдалд оруулж байж асуудлаа шийдүүлэхээр хүсэлт гаргадаг. Бүх асуудал прокурортой холбоотой юм байна.

-Өмнөх асуудалдаа эргэн ороход анх танаас мэдүүлэг авахаар цагдаа дээр дуудсан гэдэг байх аа. Яагаад цагдан хорихоор болчихсон юм бэ?

-Тэр үед Дорнод аймагт болсон хэрэгтэй холбоотой асуудал дээр прокурорын тогтоолоор яллагдагчаар татчихсан байсан. Тэгэнгүүтээ прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан гээд Эрүүгийн цагдаагийн албанаас дуудаад авсан. Дуудсан цагт нь 15 минутын өмнө яваад очсон. Ороод уулзахад прокурорын тогтоолд өөрчлөлт орсон гэлээ. Намайг Дорнод аймагт болсон хэрэгтэй холбоотой видео баримтыг өөрийнх нь цахим хуудаст оруулахдаа байсан байршлыг тэд нар миний өмнөөс тогтоосон байсан. Сүхбаатар дүүргийн … хороо гээд манай гэрийн хаягийг зааж байх жишээтэй. Ингээд аравдугаар сарын 4-ний орой 461 дүгээр ангид болсон асуудалтай холбоотой яллагдагчаар татагдсан байхдаа гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийсэн гэдгээр цагдан хорьсон. Шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг хорингуутаа эрх зүйн туслалцаа авах боломж өгөөгүй.

-Цагдан хорихдоо цагдаа нар юу гэх юм?

-Уг нь би Эрүүгийн цагдаагийн албан дээр хоригддогийнхоо өглөө 09:45 цаг гэхэд очсон. Тэндээс намайг нэг минут ч холдуулаагүй, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах буюу саатуулчихсан. Хоргоогоод л байлгаад байсан. Та байж байгаарай, кофе уух уу, цай уух уу гээд л. Ийм байдлаар байсаар орой нь шүүхийн зөвшөөрөлгүй тогтоол үйлдээд л ачаад явсан. Тэнд жижүүрийн прокурор гэж нөхөр байдаг юм байна. Тэр хүн ажлын бус цагаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилгаа явуулж байгаа мөрдөгч нарын тогтоол дээр цохолт хийдэг гэнэ. Түүнийг сонирхоод асуухад, прокурор татгалзсан тохиолдол хэр байдаг вэ гэхэд ер нь тийм тохиолдол байдаггүй. Батлаад 48 цагаар явуулчихдаг гэж байсан. Тэгэхээр энд нөгөө Цагдаагийн ерөнхий газрын даргын хэлээд байгаа 1963 оны хуучирсан тогтолцоог санагалзаад байдаг. Гэтэл өнөөдөр ч гэсэн хүний эрхийг зөрчиж байгаа асуудал хангалттай хэмжээнд байхад 1963 он руу ухарна гэж байгаа нь цагдаа, прокурорын дарангуйлал манайд нэгэнт бий болчихсон юм байна. Дээрээс нь цагдаа нар прокуроруудынхаа гарт орчихож. Угтаа цагдаа, прокурор, шүүгч нар бүгд бие даасан үйл ажиллагаатай, өөр өөрийн гэсэн хуулийн зохицуулалттай, процедуртай алба.

-Тэгэхээр та 30 хоног хоригдохоор болсноо сүүлд мэджээ?

-Шүүх хурал нь болоод дууссаны дараа ар гэрийнхэн, өмгөөлөгчид маань намайг эрж хайгаад ирэхэд нь мэдсэн. “Чамайг 30 хоног хорихоор болчихож” гэсэн. Ийм л байдлаар асуудлыг шийддэг юм байна. Би бол олон нийтийн дунд идэвхтэй байгаа гэж өөрийгөө үзэж байгаа. Тийм боломж бололцоогоор хангагдаагүй маш олон иргэд тэнд маш хүнд нөхцөл байдалд эрхээ хамгаалж чадахгүй байгааг нүдээрээ харлаа. Тэр олон залуусыг тэнд хорьж, улсын зардал мөнгийг ч үрж байна. Хүний эрх чөлөөг ч хязгаарлаж байна. Хэрэг түвгийг нь шалгаж байгаа үр ашигтай ажиллагаа нь хаана нь байдаг юм, бүү мэд. Зүгээр л тэнд хүний алтан цаг, татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүйгээр үрж байна.

-Хэн, хэн очиж эргэж байв?

-Халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор өмгөөлөгч даваа гаригаас баасан гариг хүртэл өдөр бүр ирэх боломжтой юм байна. Гэр бүлийн хүн маань өдөр бүр ирж байсан ч долоо хоногт хоёр өдөр нь л мөрдөгч болон прокуророос зөвшөөрөл аваад орох эрхтэй. Гэхдээ мөрдөгч, прокуророос зөвшөөрөл авахаар очиж байгаа ар гэрийнхнийг нь үүдэндээ сахиулж, хүлээлгэх хүнд суртал гаргах зэрэг жижиг залхаан цээрлүүлэлтээс эхлээд маш их дарамт шахалт, хүнийг таагүй нөхцөл байдалд оруулдаг юм байна. Зарим зүйлийг би мэдэрч чадаагүй байх. Яагаад гэвэл олон нийтийн анхааралд байгаа учраас нөхдүүд зарим үйлдлээ хийж чадаагүй байх. Тэнд байгаа хүмүүсийн яриаг сонсож байхад хүний эрхийг маш ноцтой зөрчдөг асуудал яригдаж байсан.

-Тантай хамт үзэл бодлоо илэрхийлж байсан Д.Монголхүү ч мөн өлсгөлөн зарлаж эхэлсэн байна?

-Энэ асуудал үүссэнээс хойш гарч ирээд хамгийн эхний ярилцлагаа өгч байна. Ерөөс би Д.Монголхүүгийн талаар л ярья гэж бодсон юм. Түүнд маш их санаа зовж байна. Д.Монголхүү өнгөрсөн долоо хоногоос өлсгөлөн зарласан. Маш хүйтэн нөхцөлд байгаа. Яг одоо маш их даарч байгаа. Өлсөхөөсөө илүү даарч, ханиад авах хүнд нөхцөлд байгаа. Тасалгааны температур зэрэг өлсгөлөн зарлах боломжоор нь хангах талаар хорих ангийн удирдлагууд анхаараасай гэж хүсмээр байна. Цагдаа нар удаа дараа Д.Монголхүүгийн эрүүл мэндэд халдаж, өмнө нь авсан бэртэл гэмтлийг сэдрээсэн. Түүнээс биш Д.Монголхүү бусдын биед халдсан явдал байхгүй, харин ч эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохирчихсон байгаа хүн.

Тэрээр өөрөө бол “No dou­ble standart” гээд иргэдийн хөдөлгөөн, хөндөж байгаа асуудлынхаа байр суурин дээр ямар ч эргэлзээгүйгээр хатуу байгаа. Д.Монголхүү бид хоёрт ялангуяа зохиомол хэргийг үүсгэж байгаа нөхдийн зүгээс хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх санал, тулгалтууд удаа дараа ирсэн. Ирсээр ч байгаа. Энэ нь гэм бурууг хүлээн зөвшөөрөөд торгуулаад салах гэнэ. Үүн дээр бид хоёр хатуу байр суурийг илэрхийлсээр ирсэн. Ингэж шийдүүлэхгүй, бүх зүйлийг ном журмаар нь шийдүүлнэ гэж. Энэ асуудалд нэр холбогдсон долоо, найман залуус бий. Ямар ч гэм буруутай зүйл хийгээгүй байж яагаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг санал болгож, юу руу биднийг түлхээд байгаа юм. Нийгэмд биднийг юу гэж ойлгуулах гээд байна вэ. Ерөөс хэлмэгдүүлэлт ийм технологиор явдаг юм байна. Орчин үеийн аргачлал нь ийм нарийн болчихсон юм байна.

