Улс тунхагласны ойн баярын өдрийн босгон дээр Ерөнхий сайдын орлогч буюу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ярилцлагыг хүргэж байна. “Ковидын мэдээллийг өглөө эрт авдаг. Тэдэн хүн нас барлаа гэхийг сонсоод, аврах боломж байсангүй юу, эм тариа нь байсан юм уу, юу дутав гээд шалгаах, эрүүл мэндийн салбарынхандаа л итгэж найдахаас өөр аргагүй юм даа” гээд орж ирсэн бичгээ удаан ширтэх түүнээс хүнд хэцүү яриа гарах нь тодорхой байв. “Урт налгар намар боллоо шүү” хэмээн би яриагаа эхэллээ. “Тэглээ, монголчууд биднийг байгаль дэлхий харж үзлээ. Зуншлага сайхан, намар урт боллоо. Сая аймгийн Засаг дарга нартайгаа уулзлаа. Нэвсийсэн цас ороод өгвөл сайхан байна гэнэ. Ахмадууд маань ярьдагдаа, цас зуднаас дутахгүй харын зуд гэж аюул бий гэж. Одоо өвлийн эхэн сар гарсан гэхэд дийлэнх нутгаар цас орохгүй, газар хуурай, мал усгүй, тиймэрхүү л байна гэнэ” гэх нь бас л зовнил мэдрүүлэв. Монголд нүүрлэж буй зовлон бүхэнтэй хамгийн түрүүнд нүүр тулж байгаа энэ залуутай ямар ч яриа өрнүүлсэн бөөн асуудал, бөөн нерв л ярих юм байна. Ийм албан тушаалтны эргэн тойронд шүүмжлэлээс өөр юу ч байхав дээ. Зүхүүлэн зүхүүлэн зүтгэхээс өөр сонголт байхгүй албан тушаал бол Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайдын алба бололтой. Яриа эхлээд 10 минут бололгүй ордны хоёр давхарт яаралтай хуралд дуудагдлаа. Би хүлээлээ… Удалгүй хурдаараа орж ирснээр ярилцлага 20 минут хэртэй үргэлжлэв, туслах залуу нь дахиад яаралтай дуудагдсаныг хэлснээр бослоо. Би хүлээлээ… Ингэж ярилцлага хийдэг ч гэж юу байхав, гэхдээ ингэж л тэвчээртэй хүлээж байж Монгол Улсын Шадар сайдаас хэдэн асуултад хариулт авахаас өөр арга алга. Иймэрхүү ая дантай бид хоёрын ярилцлага өрнөснийг уншигчид болгооно биз ээ.
-Тэгэхээр Шадар сайдаа, Та бид хоёр Улс тунхагласны баярын өдрийн босгон дээр уулзаж байна. Тусгаар улс байхын, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн хоёр жил өнгөрч байна гэж бодож байгаа шүү?
-Цар тахал энэ дэлхийг хил хязгааргүй нэрвэж байна. Гэхдээ энэ хэцүү бэрхийн дунд нэг чухал зүйл бол асар их үнээр олдсон тусгаар тогтнол, бүтээсэн түүх, цөөхөн монголчууд тэсч үлдэж, цаашид оршин тогтнох үнэт зүйлийг айхавтар мэдрүүлсэн он жилүүд болж байна.
Зовлон ирэхэд эх орон руугаа л бүгд зорин тэмцэн ирцгээлээ. Онгоцны хаалгаар дөнгөж гарч ирээд,нэг том амьсгаа аваад, сөхөрч суугаад мөргөж байгаа эмэгтэйг хараад УОК-ыг удирдаж байгаа миний хувьд юу бодогдож байсан гээч…
-Юу бодогдож байв…
-Яаж ийж байгаад эх оронд чинь авчирлаа, бусад нь болно доо, болгоно доо л гэж бодож зогссон. Эх оронтой байна гэдэг ийм сайхан. Хэдийд ч, ямар ч цаг үед Монгол эх орон чинь та нарыгаа тосоод л авна. Монголын төр боломжтой бүгдийг ард түмнийхээ төлөө хийсэн, хийж байна. Алдаа байгаа, түүндээ бид дүгнэлт хийж байгаа.
-Тусгаар тогтносон улс гэр байхын тэр үнэ цэнийг өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй маань нийтээрээ хэр мэдэрч байгаа бол. Та яаж харж байна?
-Ялангуяа залуу үедээ мэдрүүлэх, сануулах, үнэ цэнийг бэхжүүлэх ажлыг их хийх хэрэгтэй юм байна. Тусгаар тогтнол ямар их үнэ цэнтэй олдсон юм, ямар их золиосоор энэ эх орон бидэнд ирсэн, энэ их даяарчлалын үед Монголыг авч үлдэхийн тулд юу хийх ёстой юм, бидний түүхийн үнэ цэнэ юундаа байна, ёс заншил, өв соёл гээд цогцоор нь харах, авч явах ёстой асуудлууд байна.
-Энэ зун наадам хийнэ, хийхгүйн аль талд нь та зогсов, хувь улстөрчийнхөө хувьд шүү дээ?
-Наадмаа цахимаар хийе гэсэн байр суурьтай байсан. Баярлаж цэнгэх гэсэндээ биш, сая ярьсан үндэсний үнэт зүйл, үндэсний дархлааг сэргээсэн баяр. Энэ дэлхий дээр байгаа их бага, том жижиг бүх улс орнууд үндэсний баяраа ковидын үед хийж байна. Энэ нь зүгээр ч нэг хэрэг биш…Ямар ч хүнд цаг үед үндэсний бахархал өв соёлоо хойч үедээ өвлүүлэн бэхжүүлж байх нь чухал. 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс бөхөө барилдуулаад, морио уралдуулаад, сураа харваад, уртын дуугаа уянгалуулж, айргаа уун, үндэсний хувцсаараа, үндэсний гэсэн бүгдээрээ улам гоёж би монгол хүн шүү гэсэн бахархал бардамналыг сэргээж байх ёстой.
-Гэвч наадам хийх, хийхгүйн тухайд айхавтар шахалт орж ирсэн, гэнэт талбай дээр залуус жагсаад л…?
-Тэгсэн, олон хүчин зүйл гарч ирсэн, нөлөөлсөн. Тийм нөхцөлд иргэдээ талцуулаад, хооронд нь хэрэлдүүлээд байх нь Засгийн Газрын хувьд байж болохгүй зүйл байсан. Тийм учраас наадмаа хийхгүй байх шийдвэрийг Засгийн Газар гаргасан. Ард түмэн маань цар тахал гээд бие сэтгэлийн хямралтай үед нэрмээс болох зүйл хийхээс зайлсхийсэн.
-Нийгэмд яг юу болж байгааг, юу хүсч байгааг, эрх баригчдын ажил цаанаа яг яаж явж байгааг танаас шулуухан асууя. Таны цаг бага байгаа учраас хоёулаа ингэж ярилцах нь зөв байх. Бөөрөнхийлөхгүй шүү гэсэн санаа?
-Шулуухан хэлэхийг хичээе. Цаг бага учраас тэр нь амар байх.
-Баярлалаа, Монголд 100 жилд тохиогоогүй хүнд бэрх цаг үеийг бид туулж байна. Биднээс хамаарахгүй, шалтгаалахгүй асуудал их ч гэсэн биднээс бас шалтгаалах, бид өөрсдөдөө дүгнэлт хийх зүйлс байна уу?
