Categories
мэдээ нийгэм

​Мод тарих өдрүүд аравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр ХУД-ийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болсон билээ.

Энэ хүрээнд мод тарих өдрүүд 2021 оны аравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байна.

Мод тарьж буй байршлууд:

  1. ХУД, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай
  2. СХД, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг
  3. БГД, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк
  4. Налайх, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн.
Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн чанарын менежментийн нэгдсэн тогтолцоонд магадлан аудит хийж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлсэн.

Уг нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд олон улсын “Афнор” группээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффис болон салбар уурхайд магадлан аудит хийж эхэллээ. Магадлан аудитыг энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд хийнэ.

Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн үйл ажиллагаанд 2017 оноос эхлэн

  • ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо,
  • ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо,
  • ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхээр үе шаттай ажлууд эхлүүлсэн.

Олон улсын ISO стандартуудыг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн чанарын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагааг хянах, удирдах, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээг авахад чиглэсэн менежментийн нэгдсэн тогтолцоотой болсон юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

С.Дуламрагчаа бодибилдингийн дэлхийн аварга боллоо

Узбекистан улсад болж буй Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай улсаас 12 хүнтэй баг оролцож байна.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчид анхны медалиа хүртлээ. Тодруулбал, 50-60 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцсон бодибилдингийн мастер С.Дуламрагчаа алтан медаль хүртсэн байна. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ. С.Дуламрагчаа “Та бүхэндээ баярлалаа. Тэмцээндээ амжилттай оролцлоо. Аавынхаа нэрийг эх орныхоо хамт дэлхийн тайзан дээр дуудуулж чадлаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Францаас гал түймэр унтраах 21 автомашиныг өнөөдөр хүлээн авна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжиж байна.

Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14 сая 985 мянган еврогийн өртөг бүхий дөрвөн төрлийн 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлж дуусах юм. Эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээн авах арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.

Гал түймэр унтраах үндсэн албаны автомашин хүлээн авч байгаатай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг 2021 оны есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага шинэ автомашин хүлээн авна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингэлэг тээврийн терминалын тээврийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн компаниуд хариуцна

“Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар гарын үсэг зурлаа. Ингэснээр терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардал болон төслийн үйл ажиллагааг тус компаниуд хариуцан ажиллахаар болж байна.

Гашуунсухайт боомтоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэснээр хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсч, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай. Мөн хоёр улсын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 8- 10 сая тонноор нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа гараад буй.

3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Батзориг: Эрчим хүчний хэрэглээ өмнөх онтой харьцуулахад дунджаар 14 хувийн өсөлттэй байна

Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батзоригтой ярилцлаа.


-Эрчим хүчний салбар улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангаж байна, бэлтгэл хангахад хүндрэлтэй зүйл гарч байна уу ?

-Энэ жилийн хувьд дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хил гааль дээр нэлээн гацаа үүссэн.Мөн засварын ажилд шаардлагатай материалын суурь үнэ нэлээн өссөнөөс шалтгаалан худалдан авах ажиллагаанд нийлүүлэгч компаниуд оролцохоос зайлсхийж байлаа. Хил гааль дээрх удаашралттай байдлаас болж тээврийн зардал мөн өгцом өссөн. Гэсэн хэдий ч бид гадаад харилцаааны яам, УОК, Монгол Улсын харьяа хилийн боомтын байгууллагуудтай хамтран аль болох богино хугацаанд тоноглол бараа материалыг оруулж ирэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан.

Үүний үр дүнд салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 2021 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 83.3 хувьтай байна.

-Өнгөрсөн жил төрөөс үзүүлэх эрчим хүчний хөнгөлөлттэй холбоотой хүндрэл бэрхшээл хэр тулгарсан бэ, хэр ачааллал ирэх вэ. Энэ бүгдийг хэрхэн тооцоолж зохицуулалт хийж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх шийдвэр гарсан. Мөн төрөөс дээрх тогтоолын хэрэгжих хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэхээр дахин сунгасан. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Хэдийгээр эрчим хүчний салбарт хүнд ачаа нэмэгдэж байгаа ч төрөөс иргэд, зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулаан, уурын төлбөрийг хариуцсантай холбоотой санхүүгийн бодит дэмжлэг болсон цагаа үеэ олсон ажил болсон.

2020 онд төвийн бүсийн эрчим хүчний оргил ачаалал 1308 МВт хүрсэн. Тухайн үед цар тахал хөл хориотой холбоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан. Харин энэ жил хөл хорио тогтоогоогүй тул ачаалал 1371 МВт хүрэх төлөвтэй байна.

-Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс ирэх ачааллыг бодолцож эрчим хүчний нөөц чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байгаа юу?

-“Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлээр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх 35 МВт-ын турбингенератороор өргөтгөх” төслийг амжилттай хэрэгжүүлж сая ашиглалтад орлоо. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөл ашиглалтад орсноор дотоодын үйлдвэрлэлээс өндөр үнэтэй импортын эрчим хүчний хэмжээ багасахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системийн нөөц нэмэгдэх ач холбогдолтой юм.