Д.Монголхүү даарч хөрөхөөс гадна гэнэтийн өвдөлтүүд өгч байсныг би тэнд байхдаа харсан. Ковидтой холбоотой 14 хоногийн тусгаарлалт гэж байдаг юм билээ. Тэр нь дуусаад би өлсгөлөнгийн тусгаарлалтад байхад манай давхрын нөгөө жигүүрт Д.Монголхүүг орж ирлээ гэсэн мэдээллийг авсан. Жижиг цонхоороо чанга дуугаар орилбол нэг нэгнийгээ байна гэдгийг мэдэх боломжтой байсан.

-Ярилцаж чадав уу, та хоёр. Д.Монголхүү юу гэж байв?

-Хэдэн үг сольж амжсан. Гэхдээ дотоод журмаараа хориотой. Эхлээд “Ахлагч аа” гээд таньдаг хоолойн өнгөөр нэг хүн орилсон. Тэгэнгүүт “Монгол уу?” гээд орилтол өөдөөс “Одко юу. Бие өвдөөд байна аа. Эмч дуудах хэрэгтэй байна” гэсэн. Би ч ахлагчийг дуудаад эмч ирж, тусламж үзүүлэх шиг болсон. Дараа нь сонсоход эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа юм билээ. Дээрээс нь эгэмийг нь гэмтээсэн, сэтгэл зүй ямар байгаа нь ойлгомжтой. Тэр зүйлүүдээс болоод Д.Монголхүүгийн хувьд асуудал хүнд байгааг мэдэж байна. Тиймээс маш их санаа зовж байна. Үнэхээр дуугүй байх боломжгүй байна. Эмнэлгийн орон дээрээс Д.Монголхүүг суллахыг шаардаж байна. Ээж нь ардчилсан хувьсгал өрнөхөд идэвх гаргаж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл байдаг. Тэр хүний сэтгэл санаа маш хүнд байгааг сошиал сүлжээндээ байр сууриа илэрхийлснийг нь хараад сэтгэл өвдөж байлаа. Хүүгийнхээ үзэл санаагаар бахархаж байгаа ч эрүүл мэнд, байгаа нөхцөл байдалд нь маш их санаа зовж байна гэдгээ илэрхийлсэн байсан.

-Та эрх чөлөөтэй болсон ч хэрэгт яллагдагчаар татагдсан хэвээр байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг санал болгож байгаа юм байна. Та ямар байр суурьтай байна?

-Өнөөдөр ямар ч эрх чөлөө байхгүй. Болж байгаа энэ үйл явдал дунд ямар ч эрх чөлөөний асуудал байхгүй. Ялангуяа миний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь хүний эрхийг хангаж байгаадаа биш. Миний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө эмнэлгийн байгууллага, эсвэл тухайн хэрэг явдалтай холбоотойгоор хууль цагдаагийн байгууллагаар очиж болно, эсвэл гэртээ байна гэдэг маршрутыг заасан. Эндээс нэг зүйлд гайхаж байна. Би ажлаа яах вэ. Бүтэн сар ажлаа хийгээгүй, шоронд хоригдсон. Хүн чинь ажил хийж амь зууна шүү дээ. Би гэр бүлтэй, хүүхдүүдтэй хүн. Гэтэл энэхүү хязгаарлалт дотор яагаад ажил маань байхгүй байна вэ. Би юугаар амь зуух вэ. Надад хэн ч май гээд мөнгө өгөхгүй. Бүхэл бүтэн эрх чөлөөг нь хязгаарлаж, амьжиргаагаа залгах боломжийг нь бүхэл бүтэн нэг сараар хязгаарлаж байгаад гаргаж ирээд хүн доромжилж байгаа юм шиг гурван маршрут заачихаад хүний эрхэд халдаж байна. Хорих ангид нэг маань хоригдчихсон байхад би А4-ийн цаасан дээр үг бичээд талбайн нэг буланд очиж зогсоод олон нийтэд хандаад үгээ хэлж чадахгүй байна шүү дээ. Харин ч “Чи энд үхэж гай болох гээд байна, зүгээр гэртээ очоод хоолоо идээд байж бай. Удахгүй ялыг чинь уншина” гээд л явуулчихлаа.

Би тэндээс намайг гаргаад өг гэж хэнийг ч гуйгаагүй. Би хэнээс ч гуйхгүй. Намайг 30 хоног цагдан хорих байсан бол тэр хүртэл мөлхөөд ч хамаагүй гарч ирнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй өлсгөлөн зарласан. Түүнээс миний үндсэн шаардлага бол double standart-аа зогсоо. Ялгавартай үйлчилдэг үйл ажиллагаагаа зогсоо. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой, түүнд Засгийн газар хүрч чадаагүй учраас хариуцлагаа хүлээ гэдэг шаардлагыг л тавьсан. Гэтэл өнөөдөр бид нар ганцхан сараар ухраагаад харахад есдүгээр сарын 17,18-ны тэр ёрын өдөр цахим үндэстэн арга хэмжээ болсон. Тэр өдрөөс хойш халдварын тархалт, хүмүүсийн өвчлөл, нас баралтын хэмжээ яаж нэмэгдэж байна вэ. Ямар олон гэр бүл хагацал зовлон амсчихаад байна. Энэ асуудлаар би өлсгөлөн зарлаж байхдаа Эрүүгийн цагдаагийн албаны Мөрдөн байцаах алба руу гомдол явуулсан. Надад хариу ирэхдээ “Зөрчлийн шинжтэй байна” гэсэн байсан. Гэтэл бид double standart-ыг эсэргүүцсэний төлөө эрүүгийн шинжтэй гэмт хэрэгтнүүд болчихсон байна шүү дээ. Тийм том асуудал үүсгэсэн арга хэмжээ дөнгөж зөрчлийн шинжтэй байна гэж байх уу. Тэгээд зогсохгүй ЦЕГ-ын Зөрчлийн хэлтсээс “Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүллээ” гэж байгаа юм. Зөвхөн шинжтэй учраас, зөрчил мөн бишийг тогтооно гэсэн санаа.

Өлсгөлөн зарлаж байхдаа хэрэв надад үг хэлэх боломж олдох юм бол би үндсэн таван асуудлыг хөндье гэж бодож байсан юм.

-Хэлж бололгүй яах вэ?

