Categories
амьдралын-өнгө мэдээ

Бог мал галт тэргэнд дайруулж, хөдөлгөөн саатжээ

Энэ сарын 1-нд буюу өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын төмөр замын 146 дугаар километрт ачааны 3408 дугаар галт тэрэг явах үед хариулгагүй орхисон 8 тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан байна.

Галт тэрэг олон тооны жинтэй ачаа тээвэрлэдэг учир, том хөдлөх механизм тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз авлаа гэхэд 800-1000 метр газрыг туулж байж зогсдог.

.

Categories
мэдээ нийгэм

​Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх нь хүний хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт юм

Э.Цолмон/Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер/

Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх нь хөгжлийн хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм. Учир нь нийгэмд хүчирхийлэл, гэмт хэргийн тоо буурснаар,суурь шалтгааныг нь арилгаснаар тэдгээрийн эсрэг тэмцэл, хариу арга хэмжээнд зарцуулдаг хөрөнгө нөөцийг эрүүл мэнд, хөгжил, боловсрол гэхчлэнгийн нийгмийн бусад суурь үйлчилгээнд зориулах бололцоо нэмэгддэг. Амьдрал дээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг зодох, шийтгэх байдал байсаар байгаа нь, шийтгэл, сүрдүүлгийг хэрэглэх нь зөв гэж үзсээр байгаа нь хүүхдийг зодож шийтгэхийн хор уршиг, сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд маань тэр бүр мэдэхгүйгээс шалтгаалж байна гэж үзэж Хүүхдийг Ивээх Сан 2007 оноос эхлэн Хүмүүжлийн эерэг аргыг тус улсад танилцуулж байгаа билээ. Монгол Улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн томоохон түнш байгууллага болох Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ЖАЙКА-гийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан нь ХНХЯ, ГБХЗХГ, ГХУСАЗЗ-тэй хамтран “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, анхан шатны нэгжээс нь эхлэн системтэй чадавхжуулж, эцэг эхчүүдэд арга зүй нь олон улсад шинжлэх ухаанаар батлагдсан, практикт туршигдсан, хүүхдүүд, эцэг эх, тархи судлаач болон бусад эрдэмтэд, багш нар зэрэг олон талуудын санал, оролцоонд үндэслэн сайжруулсан Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сургалтын нарийн технологитой, зан үйлийг эерэгээр өөрчлөх үр дүнтэй аргачлал дээр үндэслэсэн “Хүмүүжлийн эерэг арга” сургалтыг эцэг эхийн боловсролд зориулан 65 чиглүүлэгч багшийг бэлтгэж 600 гаруй эцэг эхчүүдэд явуулаад байна. Канад Улсын Манитобагийн Их Сургууль, PDEL байгууллагын хөтөлбөрөөр Хүүхдийг Ивээх Сан хамтран дэл­гэрүүлж байгаа хүмүүжлийн эерэг аргын арга зүй дээр тулгуурлан Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн сургагч багш нартай хамтран үндэс­ний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Хүмүүжлийн эерэг аргын хүрээнд, өдөр бүр хүүхэдтэйгээ элэгсэг дотно хандаж насанд тохи­руулж харилцах, хүүхэдтэй тантай адил эрхтэй, ижил үнэ цэнэтэй хүн гэдэг талаас нь харилцах хэрэгтэй ба хүн бүр ижил тэгш гэсэн итгэл үнэмшлийг бий болгох, үүнийг тасралтгүй түгээс­нээр одоо болон ирээдүйд бид хүчирхийллийг таслан зогсоох боломжтой гэж үздэг. Хүүхдэд амьдралын аливаа үзэгдэл, зүйлийн учир шалт­гааныг тайлбарлан таниулахыг хэвшил болгосон бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Асуудлыг шийдвэрлэх ур чадвартай болж төлөвших нь хүүхдэд бий болох ёстой гол ур чадвар бөгөөд амьдралын баталгаа юм. Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцод хүүхдийн хөгжлийг цогц, нийцтэй байлгахын тулд тэд аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг зан үйл, дадал нь тэдэнд ямар ч нөхцөл байдалд сэтгэлийн хөдлөл, үйлдлээ зөв удирдаж, зөрчлийг даван туулах чадвар олгохоос гадна өөрийгөө хүндэтгэх үзэл, бие болон сэтгэл зүйн нэгдмэл байдал, эрхэм чанараа дээдэлсэн бие хүн болж төлөвшихөд дэмжлэг болдог. Зодож шийт­гэвэл хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин суларч суралцах чадвар буурдаг. Амжилттай суралцаж тогтооход сэтгэл хөдлөл шийдвэрлэх үүрэгтэй байдаг гэж судлаачид бичжээ. Учир нь ямар сэтгэл хөдлөлийг сурах зүйлийн агуулгатай холбосон байна вэ, түүнээс шалтгаалан мэдрэлийн өөр өөр системүүд хөдөлгөөнд ордог байна. Сахилга батыг шийтгэлтэй хольж хутган ойлгож байгаа эцэг эх, багш олон байдаг. Сахилга бат нь өөрийн зан үйлээ ойлгох, хянах, үйлдлийнхээ хариуцлагыг ухамсарлах, өөрсдийгөө болон бусдыг хүндэт­гэдэг болгох буюу суралцагчдын зан үйлийг хянах бус хөгжүүлэх зорилготойг мартаж болохгүй юм. Мэдрэмж ба мөн чанарын ялгааг хэрхэн танихыг ойлгуулах маш чухал байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргах биш, сэтгэлийнхээ мэдрэмжийг илэрхийлж тайвширч чаддаг хүн болоход нь туслах хэрэгтэй. Харин мэдрэмжээ илэрхийлэхдээ бусдыг шархлуулж болохгүйг зааж өгөх гэхчлэн ирээдүйд хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдвэрлэдэг хүн болох эхний гарааг тавьж өгдөг. Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь хүүхдийн эрхийг хүндэтгэсэнээр тэдний эрүүл хөгжлийг нь дэмжих, хүчирхийллээс хамгаалах, аливаад суралцах үйл явцад нь хувь нэмэр оруулах байдлаар хүүхдийг сургах, зан үйлийг нь чиглүүлэх арга юм. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн эрүүл хөгжил, хүмүүжлийн үр дүнтэй аргын талаарх судалгаануудад суурилдаг бөгөөд хүүхдийн эрхийн зарчмуудад үндэслэдэг. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийг дур зоргоор нь байлгаж, бүх зүйлийг зөвшөөрнө гэсэн үг биш бөгөөд энэ нь хүүхдийн хувийн сахилга бат, тэдний насан туршдаа хэрэглэх ур чадварыгхөгжүүлэх урт хугацааны шийдлүүдийн тухай юм. Хэрэв хүүхэд эцэг эхээсээ эсвэл асран халамжилдаг хэн нэгнээс айж эмээдэг бол аливаад урам зориггүй, шударга бус, өөртөө итгэл төгс биш болдог. Хэдийгээр хүүхэд буруу хэрэг хийсэн ч гэсэн ээж нь, аав нь түүнийг үргэлж хайрладаг гэдгээ бодитойгоор харуулдаг, тайтгаруулан хамгаалдаг, хэлж ярихыг нь сонсож, бодол