Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд ажиллах шинжилгээний цэг.
Шинжилгээний цэгүүд 09:00-23:00 цаг хүртэл ажиллана
Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд ажиллах шинжилгээний цэг.
Шинжилгээний цэгүүд 09:00-23:00 цаг хүртэл ажиллана
“Агнистын гэгээ” цувралын дуун хөрвүүлэгч П.Бадралтай ярилцлаа.
–Таныг ярилцлагынхаа лидэнд нийтлэлч, шашин судлаач, лам гэж тодотгохгүйгээр зүгээр “Агнистын гэгээ” цувралын дуун хөрвүүлэгч гэчихэж болох уу?
-Өөрөө л мэд. Дуун хөрвүүлэгч хүнддэхгүй бол их мундаг үг л дээ. Ном ёс гэж хэлдэг үнэний утга чанар өнгөрсөн, ирээдүйд үргэлж хэвээрээ. Түүнийг илэрхийлдэг дуун буюу үг дохио орон, цаг, нөхцөл байдалдаа тохирч үргэлж хувьсаж ирсэн. Түүнийг мэдэрч хэлмэрч болохыг л дуун хөрвүүлэгч гэдэг.
–Буддын ном, судруудын ихэнх нь төвөд хэл дээр, монгол хэлнээ орчуулсан бүтээлүүд нь найруулгын хувьд энгийн хүмүүсээс хол учраас энэ их ухааны жинхэнэ мөн чанар жирийн олонд хүрэхгүй байх шиг санагддаг. Харин буддын сод оюунтнуудын сургаал номыг багтаасан “Агнистын гэгээ” тэс өөр, хэн ч уншсан зүрхэнд ойр буухаар энгүүн сайхан уншигддаг. Тийм болохоор таныг ингэж тодотгомоор санагдсан юм аа. Ийм том ухааны ном судруудыг хэн ч ойлгох хэлбэрээр хүн төрөлхтөнд хүргэсэн Ошо гэдэг хүн таны хувьд хэн бэ?
-Ер нь аливааг онолоор ойлгох нэг хэрэг. Мэдэрч таних тэс өөр зүйл. Миний хувьд Ошо гэдэг хүн амьд Будда. Би Шашны дээд сургууль төгсчихөөд нирваан гэж юу болохыг мэдрээгүй явсан хүн л дээ. Энэ хүн надад нирваан гэж юу болохыг мэдрүүлсэн. Наад захын жишээ гэхэд л би Ошо багштай учраад Мялын дууллыг, Ноён хутагтынхаа “Үлэмжийн чанар”-ыг ойлгож мэдэрсэн. Тэр хүчээр л “Агнистын гэгээ” монгол хэлнээ бууж байгаа. “Агнистын гэгээ”-г уншсан хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед Будда нар байсан гэдгийг мэдрэх байх. Өөрөө ч түүний үргэлжлэл болохоо ойлгох биз ээ. Тэгэхгүй бол үлгэр домог шиг юм болчихоод байсан.
–Бурхад, гэгээнтнүүд гэхээр л санаанд буумгүй хол ертөнцөд төсөөлөгдөж, буддизм гэхээр амьдралаас хөндий ямар нэг юм гэж хараад байдаг л даа, бидний олонх. “Агнистын гэгээ”-д хуучин судрын үгээр байгаль гэдэг үгийг оршихуй хэмээн хөрвүүлсэн гэж ярьж байсан. Яагаад, ямар учраас оршихуй гэж хөрвүүлсэн юм бол?
-Байгаль гэдэг үгийг мянга таван зуун жилийн өмнө Нирун гүрний үед л ном судрын үг болгож хэрэглэж байсан. Өнөө үед өөрөөр ойлгогдох болсон учраас би дээдсээсээ уучлал эрээд оршихуй гэж орчуулсан юм, “Агнистын гэгээ”-д. Байгаль гэдэг маань уг чанартаа байхуй. Хаанаас ирээд хаашаа буцахыг л хэлээд байгаа хэрэг. “Гал” гэсэн дагавар уг язгуур чанарыг тодруулж байгаа юм. Нууц тарнийн их шидтэнүүд нирваан гэдэг үгийн оронд байгаль оршихуй гэсэн үгийг орлуулж тавьсан. Хоосон чанарыг гэгээн гэрэл, үлэмжийн чанар гэдэг үгээр орлуулсан шигээ. Цаанаа их учиртай.
–Хаанаас ирээд хаашаа буцах гэснээс буддизмд үхэл бол амьдралын төгсгөл биш гэж үздэг. Сүүлд физикийн шинжлэх ухааны доктор Г.Лхагваа багштай ярилцаж суухад энэ үзлийг Энергийн хуультай холбож тайлбарлаж байсан л даа…?
-Амьдрал үргэлжилдэг гэдгийг монголчууд ямар ч эргэлзээ, ямар ч измгүйгээр мэдэрч ирсэн үндэстэн. Буддизмээс өмнө ч тийм байсан. Наад захын жишээ гэхэд л өөд болсон хүнийхээ биед тэмдэг тавьдгийг та мэдэх байх. Амьдрал үргэлжилдэг, үхэл гэдэг дээл солихын төдий зүйл гэдгийг ухаарч мэдэрсэн хүмүүс зоригтой болчихдог. Мянган жилээр үргэлжилсэн дундад зууны харанхуйг ярсан хүмүүс нь монголчууд байсан нь цаанаа ийм учиртай. Зүгээр нэг цээжээ дэлдэж омгорхох яах вэ. Дээдсийнхээ совин мэдрэмжийг л ухаарах хэрэгтэй. Амьдралын мөн чанарыг таньсан үндэстний дайтах нь ч, мөргөх нь ч утгатай. Социализмын үеийг шударга, сайхан байжээ гэж дурсах хүн олон таардаг. Социализм сайхандаа биш, монгол хүний уг язгуур ухаан арилаагүй байсан үе. Алтай хангай шиг хөгшид байлаа, тэр цагт. Харамсалтай нь өнөөдөр тэр хөгшид маань алга. Сүүлийн хэдхэн жилийн дотор алга болчихлоо. Байлаа гэхэд өдрийн од шиг ховор. Бужаагаа оршуулснаас хойш нутгаадаа явах сэтгэл нэг л төрдөггүй. Цаадах шалтгаан нь энэ л дээ.