-Нэгд, Засгийн газарт хариуцлага тооцох буюу хууль хүн бүрд тэгш үйлчлэхийг шаардаж байгаа “No dou­ble standart”-ын хүрээнд иргэдийн оролцоотой үйл ажиллагаа ямар их хичээл зүтгэл, залуусын ямар их хүсэл эрмэлзлээр явагдсан бэ гэдгийг хэлэх ёстой. Бид ном журмынх нь дагуу явсан. Өдөр бүр талбай дээр очоод цагдаа нартай зууралдаад байсан юм байхгүй, маш их бичиг цаас болж байсан. Эхлээд хүний хэлээр ярих гэж үзсэн, хүчтэй мессэж өгөх гэж хичээсэн, болоогүй. Хоёрт, Д.Монголхүүд маш их санаа зовсон. Биед нь халдаж, гэмтээчихээд яллагдагчаар татчихсан. Хууль бусаар баривчлаад аваад явчихдаг, тэгээд хууль бусаар шоронд хорьчихдог. 461 дүгээр ангитай холбоотой асуудлаар Д.Монголхүүгийн хэргийг тусгаарлаад хэрэгсэхгүй болгочихсон. Тэгэнгүүтээ төв талбай дээр цагдаа нарт гавлуулдаг үйл явдлыг тусгаарлаж, тусад нь шүүх гэж байгаа. Олон нийтийн анхаарлаас холдуулж байгаад шүүхээр оруулах гэж байна гэж хардаж байна. Гуравт, 2022 оны улсын төсөв бол тэр чигээрээ double standart-ыг хамгаалж үлдэх сүүлчийн амьсгаа нь юм шиг маш ноцтой төсөв батлаад байна. Үүн дотор бөөн double standart. Иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах чиглэл рүү ямар ч ажил байхгүй, эмч ажилтнууд руу чиглэсэн ямар ч ажил байхгүй. Нөгөө Хэнтийд давтсан алдаа, Улаанбаатарт эвдэрч нураасан соёлын өвүүд, үр ашиггүй хөрөнгө оруулалт, баганан тулгуурт барилга зэрэг алдаануудаа 2022 онд дахиад давтах нь. Хамгийн ноцтой нь манайх парламентын засаглалтай улс. Гэтэл Засгийн газартаа төсвөөрөө дамжуулаад авлигадуулчихаад байна. Дөрөвт, хүний эрүүл мэнд, амь нас, хүүхдийн эрхийн асуудал ерөөсөө тусгагдахгүй байна. Гурван настай хүүхэд цэцэрлэгт явах эрхгүй, дөрвөн настай хүүхэд цэцэрлэгт явж болно. 12 настай хүүхэд үйлчилгээний газарт орж болно, 11 настан нь болохгүй. Хүүхдүүдийг үнэхээр ялгаварлан гадуурхаж, амьтны төрөл зүйл шиг ангилж байна. Тавд, “Цахим үндэстэн” арга хэмжээ нь өөрөө зөрчлийн, эсвэл нэг удаагийн санаандгүй алдаа биш. Энэ олон double standart-ын хэвшмэл болчихсон үзэгдлийн тод илрэл. Ялангуяа эрүүгийн хариуцлагатай гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар санаатайгаар халдварт өвчин тараах гэсэн ноцтой гэмт хэрэг болчихоод байгааг олон нийтэд хэлэхийг хүссэн юм.

-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Шинэчилсэн гэрээгээр караокед дуулуулж болохгүй гэсэн заалтыг өөрчилжээ


“Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байгаа аж. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээлэл өглөө.

Тэрээр “Аравдугаар сарын нэгнээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн “Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж буй. Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан “Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой. Өмнөх “Хариуцлагын гэрээ”-гээр караоке үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсан. Харин шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтаа өөрчилсөн. Энэ мэтчилэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн. Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт. “Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Аравдугаар сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно. Энэ дагуу аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан” гэлээ.

Categories
гадаад мэдээ

​Владимир Путин цар тахалтай тэмцэхэд зэвсэгт хүчнээ дайчилж болзошгүй тухай мэдэгджээ


Улс оронд нь коронавирусийн өвчлөл, эндэгдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахалтай тэмцэх үйлсэд зэвсэгт хүчнээ дайчилж магадгүй болсныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр даваа гаригт ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон армийн бусад өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа “Улс орны нөхцөл байдал маш хүнд байна. Өдөрт 40,000 гаруй тохиолдол. Өмнө нь хэзээ ч ийм өндөр байгаагүй. Шаардлагатай бол иргэний эрүүл мэндийн байгууллагуудад тусламж, дэмжлэг үзүүлэхийг би та нараас хүсэж байна. Магадгүй бэлэн материалаар түр эмнэлгүүд угсрах шаардлага гарвал армийн нөөц чадварыг ашиглах хэрэгтэй болох байх” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн ОХУ даяар иргэдийг гэрт нь суулгаж, хөл хорионы хатуу дэглэм хэрэгжүүлж эхлээд байгаа.

Москвагаас баруун хойд зүгт оршдог Новгород мужийн захиргаа хөл хорионы хугацааг сунгах болсноо өчигдөр зарласан анхны бүс нутаг болжээ.

ОХУ даяар цар тахал эхэлсэн цагаас хойш 8.5 сая гаруй хүн өвчилж, өнгөрсөн сарын 21 өдөр нь нэг өдөрт хамгийн олон хүн “Covid-19” өвчний улмаас нас барсан үзүүлэлт шинэчлэгдэж байв.

Categories
мэдээ улс-төр

Гурван Байнгын хороо, хоёр Дэд хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гагасан хуваарийн дагуу өнөөдөр Гурван Байнгын хороо, хоёр Дэд хороо хуралдана. Байнгын болон Дэд хороодын хурлаар ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

10.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  2. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний 02 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонсох
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  4. Ажлын хэсэг байгуулах тухай /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/

11.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Байнгын хорооны тогтоол батлах тухай /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  2. 11.30 цагаас Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/:
  3. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийнэ
  4. Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийнэ

12.00 цагаас Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан:

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

14.00 цагаас Хүний эрхийн дэд хорооны хуралдаан:

  1. Хүний эрхийн асуудлаар

14.00 цагаас Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан:

  1. Бусад /Хаалттай/
Categories
мэдээ нийгэм

​Киотогийн Энхтайваны чуулга уулзалтад монгол оюутнууд оролцов

Киотогийн Энхтайваны олон улсын чуулга уулзалт 10 дугаар сарын 29-31-нд Киотогийн их сургуульд зохион байгуулагдан өнгөрөв. Дэлхийн өнцөг булан бүрийн 63 орны эрдэмтэн, судлаач, оюутан залуучууд цахимаар дамжуулан энх тайвныг илэрхийлэгч хүчин зүйл болох ядуурал, хэт хөдөлмөр эрхлэлт, гадуурхал, амиа хорлолтыг багасгах, боловсролын эрх тэгш байдал, байгаль орчны тэнцвэр, аз жаргалын индекс зэрэг долоон асуудлаар 500 хувь хүн, 17 байгууллага оролцож, “Бид нэгэн дэлхийтэй” уриан дор илтгэлээ тавин, хэлэлцүүлэг боллоо. Оролцогчийн 46 хувь нь эмэгтэйчүүд буй нь хүйсийн тэгш эрхийг дэмжиж буйтай холбоотой байв. Японы сурагчид хуванцар хог хаягдал хэт ихсэж буйг онцолж байсан бол Монголоос МУИС-ийн ОУХ-ны 1-р дамжааны оюутан Ц.Номин-Эрдэнэ, М.Анунгоо нар удирдсан багш МУИС-ийн бизнесийн сургуулийн дэд профессор Г.Уянгын хамт цахимаар оролцож, монгол улс дахь хүний эрх болон ялгаварлан гадуурхах асуудлаар илтгэлээ тавилаа. Ядуурлын нэгэн шалтгаан нь халамжийг хэт хавтгайруулсантай холбоотой гэдгийг онцолж мөн тэрбум модны уриалгыг дурдав. Аз жаргалтай орны жагсаалтад 149 орноос Монгол улс 70-р байрт жагссан байв. Японы “Ротари” клуб гол зохион байгуулагч бөгөөд Монгол Японы “MOJANA” хамтын ажиллагааны ашгын бус байгууллагын тэргүүн Г.Заяасайхан монголын оюутнуудаа оролцоход дэмжиж, хамтран ажилласан юм.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Categories
мэдээ спорт

Мэргэжлийн сумогийн шинэ эрэмбэ гарлаа

Сумогийн холбоо арваннэгдүгээр сарын “банзүкэ” буюу бөхчүүдийн эрэмбэ чансаагаа танилцууллаа.

