Categories
гадаад мэдээ

ХБНГУ-ын Канцлерын ОХУ-д хийсэн айлчлал

Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерын хувиар ОХУ-д сүүлчийн айлчлалаа хийлээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд хэлэлцээ хийжээ. Гурван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн үед Москва, Берлиний хооронд хийсэн яриа хэлэлцээ илэн далангүй, утга учиртай, буулт хийхэд чиглэсэн байсан гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Хоёр удирдагчийн хувьд энэхүү уулзалт нь цар тахал дэгдсэнээс хойших анхны бөгөөд мөн бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй Германы Засгийн газрын тэргүүнийг үдэх уулзалт болов. Меркель есдүгээр сард болох сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдсэн учир 2005 оноос хойш хашиж буй албан тушаалаа удахгүй орхих юм.

ОХУ-ын ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр Афганистаны засгийн эрх хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнд шилжсэн талаар анх удаа тайлбар хийж, 2024 оноос хойш Украинаар дамжуулан Европ руу хий нийлүүлэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон байна.

“Канцлер Меркель Европ, дэлхийн хамгийн нэр хүндтэй удирдагчдын тоонд зүй ёсоор багтдаг”. “Хатагтай Меркельтэй Орост уулзахдаа бид үргэлж баяртай байх болно” гэж Оросын удирдагч онцлон тэмдэглэжээ.

Афганистаны тухайд

•“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэлийг оруулаад тус улсын бараг бүх нутаг дэвсгэрийг

хянаж байна. Энэ бодит байдал бөгөөд үүнээс үүдэн бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой” гэж Путин мэдэгдсэн байна. Одоо террористуудыг дүрвэгсдийн нэрийн дор хөрш зэргэлдээ улс орнуудад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх нь чухал бөгөөд “олон нийтийн дэг журам тогтоох талибуудын үйл явцыг” НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зохицуулах үүрэг оролцоотойгоор сайтар хянаж байх ёстой” гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна.

•”Афганистанд явуулсан НАТО -гийн ажиллагааны хувьд үүнийг мэдээж амжилттай гэж нэрлэж болохгүй. Гэвч энэ газрыг дэвсэлж ярих нь бидний ашиг сонирхолд нийцэхгүй” гэж Оросын удирдагч онцлов.

•Меркелийн хэлснээр, Берлиний хувьд НАТО-гийн ажиллагаанд 20 жилийн турш Германтай хамтран ажилласан хүмүүст тусламж үзүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. “Бидэнд, Бундесверт (Германы Зэвсэгт хүчин), цагдаа нарт, тусалсан хүмүүс Афганистанаас гарах боломжтой байх ёстой” гэж Германы Канцлер хэлсэн байна. Тэрбээр “Талибан”-тай хэлэлцээ хийх үеэрээ НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хөндөхийг Оросын талаас хүсчээ.

Украины талаар

•Путин “Өмнө нь хүлээсэн бүх үүргээ биелүүлэх тал дээр Украины талд нөлөөлөхийг Меркелээс хүсэв”. Учир нь Германы Канцлер Киевт айлчилж байгаа юм.

•Түүний хэлснээр, Украины удирдлага “Нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэхээс зарчмын хувьд татгалзаж”, Минскийн хэлэлцээрийг ерөнхийдөө биелүүлэхгүй байгаа сэтгэгдлийг Москвад өгчээ.

•Киев Донбасс дахь шилжилтийн үеийн тухай хуулийг баталснаар “Украин Минскийн үйл явцаас дангаар гарч буйг харуулж байна гэсэн үг юм” гэж Оросын удирдагч онцлон тэмдэглэв.

•Меркель “Нормандын формат” нь зорилгодоо хүрч чадаагүй боловч энэ нь маргаантай асуудлуудыг хэлэлцэх цорын ганц улс төрийн хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хий нийлүүлэх тухайд

•Путиний хэлснээр “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг тавих ажил бараг дууссан бөгөөд “далайгаар тавих 15 км л үлджээ”. Энэ нь Украины нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаас 2000 км-ээр богино бөгөөд Европ руу хий дамжуулах явцыг тав дахин бууруулах боломжийг олгох аж.

