Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулан хүргэж байна.


-Томуугийн вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийхээр зарласан. Аяны явц хэдэн хувьтай байна вэ?

-“Томуугаас сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн. Аян 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд вакцинд 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар хүүхдүүдийн 55 хувь, жирэмсэн эхчүүдийн 53 хувь нь вакцинд хамрагдаад байна. Насны бүлгээр авч үзвэл, 6-11 насны хүүхдүүд хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Зургаагаас бага настай, цэцэрлэгт явдаггүй, гэртээ байгаа хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж, дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Дархлаажуулалтын аян есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

-Дархлаажуулалтын аяны хүрээнд явуулын баг ажиллаж байгаа. Явуулын багийн эмч, мэргэжилтнүүдийн нөөц боломж хэр байна вэ?

-Сургууль, цэцэрлэгүүдээр явуулын баг очиж, хүүхдүүдэд вакцин тарьж байгаа. Хүүхдүүд цахим болон танхимаар хичээллэж буй тул тэрхүү цагийн хуваарьт тохируулан ажиллаж байна. Явуулын багт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж буй бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд хүүхдүүдийн бүртгэлд тусалж байгаа.

-Томуугийн вакцины ач холбогдол, давуу тал юу вэ. Вакцин тариулсан хүүхдүүд юунд анхаарч, ямар гам барих ёстой вэ?

-Вакцин тариулснаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголт нийтийн дунд байдаг. Тэгж ойлгож болохгүй. Гагцхүү хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Вакцин тариулсны дараах гурав хоногт хүүхдэд томуугийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч болно. Нус гоожих, найтаах гэх мэт. Энэ мэт шинж тэмдгүүд хариу урвалаар илэрсэн ч 2-3 хоногтоо арилна. Хүүхдүүд тариулсан газраа оролдохгүй, маажихгүй байх ёстой. Мөн дулаан хувцаслаж, дааруулахгүй байх шаардлагатай гэлээ.

Дархлаажуулалт 10 хоног үргэлжлэх бөгөөд жирэмсэн эхчүүд өнөө маргаашдаа багтаж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Мөн эцэг эхчүүд 2-11 насны хүүхдүүдээ Өрхийн эрүүл мэндийн төвд авч очиж, томуугийн вакцин хийлгэхийг уриаллаа.

Categories
мэдээ спорт

ОУХМ С.Жамбалжамц энэ сарын 26-нд ДАШТ-д өрсөлдөнө

Олон улсын хэмжээний мастер,

Тэрбээр энэ сарын 18-нд ДАШТ-д оролцохоор Бельги улсыг зорьсон бөгөөд бөөн гараат уралдааны тамирчид энэ сарын 26-нд Антверпен хотоос Лөөвен хот хүртэл 268,3 км-т уралдана.

Харин олон улсын хэмжээний мастер Э.Болор-Эрдэнэ ганцаарчилсан гараат тэмцээнд оролцох байсан боловч вакцинтай холбоотой асуудлаас үүдэн виз олгоогүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Маргааш 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иймд иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Баянхонгор аймгийн Баацагаан сумын 100 орчим залуус тэтгэлгээ гардан авлаа

УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар санаачлан Баянхонгор аймгийн оюунлаг 1000 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлсэн. Тэтгэлэг олгох үйл ажиллагаа үе шаттай явагдаж байгаа бөгөөд өнөөдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 100 орчим залуус Төрийн ордонд, гишүүдээс тэтгэлгээ гардан авлаа.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Хамгийн зөв ажил оюутан залуусаа дэмжих, хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролд оруулах хөрөнгө юм гэж А.Адъяасүрэн гишүүн бид хоёр үзээд, Баянхонгор аймгийнхаа оюунлаг 1000 залууст тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлсэн. Бид хоёрын хувьд хоёулаа хувийн хэвшилд ажиллаж, ажил олгогч, татвар төлөгч байсны хувьд хөрөнгийн эх үүсвэрийг хувиасаа санхүүжүүлж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Түүнчлэн тэтгэлэг олгох оюутнууддаа ямар нэг шалгуур тавиагүй, цар тахлын энэ үед тухайн хүнд, ар гэр, аав ээжид нь санхүүгийн дэмжлэг болгох зорилгыг нэн тэргүүнд тавьсан. Хамгийн гол нь залуус та нар сургуулиа амжилттай төгсөөд аймаг орон нутаг, улсаа хөгжүүлэх боловсон хүчин болоорой гэж захив.

