Categories
мэдээ улс-төр

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ээлжит хурлаа хийлээ

Төв аймгийн Сэргэлэн сум дахь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ээлжит уулзалт боллоо. Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол болон холбогдох газрын удирдлагууд оролцож, Олон улсын жишгээр шинэ хот байгуулах судалгааны талаар мэдээлэл сонслоо.

Тодруулж хэлбэл, БХБ-ын Сайдын Орон тооны бус зөвлөх Ц.Өнөржаргал Сингапур улсын RSI консалтинг болон NDC компанийн хийсэн судалгааг танилцууллаа. Мөн БНСУ-ын Инчоны чөлөөт бүсийн төлөвлөлтүүдийн талаарх судалгааг БХБЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар нар танилцуулж, мэдээлэл солилцож, зөвлөлдөв.

Мэдээлэл болгоход Инчоны чөлөөт бүсийн удирдлагын бүрэлдэхүүнд 13 салбарын Дэд сайд болон хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд багтаж, Төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс талуудын уулзалтаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэг чиглэлд мэдээллээ солилцож явах, нэгдсэн ойлголтод хүрсэн юм. Энэхүү уулзалтаар БХБЯ-ны Хот, байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газын дарга Ц.Баярбатаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулсан байна. Дэд ажлын хэсгийн ажлын явцын мэдээллийг есдүгээр сарын 30-нд сонсох үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэдийн анхааралд

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүний тус улсад удаан хугацаагаар оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг.

“Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10-т түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэнд төрийн болон Засгийн газар хоорондын, олон улсын байгууллагад ажиллах гадаадын иргэнд А3, Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд F2, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд F3, Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэнд H2 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг олгож болохоор заасан.

Гэвч сүүлийн үед иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэнд дээрх журамд нийцээгүй оршин суух зөвшөөрөл олгохын хүссэн хүсэлтүүдийг удаа дараа ирүүлж, байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна.

Иймд манай байгууллага холбогдох хууль, журамд нийцээгүй аливаа хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тул Монгол Улсад зорчих гадаадын иргэн болон түүнийг уригч иргэн, байгууллага нь тухайн гадаадын иргэний зорилгыг үнэн зөв тодорхойлж, Монгол Улсад ирэхээсээ өмнө зохих ангиллын визийг дахин мэдүүлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аян эхэллээ

“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм. “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 189 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэдэг. Эдгээр өрх сайжруулсан түлш түлдэг болоод гурав дахь өвөлтэйгөө золгож байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил тутамд өсөж байгаа. 2019-2020 оны өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтдээ 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол 2020-2021 оны өвөл 708 мянган тонн болж өссөн. Үүний 504 мянган тонн шахмал түлшийг үнийн дүнгийн 75 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авсан. Энэ жилийн хувьд мөн 50 хувийн хөнгөлөлт эдэлж, шуудай түлш тутмыг 1875 төгрөгөөр худалдан авч байгаа. Ийн хямд үнийн бодлого барихын сацуу утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Айл өрхүүд галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш түлснээр Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан байна. Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлтэй 63.620 өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагийн турш хянаж буй. Өндөр эрсдэлтэй хэрэглэгчдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон хүүхэдтэй, хүүхдүүдээ гэртээ харах хүнгүй үлдээдэг, нэн ядуу, зуух, яндангийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөх боломжгүй айл өрхүүдийг багтаажээ. Тухайн айл өрхөд угаар алдагдах үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл ирэх бөгөөд эрсдэлийг бага, дунд, их, аюултай, онц аюултай зэргээр үнэлэн, айл өрхүүдийг аюулаас авран хамгаалах юм. “Энэ жилийн хувьд нийт угаарын дуудлагын 70 орчим хувь нь борооны улиралд гал түлсэн айлуудаас ирсэн. Хүмүүс бороо ормогц гал түлчихээд үдэш нь түлш бүрэн шатсан эсэхийг шалгалгүй, өрхөө битүүлээд унтаж байгаагаас угаарын хийн аюул нүүрлэдэг. Түүнчлэн яндан, зуухаа хөөлөөгүй, зуухны соролт таталт муудсан, зуух, яндангийн битүүмж алдагдсанаас угаарын хий ялгарч байгаа. Тиймээс ноднин жил “Яндангаа хөөлье” аян зарлаж 30 гаруй мянган өрхийн янданг хөөлж байсан. Сүүлийн үед иргэд сайжруулсан түлшээ түлж сурч байна” гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал өгүүлж байна.

