Маэстро Д.Сосорбарамтай хөөрөлдсөн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.
Түрүүч нь: https://admin.dnn.mn/%D0%B4-%D1%81%D0%BE%D1%81%D0%BE%D1%…
-АН-ын өнөөгийн энэ байдал 30 жилийн өмнөх эхлэлийн цэг дээрээ ирсэн байж мэднэ гэсэн горьдлого намын жирийн гишүүдэд байгаа бололтой. Монгол төрийн хоёр баганы нэг яалт ч үгүй мөн. Эсвэл энэ нам цаашид байх ёстой юм уу, энэ намгүйгээр Монгол Улс явах уу гэсэн асуудлууд ч байдаг. Харин таны бодлыг сонсъё?
-Монгол Улсын төр өрөөсөн баганатай байна. Эдийн засгийн эрх чөлөөг өөгшүүлдэг, бизнесийнхэн, сэтгэгчдийг зүгээр л орхичих. Би нэг түүхэн үйл явдлаас сонирхуулъя л даа. XVII зуунд Францын 17 дугаар Loui гэж айхавтар дарангуйлагч хаан байсан юм билээ. Түүнд Колберь гэдэг улс төрийн зөвлөх байж. Хаан түүнийг фабрикийнхантай уулзаад, төрөөс ямар тусламж хэрэгтэй байгааг нь мэдээд ир гээд явуулжээ. Фабрикийн эзэн Лежандр “Та нар биднийг зүгээр зөнд нь орхичих. Бид ажлаа хийе. Дэлхий өөрөө эргэдэг юм” гэж хэлсэн байдаг. Ингэснээр Францын эдийн засаг дэлхийн баян орнуудын нэг болсон жишээтэй.
Гэхдээ энэ социализм хүн төрөлхтөнд эргэж ирж байна. Хойд хөрш, баруун европ, АНУ ч гэсэн энэ зам руу явж эхэллээ. Тэдгээр улс орнуудад болж байгаа үйл явдлыг маш гярхай харж, цөөхөн хүн амтай үндэстний хувьд жигтэйхэн өөрийгөө аваад явчих боломж байгаа. Сэтгэлгээ, оюуны бядтай байж, тодорхой хэмжээний боловсролоо томсгож байж хүн хөгжинө. Улс үндэстний суурь бол хүн. Гэтэл энэ эрх баригчид ковидоос болж Монголын ирээдүй болсон үр хойчийнхоо боловсрол руу халдсан. Хоёр жил хөл хорио гэж хамаг юмаа хааж боохдоо ковидоос хүмүүсээ аврах биш, цар тахлаар далимдуулж мөнгө идэж байна. АН энэ Монгол гэдэг айлын бат бөх багана нь байя гэвэл чөлөөт зах зээлийн стратегийг баримтал. Тийм хүмүүс байгаа. Намыг аврах тухай биш. Хүн болгон өөрөө өөрийнхөө үзэл санаанд үнэ цэнэтэй хандах хандлага л хамгийн чухал. Хүний өөрийгөө үнэлэх үнэ цэнэ алга болбол бүх юм устана. АН-д өндийх боломж ганцхан үлдсэн. Чөлөөт эдийн засгийн зах зээлд дээр хэлсэнчлэн хоёр гуравхан эрх бий. Чөлөөт зах зээл. Төр хувийн өмч, иргэдийн эрх чөлөө рүү халдахгүй байх. Төрийн оролцоог бүр байхгүй болгож байж явна. Өнөөдөр бүтэшгүй дээ гэж бодогдох боловч хүссэн хүсээгүй энэ тогтолцоо руу явна. Коммунизм, социализм байх биз. Яахав хугацаа орно л доо.