-Монголчууд бидэнд нэгдмэл байх зан чанар маш чухал. Бид зовлонгийн дунд бүр илүү нэгдэх хэрэгтэй байна. Энэ их мэдрэгдлээ. Харилцан ойлголцол, итгэлцэл бидэнд байхгүй болчихож. Ард түмнээ үргэлж хорьж цагдана гэдэг төр засаг байхгүй байх нь мэдээж.Нөгөө талаас тахлын үед дур зоргоор нь тавиад улс орноо сөнөөх хүсэл төрд бас байхгүй. Цар тахлыг богино хугацаанд даван туулах, ард түмнээ хэвийн амьдралд нь хурдан оруулах ганц зорилго Монголын төрд бий. Гэхдээ бидэнд олон сул тал байна. Хүн ам цөөн, зах зээл хязгаарлагдмал байна. Махнаас бусад зүйлээр бид дотоодын хэрэглээгээ тэр бүр хангаж чадахгүй байгаа нь бодит үнэн боллоо. Шулуухан хэлэхэд гурил, будаа, ногоогоо хүртэл гаднаас авч, тэднээс хараат байгааг нийтээрээ илүү мэдэрч байна. Цар тахал бидний сайн муу, сул талыг улам тодруулж, илчлээд явж байна шүү дээ.
-Ийм сул дорой байгаагаа монголчууд бид одоо бодитойгоор хүлээж авах цаг болжээ гэж үү?
-Бурууг ард түмэн рүүгээ чихэж байгаа хэрэг огт биш. Бид өөрсдөө хэн бэ гэдгээ эхлээд дүгнэх ёстой болжээ гэдгийг хэлж байна, төрд хариуцлагатай алба хашиж байгаа бид өөрсдөдөө ч бас үүнийг хэлж байна. Цар тахал бидний амьдралд их хүндрэл учруулж байгаа ч гэсэн асар олон зүйлийг ойлгуулж, эмхэлж цэгцлэх ёстойг улам мэдрүүлж, бодит ажил хийж бүтээлчээр өөрчлөгдөн шинэчлэгдэхийг шахаж, асар олон зүйлийн үүд хаалгыг нээж өгч байна.
-Тухайлбал, эрүүл мэндийн салбарын доголдлыг ёстой нэг уудалж гаргасан биз?
-Цар тахалтай шууд нүүр тулж, өдөр шөнөгүй тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарынхнаа муу хэлэх эрх надад алга. Монголын итгэл найдвар тэд маань л байна. Гэхдээ өнөөдөр байгаа хүнд нөхцөлөөс илүү сайн байх боломж энэ салбарт байсныг хэлэх ёстой. Энэ салбар доголдолтой байгааг шулуухан л хүлээн зөвшөөрнө. Эрүүл мэндийн салбар ямар чадавхгүй болсныг, юун дээр анхаарах ёстойг нийгэм өөрөө харлаа. Хүний нөөц хүрэхгүй өчнөөн асуудал болж байна. Энэ бүгдийг өмнө нь яагаад шийдэж болоогүй юм бэ. Эм тариа гэхэд хил гааль хаачихаар бүгд хомсдолд орчихож байна. Тоног төхөөрөмж, байр савнаас эхлээд хаягдсан асуудал их байна. Эрүүл мэндийн аль ч шатанд ард түмний хүсээд байдаг наад захын стандартууд нэгдсэн байдлаар огт хийгдээгүй байж. Богино хугацаанд шийдээд ажиллаж буй, шийдэхээр зүтгэж буй олон ажил энэ салбарт гарч ирлээ. Тогтолцооны гажуудлууд маш их гарч ирлээ. Өчигдөр бий болчихсон зовлонг өнөөдөр бид арилгах гэж байгаа юм биш,өнгөрсөн хэдэн арван жилд хэвшмэл болчихсон, ийм байх ёстой юм шиг, энэ буруу хандлагууддаа дасан зохицчихсон энэ салбарыг нэг жилийн дотор өөрчилнө гэдэг үнэхээр амаргүй байна. Гэхдээ богино хугацаанд зөв голдиролд оруулахын төлөө зүтгэж байна.
-Хөл хорио ид чангарч байх үед УОК-ын хурал дээр эмнэлгийн хэдэн дарга орж ирээд дээр доргүй хэрэлдээд, бараг Онцгой комиссын хурлыг үймүүлээд хаячихдаг гэсэн яриа сонсогддог байлаа. Энэ үнэн үү, тиймдээ хүртэл эх захгүй, зохион байгуулалтгүй болчихсон салбар байсан юм уу?
-Бодит үнэн байна. Ганц эмнэлгийн дарга нар ч биш, шат шатны удирдлагууд өөрсдөөсөө ажлыг бултуулж, хариуцлагыг өөрөөсөө зайлуулах гэдэг. Заавал нэг шалтаг олдог, хийхгүй байх аргаа эхлээд хайдаг, тэгж урт удаан хугацаанд явж ирсэн юм билээ. Энэ байдал цар тахлын энэ хүнд үед ажилд мөн ч их садаа болж байна. Тэр бүрийг нийгэмд яриад байх нь би өөрөөсөө хариуцлагыг бултуулж байгаа юм шиг болчих гээд. Хэлж ярихгүй болохоор ажил эзэнгүйддэг. Энэ нь УОК ажлаа хийхгүй байгаа юм шиг ойлгогддог. Шат шатандаа хариуцсан ажлаа гүйцэтгэл сайтай хийчихэд л болох асуудал. Ний нуугүй хэлэхэд хатуу хөл хориотой, онцгой байдлын хүнд үед ажлаа ор сураггүй хаяад явчихсан эмнэлгийн дарга нар байлаа. Дайны үеийн хуулиар бол эх орноосоо урвасанд тооцогдох асуудал биз дээ.
-Тийм хариуцлагагүй төрийн албан хаагчид ямар хариуцлага яригдах уу?
-УОК-т бүх яамдын сайд нар, агентлагийн дарга нар байдаг. Өөрсдийн салбар, хүлээсэн чиг үүргээ яс тас биелүүлэхийг шаардана. Тэгээд ч болдоггүй учраас газар дээр нь очиж ажиллана. Уг нь тэгэх шаардлагагүй юм л даа, шийдэх өөр олон асуудал байхад. УОК бодлогоо зөв гаргана, чиг үүргээ тодорхой болгоно. Яах гэж аймаг, нийслэл, сум дүүрэг гэж байгаа юм. Явж явж эцэстээ нэг салбарын мэргэжилтний үг УОК дээр орж ирж шийдвэр болж гарах гээд байдаг. Тэр дунд маш их юм орхигддог. Энэ бол манай төрийн бүх шатны байгууллагын гамшиг болсон асуудал. Энэ бүгдийг засахын тулд төрийн бүх шатанд хатуу хяналт тавьж ажиллаж байна. Ер нь бол ухамсраараа ажлыг сайн хийдэг хүн цөөхөн болсон байна.
-Энэ бүгд эцэстээ хариуцлагын асуудал, бүр хатуу хариуцлага тооцох асуудал. Ард түмэн бол ажлын үр дүн л төрөөс хүсч шаардаж байгаа?