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Амжилттай явна гэдэг бүхний түрүүнд явахын нэр биш. Биеэ дайчилж хамгийн сайнаар ажиллаж, суралцахыг хэлдэг юм шүү. Бид оюутан залуусаа дэмжиж ийнхүү тэтгэлэг олгож байгаа нь та нарт итгэл хүлээлгэж байгаа хэрэг. Хонгор нутгийнхаа, Монгол Улсынхаа нэрийг гаргасан дэлхийн хүмүүс болоорой” хэмээн захив.
УИХ-ын гишүүдийн санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр жил бүр уламжлал болон хэрэгжиж байгаад оюутан залуус талархлаа илэрхийлэв.
Тэтгэлэг гардан авсан Баацагаан сумын харьяат МҮИС-ийн эрх зүйн 4 дүгээр курсын оюутан Л.Эрдэнэсүрэн “Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгчлэн төгсөх жилдээ хоёр гишүүнээсээ тэтгэлэг гардан авсандаа туйлын баяртай байна. Хөтөлбөрт хамрагдсан нийт залуустаа баяр хүргэе. Нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж, улам сайн суралцаарай гэж хүсье” гэлээ.
Categories
гадаад мэдээ

Италид вакцины нэмэлт тунг тарьж эхэлжээ

Италийн Эмийн агентлаг /AIFA/ “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарихыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор даваа гаригаас эрсдэлтэй бүлгийн иргэдийг гурав дахь тунд хамруулж эхэлжээ.

Тодруулбал, вакцины нэмэлт тунг дархлаа нь дарангуйлагдсан, эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон зэрэг хүмүүст тарьж байна. Тийнхүү гурван сая орчим хүн гурав дахь тунд хамрагдах төлөвтэй байна.

Эмийн агентлагийн мэдээлснээр, иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулах хөтөлбөрт матрицын рибонуклейн хүчилд /мРНХ/ суурилсан “Pfizer”, “Moderna” компанийн вакциныг хэрэглэх ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа: Гадны орнуудад эдийн засгийн хямралын үед томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа үндэсний компаниудаараа гүйцэтгүүлж хямралаа даван туулдаг жишиг бий

-МАЗХ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАА БОДЛОГООР ДЭМЖИЖ, АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БАЙХ

НӨХЦӨЛӨӨР ХАНГАЖ ӨГӨХИЙГ ТӨР ЗАСГААСАА ХҮСЧ БАЙНА-


Т.Бямбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ярилцлагын эхэнд Монголын авто замчдын холбооны сүүлийн үед авч хэрэгжүүлсэн ажлууд болон үйл ажиллагааг сонирхъё?

-Авто замчид бид, бүх аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбосон, төмөр замын их бүтээн байгуулалтад оролцсон түүхэн амжилттай жилүүд байлаа. Цар тахлын энэ цаг үед манай холбооноос салбарын инженер, техникийн ажилтныг мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалт, шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн сүүлийн хоёр жил амжилттай зохион байгууллаа. Мөн энэ оны гуравдугаар сард манай холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн сайд Л.Халтар нарт албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан удирдамжийн дагуу Авто замын салбарт тулгамдаж буй асуудлын талаар Монголын авто замчдын холбоо ТББ-аас гаргасан саналуудыг судлан үзэж, хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж, шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажилласан.

