Categories
гадаад мэдээ

Пакистан, Аргентинд газар хөдлөлт болж, 20 хүн амиа алдлаа

Пакистанд пүрэв гаригт шилжих шөнө 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хамгийн багадаа 20 хүн амиа алджээ.

Гэмтэж бэртсэн хүний тоо 40 давсан байна.

Ассошейтэд пресс агентлагийн мэдээлснээр гамшгийн менежментийн удирдах газрынхан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэжээ.

Түүнчлэн өнгөрсөн шөнө Аргентинд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Эль-Гапон хотоос 21.3 км зайд 10 км-ийн гүнд байжээ.

Аргентинд болсон газар хөдлөлтөөр хүний амь эрсэдсэн талаарх мэдээлэл одоогоор алга байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр ардчиллыг аварч үлдэхэд онцгой гавьяа байгуулсан улстөрчид

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Шоронгоос суллагдсанаас чинь хойш анх удаа нүүр тулж ярилцаж суугаагийнх нэг асуултыг онцолж сонирхмоор байна. Манайд авторитар дэглэм, дарангуйлал тогтчихлоо гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Популизм хавтгайрахаар нийгэм өөдрөг сэтгэлээ гээдэг. Бүгд гутранги болчихдог. Өөрийн чинь Р.Амаржаргалтай хийсэн ярилцлагыг харахад тэр чигээрээ гутранги үзэл мэдрэгдсэн. Тэр бол нийгмийн толь. Хоёулаа ингээд ярилцаад сууж байгаа нь нийгэмд гэрэл авчрах гэж оролдож яваагийн л нэг илрэл. Тийм учраас өөдрөг үзэл дээр тулгуурлаж ярих ёстой байх. Манайд авторитар дэглэм, дарангуйлал тогтчихов уу гэдэг асуултад би “Ардчилсан нийгэм хэвээрээ байгаа” гэж хариулна. Янз бүрийн зовлон, ухралт байгаа ч гэсэн ардчилал бий. Тэр ухралтууд хүмүүсийн араншингаас болж л үүссэн. Ардчилсан орон гэж нэрлэгдэх нэг том шинж нь Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэлд заагласан явдал.

-Өөдрөг хариулт байна. Гэхдээ талбай дээр үзлээ илэрхийлээд жагсахаар л барьж хорьчихоод байна шүү дээ?

-Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө институцийг бий болгодог. Тэр институци нь Монголын Үндсэн хуулин дахь төрийн эрх мэдэл. Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг гурав хуваасан. Шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл гэж. Энэ гурван эрх харилцан тэнцвэртэйгээр биенээ хянаж ажилладаг байх ёстой. Харамсалтай нь ийм үүрэгтэй гурван эрх хэцүүхэн байдалд орсон. Төрийн салаа мөчир болгон хоорондоо тэмцэлдэгч болчихсон. Засаг нь Их хуралтайгаа, Их хурал нь Ерөнхийлөгчтэйгөө тэмцэлдэх болсон. Тэгж тэмцэлдэх явцдаа шинэ үеэ бэлдээгүй. Бэлдээгүй учраас асуудал үүссэн.

-Шинэ үеэ бэлдээгүй гэдэг нь… Ардчилал, засаглалын тухай нарийн ойлголтгүй олонхыг хэлээд байна уу, та?

-Ер нь тийм. Монголд ардчилал анх хийгдэхдээ сэхээтний хувьсгал хэлбэртэй дээрээсээ доош чиглэсэн хөдөлгөөн байсан.

Хойч үеэ ардчиллын үнэлэмжээр бэлдэх ажлаа орхигдуулж ирснээс дээрээс хийсэн хувьсгал шинэ залуу үетэйгээ залгагдахдаа илүү мөнгө, албан тушаал шүтдэг тогтолцоо руу гулгажээ гэж харж байгаа. АНнэг намын засаглалыг легитим байлгахаас хэтрэхээ больчихсон нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Энэ бол түүхээ сулхан мэдэж байгаа болон шинэ цаг үе хэрхэн бий болсон тал дээр анализ хийж, гарах гарцаа олохгүй яваатай холбоотой. Популизм бол ардчиллын бүтээгдэхүүн, популист төр байгаа бол тэр нь ардчилал гэхээс өөр замгүй. Ийм хөрсөн дээр эрх мэдэл булаацалдаж байгаа талуудын зөрчилдөөн улс төрийн эрхийн булаацалдаан болчихож байгаа юм. Сая болоод өнгөрсөн бяцхан хэлмэгдүүлэлт цаанаа ийм шалтгаантай.

-Бяцхан гэж хэлэхэд хэцүү л дээ…?

-Жил гаруй хориход суусан гээд бодоход бяцхан гэж хэлэхэд хэцүү байх л даа. Ганц би ч биш, их олон хүн бүтэн жилээр суусан. Энэ хэлмэгдүүлэлтийг том өнцгөөр харвал шүүх эрх мэдэл Их хурал, Засгийн газрын шийдвэрийг шүүдэг болсонтой холбоотой. Улс төрийн эрх мэдлийг шүүх авчихсан юм. Үнэн хэрэгтээ шүүх яг авсан уу, эсвэл шүүхэд ингэж тэгж болохгүй гэсэн цочрол өгөөд байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

-Экс Ерөнхийлөгчөөс шүүхэд үзүүлсэн дарамт шахаа гэж харах ёстой байх. Шүүх эрх мэдлийн энэ гажуудал одоо ямар байна. Энэхүү гажуудал засрах зүгтээ орох нь уу, эсвэл дахиад ч илүү том эрсдэл биднийг угтаж байна уу?

-Яг одоо гээд харвал өөрийн чинь асуусан гажуудал амьд байгаа. Гэхдээ одоо өөр өнгө анзаарагдаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, МАН засаглаж буй энэ үедээ шүүх эрх мэдлийг хууль дээдэлдэг байлгах зарчим руу нь түлхэж өгч байна. Мэдээж зүдэргээтэй. Нэг өдөр хийчих ажил биш. Гэхдээ хийж явааг нь харах юм бол Монголын нийгэм ардчилсан хэвээрээ байна. Дундаа ухрал, бэрхшээл амсаад яваа гэж хэлмээр байна. Дахиад онцлоход, төрийн эрх мэдлийг гурав хуваасан нь дарангуйллаас хамгаалах хамгийн шилдэг зохион байгуулалт. Том зургаар нь харвал, дэлхийн хамгийн шилдэг зохион байгуулалт. Харин төрийн эрх мэдлүүдийн хооронд харилцан ойлголт, хяналт тэнцвэрийг хангаж чадаж байна уу гэдэг нь асуудал болчихоод байна. Төр өөрөө нэгдмэл байгаад, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд нэгдмэл стратегитай, түүнийгээ хэрэгжүүлэхдээ бие биенийхээ үйл ажиллагаанд хутгалдахгүй байх явдал их чухал. Дахиад хэлэхэд, Монгол дахь ардчиллын ухралт бол дээрх эрх мэдлүүдийг хэрэгжүүлэхдээ тэнцвэр хадгалаагүйтэй холбоотой. Ойрмогхон хэсэг хугацаанд шүүх эрх мэдлийн байгууллагууд эрхээ хэтрүүлж УИХ, Засгийн газрын онцгой бүрэн эрхэд халдаж, ганц нэг хүний заавраар хэлмэгдүүлэлт зохион байгуулж, тэр ч байтугай УИХ, Засгийн газрын явуулж байсан бодлогыг буруутган улс төрийн эрхтэй мэт аашилсан нь бол ардчиллын ухралт. Эрх баригч МАНэнэ бодлогоос татгалзахаа янз бүрийн хэлбэрээр илэрхийлж ирсэн, тэр хандлага нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөтөлбөрт тусгалаа олсныг бас хэлэх хэрэгтэй.