-Төрийн ажил цаг алдалгүй урагшилж байх ёстой. Ажлын хариуцлага алдсан шат шатны нөхдүүдэд хариуцлага ярихаар тухайн асуудлыг хувийн байдлаар хүлээн авах хандлага их байна. Засгийн газар бодит шүүмжлэлийг хүлээж авна. Үнэнийг хэлэхэд УОК-ын дарга миний бие 2021 оны хоёрдугаар сард ажлаа авснаас хойш хорооны Засаг даргын ажилд хүртэл оролцлоо. Ингэхээс өөр арга аргагүй байсан. Ингэж ажиллах ёстой гээд зааж зааварлаад ширээн дээр нь суух үе байсныг ч нуугаад яах юм. ЭМЯ-ны бодлогоос эхлээд өрхийн эмнэлгийн түвшинд очиж хүртэл ажилд нь оролцлоо.
Иргэдэд өгөх эмнэлгийн үйлчилгээний зөвлөмж бичгийн хуудсыг хүртэл шинээр бичиж, бэлдэж өгөх хэмжээнд хүрлээ. Арай л эмчийн ажил гардаж хийсэнгүй. Хорооны хэсгийн ахлагч хийсэнгүй. Бусдаар бол бүгдийг хийлээ. Өөрийнхөө тухай энд ярьж байна гэж битгий ойлгоорой, аюултай нүүр тулсан энэ цагт төрийн ажил шат шатандаа ийм л байлаа. Нийтээрээ тийм байна гэж хэлэхгүй, сайн ажиллаж байгаа хүмүүс цөөнгүй байна. Ажилд сөргөөр нөлөөлөх чамгүй тооны хэсэг байна гэдгийг хэлж байгаа юм. Сэтгэл зүтгэл шингэсэн ажил гэдэг хаанаас нь ч харсан “үнэртэдэг, мэдрэгддэг”. Түүнийг л шаарддаг. Миний зүгээс нүдэн балай, чихэн дүлий, ажлыг хийсэн дүр эсгээд явах юм бол энэ улс орон чинь яаж урагшлах вэ.
Тийм болохоор өөрт хамаарах, хамаарахгүй бүх ажилд оролцож байна, гамшгийн энэ цаг үед УОК-ыг удирдаж байгаа миний бие үүнийг хэлэхгүй юм бол өөр хэн үүнийг ярих юм, тийм биз дээ.
-Энэ цаг үе цөвүүн, хүнд байна. Хэр баргын аавын хүү ам гараад зүтгэдэг төр ч биш байна. Гаргаж байгаа шийдвэр бүхэн хэцүү байгаа биз?
-Гамшигтай зэрэгцээд гадна дотны хүчин зүйл их нөлөөлсөн маш хүнд цаг үе. Ихэнх улс орон цар тахалтай нүүр тулж дотооддоо хүндрэлтэй байгаа энэ цаг үед Монголын асуудал хойш тавигдах тохиолдол байна. Энэ бүхэнтэй Монголоо төлөөлж нүүр тулж байгаа үе олон байна, өнөөдөр ч байсаар байна. Вакциныг олох гээд улс орон бүхэн амь тэмцэн зүтгэж байх үед “Юун танай улсад вакцин өгөх вэ” гэсэн үгийг гадаад ертөнцөөс сонсож явлаа.
Тийм үед юу бодогдох уу, ард түмэн маань итгэл найдвар тавин хүлээж байгаа. Бид ёстой бүх л аргаа хэрэглэж байж вакцинтай залгасан. Вакцин 14 хоног тасрахад яаж байлаа. Тэр 14 хоногт ганц цаг унтах эрх Засгийн газарт байгаагүй. Бидний үүрэх ёстой ачаа, үүрэг хариуцлага. Хамгийн гол нь гадаад харилцаа их сайнаар нөлөөлсөн. Зарим улс орнууд, Элчин сайдуудын амар заяаг үзүүлэхгүй бүх түвшинд өдөр шөнөгүй ажилласан. Ерөнхий сайдтай нь Ерөнхий сайд маань, Шадар сайдтай нь би түвшиндээ, за тэгээд бүх л газрын Элчин сайдууд маань, Гадаад хэргийн сайд нартай нь завсаргүй яриа хэлцэл хийсэн.
Ер нь боломжит бүх бололцоог дайчилж байж л вакцинтай залгаж байсан өдөр хоногууд. Үүний үр дүнд өнөөдөр уй гашуутай айл өрхүүдийн тоог арай цөөлсөн болов уу. Хагацал зовлонгийн дэргэд ингэж ярьж болохгүй, гэхдээ бид вакцинтай байгаа нь давуу тал шүү гэж хэлэх гээд байгаа ухаантай юм. Хэрэв вакцингүй байсан бол нас баралт өдөрт 140 хүрэх тийм эмзэглэм судалгаа гарч байлаа. Тухайн үед энэ тоог сонсоод толгой руугаа хүнд юмаар цохиулах шиг болж байлаа. Яах вэ? Яавал хохирол багатай даван гарах вэ? Иргэдээ олноор нь алдана гэдэг төрд үнэхээр хүнд гарз. Гэхдээ яалт ч үгүй цар тахлаар иргэдээ алдаж байна.
Хэрвээ вакцингүй байсан бол яг өнөөдрийн байдлаар 20-30 мянган иргэнээ алдчихсан байх тийм тооцоо байлаа. Бодит үнэн тийм л байсан. Вакцин онгоцны буудалд яг ирсэн үү, за яг онгоцонд ачсан уу, онгоц ниссэн үү, вакцин онгоцноос бууж байна уу… гээд байж суухаа олж ядан хүлээж зогссон мөчүүд бий.
Зовнил шаналал өнөөдөр ч дуусаагүй байна. Одоо л ил ярьж байна, тухайн үед гадна талд ярьсан тохирсноосоо буцаад тодорхойгүй байдалд орох, уйлах багадах үеүд байсан. Ард түмэндээ вакцин ирж байгаа гэсэн итгэл найдвар өгчихсөн, тэнд бүх зүйл эргэлзээтэй болчихсон тийм цаг үед юу эс бодогдох билээ, ийм л цаг үе дундуур монголчууд бид явж байна.
Шөнө дунд гэнэт л хүчил төрөгчгүй боллоо, эмнэлгийн машин хүрэлцэхээ болилоо, эмнэлгийн ажилтнууд дутагдалтай байна, тэнд хүн муудлаа, энд эм тариа тасарлаа … гэхэд очиж ажиллан асуудлыг хурдан шийдэхээс өөр арга байхгүй. Зарим үед огцом гэнэтийн шалгалт хийдэг. Гэнэдүүлэн шалгаж байж л байнгын бэлэн байдлыг хангуулна. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад утсаа авахгүй юм уу, бүр утсаа салгаад алга болчихсон хүн таарч байлаа. Гэхдээ харьцангуй өнөөдөр дээрдэж, өөрчлөгдөж, хэн нь хэн бэ, хэнд итгэж найдаж болох вэ гэдгээ гадарлахтай болж, аймаг орон нутгийн түвшинд асуудлаа шийдэх чадамжийг суулгаж байна. Өндөр хөгжилтэй улс орнууд ч биднээс ялгаагүй бүгд барьц алдсаар байна. Гэхдээ тэдэнтэй өөрсдийгөө адилтгаад яахав.
-Эрүүл мэндийн салбар маань өнөөдөр ч хүнд хэвээрээ л байна уу?
-Хүнд байлгүй яахав. Яг л нүүр тулан өдөр шөнөгүй ээлжлэн ажиллаж байгаа манай эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гээд энэ салбарынхан маань маш их ачаалалтай, сэтгэл зүйн асар их дарамттай, орчин нөхцөл сайнгүй зүтгэцгээж байна. Цалин хөлсний хувьд хийж байгаатайгаа харьцуулахад бага. Их бага хэмжээгээр цалин урамшууллыг шийдвэрлүүлэн ажиллаж байна.
