Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тэмцээний 5 дахь өдөр манай улсын 3 боксчин тулалдлаа.
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тэмцээний 5 дахь өдөр манай улсын 3 боксчин тулалдлаа.
Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Харвалтын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Хором бүрийг аврахыг хичээцгээе” уриан дор Тархины харвалттай тэмцэх өдөрлөгийг зохион байгууллаа.
Тархины харвалт юунаас болж бий болдог түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын төв хоёрдугаар эмнэлгийн мэдрэлийн эмч О.Одгэрэлтэй ярилцлаа
–Тархины харвалттай тэмцэх өдөрлөг болсон. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулав?
–Дэлхий даяар аравдугаар сарын 29-ний өдрийг “Харвалтын эсрэг өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа, үнэгүй оношилгоо үзлэгийг хийх боломж бүрддэг. Зүрх судас, мэдрэл, дотоод шүүрэл, ясны сийрэгжилт зэрэг гол тархины харвалтын шалтгаан болж байдаг өвчлөлүүдийг оношиллоо. Хэдий нэг өдөр болдог ч гэсэн харвалт гэдэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэхэд дуу хоолойгоо хүргэх нь гол зорилго юм.
-Харвалт гэдэг өвчний талаар яривал…?
-Харвалт гэдэг бол судасны шалтгаантай өвчин юм. Хүний тархины бүх үйл ажиллагаа судасны зохицуулалтаар явагддаг. Хэрвээ тархи судасны аль нэг тал нь бөглөрөх эсвэл судас хагарахаас болж хүний танин мэдэхүй, хөдөлгөөн, тэнцвэрийн үйл ажиллагаа алдагддаг. Үүнийг харвалт гэж нэрлээд байгаа юм.
-Тархины цус харвалт нь хичнээн төрөлтэй вэ?
–“Цус хомсрох харвалт”, “Тархины идээт харвалт” гэж хоёр ангилдаг. “Цус хомсрох харвалт” нь тархинд хүчилтөрөгчийн хангамж дутагдаж судасны цус бөглөрч буйг хэлнэ. Харин “Тархины идээт харвалт” нь судасны хана гэмтэж хагарахыг хэлдэг. Судас хагарснаар тархины идээт голомтод өөрчлөлт үүсгэдэг гэсэн үг юм.
-Хүний биед ямар шалтгаанаас болж харвалт өгдөг вэ?
-Нэн түрүүнд цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчнүүд харвалтын шалтгаан болдог. Хоёрдугаарт нь илүүдэл жинтэй буюу хэт таргалалттай байх. Өөх, тосны хэрэглээ өндөр, хөдөлгөөний дутагдалтай, чихрийн шижинтэй зэрэг нь харвалтын мөн шалтгаан болдог. Эдгээр нь судасны цусан хангамжид өөрчлөлт оруулж байдаг хүчин зүйлүүд юм.
-Ихэвчлэн хэдэн насныхан энэ өвчинд өртөж байна?
-Насны ангиллаар авч үзвэл 55-аас дээш, 65-аас дээш, дундаж насныхан гэж ангилдаг. Харин одоо залуучуудын дунд цусны даралт ихэсдэг, даралттай гэдгээ мэддэггүй тохиолдол их байна. Энэ нь олон шалтгаантай.
Тухайлбал, дээр дурдсанчлан чихрийн шижин сахарын өвчтэй түүндээ хяналт тавьдаггүй, хөдөлгөөний дутагдалтай, таргалалттай зэрэг маш олон шалтгаан байна. Үүнээс гадна нийгмийн харилцаанаас авах айдас, стресс, бухимдал нөлөөлдөг.
-Бага насны хүүхэд харвалт өгөх тохиолдол хэр их гардаг вэ. Гол хүчин зүйлийг юу гэж харж байна вэ?
-Үүнд нас, хүйс хамаарахгүй. Хэн ч харвалт өгөх эрсдэлтэй. Бага насны хүүхдийн хувьд насанд хүрсэн хүмүүст тохиолддог судасны хатуурал, даралт ихсэх гэсэн өвчлөл байдаггүй. Харин зүрхний гажиг, зүрхний хэм алдагдах, хавхлагын өөрчлөлт, удамшлын өвчин зэргээс хамаарч тархины судсанд бөглөрөл үүсгэх гэх мэт шалтгаанаас үүдэн харвалт өгөх тохиолдол гардаг.
-Ер нь хүний биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Урьдчилан сэргийлэх арга замын талаар ярихгүй юу?
-Харвалтыг урьдчилж мэдэх, эрт илрүүлэх, сэргийлэх гэдэг нь хамгийн чухал. Тиймээс жил бүр тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тал дээр өдөрлөг зохион байгуулж иргэдэд мэдлэг, мэдээлэл өгсөөр байна.
Харвалтыг эрт үед нь илрүүлэх нь хөдөлмөрийн чадамж алдах, нас баралтаас бүрэн сэргийлдэг.
Харвалтын шинж тэмдэг нь нүүрний нэг тал мурийх, нэг талын гар сулрах, юм барьж чадахгүй болох, хэл ээдрэх, хэл далдирах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд шууд л 103 руу залгах хэрэгтэй. Хэдий чинээ хурдан түргэн тусламж авч чадна дараа дараагийн гарч болох эрсдэлээс амь насыг нь аварч байна гэсэн үг. Мөн цусны даралт ихсэх өвчний үед хүзүү хөших, толгой өвдөх, толгой дүүрэх, нүд бүрэлзэх, чих шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим хүнд артерийн даралт огцом өсөх тохиолдол бий. Эдгээр тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Эмчид хандсанаар харвалт өгч болох, өгч буй гол шалтгааныг оношилж мэднэ. Үүний дараа тухайн хүнд тохирсон эмчилгээг хийдэг.