–Долоохон настай жаахан хүү Бужаагийндаа бурханы ном заалгая гээд дэгдээд очсон гэж ярьж байсан чинь санаанд орлоо. Бүр жаахнаасаа бурханы ном үзэх чин хүсэлтэй хүү явжээ…?
-Аав, ээжийгээ ажилдаа явсан хойгуур…(инээв). Яваад ортол Бужаа босоогүй байсан юм. Над руу нэг их гайхаж харснаа “Яах гэж ирээв хүү минь” гэхээр нь “Ном сурахаар ирлээ” гээд авчихлаа. Тэгээд л Бужаагаасаа ном дуулж эхэлсэн дээ. Ер нь хар багын л бурханы номд дурлаж тэмүүлсэн мэдрэмж хүчтэй байсан шиг санагддаг. Намайг Шашны дээдэд ороход Бужаа “Чамаас “Чойрын ном хөөх үү, орчуулга хөөх үү?” гэж асуувал орчуулгаа хөөе гэж хэлээрэй. Чойрын ном хөөвөл миний хүү ганцаардана шүү” гэж захиж билээ. Бужаагийн хоёр ах нь гавж, нэг нь буудуулж, нөгөө нь баригдахаа мэдээд найр хийчихээд алга болчихсон гэдэг. Өвөг дээдсээ бодвол “Манайх чинь чойрын номтой гавж нарынхан, хүү минь залгаж яваарай” гэж ирээд захиж болно доо. Хожим эргээд ухах нь ээ явах зам мөрийг минь зөнгөөрөө мэдэрч адислаж байжээ гэж боддог. Одоо Энэтхэг, Төвөдөд олон жил сураад байдаг ном чинь чойрын ном шүү дээ. Буддын философи л гэсэн үг. Надад тийм боломж байсан ч хаашаа ч яваагүй. Зүгээр л явмааргүй санагдаад байдаг юм.
–Шашны дээд сургуульд орсон түүх чинь сонирхолтой санагдсан. Есдүгээр ангидаа аравдугаар ангийнхаа хичээлийг хамтатгаж үзэж, арваа онц төгсчихөөд Шашны дээдэд элсэж байсан гэл үү?
-Тэгсэн түүх бий. Би чинь Ховдын Дарвийнх. Тэр үед Шашны дээд сургууль гурван жилд нэг удаа элсэлт авдаг байсан юм. Намайг хотод ирээд есдүгээр ангид суралцаж байхад элсэлт авах жил нь таараад хоёр ангийнхаа хичээлийг зэрэг үзсэн хэрэг. Шашны сургуульд сурах бөөн хүслэн болсон нөхөрт тэгж хичээх асуудал байгаагүй. Гэхдээ хамгийн сонин нь шалгалт өгсний дараа миний өнөө хамаг чадлаараа хичээж судалсан бүх хичээл тархинаас алга болчихсон. Тэр үед
“Тогосны чамин өд нугасны дэгдээхэйд хэрэггүй шиг
Толгой тархи гашилгасан томьёо дүрмийн оронд
Ялгуусны гэгээн судраас ганц шадынх нь ч болов
Яруу утгын рашааныг шимж суух минь жаргал сан” гэж бичиж байлаа (инээв).
–Түрүүн та нэг сэдэв хөндсөн дөө, оршихуйн хуулийг мэдэрдэг байсан монголчуудын тухай. Тэр яриагаа үргэлжлүүлэх үү, хоёулаа?
-Өндөр гэгээн бясалгалаас гарч ирэх үед тодорч үзэгдсэн үсгэндээ Соёмбо буюу “Өөрөө тодрох гэгээ” гэсэн нэр өгсөн гэдэг. Бид үнэнийг танина гэж байхгүй. Тэр өөрөө тодорч бидэнд танигдана. Бид гол нь өөрийгөө суллаж, хаалт бөглөөгөө арилгах хэрэгтэй. Шинжлэх ухаанч, юмыг мэдчих нэг хэрэг. Мэдрэх бол тэс өөр зүйл. Хуйлах нэг өөр, хуйлрах өөр. Тавих нэг хэрэг, тавирах бас ондоо. Мэдрэх дээр жинхэнэ соёл иргэншил цэцэглэх боломжтой. Монголд дээхнэ үед элдэв гэмт хэрэг, хулгай дээрэм тэр бүү хэл шорон гэх ойлголт байгаагүй, шилийн сайн эр гэж байсан ч тэр нь огт өөр утгаар ойлгогдож явсан. Үүнийг л соёл иргэншил гэдэг. Зуухан жилийн өмнө Америкт хар, цагаан арьстан тусдаа суудал дээр суудаг байсан бол монголчуудад арьс өнгөөр ялгаварлах ойлголт байгаагүй. Шашин шүтлэгээр ч ялгаварладаггүй байсан. Чингис хаан Чанчун бумбаас ном сонсох гээд яадаг билээ, гурван удаа захиа илгээгээд ирэхгүй болохоор нь “Биеэ угааж мацаг бариад таныг хүлээе” гэдэг. Оюун санааг тэгж хүндэлж байсан. Ийм соёл гагц Их Монголын үеэс ч биш Хүннү, Сүннүгээс улбаатай. Хархориноос Өгөөдэй хааны 64 баганат ордон олдоогүй. Харин буддын хийд олдсон. Хүн төрөлхтний их хаад өөрсдөдөө зориулж бунхан, пирамид, хөшөө босгож байхад Чингис хааны онгон өнөөг хүртэл олдоогүй. Бусад 38 хаадынх ч олдоогүй. Би үгүй гэдэг чинь тэр шүү дээ.
–Буддын би үгүй гэх үзлийг эртний хаад мэдэрч ухаарсан учраас онгон шүтээн, булш бунхан нь үлдээгүй гэж үү?
