Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Үр тарианы 26.4 хувь, төмс, хүнсний ногооны 65-70 хувийн ургацыг хураан аваад байна

Орон даяар хураалт өнөөдрийн байдлаар 55.7 мянган га талбайг ангилан хадаж, 99.7 мянган га-аас 145.2 мянган тонн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс, 6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Ингэснээр үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65-70 хувийн явцтай байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ:

Цаг уурын байгууллагаас авсан мэдээллээр өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. Харин 7-ны өдрөөс баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
8-ны өдөр, 8-9-нд шилжих шөнө, 9-ний өдөр газар тариалангийн бүс нутгуудаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул тариаланчдад онцгойлон анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Газар эзэмших болон ашиглах эрхийн улсын бүртгэлийн “Э”, “А” дугаарыг автоматаар олгодог болжээ

2021 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар /“Э”, “А”/-ыг дундын мэдээллийн сангаар дамжуулан автоматаар олгож эхэлжээ.

Ингэхдээ аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлаас дундын мэдээллийн сангаар дамжуулан цахимаар мэдүүлсэн газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж улсын бүртгэлийн дугаар олгосноор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэдэг байна.

Тус газрын дарга болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрийн А/621, А/191 дугаартай хамтарсан тушаал батлагдан, системд холбогдох өөрчлөлт, тохиргоог хийснээр ийнхүү газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн “Э”, “А дугаарыг автоматаар олгодог болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Малчдад зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гарын авлага боловсруулжээ

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (MNG/18/01/RBS”-ийн дэмжлэгтэйгээр “Малчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гарын авлага”-ыг боловсрууллаа.

Гарын авлагыг боловсруулахдаа мал аж ахуй эрхлэгч иргэн, малчин өрхийн өдөр тутмын үйл ажиллагаанд суурилсан судалгаа хийж, гарын авлагын төслийг Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн малчин өрхүүдэд танилцуулан туршиж, тэдний гаргасан санал зөвлөмжийг тусгасан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Уг журамд мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй малчид өөрийгөө аюул, осол, халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох тусгайлсан сургалтын хөтөлбөр, сэдвийг тодорхойлж өгсөн.
Албан бус секторт хөдөлмөр эрхлэгч иргэний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх ойлголт мэдлэг сул, ажлын байрны эрсдэл, эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөлийг төдийлөн тооцож, урьдчилан сэргийлж чаддаггүй зэрэг нөхцөл байдал түгээмэл байдаг.
Иймээс малчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх гарын авлага боловсруулан бэлтгэх хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж, энэхүү гарын авлагад мал маллаж буй хүний ажил үүрэгтэй холбоотой учирч болзошгүй аюул осол, эрсдэлийг таньж илрүүлэх, халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг иргэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн агуулгыг тусгалаа.
Энэхүү гарын авлагыг малчин иргэн, өрх бүр үйл ажиллагаандаа ашиглахын сацуу өөрийгөө болон бусдыг аюул осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, нийгэмд соён гэгээрүүлэх ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг багш нарт түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шилдэг багш нарын төлөөллийг хүлээн авч, баяр хүргэлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн багш Г.Энхмэнд нарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн батламжийг гардууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар багш нарт хандан “Ирээдүйн түүчээ болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж, боловсролтой, зөв монгол хүн болгох их үйлсэд өөрийн мэдлэг оюун, хүч чадлаа дайчилж байгаад талархаж байна” хэмээв.

Хотын даргаас батламж гардаж авсан Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран боловсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Өсвөр насны гурван хүүхэдтэйгээ хажуу өрөө түрээслэн амьдардаг тэрбээр ийнхүү нийгмийн асуудлыг нь шийдэн, түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж буйд маш их баяртай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр “Залуу багш намайг дэмжиж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үнэхээр их талархаж байна. Бяцхан шавь нарынхаа дулаан энерги шингэсэн өргөөндөө улам хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Монголын багш нарын 55 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын А/755 тоот захирамжаар нийслэлийн есөн шилдэг багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олгосон юм. Мөн тэргүүний 40 сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, 18 шилдэг багш, ажилтанд зөөврийн компьютер, 47 багш, арга зүйч, нийгмийн ажилтан тус бүрд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн хийн хоолойн төслийн асуудлаар “Газпром”-той цахим хэлэлцээ хийнэ

Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн энэ оны тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацааны хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад танилцуулжээ.

