Categories
гадаад мэдээ

“Дивали” баярын дараа Дели хотын агаарын чанар аюултай түвшинд хүрчээ

Энэтхэг орон даяараа хинду шашны “Дивали” баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Баялгийн бурхан Лакшмиг тахих уламжлалт баярыг энэтхэгчүүд өргөн дэлгэр тэмдэглэж, салют буудуулж, сүрэл шатааснаар агаарын чанарын үзүүлэлт эрс муудаж, Дели хотыг саарал манан бүрхжээ.

Өнөө өглөө гэхэд Дели хотод агаарын чанар аюултай түвшинд хүрсэн тухай мэргэжилтнүүд онцоллоо. “Дивали” баяр өнгөрсөн жил цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон байна. Тиймээс бүтэн жил өнжсөн шашны баяраа энэтхэгчүүд өргөн дэлгэр тэмдэглэж, их хэмжээний салют буудуулжээ.

Агаар мандлын тоосонцор PM-2.5-ын агууламж нь шоо метр тутамд 999 буюу хамгийн дээд үзүүлэлт болсон гэж Засгийн газрын агаарын чанарын хяналтын мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

Харин хэд хэдэн бүс нутгийн хэмжээнд PM-2.5 тоосонцор шоо метр тутамд 500-тай бүртгэгдсэн нь агаарын чанар муу гэсэн ангилалд оржээ. Гэвч зарим хүн “Хинду шашны баярыг гутаах гэсэн оролдлого. “Дивали”-гийн салют нь баяр ёслолын салшгүй хэсэг бөгөөд Дели хот жилийн турш агаарын бохирдол ихтэй байдаг. “Дивали” баяр үүнд хамаагүй” гэсэн сэтгэгдлүүдийг цахим орчинд илэрхийлсээр байна.

Энэтхэг бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс юм. Дэлхий дээрх хамгийн их бохирдолтой 30 хотын 22 нь Энэтхэгт оршдог. Тус улсын хортой агаар жил бүр нэг сая гаруй хүний аминд хүрдэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн жил Дели хотод жижиг тоосонцор PM-2.5-ын хамгийн өндөр концентраци бүртгэгдсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн хязгаараас 14 дахин их байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ойн салбарын Үндэсний чуулган” ирэх даваа гаригт эхэлнэ

Ойн салбарын Үндэсний чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. Тус чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-наас 3 өдөр зохион байгуулна. Чуулганы салбар хуралдаан Байгаль орчны шинжилгээний төвд болох бол Үндсэн чуулган Төрийн ордонд хуралдах юм.

Чуулганаар манай улсад өрнөөд буй 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний эхлэл, явцын талаар хэлэлцэж, хэрэгжүүлэх арга зам, шийдлийн талаар мөн ярилцах юм.

Манай улсад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог байгуулаад байна. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хянах юм. Мөн цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулан ажиллах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бүх талаар нь дэмжинэ

Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулсан арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан бол өнөөдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэнд нийт 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 200 орчим бүтээлийг дэлгэжээ.

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар ирж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлтэй танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголбанкны төлбөрийн тэнцэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспорт гэх дүн орж иртэл нь дэмжих хэрэгтэй. Эдгээр үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан борлуулах тал дээр төр бодлогоор дэмжин, зохицуулалт хийх ёстой” хэмээн тодотголоо.

Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хувьд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол маш чухал салбаруудын нэг. Хамгийн их ажлын байр хадгалж байгаа салбар. Ажлын байр хадгална гэдэг нь ур чадвараа хадгалж байгаа гэсэн үг. 670 мянган ажлын байр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт бий. Нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувийг энэ салбар дангаараа эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс Засгийн газартайгаа хамтран бодлогоо нэгтгэж, дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нь хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байна. Тус салбарын бүтээгдэхүүнийг эхний ээлжид БНХАУ-ын зах зээл рүү гаргах ёстой. Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-ын зах зээлд гаргах талаар судлан, ажил хэрэг болгох үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын төлөөллүүдийг авч явна гэж бодож байгаа. Энэ мэтчилэн бодлого гаргаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ бусад орны зах зээлд гаргах ажлыг нийслэлийн зүгээс шуурхай зохион байгуулна” хэмээв.

Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогод шингээх, иргэдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ойлголтыг нэгтгэх, салбар дундын зохицуулалтыг бий болгох тал дээр түлхүү анхаарч байна. Соёлын өв, нөөцийг судалж буй эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээг соёлын бүтээл үйлдвэрлэгчдийн бүтээл, үйлдвэрлэлтэй хэрхэн нэгтгэх ёстой талаар ч мөн судалж байгаа. Оюун санааны томоохон хүчийг техник технологийн давуу талтай нийлүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бүтээн, дэлхийд өрсөлдөх нь бидний хамгийн том зорилго болоод байна” хэмээн ярьж байлаа.

Үзэсгэлэнд оролцогч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид санал, сэтгэгдлээ хуваалцав.

Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч У.Ганцэцэг “Нийт 11 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дундаас 100 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг сонгон, өнөөдрийн үзэсгэлэнд орох боломжийг нээж өгсөн. Тус 100 аж ахуй нэгжийн нэг болоод өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдрийн үзэсгэлэнгээр Нийслэлийн Засаг дарга болон Соёлын яам жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Цаашид ажиллах хүч, ажлын байр, урлан, техник хэрэгсэл гээд бусад тулгамдаж буй асуудлыг бодлого тодорхойлогчид шийдвэрлээсэй” хэмээн саналаа хэлэв.

Налайх дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Бадмаабазар “Манайх 20 гаруй жилийн турш уламжлалт хөгжмийн зэмсэг бүтээж байна. Өнөөдрийн үзэсгэлэнд 4-5 бүтээлтэй ирсэн бөгөөд эхнээсээ үнэлгээ авч эхэллээ. Бидний бүтээлийг мэргэжлийн уран бүтээлч, байгууллагууд сонирхож байгаа нь маш том боломж болж байгаа юм. Бидэнд улсаас тогтоосон үнэлгээ, үнэлэмж гэж байхгүй. Гагцхүү ард түмэн, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжээр үнэлэгддэгээрээ онцлогтой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 10 хувиар буурчээ

Хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 51 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 29.2 хувийг эзэлж байна.

Тухайлбал, энэ оны 9 дүгээр сард иргэний өгсөн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт 2 иргэн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дотор Хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг баавгайн савар, Халиун бугын цусан эвэр 2 ширхэг, чив, сүүл зэргийг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн Увс аймгийн Ховд сумын нутаг Бураатын халх гэх газраас энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 тооны янгир ямааг хууль бусаар агнасан гэх гомдол мэдээллийг хүлээн авч хэргийн газрын үзлэг хийж, хэргийн газраас эд мөрийн баримтаар галт зэвсгийн сумны хонгио 1 ширхэг, гутлын мөр, тээврийн хэрэгслийн мөр зэргийг бэхжүүлэн авч шалгалтын ажиллагаа явуулахад:

Увс аймгийн Өмнөговь сумын 2 иргэн бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр янгирын тэх 2 толгойг агнасан хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашиглласан CZ527M карбин загварын галт зэвсэг, галт зэвсгийн сум 4 ширхгийг хураан авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэн ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтсан янгирын тэх 2 толгойг агнасанд тус бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 2,700,000 төгрөг буюу нийт 5,400,000 төгрөгний хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд шүлхий өвчин гарчээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин энэ сарын 4-ний өдөр илэрсэн. Тиймээс тус сумын Онцгой комисс хуралдаж, Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Түүнчлэн,

  • Голомтын бүсийн хамгаалалт хийх зорилгоор Зулзага 2 дугаар баг шийрийн бригадын орчмоор Суурин пост -1, Хөдөлгөөнт эргүүл 1-ийг гаргах,
  • Айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулан хүргэлт хийх,
  • Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,
  • Шийрийн бригадын Төмөр замын гарам, аргалын гарамын гүүрийг хаах,
  • Голомтын бүсийг тогтоох
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах
  • Шийрийн бригадын орчимд нутаглах ахмад настан, жирэмсэн эх, хүүхэд, коронавирусээр өвчилсөн иргэдийг голомттой бүсээс гаргах чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Мөн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30000 тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд хийх юм байна. Дөрвөн малын их эмч, наймаан мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажлаа өнөөдрөөс эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад “Ковид-19” халдварын улмаас 1724 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 940 тохиолдол илэрч, есөн хүн нас баржээ. Ингэснээр нийт 1724 хүн нас бараад байна.