•”Бид 2024 оноос хойш Украинаар дамжуулан хий нийлүүлэхэд бэлэн байна. Гэхдээ бид ямар хугацаагаар, ямар хэмжээгээр нийлүүлэхээ мэдэх хэрэгтэй, харин үүнийг мэдэхийн тулд биднээс хэр ихийг худалдаж авахад бэлэн байгаа талаар Европын түншүүдээсээ бид хариулт авах ёстой” гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ. Үүнээс гадна дамжин өнгөрөх гэрээ нь Украины хий тээвэрлэх системийн төлөв байдлаас хамаарах аж.

•Герман улс 2024 оноос хойш Украинаар дамжуулан хий нийлүүлэхийг хэвээр байлгахыг дэмжиж байгаа гэж Меркель онцолжээ.

Навальныйгийн тухайд

•Навальный “улс төрийн үйл ажиллагааныхаа төлөө бус, харин хууль зөрчин гэмт хэрэг үйлдсэн хэргээр” шийтгүүлсэн болохыг Путин дурдсан байна.

•”Авлигатай тэмцэх нь маш чухал зүйл боловч үүнийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгон ашиглах ёсгүй. Үүнээс гадна, хуулийг өөгүй дагаж мөрддөг хүмүүс авлигатай тэмцэх ёстой” гэж ОХУ-ын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.

•Навальныйд оноосон шийтгэлийг Меркель “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж нэрлээд түүнийг суллах ёстой гэж дахин мэдэгдсэн байна.


Орчуулсан

Г.Амарсанаа
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 2496 жирэмсэн эх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд I тунд 154, II тунд 616, III тунд 391, нийт 1161 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.7 хувь, II тунгийн хамралт 68.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2496 (21 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 47.461 (53.4 хувь), 16-17 насны 21.112 (62.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их, дээд сургуулийн элсэлт эхэллээ

Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Улсын хэмжээнд 82 шалгалтын байранд 40420 шалгуулагчийг хамруулан амжилттай зохион байгуулжээ. Ингээд өнөөдрөөс их, дээд сургуулийн элсэлт, бүртгэл эхэлж байна.

Их, дээд сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд баклаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог

  • Төрийн өмчийн их, дээд сургуульд 480,
  • Төрийн бус өмчийн их, дээд сургуульд 410,
  • Орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоосон.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1566 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1566 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 342 нь Улаанбаатарт,
  • 1224 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн 41-60 насны нэг хүн, 61-80 насны нэг, 80-аас дээш насны хоёр хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 902 боллоо.

Сүүлийн цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 10928 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 6303
  • хүндэвтэр: 3542
  • хүнд: 898
  • нэн хүнд: 185 хүн байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Баттөр: Ковидын халдвар есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй

-ИРГЭД ДОР БҮРТЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТАЛБАЛ ЦАР ТАХЛЫГ ЭРСДЭЛ БАГАТАЙ ДАВЖ ЧАДНА-


ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд дельта вирус олныг түгшээх боллоо. Нийт сорьцын хэдэн хувьд нь дельта илрээд байна вэ. Яаж илрүүлж байгаа вэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Япон руу явуулсан сорьцод зөөвөрлөгдсөн дельта вирус бүртгэгдсэн. Гэхдээ тэр үед дотоодын халдвар байгаагүй. Зургадугаар сард Япон руу дахин явуулсан 160 сорьцын 38-ынх нь хариу ирсэн.

Арван хувьд нь дельта вирус байгааг тогтоосон. Мөн альфа болон Монголд тархаж байгаа өвөрмөрц хувилбар байна гэсэн мэдээ авсан. Вирус нэг хүний биеэс нөгөөд орохдоо хувьсаж өөрчлөгдөж байдаг. Ийм вирус тодорхой хувийг эзэлж байна.

Бид тавдугаар сараас эхлэн PCR-т суурилсан мутаци хувилбаруудыг илрүүлэх шинжилгээ хийж байсан. Үүнийгээ баталгаажуулахын тулд Япон улс руу сорьц илгээгээд MJS шинжилгээгээр баталгаажуулж байгаа. ДЭМБ хэрэв MJS-ийн шинжилгээ хийх боломжгүй бол PCR-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийж болно гэж үзсэн. Одоо бид альфа, дельта вирусийг илрүүлэх шинжилгээг PCR-т суурилан хийж байна. Япон улс руу явуулсан сорьцууд PCR-т суурилсан шинжилгээний хариутай таарч байгаа.

