Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 18-20 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүйтэрч Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Европ цар тахлын голомт болж байгааг ДЭМБ онцоллоо

Европ дахин коронавируст цар тахлын голомт болж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анхааруулж байна. Европ дахь салбарын тэргүүн Ханс Клюге ирэх оны хоёрдугаар сар гэхэд тус тивд 500 мянган хүн нас барах магадлалтай тооцооллыг танилцуулжээ. Халдварын тархалт дахин эрчимжиж буйг тэрээр дархлаажуулалт хангалтгүй байгаатай холбон тайлбарлаж байна. “Бид Ковид19-ийн тархалт нэмэгдэж буйд хариу үйлдэл үзүүлэхээс эхлээд тэдгээрээс урьдчилан сэргийлэх хүртэл тактикаа өөрчлөх ёстой” гэж доктор Клюге хэллээ.
Сүүлийн саруудад тив даяар вакцинжуулалтын түвшин эрс удааширчээ. Испаничуудын 80 орчим хувь дархлаажуулалтад хамрагдсан бол Франц, Германд 66-68 хувьтай байгаа юм. Түүнчлэн төв болон зүүн Европын зарим оронд хүн амынхаа талыг хувийг ч дархлаажуулж амжаагүй хэвээр байна. 2021 оны аравдугаар сар гэхэд оросуудын дөнгөж 32 хувь нь бүрэн тун авчээ.
Өнгөрсөн долоо хоногт Герман, Их Британи зэрэг улсуудад хоногтоо илрэх шинэ тохиолдлын тол 30 000 давсан нь тахлын дөрөв дэх давлагаа эхэлснийг илтгэж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Шанхай хотод Монгол дэлгүүр нээгдлээ

Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн” 2021 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдөр болж байна. Уг арга хэмжээнд манай улсын аж ахуйн нэгжүүд тогтмол оролцож ирсэн бөгөөд цар тахлын улмаас энэ удаагийн экспод АПУ ХК, MIM Global ХХК, “SainTumen Cashmere” зэрэг 3 компани оролцож байгаа юм.

Хятад улсын хамгийн том импортын үзэсгэлэн худалдаа болон өргөжсөн энэхүү арга хэмжээг угтан Шанхай хотын Хунчяо бизнесийн бүс дэх Грийнланд дэлхийн импортын бараа, бүтээгдэхүүний худалдааны төвд Монголын импортын барааны павильон 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр мөн нээлтээ хийгээд байна.

Уг нээлтийн ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар, “Шанхай Шинэ Трэйд” ХХК-ийн захирал Б.Золцэнгэл, Грийнланд төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Юй Гуовэй зэрэг зочид оролцов.

Монголын импортын барааны шинэ павильонд ноолууран бүтээгдэхүүн, хивс, цай, ундаа, архи, шар айраг зэрэг 100 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа бөгөөд Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Шанхай Шинэ Трэйд” ХХК уг павильоны үйл ажиллагааг бие даан хариуцаж байгаа юм. Түүнчлэн тус компани нь өнгөрсөн хугацаанд Хятад улсын зээлд манай улсаас бараа нэвтрүүлэн худалдаалахад шаардлагатай холбогдох дүрэм, журам болон тээвэр, логистикийн чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулжээ.

Грийнланд төвд манай улсын импортын барааны павильоныг нээн ажиллуулснаар тус худалдааны төвийн нэгдсэн платформоор дамжин БНХАУ-ын хэд хэдэн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй салбаруудаар манай улсын экспортын бүтээгдэхүүнийг худалдаалах боломж нээгдэж байгаа аж.

Ингэснээр цаашид Монгол Улсаас Хятад улсын зах зээлд гаргах уул уурхайн бус бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх, улмаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

БНХАУ-ын Грийнланд групп нь үл хөдлөх хөрөнгийн салбарт Шанхай хотдоо 2 дугаарт ордог томоохон компани бөгөөд Шанхайн импортын экспо арга хэмжээ зохион байгуулагддаг Үндэсний үзэсгэлэнгийн танхимын урд хэсгийн талбайд өөрийн цогц байгууламжийг барьж байгуулсан байна. Энэхүү цогц төвд Грийнланд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны төвөөс гадна оффисын барилга, тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон, 5 одтой зочид буудал багтдаг ба уг төв нь хамрах хүрээгээрээ Хунчяо бизнесийн бүсэд 2 дугаарт бичигдэж байна. Грийнланд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны төв нь анх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээлтээ хийж байсан бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй улсын үндэсний павильон, 112 брэндийн павильон ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд Япон улсаас 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-гаас ковид19 цар тахалтай тэмцэх Япон Улсын ЗГ-ын яаралтай буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан ковидын түргэвчилсэн оношлуур нийлүүлэх юм. Гэрээнд Монгол Улсыг төлөөлж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг гарын үсэг зурлаа. Түргэвчилсэн оношлуур нь Япон улсын “Дэнка” компанийнх юм. Япон улсаас Монгол Улсад нийт 883 сая иений /8 сая $/ буцалтгүй тусламж үзүүлэх ба хөтөлбөрийн хүрээнд оношлуураас гадна мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж, вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин, зөөврийн хөргүүр зэргийг нийлүүлнэ.