“Озэки”, “сэкивакэ” цолтнуудад өөрчлөлт ороогүй бол Шодаи, Такакэишо нар озэки цолтойгоо, Митакэүми, Мэисэи нар “сэкивакэ” цолтойгоо тус тус барилдана. Харин Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар “сэкивакэ” цолтой зодоглоно. Өдгөө 25 настай Кирибаяама Б.Лхагвасүрэн 2015 оноос “саняакү” цолонд хүрч буй анхны Монгол, 26 дахь гадаад бөх болж байна. Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сард “Тамаваши” Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар “саняакү” цолны босгыг алхаж байв.

Мөн Шохозан 37 насандаа дээд зиндаанд эргэн ирлээ.

Кюүшү башё энэ сарын 14-нд Фүкүока Кокүсаи төвд эхэлнэ. Сонирхуулахад, их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ “ёкозүна” цолтой ганц бөх болоод байна.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо зиндаа:

Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд

Макүшита зиндаа:

Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа:

Араүма Б.Төртогтох, Хокүтомарү Н.Чинзориг

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Б.Чинзориг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулалдана

Сeрби улсын Белград хотноо үргэлжилж байгаа боксын ДАШТ-нд хүчээ сорьж байгаа ОУХМ Б.Чинзориг Мeксикийн тамирчинг Марког 5:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Тэрбээр өнөөдөр 2021 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Казахстаны боксчинтой тулалдахаар таарсан байна. Энэ удаагийн ДАШТ-д Монголын баг тамирчдаас 8/1 шигшээд 2 тамирчин тунаж үлдсэн билээ.

Өнөөдөр орой /11.02/ ОУХМ Г.Ган-Эрдэнэ 48 кг-д Беларусийн боксчин Яахени Кармилчуктай тулалдах бөгөөд ялбал медалийн төлөө өрсөлдөх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Вакцины III тунг элэг нэгт монголчууддаа хийе

Монгол Улс хүн амаа дархлаажуулахаар дөрвөн сая тун “Веросел”, 2.5 сая тун “Пфайзер” вакцин татан авсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд чуулганы хуралдаан дээр нөөцөнд 1.7 сая тун “Пфайзер”, 890 мянган тун “Веросел” вакцин бийг онцолсон бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Нөөцөнд буй “Пфайзер” вакцины 800 мянган тунгийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. “Веросел” вакцины хугацаа 2023 онд дуусна” гэдгийг анхааруулсан. Энэ мэдээллийн дараа эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг дархлаажуулалтын вакциндаа идэвхтэй хамрагдахыг яаруулж, уриалсан билээ.

Харин ДЭМБ “Пфайзер” үйлдвэрлэгчийн вакцины хадгалалтын хүчинтэй хугацаа зургаан сар байсныг есөн сар болгож сунгасныг зарласан юм. Үүгээр энэ оны сүүлчээр хугацаа нь дуусах байсан нөөцөнд буй “Пфайзер” вакцины хугацаа ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдөр болчихож байгаа юм. Вакцины хадгалалтын хугацаа ингэж сунахаар угаас III тундаа сул хамрагдаж байсан монголчуудын хувьд вакцинжуулалтдаа улам хойрго хандах болов. Ямар ч байсан эхний хоёр тундаа идэвхтэй байсан шигээ яаравчлахгүй байна. Эхний тунд хүн амын 69.3 хувь буюу 2.2 сая хүн, II тунд 65.8 хувь буюу 2.1 сая хүн хамрагдсан бол дархлаа сэргээх III тунд дөнгөж 414.276 хүн хамрагдаад байна. Энэ бол Эрүүл мэндийн яамнаас аравдугаар сарын 31-ний өдөр буюу өчигдөр гаргасан албан ёсны тоо баримт.

III тунд хамрагдах идэвх, ирц туйлын хангалтгүй байгааг дээр дооргүй л ярьж байна. Мэргэжлийн хүмүүс, судлаачдын тооцооллоор есдүгээр сард нийтдээ сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэж ярьж байсан. Энэ таамаглал үнэн бол одоо бараг 1.5 сая хүн халдвар авчихсан байгаа болж таарч байна. Гэхдээ энэ бол таамаглал, албан бус тоо л доо. Харин албаны тоогоор нийтдээ 359.396 тохиолдол бүртгэгдээд байна гээд байгаа. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал өөр байгааг иргэд цахим орчинд илэрхийлж, төр засгийн зүгээс явуулж буй арга хэмжээнүүд, эмнэлгүүдийн байдал зэрэгт шүүмжлэлтэй хандаж, нас баралт, тохиолдлын тоог зориуд дарж байна гэж хардан III тунд иргэдийг хамруулахын тулд дорвитой хөдлөхгүй байна гэцгээдэг.

“Өдрийн сонин” гол нийтлэл, сурвалжлагуудаараа удаа дараа сануулж, санал гаргаж бичсээр байгаа, иргэдийг III тунд нь хамруулахын тулд тэдэнд ойртож очиж үйлчилье гэж. Их, дээд сургуулийн үүд, хүн олноор цугладаг хөлийн газар, томоохон оффис, худалдааны төвийн гадаа вакцинжуулалтын явуулын цэгүүдийг байршуулъя, орц, хороолол, гудамжинд нь очиж вакцин тарья гэж бичсээр байгаа. Гэтэл яг ингэж тулж, ард түмний амьдрал дунд орж вакцинжуулж байгаа юм харагдахгүй байна. Энэ байдлаар байвал нөөцөн дэх вакцинууд маань тэр хэвээрээ хадгалагдсаар ирэх оны дөрөвдүгээр сар хүргэж мэднэ шүү.

Харин нөөцийн вакциныг ашиглаж вакцины жуулчлалыг дэмжиж болох санааг Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Тэрээр “Гадаадад байгаа монголчууд болон жуулчид вакцингүй орж ирээд Монголд вакцинаа хийлгэж болно гэдэг уриалгыг гаргаж болно. Төлбөртэй биш бөгөөд Монголд ирж жуулчилсны төлөө вакциныг нь үнэгүй хийнэ. Нэг үгээр хэлбэл, жуулчдыг татах сэдэл гэсэн үг” гэж ярьсан. Энэ санал, уриалгаар бол вакцины жуулчлал хөгжиж болох талтай. Тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэж ийм үг дуугарсан байх.

Одоо манайд хоёр төрлийн вакцины хангалттай нөөц байна. Дуусах хугацаанд нь санаа зоволтгүй боллоо. Төр засгийн зүгээс ингээд уриалчихаж байгаа юм чинь хэдүүлээ уг уриалгын хүрээнд III тунгийн вакцинаа элэг нэгт буриад, халимаг, тува, өмнөд монголчууддаа үнэгүй хийгээд өгье. Юу байна түүгээрээ дайл гэдэг монгол ардын сайхан үг бий. Юу л байна вакцин л байна. Хилийн шалган дээр дулаахан, тохитой байр бэлдье. Халдвар хамгааллын дэглэмээ өндөр хэмжээнд мөрдөж ажиллахад элэг нэгтнүүд маань орж ирээд вакцинаа хийлгэчихээд буцаад гарчихаж болохоор цомхон зохицуулалтыг хийж өгч, улмаар эргэлт үүсгэе.

Урд, хойд хил дээр Чөлөөт бүс ч байгаа. Тэр газруудаа түшиц болгоод хилийн гаднах монголчуудаа вакцинжуулах орчныг нь хангалттай бүрдүүлж чадна даа.

Өмнөд монголчуудын хувьд цаанаа вакцин нь элбэг, дотроо том том үйлдвэртэй, дээрээсээ зохион байгуулалтаа ч сайн хийж байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ “Пфайзер” хийлгэх хүсэл сонирхолтой хүн байвал нааш хил рүү ирээд “Вакцин хийлгэе” гэвэл тариад өгчихье, “Пфайзер”-аа.

