Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ЕБС-ийн 618 сурагч, багш халдвар авчээ

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа.

Сургууль, цэцэрлэгийн орчноос илүү ахуйн хүрээнд  “Ковид-19” халдварлаж байна

Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна. Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ.

Одоогоор 115  бүлэг  зайны сургалтад шилжсэн байна. Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618  сурагч, багш халдвар авчээ. 

Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад “Ковид-19” цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүдэд нөхцөл байдал ямар байгааг сонслоо. Багануур дүүргийн хувьд “Ковид-19”-ын халдвар буурахгүй, нөхцөл байдал хүнд, эмнэлгийн ажилтнууд болон төрийн албан хаагчдын дунд халдвар гарч байгааг дүүргийн Засаг дарга хэлж байлаа. Бусад дүүргийн хувьд “Ковид-19”-ын халдвар бүртгэгдэж байгаа ч хүндрэл, сандрал гараагүйг Засаг дарга нар онцолж байв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цар тахлын нөхцөл байдал сайнгүй ийм нөхцөлд дүүргийн эмнэлгүүд өрхийн эмнэлгүүдтэйгээ хамтран нэг зорилгын төлөө зүтгэх ёстойг, элдэв зөрчил маргаан байдаг бол ойлголцон ажиллах учиртайг санууллаа. Нийслэлийн хэмжээнд бүхий л боломж бололцоог ашиглан эхний ээлжид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 120 ор, цаашид нийслэлийн хэмжээнд 800 ор дэлгэхээр бэлтгэл ажлыг хийж буй юм. Ор дэлгэх ажил нь зохион байгуулалтаас гадна санхүүжилт шийдэгдээгүй, эрүүл мэндийн даатгалын асуудлыг зохицуулаагүйн улмаас хүндрэл учирч буйг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис онцгойлон өгүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн 300-гаас дээш тохиолдол батлагдсан хороонд нэмэлт баг ажиллуулж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс удирдан зохион байгуулсан юм.

Чингэлтэй дүүргийн эмнэлгийн санхүүжилт шийдэгдсэн ч газрын асуудал гацаа үүсгэжээ

Зөвлөгөөний эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүрэг нь 39.113 өрх, 151.203 хүн амтай. Тус дүүрэг 19 хороотойгоос зургаа нь байшин хороолол бол 13 нь гэр хороолол байдаг. Чингэлтэй дүүргийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 26 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж буй бөгөөд энэ онд таван цэцэрлэг, гурван бага сургууль шинээр ашиглалтад орсон байна.

Дүүргийн хэмжээнд короновирусийн халдварын нийт 53.395 тохиолдол бүртгэгджээ. Дүүргийн Эрүүл мэндийн төв нь 108 ажилтан бөгөөд бусад дүүрэгтэй харьцуулбал хамгийн цөөн ажилтантай гэдгийг дүүргийн Засаг дарга тодотгож байлаа. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр барих хөрөнгө мөнгийг Азийн хөгжлийн банкнаас шийдвэрлээд багагүй хугацаа өнгөрч буй ч газар чөлөөлөлт шийдэгдээгүйгээс өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Түүнчлэн дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын дараагийн дугаарт дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг шинэчлэн барих болон газар хөдлөлтийн улмаас байр байшинд нь цууралт үүссэн сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг асуудал байгааг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тодотгон өгүүлэв. Тус дүүргийн 198 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч удаашралтай байгаа аж.


Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой, халдвар авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгаа зэргийг онцолж байлаа.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь, нийслэлийн хэмжээнд 19 хувь нь хөнгөн, хөнгөвтөр өвчтөнүүд байгаа юм. Халдварын тохиолдлыг хороодоор нь нягтлан, цаашид авах арга хэмжээг нарийвчилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тодотгон өгүүлэв.

Нэг хороонд коронавирусийн 300-аас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж буй аж. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна. Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад визгүй зорчих боломжтой 62 орон

Монгол Улсад визгүй зорчих орнуудын жагсаалтыг Гадаадын иргэн, харьяатын газраас танилцуулж байна.