-Яг тийм. Хар хоринд эзэнт гүрний нийслэлээ босгоод буддын сүм бүтээсэн нь харин үнэн. Чуу мэргэний “Ном ёсыг үеийн үед хамгаалах болно” гэсэн алдартай үг бий. Алдартай үг гэснээс уг язгуур, үндэс угсаагаа мэдрэлгүйгээр тэр хаан тэгж хэлсэн, энэ ноён ингэж хэлсэн гэх мэт зохиомол үгс цөөнгүй дуулддаг.
–Жишээ нь ямар үг?
-“Эх нутгийн минь газар шорооноос эрхий дарам газрыг бурхан гуйсан ч бүү өг” гэдэг үгийг хүн бүр мэдэх байх. Бидний өвөг дээдэс тийм байгаагүй. Хоосон ирээд хоосон буцах хорвоогоо мэдэрч таньсан улс юу гэж ийм дэмий галзуу үг хэлэх вэ дээ. Байгаль эхээ мэдрэх хайрлах, минийх гэж дөвчигнөх хоёр ялгаатай. Тэгэхээр хүн ер нь мэдрэмжтэй л байх хэрэгтэй. Монгол хүмүүс яагаад мэдрэмжтэй байсан бэ гэдэг асуултын хариу нь их энгийн. Байгаль дэлхийтэйгээ нэгдэж чаддаг, оршихуйн хил хязгааргүйг мэдэрч байсан. Тэгэхээр энэ үгийг хэлсэн хүн өөрийнхөө нэрийг тавих хэрэгтэй.
–Сүүлийн үед гэгээнтнүүд их тодорч байна. Бараг л аймаг сум болгоноос гэгээнтэн төрөх нь холгүй энэ үзэгдлийг шүүмжлэх хүн олон байна л даа. Бас Монгол дахь буддизм Төвөдөөс хэт хамаарсан гэсэн шүүмжлэл ч давтамжтай дуулддаг…?
-Жинхэнэ гэгээнтэн олон тодорвол сайн л биз. Гэхдээ нэг үнэн юм нь Будда, Нагаржуна, Шантидэва, наян дөрвөн шидтэн өөрсдөө л бясалгаж гэгээрч тодорч үйлс бүтээлээ туурвиж явсан. Хэн нэгнээс шагнал, жуух шиг цол авч яваагүй. Манайд зөндөө л бясалгагч гэгээнтнүүд тэр замаар яваа гэж боддог. Төвөдөөс хамаарч байгаа нь нэг л дэг сургууль. Ном ёсыг бүгдийг төлөөлөхгүй. Наян дөрвөн мянган номын ёс гэж хэлдэг. Хязгааргүй гэсэн үг. “Агнистын гэгээ”-д гарч байгаа олон сургаал ном, жишээ нь Сарахагийн дуулал, Адиша Богдын билгүүн шастир, Диловагийн Махамутар, ловон Бадамжунайн Зогчин сургаал тэргүүтэн олон үед дарагдаж байсан нууц номууд. Цаг нь болоод дэлгэрч байгаа хэрэг. Шарын шашнаас ондоо нь ч үнэн. Би “Бодь мөрийн зэрэг”-ийн гуравдугаар ботийг орчуулахдаа үүнийг илүү тод ойлгосон. Богд Зонхова тэр замаараа гэгээрсэн байж болно. Бодол бодлоо үгүйсгэсээр хоосонд тулах зам л даа. Тултал нь явахгүй бол бүүр ягшмал загварт орно. Гэхдээ тэр нь зөвхөн Богд Зонхова шиг төлөвийн хүнд тохирсон зам байх. Гэтэл монголчууд ямар үндэстэн билээ. Дуулж, найрлаж, цэнгэж суугаад гэгээрдэг. Энэ чинь улаан малгайтын ёс. Би сая ярьсан даа, Өндөр гэгээн соёмбо үсгээ “Өөрөө тодрох гэгээ” гэж тодотгосон тухай. Үүний цаана хүчилж таних гэсэн ойлголт үгүй байгаа биз. Өөрөө тодрох билгийн гэгээ, үлэмжийн чанар гэж энэ. Тийм учраас Өндөр гэгээн Очирдар амьд шүтээнийхээ зүрхэнд ловон Бадамжунайн атга элсийг нуусан байдаг юм.
–Та сошиал хуудсандаа “Миний зэн сүм…” гэж бичсэн байсан. Зэн сүм гэдэг нь…?
-Гэрээ хэлж байгаа юм (инээв). Ороо, тавиураа өөрийн гараар модоор хийхдээ, тэр бурханаа залахдаа ийм бодлоор бүтээсэн.
–Таны залсан бурхан Шагжамүни юу?
-Гаутам Будда номын хувцастай байдаг, харин миний залсан бурхан футболкатай байгаа биз. Энэ бол Амитаба. Амитабаг гал улаан өнгөөр нь таньдаг. Эрлэг Номун хааныг үйлийн үрийн хуулийг сахиулагч гэж бэлгэддэг дээ. Үйлийн үрийг ялах өөр хүч бас бий. Тэр нь Амитаба. Үйлийн үрийн хуулийг дарсан толгой. Бужаагаасаа анх сурсан ном бол Ерөөлийн хаан судар. Хэзээ нэгэн цагт утгыг нь тайлна даа гэж боддог байлаа, тэр үед. Тэнд “Хэн нэгэн ингэж ерөөж мэдэрсэн даруйд хорвоогийн хамгийн хүнд нүглийг үйлдсэн ч бай цаглашгүй гэрэлт Амитабаг харна” гэсэн мөр бий.
–Д.Нямсүрэн найрагчийн “Амитаба”-г унших дуртай, сайхан шүлэг…
-Д.Нямсүрэн найрагч эртний монгол өвгөдийн л үргэлжлэл. Би түрүүн Алтай хангай шиг сайхан хөгшчүүл алга болчихлоо гэсэн гутранги өнгөтэй зүйл ярьсан даа. Гэхдээ эртний монгол өвгөдийн ухаан тасрахгүй гэдэгт эргэлздэггүй. Би ч гэсэн тэднийхээ үргэлжлэл нь. Амитабагийн гал улаан өнгө бол хүсэл тачаалын бэлгэ тэмдэг. Хүсэл тачаал гэж нэрлээд байгааг билиг билгүүнд урвуулдаг язгуур нь Амитаба. Сараха тэргүүтэн наян дөрвөн шидтэн ийм замаар гэгээрсэн. Балчгаас ургасан бадам гэдэг дээ. Хорвоо балчиг шавар юм бол тэндээсээ л цэцэглэнэ гэсэн үг.
