Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Төмөр замын 1000 машины зогсоолд ногоочид өөрсдийн тариалсан хүнсний ногоогоо худалдаалж эхэлсэн билээ.
Тус цэгт хүнсний ногоо хэдэн төгрөгөөр худалдаалж буйг сурвалжиллаа.
Одоогоор Төмөр замын 1000 машины зогсоолд 100 гаруй ногоочин худалдаа эрхлэхээр болсон бөгөөд тус захыг зорин очиход 20-оид ногоочин байлаа. Ажлын өдөр хүн муу байдаг тул зарим ногоочид хараахан ирээгүй байна хэмээн Б.Сувд хэлж байв. Тэрээр:
Энд зогсоод сар болж байна. Өмнө аль хүн ихтэй гэх газраар гадаа зогсож ногоогоо зардаг байсан. Байн байн цагдаа ирж зөвшөөрөл нэхээд суулгадаггүй хэцүү байсан. Харин одооноос дүүрэг болгонд ногоо зарах зөвшөөрөлтэй талбай гаргаж өгч байгаа нь их тус болж байна гэв.
Тус ногооны цэгт ихэвчлэн ногоо, цөөн төрлийн жимс худалдаалж байгаа бөгөөд ногоочид өөрсдийн хөдөлмөрөө шингээж тарьсан ногоогоо нийслэлчүүдэд борлуулахаар хөдөө орон нутгаас зорин ирээд буй нь энэ. Төв, Сэлэнгээс ирсэн ногоочид голдуу харагдлаа. Тэд энэ жилийн ургац хураалт сүүлийн жилүүдийг бодвол арвин байсныг хэлж байв.
Ногооны худалдааны цэгт тарвас 2500 төгрөг, төмс 600-800 төгрөг, лууван 2000, өргөст хэмх 2000, сонгино 1500-2000 төгрөг, манжин 1800 төгрөгөөр тус тус борлуулж байв. Сүүлийн нэг сард тогтвортой байгаа ханш гэнэ. Ногоочид үнээ нэмээгүй гэж байлаа.
Худалдан авагч Б.Цэрэнтогтох “Машинтай л ирж ногоо авахгүй бол энэ байрлал нь хол болохоор байн байна ирэх хүндрэлтэй хэцүү байна. Уг нь иргэдтэйгээ ойр газар байршуулаад зарвал хүндрэлгүй сайхан л байна. Машины зогсоол ч ховор замын хажууд зогсож байж ногоогоо авч байна” гэлээ.
“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 24 байршил:
Баянгол дүүрэг-2 цэг
- 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
- 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд
Сүхбаатар дүүрэг-6 цэг
- 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно
- 7-р хороо, 4-р байрны хойно
- 9-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
- 12-р хороо, 32-ын тойргийн дэргэд
- 13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу
- 16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд
Хан-Уул дүүрэг-4 цэг
- 2-р хороо, Ажилчдын алдар талбайд
- 7-р хороо, Яармагийн хуучин эцэст
- 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
- 2-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд
Сонгинохайрхан дүүрэг-3 цэг
- 14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд
- 22-р хороо, Орбитын тойргийн дэргэд
- 37-р хороо, Содон хорооллын талбайд
Баянзүрх дүүрэг-3 цэг
- 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
- 4-р хороо, Жуковын талбайд
- 8-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд
Чингэлтэй дүүрэг-2 цэг
- 4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд
- 5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд
Налайх дүүрэг-1 цэг
- 2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд
Багануур дүүрэг-1 цэг
- 1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд
Багахангай дүүрэг-2 цэг
- 1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд
- 2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд
Н.ЦОГЗОЛМАА