Хилийн гаднах монголчууд дундаас хойгуур нутагладаг, хиллэдэг Буриад, Тува, Халимаг, Алтайн монголчууддаа вакцинаар онцгойлон тусалмаар байна.

ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав, Алтанбулаг гэсэн авто замын боомтууд, Эрээнцав, Сүхбаатар гэсэн төмөр замын боомтууд бий. Алтанбулагийн боомт дээр Улаан-Үдийн буриадуудаа тарьчихаж болохоор л харагдаад байгаа юм. Тэд ойрхон учир эндээс худалдаж авсан хуучин “Пажеро” жийп, тэндээсээ худалдаж авсан “Лада”-ндаа суугаад л давхиж орж ирээд вакцин тариулчихна.

Алтайн хязгаарынхныг Баян-Өлгийн Цагааннуур боомт дээр вакцинжуулчихъя. Угаас хойгуур нутгийнхан маань элэг нэгтнүүдтэйгээ ойр байдгийг ч хэлэх үү, ийм мэдээ дуулгавал сүнгэнээд ороод ирнэ.

Яагаад хилийн гаднах монголчууд, тэр дундаа хойд хилээр нутагладаг монголчуудаа вакцинжуулъя гээд байгаа юм гэхээр хойд хөршийн вакцинууд нэг л бүтэл муутайдуу байх шиг байгаа юм. Тавын таван вакцинтай, дахин хэд хэдийг туршиж байгаа гэдэг ч одоо хүртэл бүртгүүлээгүй, иргэд нь вакцинаа тариулахгүй гэж эсэргүүцэж, хүчээр шахуу барьж, дарж аваад тарьж байгаа бичлэг их харагдах юм. Өвчлөл, тохиолдлын тоо нь нэмэгдэж өчигдрийн байдлаар нийт 8.4 сая тохиолдол бүртгэгдэж, нас баралт 237 мянгад хүрч нөхцөл байдал эргээд хүндэрсээр байна. Тийм учраас Москва болон бусад хотуудад энэ сарын 7-ныг хүртэл хөл хорио тогтоочихоод байгаа. Улс орон даяараа байдлыг хяналтдаа авах гэж хичээж, хүн ам олноор төвлөрдөг, олон сая хүн амтай хотууддаа анхаарал хандуулж байгаа энэ үед монгол гаралтай, зах хязгаараар нь нутагладаг хэдийг маань хэн л тоогоо аж.

Тэдэндээ энэ хүнд үед нь туслах боломж бидэнд гарч байна. Хилийн гаднах монголчууддаа “Монгол Улс III тунгийн вакцинаа та бүхэндээ зориулахаар болжээ” гэдэг баярт мэдээг дуулгах юмсан. Хилийн гаднах монголчууддаа вакцинаар туслах, вакцинжуулах нөөц, боломж Монгол Улсад хангалттай байна. Иргэдээ I, II тунд нь амжилттай хамруулсан туршлага ч байгаа учир энэ санал санаачилгыг нийтээрээ дэмжиж, уриалж, ажил хэрэг болгоё.

Categories
гадаад мэдээ

Тайланд улс дэлхийн 63 орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээсний дотор Монгол Улс багтлаа

Тайланд улсын засгийн газар өчигдөр цар тахлын эрсдэл багатай дэлхийн 63 орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээх болсныг зарлажээ.

Эдгээр орнуудын дотор Монгол Улсаас гадна Хятад, Энэтхэг, Япон, Сингапур, АНУ зэрэг хүчирхэг эдийн засагтай улсууд багтсан байна.

Өчигдрөөс буюу Даваа гарагаас эхлэн зөвшөөрөгдсөн орнуудын вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд Тайландад ирснийхээ дараа өгсөн шинжилгээний сөрөг хариун дээр үндэслэн саадгүй нэвтэрч, аялал жуулчлалын бүсүүдээр чөлөөтэй зорчих юм.

Харин жагсаалтад багтаагүй орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд нийслэл Бангкок болон бусад 16 бүс нутагт зөвхөн зорчих хязгаартай байх бөгөөд ирснийхээ дараах эхний долоо хоногийг дээр дурдсан бүсүүдийн зөвхөн нэгт нь өнгөрөөсний дараа бусад бүс нутагт зорчих эрхтэй болохоор зохицуулжээ.

Цар тахлын өмнө жилд 40 орчим сая жуулчин хүлээж авдаг байсан Тайланд улс ийнхүү эдийн засгаа сэргээх зоригтой алхам хийж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сосорбарам: Эрх баригчид дарангуйллынхаа, айлган сүрдүүлэх тогтолцоог бий болгох замаар хувь хүний эрхэд хэтэрхий халдаж байна

Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.


-Тантай улс төр, нийгэм эдийн засгийн талаар ярилцмаар байна. Эхлээд эрх баригчдын улс орноо удирдаж байгаа байдалд таны дүгнэлтийг сонирхъё?

-Ерөөсөө тодорхой.Сая болсон нөхөн сонгуулийн дүнгээс харахад л ойлгомжтой байна. Нөхөн сонгууль болоход ирц хүрээгүй. Нэмэлт санал хураалт явуулсан ч мөн адил ирц хүчин төгөлдөр болсонгүй. Гэтэл эрх баригчид олонхоороо түрий бариад л Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиа зөрчөөд хүчээр тангараг өргүүлж байна шүү дээ. Монголын сонгогчдын өмнө тангаргийг тонгорог болголоо. Урьд хожид битгий давтагдаасай гэмээр дээрэм, тонуул болж өнгөрлөө. XXI зуунд иргэд маань өөрийнхөө амьжиргааг хуулиар хамгаалуулах, бизнесээ арвижуулах, ашиг орлоготой байхын тулд төр юмуу түшмэд мяндагтнуудыг ажил үйлс рүүгээ оролцуулахгүй байх сонголтыг хийх болчихсон. Гэтэл үүнийг байхгүй болгочихлоо. Өнөөдөр эрх баригчдын хамгийн адгийн муйхар мунгинаа арга бол энэ. Нэмээд хоёр яам байгуулна гэж байна. Ялангуяа цахим яам байгуулбал маш их аюул дагуулна. Энэ бол урд талын коммунист намд хэрэгжиж байгаа хортой үйл явдал. Иргэн болгоноо тагнаж, чагнаж, хувь хүний эрх рүү хэтэрхий хөндлөнгөөс оролцоно. Хүний болоод айл өрхийн бизнесийн нууц руу халдаж, довтолно. Өнөөдөр цахим яамтай, яамгүй иргэд дэлхийн хаанаас ч хоорондоо харилцаж, нэг нэгийнхээ царай төрхийг хараад ярилцаж байна. Ийм байхад цахим яам байгуулна гэдэг нь монгол хүн бүрд халдаж байгаа халдлага гэж үзэж байгаа. Энэ бол социалист, коммунист, фашист халдлага гэж дүгнэж байна. Эрх баригчид үүндээ бодолтой, дүгнэлттэй хандахыг сануулъя.

-Гэтэл төрөө улам данхайлгаж байгаа эрх баригчид тань шиг ингэж дүгнэх болов уу даа…

-Тэд үнэхээр дүгнэж чадахаа байчихсан юм байна. Уг нь эрх баригчид ардчилал гэж яриад байгаа юм. Ардчилал гэдэг бол цөөнхөө, хувь хүнийг боомилох, хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, хямгадаж, айлган сүрдүүлэх гажуу үзэгдэл болчихоод байна. Би эрх чөлөө гэдгийг малгайлж яримаар байгаа юм. Монгол Улс эрх чөлөөтэй байх уу, монгол хүн бүрийн эрх юугаар хамгаалагдах юм. Хувь хүний эрхээрээ дамжаад хувийн өмч нь яаж баталгаажих юм. Энэ хоёр эрх дээрээ үндэслэгдээд хүн хоорондын,

бизнес хоорондын гэрээний эрх гэж юу юм. Энэ гурван үндсэн эрх тулгын чулуу шиг нэгдэж явах ёстой. Гэтэл энэ эрх баригчид үүн рүү орохгүй юм байна.