-Ямар анхны тусламж үзүүлбэл зохих вэ?
–Нэгэнт харвалт өгсөн хүнд нэн түрүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Хамгийн ойр байрлах эмнэлгийг бараадах нь хамгийн зөв алхам болно. Тархины цус харвалтыг хөдөлмөрийн чадамжаар нь хөнгөн, дунд, хүнд гэдгийг нь тогтоох үнэлгээ хийдэг. Дараагаар нь харвалт өгсөн шалтгааныг олж тогтооно. Гол шалтгааныг нь олсноор хоёрдогч эрсдэл буюу давтан харвалтаас урьдчилан сэргийлж чадна. Мөн тухайн өвчтөнд тохирсон эмчилгээг хийж дараа дараагийн арга хэмжээг авч эхэлнэ. Хөдөлгөөн засал, хэл засал гэсэн эмчилгээг байнгын хийх шаардлагатай.
-Харвалтын дараахь нөхөн сэргээх эмчилгээнээс хүн хөдөлмөрийн чадамжаа бүрэн олж авах боломжтой юу?
-Тухайн хүний харвалтын хэлбэр, нас, дагалдах хууч өвчин, эмгэгээс хамаарч тодорхойлдог учраас шууд хэлэх боломжгүй.
–Таныг мэдрэлийн эмчээр ажиллах сүүлийн гурван жилийн хугацаанд харвалтын тохиолдол нэмэгдсэн үү. Аль эсвэл буурсан уу?
-Ерөнхий үзүүлэлтүүдээс харахад дэлхий даяар 100 мянган хүн амд 300 шинэ тохиолдол гардаг бол Монголд 100 мянган хүн амд 290 тохиолдол гардаг гэж үздэг. Харвалт, зүрх судасны өвчин нас баралтаар тэргүүлж байна. Тэгэхээр манай улсын хувьд тохиолдлын тоо хамгийн их буюу хамгийн өндөр эрсдэлтэй орны тоонд ордог. Жил ирэх тусам ихсэх магадлалтай байна.
–Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгөөч?
-Хэрвээ даралттай бол эмээ тогтмол ууж, зүрхний хэм алдагдалтай бол эмчийн хяналтад байх шаардлагатай. Амьдралын зөв хэмнэлээ анхаарч илүүдэл жингээ хасах, өөх тосны хэрэглээгээ багасгах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хорт зуршлаас татгалзах зэргийг анхаарах хэрэгтэй.
ТАРХИНЫ ХАРВАЛТ ӨВЧНИЙ СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙН (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2020он)
-Тархины харвалт өвчин нь манай улсад болон дэлхийн орнуудад өвчлөлийн байдлаар, мөн нас баралтаар эхний 3 байранд явж байна.
Үүнээс болж жил бүр 14 сая хүн харвалтанд өртөж, 5.5 сая хүн нас барж байна. Манай улсын хувьд нийт өвчлөлийн 12 хувийг зүрх болон тархины судасны өвчин эзэлж, 2011-2021 оны 10 жилийн судалгаагаар 100 мянган хүн амд 6.6 буюу 2011 оноос 1 пунктээр өссөн байна.
Нас баралтаар харвалт болон зүрх судасны өвчний улмаас нас баралт тэргүүлж байна. 2020 оны байдлаар нийт нас баралтын 34.2 хувийг зүрх ба тархины судасны өвчлөл, үүнээс 24.5 хувийг тархины харвалт эзэлж байна. Тархины цус харвалтын үүсэх үндсэн суурь өвчний нэг болох цусны даралт ихдэлт 2011 оноос 1.6 дахин нэмэгдсэн байна. Тархины судасны өвчлөл 2011 оноос 0.8 хувиар нэмэгдсэн байна.Тархины харвалт, зүрхний судасны үхлээрнас баралтын дунд эрэгтэйчүүдийн тоо илүү давамгай байна. 2020 онд тархи болон зүрх судасны өвчнөөр нас барсан хүмүүсийн 95.2 хувь нь 40 өөс дээш насны хүмүүс байгаагаас эрэгтэйчүүдийн 43 хувь нь, эмэгтэйчүүдийн 18 хувь нь ид хөдөлмөрийн насандаа нас барсан байна.
Н.ЦОГЗОЛМАА
2021.10.30-нд Улаанбаатар хотод явуулын 28 баг, суурин 23 цэгт 59 багийн 230 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
УИХ–ын намрын чуулганаар хэлэлцэж байгаа хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийн талаар УИХ–ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.
–Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Улмаар уг хуулийн төсөлтэй холбоотой шүүмжлэл олон нийтийн дунд нэлээд өрнөж байна. Та уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна уу?