– Эрх мэдлийг гурав хувааснаар нийгэмд үүсэх сөрөг үзэгдлүүд гэж бас бий байх…?

– Эрх мэдлийг гурав хуваачихаар нийгэмд болдог сөрөг үзэгдэл гэж бий. Энэ гурвыгаа дагаад нийгэм задралд ордог. Шүүх эрх мэдлийнхэн буруу ажиллачихаар тэр хавьд нэг өөр орчин бүрдэнэ. Үүнээс гадна гэр бүлсэг байдал үүсээд эхэлдэг. Төрийн эрх мэдэл нийгмийг задралд оруулахаас гадна шашны задрал, намуудын задрал гэх мэт бэрхшээл үүсгэдэг. Тодруулж хэлбэл, эрх мэдэл хуваасан нь оюун санаа олонлог болоход нөлөөлж эв дүйгээ олохгүй байх явдлыг өдөөдөг. Монголд өнөөдөр коммунист, фашист, социалист, либерал, оппортунизм, популизм гээд зүсэн зүйлийн үзэл чөлөөтэй яригдаж байна. Дээр нь оюун санаагаа нэгтгэхийн оронд эрх мэдэл, албан тушаалд улайрсан хүмүүсээр улс төрийн намууд дүүрсэн.

Нийгэмд юу болж байна вэ гэдэгт анализ хийх хүчин мөхөсөөс бие биенээ харлуулахаас өөрийг хийж чадахгүй байдалтай яваа нь бодитой үнэн. Энэ бүхэн ардчиллаас ухрах нөхцөлийг бүрдүүлж байгаа том шалтгаан болоод байгаа юм. Бүр онцолж яривал оюун санааны ихээхэн задрал явагдсан. Мөнгийг шашин мэт шүтэж Монголын эдийн засаг гэх нэгэн бялууг тал талаас нь хэмлэх том дайн явагдаж байна. Оюун санааны агуу задралтай нийгэм харанхуй харагдахаас гадна төр энэ харанхуйд тэмтчихээс өөр аргагүй. Тэр нь төрийг сул дорой харагдуулах нөхцөл болдог. Ийм задралаар нийгэм нэг хэсэг явж болно. Гэхдээ удаан явбал болохоо байна.

-Задрал хэсэг яваад болохоо байсан цаг үе нь одоо мөн үү?

-Мөн. Нэгтгэх гэсэн ажлыг хүчээр хийх гэж оролдсон л доо.

-Яаж?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ямар ч хамаагүй асуудлыг хэлэлцдэг болсон. Тэнд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн удирдлагаас гадна Ерөнхийлөгч бий. Манайд төрийн гурван толгой гэдэг. Яг үнэн хэрэгтээ зөв томьёоллоор явбал шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван эрх мэдлийн тэргүүн нь төрийн гурван толгой л доо. Ингээд харахаар төрийн гурван толгойны нэг нь Дээд шүүхийн дарга байх ёстой. Гэтэл тэрийгээ үргэлж “паасалдаг”. Тэр үйлдэл нь нөгөө талд мэдрэгдэж байгаа шүү дээ. Ингээд нөгөөдүүл улс төрийн эрх булаацалдаж эхэлж байгаа юм. Нэгтгэх гэсэн оролдлого нь ҮАБЗ дээр асуудлыг аваачихаар илэрсэн. Ямар л бол ямар асуудлыг хэлэлцдэг болсон.

-Сав л хийвэл ҮАБЗ-өөр асуудлыг хэлэлцдэг болсон хандлага хэзээнээс эхлэлтэй вэ?

-Өмнөх Ерөнхийлөгчийн үеэс эхэлсэн.

-Энэ Ерөнхийлөгчийн үед ямархуу байна?

-Харьцангуй гайгүй байх шиг байна. Юуг үндэсний аюулгүй байдал гэх вэ гэдгийг ойлгох ёстой. Аюулгүй байдалжих гэсэн ойлголт байдаг. Хүмүүний нийгэмд асуудлыг энгийн ба иргэд хоорондын, улстөржсөн буюу заавал төрийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг, аюулгүй байдалжсан асуудал гэж гурав ангилдаг. Асуудал аюулгүй байдалжина гэдэг нь ерөөсөө л улстөрийн хэт улстөржилт. Хэт улстөржилт ардчилсан зарчмыг гишгэх гэж оролдоод байдаг. Бүгдийг аюулгүй байдал гэдгээр айлган дарамтлах гээд, заавал шийд гэж зааварлах гэж улайраад эхэлдэг. Социалист орнуудын туулсан зам л даа. Аюулгүй байдал гээд хэт улстөржүүлж, дайсны аюул юм шиг ойлгуулаад ирэхээр Аюулаас хамгаалах яам байгуулагддаг юм. Аюулаас хамгаалах яам байгуулагдахаар хэлмэгдүүлэлтийг хийгээд өгдөг. Улс төрийн сөрөг хүчнийг дараад өгдөг. Түүн дээр параной удирдагч нэмэгдчихвэл бүр балардаг.

-Таныг, өөр бусад улстөрчдийг хэлмэгдүүлж хорьсон өнгөрсөн зурвас хугацаанд ийм үзэгдэл болоод өнгөрчихлөө, тийм ээ?

-Богино хугацаанд иймэрхүү байдал үүссэн. Эргээд бурангуй нийгэм рүү уначихгүй байхын тулд асуудал бүрийг улстөржүүлдэг, бүр хэт улстөржүүлж аюулгүй байдалчлах нь зөв биш. ҮАБЗ дээр бүх асуудал яригддаг болчихвол УИХ, Засгийн газар нэр төдий Шүүх эрх мэдэл параной удирдагчтайгаа нийлээд хэлмэгдүүлэх болно.

-Одоо тэр аюул багассан гэж бодох гэхээр эргэлзэх сэтгэл давамгайлаад байх юм?

-Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш болж байгаа үзэгдлийг би өөдрөгөөр харж байна. Буруу явж байсан үзэгдлээс татгалзсан. Ингэснээрээ ардчиллыг аварч байгаа. Үүнд онцгой гавьяа байгуулсан хүн гэвэл би зориуд У.Хүрэлсүхийг, С.Эрдэнийг нэрлэмээр байна. Энэ хүмүүс, МАН болон АН, ардчилалд том гавьяа байгуулсан. Харин цаашдын өрнөл хэрхэн явагдах вэ гэдэг нь улстөрчдийн авираас хамаарахаар байна.

-Одоо тэгээд бид яах ёстой вэ, та тодорхой гарц санал болгооч?

-Co-operative Governance буюу хамтын ажиллагаатай засаглал руу алхах хэрэгтэй. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, шүүх эрх мэдэл нь томроод байхгүй, хувийн хэвшлийнхэн томроод суухгүй нэгдмэл ажиллахыг л хамтын ажиллагаатай засаглал гээд байгаа юм. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хурал боллоо гэж төсөөлье. Хувийн хэвшлийг төрийн засаглалд оруулж байгаа л хэлбэр. Хамтарч засаглая гэсэн үг. Гэтэл үүнийг манайхан хамтарч засаглая гэж уншиж чаддаггүй.

-Төр нь хувийн хэвшлээ командлах л гэж харагдаад байдаг даа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэх мэт агуулгатай мэдээ сэлтийг уншихаар…?

-Би уг нь нэг удаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэхгүй, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа гэчихвэл бидний толгойд их том өөрчлөлт гарна гэж хэлж байсан удаатай. Хамтын ажиллагаатай засаглалын замыг бусад улс орнууд аль хэдийнэ туулаад өнөөг хүрсэн. Бид араас нь л мөлхөж байна. Төрийн салаа мөчир болгоныг нэгдмэл бодлоготой болгохын тулд төрийн тэргүүн нь бодлогын асуудлаар нийт ард түмэнд хандаж үг хэлдэг (АНУ, Европ, Хятадын жишгэээр) тодорхой боловсруулалт шаардагдах хугацааны дараа Засгийн газар нь хийж ажлаа зарладаг, төрийн эрх мэдлийн төлөөллүүд үндэсний болон орон нутгийн түвшинд байнга уулзалдаж бодлогоо ойлголцдог, төрийн бодлогын нэгдмэл чанарт Ерөнхийлөгчийн зөвлөхийн танхим судалгаа шинжилгээтэйгээр ажилладаг бусад орнуудын туршлагыг авч хэрэгжүүлмээр байгаа юм. Өмнөд Африк төрийн эрх мэдлүүд өөр хоорондоо мэдээлэл солилцож бие биенээ дэмжих үүргийг хүртэл Үндсэн хуулиндаа заалт болгон 1996 онд оруулсан байдаг. Бидэнд тулгарч буй асуудлыг 25 жилийн өмнө шийдэж байжээ гэж бодохоор бидэнд хийх ажил их байна аа.

-Нэг намын засаглал тогтчихлоо, энэ тийм сайн хандлага биш гэсэн байр суурийн тухайд та юу хэлэх вэ?

-Монголд нэг намын засаглал тогтсон нь зүй тогтолт үйл явц. МАН-ыг алдаа оноогоо засаад явж чаддаг институци тогтолцоо гэж харж байна.

-АН-ын хувьд юунд анхаарах хэрэгтэй гэж та харж байна вэ?

-АН-ын хувьд шинэ нөхцөлд эхлээд институци тогтолцоо болж өөрөө өөрсөдтэйгөө илүү их ажиллах шаардлагатай гэж харж байна. МАН, АН хэрхэн дотоод ардчилалтай институци тогтолцоо болж төлөвшихөөс Монголын улс төр, ардчиллын ирээдүй хамаарч байгаа. Эцэст нь давтаад хэлэхэд, улсаараа хамтын ажиллагаатай засаглал руу л алхах хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн зовлонг хууль тогтоогчид, гүйцэтгэх эрх мэдэлтнүүд нь мэдэж байдаг хамтын ажиллагаа их чухал. Хамтын ажиллагаагаа явуулахдаа ардчилсан зарчим дээр үргэлжлүүлэхээс өөр зам байхгүй. Өөр муу арга замаар явна гэвэл богинохон настай. Үүнээс гадна хор хохирол нь асар их. Сая тийм зам руу уначихаагүй нь яамай даа гэж бодож байна. Монголд хангалттай сэхээтэн бий. Юм уншдаг улс олон байгаа. Харамсалтай нь бүгд дуугарахаа больчихоод байна л даа. Хоёулангийнх нь өнөөдөр ярьсан шиг гарц яриад эхэлбэл тэд дуугарч эхлэх байх. Жаахан халиад хэлэхэд, одоо шүүмжлүүлээд байгаа эрх мэдэлтнүүд цугаараа шинэ үеийн төлөөлөл. Ардчиллыг дээрээс нь хийж байсан улс шинэ үеэ бэлдээгүй учраас шүүмжлүүлээд яваа хэрэг. Шинэ үеийнхэн гарч ирээд чадах хэрээрээ л ажиллаж байгаа нь энэ. Ингэж томоор нь харвал ардчилал хэвээрээ л байж байна.

-Баруун, зүүн гээд талцаад байгаа анзаарагддаг. АН барууных хэрнээ зүүний юм ярилаа, МАН зүүнийх хэрнээ ийм байр суурь барьдаг нь ямар учиртай юм гэх мэт маргаан их дуулддаг. Энэ хэр зөв талцал юм бол оо?

-Баруун, зүүн гэж талцах шаардлага байхгүй. Баруун, зүүн гэж талцах хэрээр хагаралдах шалтгаан болно. Ямар ч нийгэм урагшаа явахын тулд эрх чөлөө хэрэгтэй. Эрх чөлөөний үзлийг баримтлахыг анх, дээр үед либерал үзэл гэж ярьж байсан юм. Цаг өнгөрөх хэрээр тэр нь гуйвсаар танигдахаа больж либерал гэдэг нь эрх чөлөөний үзэл шиг сонсогдохоо больчихсон. Тэгэнгүүт улстөрчид шинэ юм сэдэж, либертари үзэл гэсэн тодотгол гаргаж ирсэн хэрэг. Эрх чөлөө рүүгээ л зүтгээд яваа гэсэн үг.

-Ардчилал үгүй болохгүй, авторитар дэглэм рүү гулсчихгүй гэсэн өөдрөг мессэж өгсөн ярилцлага боллоо. Ардчилал ямар ч эргэлзээгүйгээр оршин тогтноно гэсэн хамгийн том шалтгааныг хэлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Түүхээ харсан ч тэр “Яагаад ардчиллыг сонгох ёстой вэ” гэдэг асуултад угаасаа өөдрөг хариу гарна. Монголчууд нүүдэлчид. Нүүдэлчид бие дааж ахуй амьдралаа аваад явчихдаг хүмүүс. Уламжлалаа харсан ч тэр хаанаа сонгочихдог байсан ард түмэн. Хаад ноёдын ардчиллыг олон түмний ардчилал болгоод хувиргачихсан улс. Иргэншлийнх нь хувьд харвал, нүүдэлчин иргэншилд ардчилал л зохино. Түүнээс биш Европ, Орос, Хятад гэх мэт улсынх шиг хаант сэтгэлгээ зохихгүй.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд УИХ-ын гишүүн Ганхуяг нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орсон байна. Мөн хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай хэлэлцэхээс гадна УИХ-ын гишүүн Д.Ганбатаас нүүрс тээврийн салбарын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох аж.

