Categories
мэдээ спорт цаг-үе

МҮОХ: Э.Цэндбаатар, О.Тулга нарын хэн ялсан нь ДАШТ-д оролцохоор боллоо

Монголын Үндэсний Олимпын Хорооноос гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сорил тоглолтод оруулахаар болсныг мэдээллээ. Мэдэгдэлд “Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ. Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.

Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.
Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

БНАСАУ галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийжээ

БНАСАУ-ын цэргийнхэн лхагва гаригийн өглөө галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийлээ гэж тус улсын “Rodong Sinmun” сонинд мэдээлэв.

Эрх баригч Хөдөлмөрийн намын харьяа тус сонинд мэдээлснээр, шинээр байгуулагдсан Хурдан пуужингийн анги /Rapid Missile Regiment/ пуужин харвах сургуулилалтыг явуулжээ.
Энэхүү мэдээнд хавсаргасан гэрэл зургуудад пуужин төмөр зам дээрх галт тэрэгнээс утаа савсуулан хөөрч буйг харуулжээ. Харин ямар төрлийн пуужин харвасан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
“Rodong Sinmun” сонины мэдээлснээр, сургуулилалт БНАСАУ-ын төв нутгийн уулархаг бүсэд болжээ. Мөн пуужин 800 км зайд буй Япон тэнгис дэх байд оновчтой тусжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун сургуулилалтад оролцсон эсэх талаар сонины мэдээнд дурдаагүй байна.
Categories
мэдээ нийгэм

Улирлын томуугийн вакцинд 22050 хүн хамрагджээ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 22050 хүнийг дархлаажуулсан байна. Тухайлбал:

  • 2 настай 487 хүүхэд
  • 3-5 настай 10.422 хүүхэд
  • 6-11 настай 11.104 хүүхэд
  • жирэмсэн эмэгтэй 37

Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийж байна. Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм..

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 зорчигч ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 10:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 257 зорчигч 6913 кг тээштэй буусан байна. Нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1, дагаж явсан хүүхэд 8, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлж, 21 зорчигчийг “Кемпински”, “Новотел”, “Туушин”, “Би Жи” зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ.

Түүнчлэн 232 зорчигчоос ХӨСҮТ-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Увс нуурын хотгорыг дэлхийн хэмжээнд хамгаална

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн дэмжлэгтэйгээр Увс нуурын хотгорыг дэлхийн хэмжээнд хамгаалах боломж, нөхцөл бүрджээ.

Тодруулбал, ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн ээлжит 33 дугаар хурал энэ сарын 15-ны өдөр Нигери улсын Абужа хотоос цахимаар зохион байгуулагдлаа. Уг xурлаар Увс нуурын хотгорыг ОХУ-тай хил дамнасан шим мандлын нөөц газраар бүртгэxийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм

23:00 цагаас эхлэн Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өөрчилж, засварлана


“Гурвалжингийн гүүрэн гарц”-ын хэв гажилтын заадсыг засварлахаар болжээ.

Иймд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 17-ны 23:00 цагаас есдүгээр сарын 20-ны 07:00 цагийн хооронд хязгаарлана.

Харин хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 20-ны 08:00 цагаас есдүгээр сарын 22-ны 22:00 цаг хүртэл хязгаарлахаар төлөвлөлөө.

Түүнчлэн Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 22:00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг энэ сарын 24-ний 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны 22:00 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар Мариинский театраас мэндчиллээ

Цар тахлаас шалтгаалан нам жим байсан урлагийн салбар хөдөлгөөнд орж эхэллээ. Хэдийгээр коронавирусийн халдварын тархалт намжихгүй байгаа ч тэд шинэ улирлын нээлтээ хийхээр хэдийнэ ажилдаа оржээ. Манай улсын урлагийн байгууллагуудын хувьд ч эртнээс төлөвлөсөн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхэж байна. Цар тахлын үед урлагийн байгууллагууд хэсэг хугацаанд үүдээ хааж, зарим нь цахим хэлбэрээр уран бүтээлээ хүргэсээр байсан юм. Монголоос дэлхийн сонгодог урлагийн тавцанд цойлон гарсан баритонууд шинэ уран бүтээлийн мэдээ дуулгаж байна. Тэдний зарим нь аль хэдийнэ тайзнаа гарчээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хувьд алдарт Мариинский театраас мэндчиллээ.