-Шүүмжлэл дагуулаад байгаа хуулийн төслийн тухайд бол хөрөнгө оруулалтын эрэмбээрээ татварын орчны дараа эрэмбэлэгдэх асуудал. Одоогийн үйлчилж байгаа хуулийн орчин, ҮАБЗ-ийн хүрээнд явж болох асуудал. Гагцхүү цахимжуулах, төрийн үйлчилгээ хялбар байх, технологи талаас нь төрийн захиргааны байгууллагын анхаарах ёстой асуудал гэж харж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд УИХ баталж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөр болох шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжиж, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж төрийн бодлогоор дэмжихээр хуульчилсан. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дэх зохицуулалтаар барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн эскпортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр зам оруулж ирэх техник, тоног төхөөрөмжүүдийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувь хүртэлх бууруулж дэмжих, зарим төрлийн албан татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Үүний үр дүнд дотоодын томоохон компаниуд болох “Монполимет”, “Эрэл”, “МАК”, “Бэрэн” гэх мэт компаниудад технологийн шинэчлэл зоригтой хийх хөшүүрэг болж, Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл, гадаад дотоодын болон өөрийн эх үүсвэрээс босгож томоохон бүтээн байгуулалт хийсэн төслүүд бүгд ашиглалтад амжилттай орсон.
Том төслүүдээ хөдөлгөж, бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн жигдрэх хүртэл төр бодлогоор дэмжих нь уг хуулийн зорилго юм.Уг бодлогын үр дүнд барилгын салбарын зам материал тухайлбал, цементийнхээ хэрэглээг дотооддоо бүрэн хангаж эхэлсэн.
–Таны хэлснээр одоо хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар улсын чанартай томоохон төсөл хөтөлбөртэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх, цаашлаад НӨАТ– ыг тэглэх зэрэг заалтууд тусгасан юм байна. Тэгвэл амьдрал дээр энэ заалт бодитоор хэрэгжихгүй байгаа шүү дээ?
-Тухайн үед Монгол Улсын Засгийн газар нэр бүхий дотоодын хөрөнгө оруулагч компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжиж татварыг чөлөөлөх бус хоёр жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Улмаар татвараас чөлөөлөх хуулийн хэрэгжилтийг нэг мөр болгоогүйгээс бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тиймээс өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газраас хуулиар заасан хөрөнгө оруулагчийн таатай орчныг амьдрал дээр хэрэгжүүлэхийг шаардсаар ирсэн.
Энэ нь дотоодын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийн буруу биш шүү дээ. Төр засгаас дэмжлэг авах эрх зүйн орчин сайжирсан тул эрсдэл үүрч, томоохон хөрөнгө оруулалт хийгээд найман жилийнхээ босгыг алхаж байна.
Гэсэн хэдий ч, энэ мэт томоохон төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын хөрөнгө оруулагчдын өмнө төр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төрийн бодлогоор дэмжихгүй ирсний үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэл алдарсаар байна.
-Дотоод гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулахдаа итгэл муутай байдаг шүү дээ. Хууль эрх зүйн орчин сайжирсан мэт боловч бодит амьдрал дээр хэрэгждэггүй гэж шүүмжлэх тохиолдол олон байдаг?
-Тийм шүү. Нөгөө талаар гадны хөрөнгө оруулагчид мөн энэхүү хуулийн төсөл бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна, хөрөнгө оруулагчийн эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч бодит амьдрал дээр тогтвортой төрийн бодлого шийдвэр гаргахгүй байгааг сануулсаар байна. Хөрөнгө оруулалтын хуулийн үзэл санал зохицуулалт хэрэгжихгүй, биеллээ олохгүй, татварын дорвитой дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа гол шалтгаан нь тухайн жилийн төсвийн тухай хуультай уяж хөрөнгө оруулалтын төслүүдийн татварын хувь хэмжээг бууруулах, чөлөөлөх уялдаа холбоогүй, нөгөө талаар Татварын ерөнхий хууль бусад хууль тогтоомжоор шууд чөлөөлөх, хөнгөлөх харилцааг тодорхой болгоогүй, зөрчилтэй үүднээс гол хүндрэл үүсч байна.Тиймээс энэхүү асуудлыг нэг мөр болгохын тулд уг хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжих төсвийн бодлого барьж байгаа.Ирэх 2022 оны төсвийн тухай хуульд төсвийн орлогын бүрдүүлэлт татварын орлого 13.9 их наяд байхаар тусгасан. Энэ нь гадаад дотоод хөрөнгө оруулагчдын бүрдүүлэлтийн орлого, эргээд хөрөнгө оруулагчаа дэмжих тогтвортой бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих хүртэл мега төслүүд нь урт хугацаанд үр өгөөжөө өгөх бодлого барьж хөрөнгө оруулалтын шинэ төслийн хэрэгцээ шаардлагыг дахин эрэмбэлэх, түүнд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлснээр төсөвт эерэг үзүүлэлт дунд хугацаанд гарах нь дамжиггүй юм.
-Тэгэхээр сая өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гол асуудлыг нь орхигдуулсан гэж та үзэж байна уу?
-Миний хувьд тийм л гэж ойлгож байгаа. Өнгөрсөн найман жилийн хугацаан дахь энэ хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судалж хөрөнгө оруулалтын төрөл чиглэлийг дахин шинэчлэх цаг болсон. Татварын орчныг илүү таатай, урт хугацааны тогтвортой тодорхой болгох салбар дундын хуулийн зөрчлийг арилгах нь чухал гэж харж байгаа.
-Ирэх оны төсвийн төсөөлөлд хэд хэдэн анхаарал татсан асуудал байна. Тухайлбал, Төрийн өмчит компаниудын 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг төсөвт төвлөрүүлэх гэнэ. Энэ тооцоолол хэр бодитой гэж харж байна?