Гэр бүл, үр хүүхдүүддээ ч цаг гаргаж чадахгүй цар тахалтай тэд маань тэмцэж байна. Дээр нь манай Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт гээд олон салбарынхан маань өдөр шөнөгүй ажиллаж байна. Хил гааль, зам тээвэр гээд цааш нь яривал хэрэгтэй цагт ямар ч болзолгүйгээр галын шугаман дээр бэлэн зогсож байдаг салбарынхан маань байна. Үнэндээ тэднийхээ хүчээр л явж байна. Тэдний маань авч байгаа цалин хөлс хэд билээ, ямар цаг үе билээ, шийдэх асуудал их байна. Ийм л зовлон, асуудал ярихаас өөр аргагүй байгааг та ойлгож байгаа биз дээ.
-Ойлгож байна аа, Тахлын цаг үе. Энэ бол дайн гэж олон улсад томьёолсон?
-Энэ бол дайн. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй хэрнээ бүрэн зэвсэглэсэн этгээдтэй л дайтаж байна. Хэзээ ч, хэнийг ч, хаанаас нь ч нэвт ширвэх вирус. Ийм л дайсантай хүн төрөлхтөн нүүр тулчихлаа. Бидний ажил хөдөлмөр, амжилт бүтээл, хэвийн амьдралд хор хохирол учруулсаар байна. Ахмадуудад маань энэ вирус хатуу тусч байна. Аав ээжээ алдсан нялх үрсийг анхаарахаас эхлээд асуудал их байна.
Монголын төр аль болох хохирол багатай даван туулахын төлөө боломжтой бүгдийг хийж байна. Төр ганцаараа зүтгээд байгаа юм бас биш, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хамтын зүтгэл маш их байгааг энд бас хэлэх ёстой. Миний хувьд ажлын байраа хадгалж, болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэж байгаа том жижиг бүх аж ахуйн эрхлэгчиддээ үнэхээр баярлаж байгаа. Та нар Монголын сайн сайхны төлөө, ирээдүйн төлөө чадах бүхнээ хийж байна. Монголын Засгийн газар та нарыгаа ойлгож, бахархаж байгаа шүү.
-Та бол дийлэнхдээ шийдвэр гаргаж байгаа байх. Үүн дээр таны баримталдаг зарчим юу байна?
-Шийдэх боломжтой, боломжгүй олон асуудал орж ирнэ. Гэхдээ хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд асар олон асуудлаас хамгийн чухал нь юу байна вэ гэдгийг бодолцдог. Зөвхөн өрөөнд оруулж ирсэн цаасан баримтыг голлох бус, асуудлыг их бага гэхгүйгээр хариуцсан хүмүүстэй нь нүүр тулж уулзах, газар дээр нь очиж танилцаж шийдэхийг зорьдог нь миний ажиллах зарчим. Ингэж ажиллаж байгаа үед миний хариуцсан ажлуудаас үр дүн шууд гардгийг шулуухан хэлье. Зарим ажил дээр бол яах аргагүй цаг хугацаа шаардсан, бусдын оролцооноос хамаарах, бүтэц тогтолцооны уялдаа холбоотой асуудлууд байдаг. Бүгд л улс орны хэмжээний шийдэх асуудлууд учраас ухрах няцах, хойш тавих асуудал огт байж болохгүй. Хуулиар эрх олгогдож, хариуцлагыг нь оноосон бол ажилдаа эзэн байхыг л төрийн бүх шатанд миний зүгээс шаарддаг. Төрийг төлөөлж, иргэдийн өмнө үүрэг хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа бол ямар ч албан тушаалтан шалтаг, зовлон тоочдоггүй байх ёстой. Ажлаа эзэнгүйдүүлчихээд, эцэст нь бурууг бусад руу чихдэггүй байх ёстой.
-Танаас шалтгаалахгүй маш их ажлын цалгардал байсаар ирсэн нь цар тахлын үед илүү тодорхой харагдаж байх шиг?
-Дунд, доод шатанд шийдэгдэх боломжтой маш олон асуудлыг дээд түвшинд ярихаас өөр аргагүй болгож, цаг их үрдэг. Оролцож шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөлд хүргэдэг.Өнөөдрийн бодит зовлон энэ. Ажлын хариуцлага, ухамсар өчүүхэн ч байхгүй хүмүүс олон байна. Урт хугацааны системийн гажуудал, ажлыг аргацаагаад явж болдог гэдэг хувь хүний буруу хандлага байсаар байна шүү дээ. Том зургаар нь яривал монголчууд бид асар их өгөгдөлтэй хүмүүс шүү дээ. Зөв ашиглаж чадвал бидэнд боломж их бий. Монгол хүний оюун санаа, сэтгэлгээний цар хүрээ, амьдрах ухаан гээд. Гүйх ухаантай гэж манайхан ярьдаг даа. Зөв чиглүүлээд өгвөл юуг ч бүтээхээр. Монголд байхгүй ч юм алга. Дэлхийд үнэд орж байгаа бүх баялаг бидэнд байна. Эдгээр боломжуудаа зөв ашиглах, хөгжүүлэх, гэхдээ бас давхар байгалиа хамгаалах шинэ алхмуудыг манай Засгийн газар ямар ч байсан тавилаа.
-Энэ их ажлын хажуугаар тань руу элдэв гал ирэх ямар байдаг вэ. Эхнэр нь ингэлээ, хүүхэд нь тэглээ… гээд бичигдэх нь тээртэй байдаг уу. Ядаж шөнө гэртээ очиход эхнэр хүүхэд чинь тайван бус л угтдаг байлгүй?
-Асуудлаас асуудлын хооронд сунатлаа явсаар шөнө дөлөөр гэртээ орж байгаа надад хэн ийм зүйл яриад сууж байх юм. Халуун шөлийг маань аягалж өгөөд ганц цаг ч болтугай амраах тухай асуудал миний гэр бүлийн зүгээс ирнэ үү гэхээс тийм юм яриад сууж байх уу. Энэ цаг үед бидний хүлээсэн үүрэг хариуцлага онцгой их байна. Үүнийгээ л ухамсарлах хэрэгтэй. Амарсайханы асуудал бол Монгол Улсын Шадар сайдын 100 дахь асуудал шүү дээ. Бусад жижиг асуудалд бол чихгүй юм шиг ханддаг даа.
Мэдээлэл хаа сайгүй чөлөөтэй урсаж байдаг ардчилсан нийгэмд энэ бол байх л асуудал. Зөвийг огт буруу болгож, бурууг туйлын зөв юм шиг харагдуулж чаддаг нийгэмд ямар сувгаар мэдээллийг хүлээн авч, хэнийг, хэрхэн дүгнэх нь тухайн хүний өөрийнх нь сонголтын хэрэг. Тэгэхээр ийм зүйлд эмзэглэх нь утгагүй. Явж явж цаг хугацааны шалгуур харуулна. Төрийн ажилд би хоёргүй сэтгэлээр ханддаг.Багаасаа хөдөлмөрийн амтыг мэдэрч, тодорхой цаг хугацаанд аж ахуй бизнес эрхэлж, унаж босож ч үзлээ. Одоо байгаа цаг үедээ улс орондоо, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийчих юмсан гэж зорьж явна.
– Монголчууд бид өнөөдөр үнэхээр хүнд бэрх рүүгээ, дутах гачих зүйл рүүгээ явж байна уу. Эсвэл бид тартагтаа тулах болоогүй гэж та хэлэх үү. Та үүнд хариулах үүрэгтэй хүн гэж бодож байна?
