Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-ын сангаас ковидын тусламж, үйлчилгээнд 175 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” тушаал батлагдсан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Ковид-19-ийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийг хянаж санхүүжилтийг олгож ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ЭМД-ын сангаас уг тусламж, үйлчилгээнд 175.243.844.140 төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үүнд:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 144,383,030,600 төгрөг,
  • Дархлаажуулах үйл ажиллагаанд 19,242,728,040 төгрөг,
  • Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээнд 6,937,476,000 төгрөг,
  • Тандалтын зорилгоор сорьц цуглуулахад 349,674,500 төгрөг
  • Сорьц шинжлэхэд 4,330,935,000 төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 6504 иргэнийг дархлаажуулжээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 14-нд нийслэлийн хэмжээнд I тунд 195, II тунд 692, нэмэлт сэргээх тунд 5617, нийт 6504 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2841 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64.329 (72.4 хувь), 16-17 насны 25.527 (75.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Баттүшиг: Э.Цэндбаатарыг бүх талаар дэмжин ажилласан

МҮОХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
Б.Баттүшиг мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой сөрөг мэдээллүүд тархаж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Миний бие “Токио 2020” Олимпын наадамд багийн ахлагчийн хувиар оролцох үедээ тухайн тамирчныг бүх талаар дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэн, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулан ажилласан билээ.
МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ нь спортын холбоодын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй ч олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг.

Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье.
Спорт холбоодын үйл ажиллагаа, шийдвэр нь ямагт тамирчдад ээлтэй байдлыг эрхэмлэн гардаг, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зөвшөөрөгдсөн хүрээнд олон тамирчин оролцож, үнэтэй туршлага хуримтлуулах үндэс болдог гэдэгт миний бие бүрэн итгэдэг.

Мөн дээрх асуудалтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХ-ны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Спорт, олимпзмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэхгүй

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр арав гаруй асуудлыг хэлэлцсэн ба эхний асуудлуудын талаар мэдээлэл өгч байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа.

Мөн Засгийн газрын хуралдаан бүрээр танилцуулж буй авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Сангийн яамнаас төрийн худалдан авах үйл ажиллагааны үйл явц хууль журмын дагуу, цаг хугацааны хувьд хэрхэн хоцрогдолтой явж байгаа зэрэг статистик судалгааг танилцууллаа.

Энэ онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд энэ төсөв чиглэнэ. Төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. 198 мянган төрийн албан хаагч байна. энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна. Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр айх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр экспорт саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэх буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал 5 орчим хувь байна. 2023 онд 3 хувь болж буурна. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөхөд онцгой анхаарна” гэв.

Мөн тэрээр, “Өнгөрсөн дөрвөн жил утаатайгаа тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулатлын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ. Хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үзүүлэхгүй” гэлээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ цэргийн сургуулилтад анх удаа байлдааны робот орууллаа

ОХУ, Беларусь болон бусад хэд хэдэн орны цэргүүдийн оролцож буй сургуулилт эхлээд байна. “Запад-2021” цэргийн сургуулилт ОХУ-аас гадна Беларусийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Оросын тал байлдааны сургуулилтад анх удаа робот орууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотоос зүүн зүгт 450 км зайтай, Новгородын бүсэд болж буй цэргийн сургуулилтын талбайд даваа гарагт зочилсон.

Дайны орчинд байлдааны робот хэрэглэсэн анхны тохиолдол энэ болж байгаа тухай ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлжээ. Дээрх робот нь пулемёт болон тэсрэх бөмбөг шидэгчээр тоноглогдсон юм байна. Барууны орнууд Украинтай таагүй харилцаатай байгаа цаг үед энэхүү сургуулилт болж байгаагаараа онцлогтой.

Даваа гаригт Польш, Эстон тэргүүтэй хэд хэдэн Европын орны Гадаад хэргийн сайд Запад-2021 сургуулилтад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Харин Кремлийн зүгээс Запад-2021 аливаа нэг улс орны эсрэг чиглэгдээгүй, тогтмол явагддаг сургуулилтуудын нэг гэж хариу мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадамыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр замдаа гарч байсан.

Тэгвэл ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өнөөдөр буюу 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 46 дахь өдрөө гүйсээр ирлээ. Түүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, Хилийн цэргийн 0101-р анги, Хилийн цэргийн 0243-р анги, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн ЗДТГ-ын Хэлтсийн дарга нар, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, Сүхбаатар сумын Засаг дарга нар хүндэтгэл үзүүлэн хүлээн авч баяр хүргэлээ.
Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамыг цар тахлын нөхцөл байдалд ард олныхоо итгэл найдварыг тээж, сэтгэл санааг дэмжин өргөж, эмэгтэй хүний тэсвэр хатуужил, зориг тэвчээрээр бусдад манлайлал, урам өгч байгаад нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа талархал илэрхийлэн Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 652 дугаар хилийн тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны есдүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн

  • өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800 мянган төгрөг
  • худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750 мянган төгрөг
  • улаанбуудайн элит үрийг 1.050 мянган төгрөг
  • үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг
  • овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, ” Ковид-19″ цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“BTS” хамтлагт дипломат пасспорт олгожээ

К-попын алдартай “BTS” хамтлаг НҮБ-ын хуралд уригдсан учир тэдэнд дипломат пасспорт олгожээ. Тус хамтлаг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх юм.

“BTS” хамтлаг “Өөрийг хайрла” кампанит ажлын хүрээнд цар тахлын хүнд цаг үед хүмүүсийг хэрхэн сэтгэл зүйн болон бусад хүндрэл бэрхшээлээ даван туулах, өөрийгөө хэрхэн хайрлах талаар эерэг мессежийг дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчдэдээ өгч буй нь олны сайшаал хүртсэн юм.

Үүгээр ч зогсохгүй “BTS” хамтлагийн Өмнөд Солонгосын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Ерөнхийлөгч Мун Жэ Ин тус хамтлагийг соёлын тусгай элчээр тодруулсан. “BTS” хамтлагийн “Dynamite” сингл нь “Billboard”-ийн “Hot 100” жагсаалтад орсон амжилтыг үзүүлсэн.

Хамтлагийн гишүүд дипломат пасспорттой болсноор нисэх буудлаар шалгалтгүй нэвтрэх гэх мэт тусгай эрхийг эдэлнэ. “BTS” хамтлаг өмнө нь 2018 онд НҮБ-ын хуралд англи хэлээр өөрийгөө хөгжүүлэх талаар илтгэл тавьж байсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаанд 325 сургуулийн 24 мянган сурагч хамрагдана

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 80 мянган хүүхэд элсэн суралцаж байна.

Эдгээр хүүхдүүдийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлага эзэмшсэн байдлыг тогтоож, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох судалгааг энэ хичээлийн жилээс эхлүүлжээ. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаанд энэ хичээлийн жилд 325 сургуулийн 24 мянган сурагч хамрагдана. Судалгаа зохион байгуулах нэгдүгээр ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалтыг энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулна.

Мөн БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газар, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Дэлхийн банкны “Бага боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааны арга зүй”-н сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газрын сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж, үндэсний сургагч багшаар бэлтгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрийн хяналтад 44.122, эмнэлэгт 20.867 иргэн хэвтэн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 64989 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 44,122 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 20,867 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр иргэдийн 61.7 хувь нь хөнгөн оноштой бол 38.3 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн -12,887
  • Хүндэвтэр -5,908
  • Хүнд -1758

Маш хүнд оноштой -314 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.