Түүхэн театрын 239 дэх улирлын нээлтэд тэрбээр бэлтгэж буйгаа дуулгасан юм. Шинэ улирлын тоглолтоо Ж.Вердийн “Аида” дууриар нээсэн байна. Харин энэхүү дуурийн Амонасро-н дүрийг “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар бүтээх нь.

Тэрбээр мөн энэ сарын 18-нд Ж.Вердийн “Бал Маскарад” дуурьт Ренато-ын дүрийг театртаа анх удаа бүтээхээр бэлтгэлээ хийж, сэтгэл догдлон хүлээж байгаагаа дурдсан байлаа. 150 жилийн өмнө анх үзэгчдийн хүртээл болсон “Аида” дуурь монголчуудын хувьд шинэ танил биш. Учир нь, энэхүү бүтээлийг өдгөөгөөс 10 жилийн өмнө Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа олны хүртээл болгосон юм. Энэхүү дуурийг театрын тавилтын стилиэрээ сүрлэг тайз засалт, цог жавхлантай жагсаал, хүчирхэг ансамблиудаас бүрдсэн. Гял цал сэтгэгдэл төрүүлэх сүрлэг чимэглэл бус, харин том хэмжээний гол цөмийн нэгдэл бүхий дуурийн стиль бөгөөд утга уянгын сэтгэцтэй үзэгдлүүдээс хөгжмийн гүн гүнзгий илэрхийллийн биеллийг шингээсэн бүтээл хэмээн тодорхойлдог юм.

Categories
мэдээ нийгэм

ААН-д хариуцлага тооцолгүй, зөвлөн тусалж, зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарсан баг бүрэлдэхүүнүүд Ковид-19 цар тахлын тархалтыг бууруулах ажлын хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавьж байна.

Иргэн, аж ахуй нэгжүүдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

Гэвч зарим аж ахуй нэгжүүд удаа дараа иргэд олон нийтийг олноор цуглуулах, заалны хүчин чадлыг хэтрүүлэн ашиглах зэргээр халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг, зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар хязгаарлахаас аргагүй.

Ингэснээр ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалт нэмэгдэхээс тодорхой хэмжээгээр сэргийлж буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа

Монгол банкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцууллаа.

Өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас хойш бодлогын хүү түүхэн доод түвшин болох 6 хувьтай байгаа юм.
Мөнгөний бодлогын хороо улиралд нэг удаа хуралддаг. Тэд өнгөрсөн зургадугаар сард хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээсэн юм. Түүнчлэн өнөөдрийн хурлаар бодлогын хүүг мөн хэвээр үлдээхээр болсон талаар төв банкнаас мэдээллээ.

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сүүлийн жил гаруй хугацаанд цар тахлын улмаас эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарсан. Энэ үед төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг дэмжихэд чиглэж ирсэн.

2021 оны мөнгөний бодлогын есдүгээр сарын хурлын шийдвэр, эдийн засгийн дотоод гадаад орчин, цаашдын төлөв хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаарх Монгол банкны байр суурийг та бүхэнтэй хуваалцъя.

Инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, нийслэлийн хэмжээнд 9.1 хувь хүрч бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ 2022 онд инфляц төв банкны зорилтот түвшинд ирж тогтворжино гэж харж байна.

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг гол салбаруудаар авч үзвэл уул уурхайн салбарын хоёрдугаар улиралд саарсан хандлага ажиглагдаж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна гэсэн тооцоо гарсан. Энэ нь экспортын гацаатай холбоотой. Харин уул уурхайн бус салбарын хувьд эрчимжих хүлээлттэй байна.

