Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арав гаруй жил ашиглаагүй газар эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг нураах, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцлах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 8-ны А/758 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23А байрны хойд талын 2000 ам метр орчим талбайг өчигдөр чөлөөллөө. Тус газрын эзэмшигч нь Газрын тухай хуулийг зөрчин эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул ийнхүү Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хашааг буулган, нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зөрчилтэй газруудын жагсаалтыг гарган, судалгаа хийсэн. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах уг газар нь зориулалтын дагуу ашиглалгүй хоёр ба түүнээс дээш жил болсон байв. Иймд тус газрыг чөлөөлөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааны үед зарим хүмүүс ийм байршлууд дахь газраар улс төр хийн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглах байдал ажиглагдаж байгаа. Нэгэнт Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцлах шийдвэр нь гарчихсан, газар чөлөөлөлтөд шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байсан. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа хийхээр төлөвлөсөн, үүрэг чиглэл нь тодорхой болсон ажлуудыг битгий ашиглаарай” хэмээж байлаа.

Тус хорооны 22А байрны оршин суугч Б.Пүрэвжав “Бараг арав гаруй жилийн өмнөөс энэ хэсгийг хашаалчихсан. Тэгээд архичид их орж холхидог, үндсэндээ хогийн цэг шиг болчихсон газар. Өнөөдөр ийнхүү уг газрыг чөлөөлж байгаад туйлын баяртай байна. Манай энэ хавьд хүүхдийн цэцэрлэг байхгүй тул хүүхдүүдээ Таван шар, Москва хорооллын цэцэрлэг рүү зөөдөг. Тиймээс уг чөлөөлсөн газартаа хүүхдийн цэцэрлэг бариасай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийслэлийн Засаг дарга суурьшлын бүсүүдэд нийгмийн дэд бүтцийн сүлжээ буюу сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, энэ мэт зөвшөөрөлгүй, хууль бус газруудыг үе шаттайгаар чөлөөлөн иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогыг барьж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболд “Манай хорооны 23А байрны ард хашаа татаад арав гаруй жил болсон. Хашаа хатгахаас өмнө хүүхдийн тоглоомын талбай байлаа. Зундаа хөл бөмбөгийн талбай, өвөлдөө мөсөн талбай болчихдог болохоор энэ хавийн хүүхдүүд их тоглодог байсан. Гэтэл хашаалснаас хойш ямар ч ашиглалтгүй, хогийн цэг шиг болчихсон юм. Тиймээс манай хорооны иргэд хамтраад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод бусад албаныханд хандсан. Уг талбайг нийтийн эдэлбэр газар болгох, газар эзэмших зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг тавьсны хариуд бидний хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр ийнхүү газрыг чөлөөлж байна. Иргэд, оршин суугчдын маань хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн нарт хорооны оршин суугчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэв.

Уг чөлөөлсөн байршилд иргэд хүүхдийн цэцэрлэг барих хүсэлтэй байгаа ч Хот байгуулалт хөгжлийн газраас цэцэрлэгт хүрээлэн бий болгох саналыг дэвшүүлсэн байна. Тиймээс иргэд, оршин суугчдын саналыг сайтар судлан, чөлөөлсөн байршилд хийх бүтээн байгуулалтыг төлөвлөх аж.

Categories
мэдээ нийгэм

Загасчилж явсан таван хүний хоёр нь усанд осолджээ

Төв аймгийн Заамар сумын “Доргол” гэдэг газар таван иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлахдаа усанд сууж, хоёр хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, 96 км замыг туулан 01:45 цагт очиход таван хүний хоёр нь голд урссан байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Улмаар тухайн өдрийн 05:40 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 49 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт нэг км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Үүний зэрэгцээ аравдугаар сарын 07-ны өдрийн 15:21 цагт тухайн иргэдийн унаж явсан “Прадо-150” загварын суудлын автомашиныг “Туул” голоос татан гаргасан.

Үргэлжлүүлэн аравдугаар сарын 08-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, “Шижир-Алт” ХХК-ийн ажилтнууд Улаанбаатар хотын харьяат 53 настай эрэгтэйн Лүн сумын Хайлааст багийн “Модон гүүр” гэдэг газраас “Тул харайдаг”, “Бетонон гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т голын усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон. Тус эрэн хайх ажмллагаа өнөө өглөөний 07:30 цагт дахин эхлүүлсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарь

Ковид-19 цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт бүрэн шилжээгүй байгаатай холбогдуулан сурагчид хичээлээ бататгах зорилгоор теле хичээлийг үзэх боломжтой.