Categories
гадаад мэдээ

Нью-Йорк хотын даргаар Эрик Адамс сонгогджээ

Нью-Йорк хотын захирагчаар сонгогдсон Эрик Адамс эхний гурван цалингаа биткойноор авна гэдгээ зарлав. Тэрбээр албан тушаалаа авсныхаа дараа Нью-Йоркийг “крипто валютын салбарын төв” болгох бодолтой байгаагаа ч мэдэгдэв.

Ардчилсан Намын гишүүн Эрик Адамс нь Нью-Йорк хотын хувьд хоёр дахь хар арьст захирагч гэдгээрээ онцлогтой. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сард шинэ албан тушаалаа хүлээж авах аж.

“Guardian Angels” гэх иргэний аюулгүй байдлын эргүүлийг үүсгэн байгуулагч Бүгд Найрамдах Намын Кертис Сливийг захирагчийн өрсөлдөөнд ялах нь амархан зүйл байлаа гэж ярьсаныг нь “Рёйтерз” /Reuters/ агентлаг иш татан мэдээлжээ.

(Эх сурвалж: Mignews)

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Засаг дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орж хагалгааны шарх нь эдгээгүй байх үедээ Covid-19-ийн анхны тохиолдол Сэлэнгэ аймагт батлагдсантай холбогдуулан бүтэн 60 хоног ажил дээрээ байрлан аймгийн Онцгой комиссын чиг үүргийг өгч ажилласан юм.

Хагалгааны дараах гамаа бариагүйн улмаас бие нь дахин өвдөж, хоёр ч удаа хагалгаанд орсон боловч дахин яаралтай хагалгаанд орох шаардлага гарчээ.

Энэ удаад эмч нарын зүгээс түүнийг хагалгааны дараах зургаан сарын гам барих шаардлага тавьсан тул тэрээр ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаар Засаг даргын ажлаа хүлээлгэн өгчээ.

Ш.Оргил нь 2016 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгогдсон. Тэрбээр инженер, эрх зүйч мэргэжилтэй.

Categories
мэдээ нийгэм

Монголоос Эрээн хотод тээвэрлэгдэн очсон бараанаас Ковид-19 илэрчээ

Монголоос Эрээн хотод очсон бараа бүтээгдэхүүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан тухай орон нутгийн эрүүл мэндийн хяналтын албанаас өчигдөр/2021.11.04/ мэдээллээ.

Эрээн хотын таван оршин суугч Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авч, хүлээн авсан тухайгаа хотынхоо цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсэгт мэдэгдэж, улмаар тус бараа бүтээгдэхүүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан аж.

mtЭрээн хотын тээвэр логистикийн паркийн ажилтан халдвар авсан нь аравдугаар сарын 13-нд батлагдсанаар Монгол-Хятадын гол боомт болох Эрээн болон Замын-Үүдийн хил хаагдаад байгаа. Өнгөрөгч Лхагва гаригийн байдлаар Өвөрмонголын хэмжээнд дотоодын халдварын нийт 163 тохиолдол батлагдаад байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ


Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ойн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.

Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр боллоо.

Барилдаанд улсын харцага О.Хангай, улсын гарьд Ө.Бат-Орших нар үзүүр түрүүнд шалгарч барилдаанаар Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

Categories
гадаад мэдээ

Төрийн Департамент “DarkSide” хакерын бүлэглэлийн талаар мэдээлэл өгвөл 10 сая ам.доллароор шагнана

АНУ-ын Төрийн Департамент “DarkSide” гэх хакерын бүлгийн гол гишүүдийн хэн болох, оршин суугаа газрыг тогтооход тус дөхөм болох мэдээлэлд 10 сая хүртэлх долларын шагнал амлажээ.

Нэмж дурьдахад, Төрийн Департамент энэ бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцохыг хүссэн аливаа улс орны хүмүүсийг баривчлахад туслах зорилгоор мэдээлэл өгвөл мөн 5 сая долларын шагнал амлажээ.

Энэ оны эхээр Америкийн “Colonial Pipeline” гэх түлшний хоолой руу кибер халдлага үйлдсэн хэрэгт “DarkSide” бүлэглэл буруутай гэж АНУ үзэж байгаа аж. Тус халдлагын улмаас АНУ-ын олон хэсэгт шатахууны хомсдол үүссэн юм.

Нээлттэй эх сурвалжийн мэдээлснээр, “DarkSide” хакеруудын бүлэглэл нь компьютерийн “ransomware” вирусийг ашиглан кибер халдлага хийх чиглэлээр мэргэшсэн бөгөөд тэд Зүүн Европт төвтэй байж магадгүй гэжээ.

(Эх сурвалж: Interfax)

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Бөхийн барилдаан: Уран мэхийн тусгай шагналыг аймгийн арслан Х.Оргилболд авлаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ойн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.

Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр болж байгаа юм.

Барилдааны хоёрын даваанд өмсөх мэх хийж уран барилдсан Увс аймгийн Тэс сумын харъяат бөх аймгийн арслан Х.Оргихболдод 300 мянган төгрөгийн шагнал гардууллаа