Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид Борис Жонсоны эсрэг жагсав

Грийнпиисчүүд буюу ногоон идэвхтнүүд газрын тосны олборлолтыг эсэргүүцэн, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг шаардсан жагсаал хийлээ. Жагсагчид газрын тосоор будсан Борис Жонсоны хөшөөгөөр Даунинг стрийтрийн гарцыг хаагаад байна.

Шатахуун түлшнээс хэт хараат байх нь үхлийн аюулт гамшиг, цаг агаарын хэвийн бус үзэгдлүүдийг авчирсаар байна. Дэлхийн дулаарал эрс нэмэгдэж, шатахуун түгээх станцуудад урт дарааллууд үүссээр байгаа нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих цаг үе ирснийг харуулж байна хэмээн жагсагчид үзэж байгаа аж.

Тэд мөн Борис Жонсон хойд тэнгис дэх Камбо газрын тос, байгалийн хийн 16 шинэ төслийг дэмжиж байгааг эсэргүүцэж байна гэлээ. Үүнээс гадна 2018 оны 8 дугаар сард Британийн эрх баригчид “BR’’ компанид Шотландын Ворлич хотод олборлолт хийх тусгай зөвшөөрөл олгосон байдаг.


Эрх баригчдын шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх нөлөөллийг тооцолгүй тул ирээдүйд асар их хохирол дагуулна. Тиймээс ВR-ийн зөвшөөрлийг цуцалж, Камбо төслийг зогсоох ёстой гэх шаардлагыг жагсагчид тавьж байна.

Мөн Бельгийн нийслэл Брюссель хотноо НҮБ-ын уур амьсгалын эсрэг бага хурлыг угтан Грийнписчүүдийн ээлжит жагсаал боллоо. Брюсселийн гудамжнууд ням гарагт лоозон барьсан жагсагчдаар дүүрсэн бөгөөд жагсагчдын зарим нь устаж үгүй болж буй амьтдын төрөл зүйлийг дуурайн хувцасласан байжээ.

Энэ зун нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд томоохон шийдвэрүүдийг гаргах цаг болсныг харуулж байна хэмээн жагсагчид үзсэн байна.

Ирэх 11 дүгээр сард Глазго хотноо НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал болно. Уг хуралд дэлхийн 100 орны удирдагчид оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 23 хүн түймэрт өртөж нас баржээ

Хүйтний улиралд дуудлагын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл иржээ. Гал түймэрт 17 том хүн, 6 хүүхэд өртөж нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэн ба иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Галын нийтлэг шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй аж. Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Манай улс газар нутгаараа хий дамжуулсны төлбөрт жилд нэг тэрбум доллар авна

Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныхантай уулзжээ.

Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа хэлсэн байна. Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж.
Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич хэлсэн байна. Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох, ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ.
Төлөвлөгөө ёсоор бол жилд 50 тэрбум метр куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд хий дамжуулсны төлбөр гэж ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоолол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 14-нөөс ихэнх нутгаар бороо, нойтон цас орж хүйтэрнэ


Маргааш буюу энэ сарын 13-14-нд шилжих шөнө болон 14-ний өдөр газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

-МАРГААШИЙН 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ-

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 4-6 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

УУЛАРХАГ НУТАГ, ГОЛУУДЫН ХӨНДИЙ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР ШӨНӨДӨӨ 15-20 ХЭМИЙН ХҮЙТЭН БОЛНО

Аравдугаар сарын 14-нд буюу Пүрэв гарагт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, Баасан гарагт төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, Бямба гарагт зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Мөн энэ сарын 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Харин бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“ЕБС-ийн сурах бичигт монгол уламжлал, зан заншлын тухай харьцангуй бага тусгасан байна” гэв

Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж буй 174 төрлийн сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар гуравдугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг ажиллаж буй бөгөөд өнөөдөр эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн

  • Агуулга
  • Арга зүй,
  • Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо
  • Дизайн гэсэн үндсэн дөрвөн хэсэгт төвлөрч ажиллажээ.

Шинжилгээний ажлын үр дүнг авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцэж байв. Гэхдээ энэ нь хөтөлбөр сайн гэсэн ойлголт биш юм. Сурах бичгийн дизайнд тавигдах шаардлага үндсэндээ хангалттай гэж үзжээ.

Харин дутагдлын тухайд

  • Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан.
  • Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон
  • Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон
  • Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан
  • Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан
  • Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон
  • Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог
  • Сурах бичгийг тогтвортой хэрэглэх
  • Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах
  • Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсролд анхаарах

Ажлын хэсэг сурах бичиг тус бүрээр 2,500 орчим хуудас тайлан бичиж байна. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Эхнээсээ ажил хэрэг болж байгаа нь хуулийн төсөлд тусгасан саналуудаас харагдаж байгаа юм. Боловсролын ерөнхий хууль болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийнхэн 20 орчим санал тусгуулсан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МСҮТ-ийн суралцагчдын 200 мянган төгрөгийг сар бүр олгохгүй, төгсөхөд нь нэг удаа олгоно

Мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагч төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгох болжээ. Ингэснээр

  • 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг
  • 17 настай элссэн бол 2.5 сая
  • 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна гэсэн тооцооллыг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргасан байна.

МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг ийнхүү шинэчлэхээр боллоо. Учир нь тэтгэлгийг 200 мянга болгон нэмсний дараа оюутнуудын суралцах хугацаа уртассан. Мөн эхнэр, нөхөр хоёулаа суралцах болсон гэх мэт завхралууд гарсан. Төгсөөд тэтгэлгээ авснаар үсчин, засварчин гэх мэт мэргэжил эзэмшсэн хүүхдүүд ажлын багажаа шууд худалдан авч, гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой.

Тэгээд ч МСҮТ-үүдийг хөдөлмөрийн зах зээлийг дэмжих зорилгоор байгуулсан. Энэ нь халамжийн үйлчилгээ үзүүлэгч биш. Одоо сурч буй 30 мянган хүүхэд 18 нас хүрээгүй байна. Тэд сар бүр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгөө авна. МСҮТ, коллежийн оюутнууд дотуур байранд үнэ төлбөргүй суудгаас гадна дотуур байрны оюутнуудад сар бүр хоолны мөнгө болох 90 мянган төгрөг олгодог гэж ХНХЯ, Сангийн яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн 97 дугаар сургуулийн спортын талбайг тохижуулж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн биеийн тамир, спортын талбайг тохижуулж байна.

Уг талбайг олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайтай болгон тохижуулж байгаа юм. Иргэдийн амьдрах тав тухтай орчныг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3,393 ам метр талбайд тохижилт хийж буй.

Тохижилтын ажлын хүрээнд талбайг стандартад нийцсэн хиймэл зүлгээр бүрж, хөнгөн атлетикийн талбай, PP материалын дэвсгэртэй сагсан бөмбөгийн талбай хийж, амарч суух сандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж зэргийг суурилуулж байна.

Тохижилтыг “Тэнгисийн шүр” ХХК гүйцэтгэж байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Toyota” автомашинууддаа хамгийн сүүлийн үеийн нарны зай ашиглана

Ирээдүйд автомашинууддаа өндөр технологийн нарны зай хураагуур, тэдгээрт суурилсан системийг ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаагаа Японы “Toyota Motor” компани мэдэгджээ.

Тус компани Японы Дэвшилтэт аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнтэй хамтран ирээдүйд автомашинд ашиглаж болох хамгийн сүүлийн үеийн нарны зайн систем бүтээх гэж байгаа аж. Энэ төсөл нь ийм батерей, системийг бий болгох зардлыг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх үр ашгийг нэмэгдүүлэх зорилгото байна.

“Toyota” компани мөн цахилгаан, хос хөдөлгүүрт болон устөрөгчийн автомашиныхаа борлуулалтын хэмжээг 2030 он гэхэд жилд 8 сая ширхэг болгон нэмэгдүүлэх зорилт тавьснаа урьд нь мэдэгдсэн билээ. Японы Засгийн газар 2050 он гэхэд аж үйлдвэрийн болон автомашины нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэнэ гэж өнгөрсөн оны 10 дугаар сард мэдэгдсэн юм. Тус улсын хүлэмжийн хийн ялгарал 2030 он гэхэд 2013 оны түвшинтэй харьцуулахад 46 хувиар буурах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нээлттэй өдөрлөг болж байна

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг аравдугаар сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ.

“Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор зохион байгуулж буй уг өдөрлөгт есөн дүүргийн 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн оролцож, 1500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаалах юм. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бүрдүүлдэг. Тухайлбал, 43 мянган аж ахуйн нэгжид 700 мянган хүн ажилладаг. Цар тахлын нөлөөнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь өртсөн гэдэг судалгаа гарсан. Тиймээс хамгийн их ажлын байр хадгалж байгаа, эдийн засгийн эргэлтийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж, урам өгөх ёстой” хэмээв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Цар тахлын улмаас захиалагч нар багасан, үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед ийм үйл ажиллагаа маш их хэрэгцээтэй байгаа. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна” гэдгээ хэлж байв.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн хамтран ажилладаг олон улсын “HIS Mongolia” ХХК, Монгол-Японы төв зэрэг байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр нээсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Норовбанзад агсны 90 жилийн ойд зориулан пянз гаргажээ

Төрийн шагналт, ардын жүжигчин Н. Норовбанзад агсны 90 жилийн ойд зориулан цоо шинэхэн пянз худалдаанд гаргах гэж байна. Домогт уртын дуучны уянгалаг цээл хоолой, уртын дууны аялгуут мөн чанарыг шингээсэн шинэхэн пянзанд 11 дуу багтжээ. Ердөө 400 ширхэг пянзыг аравдугаар сарын 18-наас зөвхөн shoppy.mn дээр худалдаалах гэнэ. Нэг ширхэг пянз нь 999 мянган мянган төгрөгийн үнэтэй.

“Уяхан замбуутивийн наран” дуугаараа монгол түмнээ уярааж, уртын дууны шуранхайг дэлхийд эгшиглүүлсэн домогт уртын дуучин бол Н.Норовбанзад юм.
Тэрээр 1931 оны арванхоёрдугаар сарын 10-нд Дундговь аймгийн Дэрэн сум Сүүдэртийн улаан овоо гэдэг газар мэндэлжээ. Сургуульдаа дуу дуулдгаараа алдаршиж, “Дуучин шар” хэмээх хочтой болсон гэдэг. Ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт сайн дурын уран сайханч Н.Норовбанзад хотод ирж, “Идэр жинчин” уртын дууг дуулснаар урлагт хөл тавьсан түүхтэй.