-Төрийн өмчит компаниудын ногдол ашиг хэлбэрээр төсөвт 464 тэрбум төгрөг төвлөрүүлэх төсвийн төсөөлөл миний хувьд боломжгүй зүйл гэж харж байгаа. Эргээд энэ хэрээр төсвийн алдагдал үүрнэ. Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг хийж ашигт үйл ажиллагааг сайжруулахаар Засгийн газраас зарласан ч бодит ажил болж чадахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны чиглэл зорилго тодорхойгүй, төрөөс үнийг нь тогтоодог, байнга алдагдалтай ажилладаг нийгмийн суурь үйлчилгээ эрхэлж буй этгээдүүд их бий. Цаашлаад төрийн оролцоотой ашгийн төлөө үйл ажиллагааг хязгаарлах нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг төр барьж, ашиггүй ажиллаж байгаа стратегийн болон төрийн зайлшгүй эрхлэх үйл ажиллагаанаас бусдыг эрэмбэлж хувьчлах, төрөөс татаас авдаг олон төрийн өмчит хуулийн этгээдийг менежмэнтийн хувьчлалаар, эсхүл дуудлага худалдаагаар хувьд шилжүүлж хувийн хэвшлээ дэмжиж төр хувийн хэвшлийн бизнесийг булаадаг, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг төрийн нэрээр монополь үүсгэдэг гажууд тогтолцооноос салах ёстой.
Төрийн өмчит компаниуд 15 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, эдгээр компаниудын цалин урамшуулал 2.5 их наяд төгрөг өгдөг, 1.5 их наяд төгрөгийн өртэй, Санхүүгийн зөрчил 1,9 их наяд төгрөгийн өртэй, 2019 оноос жил бүр энэ тоо өсөлттэй байгаа нь төр өөртөө алдагдал үүрч, тухайн салбарын чөлөөт зах зээлийг нээж өгөхгүй байгаагаас эдийн засаг нийгмийн хөгжлийн чөдөр тушаа болж байгаа нь нууц биш.
-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа энэ үед шинээр хоёр яам байгуулах талаар яригдаж байна. Төрийн бүтцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юу?
-Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулахаар төсвийн болон Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл орж ирсэн.Миний хувьд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж харж байгаа. Монгол Улсын хөгжлийн бодлогыг дунд болон урт хугацаандаа тодорхойлж чиглүүлэх чухал салбар.Цаашид урт хугацаандаа үр өгөөжөө өгөх салбар. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хэрэгцээ шаардлага алга. Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар одоогийн бүтцээрээ ажиллахад л болохгүй зүйл алга. Тиймээс дахин яам байгуулах хэрэгцээ шаардлага байгаа юм уу,Засгийн газрын ямар чиг үүргийг хангаж ажиллах гээд байгаа нь тодорхойгүй санагдаж байна. Одоогийн ангентлагууд нь цахим үндэстэн хөтөлбөрийг хөгжүүлээд болоод байна. Манайх хүн ам цөөн, энэ төрлийн зах зээлийн хэрэгцээ шаардлага, багтаамж бага.Ийм үед Монгол Улсын Засгийн газар ковидын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ анхаарал хандуулж, төрийн албанд хэмнэлтийн горимоор ажиллах 2022 оны төсвийн зорилго зорилт тавьж УИХ-д өргөн мэдүүлсэн.Тиймээс төрийн албаны орон тоог нэмэгдүүлэхгүй, төсөвт дарамт үүсгэхгүй цомхон, чадварлаг баг ажиллах ёстой.Иймд уг яаманд төсөвлөж орж ирсэн 1.8 тэрбум төгрөгийн урсгал зардалтай байгууллага бий болгохын эсрэг байр суурьтай байна.Нөгөө талаар Даатгалын санг удирдах корпораци, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа гэх мэт хэд хэдэн төрийн өмчит компаниуд дахин дөрвөн агентлаг шинээр байгуулахаар хуулийн төслүүд өргөн барьсан. Нийт 41.6 тэрбум төгрөгийн төсөвтэй байх нь. Миний хувьд эдгээр асуудлыг огт дэмжихгүй.
-Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа царцсан барилгуудыг 2015 оноос хойш хөдөлгөхгүй жил ирэх тусам тухайн компаниудын төсөвт өртөг нэмэгдэж анхны тендер зарласан дүнгээс хэд дахин давж төсөвт дарамт учруулсаар байна.Энэ асуудлыг юу гэж харж байна?
-Төсвийн тухай хуульд улсын төсөвт суусан тендер зарласан, шалгарч ажил нь эхлээд царцсан барилгууд цөөнгүй байна.Энэ асуудал байнга давтагддаг.Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгууд хугацаандаа ашиглалтад орохгүй 2-8 жилийн хугацаатай сунаж анхны төсөвт өртөг, тендерт шалгарсан дүнгээсээ барилгын материалын үнэ, ажиллах хүчний зардал огцом нэмэгдэж байгаагаас үүдэн жил ирэх тусам төсөвт өртөг нэмэгдэж, төсөвт ачаалал үүсгэж байгаа юм. Улсын төсвийн бүтээн байгуулалтын царцсан барилгын нэмэгдсэн төсөв Барилга хөгжлийн төвөөс 2021 онд 260 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж улсын төсөвт суулгах ажил явах нь нөгөө анхны төсөвт өртөг тендерийн ач холбогдол алга болчихоод байна. Эдгээр асуудлууд ужгирсаар төсвийн алдагдалд оруулж байна. Засгийн газар 2022 оны төсвийн хуулиар өнгөрсөн хугацаанд царцсан барилгуудыг дуусгах, дахин алдагдал үүрэхгүй байх чиглэлээр ажиллахгүй байна.