-Энэ талаар бодолгүй яахав дээ. Энэ бүхэн удаан битгий үргэлжлээсэй гэсэн туйлын хүсэл нэгдүгээрт байна. Үргэлжлүүлэхгүй байхын төлөө нөөц боломжоо дайчлан ажиллах үүрэг хариуцлага надад, бас бидэнд байна. Буянт малынхаа ачаар монголчууд бид ямартаа ч өлсөж үхэхээргүй ард түмэн. Энэ тал дээр их том хувь заяатай хүмүүс. Цар тахлын үед дэлхий нийтээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, тээвэр ложистикийн саатал бий болж байна.Манайд ч мөн ялгаагүй, бензин шатахуун, эм тариа гээд гаднаас зайлшгүй авдаг цөөнгүй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн саатаж байна. Та бид хоёр илэн далангүй ярилцаж байгаа учраас шууд хэлэх нь зөв байх.Ер нь бол бидний хямрал хоёр хөршөөс их хамааралтай. Энэ хоёр гүрэнд асуудал хэр их өрнөх вэ гэдгээс шууд шалтгаална. Яг хажууд байгаа 1,5 тэрбум хүн дотор асуудал хүндрээд, дотоодын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй бол юун Монгол руу нийлүүлэх байтугай юм болно. Үүнийг өнөөдөр үгүйсгэх хэн ч байхгүй. Тийм л цаг үе байна. Гэхдээ тийм зүйл бүү тохиолдоосой л гэж хүсэх байна.
-Монголчууд дотроо болно, гол нь хоёр хөршөө л амгалан тайван, асуудалгүй байгаасай гэж хүсэх ёстой гэж үү?
-Хоёр хөрш дотроо асуудалгүй байж гэмээнэ бид аятайхан байна. Товчхондоо энэ.
-Наад үгийг чинь тэр бүр улстөрчдийн амнаас сонсож байгаагүй юм байна?
-Бодит үнэн энэ юм. Бидний үндсэн хоол хүнс дотооддоо байна. Мал мах, сүү тараг нь байна. Гурилаа өөрсдөө үйлдвэрлэж, төмс, луувангаа тарьчихаж байна. Ганцхан бид илүү их хөдөлмөрлөх, илүү хичээх, байхгүйгээ байлгадаг болгохын төлөө одооноос хийж эхлэх ёстой. Жишээ нь, бид наад зах нь эрчим хүчний хараат байдлаас гарах. Ингэхийн тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаа сая эхлүүллээ. Оюу толгойн станцаа эхлүүлж байна. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцаа өөд нь татаж байна. Гадагшаа орж гарах үүд хаалгаа нэмэгдүүлж сайжруулах, төмөр зам, авто зам гээд үндсэн бүтцүүдээ нэмэх, сайжруулах, гаднаас хамаардаг газрын тосны үйлдвэр зэрэг бусад томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, өгөөжийг нь хүртэх чухал. Ний нуугүй хэлэхэд, айхавтар өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангана гэж цээжээ дэлдэх юм байхгүй. Гэхдээ зогслоо, тасарлаа гэхэд аюул гамшгийн нөхцөлд ганц хоёр сарыг дажгүй даваад гарчихдаг нөөцөө бүрдүүлчихдэг шатах тослох хэрэгслээ үйлдвэрлэчихдэг баймаар байна. Энэ бүгдийн төлөө Засгийн газар ажиллаж байна.
-Маргааш хэрхэхийг хэлж мэдэхгүй, байдал яаж ч эргэж мэдэх тийм л цаг үе юм даа?
-Яг л тийм. Учраа олохоо байчихсан улс орнууд энэ дэлхий дээр нэмэгдэж байна. Сая гэхэд Австри улс 12 наснаас дээш вакцинд хамрагдаагүй бүх иргэдээ хөл хорионд
оруулчихлаа. Америк гэхэд III тундаа хамрагдаагүй бүх хүнийг олон нийтийн газраар явах, гарах ороход нь хязгаар тавьчихлаа. Эрх чөлөөг хамгийн ихээр дээдэлдэг нөгөө улс орнууд чинь эрх чөлөөг хамгийн ихээр хумьж байна. Гаргасан шийдвэрүүд хэзээ ч, яаж ч өөрчлөгдөж мэдэхээр байна. Энэ нь зарим талаар тогтворгүй, шийдвэргүй, шийдлээ олохгүй байгаа юм шиг харагдуулж байна.
Ер нь бол хөгжиж байгаа манайх шиг улс орнуудын хүн амын дөнгөж 3,7 хувь нь л нэгдүгээр тунтай байна. Тэдгээр улс орнуудын ирээдүй одоо яах юм бүү мэд. За тэр Африкийн орнууд болоод зарим улс орны хувьд ярих ч юм байхгүй. Вакцины талаар сураг ч байхгүй байгаа. Гэтэл монголчууд бид гурав дахь тунгаа хийлгээч гээд гуйгаад аргаа барж байна. Нийт ард иргэдийн амь насны аюулгүй байдал яригдаж байхад энд хувь хүний эрх чөлөөний асуудал хэддүгээрт байх ёстой юм. Шинжлэх ухаанаар хийгдсэн вакцин шүү дээ. Дэлхийд өнөөдөр эрэл сурал болсоор л байгаа вакцин шүү дээ. Бид хүүхдүүддээ томуугийн вакцин хийлгэхдээ хаана, хэзээ үйлдвэрлэснийг асуудаг билүү. Яг л ижил түвшинд хийгдсэн вакцинаас болгоомжлоод яах юм. Бид судалгааг маш сайн хийж байна. Манай эрдэмтэн судлаачид чинь үнэхээр мундаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тэндээ ажилладаг, бүх салбарын эрсдэлийн тооцоог хийгээд сурчихсан эрдэмтэд байна. Тэдний тооцооллоор өнгөрсөн хоёрдугаар сараас хойших тархалт, бууралт яг л таарч байна. Ирэх зургадугаар сард яг ийм дүн гарна гээд гурван сард гаргасан тооцоолол 90 хувьтай таарч байна. Өнөөдрийн нөхцөл байдал, тохиолдлын тоонууд бас л 90 хувьтай таарч байна. Тийм учраас УОК эрдэмтдийнхээ гаргасан тооцоо судалгаа, харьцуулалтад үндэслэж хөл хорио тавих эсэх гээд шийдвэрүүдээ гаргаж байгаа.
-Цаашид цар тахлын нөхцөл байдал хэрхэх судалгаа байна. Баталгаа хэлэх боломж байна уу?
-Хэлэх боломж байхгүй. Илүү хүндрэхийг ч үгүйсгэхгүй. Илүү хор хөнөөлтэй хувилбар гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Одоогоор Европын орнуудад дельта плас хувилбар эрчимтэй тархаж эхлээд байна. Тийм болохоор бид тайвширч болохгүй. Гэхдээ хэзээ дуусах нь тодорхойгүй асуудал дээр бид зөвхөн хөл хорио тогтоох тухай яриад сууж таарахгүй. Дасан зохицож, давж сөрж явна. УОК хуралдаж байна гэхээр л нийтээрээ чагнаад, түгшээд суучихдаг. Таван удаагийн хөл хорионд хоёр өвөл дамжаад суучихсан ард түмнийг энэ зун хөдөөдөө дураараа яваг гэсэн шийдвэр гаргасан. Үүнийгээ буруу гэж бодохгүй байгаа. Өнөөдөр зарим улс орнууд яг манай араас, манай туршлагаар явж байгаа нь ч бий. Бусад улс оронтой харьцуулахад тэднээс лавтай зургаан сараар түрүүлж асуудлаа шийдээд, зөв арга барилаар явж байна. Өнөөдөр бид бусадтай харьцуулж л тахлын нөхцөл байдал, ажиллаж байгаа арга барилдаа дүгнэлт хийж байна.