Categories
гадаад мэдээ

​Хүн халуун, хүйтнийг хэрхэн мэдэрдгийг тогтоосон эрдэмтэд Нобелийн анагаах ухаан ба физиологийн шагнал хүртжээ

Энэ жилийн Нобелийн шагналтнууд салбар салбаруудаар эхнээсээ тодорч байна. Шведийн нийслэл Стокгольм дахь Нобелийн хороо анагаах ухаан ба физиологийн салбарын шагналыг хүн халуун хүйтнийг, аль эсвэл биед нь хүрэхийг хэрхэн мэдэрдгийг нарийвчлан тогтоосон АНУ-ын эрдэмтэн Дэвид Жулиус, Ардем Патапутян нарт олгохоор болсныг онлайн горимоор зарлажээ. Энэхүү нээлт анагаах ухаан төдийгүй хамгийн сүүлийн үеийн виртуал ертөнцийн технологи, робот бүтээх аж үйлдвэрт хүртэл цоо шинэ боломж олгон хүн төрөлхтний хөгжилд маш чухал дэвшил авчрах аж. Нобелийн анагаах ухааны ассамблейн профессор Жулин Зират хэлэхдээ “Энэ жилийн хоёр шагналтан маань халуун хүйтэн хэм, механик хүч хүмүүс бидний мэдрэлийн импульсэд хэрхэн нөлөөлж, орчин тойрноо хэрхэн хүлээн авч дасан зохицдог үйл явцыг ойлгуулж тайлбарлалаа. Энэ тал дээр цоо шинэ нээлт хийсэн эрдэмтдэд маш их талархаж байна” гэжээ.

Бид жишээ нь, өглөө өвсөн дээр гишгэхдээ тэр нь хүйтэн шүүдрээр бүрхэгдсэнийг яаж мэдэрдэг талаар тэр бүр боддоггүй. Соматосенсорик буюу хүйтнийг халуунаас, хатууг зөөлнөөс бид нүдээ аньсан ч мэдэрдэг шүү дээ. Харин чухам яагаад гэдгийг нь хэдэн мянганы турш тайлбарлаж чадалгүй өнөөг хүрчээ. Францын философич Рене Декарт бүр XVII зуунд арьсанд цог хүрэхэд хүн түлэгдэлт мэдэрдэг нь энэ тухай ямар нэгэн аргаар тархинд мэдээ очсоноос үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглаж байв. XIX зууны сүүлээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэд хүний арьсан дээр ямар нэг гадны нөлөөг мэдэрдэг цэгүүд байдгийг нээсэн ч чухам яаж гэдэг нь оньсого хэвээр байжээ.

Тэгвэл АНУ-ын Калифорнийн их сургуулийн Дэвид Жулиус, мөн муж дахь Ховард Хьюзийн анагаах ухааны дээд сургуулийн Ардем Патапутян нар үүнийг шинжлэх ухааны үүднээс нотлон тайлбарлаж чадсан байна. Дэвид Жулиус олон мянган хувилбарыг ягштал шинжилсний эцэст хүний ДНХ дэх TRPV1 гэх уураг халуун мэдрэхэд нөлөөлдгийг илрүүлсэн бол Ардем Патапутян хүний биед ямар нэг зүйл хүрэхийг мэдэрдэг протеиныг нээж, Piezo нэр өгчээ. Түүнчлэн хоёр эрдэмтэн бараг нэг дор хүйтнийг мэдэрдэг хүний бие дэх эд эсийг лабораторийн аргаар тогтоожээ. Ийнхүү эдгээр хоёр эрдэмтэн хүний соматосенсорын гэх тогтолцоо халуун хүйтэн, биед хүрэх төдийгүй өвдөлт, тэр ч бүү хэл хүн биеийнхээ хөдөлгөөнийг хэрхэн мэдэрдгийг илрүүлжээ. Иймээс ч Нобелийн хороо мэдэгдэлдээ “Эдгээр эрдэмтэн байгалийн дахин нэг оньсогод хариулт өгч, молекул, эд эсийн түвшинд хүмүүс бид орчин тойрноо хэрхэн мэдэрч хүлээн авдгийг нээж өглөө” гэжээ. Салбар тус бүрт шагнал гардуулах албан ёсны арга хэмжээ уламжлал ёсоор Шведийн нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Алфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо болох юм байна.

Энд сонирхуулахад, Алфред Нобель анагаах ухааныг ихэд сонирхдог байсан агаад хүн төрөлхтөнд хамгийн ач тустай гурван шинжлэх ухааны нэг гэж үздэг байжээ. Анагаах ухаан ба физиологийн салбарт түүний нэрэмжит анхны шагналыг сахуугийн эсрэг ийлдсийг гаргаж авсан Германы нэрт эрдэмтэн Эмиль Адольф фон Беринг гардаж байсныг мөн дурдууштай. Ер нь анагаах ухаан ба физиологийн салбар дахь Нобелийн шагналыг хэнд гардуулахыг Шведийн Стокгольм дахь эзэн хааны нэрэмжит Каролингийн их сургуулийн ассамблей шийддэг байна. Түүнд анагаах ухааны дэлхийн шилдэг 50 эрдэмтэн профессор багтдаг бөгөөд тэднийг гурван жилд нэг удаа сонгодог журамтай ажээ.

Нобелийн шагналыг анагаах ухаан ба физиологийн салбарт хүн төрөлхтнийг олон халдварт өвчнөөс сэргийлсэн пенициллинийг нээсэн Александр Флеминг, компьютерийн томографи оношилгоог зохион бүтээсэн эрдэмтэд хүртэж байсныг мөн дурдууштай. Энэ шагналыг хамгийн их буюу 50 удаа генетикийн эрдэмтэд, үүний дотор Жеймс Вотсон, Фрэнсис Крик, Морис Вилкинс нар ДНХ-ийн бүтцийг нээснийхээ төлөө авч байжээ. Нобелийн шагналыг энэ салбарт эмэгтэй эрдэмтдээс хамгийн анх 1947 онд Герти Кори гардаж байсан. Тэр цагаас хойш 12 эмэгтэй энэхүү нэр хүнд бүхий шагналыг авчээ.