Энэхүү жагсаалтад багтсан орны иргэд нь Монгол Улсын олон улсын хэлэлцээрт заасан хугацаанд Монгол Улсад визгүй зорчино. Хэрэв хэлэлцээрт заасан хугацаанаас удаан хугацаагаар зорчих эсвэл Монгол Улсад оршин суухаар ирэх тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан мэдүүлэх юм байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

МУГТ Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр шагналаа

Токиогийн олимпод боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт Засгийн газраас 20 сая төгрөгөөр шагнаж, батламж гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцсон тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж буй юм. Энэ үеэр Э.Цэндбаатарт шагналыг нь гардуулан өглөө.

Дашрамд сануулахад ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпийн наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайед Моллайд 60 сая төгрөг, хоёр өрөө байрны батламж гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж байна.

“Токио-2020” олимпийн наадмаас:

Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж,

Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,

Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,

Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж тус тус гардууллаа.

Түүнчлэн,

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулагыг 60 сая төгрөгөөр тус тус шагнала

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээд 120 сая төгрөг, 3 өрөө байрны батламж гардууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж байна.

Засгийн газраас тамирчин дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай тогтоолын дагуу

  • Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж,
  • Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,
  • Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,
  • Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж тус тус гардууллаа.

Түүнчлэн,

  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулагыг 60 сая төгрөгөөр тус тус шагналаа.

Түүнчлэн олимпын наадамд амжилттай оролцож шагналт тавдугаар байр эзэлсэн тамирчдыг тус бүр 20 сая төгрөгөөр шагнасан юм. Тухайлбал, боксийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт 20 сая төгрөгийн батламж гардууллаа.

Мөн Токиогийн олимпод шүүгчээр ажилласан шүүгчид болон баг тамирчдын хувцсыг урласан Мишел Амазонка компанийн баг хамт олныг шагнаж урамшууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 144 дуудлага бүртгэгдэж, 153 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1287, хулгайтай холбоотой 18, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 144, гэмт хэргийн шинжтэй 60 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 103, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 118, хүний биед халдсан 52, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 98, эрүүлжүүлэх байранд хоносон 153, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 93 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс ковидоор өвдсөн иргэд хүйтэн зааланд хэвтэж, өвчнөө хүндрүүлсээр байна

Хөдөө орон нутагт коронавируст халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж нөхцөл байдал улам хүндэрч байна. Тиймээс Увс аймгийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар ямар байгаа талаар сурвалжиллаа.


Т.Батбаяр: Эмнэлэгт хүнд хүнээл авахаас хүндэрсэн иргэдээ авахаа больсон

Увс аймгийн иргэн Т.Батбаяр хэлэхдээ “Манай аймагт коронавирусийн халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Коронавирусийн халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй тав хонох тохиолдол ч байна. Эмнэлэгт хүнд хүнээ л авахаас хүндэрсэн иргэдээ авахаа больсон. Сумын эмнэлгүүд соёлын төв, заал танхимд коронвирусийн халдвартай иргэдээ хэвтүүлэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч эрүүл мэндийн байгууллагын стандарт хангаагүй өрөө тасалгаанд өвчтэй иргэд байрлаж байгаа гэсэн үг. Дээрээс нь ямар ч халаалтгүй, хүйтэн өрөөнд хэвтсэн нэр зүүж байгаа хүмүүс эмчлүүлэх гэсэн биш улам өвчин нь хүндрэх тохиолдол байна. Зарим нь даарсандаа орондоо давхар хувцастайгаа хэвтэж байна шүү дээ. Ийм эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа орон манайхаас өөр газар байгаа гэдэгт эргэлзэж байна. Энэ үед эмнэлгийн хүртээмжийн талаар ярих хэцүү, яриад ч нэмэргүй. Дээр нь эмч, ажилчдын хүртээмжийн талаар ч ярих хэцүү болчихжээ. Эрүүл мэндийн байгууллагынхан өөрсдийн нөөц бололцоогоороо л ажиллаж байх шиг байна. Эмнэлэг гамшгийн хэмжээнд очсон. Байж болох бүхий л газраа ор дэлгэчихсэн байгаа. Зөвхөн ковидын эмчилгээ үйлчилгээг үзүүлэх нь холгүй байна. Бусад эмчилгээ үйлчилгээг бараг орхигдуулсан. Үүнээс үүдэн суурь өвчтэй иргэд тогтмол хугацаанд эмчилгээндээ хамрагдаж чадахгүй өвчин нь хүндэрдэг дам нөлөө бас байна. Эдгээр асуудлуудыг шийдэх ганц гарц нь орон нутгийн нөөц бололцоогоо ашиглаад шинжилгээгээ хурдан шуурхай, үнэгүй болго. Бүр байг гэхэд зорилтот бүлгийн иргэдээ үнэгүй шинжилгээнд хамруулах хэрэгтэй” гэв.