-Тодорхой хариулт байна. Ингэхэд Хятад улс өвлийн олимп хүртэл хилээ нээхгүй нь тодорхой биз?
-Нээхгүй байх магадлал өндөр байна. Өвлийн олимпоос хойш яах вэ гэдэг ч бас тодорхойгүй.
-Бас хатуу хөл хорио цаашид хэрхэхийг иргэд сонирхож байгаа?
-Одоо энд шууд хэлэх хэцүү. Аль болох хатуу хөл хорионоос татгалзаж, эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах бодлогыг манай Засгийн газар баримталж ирсэн. Эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, нөхцөл байдал бүр хүндрээд ирвэл хөдөлгөөн хязгаарлах гэх мэт арга хэмжээнүүдийг авч л таарна. Төрийн зүгээс ард түмнийхээ амь нас,эрүүл мэндийг хамгаалахын төлөө хамгийн боломжтой гэсэн арга хэмжээнүүдийг авна. Ер нь энэ цаг үед монголчууд нийтээрээ нэгдмэл санаа зорилготой байвал аливаа бэрхшээлийг богино хугацаанд даван туулна. Эцсийн дүндээ монголчууд амар тайван амьдралдаа хурдан орох л хамгийн чухал асуудал шүү дээ.
-Өнөөдөр монголчуудын ярьж байгаа нэг том сэдэв бол бид хойд, урд хоёр хөрш хаалттай байгаа явдал. Нийгмийн сэтгэл зүй бол замбараагүй, хийрхүү, хоёуланг нь зүхээд сууж байна. Та төрийн хүний хувьд хоёр хөрштэйгөө яг ямар байх тухай бодлоо хэлээч?
-Манай гурван улсын хувьд том жижиг нь хамаагүй, гурвуулаа тусгаар тогтносон бүрэн эрхтэй улсууд. Бид хоёр хөршөө үгүйсгэсэн хандлагатай байж болохгүй. Аливаа улс орнууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, харилцан үр ашигтай хамтран ажилладаг тэр л зарчмаар бид явдаг. Монголын дотоодын эрх ашиг, үнэт зүйл гэж байна. Манай баримталдаг гадаад бодлогын чиг шугам гэж байна. Тэр шугамыг хоёр хөрш маань хүндэтгэж, давж гишгэж болохгүй. Тэр шугам бол улсын тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал. Хоёр хөрштэйгөө бид харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. Хүн амын тоо, зах зээл, эдийн засгийн үр ашигтай худалдаа гээд дэлхийн зах зээл энэ хоёр улс руу тэмүүлж байхад бид зугтах ёсгүй. Дэлхийн хүн амын 27 хувь нь манайтай хил залгаа амьдарцгааж байна. Энэ бол бидний давуу тал. Үүнийгээ чухам хэрхэн ашиглах гэдэг дээр монгол төрийн гадаад бодлого онцгой чухал үүрэгтэй.
-Хувь сэтгүүлчийн хардлага юм даа, гадны сөрөг нөлөө ийм цаг үед манайд байна уу?
-Энэ цар тахал, өвчин зовлонгоор далимдуулаад дотоодод нь эмх замбараагүй байлгах, төр засгийг нь тогтворгүй байлгах, иргэдийг нь дотор нь талцуулах, аль болох л урагшлуулж хөгжүүлэхгүй байлгах гадна дотны ашиг сонирхлууд байгааг үгүйсгэх арга алга. Ийм үед бид хэрсүү, дотооддоо эв нэгдэлтэй байх ёстой. Түүхээсээ харж байхад монголчууд бидэнд бэлээхэн санаж сэрэх гашуун сургамжууд ч бий, үлгэрлэж явмаар сайн түүхүүд ч байна. Энэ цаг үеийг бид эв нэгдлээр, хоёрдугаарт харилцан ойлголцол итгэлцэл, хамтын нэгдмэл үйл ажиллагаагаар туулна. Цөөн хүн амтай улсын зовлон мундахгүй.
-Гадаад худалдааны хувьд манай улс хойд хөршдөө бараг хаалттай, хоригт шахуу байдаг шүү дээ?
-Гадаад худалдааны хувьд хойд хөршдөө манайх 95 хувийн алдагдалтай байна. Ер нь тэгээд манайд үйлдвэрлээд хойш нь нийлүүлээд байдаг зүйл ч бас хомс юм. Нийлүүллээ гэхэд хэмжээ бага. Бид зөвхөн Орост бараа бүтээгдэхүүнээ гаргах, татвар, хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал ярих биш, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай бүгдтэй нь ярьж, хэлэлцээр хийж, зөвшилцөж байж худалдааны асуудлуудаа шийдэх нөхцөл байдалд орсон. Зөв талаас нь харвал нэг л зөв шийдэж чадвал Орос, Киргиз… гээд олон зах зээлд бид гарч ирэх боломж нээгдлээ гэсэн үг. Энэ бол том боломж. Аль нэг улстай нь ганцаарчилж уулзаад асуудлыг шийдчихнэ, тохиролцоно гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр Евроазийн холбоонд элсэх нь манайд хэр ашигтай юм, урт, дунд хугацаандаа ашигтай байж чадах уу, өнөөдрийн сул тал ирээдүйд эерэг болох тал байна уу гэхчлэн тооцох олон асуудал бий. Үүн дээр ажлын хэсэг гараад судалгаа хийгээд явж байна. Одоогийн судалгаагаар бол манайд алдагдалтай байгаа. Гэхдээ өнөөдрийн алдагдлыг хараад бид хойшоо суух уу, ирээдүйгээ тооцож харах уу гэсэн хоёр зүйлийн зааг дээр байна. Хүссэн хүсээгүй бид бүс нутгийн орнуудтай харилцан хамтын ажиллагаагаа ямар нэгэн байдлаар зайлшгүй идэвхжүүлэх шаардлагатай.
-Өнөөдрийн тухайд манай улсын ганц гарц болсон Замын-Үүд-Эрээний хаалга үүд яг ямар байна вэ?
-Яг өнөөдрийн хувьд хаалттай хэвээрээ байна. Төмөр замын ач холбогдол өнөөдөр айхавтар хурц мэдрэгдэж байна. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүн хуваарийн дагуу хийгдэж байгаа. Гэхдээ автомашин болон явган зорчигчийн хөдөлгөөн бүрэн хаагдсан. Эрээнд халдвар ойрын өдрүүдэд гараагүй гэсэн сайн мэдээ бий. Хоёр тал яриа хэлэлцээрийн шинэ хувилбар гаргаж байгаа.
-Таны ажил үүрэгт шууд хамааралтай “Чөлөөт бүс”-ийн асуудал энд чухлаар тавигдах ёстой доо?
-Бидний нөгөө л сул тал чинь ингэж гарч ирээд байгаа юм. Замын-Үүд хаахаар эм тариа тасарчих жишээтэй. Хүнсний нарийн ногоо тасарч байна. Цар тахлын өмнө Замын-Үүдийн чөлөөт бүсийг ашиглалтад оруулчихсан, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсээ ажилд оруулаад жигдрүүлчихсэн байсан бол өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдал үүсэхгүй байсан.