Хамгийн хачирхалтай нь, Австрийн алдарт нейрологич, психоанализыг үүсгэн байгуулагч Зигмунд Фрейд энэ шагналд хамгийн их буюу 32 удаа нэр дэвшсэн боловч нэг ч удаа аваагүй аж. 1929 онд Нобелийн хороо анагаах ухааны нэр хүнд бүхий шинжээчийг урьж авчран Зигмунд Фрейдийн судалгааны ажлуудад дүгнэлт өгөхийг хүсчээ. Тэрхүү шинжээч, “Зигмунд Фрейдийн судалгаануудын нэг нь ч шинжлэх ухаанч байдлаар нотлогдоогүй, анагаах ухаанд ямар нэг үнэтэй хувь нэмэр оруулаагүй тул цаашид авч үзэх шаардлагагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь саяхан ил болсон байна. Гэхдээ Нобелийн хороо тэрхүү шинжээчийн нэрийг өнөөг хүртэл олон нийтэд зарлаагүй билээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Мэргэжлийн лигт ам авахгүй, оноолтоор барилдана

Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны А ангиллын улс, аймаг, цэргийн алдар цолтой 56 бөхийн барилдаан 2021 оны аравдугаар сарын 16 нд үзэгчгүй зохион байгуулна.

Барилдах бөхчүүдийг өнөөдөр /10.07/ 10-16 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэх бөгөөд Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах уг барилдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрхэт Монгол” групп, санаачлагчаар “Хил хязгааргүй спорт” ТББ ажиллаж байна.

Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн зөвлөл болон зохион байгуулагчдаас аль болох бүх бөхөд нээлттэй байх зарчмыг баримтлах юм.

Мэргэжлийн лигийн анхдугаар тэмцээн нь өндөр зэрэглэлийн А ангиллын барилдаан учраас барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаан, эхний 56 бөхийг барилдуулна. Үлдсэн бөхчүүд дараагийн В ангиллын мөн 56 бөхийн барилдаанд оролцох боломжтой.

Барилдаан оноолтоор, хасагдах журмаар явагдана. Ам авахгүй. Цолны эрэмбээр эхний 24 бөх үндсэн барилдаанд шууд оролцоно. Урьдчилсан барилдаанд 25-56-д эрэмбэлэгдсэн 32 бөх сугалааны дагуу оноолтоор барилдаж, 2 давсан 8 бөх үндсэн барилдаанд нэмж шалгарснаар 32 бөх цааш барилдан, 5 давааны дараа Түрүү бөх тодорно. Анхны барилдааны шагналын сан 10 сая төгрөг, бүх бөхчүүдэд урамшуулал олгоно.

Уламжлалт томоохон барилдаануудад 1 давсан бөх ойролцоогоор 50 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Мэргэжлийн лигийн барилдаанд оролцсон бүх бөхчүүд урамшуулалтай. Нэг давахад 70 мянган төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн 2 бөх тус бүр 500 мянган төгрөг, үзүүрлэвэл 1.000.000 төгрөг, түрүү бөх 2 сая 500 мянган төгрөгийн бай шагнал авна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 36 цэгт 45 багийн 214 эмч, ажилтан ажиллаж, 3008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Categories
мэдээ спорт цаг-үе

Осло-2021: Д.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялав.

Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг нь гайхамшиг юм. Түүний хэнээс ч айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаан Ослогийн дэлхийн аваргын чимж, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болж байна.

Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар багш ДАШТ-ий 11 медальтнаа төрүүллээ гэж МЧБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ: Энэ баасан, бямба гаригт Улаанбаатар хотноо “Булганы өдрүүд” болно

Булган аймгийн Засаг дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Батбаярын Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та аймгийн Засаг даргын ажлыг аваад бүтэн жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд Булган аймаг маань Сүхбаатарын одонгоор шагнуулнаас авахуулаад олон ажил өрнөлөө?

-Булган аймгийн хувьд анхдагч алдартнууд төрдөг хувь заяатай, гентэй ард түмэн гэж бэлгэшээж, талархаж, омогшиж явдаг. Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар надад итгэл хүлээлгэж сонгосон нутгийн ард түмэндээ их баярладаг. Хүүхэд ахуй насны дурсамж, жаргал зовлон цөм энэ л нутагтай минь салшгүй холбоотой. Тэр дундаа Булган аймгийн Булган, Хутаг-Өндөр сум миний төрж, өссөн нутаг. Би хүүхэд наснаасаа спортын замналыг сонгож “Дэлхийн аварга” болно гэсэн зорилго тавьсан. Түүнийхээ төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, зорилгодоо хүрсэн. Миний спортын амжилт оргилдоо хүрсэн гэж боддог. Энэ утгаараа их спортын буянаар таван тив, олон сайхан хөгжингүй улс орныг, мөн хөгжил буурай орнуудыг ч үзлээ. Тэр бүхэнд давуу, сул тал байгаа ч гэлээ Монгол Улс гэдэг бол аугаа түүхтэй улс юм гэдгийг анзаарсан. Их спортын миний зүрх сэтгэлд суулгаж өгсөн хүмүүжил, ухаарал бол эх оронч үзэл юм. Харийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх ямар үнэ цэнэтэй болоод түүнд тэмцэн хүрэхэд ямар их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж үр дүн ирдгийг ойлгосон. Тийм ч учраас өөрийгөө үнэт зүйлтэй хүн гэж бодож, чин сэтгэлээсээ хичээж явдаг. Ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хандвал, аливааг болгоё, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл байвал боломж олддог юм байна гэдгийг харсан. Зүүн өмнөд Ази, тэр дундаа Япон, Солонгос, Хятад, Тайвань, Сингапур гэх мэт олон хөгжилтэй орнууд байна. Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байхад түүний дөрвөн тэрбум нь Азиуд байна. Түүнээс монголчууд гурван сая, таван зуун мянгуулаа.

Энэ ард түмнийг төлөөлж байгаа спортын агуу тамирчдыг дэмжвэл ямар гентэй гэдгийг найз маань ч олимп, тив дэлхийд харуулсан. Тийм ч учраас тайван бөгөөд амгалан энэ ард түмний хөгжлийг би эх нутагтаа чин сэтгэлээсээ өөрийн чадах хүртлээ зорьё, бүтээе гэж улс төрийг сонгосон юм. Тиймээс бид энэ ард түмэн, нутаг орныхоо сайн сайхны төлөө, илүү их боломжийг бүрдүүлэхийн тулд хичээж яваа жирийн л нэг монгол залуусын төлөөлөл. Энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалыг хашаад жилийнхээ ойтой золгож байна. Булган аймаг маань 83 жилийн түүхтэй. 1938 онд байгуулагдаж, 1945 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Түүнээс 75 жилийн дараа төрийн дээд Сүхбаатарын одонгоор Булган аймгийн 63 мянган иргэнийг шагналаа. Энэхүү хүндтэй, дахин давтагдашгүй цаг үед Засаг даргын албыг хашиж байсандаа бахархалтай байна. Үүнээс гадна бид бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт хийж, ирээдүйд нутаг орныхоо хүүхэд залуусыг яаж хүмүүжүүлж, ямар боломж бүрдүүлэх тухайд анхаарах хэрэгтэй.