С.Анхбаяр: Мөнгөгүй иргэд ковид туссан ч эмийн багц авах боломжгүй учраасөвчнөө улам хүндрүүлж байна

Увс аймгийн иргэн С.Анхбаяр “Манай аймгийн хэмжээнд коронавирус илрүүлэх шинжилгээ авах нөөц бололцоо хангалтгүй байна. Аймгийн хэмжээнд түргэвчилсэн шинжилгээ 25 мянган төгрөгөөр,PCR шинжилгээг 85 мянган төгрөгөөр авч байна. Гэтэл ийм хэмжээний үнэ өртгөөр шинжилгээ өгөх боломжтой иргэдийн тоо цөөхөн байна. Сүүлийн хоёр жил хүн бүр их, бага хэмжээгээр хөл хорионд байлаа. Эдийн засаг, иргэдийн амьжиргаа элгээрээ хэвтсэн. Тиймээс коронавирусийн шинж тэмдэг илэрсэн ч, ойрын хавьтал болсон ч иргэд тэр бүр энэхүү үнээр шинжилгээ өгч чадахгүй байна. Үүнээс үүдэн гэртээ өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна. Шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд өрхийн эмнэлгээс олгож байгаа 160 мянган төгрөгийн эмийн багцыг авч байгаа. Гэтэл шинжилгээ өгөх ч мөнгөгүй иргэд ковид туссан ч эмийн багц авах боломжгүй учраас өвчнөө улам хүндрүүлж байна. ЭМЯ-наас шинжилгээ үнэгүй авч байна гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Бүгд үнэтэй. Зарим газар ойрын хавьтал болсон иргэнээс 15 мянгаар, зарим нь 25 мянгаар түргэвчилсэн шинжилгээ авч байна. Ойрын хавьтал болсон хүн бүр шинжилгээ өгөх боломжгүй. Үүнээс болоод хүндрэл үүсээд байна. Иймээс амжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн иргэд корона туссан л бол амьд явах баталгаа алга байна” хэмээн ярилаа.

Ц.Алимаа: Хөдөө орон нутагт ковидыг эмчлэх эмнэлгийн байр савны асуудал тулгамдаад байна

Ийнхүү иргэдийн сэтгэгдлийг сонссоны дараа Увс аймгийн ЭМГ-ын дарга Ц.Алимаагаас коронавирусийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрээр ажлын байран дээрээ коронавирусийн халдвар авсан нь тодорхой болж тусгаарлах байр руу явж байна гэсэн юм.

-Та аймагт тулгамдаад байгаа асуудлын талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү. Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдын нөөц, эмнэлгийн хүртээмж ямар байна вэ?

– Хөдөө орон нутагт хүний нөөцийн асуудал маш ихээр тулгамдаж байна. Одоо коронагаар өвдөөгүй эмч, ажилтангүй боллоо. Анхан шатны тусламж үзүүлж байгаа сум, өрхийн эмнэлгүүдээрээ бид баг болон хуваагдаад байнга явж байна. Оношлуурын хувьд хүрэлцээгүй, санхүү мөнгөний хувьд ч асуудал үүсээд байна. Аймаг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 52.5 сая төгрөгийг зарцуулж хамгийн сүүлд 3500 түргэвчилсэн оношлуур татан авч сумдуудад хуваарилаад гурав хонож байна. Өөрөөр хэлбэл, сумын эмнэлэгт 100,100 өрхийн эмнэлгүүдэд 200-300 ширхэгийг л хуваарилж байна. Тухайлбал, 2-3 өдрийн нөөцийг л бүрдүүлсэн гэсэн үг. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хандив тусламж, ЭМДС-гаар дамжин орж ирэх мөнгө санхүү гээд байж болох бүхий л санхүү төсвөө зарцуулж байна. Нэг үеэ бодвол сумын эмнэлгүүд ажиллах арга барилдаа дадчихлаа. Гэтэл гол асуудал нь нэлээд олон суманд цор ганц их эмч байна. Тэр эмчийн нуруун дээр хол ойрын дуудлаганд явах, ковидоос бусад өвчлөлтэй иргэдээ үзэх гээд ачаалал их байна. Зарим тохиолдолд ковидын улаан бүс рүү бага эмчээ оруулаад их эмч нь өдөрт нэг удаа халдвар хамгааллын дэглэмээ сахиад улаан бүс рүү орж, гардаг тохиолдол ч байна.