1990 оныхоо эрх чөлөөний үнэ цэнийг алдахгүйн тулд, 1996-2000 онд явуулсан бодлогоо чанд бариад тэрийгээ илүү бяджуулаад, хүний эрхийг тод томруунаар тунхаглаж өгөөд л барууны үзэл рүүгээ орох ёстой. Ер нь барууны үзэл гэдэг нэр томьёоноосоо ч татгалзмаар. Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт зах зээл. Энэ үйл явц дунд хүмүүс хоорондын гэрээ контракт явахад тэрийг нь хуулиар хамгаалдаг, ёс зүйгээр явдаг эрх байдаг.
-АН-ыг барууны үзэлтэй нам биш. МАН-ын өөрсдийнх нь үүсгэн байгуулсан нам гэж ярих хүмүүс байдаг. Социалист систем задран унах үед коммунист намууд татан буугдаж байсан. Харин тэр үед одоогийн МАН-ыг татан буугдаагүй үлдсэн шалтгаан нь АН-ыг байгуулж, олон намын тогтолцоотой юм шиг харагдуулахын тулд үүсгэсэн гэх юм билээ?
-Наадах чинь худлаа. Түүхийг гажуудуулъя гэсэн хүмүүсийн тиймэрхүү яриа байдаг. Харин МАН тэр үед юу ч үгүй тараах байсан юм. Тараагаагүй нь алдаа болсон. АН бол жинхэнэ бие даасан нам болж байгуулагдсан юм шүү.
Үүгээрээ Монгол Улсад олон намын системийг бий болгосон. Хэзээ байтлаа Улаанбаатарт гэртээ харих гэж машинтайгаа оочерлодог байсан юм. Дэлхийн зиндаанд ойр шилэн цамхагууд хэзээ манай нийслэлд байлаа даа. Би 90 оноос хойших 30 жилийг бүхлээр нь харлуулдаг хүмүүсийг төвөг цаашаа гэж хэлнэ. Ардчиллын хишгийг муу хэлж байгаа хүмүүс магадгүй илүү ихийг ч хүртэж байгаа. Сүүлийн 30 жилд Монгол Улс үсрэнгүй хөгжсөн. Улаанбаатарыг хар. Аймгуудаа хар. Орон нутагт тавигдсан зам харгуйгаа хар. Бүү чамла. Шүүмжлэлтэй асуудлууд бий. Тэр нь улс төрийнхөн л байгаа. Ер нь энэ дампуурал, хямрал хар бохир үйл явцыг улстөрчид л хийж байна. Эдийн засаг нь улстөрчдийн хоорондын хуйвалдаан, толхилцооноос болж хямарч байна. Улс төр оролцохгүй, төр зөнд нь орхичих юм бол тэр муу хэлээд байгаа 30 гэр бүл чинь энэ улсыг аваад явчихна. Тэрнийгээ дагаад хүмүүс нь хөгжинө. Манай Цогтсайхан социализм дөнгөж дуусах тэр агшинд “Зарц бол мэргэжил” гэж бичсэн байдаг юм. Хэн баялаг бүтээж байна, тэнд орж ажиллаж байгаа хүн үр хүүхдээ тэжээхийн тулд өөрийнхөө амьжиргааг сайжруулахын тулд л хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Хэн нэгэн компанийн захирал, хэн нэгэн байгууллагын төлөө ажиллаагүй. Иймээс тэр байгууллагад үнэ цэнэтэй хүн гэдгээ харуулахын тулд хүн болгон ур чадвараа дайчлан ажиллах ёстой. Тун удахгүй цалингаа нэмүүлж, орон сууцтай болохын тулд шунаж ажиллах хэрэгтэй. Мөнгийг өөрөө олж, босгож байна гэдэг бол өөрийгөө үнэлэх том үнэлэмж.
-Сөрөг хүчин үнэхээр муу байна. Төв нам нь дотроо хагаралтай, УИХ дахь намын бүлэг нь бас жонхуу шиг. Баабарын хэлснээр АН ёроолдоо хүртэл уначихав уу даа?