Өнөөдрийн байдлаар 13915 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд үүнээс

  • Хөнгөн: 6155
  • Хүндэвтэр: 5908
  • Хүнд: 1561
  • Нэн хүнд оноштой: 291 хүн байна.

Улаанбаатар хотод 583, орон нутагт 356 тохиолдол бүртгэгджээ. Мөн 13915 хүн эмнэлэгт, 39758 хүн гэрээр эмчлүүлж байна.

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм

“Сэтгэцийн эрүүл мэнд” цогц сургалт боллоо

УИХ гишүүн Х.Булгантуяагийн санаачлагаар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд БЗД-ийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний төв болон асрамжийн төвийн 60 гаруй сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад “Сэтгэцийн эрүүл мэнд” цогц сургалтыг 2021 оны 11 сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг сургалтын нээлтэнд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл нар оролцсон. Энэхүү сургалт нь Азийн сангийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын үед иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой юм. Сургалтанд оролцогчдод “Өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх түгээмэл аргууд” номын дээжийг барив.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2021 оны 11-р сарын 06-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 8-10 хэм хүйтэн байна.


2021 оны 11 сарын 06-ны 20 цагаас 11 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2021 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна

Categories
мэдээ эдийн-засаг

“ОПЕК+” өдөрт олборлох нефтийг нэмэгдүүлнэ

“Covid-19” цар тахлын улмаас нефтийн эрэлт огцом буурч, Нефть экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд (ОПЕК+) нийлүүлэлтээ хязгаарласан. Үүний улмаас нефтийн үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм.

АНУ-ын нефтийн нөөц энэ долоо хоногийн эхээр нэмэгдсэнээс гадна үнийн өсөлтийг зохицуулахын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлж магадгүй гэж таамаглаж байсантай холбоотойгоор үнэ нь буурав.

“ОПЕК+” өнгөрсөн Пүрэв гаригт нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх АНУ-ын уриалгыг хүлээн авахаас татгалзаж, олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор нефтийн үнэ нэг гаруй хувиар өсөв.

“Brent” маркийн нефтийн нэг торхын үнэ Пүрэв гаригт хоёр орчим хувиар буураад байсан нь Баасан гаригт 82 цент буюу нэг гаруй хувиар өсч, 81.36 ам.долларт, мөн “WTI” маркийн нефтийн үнэ 97 цент буюу 1.25 хувиар өсч, 79.78 долларт хүрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нефтийн үнэ нэмэгдэж буйг харгалзан олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан. Гэвч “ОПЕК+”-ын гишүүн орнууд Пүрэв гаригт одоогийн хэрэгжүүлж буй төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, ирэх арванхоёрдугаар сараас өдөрт олборлох нефтийг 400 мянган торхоор нэмэгдүүлэх тохиролцоонд хүрэв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ Монголоос ирэх гэрээт ажилчдад хилээ нээлээ

Өмнөд Солонгост цар тахлын үеэр гадаадын ажиллах хүчний тоо 50 мянгаас 7000 болж огцом буурчээ.

Үүнтэй холбоотойгоор гадаадын цагаач ажилчдад хилээ нээхээр төлөвлөж байна. Тодруулбал, ирэх сараас эхлэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох системийн дагуу хүсэлт гаргасан Монгол тэргүүтэй 16 орны ажиллах хүчинд виз олгохоор төлөвлөжээ.

Гэхдээ цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Кыргызстан зэрэг орнуудаас ирэх ажилчид вакцинжуулалтад хамрагдсанаас 14 хоногийн дараагаас л виз авах боломжтой аж. Түүнчлэн тэд нисэх онгоцонд суухаас өмнө 72 цагт багтаан “PCR” шинжилгээгээр сөрөг хариу авсан байх шаардлага тавьж байна. Үүний зэрэгцээ өөр 11 орны ажилчдаас зөвхөн “PCR” шинжилгээний сөрөг хариу шаардах бөгөөд Өмнөд Солонгост ирснийхээ дараа вакцинд хамрагдах боломжийг бүрдүүлжээ. Гадаадаас ирэх ажилчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран Өмнөд Солонгост ирмэгцээ тусгаарлах байранд 10 хоног ажиглалтад байх шаардлага тавьж байгаа аж.