Ирэх долоо хоногийн хичээлийн хуваарийг хүргэж байна.

Хичээлүүд Мобиком корпорацийн VOO аппликейшн-д давхар байрших болно.

Categories
мэдээ эдийн-засаг

“Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага“ үнэлгээний тайланг танилцууллаа

Дэлхийн Банк Монгол Улс дахь “Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага (ТЗСХ)”-ын хоёрдахь үнэлгээг 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын хооронд гүйцэтгэж тайланг албан ёсоор танилцуулах арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 8-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны дарга Пьер-Ив Люка нар үг хэлсэн бөгөөд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нийт 150 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Дэлхийн банк Монгол улсын анхны үнэлгээг 2015 онд хийж байсан бол хоёр дахь удаагийн үнэлгээг 1/төсвийн найдвартай байдал; 2/төсөв, санхүүгийн ил тод байдал; 3/хөрөнгө, өр төлбөрийн удирдлага; 4/бодлогод суурилсан төсвийн стратеги болон төсөвлөлт; 5/төсвийн гүйцэтгэлийг урьдчилан таамаглах ба хяналт тавих; 6/нягтлан бодох бүртгэл ба тайлагнал; 7/хараат бус хяналт, аудит гэсэн ерөнхий долоон бүлэгт хамаарах 31 үзүүлэлтээр үнэлсэн байна. Энэ удаагийн үнэлгээ нь 2015 оноос хойш манай улсын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоонд гарсан ахиц дэвшлийг тодорхойлж байгаа бөгөөд тайланд дурдсанаар нийт 12 үзүүлэлтийн оноо өмнөх үнэлгээний түвшнээс дээшилсэн байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд төсөв санхүүгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тухайлбал, төсвөөс гадуурх харилцааг хязгаарласан, төсвийн сахилга батыг сайжруулсан, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж татвар төлөх үйл ажиллагааг хялбаршуулсан, мөнгөн хөрөнгийн болон өрийн удирдлагыг сайжруулсан, төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүг багасгасан, цалин хөлсний төсөвлөлтийг боловсронгуй болгосон, түүнчлэн төсөвт хийдэг хөндлөнгийн аудитын гүйцэтгэлийг сайжруулсан зэрэг нь үнэлгээний оноог өсгөхөд нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын эхний долоо хоногт тохиодог. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих Үндэсний хөдөлгөөнд нэгдэж, өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д дөрвөн төрлийн 100 гаруй мод тарилаа. Мөн нийслэлийн нутгийн захиргааны 100 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчид “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 3000 орчим модыг эдгээр өдөр тарихаар төлөвлөсөн юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Мод тарина гэдэг үрсэлгээг газрын хөрсөнд суулгаад орхихын нэр биш. Гол нь түүнийгээ арчилж, тордон ургуулах нь чухал. Монгол Улсын иргэн бүр мод тарих үйлсэд идэвхтэй оролцон, Монгол орноо ногоорууж, эдийн засгаа солонгоруулах чиглэлээр хүч нэмэн зүтгэж байна” гэлээ.

Харин Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул уг хүрээлэнд тарьж, суулгасан модны ургалтад 100 хувь баталгаа өгөх болно гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 1665 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1665 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 808 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 857тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1346 болов.

Сүүлийн 24 цагт 8845 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20263 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн-11274
  • Хүндэвтэр-6467
  • Хүнд-2191
  • Нэн хүнд-331
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн зүүн хагаст ахиу хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өнөө шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, Төв болон Хэнтийн нутаг, Өвөрхангай болон Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөртөө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь болон Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 10-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Фэйсбүүк компанийн үйлчилгээнүүд дахин доголдлоо

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Facebook, Instagram үйлчилгээнүүд тасалдсан нь долоо хоногийн дотор гарсан хоёр дахь тохиолдол болжээ.

Энэ удаагийн тасалдал Instagram үйлчилгээнд голлон нөлөөлсөн байна. Фэйсбүүк компанийн зүгээс хэрэглэгчдээсээ уучлал гуйж, дахин саатал гаргахгүйн тулд хичээж ажиллахаа амлажээ.