Энэ ажлын удирдамжийн заалт тус бүрээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас гаргах шийдвэрийн төсөл, санал, зөвлөмж боловсруулан Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулж хүлээлгэн өгсөн. Энэ хүрээнд хийгдсэн ажлуудын тушаал шийдвэрүүд гарч эхний байдлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар авто замын инженер, гүүрийн инженер мэргэжлийн индекс батлагдсан, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар төсөв бодох нормтой холбоотой олон асуудлууд шийдвэрлэгдэж тушаалууд батлагдан мөрдөгдөж эхлэх гэж байна.

Манай холбоо авто зам, төмөр бетон гүүр, хоолойн барилга, засварын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг нормыг шинэчлэн боловсруулах, Авто зам, замын байгууламжийн төсвийн программыг шинэчлэх ажлыг хийж байна.

Мөн “Авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-г хийж туршилтаар ажиллуулж эхлээд байна.

-Ажиллах хүчний хомсдол бүх л салбарт байх шиг байна. Танай холбоо үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Манай салбарт ийм асуудал бий бий. Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа авто замын бүтээн байгуулалтын ажилд мэргэжилтэй ажилтны хомсдол үүссэн, энэ чиглэлээр сургалт явуулдаг МБС байгууллага дутмаг байгаа нь манай салбарын тулгамдаж байгаа яаралтай шийдвэрлэх асуудлын нэг юм. Манай холбоо Хөдөлмөрийн яам, АХБ-ны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл-ийн нэгжтэй хамтран ажиллаж, төслийн хүрээнд салбарын мэргэжилтэй ажилтнаа бүсчлэн бэлтгэх боломж бүрдэж Дархан Өргөө, Налайх политехникийн коллежид авто замын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, авто зам, гүүрийн үнэлгээ, гэрчилгээжүүлэлт, чадамжийн төвтэй болсон. Дээрх сургуулиудад замчин, авто зам барилгын материалын лаборант, замын машин механизмын оператор, засварчин мэргэжлүүдээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх юм.

-Энэ сарын 13-нд Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөл уулзалт боллоо. Уг уулзалтад танай холбоо оролцож, таныг илтгэл тавихыг сонслоо. Авто замын салбарт нэн түрүүнд шийдэх шаардлагатай зүйлсийг та илтгэлдээ дурдсан?

-Юуны өмнө цар тахлын энэ хүнд цаг үед төр, засгаас хувийн хэвшлүүдэд тулгараад байгаа асуудлуудын талаар сонсож хүлээн авч байгаад талархаж байна. Энэ цаг үеийг бид үндэсний компаниудаа ажилтай, орлоготой байлгаж, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байж даван туулна. Иймээс манай холбооноос дараах хэдэн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн.

  1. Авто замын салбарын хөгжлийг бодлогоор тэтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь дотоодын зах зээлээ хамгаалах нэгэн нөхцөл болно. Иймд 2022 оныг дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг дэмжих жил болгох, энэ хүрээнд:
    • Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөлд авто зам, гүүрийн барилгын дотоодын хуулийн этгээдийг оролцуулах, гүйцэтгүүлэх нөхцөлийг зээлийн гэрээ хэлэлцээрт болон тендерийн жишиг бичиг баримтад тусгах,
    • Авто зам, гүүрийн дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авах,
    • Цар тахал, бараа материал, шатахууны үнийн болон валютын ханшийн өсөлт зэрэг онцгой нөхцөл үүссэн үед үнийн тохируулга хийх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;

2.Монгол, Хятад, Орос Улсын Эдийн засгийн коридор хөтөлбөрт тусгагдсан нэгэн чухал арга хэмжээ нь Азийн авто замын сүлжээний хэсэг болох Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит авто зам юм. Зам, тээврийн хөгжлийн яамны баталсан ажлын даалгаврын дагуу Монголын Авто замчдын холбоо зохион байгуулан авто замын салбарын 10 хуулийн этгээд өөрсдийн хөрөнгөөр Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит авто замын ТЭЗҮ-г 2019 онд боловсруулсан бөгөөд хөрөнгө оруулагчдыг судалж байна. Олон улсын хэмжээний уг төсөлд Засгийн газраас дэмжлэг үзүүлбэл Монголын авто замчдын холбоо замчидтайгаа хамтран уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулагчийг судалж олох, барьж байгуулах, арчлан хамгаалах, техник технологийн хяналт тавих зэрэг ажлыг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлэхэд бэлэн байна;