–Та манай шашинд Төвөдийн нөлөө хэт их байгаа гэсэн хариу шууд хэлээгүй ч толгой дохилоо гэж ойлголоо…?
– Олон зуун жил үргэлжилж байгаа явдал. Төвөдүүд Энэтхэгээс, бид Төвөдөөс бурханы номыг авсан. Тухайн цаг үед тэгэхээс аргагүй байсан. Одоо цаг өөр болсон. Хүн төрөлхтөн хөгжиж байна. Бид бурханы номыг заавал Төвөдөөс авах шаардлагагүй. Тийм шаардлагагүй болсон учраас “Агнистын гэгээ” бүтэж байна. Өмнө нь төвөд хэлгүй л бол бурханы ном үзэхэд хэцүү байсан. Харин одоо бол “Агнистын гэгээ”-гээс эртний дээдсийн бүх бүтээлийг харчих боломжтой. Ц.Дамдинсүрэн багшийн “Хар авдарт ном бий Хазгар өвгөнд эрдэм бий Хахир говьд эрдэнэ бий Хамаагүй басаж болохгүй шүү” гэсэн үг бий. “Агнистын гэгээ” тэр их үүцийг л задлаад байгаа юм. Түүнээс биш шинэ юм байхгүй. Эхний боть дээр нь би “Мартагдсан хуучныг шинэ гэдэг” гэж онцолсон нь ийм учиртай. Товчхондоо эртний дорнын соёлыг үлдээхийн тулд “Агнистын гэгээ”-г бүтээж байгаа юм. Энэ бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл. “Агнистын гэгээ”-г бүтээчихлээ, одоо энэ бүтээлийн ард ганц том асуулт бий. Ном ёсыг яаж хүлээж авах вэ гэсэн соёлын асуудал.
–Ном ёсыг хүлээж авах соёлын асуудал гэдгээ энгийнээр тайлбарлавал…?
-Энгийнээр хэлбэл, хувь хүний асуудал болоод үлдэж байна л даа. Авахыг нь аваад хаяхыг нь хаяад гэсэн зорилгоор энэ номыг уншвал юу ч авахгүй. Энд чинь тухайлбал амь биеэрээ тахил өргөж байж Наро хутагтын сонссон Махамутар, есөн жил хана ширтсэн Бодидарма багшдаа гараа тайрч өргөөд сонссон ном байна шүү дээ. Тийм нандин нууц номыг задалж байгаагаараа би ч пянгаа даахад хэцүү. Хэрвээ та энэ ном сургаалын сав болж уншиж чадвал миний алдас арай нимгэрэх байх. Хамгийн гол утга нь энэ. Хүн “Би яах гэж амьдраад байна вэ” гэж өөрөөсөө асуудаг даа. Ингэж асуудаг хэрнээ энэ асуултдаа чин үнэн хариу эрдэггүй. Бусдыг, өөрийгөө хуураад яваад байдаг. Гэхдээ хүний амьдралд яг энэ асуултыг өөрөө өөрөөсөө чин үнэнээр асуух мөч тохиодог. Чухам тэр үед л энэ ном бүрэн утгаараа нээгдэнэ. Өөртөө ийм асуулт тавихдаа хэнд ч ялархах хэрэггүй. Маш шударгаар асуулт тавьсан цагт хариулт нь шударга ирдэг.
–Таны “Алсын оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд…” гэж ирээд эхэлдэг шүлэг их гоё. Шүлгээ бичиж байгаа юу?
-Би их цөөхөн шүлэгтэй ч өөрийгөө найрагч гэж боддог (инээв).
–Тэгэлгүй яахав, ганц часхийсэн шүлэг ч найрагч гэдгийн том баталгаа…?
-Магадгүй. Шүлэг гэснээс би чамд нэг онигоогоо ярьж өгье. Би “Намайг ойлгодог ганц хүн байвал Нарт орчлонг би диваажин гэж дуулъя” гэж бичиж байлаа, тээр жил хүүхэд байхдаа. Ерээд онд шиг санагдаж байна. Гэтэл өнөөдөр сошиал орчинд тэр шүлэг маань яг тэр янзаараа явахаар ичээд болохгүй юм (жуумалзав).
–Одоо тэр шүлгээ засаад хэлчихэж болно шүү дээ?
-“Намайг ойлгох хэн ч байхгүй бай Нарт орчлон диваажин хэвээрээ” гээд засчихъя (инээв).
–Диваажин гээд налайхад хэцүү л амьдрал эргэн тойрон өрнөөд байх шиг?
-Хүний ходоодонд баян, ядуугийн ялгаа байхгүй. Ямар ч хүн өдөрт 5000 төгрөгөөр л амьдарчихна. Хоёр ширхэг өндөг, нэг талх, сайхан шөл, илүү юм хэрэггүй. Өдөрт 5000 төгрөгөөр хоол идлээ гэхэд сарын хүнсний өртөг 150 мянган төгрөг. Амьдрал ийм амархан. Гэтэл зарим хүмүүс “Амьдрал чинь алаан байхгүй юу” гээд амьдралаа там болгоод байдаг. Зүгээр тийм хоббитой байж болно. Миний хобби бол аль болох хялбар дээр нь тавих. Гэхдээ нийгэм хэцүү л дээ. Одоо энэ сургууль боловсрол байна. Хүүхдүүдийг хар багаас нь тамлаж байна. Өдөр шөнөгүй хичээл даалгавар гээд. Бидний үед өдөр өнгөрч өгөхгүй гэрийн ажлаа хийж усаа зөөж, модоо хагалчихаад дуртай номоо уншаад, ядарч цуцталаа тоглоод явдаг байсан. Сургууль багш нарыг ч үзэн ядалтай биш. Нэг л хэцүү, ёстой “Амьдрал алаан байхгүй юу” гэдэг ой тойнд буумгүй галзуу тоглоомоор хүүхдүүдийг залхааж байна. Ноён хутагтын “Хүний нас хэмжээтэй, сурах юм хэмжээгүй. Утгатай амин шимийг л хүртэж жаргаж яваарай” гэсэн сургаал бий. Өнөөдрийн хувьд, яг энэ асуудлын тухайд хувь хүн өөрөө л ухаарч сэрэхээс өөр зам алга даа. Зиндааны анд, Баасаа ламынхаа дуулдаг шиг “Хайрлаарай” л гэмээр байна.