санааг нь хуваалцдаг, хүүхдийнхээ байр сууринаас асуудлыгхарж үздэг, хүүхэддээ ямар нэгэн асуудал бэрх­шээл тохиолдвол тусалж дэмждэг, урам зориг хайрладаг бол энэ нь хүүхдэд өөртөө итгэх итгэлийг өгдөг. Хэрэв хүүхэд итгэж найддаг хүмүүсээсээ айдаг болчихвол шинэ зүйлийг туршиж оролдох хүсэл эрмэлзлээ алдаж, шударга зангаа гээж, өөртөө итгэх итгэл нь буурдаг. Зарим нь өширхүү, түрэмгий болдог бол зарим нь сэтгэлийн түгшүүр, хямралд өртдөг. Элэгсэг дотно сэтгэлээр харилцан сэтгэл санааны аюулгүй байд­лыг мэдрүүлж чадвал хүүхдүүд алдаа гаргасан ч аюулгүй гэдгээ мэдэрдэг. Тэд хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй болж эцэг эхдээ итгэдэг. Тэд бусдыг мэдэрч ойлгох, хүндэтгэхийн ач холбогдлыг бас сурдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь эцэг эхчүүдийн холын зорилгодоо хүрэх үндэс суурь нь болдог билээ. Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн буруу зүйл хийсэн байлаа ч хайртай гэдгээ мэдрүүлж, гомдох, айх үед нь тайвшруулж, тэднийг сонсож, нөхцөл байдлыг тэдний өнцгөөс харах нь чухал. Хүүхдээ хүмүүжүүлэхэд удирдан чиглүүлж аливааг ойлгуулах арга нэн чухал. Хэрвээ бид хүүхдэдээ өөрсдийнхөө ч дагаж мөрддөггүй дүрмийг биелүүлэхийг шаардах, эсвэл тэднээс ямар нэгэн алдаа олж шийтгэхийг л бодоод байвал тэд эргэлзэж, түгшдэг. Бид тэднийг өөрийн хүссэнээр байлгахыг албадвал хүүхдүүд эсэр­гүүцдэг. Алдаа гаргах бүрд нь шийтгэж зэмлээд байх юм бол хүүхдүүд шинэ зүйл оролдож туршихаас эмээх болно. Харин бид хүүхдээсээ хүсэж буй зүйлээ тэдэнд биечлэн харуулж эерэг үлгэр дуурайлал үзүүлбэл хүүхдүүд илүү сайн суралцаж зөв төлөвшдөг. Удирдан чиглүүлж аливааг ойлгуулахдаа эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдралд таарах шинэ зүйлийнучиршалтгааныгтайлбарлантаниулахдаа тэд­­нийг оролцуулан санаа бодлыг нь сонсож, алдаа­наасаа суралцах арга замыг олоход нь тус­лаарай. Шударга, уян хатан байж, уур бухимдлаа хянан, тэднийг айлгаж сүрдүүлэхээс болгоомжлон хүүхэдтэйгээ байнга ярилцах замаар тэдний үг, үйлдэл бусад хүмүүст хэрхэн нөлөөлдгийг тайл­барлан ойлгуулаарай. Мэдрэмжээ хэрхэн илэр­хийлэх, зөрчилдөөнийг хүчирхийлэлгүйгээр хэрхэн шийдвэрлэхийг хүүхдэдээ үлгэрлэх нь эцэг эхийн үүрэг юм. Хүүхдийн асуултад хүндэтгэлтэйгээр хариулснаар бид хүүхдэдээ өөртөө хүндэтгэлтэй хандахыг сургадаг. Хүүхдийн шинэ зүйлийг танин мэдэх эрэл хайгуулыг дэмжвэл тэдний сурах урам зориг нэмэгдэнэ. Асуудлаа шийдэх боломжийг өгснөөр хүүхдийг өөрөө асуудлаа шийдэх чад­вартайг нь харуулдаг. Хүүхдүүд өөрсдийгөө чадвартай гэдэгт итгэх юм бол ирээдүйд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулахад илүү сайн бэлтгэлтэй болдог. Маргаан зөрчил, уур уцаар, стрессийг түрэмгийлэл, хүчирхийлэлгүйгээр эцэг эх нь хэрхэн зохицуулж байгааг харж өссөн хүүхэд зөрчлийг эерэгээр шийдэхэд суралцдаг. Өөрийгөө сайнхүүхэд,бусдын төлөө санаа тавьж, халамжлах чадвартай гэж боддог хүүхэд зөв шийдвэр