3.Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод багтсан, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хилийн боомтуудыг холбосон авто замын төслийн барилгын ажил зарим шалтгааны улмаас эхэлж чадахгүй байна. Хилийн боомтыг холбох авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, хэвийн үргэлжлүүлэх талаар зохих шийдвэр гарган дэмжлэг үзүүлэх;

4.Авто зам, барилгын салбарын хяналтын зөвлөх үйлчилгээний гэрээ нь олон улсын стандарт жишиг, практик хэрэглээнд нийцээгүй, оролцогч талуудын эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангаагүй зэргээс гэрээний удирдлагын хэрэгсэл болж чадахгүй байна. Авто замын болон барилга байгууламжийн чанар, үр ашгийг дээшлүүлэх, гэрээний хариуцлагыг сайжруулах шаардлагаар Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны гэрээний загварыг хэрэглэхийг дэмжиж, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах;

5.Улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хийгдэж байгаа авто зам, гүүрийн барилгад ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл нь багагүй хугацаа шаардсан, чирэгдэл ихтэй байдаг нь зам, гүүрийн ажлыг богино хугацаанд нь гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөр нь орон нутагт авилга үүсгэх нэгэн нөхцөл болдог. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, төмөр замын барилгын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг элдэв хүндрэлгүй, шуурхай олгох, хайрга, шороо ашигласны төлбөрөөс тодорхой хугацаанд чөлөөлөх нь авто замын бүтээн байгуулалтад үзүүлэх бодитой, үнэтэй дэмжлэг болно;

6.Авто замын тухай хуульд авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой тусгасан хэдий ч улсын авто замын сан авто зам ашигласны төлбөрөөс, нийслэл, орон нутгийн авто замын сан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас дийлэнх хэсгээ бүрдүүлж байна. Иймд авто замын арчлалт, урсгал засварыг сайжруулахын тухайд хуульд заасан бусад эх үүсвэрээс авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;

7.Авто замын бэлэн байдлын түвшин, аюулгүй байдлыг хангах, авто замын сангийн орлого, зарцуулалтад тавих олон нийтийн хяналтыг бий болгох тухайд Авто замын зөвлөлийг ажиллуулах, үйл ажиллагааг нь зохих ёсоор дэмжих;

8.Өндөр өртгөөр бүтээн байгуулсан авто замын хариуцагч нь авто замын засвар, арчлалтын төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байдаг. Авто замын засвар, арчлалтын төрийн өмчит компанийн мэргэжлийн удирдлага нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, төрийн өмчийн удирдлага нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт байдаг. Удирдлагын хоёрдмол байдлаас улбаалан төрийн нийтийн өмч болох авто зам, замын байгууламжийн эзэмшигч буюу замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь авто замын засвар, арчлалтын төрийн өмчит компанийн мэргэжлийн болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зохицуулалт хийж, удирдлагын хоёрдмол байдлыг арилгах.

-Нэгдүгээрт, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөлд авто зам, гүүрийн барилгын дотоодын компаниудыг оролцуулж, ажиллуулах нөхцөлийг зээлийн гэрээ хэлэлцээр болон тендерийн бичиг баримтад тусгах гэсэн зүйлийг та илтгэлийн эхэнд онцолсон нь яалт ч үгүй цаг үеийн асуудал, шүдний өвчин болоод байна?