Баасан гарагийн тасалдал нь өнгөрсөн Даваа гарагийнхтай харьцуулахад богино хугацаанд үргэлжилсэн байна. Тодруулбал Улаанбаатарын цагаар шөнийн 02:00 цагаас 04:00 цагийн хооронд үргэлжилснийг Downdetector сайт мэдээлжээ.

Даваа гарагийн тасалдал нийтдээ бараг 7 цаг үргэлжилж, Фэйсбүүк компанийн эзэмшдэг Facebook, Instagram, WhatsApp үйлчилгээнүүдэд нөлөөлсөн юм.

Дотоод техникийн асуудлаас болж үйлчилгээ тасалдсаныг Фэйсбүүк компани тухайн үед тайлбарлаж байжээ.

Facebook нь өнөөдөр дэлхийн хамгийн том сошиал платформд тооцогддог бөгөөд 2.8 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй гэгддэг.

Мессэнжэрийн WhatsApp платформ 2 тэрбум, фото, видео хуваалцдаг Instagram платформ 1.3 тэрбум орчим хэрэглэгчтэй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 4838 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 40 баг, суурин 31 цэгт 80 багийн 293 эмч, ажилтан ажиллаж, 4838 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Алтанхуяг: Чадамжгүй Засгийн газар тогтвортой байх нь улс оронд маш аюултай

– КОВИДЫН ХУУЛИАР КОВИДЫН ДАРАНГУЙЛЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА –


АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягтай ярилцлаа.


-“Одоо боллоо” бүх нийтийн жагсаалыг зохион байгуулах гол зорилго нь юу вэ?

-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн уналт, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хоомсдол, гааль тээврийн асуудал зэрэг төрийн буруутай үйл ажиллагаа, эрсдэлийн менежмэнт хийж чадаагүйгээс болж иргэдэд ихээхэн ачаа, дарамт үүссэн. Энэ нь иргэд, жижиг дунд бизнес гээд бүх л байгууллага, хувийн хэвшилд маш хүндээр тусч байна. Ардчилсан намд “…бидний төлөө дуугараач ээ. Дуу хоолойгоо илэрхийлээч” гэсэн санал хүсэлт иргэдээс их ирсэн. Иргэдийн энэ саналд үндэслэж “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулсан. Энэ жагсаал нь МАН-д анхааруулах сануулах жагсаал байсан. Жагсаалын гол шаардлага нь нэгдүгээрт, Ковидын хуулийг хүчингүй болго гэсэн. Ковидын хуулиар ковидын дарангуйллыг бий болгож байна. Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрсөн.Энэ хууль бол УИХ нь Засгийн газартаа хяналт тавих боломжгүй болгосон, хараа хяналтгүй байдлыг дэвэргэсэн хууль. Энэ хуулийн хүрээнд Засгийн газар хэт их эрх мэдлээр маш их хөрөнгийг ямар ч үр ашиггүй үрэн таран хийж байгаа. Тиймээс хуулийн гадуур явж буй энэ бүх бузар булхайг үгүй хийхийн тулд Ковидын хуулийг хүчингүй болгох шаардлагыг тавьсан. Хоёрдугаарт, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьсан.

Олон сайдын чадамжийн асуудал байна. Ямар ч чадваргүй байдал нь иргэдэд маш их ачаа болж байна. Улс төр, удирдлагын хүрээнд шийдэж болох маш олон ажил байсан. Хамгийн сүүлд л гэхэд Дижитал-Монгол шоу зохион байгууллаа. Цаг үеэ олоогүй энэ шоунаас болж маш олон иргэд цар тахлаар өвчиллөө. Өөрсдөө халдварын тархалтыг бий болгочихоод нөгөө талдаа хувийн хэвшлийг хааж, боомилсон. Өөрсдөө болохоор дур зоргоороо бүх нийтийг цуглуулдаг, үйл ажиллагаа явуулдаг, ковидын тархалтыг ихэсгэдэг. Гэтэл нөгөө талд иргэдийн явуулж байгаа үйлчилгээ, үйл ажиллагааг хааж боодог байж болохгүй. Иргэд, аж ахуйн нэгж нь дампуурсан, ямар ч орлогогүй, өр зээлэнд баригдсан байна шүү дээ. Ингэж эдийн засгийн “цусны эргэлтийг” бүрэн зогсоосон. Ийм байдалтай байна. Тиймээс Засгийн газар энэ бүхний төлөө хариуцлага хүлээх ёстой. Чадвартай Ерөнхий сайдаар удирдуулсан чадвартай төртэй болохыг иргэд хүсч байна.