Түүнчлэн ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эргэлтийг нэмэгдүүлнэ гэж Монголбанкны зүгээс харж байна. 2021 ондоо багтаад уул уурхайн бус салбарууд цар тахлын өмнөх үедээ орвол цаашид илүү өсөлттэй байна гэж төсөөлж байгаа.

2021 оны долдугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл 12 хувиар өссөн.

Түүнчлэн шинээр олгосон зээлийн дундаж хүү долдугаар сарын байдлаар 12.8 хувь болж нэгдүгээр сарын түвшингээс 2.4 нэгж хувиар буурсан байна.

Бодлогын өнөөгийн төлөв нь имфляцийн зорилттой нийцтэй байгаа бөгөөд төв банк эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүйгээр дунд хугацааны имфляцийн зорилтоо биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр Засгийн Газартай хамтран хэрэгжүүлж буй 10 их наядын төлөвлөгөө хэвээрээ хэрэгжинэ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудал дээрх машины мэдээллийг “E-police” аппликэйшнд илгээгээрэй

Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл:

-Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд 06:00-22:00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий. Гэтэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд машинуудаа байрлуулж байгаа нь автобусаар болон явган зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа юм. Ийм зөрчил гарсан тохиолдолд манай Тээврийн цагдаагийн алба болон нийтийн тээврийн газрынхан арга хэмжээ авдаг. Гэвч тэр бүр хүрэлцэхгүй байна. Тиймээс иргэдийн мэдээлэл энэ төрлийн зөрчлийг арилгахад чухал үүрэгтэй. Хэрэвзээ автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсох, автобусаар үйлчлүүлэхэд тань саад учруулсан тохиолдолд E-police аппликэйшнийг ашиглан мэдээлж болно. Иргэдийн мэдээллийн дагуу бид арга хэмжээ авах болно гэлээ.


Харин “Citybus” компанийн ажилтан Б.Мягмарсүрэн “Улаанбаатар хотод авто замын нэгдүгээр эгнээгээр жижиг тэрэг зорчихыг хориглосон байдаг. Гэтэл тэрхүү заалт огт биелдэггүй, бүр автобусны буудал дээр хувийн машинтай иргэд зогсох болсон. Зарим нь ТҮЦ орох зуураа зогсдог бол зарим нь 20-30 минут зорчигч хүлээгээд зогсчихдог. Үүнээс болоод явган зорчигчдын эрх ноцтой зөрчигддөг. Автобуснууд хувийн тээврийн хэрэгсэлд шахагдаад буудлаасаа хол зогсох, зарим нь бүр зогсохгүй байх нь бий. Үүнээс болж ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд хүлээж байсан автобусандаа сууж чадахгүй үлддэг” гэдгийг онцолсон юм.

Олон нийтийн эрхийг зөрчсөн үйлдлүүдийн талаар холбогдох албаныханд мэдээлэх үүрэг иргэн бүрд бий. Бусдын мууг үзэх гэсэндээ бус, иргэдийн эрхийг хамгаалахын төлөөх энэ үйлсэд нийтийн тээврийн байцаагч нар идэвхтэй оролцдог байна. Энэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 12578 энэ төрлийн зөрчил илрүүлжээ. Үүний 2479 зөрчлийг нийтийн тээврийн байцаагч нар илрүүлж, мэдээлсэн байдаг. Эндээс харвал өдий хэмжээний зөрчил автобусны буудал дээр гардаг аж.

Хүйтэн сэрүүний улиралд нийслэлчүүд автобусаар зорчих нь нэмэгддэг. Гэтэл автобуснууд буудал дээрээ бус, авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөн дунд зогсох, яарч хөдлөх зэргээс аваар осол гарах магадлал өндөр юм. Энэ бүхнийг бодолцон иргэн та ч буруутай үйлдлийг илрүүлж, өөрийнхөө болон бусдын эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулаарай. Ингэхийн тулд буудал дээр зогсож, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, иргэдийг хохироосон машины тухай мэдээллийг баримтжуулан, E-police аппликэйшнд илгээгээрэй.

E-Police дөрвөн төрлийн зөрчилд торгууль ногдуулж байна | News.MN