-Яагаад та ингэж үзэх болов?

-Одоогийн Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайд байхдаа Чөлөөт зах зээл байхгүй гээд дэлхий даяар зарлачихсан. Би хураах гэдэг үгэнд дуртай гэсэн. Ямарваа нэгэн өмчийг төр рүү хураая, төрд бөөгнүүлье гэснээ ч хийж байх шиг байна. МАН-ын 100 жилийн хугацаанд ийм боомилолт дуусахгүй явсаар өдий хүрлээ. Үүнээс гарах гарцгүй болтол нь ингэж авирлана гэдэг бол өнөөдрийн эрх баригчид дэндэж байна. Дэндэх дэндэхдээ буцаад социализм руу, бэлэнчлэх сэтгэлгээ рүү ухарч байна. Хэтэрхий халамжийн тогтолцоо руу явж байна. Иргэдээ халамжаар угжаад байна. Энэ бол ард түмнээ хорлож байгаагийн хэлбэр. Тухайн иргэн хөдөлмөрлөхгүй, залхуу, амьдралын идэвхгүй, зальхай, ядуу болох үндэс энэ.

-Уг нь Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлж байгаа шүү дээ?

-Нарийндаа ярихад энэ эрх баригчид ярьсныхаа эсрэг үйлдэл хийж, хийснийхээ эсрэг ярьж байна. Ороо бусгаа аль XIX зуунд суурь нь тавигдсан альтруизм буюу золиос төлөөс болдог тийм үзэл санаатай. XX зуунд бий болсон прагматизм буюу мөнгөн ус шиг хаашаа л бол хаашаа гуйвж байдаг ийм үзэл санаатай эрх баригчид Монголд ноёлж байгаа. Энэ хэцүү. Эд нар өөрсдийнхөө энерциэр дампуурна. Үүнийг сонгогчид ч өөрсдөө харна. Харахаар барахгүй өөрсдийнхөө оюун санаа, бизнес гээд бүх зүйлдээ амсаад эхэлчихсэн байгаа.

-Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай сонгогддог болсон. Засгийн газар нь Их хурлаасаа илүү эрх мэдэлтэй болсон. Цаашид энэ эрх баригчид өөрсдийнхөө дарангуйллын тогтолцоог улам төгөлдөржүүлж, ноёрхлоо удаан хадгалах сууриа засаад яваад байна уу?

-Ерөөсөө л тэр. Дарангуйллынхаа, айлган сүрдүүлэх тогтолцоог бий болгох, хувь хүний эрхэд хэтэрхий халдаж байна шүү дээ. Өнөөдөр энэ дарангуйллыг сөрж, эсэргүүцэх, зоригтой залуус байгаа нь сайн. Тэд ямар ч гэм зэмгүй, буруу үйлдэл хийгээгүй, асар соёлтойгоор байгаа үйл явдлыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсэн “No Naadam”, “No double standart” хөдөлгөөнийхөн юм. Өнөөдөр эрх баригчдад ийм залуусын үгийг сонсох тэнхээ алга. Ертөнцийн анир чимээг олон талаас нь сонсох сонсгол нь дүлий болжээ. Эрдмээр буюу оюун санаагаар цэнэглэгдсэн оюуны сүв нь тагларчихаж. Коммунист үзэгдэл яг л ийм байдаг. Социалист систем, коммунист нөлөө, фашист хяналт гурав зэрэгцээд ирэхээр цааш явахгүй.

-Манай улс бол парламентын тогтолцоотой. Гэтэл ковидын түр хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдэл томорчихлоо шүү дээ. Их хурлынхаа үгийг тоодоггүй, Их хурал нь хүчгүй болсон гэж улс төрийн хүрээнийхэн ярж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Том эрх мэдлийг өөртөө авч байгаа нь үнэн. Манай энэ Ерөнхий сайд хийж байгаа хүүхэд чинь “Энэ ард иргэдийн эрх чөлөө хэтэрч байна. Ард түмэн дэндүү эрхэлж байна” гэж авч байна лээ. Харин амьдрал дээр эсрэгээрээ. Өөрсдөө бол эрх мэдлээр эрхэлж байна шүү дээ. Тэр зузаалсан Засгийн газрын эрх мэдлээр буцалтгүй тусламжийг буцалтгүй тонуул болгож байна. Ковидын үед гадна дотны хандивлагч орнууд, баялгаас орж ирсэн мөнгө хаана байна вэ. Зарцуулалтыг нь тайлагнадаггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийж байгаагаа тайлагнадаггүй учраас Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлж байна. Харин сонгогчид бол ямар ч эрх чөлөөний бололцоо байхгүй хумигдаж буй. Засгийн газар дарамталж, хүнд суртал гаргаж, хүний ажиллах бүх сонирхлыг халамжаар унтрааж байна. Нэг нь ард иргэдийг эрхлүүлж байна гэж ярьсан хэрнээ эрх мэдлээр өөрийгөө зузаалж байна. Энэ эрх мэдлийн цаана далд эдийн засаг, улстөрчдийн хуйвалдаан өрнөж байна.

-Эдийн засгаа тэлнэ, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гээд том амлалтууд өгөөд байгаа л даа?

-Коммунизмын үед шинэ эргэлтийн бодлого гээчийг ярьдаг байв. Урд хөршид одоо ч ярьж, хэрэгжүүлдэг. Энэ бол сэргэхгүй. Өөрөө нурна, дампуурна. Ойрын үед эрх баригчдын дунд зөв үзэл бодолтой сайд дарга нар байгаа. Төр хэтэрхий оролцоод ирэхээр төрийн оролцоотой компани болгон дампуурч байна. Үүнийг үнэлдэг зарим эрх мэдэлтэй хүмүүс бий. Ер нь эрх баригчид өөрөө өөрсдийнхөө энерциэр дампуурна л даа.

-Ерөнхий сайд саяхан төрийн өмчит компаниудыг хувьчилна гээд УИХ-ын чуулганы индэр дээрээс зарласан. Тэгэхээр төрийн өмчийг дампууруулаад үнэгүйдүүлж хувьчилдаг арга байна уу?

-Товчхондоо энэ бол коммунист арга.

-Таныхаар өмч хувьчлалыг яаж зөв замаар явуулах вэ?

-Ил тод, шилэн байх хэрэгтэй. Нээлттэй зарлаад хүн болгон өрсөлдөх боломжийг олгоод орхи. Ер нь зах зээлийн эдийн засаг, ёс зүйтэй капитализм байя гэвэл чөлөөт өрсөлдөөн байна. Тэгээд үнэ чөлөөлөх ёстой. Гэтэл манайд тийм биш болохоор өнөөдөр үнийн өсөлт аяндаа гарч ирээд байна шүү дээ. Төр оролцохоор бүх юм баларна гэсэн ланжгар үг байдаг. Дэлхий өөрөө эргэдэг. Тэр лугаа жам ёсоороо өөрсдөө ажлаа хийгээд явъя. Тэрэнд төр битгий гай бол. Төр байя гэвэл маш цомхон бүтэцтэй байх хэрэгтэй. Монголд долоо, найман яам хангалттай. Дэд сайд гээд олон төрийн эрх мэдэлтнүүд хэрэггүй. Маш авсаархан татвартай байх ёстой. Ард иргэд нь хугацаандаа татвараа төлчихдөг тийм бүтцийг бий болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр татвар өндөр болохоор иргэд нуудаг. Ард түмэн өөрсдөө хар аяндаа луйврын сэтгэлд суралцаж байна шүү дээ. Татвар өндөр байх тусам хяналтын хүнийг авлигадна. Татвараа нууна. Төр өөрөө дээр, дооргүй хулгай, дээрэм тонуулын сэдэлтэй болгоод хаячихаж байгаа юм. Энэ бол манай тогтолцооны гажиг.