гаргах магадлал өндөр. Гэрийнхнийгээ сонсож,тэдэн­тэйгээ хүндэтгэлтэй харилцаж сурсан хүүхдүүд багш нар, үе тэнгийнхэнтэйгээ мөн ингэж л харилцана. Эцэг эхийнхээ дэмжлэгийг мэдэрдэг, тэд нар нь өөрийг нь хүлээн зөвшөөрдөг гэдэгт итгэл­тэй хүүхдүүд эцэг эхээсээ зөвлөгөө, тусламж авахыг илүүд үздэг. Өсвөр насны эхэн үед хүүхдийнбиебялдар, сэтгэл зүйд олон өөрч­лөлтүүд гарах төдийгүй тэдний бие даах, үе тэнгийнхнээрээ хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзэл нэмэгддэг. Энэ насны хүүхэдтэй эцэг эхийн хамгийн чухал бөгөөд амаргүй үүрэг нь тэдний улам бүр өсөн нэмэгдэж буй бие даах гэсэн хүсэл тэмүүллийг нь хүндэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангах явдал юм. Түүнчлэн хүүхдэдээ зөв, бурууг ялгах, хариуцлага хүлээх болон бие даах чадвараа хөгжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Хүүхэд бүр өөр, хүүхэд бүр ялгаатай, өөрийн гэсэн давуу болон сул талтай. Томчууд бид үүнийг ойлгож мэдэх хэрэгтэй. Хүүхэд өсч том болохын хэрээр улам ихийг сурч мэдэхийг хүсдэг. Асуултад нь хүндэтгэлтэйгээр хариулснаараа бид түүнд өөрийгөө хүндлэхийг зааж сургана. Танин мэдэхийн тулд хийж буй оролдлогуудыг нь урамшуулж дэмжсэнээрээ бид илүү ихийг сурч мэдэх хүсэл зоригийг нь өдөөж байдаг. Хүүхэд өөрийнхөө чадварт итгэдэг бол хожмын нэгэн өдөр тохиож болох хүнд нөхцөл байдлаас гарах гарцыг олж чадна. Хүүхэд насны сүүлийн энэ шатанд итгэлцэл маш чухал. Хүүхдүүд тодорхой бөгөөд үнэн зөв мэдээлэл, тодорхой хүлээлт, тодорхой удирдамж чиглэл, аюулгүй орчноор хангагдаж, эцэг эх нь тэдэнтэй хамт байгаа гэдгийг мэдрэх ёстой. Хүүхдээ бага байхад түүнийг өсөж торниход эцэг эх нь хэрхэн дэмжиж тусласан, яг түүнтэй адил аюулгүй орчныг бүр­дүүлж, мэдээллээр ханган хүүхдийнхээ өсөлт хөгжлийг дэмжих ёстой. Ингэхдээ хүүхэдтэйгээ тогтоосон харилцаагаа бэхжүүлж, чөлөөт цагаараа хийж байгаа зүйлд нь хяналт тавин, хүүхдийн бие даасан байдлыг нь дэмжих хэрэгтэй. Хүмүүжлийн эерэг аргыг амьдралдаа хэрэгжүүлж чадвалта хүүхдийнхээ хүмүүжилд сөргөөр нөлөөлөх бүх хүчин зүйлсийгтөвөггүйгээр даван туулж чадна. Аливаа асуудлаас холбайх таны гарц бол холын зорилгоо тодор­хойлох хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харьцах, хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгосноор ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх боломжтой.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд хамгийн түрүүнд хүүхэд хамгааллын тогтолцоог бүх шатанд нь жигд бэхжүүлж, салбар дундын хамтын ажиллагааны механизмыг тодорхой болгох нь зүйтэй ч энэ үйл ажиллагааг дангаар явуулбал өрөөсгөл. Нэг талаас нийгэм эдийн засгийн орчин талаас төрийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог сайжруулах ажил хийгдэж байхад, нөгөө талаас суурь шалтгааны тодорхой хэсгийг бүрдүүлдэг хүний зан үйлд эерэг өөрчлөлт гаргахын төлөө тасралтгүй, цөхрөлтгүй ажиллаж байж хүүхэд хамгаалалд ахиц гаргана.