-Ирэх онд зарим аймгийн сум бүрт Соёлын ордон барихаар төлөвлөсөн. Бидэнд өмнөх алдаагаа давтахгүй байх, нэн шаардлагатай бус бүтээн байгуулалтын зардлаа тэвчиж, хойшлуулах боломж байна шүү дээ?
-Ирэх онд дахин 1.7 тэрбум төгрөгийн барилгын бүтээн байгуулалт хийхээр төсөв оруулж ирсэн.Жагсаалтыг нарийн харахаар тэвчиж болох олон зардал байна.Үүнийг эрэмбэлэхгүй бол болохгүй.Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга царцаад байхад суманд наадмын талбай, багийн төвийн барилга, спортын заал, музейн барилга гээд заримдаа жилдээ ганц хэрэглэдэг барилга байгууламжийн хэрэг байна уу. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой л доо. Нөгөө талаар төсөвт маш их лобби орж байгаа нь төсвийн тэгш бус хуваарилалтаас илт байна. Тухайлбал, Хэнтий, Баянхонгор аймагт хэтэрхий их төсвийг үрэлгэн хэлбэрээр л явуулж байна.
Тухайлбал, миний сонгогдсон Хан-уул дүүрэгт гэхэд хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл 2015 оноос эхлэн царцсан, VIII хороонд 1800 хүүхдийн сургуулийн барилгыг төсөвт суулгах нь соёлын төвийн барилгуудаас нэн тэргүүнд ач холбогдолтой байхад төсөвт тусгахгүй байх жишээтэй. Нөгөө талаар халамжийн бодлогыг цэгцэлж төсөвт оруулж ирсэнгүй.Дахин хавтгайруулсан халамжийн төсөв оруулж ирлээ. Нийгмийн хамгааллын яамны судалгаагаар зайлшгүй хэрэгцээтэй халамж 40 хувь нь, үлдэх 60 хувийн халамж илүүдэл хэлбэрээр үрэлгэн зардал гарсаар байна.
-Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу?
-Ирээдүйн өв сангийн тухай хуульд орох нэмэлт, өөрчлөлтийг зайлшгүй дэмжих хэрэгтэй. Ирээдүйн ач холбогдол үр өгөөж нь хуримтлалын тогтолцоогоор хөгжих, хүүхдийн эрхийг хангах гол хөшүүрэг эдийн засгийн баталгаа болох талаас нь анхаарах ёстой.Тэгэхгүй бол хүүхдийн мөнгөний зарцуулалт үрэлгэн байдалтай, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд нөлөөлсөн сөрөг үр дагавартай байна. Гэхдээ хуримтлалын сангийн доод хязгаарыг тогтоож өгөөд, хүсвэл хүүхдийн эцэг эх асран хамгаалагч нь 100 хувь хүртэл хадгалж болох зохицуулалтыг хийж өгөх шаардлагатай байна.
П.БАТЗАЯА
Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та саяхан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн асуудлаар ОХУ-д ажиллаад ирлээ. Уулзалтаар ямар үр дүн, ойлголцолд хүрэв?
-Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хуримтлагдсан асуудлуудаар шийдвэр гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан учраас энэ сарын 10-12-ны өдрүүдэд Эрхүү хотод Ерөнхий хорооны хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар үндсэн 11, нэмэлтээр гурван асуудал хэлэлцсэн. Улаанбаатар төмөр замын бизнес, өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад харилцаа, хүн хүчтэй холбоотой гээд олон асуудлыг шийдвэрлэсэн.
Тухайлбал, Улаанбаатар төмөр замын үнэ тарифын шинэчлэл сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй. Үнэ тарифын өөрчлөлт, бизнесийн зарчмын өөрчлөлтүүд бол маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ. Улаанбаатар төмөр замын үнэ 10, 20 жилийн өмнөхөөрөө мөрдөгдөж ирлээ. Тиймээс Улаанбаатар төмөр замын тээврийн үнэлгээтэй холбоотой асуудлыг Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийг шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж шийддэг. Улаанбаатар төмөр замын үндсэн тээвэрлэлтийн нэг бол бидний хэрэглэгддэг цахилгаан дулааны эх үүсвэр болсон дотоодын нүүрсний тээврийн асуудал байдаг. Тиймээс үнэ тарифын асуудлыг шийдвэрлэхдээ дотоодын тээврийн нүүрс тээвэрлэлтээс бусад үнийг өөрчлөх асуудлыг ярилцсан. Нийгэм, эдийн засаг, бизнесийнх нь харилцаанд тулгуурлаж тодорхой хувиар нэмэгдүүлж ажиллая гэдэг бодлогын том асуудлыг шийдсэн. Хоёрдугаарт, 2025 он хүртэл хөгжүүлэх, үнэ тарифын бодлогын баримт бичгийг гаргасан.