-Засгийн газар чадамжгүй байгаа нь үнэн ч төр засаг тогтвортой байх ёстой гэдэг талаас харах иргэд ч байна…?

-Чадамжгүй Засгийн газар тогтвортой байх нь улс оронд маш аюултай. Сангийн сайд нь өөрөө “Энэ байдлаараа удаан байвал төсвийн асуудал хэм хэмжээнээсээ хэтрээд байна” гэдэг асуудлыг тавьж байгаа шүү дээ. Төсвийн хэмнэлтээ хийхгүй бол болохоо байлаа. Бид ингээд дуусч байна” гэдгийг Ерөнхий сайд нь ч өөрөө хэлсэн. Ийм хэмжээнд авааччихаад цаашаа юу хийх гээд байгаа юм бэ. Ийм хэмжээнд хүргэсэн Засгийн газрыг цаашид ажиллуулах бололцоогүй харагдаж байна. Тиймээс Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг тавьсан. Засгийн газрыг огцруулахад МАН өөрөө ч санаачилгатай ажиллах ёстой. Өөрсдийн байгуулсан чадамжгүй Засгийн газар өнөөдөр ард иргэдийг яаж, ямар амьдруулж байгааг өөрсдөө газар дээр нь очоод үзэх хэрэгтэй.

-Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа кандидатуудынхаа тухай та юу хэлэх вэ?

-Хэнтийчүүдийн УИХ-д сонгож гаргасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёулаа эрх мэдэлд хүрлээ. Гэхдээ Монгол Улсын нийт ард иргэд байг гэхэд хэнтийчүүдийн төлөө юу хийсэн юм бэ. Андлалын хөшөөнөөс өөр юу хийсэн бэ. Хэнтийчүүд үүнийг бодох хэрэгтэй. Түүнээс биш цээжний бангаар ярьдаг хүмүүсийг хэнтийчүүд минь битгий сонгоосой. Л.Оюун-Эрдэнэ Андлалын хөшөөг барьж 400 сая жуулчин авч ирнэ гэж ярьсан. 400 сая жуулчин Монголд ирэх ямар ч боломжгүй. Ингэж цээжний бангаар ярьж болохгүй. Дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлдэг Франц улсад л гэхэд 70, 80 сая жуулчин авдаг. Манайд ийм хэмжээний даацыг жишээ нь, нисэх буудал дийлэхгүй. Цагт бараг 150 онгоц зэрэг бууж байж тэр жуулчдыг хүлээж авах байх. Ийм хүчин чадалтай онгоцны буудал манай улсад байгаа билүү. 400 сая жуулчныг хаана байрлуулах вэ гээд наад захын зүйлүүдийг бодоод үзэхээр тийм хэмжээний жуулчин хүлээж авах ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарина гэж ярилаа. Мод тарих нь уг нь зөв. Гэхдээ цээжний бангаар хамаагүй ярьж болохгүй, тэр тусмаа НҮБ-ын индэр дээрээс. Ингэж дэлхийн жишиг болж болохгүй шүү дээ. Тэрбум модыг тарина, хэзээ яаж тарих вэ гээд тооцоод үзье л дээ. 2030 он хүртэл тэрбум мод тарина гэж байгаа. Найман жилийн хугацаанд 342 мянган модыг нэг өдөрт тарих нь. Цагт 14 мянга, дойлд 237 тарих нь. Амжихгүй шүү дээ. Ингэж боддог, ярьдаг нөхдүүдийг битгий сонгооч ээ. Б.Гарамгайбаатар нэр дэвшигчийн хувьд Эдийн засгийн байнгын хороог өмнө нь удирдаж байсан, олон ч ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнийг хэнтийчүүд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ажил хэрэгч, хэлснээ хийж чаддаг, эдийн засгийн тооцоололтой ийм л хүмүүс өнөө цагийн УИХ-д хэрэгтэй. Мөн Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл нэр дэвшигчийг дэвшүүлсэн. УИХ-ын 62 суудал дээр МАН хоёр суудал нэмээд ямар үр дүн гарах юм бэ. Ямар өөрчлөлт гарах юм бэ. Үүний оронд Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл иргэдийн төлөөлөл болоод суувал ямар өөрчлөлт гарах бол. Хөшигний цаана байгаа бузар булхайг илчилдэг, зоригтой шүүмжилдэг, дуугардаг хүмүүсийг сонгох хэрэгтэй байна. Үүнийг хийж чадах хүн нь яах аргагүй Э.Бат-Үүл. Хэнээс ч айдаггүй, бүхнийг хийж дуугарч чаддаг. Э.Бат-Үүлээс МАН айдаг. Айдаг ч учраас энэ хүнийг гүтгэдэг. Гүтгэдэг учраас энэ хүнийг өнөөг хүртэл янз бүрийн нэр хоч зүүлгэх оролдлого хийж ирлээ. Тиймээс энэ хүн тэдний бузар булхайг УИХ-ын тахимаас Сонгинохайрханчууд, ард түмэнд хэлж чадна. Ийм л учраас бид энэ хоёр хүнийг дэвшүүлсэн. МАН-ын 62 суудал дээр хоёр суудал нэмээд ямар ч хэрэггүй. Үүний оронд сөрөг хүчиндээ хоёр суудал өгөөч ээ. Тэгж чадвал бид хөшигний цаана байгаа бузар булхайг илчилж, тэмцэнэ. Дарангуйлал тогтоохгүйн төлөө энэ хоёр хүнийг нэр дэвшүүлсэн юм шүү.