-Хамгийн бага улсын төсөв хуваарилагдсан аймгуудын нэг. Боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Тийм ээ, зөвхөн төсвийн мөнгөнд хязгаарлагдаж болохгүй гэдгийг анзаарсан. Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд анхаарах шаардлагатай. Зүүн Өмнөд Азийн Япон, Солонгос мөн хоёр хөрштэйгөө эв нэгдэлтэй харилцаатай байх ёстой. Манай аймаг хөдөө аж ахуйн салбар дахь эдийн засгийн 50 гаруй хувийг эзэлдэг. Мөн аймгийн бүх өрхийн 50 гаруй хувийг малчид бүрдүүлдэг. Үүнтэй уялдуулж хөдөө аж ахуйн салбарт технологийн дэвшлийг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Улс орны хөгжилд боловсролтой хүний нөөц маш чухал. Тиймээс бид боловсрол, эрүүл мэндийг үргэлж дэмжих ёстой. Мөн хөдөө аж ахуйн салбараас гадна Булган аймгийн эдийн засгийг яаж тэлж болохыг харсан. Тэр бол аялал жуулчлал. Аялал жуулчлалыг дэлхий нийтэд гадаад ба дотоод гэж ангилж байна. Сүүлийн хоёр жилд гадаадын аялалаас илүү дотоодын аялал өндөр байна. Тиймээс бид аймгийн эдийн засгийн нэг гол тулгуураа аялал жуулчлал болгоно. Учир нь байгалийн үзэсгэлэн, гол мөрөн нь бүгд урсаж байна шүү дээ. Орхон, Туул, Сэлэнгэ, Эг, Хануй гээд Монголын таван том мөрөн урсаж байгаа. Энэ бүхнээ түшиглээд 21 аймгийнхаа аялал жуулчлалын жишиг аймаг болохыг зорин ажиллаж байна. Мөн манай нутаг адуу, айргаараа алдартай.

-Саяхан С.Удвал гуайн 100 жил ой болсон…

-Булган бол анхдагчдын өлгий нутаг гэдгийг бүгд мэднэ. Анхны сансрын нисгэгч, олимпийн аварга, хөдөлмөрийн баатрууд, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдсон анхны хүн А.Амар, Монголын парламентыг нэр төртэй удирдсан Л.Энэбиш гэх төрийн түшээд алдартнууд нутгаас минь төрсөн. Энэ жилийн хувьд их онцлогтой. Ардын хувьсгалын 100 жилийн ой боллоо. 100 жилийн хугацаанд олон ой давхцаж байгаа. Дурдвал Цогт хунтайжийн 440 жил, С.Удвал ахайтны маань 100 жилийн ой болсон. Энэ хүрээнд аймагтаа эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон энэ эрхэм хатагтайн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зоригтой шийдвэр гаргасан. Энэ хүнд цаг үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эрхэм хүмүүний үйлсийг дэлгэрүүлэх үүднээс энэ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоо бид аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогын хүрээнд ажиллаж байна. С.Удвал ахайтны “Улаан цэцэг” уран сайхны киног дэмжиж хамтран ажиллана. Энэ нь шууд утгаараа ашиг өгөхгүй ч ирээдүйд аялал жуулчлалын салбарт их үр өгөөжтэй гэж харж байна. Аялал жуулчлалтай холбоотой “Булганд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний өдөрлөгийг Улаанбаатар хотод энэ сарын 8-10 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Гадаад харилцааны тал дээр ОХУ, Япон, Солонгос, Беларусь, Хятад, Унгар, Чех гэх мэт улсуудын элчин сайдуудад урилга илгээсэн. Өнгөрсөнд бид ийм түүхтэй, одоо ингэж амьдарч байна, ирээдүйд ийм болмоор байна. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт дэмжлэг авах хүсэлтэй буйгаа илэрхийлнэ. Энэ сарын 8-нд Элчин сайдуудтай “Чанартай багш бэлтгэе”, “Хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшье” зэргээс гадна хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийн тухай уулзалтыг зохион байгуулна. Харин маргааш нь буюу аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод байгаа Булган аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзана. Товчхондоо, энэ баасан, бямба гаригт “Булганы өдрүүд” болно. Бид мэдээлэл солилцох, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Мөн нутгийнхаа онцлогийг шингээсэн “Airag day” арга хэмжээг зохион байгуулна. Дэмбээ, хуруу, амьд хөгжим гэх мэт. Энэ үйл ажиллагаанд Булганчууд минь ирж өргөн дэлгэр оролцоорой хэмээн уриалж байна. Бид нийтэч, хамтач, бие биенээ хүлээн зөвшөөрч, дэмтэй байгаасай гэсэн зорилгоор энэ үйл ажиллагааг зохиох гэж байна. Уг арга хэмжээг намар бүр уламжлал болгон зохион байгуулна. Зөвхөн Булганчууд биш, Монголын ард түмний дархлаа болсон айрагны соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ёстой.

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлуудыг хийв?

-Би 2017 онд АНУ-ын Сан-Франциско хотод сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж байгаад сургуулиа орхиод ирсэн. Ийм боломж залуу хүнд дахин олдохгүй байх гээд эрсдэл гаргаад ирсэн. Ингэснээр Булган аймгийн ардчилсан намын дарга болсон юм. Тэр үеэс эхлэн Солонгосын Конге аймагтай хамтран “Скаут” хүүхэд залуучууд эрүүл мэнд, боловсролдоо анхаарах, биеэ даах чадварт суралцах хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Энэ сарын 15-нд Конге аймгийнхан манай улсад ирнэ. Солонгос талаас ковидын нөхцөл байдалтай холбогдуулан маск, гал командын машин илгээсэн. Харин Япон улсад Булган аймгийн хөнгөн атлетикийн эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин хүүхэд 100 хувь тэтгэлгээр суралцаж байгаа. Японы Фүжи уулын дэргэдэх Шизүоки муж бол хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр голлох үүрэг гүйцэтгэдэг. Бид энэ чиглэлээр хамтран ажиллаж “васаби” гэдэг хүнсний амтлагчийг Булганд тарьж, хүүхэд залуусаа сургая, хоорондын харилцаагаа хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. 2019 оноос хойш 300 гаруй залуусыг Япон улсад ажиллуулсан. Ингэснээр залуусын амьдралын түвшин дээшилж, эдийн засгийн хувьд хуримтлалтай болсон. Мөн Беларусь улстай хамтран ажиллаж байгаа. Дэлхий дээр хамгийн органик хүнс хэрэглэж буй улс. Үүнтэй холбоотой Беларусь улсыг түшиглэж хөдөө аж ахуйн чиглэлээр, Белазын үйлдвэрт ажиллах 10 хүүхдийг бэлтгэхээр явуулах гэж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж хойшилсон. Удахгүй Чех улстай хамтарч ажиллана. Цаашдаа энэ хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх байх. Учир нь төсвийн хөрөнгө хязгаарлагдмал байна. Иймээс өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалъя, суралцъя.