Тэгэхээр бид дараагийн мутаци хувилбарыг илрүүлэх сорьцыг шинжилгээнд явуулах, үлдсэн шинжилгээнийхээ хариуг хүлээх ямар ч шаардлагагүй. PCR-т суурилсан мутаци хувилбараа илрүүлэх шинжилгээнд үндэслээд шийдвэрүүдээ гаргаад явах нь илүү цаг хугацаа хожино. Тиймээс улсын хэмжээнд байгаа сорьцуудаас дээж авч PCR-т суурилсан мутаци хувилбар илрүүлж байгаа. Өдөр бүрийн тохиолдлын тоо их байх тусам дельта хувилбар хурдан тархах магадлалтай. Тохиолдлын тоог бага түвшинд бариад байвал дельта хувилбар тархах эрсдэл нь бага байна. Долоо хоногт арван хувиар нэмэгдээд байгаа зүй тогтол харагдаж байна. Орон нутгийн тухайд 10-50 хувьд нь дельта вирус илэрч байгаа. 50-иас дээш хувьд дельта илэрсэн аймгуудад үнэлгээ хийгээд үзэхэд ойрын хугацаанд аялал жуулчлал хурим найр, баяр наадам ихэссэнтэй холбоотой байна. Зөвхөн бөх барилдах, морь уралдахыг зөвшөөрсөн. Гадаа болохоор эрсдэл багатай гэж үзсэн хэрэг. Гэтэл нэг гэрт арав, хориулаа тойрч суугаад айргаа тойруулж уугаад найр хурим хийгээд байхаар халдвар улам нэмэгдэнэ шүү дээ. Тэнд нэг вирустэй хүн дуулахад л тэр гэрт байгаа бүх хүн зэрэг халдвар авах эрсдэлтэй. Халдвар хамгааллын дэглэмийн үед маскаа аваад хоол идэхдээ хоорондоо битгий ярь гэдэг зөвлөмж өгч байгаа. Гэтэл маскаа аваад чанга дуулна гэдэг бол тэр хүмүүст бүгдэд нь эрсдэл үүсгэж байна. Харин хурим найранд очсон хүн масктайгаа удаан хугацаагаар суугаад байна гэж байхгүй. Баян-Өлгий аймагт гэхэд 300 хурим найр болсон байна. Наадам болоод л 3-4 хоногийн дараа шууд тохиолдлын тоо 100-гаас дээш гараад явчихаж байх жишээтэй. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй.

-Есдүгээр сард хичээл цуглахаар вакцин хийлгээгүй хүүхдүүд илүү эрсдэлтэй. Эцэг, эхчүүдийн хувьд сургууль, цэцэрлэг эхэлсэн болоод хаагдах байх гэсэн бодолтой байна. Танайхаас хийсэн судалгаагаар нөхцөл байдал ямар байхаар байна?

-Сүүлийн хоёр долоо хоногийн хувьд тогтвортой буурч байсан тохиолдлын тоо маань жигд болоод ирсэн. Энэ бол цаашдаа буурахгүй, ихсэх магадлалтай гэсэн дохио. Буцаад өгсөх нь тодорхой болчихлоо. Бидний тооцоолж байгаагаар есдүгээр сарын дундуур хамгийн оргил үедээ орно. Магадгүй зургадугаар сарын оргил үе шиг халдварын тоо өдөрт 2500-3000-д хүрч болзошгүй. Гэхдээ нөхцөл байдал ийм болох уу, үгүй юү гэдэг нь иргэдийн цэвэр ухамсрын асуудал. Юун түрүүнд вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс маань вакцин хийлгээгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэд болон хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг.

-Вакцин гэхээр манайхан хятад нь муу, орос нь сайн гээд л хошуурцгаах юм. Нөгөө хэсэг нь вакцин бол туршилт гээд туйлширч байна. Аль улсын вакцин нь илүү үр дүнтэй байна вэ?