-Үүнд албан ёсны тайлбар хэлэхэд, дотоодын гүйцэтгэгчдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэднийг тогтвортой ажлаар хангах, зах зээлээ хамгаалах зэрэг бодлогын чанартай асуудлууд орхигдож, замын томоохон ажлуудыг Хятадын компаниар гүйцэтгүүлж байгаа нь их мөнгөний урсгал гадагш гарч эдийн засагт хямрал бий болгож, замчид бид ажилгүй сууж, замчдын амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Иймд авто замын салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж төслийн зээлийн хэлэлцээр хийгдэх шатанд Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэргэжлийн төлөөлөл оролцож зээл, тусламжийн хэлэлцээрт дотоодын компаниудыг түлхүү оролцуулах асуудлыг тавьж тусгуулж байх талаар Сангийн яамтай ярилцаж хэрэгжүүлэх нь зүйтэй. Учир нь зээлийн хэлэлцээрт тухайн төслийг хэрэгжүүлэх үндсэн шаардлага, нөхцөлд тусгагдчихдаг учир хэрэгжилтийн шатанд өөрчлөлт оруулах боломжгүй байдаг.

Зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь Авто замын салбарт ноогддог, энэ салбараар дамжиж Монгол олон гэр бүл тэжээгддэг, олон хүмүүсийн амьдрал ахуй дээшилж дэвждэг. Тийм учраас энэ салбарын үйл ажиллагаанд Монголын үндэсний компаниуд хамгийн түрүүлж ажилтай болох ёстой. Иймд үндэсний компаниудаа бодлогоор дэмжиж ажилтай орлоготой байх нөхцөлөөр хангаж өгөхийг төр, засгаасаа хүссэн. 

-Мөн авто зам, гүүрийн дэвшилтэт техник, технологи бүхий тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авч өгөхийг төр засгаасаа хүсчээ. Тэгэхээр одоогоор энэ төрлийн машин механизмыг гаалиар оруулж ирэхэд ямар нэг хөнгөлөлт, дэмжлэг байдаггүй хэрэг үү?

-Байдаггүй. Авто зам, гүүрийн дэвшилтэт техник, технологи бүхий тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээг авснаар зам барилгын ажил явагдах улирал богино манай улсын хувьд цаг хугацаа хэмнэсэн өндөр бүтээмжтэй машин механизм тоног төхөөрөмжөөр зам барих нөхцөл бүрдэх юм.

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит замын ТЭЗҮ-ийг танай холбооныхон 2019 онд боловсруулж, хөрөнгө оруулагчдыг судалж байгаа юм байна. Уг төсөлд Засгийн газраас дэмжлэг хүсчээ. Хэрвээ энэ зам ашиглалтад орвол Монгол Улсын эдийн засгийг түргэтгэх бас нэг хөшүүрэг болох учиртай даа?

-Монгол Улс, БНХАУ болон ОХУ хөрш гурван улсын Төрийн тэргүүнүүд 2016 онд уулзан, Эдийн засгийн коридор хөтөлбөрийг баталж тэргүүн ээлжид хэрэгжүүлэх 32 төслийг тогтоосон билээ. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг чухал хэсэг нь Азийн авто замын сүлжээний АН-3-ын нэг хэсэг болох Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит авто зам -ыг байгуулах асуудал юм. Зам, тээврийн хөгжлийн яамны баталсан ажлын даалгаврын дагуу манай холбоо зохион байгуулж, авто замын салбарын 10 байгууллага оролцон өөрсдийн хөрөнгөөр Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит автозамын ТЭЗҮ-г 2019 онд боловсруулсан бөгөөд одоо хөрөнгө оруулагчдыг судалж байна. Урьд нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит автозам-ыг ВОТ нөхцөл бүхий концессээр барих асуудлыг УИХ баталж Гүйцэтгэгч сонгосон боловч үр дүнд хүрэлгүй, гэрээ цуцлагдсан .

Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын дараа Монгол Улсын эдийн засгийг сэргээх, улмаар цаашдын нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, нийт авто замын байгууллагуудыг тогтвортой ажлын байраар хангахад энэхүү төсөл маш чухал үүрэг гүйцэтгэхээр байна.