-Сөрөг хүчин бол сөнөсөн. Нэг намын дарангуйлалтай адил болчихсон. АН-аас УИХ-д оччихоод АН-ынхаа бодлогыг хэрэгжүүлэх ёстой болохоос биш эргэж тангарч болохгүй. Тэрний эсрэг улаан коммунист үзэлтэй хүнийг намдаа татлаа. Намын бүлэг доторх нөхөр бид үзэл бодол нэгтэй байсан гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ удаагийн УИХ доторх сөрөг хүчин сөнөсөн.
АН-ын энэ байдал илааршихгүй, удна. Эвлэрлийн Их хурал зарлаж байна. Би амьдралдаа ээлжит их хурал, ээлжит бус их хурал гэж сонсож байсан. Гэтэл эвлэрлийн их хурал, эвдрэлийн их хурал, хагарлын их хурал гэж сонсож байгаагүй. Одоо их хурлаараа шулуухан үзэл санаагаараа ялгарах хэрэгтэй. Социалист үзэл санаатай хүмүүсийг хүндэтгээд “Та нар тийм үзэл бодолтой нам руугаа л явчих. Бид бол чөлөөт зах зээл, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлдэг стратегитэй нам байна. Тэгээд өрсөлдье. Сонгогчид хэнийг нь сонгохоо өөрсдөө мэдэг” гээд нэг талдаа гарах хэрэгтэй. Ингэж хоёрын хооронд, гурвын дунд нам ч биш, юу ч биш яваад хэрэггүй. Хүн эрх чөлөөтэй байх, өмчтэй байхыг хүсч байна уу, айдастай байхдаа дуртай байх нь уу. Эсвэл хэн нэгний хараат байх ёстой юу. Ингээд үзэл бодлоороо ялгараад жамаараа явах хэрэгтэй. Сайдаж муудаад байх ч хэрэггүй.
-АН-ын энэ нунж дорой, хэрүүл тэмцэлтэй байдал өнгөрсөн сонгуулиудад ялагдах гол шалтгаан байлаа. Гэтэл нөхөн сонгуулийн өмнө эвлэрлээ гэж зарласан ч нэмэр болсонгүй.
-Юун эвлэрэх. Энэ бол шоу байсан. Зүгээр явуулга. Монгол Улсын маань тав дахь Ерөнхийлөгч байсан нөхөр зүгээр л өөрийнхөө гар хөлийн хэдэн товарищуудыг эвлэрч байгаа дүр эсгээд ялагдуулчих гэсэн увайгүй үйлдэл байсан.
-Х.Баттулга, Н.Алтанхуяг нар нам байгуулах гээд намаа бужигнуулаад яваа л гэх юм?
-Тэгээд яваг л дээ. Иргэний зориг ногоон нам, Үндэсний фронтын нам, Шинэ нам, Нэгдсэн намуудаа нийлүүлээд яв. Эсвэл Ардын намдаа дагаар орог.
-Уг нь та Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход хамгийн их дэмжиж ажилласан хүн шүү дээ. Гэтэл таны мэдэгдэл зэргээс харахад нэлээд таарамжгүй харилцаатай байгаа бололтой?
-Би 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд АН баяртай гээд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энд ярьсан чөлөөт зах зээлийн зарчмыг хэлээд “АН дампуурлаа зарлаад тарчихъя. Манай нам улаан социалист болжээ” гэж хэлээд гарсан. Хэдий намаас гарсан ч уруул дордойвч элэг дордойхгүй гэгчээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход нь асар том түлхэц, нөмөр болсон хүн бол би. Тэрүүгээрээ бахархана. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчдээ болон сая Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Эрдэнийг хүртэл дэмжээд явсан. Энд би өөрийн үзэл санаагаараа намын нөхдөө дэмжсэн хэрэг. Харин үзэл санааны эсрэг нөхдүүдийг хэзээ ч дэмжихгүй, тэрийгээ ч шударгаар хэлчихдэг.