Иргэд угаарын хий мэдрэгч авахаас цааргалдаг, авсан ч цэнэг нь дууссан байх нь элбэг аж. Зах зээл дээр 15-30 мянган төгрөгийн үнэ ханштай угаарын хий мэдрэгчийг өрх бүр худалдан авч заншихын чухлыг мэргэжилтнүүд онцолж байна.

Түүнчлэн энэ жилээс сайжруулсан шахмал түлшний үнсийг ангилан ялгах дадлыг иргэдэд суулгаж, дахин боловсруулж эхэлж буй тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун мэдээллээ.

2020 оноос эхлэн УБЗАА-наас санаачлан ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалжээ. Урьд нь гэр хорооллоос өөр эх үүсвэр, уурхайн нүүрс байсны дээр зарим төрлийн үнсэнд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдол ч гарч байж. Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэж болохын дээр ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Тиймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор үнс ашиглах стандартыг боловсруулан батлуулахад бэлэн болжээ. Нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд 5-7 кг үнс ялгардаг бөгөөд айл өрхүүдийн ялгасан үнсийг Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж буй.

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн үеэр монгол инженерүүдийн зохион бүтээсэн үнс ялган ангилах болон автомат яндан хөөлөх технологийг танилцуулсан юм. Аян нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн хоёр алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууц олгохоор боллоо

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус ойн хурал цахимаар зохион байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис оролцож, цагдаагийн бие бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ илгээснийг уламжлав.

Хотын даргын мэндчилгээнд “Нийслэл Улаанбаатар хотын өнгөрсөн 100 жилийн үүх түүх, хөгжил дэвшил, хүн амын өсөлт, алдаа оноо, иргэн нэг бүрийн амьдралын агшин хором бүрийг хамгаалж, хайрлаж, түшиж, тулж ирсэн Нийслэлийн цагдаагийн газрын үе үеийн бие бүрэлдэхүүн болоод энэхүү хүнд хэцүү албан үүргийг нь хүндэтгэн дэмжиж, хань ижлээ хатамжлан дээдэлж, үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж яваа хань ижил, гэр бүлийнх нь гишүүдэд хүндэтгэл илэрхийлье. Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдварын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн удаа дараагийн хөл хорионы үеийн тогтоол шийдвэрийн биелэлтийг хангаж, онц байдлын үеийн хэв журмыг сахин хамгаалах амаргүй үйлсэд үүрэг гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгэж буй Та бүхэндээ дахин талархал илэрхийлээд, шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлогод тусгагдсан цагдаагийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх замаар албан хаагчдын ахуй хангамжийг сайжруулж, ар гэрийг тань дэмжин ажиллахаа амлаж байна. Энэ хүрээнд онц байдлын урамшууллыг нэмж, автопаркийн шинэчлэлийг эрчимжүүлж, цагдаа нэг бүрийн тусгай хэрэгслийг шинэчлэхээр ажиллаж буй ч энэ нь төгсгөл бус, эхлэл гэдгийг санаж, цаашдаа нийслэл хотын цагдаагийн албаны шинэчлэл болоод ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг хангахын төлөө хийж хэрэгжүүлэх бүхий л үйл хэрэгт цагдаа таныг идэвхтэйгээр хамтран ажиллахыг урьж байна” хэмээв.

Мөн энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдыг урамшуулах 40 сая төгрөгийг шийдсэнийг танилцууллаа. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн албаны хоёр алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд орох эрхээр урамшуулж байгааг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис уламжлав. Тус хоёр алба хаагчийг цагдаагийн байгууллагаас шалгаруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан. Малын сэг зэмээс үүдэн махчин шувууд ихээр цугларснаар онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнд саад учруулдаг байжээ. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ил задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, мал нядалгаа хийдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эхэлсэн юм. Түүнчлэн нэгдсэн хогийн цэгийг шийдэх, хог хаягдлыг тогтмол ачиж, тээвэрлэх зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд малын гаралтай ил задгай хур хог хаягдлыг бүрэн устгаад байна.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан, хувийн хэвшлийн компаниудтай хамтран мал нядалгааны газруудаас гарч буй хаягдал болон малын өтөг бууцыг ашиглан бордоо хийж байна. Тодруулбал, MCPT, “Эко Тайхи”, “Усан болор хангай” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, малын гаралтай хог хаягдлаар компост бордоо үйлдвэрлэж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус компаниудад малын гаралтай хог хаягдлыг хүлээн авах, бордоо боловсруулах газрын асуудлыг шийдэж өгсөн юм. Харин бордоо үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг дээрх компаниуд өөрсдөө бүрэн хариуцаж байна.