Байгалийн хийн хоолойн төслийн асуудлаар "Газпром"-той цахим хэлэлцээ хийнэ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаас “Газпром” НХН-ийн холбогдох албан тушаалтнуудтай байнга, тогтмол хэлбэрээр цахим хурал хийх, утсаар холбогдох зэргээр ажил төрлийн уялдаагаа ханган, төслийн ажлыг тасралтгүй урагшлуулан явуулахад онцгой анхааран ажиллаж байгааг төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайдад мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолонй төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулсан байна.

Мөн ойрын хугацаанд “Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзах, цахим хэлэлцээ хийх бэлтгэлийг хангахыг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаад үүрэг болголоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Амьд Зориг

Байдаг л нэг нөхөн сонгуулиар ч Э.Бат-Үүлийгээ л ноолж байна. Яасан дуусдаггүй өс хонзон, барагддаггүй атаа хорсол вэ.Тэр монголчуудыг эрх чөлөөнд хөтлөөд гурван арваны турш “сийчүүллээ”. Хэрэв түүнийг бай гэж төсөөлбөл сарампай болтлоо шүршүүллээ.

Гэвч Бат-Үүл тэмцлийн талбартаа, ардчиллаа хамгаалаад л үсдүүлж явна. Тэр 90 онд монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэн. Эдүгээ өнөөдөр ч баян, ядуугийн ангийн тэмцлийг манлайлан цовдлуулсан Промотей шиг эрэлхэгээр зогсож байна. Түүнд уншсан ном, өмссөн хувцаснаас нь өөр эд хөрөнгө гэж үгүй. Тэр бусад шиг албан тушаал, эрх мэдэлд хөлбөрөөд авдгаа аваад хойш сууж тухлаагүй. Ард орж, нууц ноёнтны дүрээр хор хутгаагүй. Намаа цавчиж, бүлэг фракц удирдаагүй. Эрх баригчдын өвөрт шургаж, урваж шарваагүй. Гагцхүү эрх чөлөөний төлөө энэ насаа зориулж яваа нэгэн.

“Бат-Үүл юу хийсэн гэж сая 200 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг юм бэ” гэж саяхан нэг танил маань хэлсэн юм. Яг ийм бодолтой үеийн залуус, дүү нартаа хандаж хэлье.

Та өнөөдөр юу дуртайгаа идэж ууж, өмсөж зүүж, үзэж харж байна уу. Хэлэх гэснээ хэлж, ярих гэснээ ярьж, авах гэснээ авч, бизнес хийвэл нээлттэй, гадаад гарвал чөлөөтэй, өөрийн гэсэн өмчтэй дураар амьдарч байна уу. Бусдын эрхээс өөр таныг хориглох хязгаарлалт байна уу. Байхгүй бол энэ эрх чөлөөг хэн танд авчирсныг санаарай. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтэй алтан хараацайнуудын Монголын ардчилалд оруулсан хувь нэмрийг жингийн туухайгаар хэмжвэл ав адил жин дарна. “Бурхан болсон Зоригт ийм их хайртай атлаа яг адилхан гавьяатай амьд сэрүүн “Зориг” та нарын дунд байхад яагаад муулаад, гүтгээд байдаг юм бэ” гэж нэгэн партизан бичсэн байна билээ. Үхсэн нь үнэд орж, амьд нь ад болдог гэх хатуу ч гэлээ үнэн үгийн утга учир энд тайлагдах шиг.