Хүмүүжлийн эерэг арга нь хүчирхийллийг үл тэвчих, бусдыг өрөвдөн хайрлах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн харьцах, хүний эрхийг дээдлэхийг хүүхдэд зааж сургахыг хэлнэ. Иймээс бид хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчдэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Г.Болор-Эрдэнэ дагах барилдаанд дэлхийн дөрвөн удаагийн аваргыг яллаа

Г.Болор-Эрдэнэ дагах тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн аварга Испанийн тамирчин Алехандро Видал Алварезтай тоглож

  • Нэгдүгээр үед: 6-20
  • Хоёрдугаар үед: 3-7
  • Гуравдугаар үед: 2-6

Нийт 11-33 онооны харьцаагаар яллаа.

Ингэснээр тэрээр дагахын дараагийн шатанд Турк болон Паралимпийн хорооны дүрвэгсдийн багийн тамирчны ялсантай 18:15 цагт тоглоно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Флекситариан: Махны хэрэглээгээ хэрхэн багасгах вэ?

Сүүлийн жилүүдэд мах болон сүүн бүтээгдэхүүний оронд ургамлын гаралтай бүтээгдэхүүн илүү их анхаарал татаж байгаа билээ. Энэ нь зөвхөн “цагаан хоолтон” болон “веган” хүмүүсийн ачаар биш харин “Flexitarian” буюу “уян хатан хоолтнууд”-ын тоо нэмэгдсэнтэй мөн холбоотой юм. “Флекситариан” хүмүүс амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалздаггүй харин багасгахыг эрмэлздэгээрээ “веган” хүмүүсээс ялгаатай юм. Тэгвэл энэхүү хооллолтын давуу болон сул тал нь юу вэ? Хоол тэжээлийн мэргэжилтнүүд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Мөн махны хэрэглээгээ хэрхэн их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр багасгах вэ? зэрэг мэдээллийг танд энэ удаагийн Энтертаймэнт булангаараа хүргэж байна.


Яагаад махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй вэ?

Махнаас бүр мөсөн татгалзсанаар эсвэл махны хэрэглээг багасгаснаар таны эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гарч, байгаль орчин болон амьтдад үзүүлж буй хор нөлөө тань эрс багасах билээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн жил халдвар судлаачид махнаас аль болох татгалзах талаар ярьж эхэлсэн. Гэсэн хэдий ч “цагаан хоолтон” болон “веганчууд”-ын тоо төдийлөн өсөхгүй байгаа бөгөөд дийлэнх орнуудад махны хэрэглээний түвшин урьд урьдынхаас өндөр байна. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалзаж чадсан хүмүүс энэ үзэгдлийг тайлбарлахдаа мах огт хэрэглэхгүй байх нь тийм ч амар даалгавар биш тул махны хэрэглээ одоо хүртэл өндөр хэвээр байгааг онцолжээ.

Флекситариан дэглэмийн төрлүүд:

Цагаан хоол болон амьтны гаралтай бүтээгдэхүүн хослуулан хэрэглэх хэд хэдэн хувилбар байдаг байна.

1.Оройн 18 цаг хүртэл цагаан хоолтон

Энэхүү аргыг сэтгүүлч Марк Битман гэх хүн зохиосон бөгөөд оройн 18:00 цаг хүртэл зөвхөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй юм. Харин оройн хоолондоо заавал цагаан хоол идэх шаардлагагүй байна. Учир нь найз нөхөдтэйгөө хамт гадуур оройн зоог барих үе их тохиодог тул ургамлын гаралтай хоолыг ердийн ресторануудын цэсээс олоход төвөгтэй байдаг билээ.

13 Things I Wish I Knew Before I Went Vegan | No Meat Athlete

2.Ажлын өдрүүдэд цагаан хоолтон

Энэхүү зарчим нь маш ойлгомжтой бөгөөд мөрдөж биелүүлэхэд хялбар билээ. Түүнчлэн бусад бүх “флекситариан” дэглэмүүдийн адил хангалттай уян хатан юм. Гэхдээ та өөрийгөө хэтэрхий их хязгаарлаж байгаа мэт мэдэрвэл уг дэглэмийн дүрмийг зөрчиж болно. Жишээлбэл, хэрэв пүрэв гаригт та содон, өвөрмөц хоолтой газар найзуудтайгаа орсон боловч цагаан хоолны сонголтгүй байх тохиолдолд өөрийгөө хорилгүй махан төрлийн хоол авч идээрэй. Харин ингэснийхээ дараа бямба эсвэл ням гаригуудын нэгэнд цагаан хооллох ёстой юм шүү.

Being a Happy Weekday Vegetarian | My Cooking Without Borders

Долоон хоногийн тав хоногт нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзсанаар махны нийт хэрэглээгээ 70%-иар бууруулсантай тэнцэх юм.