-Өнөөдөр тэгээд Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажил ямар явцтай байна вэ?
-Засгийн газраас чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх дээр онцгой ач холбогдол өгч байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсийн хувьд гэхэд долоон жил ажилгүй хэвтсэн дулааны станцаа сая тохируулгыг хийж ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар чөлөөт бүсийн 300 га газарт дэд бүтэц нь хийгдчихсэн. Намар Засгийн газрын хуралдаанаар 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэж эрчим хүчний дэд станц нь барих ажил хийгдсэн. Ирэх хавар гэхэд бүх цахилгаан, дулаанаас эхлээд эрчим хүчний эх үүсвэрүүд бэлэн болно. Дараагийн шатанд үлдсэн газруудад нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтцийн ажлууд нь хийгдээд явна. Тэнд бэлтгэл ажлууд эрчимтэй хийгдэж байгаа шүү. Хажууд нь Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна. Зорчигч тээврийг гурав дахин, ачаа эргэлтийг дөрөв дахин нэмэгдүүлэх. Ингээд боомтын шинэ өргөтгөл, Чөлөөт бүс хоёр уялдаж хамтран ажлаа явуулаад Чөлөөт бүс рүү оруулах хөрөнгө оруулалтуудыг бүх талаар дэмжээд өгнө. Гадна дотны хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр экспортлох боломжтой үйлдвэрлэлүүдээ явуулна. Хамгийн гол нь Замын-Үүд нь манай эдийн засгийн хөгжлийн гол үүд хаалга учраас Ази-Европыг холбосон эдийн засгийн кордиорын урд хаалга нь яах аргагүй Замын-Үүд болох юм. Товчхон хэлэхэд, Замын-Үүдийн чөлөөт бүс түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болоход их ойрхон, босгон дээрээ ирээд байна. Ирэх хавар гэхэд аж ахуйн нэгж байгууллагууд тэнд хөрөнгө оруулалтуудаа хийгээд эхэлнэ. Ирэх хавар тэнд бужигнах нь тодорхой. Олон жил хоосон яриад ард түмний итгэл алдарчихсан байсан. Түүнийхээ горыг бид өнөөдөр тахлын үед амсаж байна. Чөлөөт бүс ашиглалтад орчихсон байсан бол жишээ нь Тяньжин, Эрээнд тийм их ачаа овоорч бөөгнөрөхгүй, чөлөөт бүсдээ шууд ороод ирэх, тэндээсээ бид зохицуулалтаа хийгээд татаж аваад байх дотоодын асуудал болох байлаа. Гэхдээ өнөөдөр энэ бүх ажлыг урагшлуулахын төлөө нэг санаа, нэгдмэл зорилготойгоор Засгийн газар ажиллаж чадаж байна.Чөлөөт бүсийн ажлын явц дээр энэ нь харагдаж байна. Энэ цаг хугацаа бидний хувьд алдах эрхгүй юм. Өнгөрсөн хугацааны алдаа, орхигдсон хаягдсанаа нөхөж ажиллахын төлөө манай Засгийн газар бүх салбарт зогсолтгүй ажиллаж байна. Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, мэдээлэл технологи, гадаад харилцаа, ялангуяа гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүндийг өсгөх, итгэл бий болгох гээд ажиллаж байна.
-Өнөөдрийн төрд нэг онцлог бий. МАН-д ард түмэн дүүрэн итгэл өгч сонгосон. Ямар ч гоншигнол байх ёсгүй. Улс төрийн ямар ч саад байхгүй учраас ганцхан ажиллах л ёстой, үр дүн гаргах л ёстой, тийм үү?
-Яг үнэн. Ямар нэг шалтаг шалтгаан тоочихгүйгээр улс орны ажил урагшилж, үр дүн нь гарах ёстой. Аль ч шатандаа илүү бүтээлч, илүү ажил хэрэгч, маш хурдтай, товчхондоо гүйцэтгэл өндөртэй л ажиллах үүрэгтэй. Манай Засгийн газар бүх салбарыг гадаад дотоод нөхцөлтэйгөө уялдуулж бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн шалтгаан тэр юм. Одоогийн байдлаар Эдийн засгийн сэргэлтийн хуулийг боловсруулаад, бодлоготойгоо уяад явж байна. Зарим нэг төрийн тээг тушаа, хүнд суртлуудыг авч хаях, лиценз зөвшөөрлөөс эхлээд цөөлөх, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог хангах нь маш чухал. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд, аж ахуйн нэгжүүд маань л энэ улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа. Тийм учраас энэ байгууллагуудынхаа оролцоог хангах хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайн бүрдүүлэх ёстой. Тэдэнд эрх зүйн орчин талаасаа эрх чөлөөг нь илүү нээж өгье гэсэн бодлого баримталж байгаа.
-Та бол өнөөдөр гүйцэтгэх засаглалын хоёр дахь албан тушаалд байна. Хууль тогтоох засаглалд бас байна. Өндөр эрэмбэний карьер. Энэ хүртэл таныг юу авч явж байна?
-Надад нэг зүйл үе үе сүрхий бодогддог. Манай улс ямар их зовлон бэрхшээл туулж, гадна дотны хавчлага, дарамтыг сөрж, цус нулимсан дундуур туучин гарч өнөөдрийн энэ цаг үед хүрч ирэв ээ гэж. Монгол Улсын Ерөнхий сайд нарыг өөр улсад аваачин буудан хороож байсан, тамлан зовоож байсан цаг үе бол яс янгинамаар түүх. Ийм их үнэ цэнээр ирсэн Монгол Улсынхаа төлөө, монгол төрд би хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой биз дээ.
Цар тахлын энэ хүнд цаг үед ч Ерөнхий сайд маань ачааны хүндийг үүрч, болохгүйг болгохын төлөө бүхий л боломжийг дайчлан ажиллаж байна. Монгол төрийн өндөр сэнтий гэдэг басчиг хүмүүсийн бодож байгаа шиг амар хялбар зүйл биш, хувиа хичээгсдийн залардаг газар ч биш. Намсхийтэл ачааны хүндийг үүрүүлж, үүрэг хариуцлагыг утгаар нь мэдрүүлдэг.
Шөнө гэр рүүгээ явж байхдаа “Алив зогс доо, энд юу болчихов” гээд машинаасаа буугаад очих зүйлүүд байдаг. Өөрт хамаагүй зүйлд ч өөрийгөө зовоох тийм сэтгэл зүй, ёс суртахууныг төр бидэнд суулгаж байна. Хөндлөнгийн хүчин зүйл ч их байна. Зөв зүйлийн төлөө зүтгэхийн хэрээр түүнээсээ мянга дахин ихээр хараалгаж зүхүүлж байгаа хүмүүс энэ төрд олон байна. Төр гэдэг эрхэм зүйлийн нэр хүнд нийгэмд тэгж их унасан байна. Тодорхой цаг хугацаанд буруу ажиллаж байсан хүмүүсийн балаг. Улс орон, ард түмнээ бодохгүй хувийн эрх ашгаар ажиллаж байсан сүүдэр нь өнөө хэр арилахгүй, төрийг тэр чигээр нь харлуулсан хэвээр байна. Эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй цар тахлын үед энэ нь их сөргөөр нөлөөлж байна.