30 жилийн өмнө энэ залуус бидний өмнөөс зориг гаргаж нэгдээгүй бол, өвлийн хүйтэнд ухуулах хуудас наагаагүй бол, өлсгөлөн зарлаж жагсаагүй бол өнөөдөр бид хойд Солонгос лугаа хаалттай улс болчихсон байсан ч юм бил үү. Нэг хүний дарангуйлалд дарлуулж, өмсөх зүүх, идэх уух, үзэх харахаа бусдаар заалгадаг өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэн болсон байхыг ч үгүйсгэхгүй. Тэд морь унаж дэлхийн талыг эзлээгүй, буу зэвсэг агсаж цус урсган тулалдаагүй ч бидэнд өөрөө өөрийгөө авч явах эрх чөлөөт ирээдүйг энхийн замаар атгуулсан гавьяатнууд. Тиймээс Бат-Үүлийн хойч үедээ байгуулсан гавьяаг мөнгө, цол хэргэм хоёроор хэмжих боломжгүй. Тэр өнөө цагт биш юм гэхэд хожмын түүхэнд шагшигдах ад үзэгдэх зоригтой амьдарсан домог юм. Хэрэв өнөөдөр та муу яваа бол бусадтай өөрийгөө харьцуулж гутарч байгаа бол тэр нь ардчиллын буруу биш. Ардчиллыг авч ирсэн энэ хүмүүсийн гай бүүр ч биш. Тэд танд өөрийгөө авч явах боломжийн үүдийг нээж өгсөн. Тэр боломжийг хэрхэн ашиглах нь таны л хэрэг. Үүний төлөө тэд хариуцлага үүрэх ёсгүй.

“Өөрийн гэсэн үнэт зүйлгүй хүн шургалах булан хайж явдаг юм” гэж тэр нэгэнтээ хэлсэн. Хэлсэн шигээ Бат-Үүл шургалах булан хайж амьдраагүй. Ардчилал, эрх чөлөө хэмээх үнэт зүйлийнхээ төлөө гуйвшгүй амьдарч яваа эрийн хуйх.

Анд нөхрөө хөнөөсөн алуурчин гэж 23 жил гүтгүүлэхдээ ч тэр нугараагүй. Хүүтэйгээ нийлж Монголыг цөлмөсөн гэж нулимуулахдаа ч тэр ухраагүй. Түүнийг шоронгоор айлгана гэж бодсон ч тэр дальтчаагүй амьд зориг. Ямагт ядарсны талд зогсож, ялгаварлагдсаныг өмөөрч ирсэн. “Газар” хөдөлгөөнийг байгуулж, тракторчдын бослогыг манлайлж, тариаланчид, гэр хорооллынхонд газрыг нь шударгаар өмчлүүлэхийг шаардаж зодуулж явсан.

Тэр 40 мянгатынх. Гэхдээ “Би гэр хорооллын Бат-Үүл” гэж чангаар тунхагласан Монголын анхны сэхээтэн. Гэр хороололд төрж өсчихөөд гэр хорооллоо жигшдэг цагаан захтнуудын өмнөөс тэр дуугарсан юм. Гэр хорооллыг ядуу хэвээр үлдээж, хашааны газрыг нь хямдхан аваад барилга бариад мөнгө олох гэсэн. Басхүү сонгууль бүрээр саналыг нь хуурч аваад эрх мэдэлд хүрэх гэсэн улстөрчдийн башир аргыг таслан зогсоохын тулд Гэр хороолол хөдөлгөөнийг байгуулсан. “Улстөрчдөд ад шоо үзэгдэн байж битгий ашиглуул, хашааныхаа газар дээр өөрсдөө бизнес хий. Тэр боломжийнхоо төлөө тэмц” гэж гэр хорооллыг уриалсан. Улаанбаатар хотын газар нутгийн 60 хувийг эзэлсэн хашааны газрыг иргэдийнх нь оролцоотой эдийн засгийн эргэлтэд оруулах нь хөгжлийн гарц гэж тэр харсан. Түүнийгээ эхлүүлсэн, хийсэн. Олон айлыг орон сууцтай болгосон, хотын дарга хүн ямар ажил хийдгийг мэдрүүлсэн яахын аргагүй түүчээ. Гэвч түүнд ид шидийн саваа байгаагүй тул дөч тавин жилд амжаагүй ажлыг дөрвөн жилд багтааж чадаагүй. Эхлүүлснийг нь зогсоож, орон гэргүй болгосон айлуудаа эргээд Бат-Үүл рүү турхирч суугаа эрх баригчид өөрсдөө долоо дахь жилдээ төр удирдах гэж байгаа ч дахин төлөвлөлтөөр дан байшин ч ашиглалтад оруулж чадсангүй.