-Ямар ч вакцин байсан нас баралт, хүндрэлээс тодорхой хэмжээгээр сэргийлнэ гэдэг нь ойлгомжтой. Дэлхий нийтээрээ судалж байгаа судлаачдын хүлээн зөвшөөрч буй зүйл бол дельта хувилбарын эсрэг вакцинуудын халдвар авахад нь хамгаалах үр нөлөө буурч байна гэдгийг дуу нэгтэйгээр баталж байна. Хэр түвшинд байна вэ гэдгийг улс орон болгон судлаад явж байгаа. Вакцин бол хүндрэл, нас баралтаас 90-95 хувьтай сэргийлж байна. Халдвар ямар нэг хэмжээгээр тархана. Вакцинтай байхад хүндрэл, нас баралтаас сэргийлж байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг эхлэхэд хөл хөдөлгөөн яалт ч үгүй нэмэгдэнэ. Автобусанд шахцалдана. Орон нутгаас оюутнууд ирцгээнэ. Оюутны дотуур байр гэхэд 200-300 оюутантай, дундаа нийтийн бие засах газартай. Хэрэв тэнд халдвар гарвал өрөөнд нь тусгаарлана гэсэн ойлголт байхгүй. Халдвартай оюутан нийтийн бие засах газар руугаа орж л таарна. Дээрээс нь хоёр жил уулзалдаагүй оюутнууд бөөгнөрч, наргиж, цэнгэнэ. Гэхдээ баяр наадамтай зүйрлэхийн аргагүй. Бид хоёр жил хүүхдүүдийнхээ сургуулийг хорьчихлоо. Цаашид халдвар хамгааллынхаа дэглэмийг эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ оролцоотой баримтлаад явуулахад халдварын эрсдэл бага. Хичээл сургуулийн хувьд бүгд эхлүүлэхийн төлөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд халдвар хамгааллынхаа дэглэмийг ямагт баримтлах ёстой. Мөн вакциндаа бүрэн хамрагдмаар байна. Ялангуяа 18-34 насны залуучуудын 80 гаруй хувь нь вакцин хийлгэсэн байна.

-Дельта хувилбарын шинж тэмдэг, эмчилгээ нь альфатай ижил үү?

-Шинж тэмдэг нь бага зэрэг өөр. Нус гоожино, хоолой өвдөнө. Гэхдээ нийтлэг ханиад томууны шинж тэмдэг илэрнэ. Өвөрмөц тэс өөр шинж тэмдэг илэрнэ гэсэн юм байхгүй. Дээр нь ерөнхий эмчилгээний зарчим яг адилан. Амьсгалын замын хүндрэл өгч байна. Архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн маань илүү өртөж байгаа.

-Одоо эмнэлгүүдийн ачаалал ямар байна вэ. Дельта хувилбарын 95 хувь нь эмнэлэгт хэвтэнэ гэж мэдээлж байсан шүү дээ. Дотуур байранд ор дэлгэж байсан. Оюутнууд ирчихээр орны хүрэлцээ яах бол?

-Зургадуугаар сарын оргил үед улсын хэмжээнд 15 мянган хүн эмнэлэгт хэвтэж байсан. Өнөөдрийн байдлаар энэ тоо 9000 руу орсон. Үүнээс 4000 гаруй нь Улаанбаатарт байна. Орны хүрэлцээний хувьд халдвар хамгааллын дэглэмээ сахиад явах юм бол эрсдэл бага байна гэдгийг дахин санах хэрэгтэй. Оюутны байрны хувьд заримыг нь дайчилсан Эмчилгээний зарчим адилхан. Бид өнөөдөр альфа байвал тайвширч, дельта гэвэл хөл хорио тогтоох юм шиг нөхцөл байдал үүсэх гээд байна. Цаашид дельтаплас гэдэг хувилбарууд гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч тохиолдолд вакциндаа хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ барих нь байна шүү. Үнэхээр иргэдийн маань оролцоо чухал. Тодорхой хэмжээний хариуцлагагүй иргэд байгаад байна. Цар тахлын үед иргэд маань 100 хувь хариуцлагатай байя аа.

-Улирлын томуугийн вакциныг хэзээнээс хийх вэ. Вакцин хоорондын хугацаа ямар байх ёстой вэ?

-Вакцин хоорондын хугацаа ямар байх вэ гэдэгт шийдвэр гаргах ёстой. Зарим хувийн эрүүл мэндийн байгууллагууд улирлын томуугийн вакцин оруулаад ирсэн байна лээ. Улсын эрүүл мэндийн байгууллагуудын ханган нийлүүлэлт хийгдэнэ. Аль болох эрт хугацаанд эхлүүлэх нь зөв. Маскаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад байвал өнгөрсөн жилийнх шиг томуугаас хол байх бүрэн боломжтой. Гэхдээ өнөө жилийн онцлог нь сургууль, цэцэрлэгээ нээж байгаа болохоор тодорхой дэглэмээр, эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг орохгүй. Богино хугацаагаар хичээллээд, агаар сэлгэлт хийх зэрэг арга хэмжээ авбал халдварыг бага эрсдэлтэй давах бүрэн боломжтой.