-“No naadam”, “No double standart” хөдөлгөөний залуусыг дэмжиж байгаа таныг С.Эрдэнийн захиалгаар хөдөллөө гэсэн шүүмжлэл байна лээ?
-Энэ хөдөлгөөний залуусыг дэмжиж байгаа явдал бол миний өөрийн оюун бодлын дуудлага. Тэдгээр залуус миний хүүхэд шиг. Би санхүүжүүлж чадахгүй, надад мөнгө байхгүй. Би биеэрээ, бодол санаагараа хамгаалах юмсан. Ядаж, түшиг болоод байх юмсан гэж дэмжиж байгаа юм. Би хэний ч хараат бус. Эхнэрийнхээ ч хараат бус. Эхнэрээ ч өөрийнхөө хараат бус байлгадаг. Ийм эрх чөлөөний эрмэлзэлтэй нөхөр шүү дээ. Тэгэхээр намайг хардаж, харлуулаад явахгүй. Нөгөө талаар онигоо болно. Х.Нямбаатар сайд хэлнэ ээ. “No naadam”, “No double standart” хөдөлгөөний ард хэн хэн байна вэ” гэж. Энэ хүүхдүүд энэ нөхрийг өөрийг нь хүн гүтгэсэн гээд шүүхэд өгөх хэрэгтэй. Энэ хөдөлгөөний залуус Засгийн газрыг огцор гээгүй. Хүний эрхийг боомилсон Ковидын хууль, Онцгой байдлын хууль, Зөрчлийн хуулиа цуцал гэж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Харин бизнесээ тэлье гэж байна шүү дээ.
-Та бүхний Тамирын голын мөсийг долоох шахам тэмцэн байж авчирсан ардчилал эрх чөлөөний үнэт зүйл өдөр ирэх тусам бүдгэрсээр байгаа нь харамсалтай.
-Одоо байхгүй. Тэр үнэ цэнэ 1996-2000 оны хооронд дөрөвхөн жилийн турш том өгөөжөө өгсөн. Өмч хувьчилсан, иргэд орон сууц, мал хунартай болсон. Гадагш, дотогш зорчих паспорттой болсон, суурь үнийг чөлөөлсөн, гаалийн татварыг тэглэсэн. Зах зээлд нийцсэн бодлого явуулсан. 2000 оноос хойш энэ үнэ цэнэ баллагдаад, зугуухнаар коммунистжиж байна л даа. Нөгөө ардчилсан намын маань удирдлагууд засагт орохдоо эвсээд, зөвшилцөөд явчихдаг. Ер нь эвсэж, зөвшилцөнө гэдэг бол фашизмын үндэс суурийг тавьж байна гэсэн үг шүү дээ. 2000 оноос хойших бүх үйл явдал өнөөдрийн энэ дарангуйллыг далласан. Улстөрчдийн хоорондын тохиролцоо, үүнээс болж толхилцоо үүссэн. Харамсалтайгаар барахгүй, гашуудалтай болчихлоо.
-Үүнээс гарах ямар гарц байна вэ?
-Дээр хэлсэнчлэн үзэл санаагаараа өрсөлдөж байгаа, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, олшроосой. Аль нэг нам, хүний хараат бус. Яг өөрийнхөөрөө явж байгаа залуус энэ нийгмээс гарч ирж байгаа явдалд талархаж байгаа.
-Манай монголчууд тэмцэж чаддаггүй ард түмэн юм биш үү. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө огт дуугарахгүй юм. Шатахуун тасалдаад үнэ нэмэгдэхэд яав, нөгөө л хэдэн залуус талбай дээр очоод зогсдог байх жишээтэй. Нөгөөтэйгүүр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа иргэдийг барьж, цагдаад байхаар нийгэм бас айдаст автаад байна уу?