Миний хувьд эх орныхоо төлөө гэсэн итгэл үнэмшил, зарчим, үзэл санаа, үнэт зүйл минь нэн түрүүнд байна. Бизнесийн салбарт олон жил ажилласан туршлага, нөгөөтэйгүүр хот, нийслэлийг удирдаж явсан төрийн ажлын арга барил, хамгийн гол нь зөв зүйлийн төлөө нэгэн зүгт харж ажиллаж ирсэн нөхдийн маань итгэл сэтгэл өдий хүрэхэд нөлөөлсөн болов уу.
-Өнөөдрийн бас нэг том сэдэв бол улсын төсөв сая батлагдлаа. Шүүмжлэл их дагуулж байна. Төсвийн үзэл санаа, бодлого зорилт юунд чиглэв. Урьд байгаагүй аварга том төсөв батлагдлаа?
-Төсөв ачаагаа даана. Мэдээж амаргүй. Эрдэс баялгийн экспортоос их зүйл шалтгаална. Нүүрс, алт, зэс дээрээ л найдлага тавьж байгаа. Төсөв дээр нэг том зорилго тавьж, зорилгынхоо төлөө цаг минут бүрийг алдалгүй ашиглаж зүтгэх ёстой юм. Ийм цаг үед болохгүй бүтэхгүйн тухай ярьж, төсвөө улам агшааж яагаад ч болохгүй. Эдийн засгаа улам тэлж байж бид хүндрэлийг давна. Хөрөнгө оруулалтаа улам нэмж тэсч гардаг зах зээлийн зарчим, бичигдээгүй хууль байна.
Тэгээд төсөв дээр энэ Засгийн газраас баримталж байгаа ахисан түвшний зорилго юу байна даа?
-Агуулгаараа хамгийн том зорилго бол одоо энэ Хил, Гаалийн орц гарцын асуудал. Орлого олж байгаа эрдэс баялгаа ямар ч саад бөглөөгүй гаргадаг байхыг нэн тэргүүнд шийдье гэсэн. Тийм учраас бид төмөр замаа урд хөрштэйгөө холбоход ач холбогдол их өгч байна. Урд хөрш рүү гарч байгаа бараа таваарын экспортын хил гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Ганц Замын-Үүд, Гашуун сухайт биш. Ашиглаж болох 29 боомтоо бүгдийг дахин шүүнэ. Олон чиглэлээр гадагш гарах ёстой. Гарцыг нэмэх хамгийн чухал. Өнөөдөр Эрээн хаагдлаа гэхэд тэр дороо маргааш нь Гашуунсухайтаар бүх ачаа бараа орж гарч байх ёстой. Энэ хоёр хаагдлаа гэхэд цаана гурван боомт хэвийн ажиллаж байх ёстой. Дор хаяж 10 боомт зэрэг ажиллаж байхаар хүчин чадлаа нэмэгдүүлэхэд төсвөөс их анхаарна. Хамгийн их ашиг орлого өгч байгаа, эдийн засгийн эх үүсвэрүүддээ төсвөөс эхлээд онцгой анхаарна. Том уул уурхайгаа холбосон төмөр замуудаа Гашуунсухайт, Ханги, Бичигт, Хөөт… гээд цаашлах юм бол баруун тийшээ Арц, Суурь гээд төмөр замын бүтцийн үндсэн суурь, дэд бүтэц, авто замуудаа ажилд оруулъя. Ингэхгүйгээр бид мянга хүсээд эрдэс баялгаа тээвэрлэдэг шугам, зам, гардаг үүд хаалга нь өчүүхэн жижиг байгаа учир өсч дэвжихгүй байна. Монголд асар том нөөц, боломж байгаад байдаг, ачаад гаргах гэтэл хил гааль гэж ундааны шилний хүзүү шиг нарийхан гарцан дээр овоорчихдог байж болохгүй. Энэ жилийн төсөв энэхүү хоёр зүйл дээр онцгой анхаарч байгаа. Гуравдугаарт, мэдээж төсвийн реформоо хийнэ. Халамжийн бус илүү эдийн засгийн бүтээмжид суурилсан тогтолцоо руу шилжинэ. Хөдөлмөрлөж үр шимийг нь хүрт гэсэн зарчим руугаа явна.
-Эрх баригч намын зовлон одоо эхэлж байна уу, үгүй юү. Дотроо хоёр хуваагдаад эхэлсэн үү. Миний хувьд нийгмээс сонссон зүйлээ асууж байна?
-Зовлон үүсч байгаа юм шиг, тогтворгүйтэж байгаа юм шиг харагдуулах улс төрийн сонирхлууд байгаа байх. Нэг нам бүх шатанд эрх барьж байна. Гэхдээ төрийн алба хязгаартай учраас ихэнх нь улс төрөө гудамжнаас хийж байна. Мэдээж бүх хүн албан тушаал хашихгүй. Тийм болохоор зориудын ойлголцохгүй байгаа мэт турхиралт ажиглагдаж байна. Нам дотор ажил төрөл, үзэл бодлын зөрүүтэй байгаа цөөнх байлгүй яахав дээ. Ганцхан л юм бий, манай нам дотроо зовлонтой байх эрх байхгүй. Ард түмэндээ амгалан сайхан амьдрал авчирна гэж бид амлалт өгч олонх болсон. Бидэнд урдах ажлаа хийх, улс орноо өөд нь татах л үлдсэн. Бид маш их төвлөрч ажиллах ёстой.
-Танай намын зүгээс хийж байгаа томилгоо нэгэн үе хэрээс хэтэрсэн дээ. Эхнэр нь Их хурлын гишүүн бол нөхөр нь гадаадад консул, хүү нь агентлагийн дарга, хүргэн нь төрийн өмчит компанийн захирал гээд… Жишээ нь, таны ямар хамаатнууд төрд алба хашиж байна?
-Төрт ёс алдагдаж, ах дүү хамаатан садан ураг садны төр болсон үе бий. Хүн бүрийн нүдэн дээр ил байгаа асуудал. Увайгүй, зарчимгүй асуудал. Өнөөдөр Намын дарга, Ерөнхий сайд, намын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс үүнд хатуу байр сууринаас хандаж байна. Шууд таслан зогсоо, төрийн албанаас холдуул, чаддаг боловсон хүчнүүдийг нь төрд зүтгүүл, тэрбүү хэл улс төрийн шийдвэр хоёрдугаар асуудал шүү гэсэн шаардлагыг Ерөнхий сайдын зүгээс бидэнд тавьж байгаа. Тийм болохоор таны асуусан наад асуудал чинь эмх цэгц, эрэмбэ дараа, хууль журмынхаа дагуу зөв голдиролдоо орж байгаа. Нам дээр ч энэ талаар хурц яригдаж байгаа.
-Сүүлийн асуулт. Ковид гэсээр малын халдварт өвчнөө манайх тавьж туучихсан юм биш биз. Энд тэнд малын халдварт өвчин, хорио цээр их яригдах боллоо?
-Шүлхий, арьс товруутах зэрэг малын халдварт өвчин гарч байна. Засгийн газраас вакцин болоод шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг цаг алдалгүй бүрэн шийдэж ажил ид өрнөж байна. Үнэндээ энэ бол хамгийн чухал асуудал шүү. Бидний өдөр тутмын хүнс учраас. УОК-ын анхаарлын төвд байгаа, анхаарлын төвөөс гаргахаар л асуудал шийдэгдчихсэн юм шиг болдог. Тийм практик бидэнд байгаа учраас тусгай Ажлын хэсэг гараад цаг алдалгүй ажиллаж байна.