-Хэрэв тухайн ангид халдвар гарвал хэсэг хугацаанд карантилна гэж байсан. Халдвар нэмэгдээд байвал сургууль, цэцэрлэг хаах хэмжээнд яригдах уу?

-Өдөр бүрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Халдварын голомт хаана гараад байна. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа болж шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Тэрнээс сэргийлж аль аль талдаа хариуцлагатай, хянамгай байх хэрэгтэй.

-Альфагаар халдварласан хүн дельтагаар өвчлөх үү?

-Өвдөөд эдгэрсэн хүн халдвар авсан тохиолдол цөөхөн бүртгэгдэж байна. Гэхдээ Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй. Зарим хүмүүс хоёр дахиа халдвар авлаа гээд байсан. Яг бодитой асуугаад үзэхээр шинж тэмдэг илэрсэн болохоос PCR хийлгээд баталгаажуулаагүй гэх тохиолдлууд гарч байсан.

-Ковидоор өвдөөд эдгэрсэн хүнд хэдий хугацааны дараа дархлаа тогтох вэ?

-Дэлхий нийтээрээ байгалийн болон вакцины дархлаа нь хэдий урт хугацаанд тогтоож байгаа юм бэ гэдгийг судалж байна. Анхнаасаа вакцин хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ бариад яваарай гэдгийг ДЭМБ-аас хүртэл анхааруулж байсан шүү дээ.

-Өдөрт яг хэдэн хүнд шинжилгээ хийж байна вэ. ЭМЯ-наас төдөн тохиолдол илэрлээ л гэх юм. Дотоодын оношилгоо эмчилгээний нөөц, төсөв мөнгө нь хангалттай байна уу?

-PCR-ын шинжилгээг зөв стратеги тактиктай хийх ёстой. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж бий. Олон улсын гаргасан зөвлөмжүүдийн дагуу бид арга хэмжээ авч байгаа. PCR шинжилгээний тоо огцом буурсан юм байхгүй. Олон улстай харьцуулж харсан. Хэдийд буурдаг вэ гэхээр хагас бүтэн сайнд бүх нийтээр амралтын байдалтай байдаг үед. Гэсэн хэдий ч 500-1000-гаар л буурч байгаа. Тогтмол 6-7 мянган хүн PCR-ын шинжилгээ өгч байна. Үүн дээр эерэг илрэх хувийг тооцож үздэг. PCR эерэг илрэх хувь тохиолдлын тоо буурахад Улаанбаатарт таван хувь руу дөхсөн. Ерөнхийдөө энэ тоо таван хувиас буурахад халдварыг хяналтандаа авлаа гэж үздэг. Гэтэл эргээд халдварын тохиолдол нэмэгдэхээр 15 хувь руу өгсөж байна. PCR шинжилгээний тооноос хамаарахгүйгээр ерөнхийдөө дотор нь эерэг илэрч байгаа хувийн хөдлөлзүйгээр халдварын үзүүлэлт харагддаг.

Эмчилгээний хувьд долдугаар сарын 1-нээс эхлээд эрүүл мэндийн байгуулагууд өөрсдөө эмийнхээ нөөцөө бүрдүүлээд явах бүрэн боломжтой болсон. Ковидоор эмчлүүлж байгаа хүмүүсийн зардлыг эрүүл мэндийн даатгалаас нэмээд өгсөн. Хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээнд долоон сая гаруй төгрөг зарцуулж байна. Эмчилгээний зардал дөрөв, гурав, 1.5 сая гэх мэтчилэн шаталсан өртөгтэй. Өрх дээр хянагдаж байгаа хүнд 160 мянган төгрөгийн эмчилгээний зардал тусгаж байгаа.

-Улирлын томуугийн тохиолдол ямар байна вэ. Ковидтой эндүүрэгдэх тохиолдол байна уу?