-Хүн бүр өөрийнхөө үнэ цэнэ, эрх ашиг, хийж чадаж байгаа зүйлээ хамгаалахын төлөө тэмцэхгүй байгаа юм. Өөрийн бүтээсэн, сэтгэсэн зүйл тархинд гэрэл гэгээ баялаг өгдөг биз дээ. Хүн бүр тэгж чадахгүй байна. Шимигч царайтай болчихсон. Тэрэн дээр нь нэмээд улстөрчид тархийг нь бохирдуулдаг. Эд нарт ийм нийгэмтэй байх нь өөрсдөд нь ашгтай байна шүү дээ. Дээр нь ковидоор айлгана, шонд дүүжилж шоронд хорино шүү гэж сүрдүүлнэ, сүүлдээ хорьж цагдаж байна. Жишээлбэл, 1937 оны хэмэгдүүлэлттэй дүйцэхүйц улс төрийн хэлмэгдүүлэлтийг явууллаа, эд нар. Груван Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайд гээд олон хүнийг хорилоо. Эргээд бодоход тэдний хийсэн үйл хэргийн ачаар өнөөдөр эдийн засгаа авч явж, халамжаа тарааж байгаагаа санах хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаар гэрэл цахилгааны, дулааны төлбөрийг тэглэж байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь Орост байсан бол тэгж чадах уу. 100 хувь Монголдоо ирчихлээ. Үр дүн нь гарч байна. Цар тахлын үед ард иргэдийн амьжиргааны түвшинг аваад явах, амь тариа болж байна шүү дээ.
-Засгийн газраас Оюу толгойн хэлэлцээрийг явуулж байна. Энэ үйл явдлыг та хэрхэн ажиж байна вэ?
-Оюу толгойд их болгоомжтой, ухаалаг хандахгүй бол хөрөнгө оруулагчдаа алдана. Одоо явж байгаа гэрээгээ сайжруулаад дипломат маягтай харьцах ёстой. Гэтэл хөрөнгө оруулагчаа элдвээр гоочлох юм бол хаяад л гарна шүү дээ. Дэлхий дахинд баялгаар бизнес хийж байгаа хүмүүст ямар Монгол орон мундсан биш дээ. Үүний үр дүнд хэн хожих уу, хоёр хөрш ороод ирнэ. Оюу толгойд ажиллаж байгаа 15 мянган залуус ажилгүй болно. Тэдний ар гэр, амьжиргаа нь юу болох уу. Асуудлыг том хүрээнд харж, гэрээндээ аль болохоор чамбай хандвал сайн. Тэгж чадвал дараа дараагийн хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Гэтэл одоо манайх руу шагайж байгаа хөрөнгө оруулагчдыг бүгдийг хөөж байгаа нь үнэхээр тоогүй. Японы хөрөнгө оруулагчийг улстөрчдийн зарим нь айлгаж сүрдүүлээд явуулчихлаа шүү дээ. Түүний өрөөнөөс хар тамхи илэрлээ гээд дарамтлаад хөөчихсөн. Тэр хүн бусад хөрөнгө оруулагчдад ярьсан байна лээ, “Монгол руу битгий зүглээрэй. Тэгж л үйлээ битгий үзээрэй” гэж. Ингэж болохгүй л дээ. Ийм байхад хэн Монголд хөрөнгө оруулна гэж орж ирэх юм бэ. Харин хоёр хөрштэйгөө эдийн засгаараа нээлттэй харилцах хэрэгтэй. Энэ бол маш дипломат хүрээнд байх ёстой.
-Та өмнөх дугаарын ярилцлагад хойд хөршийн КГБ-ийн нөлөө одоо ч манайд оршин тогтнож байгаа гэж хэлснээ тодруулахгүй юу?