-Та ЭЕШ-д өндөр оноо авсан оюутнуудад зөв санаачилга гаргасан байсан…

-Булган аймагт газар тариалангийн компани олон байдаг. Харин уул уурхайн компани цөөн бий. Тэдэнд нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж байх ёстой. Тиймээс тариаланчид, уул уурхайн компаниудын чуулга уулзалт хийсэн. Нутгийн баялгийг хүртэж байгаа бол унаган нутгийн залуусыг дэмжье гэсэн уриалгатай уулзалт юм. Үүний үр дүнд ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 20 оюутан, урлаг спортын шилдэг 10 оюутны бүтэн жилийн төлбөрийг даахаар болсон. Энэ ажлыг уламжлал болгож үе үеийн Засаг дарга нар үргэлжлүүлээд явах байх. Хүнээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Нутгийн хүүхдүүдээ дэмжиж байж залуус эргээд нутаг орноо гэх сэтгэл, зүтгэл гаргана. Нөхцөл байдал хичнээн хэцүү байсан ч бид урагшлах ёстой. Жил бүр нэгдэж, хоорондоо танилцъя. Аливааг томоор харж хамтран ажиллацгаая. Хүнтэй зөв мэндэлж, талархлаа илэрхийлж, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг байгаасай л гэж уриалж байна.

-Аймгийн Засаг дарга болоогүй байхдаа нутгийнхаа хөгжлийг хэрхэн харж байсан бэ?

-Аливааг ямар өнцгөөс харах нь хувь хүний асуудал. Ямар байлаа ч гэсэн баг хамт олонтойгоо ярилцах, өөрийгөө ойлгуулах, ойлгуулж ярихаас илүү хийж хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Булган аймгийг Булган аймгийн төвөөр харж байгаа. Булган сум хот болох ёстой. 18 мянган иргэн төсвийн цалингаар амьдарч байна. Багш, эмч, төрийн албан хаагч, тусгай чиг үүргийн байгууллагууд мөн наймаачдаас л бүрдэж байна. Тиймээс бид үйлдвэрлэгч болох хэрэгтэй. 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хороо гэдэг нэрээр Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн Орхон аймаг буюу Эрдэнэт үйлдвэрийг босгох шавыг нь тавих илгээлтийн эзэд олон аймгаас ирж бүтээн байгуулсан. Орхон аймгийн иргэдийн 40 гаруй хувь нь Булганы иргэд. Уул усны баялгийн эзэд ийм хөгжлийн зөрүүтэй амьдарч болохгүй байх. Яагаад гэвэл Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг тэжээж буй цөөн үйлдвэрийн нэг. Уг үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрийг Булган аймагт байгуулах хэрэгтэй. Хуучинд ахуйн үйлчилгээ, оёдлын үйлдвэр гэж байсан. Тэрийг бид сэргээх шаардлагатай. Оёдлын үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийн хувцасыг оёдог байя. Тэр нь буцаад Булган аймгийн иргэдийн цалин болог. Энэ бол бодит эдийн засгийн бодлого. Эрдэнэт үйлдвэртэйгээ уялдаатай, ойрхон ажиллах ёстой.

-Уул уурхайн чиглэлд ямар бодлого баримталж байна?

-Хариуцлагатай уул уурхайтай л хамтарч ажиллая гэж байгаа. Бид аялал жуулчлалын ногоон бүс болох зорилготой. Тиймээс аль болох уул уурхайгаас хол байх хэрэгтэй. Алтны уурхайн цөөн компани бий. Тэд ихэнх нь жижиг, цаана нь таваас арван гэр бүлийн хоол явж байгаа учир хэт их ач холбогдол өгөхгүй байгаа. Томоохон уурхайнуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусыг дэмж гэсэн шаардлага тавьдаг. Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагаа хүлээж буй байгууллагуудыг дэмжиж ажиллана. Хариуцлагаа хүлээдэггүй компаниудтай хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлж байгаа.

-Аялал жуулчлалын тухайд дахин асуухад Цогт тайжийн цагаан ордон, Уран тогоо уул, Эгийн гол гэх мэт олон үзэсгэлэнт газрууд бий дээ…

-Аялал жуулчлалыг хэд хэд ангилж болно. Рашаан ус, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэн, айраг ахуй гээд л нутгийнхаа давуу талыг харж байгаа. Монголын ард түмэн Булган нутагт ирвэл “Хоггүй Булган” уриатайгаар хогны уут өгсөн. Тухайлбал, наадмын үед нэг өдөрт Тэшиг сум руу орж байгаа хүмүүст хогны уут өгөхөд 500-600 хүн орсон. Ялангуяа Эг тарвагатайн бэлчирийг их зорьж байна. Тэшиг бол Монгол Улсын зүрх болсон сум. Аялал жуулчлалыг хөгжүүлсэн ч бид хайрлаж, хамгаалж үлдэх ёстой.

Н.ГАНТУЛГА

А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

899.730 тун “Файзер” вакцин хүлээн авлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр Ковакс хөтөлбөрийн хүрээнд ирж буй 154 хайрцаг, 5698 кг 899.730 тун “Файзер” вакциныг тээвэрлэн авч иржээ. АНУ-аас Монгол Улсад нэг сая тун вакцины тусламж үзүүлэх болсныг Засгийн газраас мэдээлсэн. Цар тахал эхэлснээс хойш АНУ-аас манай улсад 8 сая орчим ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Түүнчлэн Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун Файзер вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа бөгөөд үүнээс 1.373.430 тунг хүлээн авсан юм. Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын хүлээн авсан нийт “Файзер” вакцин 2.4 сая тунг давлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Засгийн газрыг танхимаараа хариуцлага хүлээтэл тэмцэнэ

Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шүүмжилж Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногт “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулсан. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг танхимаараа хариуцлагаа хүлээж, огцрохыг шаардаж буй. Цуглааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын дарга М.Тулгат нар Засгийн газрын тэргүүнд гардуулсан шаардлагад, “Монгол Улсад сүүлийн 20 жилд болоогүй эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлээд байна. Цар тахал эхэлсэн үеэс, ирж буй аюул эрсдэлийг Ардчилсан Нам анхааруулж, тодорхой шийдлүүдийг санал болгож байсан. Өнөөдрийн байдлаар Коронавируст халдварын тархалт хяналтаас бүрэн гарч, 300 мянга гаруй хүн халдвар авч, 1300 орчим иргэн амь насаа алдлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хомсдож, ажилгүйдэл ядуурал дээд цэгтээ туллаа. Гэвч эрх баригч МАН алдаагаа засаж, албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцохгүй, ард түмнээ тахал, ядуурлын ангалд орхилоо. Өдөр бүрийн эргэж буцсан буруу шийдвэр, хулгайд идэгдэж авлигажсан төсөв, иргэддээ биш хөшөө дурсгалд зориулсан хөрөнгө оруулалт, хүний эрхийг зөрчсөн дарангуйлал зэрэг нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгаа энэ цаг үед Ардчилсан Намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тодорхой асуудлуудаар удаа дараа шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлсэнгүй. Иймд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна. Одоо боллоо!” гэсэн байв. Тэд хариугаа аравдугаар сарын 5-ны дотор өгөхийг Ерөнхий сайдаас шаардсан юм.