Бат-Үүлийн хүүхдүүд Ц.Нямдоржийн хүү шиг эрх мэдэлд шунасангүй. Н.Энхбаярын хүү шиг улс төрд улангассангүй. Эцгийнхээ үйл хэрэгт хүч нэмж, гэр хорооллынхонд үнэнчээр тусалж, ажил хийе гэсэн үрийн сэтгэл л байсан биз. Идэж уугаад илүү амьдраад олигархийн хүүхдүүд шиг онгирдоггүй ч хулгайч гэж дуудуулаад хог шаар мэт үзэгдэж явна.

“Ядарч зүдэрсэн иргэдээр хүрээлүүлсэн өргөст торны дунд би ганцаар тансаг харшид сэтгэл амар амьдарч чадах бил үү. Өргөст торны цаадах амьдралыг сайхан болгочихоод тансаг харшдаа тайван амьдрах нь илүү юу гэдэг философио ойлгосон хүн жинхэнэ улстөрч” гэж Бат-Үүл баатар хэлдэг. Тэр хэлсэн шигээ бусдыг сайхан амьдруулж байж өөрөө сайхан амьдрахаа ойлгочихсон жинхэнэ улстөрч. Гэхдээ өөрийнх нь хаана нь ч хүрэхгүй атгаг улстөрчдийн тоглоом болчихдог гэнэн улстөрч. Миний мэдэх Эрдэнийн Бат-Үүл ийм л хүн. Тэр нөхөн сонгуульд ялаад гараад ирвэл Монголын ардчилал аврагдана. Парламент дотор эцэг, эхгүй хүүхдүүд шиг бүлтгэнэлдэх сөрөг хүчин “амь” орно. Ядууралд гинжлэгдсэн Сонгинохайрхан сэхнэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж байна

“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатайгаар саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.

Тус хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг иргэн Д.Монголхүүг баривчилсныг иргэд хууль бус гэж үзэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэд өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагаас эхлэн одоог хүртэл хууль бусаар баривчлагдсан Д.Монголхүү тэргүүтэй иргэдийг суллахыг шаардаж байгаа юм.

“Монголчуудын үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна”.

Иргэдийн төлөөлөл “Бид хууль бусаар баривчилж, хорьсон таван залууг суллах, мөн ажлаа хийж чадахгүй байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцрох шаардлага тавин энд эсэргүүцлээ илэрхийлж байна.

Урьд шөнө энд 20 орчим залуу эсэргүүцлээ илэрхийлсээр хоносон. Бид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлээд энд сууж байтал өнөөдөр өглөө цагдаа нар дахин баривчилгаа явууллаа.

Тэд гурван эмэгтэй, нэг эрэгтэйг ямар ч үндэслэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө, нэмж баривчлаад аваад явлаа.

Монгол бол ардчилсан улс. Цагдаа нар ямар хуулийн хүрээнд ийм үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэхгүй, зүгээр л тушаал аваад иргэдээ ингэж барьж байна. Ингэж болохгүй. Монголчуудын үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хууль бусаар халдаж байна” хэмээн ярив.

Харин Цагдаагийн байгууллагаас Д.Монголхүүг баривчлах болсон шалтгаанаа Төв талбайд бүртгэлгүй жагсаал зохион байгуулж, цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой гэж тайлбарлав.

“Цаашид хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, олон нийтийг турхирдаг үйл ажиллагааг шалгаж, арга хэмжээг авах болно” гэв.

Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Б.Батсуурь

“Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Цагдаагийн байгууллага үүнд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн эрх чөлөөг хамгаалсаар ажиллаж ирсэн.

Иргэн Д.Монголхүүгийн хувьд, есдүгээр сарын 30-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Бүртгэлгүй жагсаалыг зохион байгуулсантай холбоотой мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй бөгөөд хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн.

Эдгээрийг үндэслэж Сүхбаатар дүүргийн прокурорын газар нотлох баримтыг хүргүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Энэ ажиллагааны явцад иргэн Д.Монголхүү нь мэдэгдэл хуудас хүлээж авахгүй, ирэхгүй байх хүндрэл гаргасан тул СБД-ийн шүүхээс захирамж гаргаж, цагдаагийн байгууллага хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай баривчлах арга хэмжээ авсан.