-Ер нь Орос араншин тавигдахгүй байна. Зөвхөн Монголд биш, Польш, Чех гээд гадны по-социалист орнууд руу савраа дүрж, КГБ-гийнхээ улсуудыг чихсэн хэвээр байгаа. Тэр бол манайд адилхан нөлөөлж байна. Тэгэхээр бие даасан хараат бус бодлогоо алдвал дуусаа. Дотооддоо хууль шүүхийнхнийгээ улс төрөөс хараат бус болгож, иргэдийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөтэйгөө холбох нь хамгийн чухал.
-Та шүүх эрх мэдлийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах хэрэгтэй гэж байна. Гэтэл манай Ерөнхийлөгч шүүх эрх мэдлээсээ татгалзаж, үүнийгээ УИХ-д шилжүүлж байх шиг. Уг нь Төрийн тэргүүн нам бус гэдэг утгаараа ийм эрх эдэлж ирсэн шүү дээ. Харин парламент бол олон намын тогтолцоотой болохоор шүүхийн томилгоонд жинхэнэ улс төр орох аюултай, гадныхны нөлөөнд автана гэж хуульчид, судлаачид үзэж байсан?
-Шүүхийн хараат бус байдлыг хамгаалж байгаа царайтай юм байна. Бүр эсрэгээрээ шүүх хууль цагдаа, прокуроруудаа улам хараат болгочихож байна уу даа. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн хараат болгочихов уу гэж харсан. Илүү олон хүний хараат болчихлоо. Харин Ерөнхийлөгч тэр эрх мэдлээрээ өөрөө оролцохгүйгээр хараат бус шүүхтэй байх тогтолцоогоо хадгалаад үлдсэн бол зүгээр байсан. Эрх чөлөөт орнуудад тагнуулын газар, хуулийн байгууллагынхны толгойд гарсан хүмүүс улс орны ерөнхийлөгч, парламентын гишүүдийнхээ нүд рүү нь харж байгаад “Би хараат бус ажиллана, тэгэхгүй бол энэ ажлыг хийхгүй” гэсэн эр зоригтой байдаг юм билээ. Ийм оюуны цартай хүмүүс байдаг юм байна. Гэтэл манай оюун санаа үнэхээр ядуурч байна.
-Ийм ядуу оюун санаатай төрийг удирдагчдад хэдий хугацаа үлдээ бол?
-МАН-ынханд дахин, дахин хэлэхэд 2024 оны сонгууль хүртэл явна. Засгийн газар нь огцрох гэхээсээ илүү өөрчлөгдөх ёстой. Ерөнхий сайдын зангараг гэж байна шүү дээ. Өмнө ямар, ямар зангарагтай Ерөнхий сайдтай байв, манай улс. С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд болсон. Ер нь би боддог юм. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад хүмүүс айж, эмээж байгаагүй. Сэтгүүлчийг шүүхэд өгсөн тохиолдол байхгүй. Хүн болсон хойно алдаа, оноо байлгүй яахав. Ололтоо дөвийлгөж, алдаагаа хянаж, анхаарч явбал тун хэрэгтэй. Манай улстөрчид тэгэхгүй байна.
-Жагсагчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, тав тухтай орчин нөхцөлөөр хангах хуулийн зохицуулалт байдаг. Олон улсын гэрээ, конвенцэд ч энэ талаар тодорхой заасан байдаг. Гэтэл эрх баригчид жагсагчдын эрхэд халдаж байгаа нь нүдэнд ил байна. Өөрсдөө жагсахдаа хэдэн арван гэр талбай дээр барьдаг байсан шүү дээ. Гэтэл өвлийн хүйтэнд талбай дээр тэмцэж байгаа иргэдээ майхан барихыг нь хүртэл хориглож байгааг та юу гэмээр байна?
-Энэ бол хүнийг харгислаж байгаа харгислагчид. Яргын сэдэлтэй эрх баригчидтай, зандалчилж байдаг заналчин цагдаагийн дарга нартай болчихож. Тэд өөрсдөө үр хүүхэдгүй улсууд уу. УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд яагаад энэ асуудалд анхаарахгүй байна вэ. Өөрийнх нь үр хүүхэд, хамаатан садан ийм харгислал дор тэмцэж байвал ингээд гараа хумхиад суугаад байх уу. Өөрсдөөсөө ичих хэрэгтэй.