Компост бордоо гэдэг нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хог хаягдлыг ашиглан, тэдгээрийн задралын үр дүнд гаргаж авсан органик бордоог хэлдэг аж. Бусад бордооноос ялзмаг буюу өндөр молекулт органик нэгдлийн агууламж өндөртэй, шим тэжээлээ ургамалд удаан хугацаанд жигд өгдөг онцлогтой. Түүнчлэн хөрсний бүтэц, үржил шимд урт хугацаандаа сайн нөлөө үзүүлдэг давуу талтай юм.

Төсөлд хамтран ажиллаж буй MCPT компани нь жилд 12 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд компост бордоо нь 5-6 сарын хугацаанд бэлэн болж, эцсийн бүтээгдэхүүн болдог тухай тус компанийн ерөнхий менежер Ч.Пүрэв хэлж байв.

Харин “Эко тайхи” ХХК гаргаж авсан бордоогоороо арав гаруй төрлийн ургамал, ногоо тарьж, туршилт хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Тус үйлдвэрлэлээс гарах бордоог хотын ногоон байгууламж, хот орчмын газар тариалан, хөрсний бохирдол, доройтолтой газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой. Компостлох аргаар дахин боловсруулснаар маш сайн чанарын ялзмаг бүхий бордоо гарч буйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Цаашид бордооны чанарыг улам сайжруулахаар компаниуд судалгаа, шинжилгээ хийх болно” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан байна

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур багатай, дулаан байна.

2021 оны 09-р сарын 15-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


2021 оны 09 сарын 15-ны 20 цагаас 09 сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Номын баяр энэ сарын 17-19-ний өдрүүдэд болно

30 дахь удаагийн номын баяр энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 17-19-нд Төв талбайд болно.

УИХ-ын даргын санаачилгаар өнөөдөр Номын баяр-Бидний баяр хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар ном соёлыг түгээн дэлгэрүүлэх, чухаг гурван эрдэнийн нэг номыг эрхэмлэн дээдэлдэг өвөг дээдсийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, уншигч ард түмэнтэй болох зорилгоор УИХ-аас Номын баяр зохион байгуулах арга хэмжээг албан ёсоор хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” –ийг 5, 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулж байхаар болсныг онцоллоо.Мөн тэрбээр хэлсэн үгэндээ “Уншдаг судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” хэмээлээ. Ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, номын үйлдвэрлэл, худалдаа, номын сангийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх хамтаар шийдвэл зохих олон ажлууд байгааг санууллаа.

УИХ-ын даргын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг гардуулдаг билээ. Энэ жил Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнг шилдэг зүтгэлтнээр шалгаруулсан бол Номын соёлыг түгээн дэлгэрүүлэгчээр Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг, Монгол Улсын төрийн соёрхолт, ТАСАМ ТББ-ын тэргүүн Ц.Санчирын бүтээлийг “Мэргэн ном” шагналын шилдэг номоор шалгаруулж, шагналыг гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Энэ сарын 16, 17-нд коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээ авахгүй

2021 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв КОВИД-19 халдварын PCR шинжилгээ хийгдэхгүй болохыг албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

ХӨСҮТ өдөр бүрийн 09:00-11:00 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авч байсан билээ. Ямар шалтгааны улмаас шинжилгээ авахгүй болсон талаар мэдээлэл тус төвөөс өгөөгүй байна.

УОК-ын хуралдааны тэмдэглэлээр гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах талаар шийдвэр гарсан талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлсэн.

Нийслэлийн хэмжээнд суурин гурав, явуулын мөн гурван лаборатори 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Түргэвчилсэн шинжилгээ авсан өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Халдвар авсан нь батлагдсан иргэн Өрхийн эмнэлгийнхээ хяналтад эмчлүүлэх юм бол 160 мянган төгрөгийн санхүүжилтийг олгож байгаа.

Хавьталд орсон, эмнэлзүйн хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн иргэн өрхийн эмнэлэгтээ очоод түргэвчилсэн шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Түргэвчилсэн шинжилгээ авсан өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй. PCR шинжилгээ бол “Ковид-19”-ийг оношлох алтан стандарт юм. Бид энэ тоог зарлаж байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.