–Хайрын тухай таны бодлоор ярилцлагаа өндөрлөе гэж бодлоо?
-Хайрыг хүмүүс янз бүрээр ангилж, нэрлэж ялгаж салгадаг. Гэхдээ байгаль чанартаа нэг л байх. Би зовж ганцаардах үедээ хайраар дутсан даа гэж эндүүрч явснаа анзаардаг. Хайраар дутсандаа биш эргэн тойрон, бүр дотор гүний гүнд буй хайрын далайгаа мэдрэхгүй үедээ л тэгдэг байх нь гэж ойлгоод байна. Мэдэрч сурах, тэрэндээ оршиж сурах хэцүүхэн л юм. Гэхдээ яваад л бай, яваад л бай гэдэг багш бурхадын үг улам тодрох шиг санагддаг.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 46 цэгт 59 багийн 403 эмч, ажилтан ажиллаж, 4848 иргэнийг дархлаажуулна. Цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажилана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Хүмүүнлэгийн их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
–Афганистаны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Талибан бүлэглэл Кабулд хяналтаа тогтоолоо. Талибан хөдөлгөөн, Талибан бүлэглэл гэхчлэн янз бүрээр бичиж байна. Тэд чухам хэн юм бэ. Юу хүсээд байна вэ?
-Афганистаны асуудал хүйтэн дайны үед ч, хүйтэн дайны дараах үед ч, ХХI зууны эхний хоёр арван жилд ч дэлхий нийтийн анхаарлын төв байсаар ирсэн. Афганистан нь Баруун өмнөд Азийн геополитикийн чухал цэг, бүр XIX зууны үеэс “great game” хэмээх Их Британи-Хаант Оросын нөлөөллийн хүрээний бүсэд өртөж байсан нутаг юм.
1990-ээд оны дундуур Афганистаны пуштун омгийн дунд лалын шашны тулгуур үзэл болох Шариатын хуулийг баримталж гарч ирсэн хэт туйлширсан радикал хөдөлгөөнийг Талибан гэж нэрлэдэг. Талибан гэдэг нь миний ойлгосноор “Аллахын үнэнч шавь” гэсэн утгатай юм болов уу. Шариатын ёсоор дундад зууны үеэс уламжлагдан ирсэн шашны бурангуй ёс жаяг, хэм хэмжээг өдөр тутмын амьдралдаа баримтлах явдал юм. Тэд 1996-2001 онд Афганистанд Засгийн эрх барьж, Аль-Кайда террорист байгууллага, Осама Бин-Ладентэй нягт холбоотой байсан, тэгээд юу болсныг бид бүгд сайн мэднэ. АНУ Талибан хөдөлгөөнийг 1996 онд, НҮБ 2001 онд террорист байгууллагын жагсаалтад оруулсан санагдаж байна.
Жо Байдены Засаг захиргаа 2021 оны есдүгээр сарын 11 гэхэд Афганистанаас цэргээ бүрмөсөн гаргахаа мэдэгдэж байсан. Гэвч наймдугаар сарын 31 болгож наашлуулсны дараа ялангуяа өнгөрсөн тавдугаар сараас тэдний байлдааны ажиллагаа эрс эрчимжлээ. Жо Байден 10-аадхан хоногийн өмнө хэлэхдээ “Бид 20 жилийн турш нэг их наяд ам.долларыг зарцуулж, хүн хүчний багагүй хохирол амссан. Афганистаны 300 мянга гаруй цэрэгтэй үндэсний армийг сурган бэлтгэж, орчин үеийн зэвсэг техникээр тоноглосон. Тэд одоо өөрсдийнхөө төлөө, улс орныхоо төлөө тэмцэх цаг нь ирсэн. Харин армийн санхүүжилтийг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн нь талаар болов. Талибанчууд урьдчилан төсөөлж байгаагүйгээр богинохон хугацаанд Кабулд тайван замаар хяналтаа тогтоолоо. Тэдний хүсэл америкчуудыг Афганистанаас хөөн гаргаж хувь заяагаа афганчууд өөрсдийн бүрэн мэдэлд авахыг чухалчилж байсан болов уу.
–Афганистаны ойрын төлөв байдал ямар байдлаар өрнөх бол. Шинэ Засгийн газар хэрхэн яаж бүрдэхээр байна вэ?
-2014 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ашраф Гани өөрийн бараа бологсдын хамт их хэмжээний бэлэн мөнгөтэй Арабын нэгдсэн Эмират улс руу дүрвэсэн тухай мэдээлж байна.
Афганистаны дэд ерөнхийлөгч Амрулла Салех Үндсэн хуулийн дагуу өөрийгөө тус улсын түр ерөнхийлөгчөөр зарласан ч тэрбээр ямар ч эрх мэдэл, хүч чадавх байхгүй юм. Афганаас Америкийн цэрэг, иргэдийг гаргах тодорхой төлөвлөгөө Жо Байдены Засаг захиргаанд байгаагүй тухай, сүүлийн 20 жилийн тэмцэл ямар ч үр дүнгүй өнгөрлөө хэмээн шүүмжилж байна.