Энэхүү бодлогын баримт бичгээ тус хурлаар шийдсэн. Гуравдугаарт, төмөр зам гэх том айл өнөөдөр 16 мянган ажилтантай. Энэ айлыг авч явахад цаашдаа бизнесийн харилцааны өөрчлөлттэй холбогдуулж шинэчлэх, зарим зүйлд Ерөнхий хорооны оролцоог нэмэгдүүлэх бүтцийн томоохон ажил, арга хэмжээ шийдэгдсэн. Үүнийг хоёр талаас их ярьсан. Ойлголцолд хүрсэн. Тиймээс шийдвэрээ гаргасан. Үүнээс гадна Улаанбаатар төмөр замын үндсэн хоёр үндсэн баримт бичиг байна. Тодруулбал, 1949 оны тухайн үеийн БНМАУ, ЗХУ ерөнхий хэлэлцээр байна. Энэ бол олон улсын хэлэлцээр л дээ. Энэхүү хэлэлцээрээр олон харилцааг зохицуулсан. Хоёр дахь том баримт бичиг нь 1958 оны Улаанбаатар төмөр замын үндсэн дүрэм гэж байна. Эдгээр үндсэн томоохон баримт бичгүүдэд үндсэн зарчмуудыг тодорхой тусгасан байдаг. Ижил тэгш зарчим баримтална гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ удаа Улаанбаатар төмөр замын даргыг ОХУ-ын талаас хийвэл Ерөнхий хорооны дарга Монгол хүн байна. Ерөнхий хорооны дарга нь орос хүн байвал Улаанбаатар төмөр замын удирдлага нь монгол хүн байна. Улаанбаатар төмөр замын Эдийн засгийн албаных нь дарга орос хүн байвал орлогч нь монгол хүн байна гэсэн зарчмаар Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааг удирдана гэж олон улсын гэрээгээр зохицуулагдсан байдаг. Энэ том гэрээг мөрдөх үйл ажиллагааг түлхүү тавьдаг. Хоёр талаас гарын үсэг үзэглэж, хэрэгжиж байгаа баримт бичиг учраас тавихаас ч өөр аргагүй. Нөгөө талд Монголын талаас манай улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа юм.
Хэдийгээр Орос-Монголын хамтарсан аж ахуйн нэгж мэт харагддаг ч гэсэн хоёр орны хамтын ажиллагааны дүр төрхийг энэ байгууллага харуулж өгч байдаг. Тиймээс улс хоорондын харилцааны гол төв цэг болж явдгаараа Улаанбаатар төмөр зам онцлогтой. Улаанбаатар төмөр зам дээр шийдвэрлэх асуудал их байсан учраас Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж шийдэлд хүрсэн.Энэхүү хурлын үргэлжлэл болж өнгөрөгч пүрэв гаригт ОХУ-ын Засгийн газрын орлогчоор ахлуулсан төлөөлөгчид ирсэн. Үүнд Оросын төмөр замын нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Зам тээврийн дэд сайд нь ирсэн. Тэд хоёулаа Улаанбаатар зам ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн. Тиймээс зарим шийдвэрлэгдээгүй асуудлуудаар дахиж ярилцах, шийдвэрлэгдсэн асуудлуудаа баталгаажуулах ажлууд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хийгдлээ гэж хэлж болно.
-Ерөнхий хорооны хурлаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагын асуудал хэлэлцэгдсэн. Талууд ойлголцолд хүрч чадаагүй гээд янз бүрийн мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Энэ талаар?
-Ер нь хэвлэл мэдээллийнхэнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн захирлын асуудал их сонирхолтой байх шиг байгаа юм. Үүнээс төмөр замын даргын асуудлыг дараагийн удирдлагын хорооны хурлаар ярихаар энэ асуудал хойшлогдсон. Өөрөөр хэлбэл, хэлэлцэгдээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа мэдээлэл худлаа. Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны энэ удаагийн хуралд дөрөвхөн хүн л асуудлыг хэлэлцсэн. Цахимаар ОХУ-ын талаас нэг, Монголын талаас нэг гишүүн. Харин нүүр тулж ОХУ-ын талын хоёр, Монголын талын хоёр төлөөлөл хуралдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлыг дөрвөн хүн л ярьдаг. Түүнээс элдэв янзын, өөр ямар ч хүн хажууд байдаггүй, орчуулагч ч хэрэггүй. Тиймээс хурлаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлээр “зохиол” нийтлэгдээд байх шиг байна лээ. Ерөнхий хорооны хурал бол ажил хэрэгч бөгөөд цөөн хэдэн гишүүдийнхээ хүрээнд тодорхой чиглэлтэй яригддаг учраас хэвлэл дээр гарсан шиг юм байдаггүй. Ойлголцолд хүрэхдээ амархан. Ойлголцож чадахгүй бол түүнийгээ хойшлуулдаг, эсвэл санал хураах зарчмаар шийддэг.
-Эрээн-Замын-Үүдийн хилийн боомт дээр үүссэн асуудал олны анхаарлыг татаж буй. Тэнд үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?