Хэрвээ төр, засгаас шийдвэр гаргавал Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулагчийг олох, барьж байгуулах, арчлан хамгаалах, техник технологийн хяналт тавих зэрэг ажлыг Монголын авто замчдын холбоо гол удирдлагаар ханган хэрэгжүүлэх, нийт замчид идэвхтэй оролцоход бэлэн байна.

 Энэ төсөл хэрэгжвэл авто замын төдийгүй барилгын материал үйлдвэрлэгчид, машин механизм, тоног төхөөрөмж, шатахуун ханган нийлүүлэгчид, тээвэр ложистик, үйлчилгээний байгууллагууд гээд олон салбар, олон хүн ажилтай болно. 

-Зам дагаж хөгжил гэдэг. Хөгжье гэвэл зам, дэд бүтэцдээ юун түрүүн анхаардаг нь хөгжингүй орнуудын хөгжлийн түүхээс харагддаг. Ер нь авто замын салбартаа зоригтой хөрөнгө зарцуулж чадсан улс хөгждөг. Харин манайд яагаад ч юм замын бүтээн байгуулалт руу улс төрчид, улстөрийн бүлэглэл хуруу хумсаа дүрээд байдаг нь хөгжлөөс чангааж байгаа саад гэж хардах нь бий?

-Авто зам болон томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэн эхлүүлсэн, хэний үед шийдсэн нь хамаагүй улс орны хөгжил, эдийн засагт үр өгөөжөө өгч л байвал энэ ажил цаашаа үргэлжилж байх ёстой. Олон улсын туршлагаас харахад эдийн засгийн хүнд хэцүү үед улс орон болгон томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа үндэсний компаниудаараа хийж гүйцэтгүүлж хямралыг давсан байдаг. Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд зам барилгын ажил бага байсан ч газрын тосны үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцлоо. Төмөр замын суурь доод бүтэц, гүүр, хоолойн ажлуудыг авто зам, гүүрийн барилгын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож хийж гүйцэтгэсэн. Эдгээр бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй бол олон аж ахуйн нэгж ажилгүй хаалгаа барих байсан байх.

Улсын хөгжлийг дэд бүтэц хэр хөгжсөн байдлаар нь дүгнэдэг. Сүүлийн жилүүдэд дотоодын авто замын компаниудын чадавхи сайжирсан. 

Монгол Улсын нийслэл болон хөдөө орон нутгийн авто зам харьцангуй сайжирч, шинэ техник технологийг нэвтрүүлэн олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу олон зам баригдсан. Сайнтай муутай олон асуудлууд байдаг. Гэвч замын ажилд замчдаас хамаарахгүй саатдаг, эвдрэл үүсдэг олон шалтгаан бий. Дулаан, цахилгаан, ус, холбооны шугам, газар чөлөөлөлт гэх зэрэг олон асуудлаас болж замын ажил удааширдаг.

-Та илтгэлдээ авто замтай холбоотой хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэл хийх ёстойг дурдаж байсан шүү?

-Өнөөгийн байдлаар манай улсын авто зам, дэд бүтэц, барилгын ажилд болон талбайн хяналтын зөвлөх үйлчилгээнд мөрдөж буй гэрээнүүд нь олон улсын нийтлэг чиг хандлага ба практик хэрэглээнээс хэт хөндий, зарим тохиолдолд хэтэрхий хатуурхсан, нэг талыг барьсан, бодит үндэслэлгүй зүйл, заалтыг агуулсан, заримдаа дэндүү хялбарчилж, чадамж муутай болгосон зэрэг хууль, эрх зүйн зохицуулалт талаасаа учир дутагдалтай, дээрх үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангахгүй байгаа учраас удирдлагын үндсэн хэрэгсэл болж чадахгүй байсаар байгаа юм. Иймд авто замын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд гэрээний хариуцлагыг сайжруулахын тулд олон улсад мөрдөгдөж байгаа ФИДИК-ийн гэрээний загваруудыг тууштай мөрдөж эхлэх шаардлагатай байна. ФИДИК-ийн гэрээний онцлог нь талуудын хоорондын эрх үүрэг шударга, тэнцвэртэй, нөхцөлүүд нь ойлгомжтой, бүрэн зохицуулагдсан, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, практик хэрэглээнд шалгагдсан байдаг. Манай холбоо ФИДИК гишүүн байгууллага бөгөөд Барилгын ажлын болон зөвлөхийн загвар гэрээг орчуулж дуусчихаад байна.