-Улс орны хөгжилд сөрөг хүчний үүрэг оролцоо чухал байдаг. Ялангуяа өнөөгийн түвшинд хүчтэй сөрөг хүчин ихээхэн үгүйлэгдэж байна. АН ойлголцлын ширээнд суусан байсан ч дотоод маргаан нь хараахан цэгцрээгүй байгаа. АН-ын дотоодод байгаа асуудал хэзээ нэг тийшээ болох вэ?

-Нэг ширээний ард сууснаар шуудхан л ойлголцол бий болохгүй. Ойлголцолд хүрэхийн тулд үе шаттай олон алхам шаардлагатай байна. Миний бодлоор анхны алхмыг Э.Бат-Үүл баатар хийсэн гэж харж байгаа. Хоёр талын залуучуудтай уулзаж, ойлголцлыг бий болгохын төлөө нэлээн том алхмыг хийсэн. Өнөөдөр бид ойлголцолд хүрэх ёстой. Ард иргэдийнхээ төлөө сөрөг хүчин гэж байх ёстой. Тэгэхгүй бол дарангуйллыг бид бүхэн даван туулах ямар ч боломжгүй. Ардын намын эсрэг тэмцэж чадах нам бол Ардчилсан нам. Хүчтэй намын эсрэг тэмцэж чадах өөр нам байхгүй. Хүмүүс ХҮН гэж ярьдаг. ХҮН Ардчилсан намын хэмжээнд хүрч МАН-тай тэмцэхийн тулд хамгийн наад тал нь 20 жил хэрэгтэй. Эхлээд намын бүтэц болж өөрчлөгдөх ёстой шүү дээ. Намын хөгжлийн цаг хугацаа гэж бий. Өөрөөр хэлбэл, аймаг, сум, хороодод өөрийн гэсэн дэмжигч бүтэцтэй болтол наад тал нь 20 жил хэрэгтэй. Ингэж байж МАН-тай тэмцэнэ. Ингэж байж МАН-ын карманд нь багтаж, үг, хуйвалдаанд нь орохгүйгээр тэдний эсрэг зогсож чадна. Тэрнээс нааш ХҮН МАН-ын эсрэг хүчтэй зогсох нам байж чадахгүй. Тиймээс л МАН-ын эсрэг хүчтэй зогсож чадах намыг Ардчилсан нам гэж хэлдэг. Ардчиллыг хамгаалж, манаж байгаа ганц нам нь Ардчилсан нам шүү дээ. АН дотор байгаа хэсэг бүлэг, тодорхой хүмүүсээс шалтгаалж манай намын нэр хүнд олны дунд унасан зүйл бий. Гэхдээ АН бүхэлдээ тийм биш. Итгэл үнэмшлээрээ явж байгаа олон зуун дэмжигчид, залуус, бизнесмэнүүд бий. Улс орноо өөрчлөх юмсан, хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэдгийн төлөө бүх насаа зориулж байгаа мянга мянган гишүүд бий. Энэ бүхнийг үгүйсгэж болохгүй. Тиймээс ч АН өнөөг хүртэл оршин тогтнож байна.