Харин Талибаны хэвлэлийн мэдэгдлээс харахад тэд 1990-ээд оныхоосоо нэлээд өөрчлөгдсөн, аядуу болсон төлөв байдал ажиглагдаж байна. Төрийн байгууллагууд ажлаа хэвийн үргэлжлүүлж, эмэгтэйчүүдэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, исламын хуулийн болон үндэсний соёлын хүрээнд нийцүүлэн засаг захиргааны бүтцэд орж ажиллах боломжийг олгоход бэлэн байна гэж тэд ярьж байна. Бүх талыг оролцуулсан засгийн газар байгуулж, энх амгалан байдлыг тогтоохоо амлаж байгаа. Талибаны тэргүүлсэн улс төрийн шинэ тогтолцоо, нээлттэй, хүртээмжтэй Засгийн газар байгуулахаа амлаж, мөн ямар бүтэцтэй, яаж ажиллах талаар яриа хэлэлцээ Кабулд хэдийнэ эхэлжээ. Ерөнхийлөгч асан Хамид Карзай, Үндэсний эвлэрлийн зөвлөлийг тэргүүлж байсан Гадаад хэргийн сайд асан Абдуллах Абдуллах зэрэг хүмүүс оролцож байгаа бололтой. Талибаны удирдагч гэх Муллах Абдул Гани Барадар Катараас Кандагарт ирсэн нь яриа хэлэлцээ эрчимтэй үе шатандаа орсныг харуулж байгаа байх.
Ер нь үндэсний эвлэрлийн засгийн газар л хамгийн зөв, боломжит гарц байх болов уу. Хамгийн гол нь Афганы асуудал Сири шиг олон жил сунжирсан иргэний дайн болж даамжрахгүй бололтой байна. Энэ тохиолдолд Афганистаны “дүрвэгсдийн давлагаа” гэсэн аюулаас урьдчилан сэргийлэх талтай.
–Афганистаны асуудалд Орос, Хятадын баримталж буй байр суурь сонирхол татаж байна…
-Хятадын ГХЯ “АНУ-ын цэрэг Афганистанаас яаран гарч буй нь Вашингтоны бодлого бүрэн дампуурсныг харууллаа. Энэ үйл явдал Афганчуудад улс орноо хөгжүүлэх чухал боломжийг олгож байна” хэмээн мэдэгдсэн байна лээ. Долдугаар сарын сүүлчээр Хятадын Дипломат албаны тэргүүн Ван И бээр талибаны төлөөлөгчдийг Тяньжинд хүлээн авч уулзсан нь тэднийг хүлээн зөвшөөрсөн үйл явдал болсон. Хятадын тал Афганистанд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлж, дотоод хэрэгт нь оролцолгүйгээр Афганд энхтайван тогтоох үйлсийг дэмжихээ илэрхийлжээ. Талибаны тал Шиньжан-Уйгурт сөргөөр нөлөөлөхгүй гэсэн амлалт өгсөн бололтой. Афганистан бол “нэг бүс-нэг зам” дэд бүтцийн санаачилгад хамрагдаж байгаа юм. Харин дараахан нь хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдлээс харахад Афганы хэрэгт Хятадыг гүнзгий оролцуулах бодолтой байх шиг. ОХУ Кабулд ЭСЯ-аа хаахгүй, учир нь Талибаны тал баталгаа гаргаж өгсөн юм байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний дагуу Орос-Узбекийн хамтарсан хээрийн сургууль Афганы хилийн ойролцоо боллоо. ОХУ өнгөрсөн 10 жилийн дайнаас сургамж авч нэг их орооцолдохгүй байх. ЗХУ 1979 оны арванхоёрдугаар сард Афганистанд цөмрөн орж, цэргийн хүчээр түрэмгийлэн эзэлсэн нь олон улсын харилцаанд төлөвшөөд байсан 1970-аад оны намжмал байдлыг бүхэлд нь эвдэн нураасан. Тиймээс ч 1980 оны зуны Москвагийн олимпийн эсрэг ЗХУ, өрнөдийн орнууд хориг тавьсан юм. Москвагийн Олимпрд дэлхийн 81 улс орон ЗХУ-ын түрэмгийллийн улмаас оролцож чадаагүйг хүмүүс тэр болгон мэддэггүй. Дээрхтэй холбогдуулан АНУ болон Өрнөдийн орнууд ЗХУ-ын эсрэг эдийн засгийн томоохон хориг арга хэмжээг авч эхэлсэн нь ЗХУ-ын хувьд юуны өмнө үр тариа, хүнсний хангамжид ноцтой сөрөг нөлөө үзүүлж байсан юм. Ер нь Төв Азид геополитикийн шинэ нөхцөл буй болж эхэллээ. Туркменистаны байнга төвийг сахих статус ч хүндхэн байдалтай нүүр тулахаар байна. Харин Кабул Талибаны хяналтад орсны дараахан Ж.Байден мэдэгдэхдээ “Афганистан дахь АНУ-ын хүчин шинэ улс орон байгуулахыг, ардчиллыг цогцлоохыг огт зорьж байгаагүй. Афганистан дахь бидний цорын ганц үндэсний ашиг сонирхол бол Америкийн газар нутагт террорист халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх байсаар ирсэн” гэсэн. Тэрбээр үргэлжлүүлэн, “Бидний стратегийн жинхэнэ өрсөлдөгчид болох БНХАУ, ОХУ-ын хувьд АНУ-ыг Афганистанд тодорхойгүй хугацаагаар олон тэрбум ам.долларыг үргэлжлүүлэн зориулаасай гэж хүсэх нь гарцаагүй юм” хэмээн нэмж хэлсэн байна.
–Афганистаны асуудлаар НҮБ–ын Аюулгүйн зөвлөл даваа гаригт яаралтай хуралджээ. “Их Долоогийн бүлэг” ч удахгүй цахим саммит хийхээр болсон. Энэ тухайд таны бодлыг сонсмоор байна?