Цаашид Цагдаагийн байгууллагаас хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийгээ олон нийтэд турхирдаг үйл ажиллагааг шалгаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ.

NoDoubleStandart хөдөлгөөнийхөн анх УОК-ын шийдвэрийн дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажиллах цагийг 22:00 цагаар хязгаарласныг эсэргүүцэн, хууль дүрэм бүгдэд тэгш үйлчлэх ёстой хэмээн үзэж, эсэргүүцлийг эхлүүлсэн юм.

Мөн өнөөдөр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, Эрх чөлөө гэдэг чинт эмзэг юм. Алдвал бид бүгдээрээ алдана. Өнөөдөр би эрх чөлөөгөө хамгаалах гээд ирлээ. Энэ чинь манай урд хойд хөршид байхгүй үнэтэй юм. Бидэнд хамаагүй энэ чинь Монголхүүгийн асуудал гээд суугаад байж болохгүй. Маргааш бүгдэнгийнх нь асуудал. Манай залуучууд зүгээр хараад сууж болохгүй. Би гурав дөрөв хоног зүгээр хараад сууж байсандаа уучлалт гуйж байна. Сая эмэгтэйчүүдийг эндээс ямар муухай ачиж явав аа. Харсан биз дээ. Ардчиллын үнэт зүйл нь хүчирхийлэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх. Одоо цонхоор хараад сууж байгаа, лайв, зурагт үзээд сууж байгаа хүмүүс гараад ирээрэй. Хэрэв Орос шиг дарангуйлалд орчихвол жинхэнэ цусаар уйлаад ч эрх чөлөөгөө эргүүлж олж авч чадахгүй шүү, Монголчуудаа. Эрх чөлөө гэдэг чинь маш эмзэг зүйл. Ардчилсан нийгэмд цагдаа иргэдийг хамгаалах үүрэгтэй. Тэд татвар төлөгчдийг мөнгөөр хувцасаа өмсөөд явдаг. Бид баривчлагдсан залуус суллагдтал сууна хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2409 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2409 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1316 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1092 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1303 болов.

Сүүлийн 24 цагт 7813 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 22158 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн- 13227
  • Хүндэвтэр- 6487
  • Хүнд-2098
  • Нэн хүнд-346
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл зүйч Б.Жавзан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс “Narcissistic personality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэг ажиглагддаг


Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа.


-Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулга уулзалтад оролцоод ирсэн талаараа ярилцлага өгөхдөө 2018 онд нас барсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Анантай уулзлаа гэж нийгэмд шуугиан тарилаа. Үүнийг та сэтгэл зүйч хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Тухайн үед ерөнхийлөгч У.Хүрэлсүх балмагдсан учраас тархинд нь тухайн мэдээлэл орж ирээгүй байж болно. Гэхдээ хувь хүн бол өөр хэрэг. Хувь хүн сандарч мэгдээд буруу мэдээлэл дамжуулсан байж болно. Харин төрийн тэргүүн буюу ерөнхийлөгч хүн залууст, нийгэмдээ тодорхой хэмжээгээр үлгэр дуурайлал үзүүлж өөрийнхөө үйлдлийг дандаа цэгнэж, хянаж эмх цэгцтэй ярьж санаагаа тодорхой илэрхийлэх учиртай. НҮБ-ын хуралд өөрийн байр сууриа илэрхийлж үг хэлчихээд ирсэн хүн ийм том алдаа хийнэ гэдэг зөвхөн Монголд шуугиад өнгөрөх асуудал биш, гадны улс орнууд ч уучилж болохгүй үйл явдал шүү дээ. Жишээлбэл Японд бол улс төрийн шийдвэр гаргах албан тушаалтнууд олон улсын хэмжээнд хүртэлх алдаа гаргасан бол огцордог. Энэ нь албан тушаалаа өгч байгаа хэрэг биш, харин ард иргэдээсээ ичиж байгаагаа илэрхийлсэн огт өөр асуудал болно шүү дээ.

-Улс орнууд төрийн тэргүүн болон шийдвэр гаргах түвшний улстөрчдийнхөө сэтгэл зүйг хэрхэн шинжилж, томилдог юм бэ?

-Орчин үед шинжилж, тестлэх гэхээсээ илүү тухайн хүний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр, нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа үйл ажиллагаа, эх орноо гэх сэтгэл хэр хэмжээнд байгааг хардаг болсон.