Тэгсэн атлаа аливаа баяр цэнгүүн, уул овооны тахилгад манай төрийн түшээд уухайлан оролцоцгоож байна. Өнөөдөр бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ. Энэ зун Цамбагарав хайрхан, Отгонтэнгэр хайрханыг тахилаа. Баахан ковид тараалаа. Тахилгын үйл явц дунд муудсан идээ будаа их. Дээрээс нь жорлон байхгүй болохоор тэнд очсон олон мянган хүн дуртай газраа бие засна. Уулыг ингэж тахидаг юм уу. Отгонтэнгэрийн хормой дахь Бадархундага нуур руу алт, мөнгөн аяга, хадганд ороосон бумба хийж байх жишээтэй. Энэ чинь дээд зэргийн тэнэглэл. Тэр нь Бадархундага нуурыг бохирдуулаад зогсохгүй яваандаа ширгээх аюултай шүү дээ.
-Уулаа мөнгө болгох боломжийн талаар яриандаа цухас дурдаж байсан. Танд ямар санаа байна вэ?
Хаана байна, байгальдаа хайртай гээд байгаа нь. Тэгэхэд япончууд Фүжи уулаа өдөр бүр тахидаг юм байна гэж харсан. Тэр нь юу вэ гэвэл нэг, хоёр, гурав гэсэн үечлэлтэй. Тэнд нь бизнес явдаг. Дээд зэргийн ариун цэврийн өрөө, элдэв бэлэг дурсгалын дэлгүүрүүд, үнэтэй хувцсны брэндүүдтэй. иргэд зургаа авахуулна. Уулаа бизнес болгосноос гадна хамгаалчихаж байгаа юм. Хэн ч хог хаядаггүй. Би Австри, Швейцарийн өндөр уулуудад гарч байсан. Дэлхийн баячууд цугладаг Швейцарийн Санкт-Мориц хотод сар болж байлаа. Тэр уул бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд орсон байгаа юм. Цанаар экстрим гулгалт хийн, хөлдсөн нууран дээр морин поло явуулна. Олон төрлийн спортын арга хэмжээ өдөр бүр болдог. Дүүжин галт тэрэгтэй. Тэнд байгаа үйлчилгээ нь бүгд мөнгө. Уул, орчноо цэвэр байлгаад хамгаалчихаж байна. Уулын тахилга гэж үүнийг хэлнэ. Найман мянган метрийн өндөрт гарах хүсэлтэй хүмүүс байна шүү дээ. Дүүжин гал тэргээр зорчоод орой дээр нь гарчихна. Цасан дунд дэлхийн дээд зэргийн ресторан тэнд барьсан байна. Уулаа ингэж амилуулах ёстой. Швейцарьт байдаг миний найз надад хэлж байсан юм. “Танайх Таван богдоо амилуулаач ээ. Таван богдыг дэлхий шавдаг газар болгож болно” гэж билээ. Үнэхээр Таван богдод өвлийн олимп, спорт наадам зохиодог газар болгох боломжтой. Тэрийг дагаад дэд бүтэц хөгжиж, орой дээр нь онгоц, нисдэг тэрэг гардаг бизнесийн төв болно. Уул судлах шинжлэх ухааны төв ч байгуулж болно шүү дээ. Гэтэл одоо жорлон байхгүй, хамаг ялгадсаа цацчихаад, хад харагдвал өөрсдийнхөө нэрийг биччихээд явж байгааг нь дээд зэргийн тэнэглэл гэхгүй бол өөр юу гэх билээ.
-Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлыг та нэлээд шүүмжилж байгаа харагдсан?