-Тогтолцооны гажгийг өөрчлөх ямар боломж байна вэ?

-Үндсээр нь өөрчлөх ёстой. Үүний тулд хувь хүний эрх, хувийн өмчийн эрх, гэрээ хэлэлцээр, эрх чөлөө, гэр бүлийн үнэ цэнийг дээдэлж байж тогтолцооны гажиг өөрчлөгдөнө. Гэр бүлийн үнэ цэнэ дээр үндэстэн өөрөө оршин тогтнодог. Өнөөдөр хувь хүний эрх чөлөөг боомилоод зогсохгүй хэлэх, ярих, хэвлэх эрхийг хааж байна. Хувийн болон хувьсгалын мэдээллийн хэрэгслийг бүгдийг нь байхгүй болгож байна шүү дээ. Дөрөв дэх засаглалыг Засгийн газар, эрх баригчид зүгээр л нам жим болгочихлоо. Гадаад, дотоодод гайгүй сургууль төгссөн хүмүүсийг Засгийн газар руугаа мөнгөөр цохиж авч байна. Энэ бол хорлож байгаагийн илрэл. Энэ алдагдсан эрх чөлөөг “No Naadam”, “No double stan­dart” хөдөлгөөний залуус нэхэж жагсаад байгаа юм. Тэд маш зөв шаарлага тавьсан. “Ерөнхий сайд та хэдэн мянгаар нь хүнээ цуглуулаад ковидоо тараадаг. Энэ бол гэмт хэрэг” гээд эсэргүүцсэн. Ерөөсөө бизнесээ чөлөөлөөд явуул гээд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн эрх чөлөөг төр засаг боогдуулснаар монголчуудыг үнэхээр айдаст автуулж байна. Тэр хувь хүмүүсийн ард байгаа гэр бүл, үр хүүхэд, ураг садан гээд нэлээд хэдэн айл айдаст автана. Тэгээд үндэстэн сүйрнэ. Тод жишээ хэлье л дээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө “No double” хөдөлгөөний 21 настай хоёр хүүхдийг баривчилсан. Ямар ч буруу үйлдэл хийгээгүй, зүгээр орцноосоо гарч ирэхэд нь цагдаа нар шууд гавлаад ачаад явсан байгаа юм. Тэдэнтэй хамт санаандгүй орцноос хамт гарч ирсэн огт танихгүй залууг хамсаатуулан баривчилсан. Энэ залуу амьдралаа залгуулах гээд хот хөдөөгийн хооронд хүн тээвэрлэх гэж зар бичээд тэрийгээ хүн ихтэй газар аваачиж наахаар гэрээсээ гарч ирж таарсан юм билээ. “Хэнтий рүү хүн тээвэрлэнэ” гэсэн бичгийг нь уриа лоозонтой андуураад “Энэ нөхөр талбай дээр очиж жагсах нь” гэж хүчнийхэн хардаад баривчилсан. Ингэхдээ зодож, нүдэж, гавлаж, гинжилсэн байгаа юм. Ямар ч гэмгүй хүнийг баривчлангуут эхнэр нь сандарч гарч ирээд, хүүхдүүд нь уйлалдаад тэр айлд ямар их түгшүүр бий болох нь ойлгомжтой. Гэтэл цагдаа нь “Амьдрал баян шүү дээ, уучлаарай хө. Би андуурчихлаа” гээд сууж байж болох уу. 1937 оны үед зүгээр хонь хариулаад явж байсан малчныг хороох хүнийхээ тоонд оруулах гэж баривчилж байсан хэлмэгдүүлэлттэй яг ижил үйл явдал болж байна.

-Сайн төр ямар байх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд энэ үндэстний дотор амьдарч байгаа иргэн болгоноо айдасгүй, тайван амгалан байлгах ёстой. Улмаар тэднийхээ эрхийг хамагаалах ёстой. Төрийн үүрэг бол хувь хүний эрхийг харгислал, хүчирхийллээс хамгаалах, хувийн өмчийг дээрэм тонуулаас хамгаалах, хүн хоорондын зөрүү, маргааныг ёс зүйтэй шүүдэг шударга шүүхтэй байх ёстой. Сайн төр бол энэ гурвыг хийдэг. Харин манайх эсрэг төр.

-Хоёр хөрш маань хилээ хаачихлаа. Одоо Солонгос хүртэл улаан бүсэд оруулж, нислэгээ зогсооё гэж байна. Хил гааль хаасан нөхцөл байдлыг боломж болгохын тулд бид юу хийж чадах вэ?

-Хил, гааль хааж байгааг том боломж гэж харж байгаа. Хэн нэгний хараат бусаар амьдарч чаддаг юм гэдгийг харуулах цаг болсон. Харамсалтай нь дотор талдаа коммунист дэглэм бэхжээд ирэхээр нэг аюул нь энэ. Хэрвээ чөлөөт зах зээлтэй бол хил гааль хаасан ч гэсэн Монголд боломж байна шүү дээ. Тэр боломжоо нээгээд гурав дахь улс руу арилжаа наймаа хийдэг, гэрээ контрактаа байгуулаад явах боломжтой.

Хоёр хөрш хилээ хаасан явдлыг би хоёр өнцгөөр харж байгаа. Өвчин эмгэгээс болж түр хааж байгаа байх. Нөгөө талдаа геополитикоор боолчлох гэсэн хоёр хөршийн айлган сүрдүүлэлт. Хойд, урдууд хүн юм болсон хойно өвчин эмгэгээсээ болсон байгаасай даа. Гэхдээ хил гаалиа хаасан ч монголчууд өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглах хэрэгтэй л дээ. Ямарваа хатуу үйл явдал, эрсэдлийг давах чадвараар тэр шалгуурт унахгүй байх цаг тулж ирж байна шүү дээ. Тэгэхээр манайханд амьдрах боломж байгаа.

-Ковидоор манай улс нэг сумын дайтай иргэдээ алдчихлаа шүү. Танд юу бодогдож байх юм?

-12 гаруй сая хүн амтай Токио хотод халдварын тоо бараг арав дотор эргэлдэж байна. Гэтэл гуравхан сая хүн амтай үндэстэнд халдварлаж байгаа тоо, нас барагсдын тоо огт буурахгүй байна. Өдөрт 18-аас доошгүй хүн ковидоор нас барж байна. Энэ гай юунаас болсон нь манай залуучуудын тавиад байгаа шаардлагын бодитой үйл явдал нь харагдаж байна. Тэгэхээр дабель стандартыг зөвшөөрөх ёсгүй. Үүний эсрэг тэмцэж байгаа нь зөв. Энэ үндэстэн цаашид олон жил наадаж, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн цэнгэн хөгжилдье гэвэл ганц жил наадмыг өнжиж болно. Гэтэл зунжин хөдөө орон нутагт үргэлжилсэн найр наадам, уул овоодын тахилгын дараа нян нь тархаад, хот руу орж ирээд өвчлөл улам нэмэгдсэн. Энэ коммунистуудын харалган бодол. Шангирилад хэдэн мянган хүн цуглуулаад маргааш нь залуус эмнэлгүүд дүүргээд яав. “Зайсан хилл”-д пижигнээд Халдвартаар дүүрэн залуус очиж байна. Засгийн газар ард иргэдийнхээ эсрэг юм шиг үйлдэл хийгээд байгаагаа зогсоогооч ээ.