Мөн энэ жил гэмтэлтэй байсан “Дарханы дулааны цахилгаан станц”-ТӨХК-ийн 35 МВт-ын турбингенераторыг ОХУ-ын үйлдэрлэгч компанид богино хугацаанд засварлуулан авчирч ажиллагаанд оруулаад байна.ОХУ-аас төвийн бүсийн нэгдсэн системээр дээд тал нь 245МВт-ын чадал импортоор авдаг. Энэ чадлын хэмжээг өвлийн их ачааллаас өмнө 100 МВт-аар нэмэгдүүлж 345 МВт-д хүргэх яриа хэлэлцээрийг хийж байна.

-Эрчим хүчний гэмтлээс үүдсэн гэнэтийн цахилгаан тасрах үе гардаг. Гэтэл цар тахлаас үүдэн наад зах нь эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн аппарат байнга ажиллуулж байна. Хэрэв тог тасарвал хүний амь эрсдэх аюулд орно гэсэн үг. Гэнэтийн байдалд хэрхэн зохицуулалт хийгддэг вэ?

-Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн зэрэглэл тогтоох журам байдаг. Тус журамд Эмнэлэг, амаржих газрын сэхээн амьдруулах болон мэс ажилбар хийдэг тасгуудыг нэгдүгээр зэрэглэлд хамруулдаг бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн харьяаны шугам сүлжээгээр тэжээгддэг хоёр талын тэжээлтэй байхаас гадна өөрийн мэдлийн аваарын эх үүсвэртэй байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тасрахад өөр хоорондоо автоматаар залгагдах схемтэй байна. Хэрэглэгчийн харьяаны эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал нь түүний тасралтгүй ажиллагаатай байх нэгжүүд /байрууд/-ийг хангахад хүрэлцэхүйц хэмжээтэй байна. Мөн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь өөрийн мэдлийн эрчим хүчний бэлтгэл үүсвэрийг ажиллуулахад зориулсан түлш, сэлбэг материал, багаж хэрэгслийн нөөцтэй байх бөгөөд бэлтгэл эх үүсвэрийн ажиллагааны байнгын бэлэн байдлыг хангах үүрэгтэй байдаг.

-Сүүлийн өдрүүдэд тогны ачаалал эрс муудсан. Энэ нь хүйтэрсэнтэй холбоотой юу?

-Гадна агаарын температурын хүйтрэлттэй холбоотой ачаалал өсөлттэй байгаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад есдүгээр сард оройн оргил ачаалал дунджаар 115МВт буюу14 хувийн өсөлттэй байна. Хэрэглэгчид эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглах хэрэгтэй. Ялангуяа оройн их ачааллын үед буюу 17:00-21:00 цагийн хооронд цахилгаан хэрэгслээ нэгэн зэрэг ажиллуулахгүй байх, оройн хоол унд хийх цагаар цахилгаан халаагуурыг түр хугацаанд тасалж байх шаардлагатай.

Мөн гэр, амины орон сууцны дулаалгыг сайтар хийж дулаан алдалт багатай байлгавал төдий чинээ цахилгааны төлбөр бага гарч хэмнэлт үүснэ. Мөн цахилгааны аюулгүй байдлыг хангаж ачаалалд тохирсон, залгаасгүй дамжуулагч утас ашиглаж мэргэжлийн ажилчдаас заавар зөвлөмж авах нь гэр бүлээ гэмтээх, эд хөрөнгөө галын аюулаас урьдчилан сэргийлэх юм. Эцэст нь Эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байгаа хэдий ч хэрэглэгчид эрчим хүчийг хэмнэж, зөв зохистой хэрэглээг хэвшил болгохыг уриалж байна.

Categories
мэдээ спорт

Ө.Батзул, Э.Гантуяа нар өнөөдөр дагаж барилдана

“Осло-2021” ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гуравдахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөв.

Манай улсаас өнөөдөр 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар дагах барилдаан хийх бөгөөд хэрэв өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2225 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2225 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1015 нь Улаанбаатарт, 1210 хөдөө орон нутагт тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1289 болов.

Сүүлийн 24 цагт 2269 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 22214 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн-13282
  • Хүндэвтэр-6417
  • Хүнд-2133
  • Нэн хүнд-382

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

“Нэр бүхий хуулийн этгээд гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж худал мэдүүлэн 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон” гэв


Гаалийн ерөнхий газраас гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар сүүлийн үед гаалийн байгууллагаас илрүүлсэн хэрэг, зөрчлийн талаар танилцуулав.

Тэрбээр “2021 оны есдүгээр сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад 52 мянга гаруй багш ажиллаж байна

Энэ хичээлийн жилд Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Шинэ зуун жилийн босгон дээр Монголын багш нарын 55 дахь удаагийн баяр мөн тохиож байна.

Өнөөдөр бүх шатны боловсролын байгууллагад 52 мянган багш ажиллаж ирээдүй, хойч үеэ соён гэгээрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.