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистан дахь тэмцэл сөргөлдөөнийг нэн даруй зогсоож, эмэгтэйчүүдийн бүрэн, тэгш оролцоотой бүх талын төлөөлөл бүхий шинэ Засгийн газрыг байгуулахыг уриалжээ. Мөн Афганистаны олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг шударгаар үргэлжлүүлж, афганистанчууд, гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой хэмээн мэдэгдсэн байна. Зөвлөлийн гишүүд Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтыг бэхжүүлж, “Талибан” болон Афганистаны бусад бүлэглэл, хувь хүмүүс аль ч улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй террористуудыг дэмжих ёсгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ маш чухал. Наймдугаар сарын 15-нд АНУ, Их Британи, Япон зэрэг 60 гаруй орон хамтарсан мэдэгдэл гаргасан. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ярилцаж “Их Долоогийн бүлэг”-ийн цахим саммит хийж бодлого, үйл ажиллагаагаа зохицуулахаар болсон. Зарим гүрнүүд Афганд үзүүлэх тусламжийн хөтөлбөрөө зогсоогоод байна.
–Британийн Засгийн газар Афганистанаас 20 мянган дүрвэгч хүлээн авч, суурьшуулах хөтөлбөр баталсан байна лээ?
-Тус улс гэхэд үе шаттайгаар Афганы дүрвэгсдийг хүлээн авахаар болж байна. Ерөнхийдөө Өмнөд Вьетнамын Сайгон хотоос америкчууд гарч байсан үеийн дүр зураг харагдаж байсан. Талибанчууд Кабулд хяналтаа тогтоосны дараа эмх замбараагүй байдал даамжирч, Хамид Карзай олон улсын нийсэх онгоцны буудал дүрвэгчдээр дүүрч байсан ч байдал аажмаар хэвийн болж байгаа бололтой юм.
–Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистан дахь үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас хичнээн хүн амь үрэгдсэн бэ?
-Эвслийн хохирогчдын тоо Талибан болон Афганистаны энгийн иргэдээс хамаагүй илүү бүртгэгдсэн байдаг юм билээ. АНУ-ын Brown их сургуулийн хийсэн судалгаагаар Афганистаны аюулгүй байдлын хүчний хохирлыг 69 мянга гэж тооцоолжээ. Энд амиа алдсан энгийн иргэд болон зэвсэгт босогчдын тоог тус бүр 51 мянга орчим гэж тогтоосон. 2001 оноос хойш эвслийн 3500 гаруй цэрэг амиа алдсан бөгөөд тэдний гуравны хоёр нь америкчууд бөгөөд АНУ-ын 20 мянга гаруй цэрэг шархадсан байна.
–Афганистаны домогт генерал Достум гэгч цэргээ засаж талибантай үзэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?
-Абдул Рашид Достум бол Афганистаны узбек гаралтай нэртэй улстөрч. 2014-2020 онд Афганистаны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Афганистаны үндэсний армийн маршал, Афганистаны “Исламын Үндэсний хөдөлгөөн” улс төрийн намыг үүсгэн байгуулагч, удирдагч хүн. Достум нь Зөвлөлт-Афганы дайны үед Зөвлөлтийн тал барьсан Засгийн газрын армийн гол командлагч байсан. 2001 онд Талибаныг засгийн эрхээс унагахад АНУ-ын тусгай хүчин, Тагнуулын төв газартай идэвхтэй хамтран ажиллаж байсан юм. Түүнийг Афганистаны дайн эхэлснээс хойш хамгийн хүчирхэг, хамгийн нэр хүндтэй цэргийн зүтгэлтэн гэж үнэлдэг юм билээ. Гэхдээ Талибанчууд орон даяар хяналтаа тогтоож өөрсдийн тэргүүлсэн, бүх талын оролцоотой Үндэсний эвлэрлийн засгийн газар байгуулах тухай яриа хэлэлцээ нэгэнт эхэлчихсэн цаг үед түүний оролдлого амжилт олохгүй болов уу. Нөхцөл байдал өөрчлөгдсөнийг ухаарах хэрэгтэй болж байна. Иргэний дайн үнэхээр уршигт үр дагавартайг Афганы улстөрчид, ард түмэн нь ойлгож байх шиг байна.
–Монгол, Афганистаны харилцааны талаар юу нэмж хэлэх вэ?
-Монгол, Афганистаны хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон байдаг бөгөөд 1978 он хүртэл ёслолын чанартай явж иржээ. Харин ЗХУ-ын дэмжлэгтэй 1978 оны Саурын хувьсгал буюу дөрөвдүгээр сарын коммунист хувьсгал Афганистанд ялсны дараа Бүгд найрамдах ардчилсан Афганистан улсыг байгуулж социалист чиг баримтлалтайгаар хөгжих болсон. Ер нь ЗХУ өөрийнхөө хил залгаа бүс нутгуудад социалист дэглэмтэй нөлөөллийн буфер байгуулах бодлогыг ямагт явуулж ирсэн байдаг. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрийн дагуу БНМАУ-аас Бүгд найрамдах Ардчилсан Афганистан улсад суух байнгын ЭСЯ-ыг 1978 оны арванхоёдугаар сард Кабул хотноо нээсэн байдаг. Анхны суурин элчин сайд М.Даш бээр 1979 оны долдугаар сард Афганистаны Ардын Ардчилсан намын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга, Афганистаны Хувьсгалт Зөвлөлийн анхны дарга Нур Мохаммад Таракид Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан. 1970-1980-аад онд БНМАУ ЗХУ социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай гадаад бодлогоо уялдуулан зохицуулж байсны нэг жишээ нь дээрх баримт юм.
Монголын ЭСЯ анхандаа “Камбул” зочид буудалд байрлаж байгаад 1983 онд ЭСЯ-ны шинэ байрыг 99 жилийн хугацаагаар өмчилж, худалдан авч, нүүж орж байжээ. Улаанбаатар хотноо Афганистаны ЭСЯ БХЯ-ны хажуу талын тохилог хоёр давхар байранд байрлаж, афган оюутнууд Монголын Засгийн газрын зардлаар МУИС-д суралцаж байсан. 1983 онд Ю.Цэдэнбал даргын урилгаар, Афганистаны Ардын ардчилсан намын гурав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бабрак Кармаль, 1989 онд Ж.Батмөнх даргын урилгаар Бүгд найрамдах ардчилсан Афганистан Ард улсын хоёр дахь ерөнхийлөгч, Афганистаны Ардын Ардчилсан намын дөрөв дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Нажибулла нар Москвад айлчлаад дараа нь Монгол Улсад тус тус айлчилж байсан түүхтэй. Уг айлчлалаар БНМАУ-ын “капиталист бус хөгжлийн зам”-ын туршлага судалж, Сүхбаатарын одонгоор шагнуулаад буцаж байсан. Афганистанд иргэний дайн ширүүсч, нөхцөл байдал ноцтой хурцадсан үед 1992 онд хоёр тал ЭСЯ-аа албан ёсоор хаасан.