Үүнийг “Heart intelligence” буюу зүрх сэтгэлийн оюун ухаан гэж нэрлэдэг. Тодруулбал, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл дээр нь тулгуурлаад тухайн бүлэг хүмүүс буюу нам, эвслүүд ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлдэг. Ер нь бол зүрх сэтгэлийн оюун ухаан сайтай маш олон удирдагчид байдаг шүү дээ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Шинэ Зеландын залуу ерөнхий сайд Жасинда Ардерн зэрэг бүсгүйчүүдээс эхлээд нийгэмд зүрх сэтгэлээ өгч чаддаг хүмүүсийг ард иргэд сонгодог болсон. Зөвхөн улс төр ч гэлтгүй зүрх сэтгэлийн оюун ухаан сайтай хүнийг байгууллагын томоохон удирдлага, Ерөнхийлөгчөөр сонгож байгаа нь их ажиглагдаж байна. Тэгэхээр оюун ухаан, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж томилдог.

-Иргэд цахим хуудсаар одоогийн ерөнхийлөгчийг их сүржин хүн гэж нэлээд шүүмжилжээ?

-Иргэд У.Хүрэлсүх ерөнхийлөгчийг анх ерөнхий сайд байхаас нь эхлээд л их сүржигнүүр гэж ярьдаг байсан шүү дээ. Ажлыг үнэхээр хийнэ гэж сүржигнэчихээд яг таг хийчихдэг бол өөрийгөө үнэлүүлэх байсан байх л даа. Хэрэв сүржигнэсэн сүржигнэлийнхээ цаанаас хэлсэн үйлдлүүдээ алхам болгож хэрэгжүүлж чадаагүй бол олон нийтийн дунд өөрийн нэр хүндээ алдах шалтгаан болно. Одоо бол тийм сүржигнэсэн, бусдын анхаарлыг хэтэрхий захиргаадсан байдлаар өөртөө татдаг хүмүүсийг байгууллагууд өөрсдийн нүүр царай болгож сонгохгүй байгааг хүмүүс анзаарч байгаа байх.

Хуучны лидер гэдэг ойлголт одоо өөрчлөгдсөн. Хуучин бол их харизмтай, хүн загнаж, захиргаадсан удирдлагууд байсан бол одоо харьцангуй бусдыг ойлгодог зөөлхөн хүмүүс хаа газруудад удирдлага хийдэг болсон. Үүний тод жишээ бол нийгмийн сайн сайхны төлөө идэвхтэй ажилладаг фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг байна шүү дээ. Ер нь ерөнхийлөгчийн байр байдлаас тухайн ард түмэн, соёл харагдаж байдаг. Манай улсын зарим төрийн албан тушаалтнуудын сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдал нь их ширүүн дориун, загнасан захиргаадсан харагддаг. Энэ нь өөрсдийгөө аятайхан биш муухай харагдуулдаг үндсэн шалтгаан юм л даа.

-Ер нь улс гүрний төрийн тэргүүний сэтгэл зүй ямар байх ёстой юм бэ?

-Ямар ч зан төлөвийн онцлогтой хүн улстөрч байж болно. Хамгийн гол нь өөрийнхөө сэтгэл зүйн зан төлөвийг зөв олоод харчихсан, буруу зан төлөвийн эмгэгтэй болчихвий гэж эмээдэг, бусдыг ойлгож, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг байх нь зүйтэй. Орчин үед дэлхий нийтээрээ л удирдагч нараас “Emotional intelligence” буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй байхыг шаарддаг болчихсон. Хэт их харизмтай, загнадаг захиргааддаг хүн хэрэггүй болчихсон үе. Түүнчлэн удирдагч, ерөнхийлөгч нар буяны ажил маш их хийдэг. Хэлсэн ярьсан зүйлээ яг таг хийж гүйцэтгэдэг шинж чанартай байх ёстой болсон үе шүү дээ. Түүнээс биш ямар ч хувийн онцлогтой хүн ерөнхийлөгч болж болно, тийм ийм гэж хайрцаглах боломжгүй. Хүн болгон дахин давтагдашгүй өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Хамгийн гол нь ерөнхийлөгчийн гаргаж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээр нь улс орныг дүгнэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн ч алдаа гаргадаг. Гэхдээ хэвлэл мэдээллийн өмнө ярихдаа тодорхой хэмжээгээр өөрийгөө цэгнэдэг, хэрэв өөрөө ярьж чадахгүй бол хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулаад мэдээллээ хүргэж болно. Дипломат харилцаанд орж байгаа хүн буруу үг яриа сонгож хэрэглэж болохгүй шүү дээ. Дипломатчийн болоод, ерөнхийлөгчийн ёс зүй гэсэн дүрмүүдээ тодорхой хэмжээнд мэддэг байх ёстой.