-Вагон солилцоо нэлээн өндөр түвшинд явагдаж байгаа. Хүчин чадлын дээд хэмжээгээр ажиллаж байна. Өдөрт манай талаас урагшаа 14 вагон, урд хөршөөс найман вагон хүлээж авч байгаа. Төмөр замын ажилладаг зарчим янз бүр байдаг. Тиймээс хүмүүс тэр бүр мэддэггүй. Төмөр замын бизнесийн үйл ажиллагаа бол хангалттай сайн байгаа. Гэхдээ бидэнд гурван талын хамтын ажиллагаа маш чухал байна. Улаанбаатар төмөр зам гэдэг бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй боловч үйл ажиллагаа нь олон улсын хэмжээнд явагддаг. Энэ чиглэлийн онцгой үүрэгтэй салбар. Тиймээс ачаа тээврийнхээ тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн ОХУ төдийгүй БНХАУ-тай өндөр тохиролцоонд хүрч хамтын ажиллагаа сайжруулах шаардлагатай. Ойлголцлоо бэхжүүлэх шаардлагатай. Ойлголцол бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг нэмэгдүүлэхэд гол саад болж байгаа зүйл бол цар тахал байна шүү дээ. Цар тахлын улмаас уламжлалт харилцаа өөр байдал руу шилжиж байна. Цахим байдал руу шилжлээ. Биечлэн уулздаг, ажилладаг зарчмууд хоцрогдож, орхигдож эхэлж байна. Тиймээс шинэ нөхцөлд гурван талын хамтын ажиллагааг төмөр зам дээр сайжруулах бэхжүүлэх, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Энэ бол зөвхөн Монгол Улсаас хамаараад байдаггүй. БНХАУ руу өдөрт 20 галт тэрэг гаргахын тулд БНХАУ-тай яаж хамтарч ажиллах юм бэ, БНХАУ өөрийнхөө төмөр замын Эрээн, Жинен, Хөххот хүртэлх тээврийнхээ хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх, хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, хэдий хугацаанд үүнийгээ хийж чадах вэ зэрэг улс хоорондын асуудал байгаа юм. Эдгээр асуудлуудад анхаарч ажиллаж байна. Эрээн-Замын-Үүдийн авто тээврийн хөдөлгөөн бүрэн зогссон. Тиймээс авто тээврээр явж байсан ачаа тээврийг яаж зохицуулах вэ гэдэг зүйл яах аргагүй төмөр зам руу шилжинэ. Эрээн хотод үйл ажиллагаа идэвхгүй болж байгаа учраас БНХАУ-ын талтай Женин хотод ачаа тээврийг шилжүүлэн ачих байгууламжуудыг хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг талаар Улаанбаатар төмөр замынхан болон манай яамны нөхдүүд хамтарч ажиллаж байна.
-Хэр ахицтай байна?
-Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш тээвэрлэлт хийхтэй холбоотой зүйлүүдийг Женон хотоос хоёр, гурав хоногийн өмнө ачуулж байна. Үүнтэй холбоотой худалдааны ачаа тээврийн асуудал орж ирж байна. Жишээ нь, хөдөө аж ахуйн салбар, хүнстэй холбоотой. Тиймээс Женин дээр төмөр зам руу шилжүүлэх ийм ажиллагаа яаж зохион байгуулах вэ гэдэг талаар идэвхтэй ажиллаж байна.
-Тяньжин боомт дээр контейнерийн хуримтлал бий болсон, монголын ачаа гацчихлаа. Тяньжин гэлтгүй түүнийг тойрсон олон боомт бий. Бусад боомттой хамтарч ажиллах асуудал ер нь хөндөгдөх болов уу?
-Олон боомт бий. Энэ бол тээвэр зуучийн байгууллага хооронд хийгддэг бизнесийн процесс. Тэр олон улсын тээвэрлэлтэд төр оролцдоггүй. Тээвэр зуучийн байгууллага хоорон дахь гэрээ хэлэлцээрээрээ Тяньжины маршрут нь түлхүү сонгогдоод явчихсан юм байна. Бид тээвэр зуучийн холбоотой олон уулзалт хийсэн. Тяньжин дээр ирчихсэн контейнерийн маршрут нь Бээжингийн ойролцоох ачаалал ихтэй төмөр замаар явдаг учраас зарим талдаа их зовлон учруулж байгаа юм. Тиймээс өөр маршрутаар явах чиглэлийг та бүхэн бодож үзээч гэсэн. Тээвэр зуучийн компаниудтай бид хамтарч ажиллаж байгаа. Энэ чиглэлүүд хувийн хэвшил холбогдох байгууллага хооронд яригдаж байгаа юм билээ. Бид ч яриасай гэж хүсч байгаа.
-Өнөөгийн түвшинд Гашуунсухайт л бидний ганц амин судас болчихлоо. Тус боомтын нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Ганц идэвхтэй ажиллаж байгаа хэсэг бол Гашуунсухайт. Олон байгууллагын хамтын ажиллагаан дээр явагдаж байгаа. Тухайлбал, боомтын зөвлөл, боомтын захиргаа, мэргэжлийн хяналт, гааль, татвар, хил, Тээвэр, хувийн хэвшил. Энэ олон чиглэлийн үйл ажиллагааг нэг цэгт бөөгнөрүүлж, нэг зорилгод нэгтгэж байж л бид амжилтад хүрнэ. Одоо бол бөмбөлгийн зохион байгуулалтаар явж байгаа. Хамгийн сүүлд миний авсан мэдээллээр 150 орчим бөмбөлөг байна гэж мэдээлэл ирүүлж байна. Нэг бөмбөлөгт нь 40 хүртэлх жолооч байна гэж байгаа. Одоо бол 10, 20 гаруй жолооч нэг бөмбөлөг болж байх шиг байна. 40-өөс дээш болохоор эрсдэл бий болно гэж үзэж байгаа.
-Бөмбөлгийн зохион байгуулалтад асуудал байна, болохгүй гээд байгаа шүү дээ?