2003-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд, 2015-2021 онд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын мандаттай оролцож үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. 2015 онд манай ГХЯ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулсан “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоо хоногийн сургалт-семинарт Афганы 10 гаруй дипломатчид оролцсон. 2018 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээн дээр” сэдэвт олон улсын бага хуралд Афганистаны Стратегийн судалгааны газрын Ерөнхий захирал др. Фарамаз Таммана, Афганистаны ГХЯ-ны Бодлого, стратегийн газрын дэд захирал Азизулла Омар гээд төлөөлөгчид оролцож байсныг санаж байна. Миний бие тухайн үед энэ хуралд оролцож байсан юм. Монгол Улс 2014 онд Афганистанд суух Монгол Улсын элчин сайдаар дари хэлтэй, мэргэжлийн дипломатчийг томилсон байдаг. 2018 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсаас Монгол Улсад Бээжингээс хавсран суух элчин сайд нь Итгэмжлэх жуух бичгээ барьж байв.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тодруулбал өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны 04:37 цагт Алаг-Жрдэнэ сумаас Хойд зүгт 74 км зайд 5.4 магнитудын газар хөдлөлт болсон байна.
Аргын тооллын наймдугаар сарын 23, Сумъяа гариг. Билгийн тооллын 16, Чөдөр одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 05:58 цагт мандан, 19:52 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Халуун эгэх улирал (6:38 цаг)-т эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Агнистын гэгээ”
цувралын дуун хөрвүүлэгчП.Бадрал “Агнистын гэгээ”
бол олон үеийн монгол
сэхээтний мөрөөдөл” хэмээснийг “Өөрөөс нь” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Ковидын халдвар
есдүгээр сарын дундуур оргил үедээ
хүрч болзошгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Чанга гар” хүсэх, мухар сүсэг, туйлширсан
үндсэрхэг үзэл нь эх орноо там болгодгийг
Афганаас бид харж байна” гэв.
Хөвсгөл
аймгийн Онцгой байдлын
газрын Эрэн хайх аврах
салбарын бүлгийн дарга,
ахмадХ.Мөнхбат “50 орчим хүүхдийг завиар
зөөвөрлөн Дэлгэрмөрөн голоор гаргаж
ЭЕШ-ыг нь өгүүлсэн” гэснийг “Цаг үе” нүүрээс уншаарай.
Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аараа Улаанбаатар-Дархан чиглэлд
зорчиход замын нөхцөл
ямар байгааг км бүрээр нь
тэмдэглэж, сурвалжлав. Улаанбаатар-Дархан
чиглэлд 96 км-ийг шинэ
замаар туулж байна. Энэ тухай IX нүүрээс уншаарай.
Оточ Манрамба их
сургуулийн багш, хүний
их эмч Б.Батчимэг “Хий махбодыг тэнцвэржүүлэх эм, эмчилгээ нь
урт наслуулах, хөгшрөлтийг удаашруулах арга юм л даа” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
МИАТ компаниас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу наймдугаар сарын 24, 26-нийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй болно. Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандана уу” гэсэн байна.
Афганистаны Талибан хөдөлгөөн нийслэл Кабул хотыг хяналтдаа авснаас хойш долоо хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар Талибан хөдөлгөөн шинэ засаг захиргаа байгуулах яриа хэлэлцээ хийж, Афганистаны иргэд Талибан хөдөлгөөн шинэ засаг захиргааг хэрхэн тогтоох бол гэсэн хүлээлттэй байна.
Талибан хөдөлгөөн наймдугаар сарын 15-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авч Афганистаны Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнууд улс орноо орхин гарснаар тус улсын албан ёсны засаг захиргаа тарсан.
Өнөөдрийн байдлаар Кабул хотын зах худалдааны байгууллагууд эргэн нээгдэж, хүмүүсийн өдөр тутмын амьдрал тодорхой хэмжээнд хэвийн байдалдаа орж эхэлж байна.
Гэхдээ Кабул хотын ихэнх дэлгүүр, бүх банк хаалттай байна. Иргэдийнх нь олонх нь гэрээсээ гарахгүй, нөхцөл байдал хаашаа эргэхийг харзнасан байдалтай байгаа юм байна.
Харин улс орноосоо дүрвэх гэсэн олон мянган хүн Кабулын нисэх онгоцны буудалд цугласан хэвээрээ байна. Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яам бямба гарагт түгшүүр зарлаж, аюулгүй байдлын үүднээс шинэ заавар очтол нисэх онгоцны буудалд ирэхгүй байхыг тус улсад оршин суугаа иргэддээ зөвлөсөн байна.
Талибан хөдөлгөөний хоёрдугаар удирдагч Муллах Абдул Гани Барадар Кандахар хотоос энэ баасан гарагт нийслэл Кабулд ирсэн байна. Түүнийг шинэ Засгийн газар бүрдүүлэх яриа хэлэлцээг тэргүүлнэ гэж ажиглагчид таамаглаж байна.
Талибан хөдөлгөөн ойрын хэдэн долоо хоногт багтааж шинэ Засгийн газрын бүтцийг танилцуулахаар төлөвлөж байгаа гэж тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээллийг “Ройтерс” агентлаг иш татан мэдээлжээ.
Харин Афганистаны ард түмний дунд айдас түгшүүр улам нэмэгдэж байгаа юм байна. Талибан хөдөлгөөн 1996-2001 оны хооронд улс орныг хянаж байх үедээ исламын шашны хатуу дүрэм журам тогтоож, хүний эрхийг зөрчиж байсан юм.