-Цар тахалтай, эдийн засгийн хямралтай энэ үед бүхий л салбар уналтад ороод байна. Авто замын салбар ч хүнд байдалд байна, урагшлаагүй, зогссон ямар бүтээн байгуулалтын ажлууд байгаа вэ?

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод багтсан, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хилийн боомтуудыг холбосон авто замын төслүүд нь орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, малчдын эсэргүүцлийн улмаас хэрэгжиж чадахгүй, барилгын ажил нь эхлэх боломжгүй байгаа асуудал бий. Үүнд Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, тодорхой үүрэг даалгаврыг ажил хариуцсан байгууллагын удирдлагуудад өгч, зам барилгын бүтээн байгуулалтын ажлуудыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Уг төслүүд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилтыг биелүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

-Баруун аймгуудыг холбосон авто замын бүтээн байгуулалт ид өрнөж, Баян-Өлгий аймаг авто замаар нийслэлтэй холбогдчихлоо. Одоо ямар ямар аймгуудын авто замын томоохон ажил өрнөж байна вэ?

-Энэ жил Мянганы зам-ын бүтээн байгуулалтын 20 жилийн ой тохиож байна. Энэхүү бүтээн байгуулалтаар Монгол Улс хэвтээ тэнхлэгээ авто замаар холбосон. Баруун босоо тэнхлэг хатуу хучилттай авто замаар холбогдсон. Мөн бүх аймгийн төвөө нийслэлтэй холбож дууслаа. Одоо хилийн боомтуудыг холбосон авто замын төслүүд нь хэрэгжинэ дээ.

-Дарханы замын асуудал үнэхээр хүн бүрийн сэтгэлийг зовоосон сэдэв болчихоод байна. Манай дотоодын компаниуд тэр байтугай урт зам, гүүрийг барьчихдаг. Гэтэл энэ зам урагшилдаггүй, тэр хэрээр эдийн засгийн зардал гарч байна. Дотоод нөөц бололцоогоороо хурдхан шиг дуусгах боломж бий юу гэж ард иргэд асуудаг?

-Дарханы замаас шалтгаалж, Авто замын салбарын нэр хүнд маш их уналаа. Үүнд цаг наргүй үнэнчээр хөдөлмөрлөж байгаа үндэсний компаниуд, жирийн замчид ямар ч буруугүй. 

Дарханы зам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. АХБ гишүүн 68 орноос оролцох боломжтой олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт АХБ-ны журмаар явагдсан. Таван багц болгон тендер зарлан Хятадын дөрвөн компани шалгарсан. Энэ жил хоёр, дөрөвдүгээр багцад шалгарсан компанитай гэрээг нь цуцлан дахин сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хоёр багц дээр Арж капитал ХХК, Чайна Жое ХХК компаниуд шалгарч ажлаа эхлээд явж байна. Дотоодын компаниуд сонгон шалгаруулалтад орох боломжтой ч олон улсын тендерт тавигддаг санхүүгийн босго үнэ өндөр байдаг учир оролцож чаддаггүй.

Тиймээс төрөөс дотоодын компаниудаа бодлогоор дэмжиж өгөх нь чухал байгаа юм. Манай холбооны зүгээс салбарын гурван талт хэлэлцээрт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд 30-аас доошгүй хувьд дотоодын компаниудыг ажиллуулж байхаар оруулсан.

-Улсын чанартай авто замын 49 хувь нь хатуу хучилттай болоод байгаа нь олон улсын хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт гэж сонслоо. Эдгээр замын засвар, арчлалтын ажил ямар түвшинд байна вэ?