-Аймгийн хэмжээнд коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийг хэвтүүлэн эмчлэх хичнээн ор дэлгэсэн байна вэ. Нэмж ор дэлгэх үү?

-Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 116 ор дэлгэсэн. Орны хүрэлцээ хангалттай биш, дотрын тасгаа чөлөөлж жирэмсэн эх болон хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна. Мөн хувийн гурван эмнэлэг тус бүр 30 ор буюу нийт 90 орыг шаардлагатай тохиолдолд сэлгэн ашиглахаар тохирч, өнөөдөр эхний эмнэлэг нь коронагийн 30 тохиолдлыг авч эмчлэхээр боллоо. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдчихсэн учраас байр савны асуудал нэлээд хүндрэлтэй байна.Түүнчлэн өрхийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа учраас гаднаас хүний нөөцөө бүрдүүлэхийн тулд өмнө нь ажиллаж байсан, ажиллах боломжтой хүний нөөцүүдийг гэрээгээр ажиллуулах санал тавихад зөвшөөрөх хүн ховор байна. Хүнд нөхцөлд ажиллах учраас эрүүл мэндийн салбарт ажиллахыг хэн ч хүсэхгүй байна. Тиймээс бид аргаа барахдаа аймгийн хэмжээнд цэцэрлэг хичээллэхгүй байгаа учраас цэцэрлэгийн эмч нарыг өрхийн эмнэлгүүд дээрээ дайчлан ажиллуулж байна. Өрхийн эмнэлгийн эмч, ажилчид өдөр бүр шөнийн 2-3 цаг хүртэл иргэдээ үзэж, эмээ тарааж байгаа хэдий ч хаанаа ч хүрэлцэхгүй байна.

-Эм тарианы нөөц хэр байна вэ?

-Эм тариаг боломж бололцооныхоо хэрээр л татан авч байна. ЭМЯ-наас гарцаагүй хүнд ашиглах эмийг өгч байгаа. Түүнээс биш ковид туссан олон мянган хүнд толгой дараалан өгөх боломж байхгүй учраас хүрэлцээ муу байгааг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар манай аймгийн хэмжээнд хамгийн бага өр тавьсан өрхийн эмнэлгийн мөнгөн дүн 27 сая төгрөг байгаа бол, хамгийн их өртэй өрхөөр 11 мянган иргэнтэй өрхийн эмнэлэг 60 гаруй сая төгрөгийн өртэй байна. Өрхийн эмнэлгийн удирдлагууд энэ өрийг даатгалын сангийн мөнгөөр явцын дунд нөхөгдөнө хэмээн тооцоолж байгаа. Ерөнхийдөө 7-10 хоногийн нөөцөөр хязгаарлагдаж байна. Арав хоногийн нөөц бүрдүүлчихээрээ арай боломжийн гэж үзээд байгаа болохоос гал унтраах түвшинд ажиллаж байна.