-Мод тарьж болно. Гэхдээ айл болгон орчноо сайхан тохижуулж цэцэрлэгжүүлж, амьдрах орчноо тухтай сайхан болгох гэж хичээж байгаа. Тэрийгээ хуваарилчих хэрэгтэй. Тийм сайхан ажил өрнүүлж буй иргэдийн татварыг бууруулна гэж болно. Тэгэхгүйгээр ой модонд ургаж байгаа модыг огтолж авчраад өөр газар суулгахыг мод тарих гэхгүй ээ. Ургуулах биш, сөнөөж байна. Хоёр өөр хөрс шүү дээ. Сүүлийн үед дэлхийн дулаарал гээд яриад л байна. Би энэ тухай дэлхийн том эрдэмтний номыг уншсан. Ейн Флаймер гээд Австралийн геологи судлалын том эрдэмтний бичсэн “Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ” гэдэг номонд дэлхий угаасаа өөрийн жам ёсны цикльтэй юм гэжээ. Тэгэхээр жамаараа явж байгааг битгий оролдоод бай. Жамыг хэн ч сөрж дийлэхгүй шүү дээ. Ер нь жам гэдэг бол хатуу бөгөөд үнэн. Мөнхийн амьд юм шиг авирлах хэрэггүй. Ертөнцийн жам бол хэн байхаас үл хамааран үүрэх ёстой ачаа, эдлэх ёстой үйл лайг нь эдлүүлнэ. Энэ хорвоо дэлхийд хүн нүцгэн ирээд нүцгэн буцна.
-Оюун санааг тээгчид та бүхний үзэл бодол нийгэмд асар их үгүйлэгдэж байгаа энэ цаг үед илэн далангүй яриа өрнүүлсэн танд талархлаа. “Уран бүтээлч хүний хувьд ковидын үед ямар ажлуудыг амжлуулж байна даа” гэсэн асуултаар яриагаа өндөрлөе.
-Коронагийн үед уран бүтээл хориотой байна. Жилийн өмнө сар бүрийн сүүлийн гурав хоногт нэг жүжигчний уран бүтээлийн цэнгүүнийг толилуулж байя гээд эхлүүлээд хоёр гурван сар болсон байсан юм. Тэгээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын тасалбар ч дуусчихсан байв. Хөл хорио тогтоогоод бүх юм хаагдсан ч үзэгчид маань хүлээгээд байж байгаа. Одоо энэ сардаа ковид гайгүй бол уран бүтээлийн цэнгүүнээ хийнэ. Манай Б.Цэнддоогийн хоёр шүлэгт ая эгшиглэн хийсэн.Одоо хөгжмийн найруулга хийж байгаа. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн баримтат нэвтрүүлэг, кино хийж байна. Ер нь уран бүтээл зогсохгүй байгаа. Монголын 1921 оноос эдүгээ хүртэлх түүхийн бодитой баримт пактыг эмхтгэсэн түүхч Б.Баатар, Лонжид, О.Батсайхан нарын “Мартаж үл болох, давтах учиргүй түүх” номыг тус бүр 30 минутаар хураангуйлж бичсэн ведио бүтээл дээр ажиллаж байгаа. Бас сонсдог ном болгох гэж байна. Хааяа Баабар.мн дээр нийтлэл бичнэ ээ. Уран зохиолын болон судалгааны номуудыг ч харж байна. Америкийн алдартай зохиолч Айн Рэндийн бүтээлүүдийг анзаарч судалж байна. Тэр хүний гурван жүжгийг найруулж тавьсан. Цаг тавигдахаар жүжгүүдээ найруулж тавина. Ийм л ажлууд дээр ажиллаж байна. 1990 оноос хойших ардчиллын ороо бусгаа түүхийг онтой, сартай нь үлдээхгүй бол түүхийг бүтээсэн эзэд нь байхад гуйвуулж байна шүү дээ. Тиймээс тэрхүү түүхэн он цагийн бодит үнэнийг хэлхэж сууна даа.