-Дэлхийн томоохон улсуудын ерөнхийлөгчид сэтгэл зүйдээ хэрхэн анхаардаг бол?

-Олон улсын ерөнхийлөгчдийн цаад албанд ерөнхийлөгчид зөвлөгөө тусламж үзүүлдэг сэтгэл зүйч нар ажиллаж байгаа. Маш их бичиг баримт судлах, олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй энэ их ачааллын дунд стресс, депресст орох үе гарна. Үүний цаана дандаа тусалж дэмждэг баг хамт олон бий.

-Та сэтгэл зүйч хүний зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сэтгэл зүй ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Нэгдүгээрт стресс, бухимдалтай байна. Иргэдээс ирж байгаа шүүмжлэлээс болоод тодорхой хэмжээний хямралтай байгаа. Хүний нэрийг андуурч хэлж байгаа нь магадгүй тэр хүн стресст ороод тархинаасаа хэрэгтэй мэдээллээ татаж гаргаж чадахгүй байгаа байх. Стресстсэн тохиолдолд мартах санах, балмагдах зүйлүүд их болдог. Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд “Narсissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэгүүд илэрч байна.

-Ямар шалтгааны улмаас “Nar­cissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэг илэрдэг юм бэ?

-Өөрийгөө дөвийлгөх бие хүний зөн төлөв үүсээд байгаагийн гол учир шалтгаан нь тойрон хүрээлэгчид нь өөрийг нь хэтэрхий их хүндэтгэх, хаан шиг шүтдэг, нэг үгээр “нүдийг нь боогоод” байгаа юм л даа. Бодит байдлыг өөрт харуулдаггүй ийм тохиолдолд Narcissistic зан төлөвийн эмгэг улам хүндэрч өөрийгөө бүх зүйлийн нэгдүгээрт байна, бүгд өөрийнх нь зөв гэж бодох, бусад хүмүүсийн ярьж байгааг үгүйсгэдэг, буруутгадаг зан төлөвийн шинж рүү шилжиж орно. Гэхдээ энэ нь ганцхан энэ хүний буруу биш, харин тойрон хүрээлэгчид нь ажил албан тушаал авахын тулд дольгонох гэх мэт үйлдлүүдтэй уялдаа холбоотой. Тодорхой хэмжээнд алдаа хийж байна гэдэг нь сэтгэцийн үйл ажиллагаа алдагдаж байна л гэсэн үг. Тийм учраас улс төрд гарсан болон томоохон байгууллага удирдаж байгаа хүмүүс өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд анхаардаг байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

УДЭТ-ын уран бүтээлчид мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд УДЭТ-ын хамт олон нэгджээ. Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театр үүсэж хөгжсөний, УДЭТ байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо тохиолдуулан тус театрын хамт олон өчигдөр Баянгол дүүргийн Агропаркд гурван төрлийн мод тарьсан байна.

Мод тарих ёслолын үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нээж, нээлтэнд зориулан УДЭТ-ын захирал, УГЗ Д.Цэрэнсамбуу үг хэлж, театрын мэндчилгээг жүжигчин О.Майдарравжаа морин хуурын эгшгээр түрлэг нэмлээ. Энэхүү үйл ажиллагаанд Төрийн соёрхол Н.Наранбаатар, УГЗ Н.Ганхуяг, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Ж.Оюундарь тэргүүтэй театрын 32 уран бүтээлч оролцож Ногоон дэлхийг хамтдаа бүтээж Байгаль орчноо хамгаалах үйлсэд Ард иргэдийгээ идэхитэй оролцохыг уриаллаа.