Categories
мэдээ улс-төр цаг-үе

​Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ


Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд өнөөдөр боллоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрсдийнхөө болон үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран зүтгэх түүхэн өдөр тохиож байгааг тэмдэглэсэн.

Тэрбээр цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргажээ.

Уг зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

1. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай:

1.1. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэх, “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх;

1.2. Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох шийдвэр гаргах;

1.3. Ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлаг болон төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан засаглал, үр нөлөөтэй удирдлагын тогтолцоо бүхий ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмыг бүрдүүлэх;

1.4. Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-ойг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэн, аж ахуйн нэгжид татварын болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж, халамжаас-хөдөлмөрт шилжих цогц бодлоготой мод тарьж ургуулах бүх нийтийн үйлсийг уялдуулах;

1.5. Иргэн, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлэх болон гадаад улсаас Монгол Улсад ирж буй хүн бүр монгол оронд мод тарих санаачилгыг өрнүүлэх;

1.6. Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох;

1.7. Мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргын усыг говийн бүс нутагруу шилжүүлэх, хөв цөөрөм байгуулах, усалгааны хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээний төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, зохион байгуулах арга хэмжээ авах;

1.8. Байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар болгон хөгжүүлэх;

1.9. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах монгол зан заншлыг дээдлэх, экологийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр сургалт, соён гэгээрүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлэх.

2. Энэ зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсугай.

3. Энэ зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон Засгийн газраас гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд улирал тутам мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг зуугаар нэмэгдүүлж, маргаашаас эхлэн 380 цэгээр борлуулалт хийгдэнэ


Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд мэдээл хийлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Нийслэлийн хэмжээнд Өнөөдрийн байдлаар 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Сард дунджаар 50-110 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Ийм хэрэгцээг хангахуйц нөөцийг бид бүрдүүлсэн.

Сүүлийн үед сайжруулсан түлшний эрэлт нэмэгдсэн шалтгаан нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой. Мөн энэ жилийн хувьд хэрэглээ өсөж байна. Нэгдүгээрт төрөөс төлбөрийг 50 хувь хөнгөлсөнтэй холбоотой, хоёрдугаарт сүүлийн хэдэн өдөр цочир хүйтэрсэнтэй холбоотой. Мөн зарим айлуудад карт давхардаж олгогдсонтой холбоотойгоор хэрэглээ нь өссөн.

Өнгөрсөн оны мөн үед 1700-2000 орчим тонныг өдөрт хэрэглэж байсан бол өнөөдрийн байдлаар 3200 тонн сайжруулсан түлш хэрэглэж байна.

Одоо 280 цэг ажиллаж байгаа ба цэгийн тоог 100-гаар нэмэгдүүлж, нийт 380 цэгээр сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг хийж эхэлнэ. Шаардлагатай бол цэгийн тоог дахиж нэмнэ.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-н гэхэд борлуулах цэгийн тоо дээд хэмжээнд хүрдэг бөгөөд энэ жил 600-800-гийн хооронд цэгийн тоог барихаар төлөвлөсөн.

Шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн энэхүү хөнгөлөлт 2021 оны долодугаар сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд санаа зоволтгүй” гэв

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Кабулд дэлбэрэлт болжээ

Афганистаны нийслэл Кабул хотын гол сүмийн гадна ням гаригт дэлбэрэлт болсны улмаас таван иргэн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

“Лалын улс-Хорасан” бүлэглэлийн амиа золиослогч этгээд Кабулын нисэх буудлын ойролцоо наймдугаар сарын сүүлээр халдлага үйлдсэний улмаас 200 орчим хүн, түүний дунд Америкийн 13 цэрэг амиа алдсанаас хойш нийслэлд гарсан анхны халдлага энэ болж байна.

Кабулын төвд орших “Эйд Гах” сүмийн орчимд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Сүмд “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахидын саяхан таалал төгссөн ээжид зориулан залбирал үйлдэж байжээ.

Катарт төвтэй, “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахины мэдээлснээр, дэлбэрэлт хүмүүсийн залбирч байсан газраас зайтай болсон тул З.Мужахид болон түүнтэй хамт байсан хүмүүс аюулгүй байгаа аж.

Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн Афганистанд төвтэй салбар болох “Хорасан” нь өнгөрсөн долоо хоногт зүүн нутгийн Нангархар, Кунар мужид болсон хэд хэдэн халдлагын хариуцлагыг хүлээжээ. Эдгээр халдлагын улмаас олон арван энгийн иргэн, талибууд амиа алдсан байна.

“Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Билаль Карими ням гаргийн үдэд болсон халдлагын талаар мэдээлэхдээ, гурван сэжигтнийг баривчилсан бөгөөд “Талибан”-ы дайчны амь нас хохироогүй гэжээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

60-300 хүнд амьдрал бэлэглэсэн цусны доноруудыг алдаршуулав

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг сар бүрийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулж урамшуулах зорилготой энэхүү өдөр

2010 оноос эхлэн 100 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 300 хүнд амьдрал бэлэглэсэн Цэрэндоржийн Мөнхбаатарыг “Мөнгөн донор”-оор,

2014 оноос цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 150 хүнд амьдрал бэлэглэсэнЭнхболдын Ариунбатыг “Бахархал 50” тэмдгээр,

2012 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж 120 хүнд амьдрал бэлэглэсэн Энхбаярын Басхүүг “Бахархал 40” тэмдгээр,

2014оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 90 хүнд амьдрал бэлэглэсэн Энхцэцэгийн Төрбатыг ”Бахархал 30” тэмдгээр,

2016 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 60 хүнд амьдрал бэлэглэсэн Оюунбаатарын Отгонбаатар, Пунцагийн Наранцацрал нарыг ”Бахархал 20” тэмдгээр тус тус шагнаж алдаршуулав.

Цус, цусан бүтээгдэхүүнийг төрөхийн хүндрэл, автын осол, гэмтлийн үед, зүрх судас, хавдрын өвчлөл болон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа зэрэгт түлхүү хэрэглэдэг. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгааны цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг 500 орчим донороос бэлтгэдэг бөгөөд долоо хоногт 2-3 удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж байгааг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэлж байв.

ЦССҮТ-өөс ажлын өдрүүдэд цусаа бэлэглэх боломж багатай иргэд, донорууддаа зориулан сар бүр нэг удаа амралтын өдөр цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдээр Нийслэлийн залуу багш нарын холбооны гишүүд дэмжигчид дөрөв дэх жилдээ “Цус хандивлах 2021 аян”-ыг амжилттай зохион байгуулсан байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Хамгийн анхны бүрэн хэмжээний “Сүлд” виртуал музейг нээлээ

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагын музейн дэргэд “Сүлд” виртуал музей байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2021.10.04/ “Сүлд” чуулгын “Бахархал” танхимд боллоо.

Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч, хурандаа Ц.Лхагвасүрэн, Монгол Цэргийн Музейн менежер, дэд хурандаа Л.Гантөмөр, Онцгой байдлын албаны музейн эрхлэгч Б.Лхагва, Дотоод хэргийн их сургуулийн музейн эрхлэгч, ахмад Б.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

“Сүлд” виртуал музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлог бөгөөд орчин үеийн VR технологийг ашиглан үзэгч бодит орчинд оруулан биет бус үзмэртэй танилцах юм. Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялал хийх, даалгавар биелүүлэх боломжоор хангагдсан бөгөөд нэгэн зэрэг 8 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Цагдаагийн байгууллагын “Сүлд” виртуал музей нь гурван хэсэгтэй бөгөөд цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр, албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор хийгдсэн үзмэрүүд багтах юм. юм.

Categories
мэдээ спорт

63 дахь ёкозүна Асахифүжигийн дохёнд гарах ёслолд Харумафүжи Д.Бямбадорж шадарлажээ

Токио хотын “Кокүгикан” сүмогийн өргөөнд өчигдөр мэргэжлийн сүмогийн 63 дахь ёкозүна Асахифүжи, Исэгэхама ояката 60 насныхаа ойг тохиолдуулан аваргын дохёнд гарах ёслол үйлдлээ.

Исэгэхама багшийн шавь нараас анх маэгашира цол хүртсэн Аминишики, одоогийн Ажигава ояката, мөн Исэгэхама дэвжээнээс төрсөн гарын шавь болох сүмогийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж нар дохён ёслолд багшдаа шадарлажээ.

Исэгахама оякатагийн 60 насны ойн дохион ёслол коронавирусний уршгаас шалтгаалан нэг жил хойшлоод байсан юм.

Ёслолд Исэгэхама дэвжээний дэмжигчид, улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын алдартанууд, нутгийн иргэдийн төлөөлөл нийт 2000 гаруй зочин Сүмогийн өргөөнд хүрэлцэн иржээ.

63 дахь аварга Асахифүжи ба Исэгэхама ояката нь Японы Аомори аймгийн уугуул 1960 оны долоодугаар сарын 6-нд төрсөн бөгөөд Монголын анхны зургаан сүмоч мэргэжилд барилдаж эхлэхэд тэдэнтэй адил Оошима дэвжээнд аварга цолтой барилдаж байсан түүхтэй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн төсвийн төлөвлөгөө зарим дүүрэгт их хэмжээгээр тасалджээ

НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулахдаа 2020 онд нийслэл эдийн засаг, санхүүгийн хүндхэн сорилтой тулгарсныг тодотгоод, төсвийн төлөвлөгөө төрөл тус бүр дээр тасарсныг дурдсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөлөл 2020 оны төсөвт тусаад зогсоогүй 2021 онд ч сайнгүй нөлөө үзүүлснийг дурдаж байлаа. Төсвийн төлөвлөгөөг зарим дүүрэг амжилттай сайн биелүүлсэн бол зарим дүүрэгт маш өндөр дүнтэй тасалдсаныг онцлов. Урсгал болон хөрөнгө оруулалтын зардал ч төлөвлөсөн хэмжээгээр биелээгүй байна. Татварын орлогын тухайд ч 2020 онд төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй бөгөөд энэ нь аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдсонтой холбоотой.