-Нэр хүнд, пиартаа амиа тавих шахам ач холблогдол өгөөд байх шиг ээ?

-Үнэн, үнэн. Ард түмнээ хамгаалах биш, дарангуйлал шинжтэй. “Ард түмэн эрхээ дэндүү их эдэлж байна” гээд байгаа хүн шүү дээ. Энэ чинь ард түмнийг чангална гэсэнтэй агаар нэг ойлгогдож байгаа биз. Ер нь коммунистууд ийм харалган бодлоготой байдаг. МАН-ынханд нэг л зүйл хэлье. Та нар дотор амьдрал, улс төрд туршигдсан, тулх суусан зөндөө улстөрчид бий. Оюун санааны хувд төлөвшиж, тэгширсэн хүмүүс ч олон. Тэгээд яагаад ямар ч төлөвшил байхгүй, хаана ямар сургууль төгссөн нь тодорхой бус Дэлхийн Зөн гэдэг байгууллагаар дамжсан хүүхдээр засгаа бариулна вэ. Энэ бол 100 жилийн түүхтэй МАН-ынхны гашуудал. Би үүнийгээ энэ намын 50-иас дээш насны хэд хэдэн хүн рүү утсаар “Та нарын толгой хуучраагүй байгаа шүү дээ. Туршлагажсан төрийн жинхэнэ хар хүмүүс бий дээ. Энэ хүнд цаг үед тэднийхээ толгойг ашиглах ёстой” гэж хэлсэн.

-МАН-ынхан лидерүүдээ үечлэлтэй гаргаж ирдэг гэдэг шүү дээ?

-Үе өөрчлөгдөж болно. Тэр үе төлөвшиж үү, үгүй юү гэдэг асуудал чухал. Хатуухан хэлэхэд бид хүний амьдралын таван үеийг давж байж төлөвшдөг юм байна. Тухайлбал, 49-ний жил, 61-ний жил хүрч байж жинхэнэ байр сууриа авдаг. Ухаандаа захирагддаг, ухаанаа олон салбар руу, олон сэтгэлгээний үнэ цэнэ рүү хуваарилж чаддаг байх ёстой. Ухаандаа биш унжлагандаа захирагдсан хэдэн нөхөд төр засагт орчихоор ямар нэмэр байдаг юм.

-Л.Оюун-Эрдэнийн хувьд нэн шинэ залуу Ерөнхий сайд гэдэг утгаараа аргагүй л туршлага дутаад байх шиг. Түүнийг хүний өөрийн намынхан нь ч ингэж дүгнэдэг. Ард түмэн нь хэдэн зуугаараа цар тахлаар нас барж байхад хөшөөтэй зууралдаад сууж байж таарах уу даа?

-Энэ бол нэн хорлонтой Ерөнхий сайд. Монгол Улс оршуулгын газар биш. Хэрэв хөшөө дурсгалтай байя гэвэл бизнес болгох хэрэгтэй. Хүмүүс тэнд нь мөнгө төлөөд ордог, дотор нь музей байдаг, орой дээр нь гараад алсыг хардаг, хөдөлгөөнтэй, үйлдэлтэй байж хөшөө үнэ цэнэтэй болно. Тэрнээс энд, тэнд буулгаад, бариад байх юм уу. Хөшөө баригсад өөрсдийнхөө далд урхагийг нууж байна. Аргал түүж байгаа эмээгийн хөшөө барьчихсан ч байх шиг. Ямар ач холбогдол, ямар үр дүнтэй юм бэ. Тэрүүгээрээ юу хэлэх гээд байгаа юм. Ямар ч филисофигүй байна, бид. Сонгогчид, уран бүтээлчид, улстөрчид ч ялгаагүй. Дээр хэлсэнчилэн золиос төлөөс буюу альтриустууд, нөгөө талаар үзэл санаа буюу прагматикууд байхгүй. Энэ чин дампуурал руугаа яваад байгаагийн дохио юм.

-Та яриандаа эрх баригчдыг дампуурал руугаа явж байна гэж хэд хэдэн удаа дурдлаа. Гэтэл хуулиар дарангуйллын сууриа бэхэлж байна шүү дээ. 2016 онд засгаа авангуутаа Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон. Одоо түүнийг цагаатгачихлаа. Хуучин нийгмийн дарангуйлагчаа алдаршуулж байна гэж эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй харагдсан. Харин ардчиллын үнэт зүйлийг нутагшуулахад анхнаас нь гар бие оролцож ирсэн таны хувьд ямар байр суурьтай байдаг юм бол?

-Ю.Цэдэнбалыг цагаатгасан юм бол өнөөдөр Лоохууз, Сурмаажав, Нямбуу, Аварзэд, Лхамсүрэн гээд гадаад яамны сайд байсан улсууд бүгд хэлмэгдээд хядлаганд өртлөө гээд коммунизмын үед молхиогдсон. Эднийг уг нь цагаатгасан юм. Тэгвэл тэднийг гэмтэн болгох хэрэгтэй болж хувирч байгаа байхгүй юу. Энэ их хэцүү. “Манайх мөртлөө хүнийх болсон хүмүүс” гэж манай түүхийг бодитой судалсан судлаачдын хэлсэн үг бий. Хойд коммунист хөршийн КГБ-гийн айхавтар нөлөө өнөөдөр мөнх байна. Цаашид ч мөнх байж магадгүй болчихлоо. Урд нэг том коммунист орон байгаа. Тэрний гар хөл болсон улсууд улс төрд байна. Сэтгэлгээний өндөр цар хүрээтэй, оюуны бядтай, нэмээд эр зоригтой манлайлах чадвартай, дарангуйлал, айлган сүрдүүлж байгаагаас буцахгүй, няцахгүй хүмүүсийн тоо нэмэгдээсэй. Улс үндэстнүүдийг харж байхад нэгэн суутан хүний хэлсэн үг санаанд орлоо. Толгойлж авч яваа тавхан хувь байдаг. 95 хувь нь шимэгч байдаг юм байна. Цөөхөн ч гэсэн манлайлж яваа, түрүүлж сэтгэж байгаа болгоныхоо үгийг сайн сонсож байх хэрэгтэй. Ардчилал гэдэг бол олонхоороо цөөнхөө дарангуйлдаг дарангуйллын тогтолцоо болчихожээ. Энэ ардчиллыг социализмаар сольчихлоо гэж хэлэх байна. Нөгөө талаар эрх баригчдад анзааруулж хэлэхэд би эд нарт өсөрхөж, дургүйлхсэндээ биш, бүх явдал суудал, үзэгдэлд баримт пакттай хандаж байгаа юм.

-Та “No Naadam”, “No dou­ble standart” хөдөлгөөний залуусыг нэлээд дэмжиж, дуугарч байгаа харагддаг. Тэдэнтэй ямар холбоотой юм бэ?

-Цөөхөн ч гэсэн ийм залуус, хэн нэгнээс хараат бусаар, аль нэгэн намын даалгавраар биш, дангаараа өөрсдөө бие даан сайн дураараа эвлэлдэн нэгдсэн. Бие биеэ танихгүй хэрнээ үзэл бодлын уулзвар дээр нэгдэж байгаа нь маш зөв хандлага. Ирээдүйд зөв үр соёолж байгаа юм байна гэж харж байгаа. Миний сэтгэлээ тэнийлгэх зүйл энэ байна даа.

Үргэлжлэл бий