-Болдоггүй гэж хэн хэлсэн юм бэ. Үүнээс илүү зохион байгуулалттай арга хэмжээ одоохондоо хараахан шийдээгүй байна. Тиймээс бөмбөлгийн зохион байгуулалтад орсноор тээвэр бага багаар өсч байна шүү дээ. 100 гаруй машин байсан бол одоо 400 гаруй машин нүүрс гаргаж байна. Хамгийн гол нь бид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах ажлыг л өндөр хэмжээнд зохион байгуулах шаардлагатай. Өчигдөр би “Ганцхан боомт ажиллаж байгаа шүү. Бүх анхаарлаа тэнд төвлөрүүлээрэй. Тээвэр зохион байгуулалтынхаа асуудлыг өндөр түвшинд зохион байгуулна шүү. Элдэв янзын хэл ам, хэрүүл шуугиан үүсгэж болохгүй шүү” авто тээврийнхэнд шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бид өнөөдөр өндөр хариуцлагатай ажиллахгүй бол ганц ажиллаж байгаа боомтоо хаалгачихвал Эрээн шиг нөхцөл байдал үүснэ шүү дээ. Тиймээс хүн бүр хамтарч ажиллах хэрэгтэй байна. Амиа бодож болохгүй. Би тээвэрт оролцож байвал бусад нь хамаагүй гэдэг бодол байж болохгүй. Бие биенээ дэмжиж халдвар хамгааллын горимоо сайн мөрдөхгүй бол бид эмзэг, хүнд цаг үед ажиллаж байна. Зөвхөн төр зохион байгуулаад явах боломж хязгаарлагдмал болж ирж байна. Тиймээс үүнд хүн бүр хувийн хариуцлага сахилга бат сэтгэл чухал. Тэгж байж бид үүнийг давна.
-Дарханы зам зунаас хойш ажил хийгдэв үү?
-Санхүүжилт нь бэлэн төсөл дээр гүйцэтгэгч нь тодорхойгүй хэсэг хугацаа өнгөрлөө. Гүйцэтгэгч тодорхойгүй байна гэдэг бол санхүүжилт нь мянга бэлэн байгаад ажил урагшлахгүй шүү дээ. Дарханы замд асуудал олон бий. Энэ салбартай холбоотой ч асуудал байна. Холбоогүй ч асуудал байна. Бүх асуудлуудыг нэг саванд хийгээд сэгсрээд байж болохгүй. Ангилж ялгаад тухайн тухайн хэсэг дээр нь шийдэж байхгүй бол бүх асуудлыг нэг саванд хийчихээд бүгдийг нь шийднэ гэвэл ажлын уялдаа зохион байгуулалтад хүндрэл учруулна. Тиймээс Зам, тээвэр хөгжлийн яамнаас хамаарч байгаа юм нь юу юм бэ. Санхүүжилтээс хамаарч байгаа нь юу юм бэ. гүйцэтгэгчээс хамаарч байгаа нь юу юм бэ. Зөвлөх компани, орон нутгаас хамаарч байгаа нь юу юм бэ зэрэг олон асуудал байгаа. Энд гүйцэтгэгчдийн зүтгэл маш чухал байгаа юм.
-Гүйцэтгэгч компани шалгаруулахдаа яагаад чадамжгүй компани шалгаруулаад хугацаа алдчихав аа?
-Тендерийн тухай ярихад, миний шууд хариуцдаг асуудал биш. Өмнө нь хариуцаж байсан хүний хувьд ярихад сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нь амаргүй. Бага үнэ өгчихдөг. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах субьект нь Зам, тээвэр хөгжлийн яам. Шалгаруулсан бичиг баримтыг нягталдаг байгууллага нь санхүүжүүлэгч байгууллага. Нягталчихаад гэрээ байгуулах зөвшөөрөл өгч байгаа шүү дээ. Энэ харилцан ойлголцол хамтын ажиллагааны зүйл их чухал л даа.
Ер нь аливаа ажил урт, богинодоо байдаггүй. Хамтарч ажиллаж чадвал богино хугацаанд ямар ч ажлыг хийж болно. Өөрөөр хэлбэл, захиалагч тал, гүйцэтгэгч, хяналт тавьж байгаа, санхүүжүүлж буй талууд хамтарч чадвал богино хугацаанд гүйцэтгэж болно шүү дээ.
-Монголын талаас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагаар Хэрлэнг томилох тухай мэдээлэл хэр бодитой вэ?
-Тийм нэрс явж байгаа. Монголын тал ч тэр, Оросын тал ч тэр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргаар Монгол Улсын иргэнийг тавъя гэж харилцан ойлголцсон. Тиймээс монгол хүн болно.
Аргын тооллын аравдугаар сарын 30, Адъяа гариг. Билгийн тооллын 24, Их морь одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 7:34 цагт мандан, 17:38 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундед 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдэлж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.
Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин:
Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган:
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх:
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Дөрвөн улирлалын цэцэрлэгт хүрээлэн”-д “Гоёлын модны төгөл” байгууллаа. Тус байршилд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний 156 байгууллага 456 ширхэг гоёлын мод тарьж, өөрсдийн гэсэн төгөлтэй болов.
Тодруулбал, өчигдөр Худалдаа үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд худалдаа үйлчилгээний байгууллагууд хамтран Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эрүүл-Эко дүүрэг” зорилтыг дэмжсэн нь энэ юм. Цаашид гоёлын төгөлд тарьсан мод, бутны арчилж ургуулах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхаарч, аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллах юм байна.
2021 оны есүгээр сарын байдлаар Монгол Улсад агаарын үнэмлэхүй температурыг авч үзвэл Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 33.8 градуст хүрч хамгийн их халсан бол Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 17.6 хэмд хүрч хүйтэрсэн байна
ЦУОШГ-ын мэдээгээр есдүгээр сард хур тунадасны нийлбэр хэмжээ Хэнтий аймгийн Дадал суманд 110.5мм-д хүрсэн нь хамгийн их хуртай байсан үзүүлэлт аж. Харин хамгийн их салхины хурд мөн хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 29 м/с хүрсэн байна.