2020 төсвийн гүйцэтгэл болон 2021 төсвийн эхний гурван сарын байдалтай НИТХ-ын төлөөлөгчид танилцаж, асуулт асууж, санал бодлоо хэлэлцсэн юм. Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлтэд цар тахлын нөлөө байгааг төлөөлөгчид үгүйсгээгүй бөгөөд 2020, 2021 оны төсвийн гүйцэтгэл, нөхцөл байдалд тулгуурлан ирэх 2022 оны төсвийн төлөвлөгөөг ахиц дэвшилтэй, үр дүнтэй боловсруулахад анхаарахыг голчлон санууллаа.

Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвөөс татаас авдаг дөрвөн дүүрэг болон нийтийн тээврийн салбарын татаасыг бууруулах боломжийг судлах, урсгал зардлыг багасгаж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг онцлон өгүүллээ. Түүнчлэн нийслэлийн төсөвт шинэчлэл хийх цаг болсныг сануулав. Хууль, эрх зүйн шинэ орчинд зохицсон, эдийн засаг, төсвийн онцгой нөхцөлд тохирсон төсвийг боловсруулахад онцгойлон анхаарахыг холбогдох алба, агентлагт үүрэг болголоо.

Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг аравдугаар сарын 7-нд НИТХ-ын хурлаар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

”Тавантолгой түлш” компани ажилчидтайгаа зөвшилцөнө

Үндэслэлгүйгээр цалин хассан, үр дүнгийн болон улирлын цалин олгоогүй гэх шалтгаанаар “Тавантолгой түлш” компанийн ажилчид есдүгээр сарын 30-наас эхлэн ажил хаялт зарласан билээ. Тэд мөн ажлын орчин нөхцөлийг сайжруулахыг шаардаж байгаа юм.

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал ‘’ Ажил хаялтыг Үйлдвэрчний эвлэл зохион байгуулах хуулийн заалттай байдаг. Гэвч тус компанийн ажилчид үйлдвэрчний эвлэлгүйгээр эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлсэн. Компанийн зүгээс асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашид ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тэмцэлийг Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хуулийн хүрээнд дэмжин ажиллах болно’’ гэлээ.

Улмаар өнөөдөр 15 цагт талууд уулзаж, зөвшилцөхөөр болсон байна.

Галлагааны улирал эхэлж, сайжруулсан түлшний эрэлт эрс нэмэгдэж байгаа үед ”Тавантолгой түлш” компани дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа нь нийслэлчүүд энэ өвөл гал алдах эрсдэл дагуулж байна.

Categories
мэдээ нийгэм

БЗД-т 200 мянган мод, бут тарьж, дөрвөн байршилд төгөл бий болгожээ

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн төлөөлөгчид, төрийн албан хаагчид хамтран дүүргийн 11, 20, 23 дугаар хорооны дөрвөн байршил 143.2 га талбайд 200 мянга гаруй мод, бут тарих ажлыг зохион байгуулжээ.

Модыг зөвхөн тариад орхих биш сар бүр тордож, усалж, ундаалж байх нь чухал. Тиймээс “УИХ-ын гишүүдийн төгөл”, “НИТХ-ын төгөл”, “Баянзүрх дүүргийн ИТХ-ын төгөл”, “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын төгөл” гэх нэршлүүдийг өгч, тарьсан модоо эргээд усалж, ундаалдаг байх хариуцсан эзэдтэй болгосон Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүргийн даргын хувьд ганц л зарчим барьж ажиллаж байгаа. Энэ нь иргэдээ эрүүл, аюулгүй тав тухтай орчинд амьдарч, ажиллуулах. Тиймээс дүүргийн алслагдсан хороодод сул шороо ихтэй газруудад мод тарьж төгөл бий болгох. Харин дүүргийн төв орчимд зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг буулгаж иргэддээ ээлтэй ногоон байгууламжийг бий болгохоор зорьж ажиллаж байна. Бусад дүүрэг, аймаг, сумдын удирдлага, иргэдийг ч мөн адил өөрсдийн амьдарч, ажиллаж буй орчиндоо ногоон байгууламж, төгөл барихыг уриалж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг хориглох хуулийн төслийг өргөн барилаа

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар Газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Газрын хуулийг өөрчлөх төслийн ач холбогдол нь

  • Нийтийн орон сууц өмчлөгчдөд орон сууцны доорх газар, орчны газрыг нь хувь ноогдуулж эзэмшүүлнэ
  • Төрийн байгууллагын эзэмшил газрыг дарга нь “зарах”-ыг хязгаарлана
  • Дуусаагүй барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж, барьцаалан орон сууц өмчлөгчдийг хохироодог явдлыг таслан зогсооно гэж гишүүд мэдэгдлээ.