-Шинжилгээ өгөх санхүүгийн боломжгүй иргэд эмийн багцаа авч чадахгүй өвчнөө хүндрүүлэх тохиолдол олон байгаа гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ийм асуудал байгааг үгүйсгэхгүй. Бид хүн бүрээс үнэгүй шинжилгээ авах боломж байхгүй. Эрүүл мэндийн салбарынхан юунаас ачаалал аваад, яагаад стресстээд байна гэхээр иргэдээс ирэх сэтгэл зүйн дайралтад ихээр өртөж байна. Энэ юутай холбоотой байна гэхээр төлөвлөсөн санхүүжилт зөв байгаа эсэхийг яалт ч үгүй эргэж харах шаардлага үүсээд байна. Ойрын хавьтал хэмээн асуумж бөглөсөн болон 11 бүлэг иргэдээс шинжилгээ үнэгүй авч байгаа. Тэгэхээр нийт шинжилгээний 80 хувийг үнэгүй авч,үлдсэн 20 хувийг төлбөртэй авч түүнийгээ эргэлтэд оруулж байгаа юм. Түүнээс биш бүх иргэний

шинжилгээг үнэгүй авна гэвэл эрүүл мэндийн салбар, аймаг орон нутаг нийлээд ч зөвхөн түргэвчилсэн оношлуурын төсвийг ч төлж барахгүй. Тиймээс ковид дууссаны дараа санхүүгийн өрөнд орох вий гэсэн стресст давхар өртсөн дарга нар олон байна. Сүүлдээ ажлаас гарна гэсэн эмч, эмнэлгийн ажилчид олон боллоо. Тэр дундаа нарийн мэргэжлийн эмч нар олон байна. Энэ хүмүүсийг ямар хөшүүргээр үргэлжлүүлэн ажиллуулж, яаж цар тахлын ард гарах вэ гэдэг бол тулгамдсан асуудлын нэг болоод байна. Бид хэдий болтол гал унтраах түвшинд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж ажиллах вэ гэдгээ хэлж мэдэхгүй байна.

-Сумдууд ковидын батлагдсан тохиолдлуудаа хаана хэвтүүлэн эмчилж байна вэ?

-Хичээл сургууль орохоос өмнө дотуур байр, сургуулийн байрыг зарим сумдууд ашиглаж байсан. Одоо эдгээр бүх байраа хүлээлгэн өгсөн. Манай аймгийн ихэнх сумдууд сүүлийн жилүүдэд эмнэлгийн байр шинээр барьсан учраас хуучин эмнэлгийн байраа коронагийн эмчилгээнд ашиглаж байна. Ийм нөөцгүй газрууд сумын соёлын төв болон эмнэлгийн байраа хуваан ашиглаж байна. Одоогийн байдлаар байгууллагуудын халаалт ирчихсэн байгаа хэдий ч Соёлын төв болон хуучин эмнэлгийн байрууд шаардлага хангахгүй хүндхэн байна. Ийм нөхцөлд өвчтөн, эмч хэн хэн нь аргаа барж байна.Бид зайлшгүй эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай иргэдийг эмчилж байгаа. Тиймээс хүнд өвдсөн иргэнээ гэрт нь хүндрүүлэлтэй биш, хүйтэн ч гэсэн Соёлын төвдөө хэвтүүлэн эмчилж байна. Зарим иргэд нь ийм хүйтэн өрөөнд эмчлүүлэх биш, харин ч эсрэгээрээ улам хүндэрчихлээ гэж гомдоллох ч тохиолдол гарсан. Үнэндээ бид өөрсдийн байгаа нөөц боломжийнхоо хэрээр л ажиллаж байна. Энэ бол хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчин, суурь бааз нөөцийг шалгасан сорилт боллоо. Цаашид ямар ч төрлийн халдвар гарч болно. Тэр үед бид өнөөдрийн нөхцөл байдалдаа хэвээр байж болохгүй. Зөвхөн төв суурин газрынхаа эрүүл мэндийн байгууллагын нөөц бололцоо, хүний нөөцийн бэлтгэл байдлаа хангах биш, жигд анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Аймгийн хэмжээнд хичнээн нас баралт бүртгэгдээд байна вэ. Шалтгаан нөхцөл нь юу байна?