3.Махгүй даваа гариг

Бусад өдрүүдээс илүү даваа гаригт бид эрүүл мэнддээ илүү анхаарал, халамж тавьдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Тухайн өдөр хүмүүс хоолны дэглэм барьж, спортоор хичээллэж, тамхинаас гарч, цахимаар эрүүл мэндийн талаар мэдээлэл хайх зэрэг үйлдлүүдийг хийдэг юм. Тийм учраас хэрэв та амьдралынхаа хэв маягийг өөрчилж, эрүүл мэндэд тань тустай зуршлуудыг хэрэгжүүлэхээр шийдсэн бол даваа гаригт эхлэх нь хамгийн тохиромжтой юм. Түүнчлэн дээр дурдсан хувилбаруудыг мөрдөхөд бэлэн биш байгаа хүмүүсийн хувьд зөвхөн даваа гаригт цагаан хооллох нь зөв сонголт болно.

Meatless Mondays // News // Campus Dining // University of Notre Dame

Уг арга барил нь Пол Маккартни ба түүний охид Мэри, Стелла нар 2009 онд Их Британи улсад “Meat Free Monday” гэх хөдөлгөөнийг эхлүүлсний дараагаар өргөн тархаж эхэлсэн билээ.Нэмж дурдахад, өнөөдрийн байдлаар энэхүү хөдөлгөөнийг дэлхийн 40 гаруй улс орон дэмжиж байна. Мөн Кэти Перри, Том Хэнкс, Опра Уинфри зэрэг алдартнууд тус хөдөлгөөнд идэвхтэй оролцдог билээ.

4.Челленжид хамрагдах

Урт хугацааны туршид ийм дэглэм барих хүсэлгүй хүмүүст тохиромжтой богино хугацааны олон төрлийн сорилтууд бий. Иймэрхүү сорилтод хамрагдсанаар та тодорхой хугацааны турш махгүй хоолны амттай жорууд, мөн махыг орлуулах ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авах болно

Veganuary Doesn't Need To Be A Challenge - Chef's Compliments.

Одоогоор хамгийн алдартай цагаан хоолны челленжээр "Veganuary" нэрлэгдэж байгаа. 2021 оны нэгдүгээр сард л гэхэд л уг челленжид 500,000 гаруй хүн хамрагдсан байна. Тэр ч бүү хэл Rammstein хамтлагийн ахлагч Тилл Линдеманн мөн тус сорилтод оролцжээ.

Флекситариан дэглэмийн давуу талууд

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд ургамал болон амьтны уургийн харьцаа 50:50 байх ёстой хэмээн зөвлөдөг. Харин EAT-Lancet байгууллагын судлаачид ургамлын гаралтай уургийг амьтны уурагтай харьцуулахад 3:1 харьцаатай байлгахыг зөвлөж байна. “Байгаль дэлхийгээ аварч, 2050 он гэхэд 10 тэрбум хүн хооллох чадвартай байхын тулд улаан махны хэрэглээг хоёр дахин багасгах хэрэгтэй бөгөөд хүнсний ногоо, жимс, самар зэрэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг эсрэгээр нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн судлаачид хэлжээ.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн гол давуу тал нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршдог юм. Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгасны улмаас гарсан ашиг тусын хамгийн тод жишээг “Хойд Карелия” төслөөс олж харах боломжтой. Тодруулбал, уг төслийн хүрээнд Финлянд улс сүүлийн 40 жилийн хугацаанд иргэдийнхээ хоол тэжээлд эерэг өөрчлөлт оруулж чадасны улмаас дундаж наслалтыг 13 жилээр нэмэгдүүлж, зүрхний өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоог долоо дахин бууруулж чадсан байна.

Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгахын хэрээр идэх хоолны тань сонголт ховордох болно гэж бүү санаа зовоорой. Сэвэгзарам, вандуй, киноа будаа, шар буурцаг, шош, төрөл бүрийн үр тариа зэрэг уургаар баялаг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүдэд уургаас гадна маханд байдаггүй ашигт орцууд болох эслэг болон антиоксидантууд агуулагддаг байна.