-Тогтмол тандалт судалгаа хийж байгаа. Энэ хугацаанд томуугийн эрсдэл буурсан. Магадгүй маск, хөл хөдөлгөөний хязгаарлалт бусад хүчин зүйл нөлөөлсөн байх. PCR-аар цөөн тохиолдолд хуурамч эерэг тохиолдол байгаа. Дээр нь бусад халдварт өвчин рүү анхаарахгүй бол болохгүй. Манайх орон нутаг сүрьеэ-ковид гэсэн хосолсон танадалт судалгааг хийж байгаа. Орон нутагт сүрьеэгийн эмч нар ковидын эмчилгээнд дайчлагдаад сүрьеэгийн илрүүлэлт буурсан талтай. Нөгөөтэйгүүр ХӨСҮТ-ийн ачааны их нь болох ДОХ, БЗХӨ байна. Глобал сан, ДЭМБ-аас санхүүждэг төслүүдээрээ дамжуулж илрүүлэг эмчилгээ үйлчилгээг хийж байгаа. Дээр нь санаа зовоосон асуудлын нэг бол гепатит байна. Улсын хэмжээнд гепатиттай 400 мянган хүн байдаг. Нас баралтаараа дэлхийн дунджаас тэргүүлж байгааг анхаарах шаардлагатай. Ковидоор хэн өвдөж байгаа нь тодорхой байна. Харин халдварт бус өвчнөөр өвдсөн хүмүүс хүндрээд нас бараад байна шүү дээ.Тэгэхээр бид халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийг сайн явуулах ёстой.

-Ковидын дараа ямар эмчилгээ хийх шаардлагатай байна вэ?

-Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний дэглэмээ баримтлаарай гэж зөвлөж байгаа. Зөв амьдралын хэв маягаа сахих шаардлагатай.

-ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч С.Энхзаяа АТГ-т шалгагдаж байгаа. Ямар асуудал үүссэн юм бэ?

-Хуулийн хүрээнд шалгагдаж байгаа. Ямар нөхцөл байдал яаж үүссэнийг бид мэдэхгүй.

-Д.Нямхүү захирал шүүх дээр маргаантай байгаа шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Би өөрөө хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүний хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ.

Categories
гадаад мэдээ

Австралид иргэд хөл хориог эсэргүүцэн жагсав

Австралийн Сидней болон Мельбурн хотын иргэд өчигдөр хөл хориог эсэргүүцэн жагсаж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна.

Жагсагчид хөл хорионы хатуу дэглэмийг эсэргүүцсэнээс гадна “Вакцин бол хуйвалдаан” хэмээн хашгиралдаж байв. Үүний улмаас хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн тус хоёр хотод олон баривчилгааг явуулжээ.

Тухайлбал, Мельбурн хотод 4000 хүнээс бүрдсэн жагсаалын цуваа цагдаагийн шугам руу нэвтэрснээр морьт цагдаа нар жагсагчдын эсрэг чинжүү шүршигч ашигласан байна. Улмаар 218 хүн баривчлагдаж, долоон офицер шархаджээ. Харин хөл хориог нэг сараар сунгасан Сидней хотод жагсагчдыг тараахын тулд 1500 гаруй цагдааг дайчилсан юм.

Сидней хот нь сүүлийн 24 цагийн дотор “Covid-19”-ийн 825 тохиолдлыг бүртгэн халдварын дээд үзүүлэлтийг тогтоогоод буй Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл. Тус хотод өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш хөл хорио тогтоогоод байгаа боловч сүүлийн нэг долоо хоногт халдварын тоо хоёр дахин нэмэгдсэн нь иргэдийг ийн бухимдахад хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Архи, тамхины эсрэг эмчилгээ, цахим зөвлөгөөг 24 цагаар үнэ төлбөргүй үзүүлж эхэллээ

“Хорт зуршилгүй залуу” архи, тамхины эсрэг аяны талаар Гэр бүл хүүхэд залуучуудын газраас мэдээллээ.


Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхий дээр жилд 3 сая буюу минутад 6 хүн нас бардаг гэж ДЭМБ-аас мэдээлжээ. Эдгээр нас барагсдын 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна.

Өнгөрсөн 2020 онд цагдаагийн байгууллагад 2,276,868 зөрчил бүртгэгдсэний 93,863 нь эрүүлжүүлэгдсэн, 4,121 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба гэмт хэрэг зөрчлийн 50 орчим хувь, хүүхдийн эсрэг хүчирхийллийн 77 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтууруулах ундааны хэрэглээ нь олон төрлийн өвчин эмгэг болон осол гэмтэл, хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг өдөөх эрсдэлт хүчин зүйл болж, нийгэмд сөрөг нөлөөтэй гэдгийг дээрх тоо баримт мэдээллээс харж болох юм.