АНын дарга М.Тулгатаас дараахь тодруулгыг авлаа.


Засгийн газар та бүхний тавьсан шаардлагад хариу өгөх сүүлийн хугацаа өчигдөр байлаа. Ямар нэг хариу өгсөн үү?

-Одоогоор шаардлагын хариу ирүүлээгүй байна. Бидний шаардлага маш тодорхой байгаа. Засгийн газар өнөөдөр бодлогынхоо алдаа дутагдал, эргэж буцсан шийдвэртээ хариуцлага хүлээгээд огцор гэсэн шаардлага тавьсан.

Сөрөг хүчин цаашид ямар улс төрийн акци үзүүлэх вэ?

-Бид Засгийн газрыг огцортол нь явна. Тэмцлээ үргэлжлүүлнэ. Л.Оюун-Эрдэнийн танхимд бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох ёстой.

УИХын ердийн олонхын саналаар Засгийн газрыг огцруулах хуулийн заалттай. Дээрээс нь Засгийн газрыг огцруулах саналыг УИХд тавихын тулд хамгийн багадаа 19 гишүүний гарын үсэг хэрэгтэй. Гэтэл сөрөг хүчин өнөөөр 13-уулаа байдаг. Ер нь Ардын намын гишүүд дунд та бүхний шаардлагыг дэмжиж байгаа хүн байна уу?

-Хэдийгээр энэ пар-ламентад өөр, өөр намын төлөөлөл байгаа ч гэсэн улс орны өнөөгийн нөхцөл байдлыг эрүүлээр харж байгаа гишүүд цөөнгүй бий. Засгийн газарт үнэхээр хариуцлага тооцохгүй бол болохгүй гэсэн үзэл бодол, байр суурьтай МАН-ын гишүүд ч байна. Өөрсдийгөө худлаа Пиардсан эрх баригчдын үнэн нүүр царайг нь илчилж, асуудлыг эрүүлээр харах ёстой.

Энэ Засгийн газрыг УИХаасаа илүү эрх мэдэлтэй болчихсон гэж үзээд байгаа шүү дээ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгодог кабинетийн зарчим руу орсон. Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлдэг болсноор ажиллахад хялбар. Харин ажлаа хийж чадахгүй бол багаараа хариуцлага хүлээдэг зарчим үйлчилж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх Засгийн газарт УИХ хариуцлага тооцохдоо сайдуудыг нэг нэгээр сугалж болдог байсан. Одоо тийм биш болсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Ковидын хууль энэ Засгийн газрын эрх мэдэл тэлсэн. УИХ-ын дээр гараад суучихсан байна шүү дээ.

Төрийн бүх эрх мэдлийг авчихсан МАН-ын өнөөдрийн хийж хэрэгжүүлж байгаа царайг ард түмэн дэндүү сайн мэдэрч байна. Өвлийн хүйтэнд төрөх эмнэлгээс таавчигтай эмэгтэйг гаргаж, хүний эрх зөрчсөн гэх асуудалд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хариуцлага хүлээгээд огцорч байсан. Өнөөдөр тэрнээс арав дахин ноцтой байдал үүссэн байхад тоосон шинжгүй яваад байж болохгүй. Ковидоор нас барагсад 1300 хүрлээ. Хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд нэг номерт бичигдэж байна. Гэтэл Ерөнхий сайд нь “Цахим үндэстэн” шоуг зохион байгуулж, парк дээр 1000 хүн цуглуулсан. Энэ засаг бол үнэхээр нөхцөл байдлаа ойлгохгүй байна. Тэд Монголын ард түмнийг зүгээр элэглэж байна. Үйл хөдлөлөөрөө “Та нар биднийг яаж ч чадахгүй шүү” гэж байна шүү дээ.

Дарангуйллын систем үйлчилж байна гэж үү?

-Ганцхан жишээ хэлье. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж, Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан Монголхүү гэдэг залууг цагдаагийн хүчээр хэрхэн баривчилж, саатуулсныг ард түмэн сайн санаж байгаа байх. Гэтэл урьд шөнө түүнийг хөдөөнөөс 01.30 цагт хотод ирээд гэр рүүгээ орж явахад нь баривчилсан байна. Энэ баривчилгаа нь хэд хэдэн хууль зөрчиж, порцедурын алдаа гаргасан үйлдэл гэж хуульч, өмгөөлөгчид үзэж байгаа. Хуулийн дагуу шаардлага өгөөд явах ёстой байтал гэртээ орж явахад нь хойшлуулшгүй ажиллагаа хийж байна. Онц ноцтой гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг авирлалаа. Энэ залуу хүний эрхийн төлөө, ард түмнийхээ үг хэлэх эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийлж тэмцсэн. Гэтэл буутай зэвсэг агссан террористтой харьцаж байгаа мэт яаран түргэн авч харанхуй шөнөөр хойшлуулахгүй ажиллагаа явуулж баривчилж байгаа нь 1930-аад оны ногоон малгайтнуудыг санагдуулсан явдал боллоо. Энэ үйлдэл нь манай улс юу руу явж байгааг тод харуулж байна л даа.

Ингэхэд сонгуулийн явц ямар байна вэ?

-Сонгуулийн үйл ажиллагаа жигд явж байгаа. Сая Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Манай сонгуулийн баг идэвхтэй, гар нийлэн ажиллаж байна. Ер нь иргэд уулзалтууд дээр ирээд үгээ хэлж байна л даа. Хэнтийчүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг учраас өнөөгийн эрх баригчдад хэр халдаахгүй болов уу гэж бодсон чинь эсэргээрээ их шүүмжилж байна. Монгол Улсыг халам-жийн хараат болгож, ард түмнийг амьдралаа аваад явах чадваргүй болгож буй төр засгийн алдаатай бодлогыг нэлээд шүүмжилж байна лээ. Б.Гарамгайбаатар нэр дэвшигчийн тухайд УИХ-ын гишүүн байхдаа орон нутагтаа бүтээн байгуулалтын аж-луудыг чамгүй өрнүүлж, төсвийн хөрөнгө оруулалтыг зургаа дахин нэмэгдүүлж байсан хүн. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн болохоор иргэд их дэмжиж байгаа харагдсан. Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл нэр дэвшигчийн сонгуулийн ажил мөн л амжилттай явагдаж байна.