-Авто замын сүлжээ өргөжихийн хэрээр авто замын засвар, арчлалтын ажлыг тогтвортой, үр дүнтэй болгох, засвар арчлалтын байгууллагуудыг мэргэжлийн, мэргэшсэн удирдлагад шилжүүлэх, энэ үйл ажиллагаанд хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулан оролцуулах, засвар, арчлалтын ажлын хяналтыг хөндлөнгийн этгээдээр хийлгэх, авто зам, замын байгууламжийг бэлэн байдлын түвшингээр үнэлж, нормативоор санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын замын сүлжээний засвар, арчлалтын өнөөгийн тогтолцоог авч үзвэл хувийн болон төрийн өмчийн ашгийн төлөөх байгууллагууд холилдон хэрэгжүүлж байгаа бөгөөд авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компани /АЗЗА ТӨХК/-ийн гол удирдлага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт төвлөрч байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас засвар арчлалтын байгууллагуудад тухайн жилдээ төрийн санд төчнөөн төгрөгийг бүрдүүлсэн байна гэж үүрэг өгдөг. Энэхүү байдлаас болж засвар арчлалтын байгууллагууд нь ашгийн төлөө ажиллаж, замын засвар, арчлалт хийх гол ажилдаа төвлөрч чадахгүй байна. Нөгөө талаар олон улсын жишиг Банк, санхүүгийн байгууллагуудын удаа дараагийн зөвлөмж, Авто замын тухай Монгол Улсын хуулийн дагуу Авто замын зөвлөл-ийг ажиллуулж тээвэр эзэмшигчид, зам хэрэглэгчид, иргэдийн хяналтыг бий болгох ажлыг эхлэх, Авто замын сан-гийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг сайжруулах, авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компани /АЗЗА ТӨХК/-иудыг хувьчилж, замын засвар арчлалтын ажлыг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх зэрэг арга хэмжээ авах олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна аа.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

“БНХАУ-аас 1037 вагон буюу 50 гаруй мянган тонн шатахуун авахаар мөнгөө төлсөн” гэв

Шатахууны асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж байна.


Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ендон “Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ 92 бензин хэрэглэдэг бөгөөд 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг.

ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн.

Бид БНХАУ-ын “Chona oil” компанитай гэрээ хийсэн. ААН-үүд гэрээгээ хийн, мөнгөө төлсөн байсан.

БНХАУ-аас 1037 вагон буюу 50 гаруй мянган тонн шатахуун авахаар мөнгөө төлж, гэрээгээ баталгаажуулчихсан байгаа.

Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-нийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

BTS хамтлаг НҮБ-ын индрээс “Permission to Dance” дуугаа дуулжээ

Солонгосын алдарт BTS хамтлаг энэ долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн тусгай төлөөлөгчийн хувиар НҮБ-ын үйл ажиллагаанд оролцлоо. Тэд дэлхийн удирдагч, төрийн тэргүүнүүд үг хэлдэг НҮБ-ын индрээс “Permission to Dance” дуугаа дуулжээ.

1 сая орчим хүн уг үзүүлбэрийг YouTube-ээс шууд үзсэн байна.

Одоогоор НҮБ-ын индрээс дуулсан дууг 8.7 сая хүн үзжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймагт халдварын хамгийн олон буюу 297 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 280.540 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 55.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 44.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт халдвар нийтдээ 124.234 болоод байна.


Сүүлийн 24 цагт нийт 2543 хүн шинээр халдвар авснаас 1,201 нь орон нутагт бүртгэгдсэн.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Дундговь аймагт хамгийн олон буюу 297 хүн шинээр халдвар авчээ. Ингэснээр тус аймагт нийт батлагдсан тохиолдол 4065 болов.

Түүнчлэн Булган аймагт 113 тохиолдол шинээр илэрсэн бол Завхан аймагт халдвар нэмэгдээгүй байна. Харин бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол хүлээн авчээ

Энэ оны есдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэснийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс мэдээллээ. Одоо 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 80 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.