Харин Наркологийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор “Энэ ажлын хүрээнд 100 залууг хорт зуршилгүй болгоно. Өнөөдрийн байдлаар 30 орчим залуу эмчлэгдсэн. Бид онлайнаар болон утсаар зөвлөгөө өгч байна. Манай эмнэлэгт жилд 2,000-2,200 гаруй хүн хэвтэн эмчлүүлдгээс 40-45 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Үүнээс 98 хувь нь ямар нэг байдлаар архины хамааралтай, 100 хувь нь тамхи татдаг.

Эдгээр залуусын дунд тамхинаас татгалзах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хоёр бүлгийн уулзалт сургалт, боловсролын үйлчилгээг давхар хэрэгжүүлж байгаа” гэсэн мэдээллийг өглөө

Хорт зуршлаас татгалзах тусламжийн утас 1800-1893 дугаарт холбогдох болон “Хорт зуршилгүй залуу” цахим хуудсаар зөвлөгөө, үйлчилгээ хүлээн авах, шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой болсон байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Draingang” баг “MESA Pro Series”-ын хагас шигшээд шалгарчээ

Монголын электрон спортын холбоо буюу MESA-гаас зохион байгуулж буй “MESA Pro Series DOTA2 Finals” тэмцээний хасагдах шат өчигдөр эхэлсэн.

Хасагдах шатны эхний тоглолт “Sable Hat” болон “Draingang” багуудын хооронд боллоо. Тойргийн тоглолтод дөрөвдүгээр байр эзэлсэн Draingang өрсөлдөгчөө хоёр тоглолтод буулган авснаар хагас шигшээ шатанд шалгарлаа.

Тэд хагас шигшээд Kobolds багтай тоглоно. Kobolds баг тойргийн журмаар тоглоход хоёрдугаар байр эзэлсэн юм.

“Draingang” багийн нэр дор хүчин зүтгэж байсан Valky болон Brainac нар энэ удаа MPS FINALS тэмцээний хагас шигшээд эсрэг багийн тоглогчид болон эргэн уулзана.
Тэдний хожсон багийг GRAND FINAL-д Lilgun багийнхан BEST OF 5 цувралд хүлээж байна.
Тоглолт өнөөдөр 18:30 цагт болно.

“MESA Pro Series DOTA2 Finals” тэмцээний финалын шатанд нийт зургаан баг тойргийн журмаар тоглосноос нэг ч хожигдолгүй хамгийн өндөр оноо авсан “Lilgun” баг 10:0 амжилттайгаар Grand Final шат руу шууд шалгарсан.

Харин тэдний араас 8:2 амжилттай “Kobolds” баг хагас шигшээд шалгарсан бол “Sable Hat” болон “Draingang” багууд хагас шигшээ шатны төлөө хоорондоо тоглохоор болсон юм.

Тойргийн шатанд тавдугаар байрт орсон “Wanted” баг 500 мянган төгрөгийн шагнал болон “MESA League”-т орох эрхтэй үлдсэн.

Харин “Seventh Sense” баг зургаадугаар байраар тэмцээнээ дуусгасан билээ. “MESA Pro Series DOTA2 Finals” тэмцээний ялагч Олон Улсын электрон спортын холбоо буюу IESF-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

IESF World Championship тэмцээн Израил улсын Эйлат хотноо арваннэгдүгээр сарын 14:19-ний хооронд зохиогдоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол эрдэмтэд PCR оношлуур бүтээжээ

Монгол эрдэмтэд PCR оношлуур бүтээж эхэлсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрээр цахим хуудастаа “Чорос онош лабораторийн эрдэмтэд старт-ап компани байгуулан коронавирусний халдварыг оношлох PCR оношлуурыг бүтээлээ. Ийнхүү Монголд шүлсний болон үндсэн оношлууруудыг үйлдвэрлэж байна.

ЭМЯ-наас бүхий л бололцоогоороо дэмжин ажиллаж, яам анхны 10 мянган ширхэг оношлуурыг худалдан авах боллоо. Цаашид ч эмнэлгүүд маань захиалж хэрэглээнд өргөн нэвтрэх боломжтой болжээ.

Тус лабораторийн эрдэмтэдтэйгээ хамтран коронавирусийн мутац хувилбаруудыг дотоодын PCR оношлуур дээр суурилан ялган оношлоход нэг алхам ойртож байна” гэв.