Идэж дассан махны амтнаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа хүмүүст таатай мэдээ дуулгахад, амт болон бүтцээрээ махнаас ялгагдахааргүй бүтээгдэхүүнүүд зах зээлд өдөр ирэх тусам илүү өргөн сонголттойгоор танилцуулагдаж байна. Мөн Стэнфордын саяхны хийсэн судалгаанд жирийн мах болон ургамлын гаралтай махан котлетын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг харьцуулсан бөгөөд ургамлын гаралтай мах нь илүү эрүүл болохыг тогтоосон билээ.

Н.ЦОГЗОЛМАА


Categories
мэдээ улс-төр

Шүүхийн тухай хуулийн нэгдсэн цахим сантай боллоо

2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аас Шүүхийн тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн баталсан нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болсон.

Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт, тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинэ хуулийн дагуу эмхлэн байгуулах ажил зогсонги байдалд орсонтой холбоотой шүүгчид хариуцлага тооцох, улмаар шүүхийн захиргааны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд хүндрэл үүсээд байна. Энэхүү нөхцөл байдал нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул Шүүхийн тухай хуулийн хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага үүсээд буй юм.

Нээлттэй нийгэм Форум нь 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бодлогын хэлэлцүүлгээс эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдах хүртэлх хугацаанд өрнөсөн бодлогын хэлэлцүүлгийг архивлан нэг дороос харах боломжтой мэдээллийн цахим сан болгон нийтэд танилцуулж байна.

Түүнчлэн, 2021 оны хуулийг 2012 болон 2002 оны шүүхийн тухай хуулиудтай агуулгын хувьд харьцуулан тус хуулийг хэрэгжүүлэгч талууд болон хэрэглэгчдэд хүргэж байгаа аж. Энэхүү мэдээллийн сан нь ННФ-ын цахим хуудаст байрлах бөгөөд www.shuukh.forum.mn хаягаар орж танилцах боломжтой байна.

Шүүхийн тухай шинэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаантай холбоотой аливаа дүн шинжилгээ хийхэд энэхүү мэдээллийн сан тус дөхөм болно хэмээн үзэж байгаа бөгөөд хуулийн үзэл баримтлалыг бүрэн дүүрэн ойлгож хэрэгжүүлэхэд хууль батлах явцад өрнөсөн бодлогын хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой мэдээлэл болох юм.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд зам тээврийн ослоор нийслэлд найм, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүний хүн амь хохирчээ.

Нийслэлд хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч машинд мөргүүлсэн осол гурав гарсан бол орон нутагт автомашинаас хүн унасан, онхолдсон осол гарчээ.

Харин нийслэлд 29, орон нутагт 17 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ автомашин жолоодсон зөрчил гаргажээ.

Хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасаж өнгөрөх шаардлагатай байна.

Хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ

МҮИС-ийн удирдлагууд БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг “МҮИС хуулийн этгээдийн хувьд нэрээ баталгаажуулсан. Тиймээс ажил хэргийн нэр хүндээ хамгаалж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна. МҮИС-ийг луйвар хийдэг гэж хэлсэн үгэндээ уучлалт гуйх, сайдын хувиар няцаалт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга гаргахыг шаардаж байна” хэмээн саяхан мэдэгдэл хийсэн.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа “МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.

Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй…” хэмээн бичжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерийн усанд боогдсон 380 тооны бог малыг шилжүүлжээ

Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин наймдугаар сард хоногт 1-2 см нэмэгдэж, олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байна.

Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг газарт үерийн усанд боогдсон 300 тооны хурга, 70 ишиг, 10 хонийг Онцгой байдлын газрын алба хаагчид завиар зөөвөрлөж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж ажилласан байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Архангай аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад анхааруулах мэдээ:

Есдүгээр сарын 3,4-нд ихэнх нутгаар бороо, 5,6-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Олимпод оролцсон сагсан бөмбөгийн шигшээ баг Канадын Их дуулгад өрсөлдөнө

“Токио-2020” зуны олимпод оролцсон Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн эмэгтэй шигшээ баг Канадын Их дуулга тэмцээнд өрсөлдөхөөр болжээ.

Канадын Их дуулгад Монголын баг Б хэсэгт Польш, Испани, Канад улсын багтай хүч үзэх бол А хэсэгт Нидерланд, Герман, АНУ, Австри улсын баг өрсөлдөнө.