-Одоогоор 11 тохиолдол бүртгэгдээд байна. Хавсарсан өчтэй болон ковидын тохиолдлоор ч нас барсан иргэд бий. Цаашид ч нөхцөл байдал улам хүндрэхээр байна. Одоо нэг аюултай асуудал юу байна гэхээр иргэд коронавирусээс айхаа больж хэтэрхий задгайрч байна. Тиймээс хөл хөдөлгөөнд тодорхой хязгаар тавих хэрэгтэй байна. УОК-ын шийдвэрээр аймаг орон нутаг бие даан асуудлаа шийдвэрлэх, хариу арга хэмжээ хийх боломжийг хаасан. УОК-ын шийдвэрийн дээр та нар шийдвэр гаргалаа, хариуцлагаа өөрсдөө хүлээ гэдгийг бид нарт тулгадаг. Тиймээс дандаа УОК-ын шийдвэрийн араас АОК-ын шийдвэр гарч байна. Тиймээс бодит нөхцөл байдал маш хүнд байгаа гэдгийг бид өдөр тутам холбогдох байгууллагуудад мэдэгдэж байна. Үнэндээ өнөөдөр сайн дураараа шинжилгээ өгч байгаа иргэдээс өдөрт 300 гаруй тохиолдол илэрч байна. Хэрэв бид оношлуур нь хүртээмжтэй байгаад тандалтын шинжилгээ хийвэл өдөрт хичнээн иргэнээс халдвар илрэхийг хэлж мэдэхгүй. Сургууль орсноос хойш хүүхдүүд их хэмжээгээр өвдөж байна. Аймгийн хэмжээнд 451 хүүхэд ковидоор өвдсөн. Түүнчлэн өдөрт 30-40 хүүхэд өвдөж байна.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт 254.9 сая ам.доллароор нэмэгдэв

Монгол Улс энэ оны эхний 8 сарын байдлаар 144 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.1 тэрбум, үүнээс экспорт 5.6 тэрбум, импорт 4.5 тэрбум ам.доллар байв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (27.3 хувь) тэрбум, экспорт 1.1 (25.6 хувь) тэрбум, импорт 1 (29.6 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Харин энэ оны 8 дугаар сард экспорт 885.2 сая, импорт 635.8 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 254.9 (40.4 хувь) сая, импорт 58.7 (10.2 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сарын байдлаар 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 127.2 сая ам.доллароор нэмэгдэв. БНХАУ-тай энэ оны эхний 8 сард 6.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.

Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67.3 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 24.1 хувийг чулуун нүүрс, 39.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг, БНСУ-д экспортолсон барааны 81.3 хувийг алт эзэлж байна.

Экспорт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 365.6 сая, зэсийн баяжмалын экспорт 982 сая, нүүрсний экспорт 140 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Мөн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой экспортын орлого нэмэгдэж байна. Тухайлбал, зэсийн баяжмалын экспорт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 1.3 хувиар багассан хэдий ч үнийн дүн 97.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Энэ оны эхний 8 сарын импортын дүнг авч үзвэл, БНХАУ 39.4, ОХУ 27, Япон Улс 6.6, БНСУ 4.3, ХБНГУ 3.4 хувийг эзэлж, нийт импортын 80.8 хувийг бүрдүүлжээ.

ОХУ-аас импортолсон барааны 50.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 69.4 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.7 хувийг цахилгаан эрчим хүч, 14.3 хувийг ачааны тэрэг, 81 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байв.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд улаан буудайн импорт 38.1 сая, ачааны автомашины импорт 145.4 сая, суудлын автомашины импорт 57.9 сая, дизелийн түлш 92.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95 хувийг эзэлж байгаа бол импортын 63.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Арваннэгдүгээр сарын 05-нд Эв нэгдлийн Их хурал болно

Ардчилсан нам эв нэгдлийн их хурлаа зарлаж буйгаа мэдэгдлээ.


АН-ын дарга асан Э.Бат-Үүл “Энэ хурал нь сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээсэн онцгой чухал үйл явдал юм. Түүхэн үйл явдал гэхэд хилсдэхгүй” гэлээ.

О.Цогтгэрэл “АН-ын уналтын үед томоохон өөрчлөлт хийхээр бид цуглалаа. Бид намын хувьд амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна. АН эргэн сэргэх ёстой. 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд эв нэгдлийн, эвлэрлийн их хурал болно. Энэ хурлаар АН-ын хоёр даргаас нэгийг сонгоно” гэв.