Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Т.Энхтүвшин: “Замын-Үүд”-ийн чөлөөт бүс нээгдсэнээр “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүн гуравдагч улсын зах зээлд гарна

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Замын-Үүдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 1000 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, чөлөөт бүсийн дотор 380, чөлөөт бүсийн гадна 1250 тээврийн хэрэгсэл байна. Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн гурав дахь замыг нээж эхэлсэн. Ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Өдөрт тогтмол 110 автомашин, 50 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол гарч байна.Үүнтэй холбогдуулан Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлж, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Хятад улс өөрсдийгөө ногоон бүс гээд зарлачихсан. Түүнчлэн Өвлийн олимп Хятадад зохион байгуулагдана. Түүнтэй холбоотойгоор Монголд ковид нэмэгдэж байгаа учраас хил гаалиар нэвтрэхэд хүндрэл үүссэн. Хятадын талд 50 жолооч байршуулчихаад тэр жолоочид нь 0 цэг дээр хүргэж өгөөд наанаас нь татаж аваад Улаанбаатар руу явж байгаа. Хамгийн гол нь цаана байгаа бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хурдан татаж авах нь чухал байна. Нөхцөл байдлыг сайжруулахад манайх ногоон бүсээ бий болгох хэрэгтэй. Энэ нь зөвхөн Дорноговь аймгийн асуудал биш, Монгол Улсын хэмжээнд ногоон бүс болоход анхаарч ажиллах шаардлага үүсч байгаа юм.

-Вагон тээврийг нэмэгдүүлэх боломжтой болсон байна лээ.

-Вагоноор ачаа татах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ онцгой анхаарах хэрэгтэй. Манайх дан замтай учир хүндхэн байна.Өдөртөө манайхаас 14 цуваа гардаг гэхээр 700 гаруй вагон гарч байгаа юм. Буцаж орж ирэхдээ зургаа нь бараа бүтээгдэхүүнээ ачиж, бусад нь хоосон орж ирээд байна.

Угтаа хуримтлагдсан арматур төмөр, тоног төхөөрөмж сав баглаа нь амархан эвдрэхгүй тоног төхөөрөмжийг нүүрс, төмрийн хүдрийн задгай вагоноор ачих асуудлыг Хөх хотын талтай УБТЗ сайн ярилцах хэрэгтэй байна. Эрээн хотод бараа бүтээгдэхүүнийг түрүүлж ачих гэсэн үнийн өрсөлдөөн яваад байна. 3000-4000 машины ачаа бөөгнөрчихсөн, Улаанбаатар хүртэл нэг машин ачаа 70.0-80.0 мянган юань хүрчихээд байна. Энэ тал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

-Ариутгал халдваргүйжүүлэлт манайд маш хангалтгүй байсан шүү дээ.

-Сумын Засаг дарга хил гаалийн онцгой бүс дээр болж байгаа асуудлыг хариуцдаггүй. Хил дээр босоо удирдлагатай байгууллагууд ажилладаг. Тэр гаалийн татвар, үзлэг, гадаадын иргэдийг оруулах, гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудал бол Гааль, Мэргэжлийн хяналтын 100 хувь хариуцах асуудал.Ариутгал халдваргүйжүүлэлт чинь манай хилээс гарч байгаа машиныг ариутгадаггүй. Гарч байгаа машиныг Хятадын тал иж бүрэн ариутгадаг. Хятадаас орж ирж байгаа машиныг л манайх ариутгадаг. Сүүлийн үед хил дээр гарч байгаа асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай хольж хутгаж яриад байгаа юм. Замын-Үүд сум улсын төсөвт жилд 600-700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл аймаг, сумын төсөвт нэг ч төгрөг өгдөггүй. Замын-Үүд бол экспорт, импортын байнгын үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хилийн томоохон боомт юм.

-“Замын-Үүд” чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Бэлтгэл ажил хэр үргэлжилж байна?

2021 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт Замын-Үүд суманд ажиллалаа. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлж байна. Засгийн газрын хуралдаанаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох шийдвэр гарсан. Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 14-ний өдөр бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомтод үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулна. Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг бүхэлд нь хангах боломж бүрдэнэ.“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргах боломж нээгдэнэ. Ингэснээр ажлын байр бий болж, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, бүс нутгийн хөгжилд эерэг олон үзүүлэлт гарахаас гадна гадаадын жуулчдыг хүлээн авах таатай нөхцөл бүрдэх юм.

-Чөлөөт бүсийг нээснээр хил гааль дээр хүлээгдээд байгаа ачаа тээврийн асуудал цэгцрэх үү?

-Бид эдийн засгийн чөлөөт бүсээр бараа материалуудаа татаж авах ажлуудыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Хятадын чөлөөт бүсээр дамжуулаад Монгол талд чөлөөт бүсэд ачаа таваараа буулгаад нааш нь татаад авчих боломжтой юм. Хамгийн гол нь бид импорт, экспортын хоёр том хил дээрээ онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ жил Гашуунсухайт боомтоор 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар одоо 7.6 сая тонн нүүрс экспортолсон байна. Төсвийн тодотголоор 26 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэсэн хэдий ч он дуустал энэ хэмжээний нүүрсээ гаргаж чадахгүй бол тэр хэмжээгээр валютаа олж чадахгүй болох нь.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ямар шатандаа явж байна?

Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Монгол Улсын эдийн засгийг тэргүүлэх чиглэлийн томоохон мега төсөл Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймагт амжилттай хэрэгжиж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын мэргэжилтнүүд ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан. Замын-Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн. Гэхдээ төлөвлөсний дагуу “EPC-1” багц ажлыг 2022 оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар “EPC-2”, “EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг МГТБҮ-ийн зүгээс боловсруулж 2021 оны 4-5 дугаар сард Энэтхэг рүү илгээсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа юм билээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж манайд боловсролын хүртээмж хүндхэн байна. Есдүгээр сараас танхимаар хичээллэх ёстой гэж бодож байна уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр Эрүүл мэндийн яам, БШУЯ хамтран зөвлөмж боловсруулж байгаа.Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүдийг вакцинжуулж байгаа бөгөөд одоогоор 260 гаруй мянган хүүдийг вакцинд хамруулсан мэдээлэл байна. Сум орон нутагт хүн сийрэг учраас халдвар хамгааллыг баримтлан танхимаар хичээллэх боломжтой. Цахим хичээл хөдөө сумдад хүрэхэд хүндрэлтэй. Дорноговь аймгийн зарим сумдад шилэн кабель ч байхгүй. Одоо танхимаараа хичээллээд явахгүй бол ковидоос ч хүнд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Сургалтын үйл ажиллагаа хоёр жил хааснаас болж хоцрогдол их байгаа бөгөөд энэ жилээс болосвролынхоо асуудалд түлхүү анхаарч, дорвитой арга хэмжээ авахгүй бол сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн хүүхэд гуравдугаар ангид орох жишээний. Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэх нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Олимпийн наадамд оролцсон баг тамирчдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ

“Токио-2020” олимпийн наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр эх орондоо ирлээ.

Баг тамирчдаа БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хамтдаа угтан авч, баяр хүргэлээ.
Тодруулбал, “Токио-2020” зуны XXXII наадмаас Монголын багийн хүртээд буй 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болох жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарт болон дасгалжуулагчдад олимпоос медаль хүртэж, олон түмнээ баярлуулан, зорьсон зорилгодоо хүрч, нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж чадсанд баярлаж мөн бахархан талархаж байгаагаа дэд дарга Ц.Одонбаяр илэрхийлж, Монгол уламжлал ёсоор медаль хүртсэн тамирчдад алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүг цэцгийн баглааны хамтаар өргөн барьж цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

No description available.

2 хүн, зогсож буй хүмүүс, цэцэг болон дотор гэх мэтийн зураг байж болно

2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс, хөлийн өмсгөл болон дотор гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.



Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Содном: Шуудхан хэлэхэд, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандмаар зүйл байдаг

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномтой ярилцлаа.


-“Төрийн эрх барих дээд байгууллагууд нэг намын эрхэд орчихлоо. Улс төрийн тэнцвэр алдагдаж, нэг талд хэт их эрх мэдэл төвлөрч байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу, сонгуулийн эрх бүхий иргэдийн ихэнх МАН-д илүү итгэж, төрийн эрх барих Улсын Их Хурлыг нэр дэвшүүлсэн гишүүдээс нь бүрдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийг сонгоод байна. Хууль зөрчигдөөгүй, сонгууль шударга явагдсан болохоор нэг намд эрх мэдэл төвлөрлөө, улс төрийн тэнцвэр алдагдлаа гэж шүүмжлэх нь ач холбогдолгүй. Үүний оронд улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр намын тухай хуульд өөрчлөлт оруулах, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгч нам төвтэй биш, төр төвтэй засаглалтай болох, мөн Монгол Улсын төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Энэ асуудлаар би тодорхой санал дэвшүүлдэг. Миний дэвшүүлдэг саналын гол зүйл нь нэгдүгээрт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хэтийн зорилго, дунд хугацаанд хөгжүүлэх тодорхой бодлого, төлөвлөгөө боловсруулсан, тэдгээрийг хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчний нөөцтэй, улс даяар үйл ажиллагаа явуулах чадамжтай улс төрийн намыг бие дааж буюу өөр намтай эвсэж төрийн эрх барихын төлөө ажиллахыг зөвшөөрдөг, УИХ, Засгийн газарт цөөн тооны суудал олж авах албан тушаал эрх мэдлийн өчүүхэн зорилготой улс төрийн нам нэртэй хэсэг бүлэг байхыг хориглосон хуультай байх. Хоёрдугаарт, парламентыг хоёр танхимтай, Дээд танхим буюу Ардын Их хуралтай болж, Хууль тогтоох гол үүрэгтэй Доод танхим буюу Улсын Бага хурал, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн Газар, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмний нэрийн өмнөөс хянаж байдаг болох.

Гуравдугаарт, сонгуулийн хуулийг өөрчилж сум дүүрэг бүрээс сонгогдсон Ардын Их хурлын гишүүдийг сонгогчдын төлөөлөл гэж үздэг болж, Монгол төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч Ерөнхий прокурор зэргийг сонгох эрхийг эдлүүлэх.

Эдгээр санал бол манай улсын төрийн тогтолцоо, төрийн удирдлагын эрх мэдлийн хуваарийг боловсронгуй болгох, засаг төрийн эрх мэдлийг ард түмний хяналтад байлгахад шийдвэрлэх ач холбогдолтой юм.

-Засгийн газрын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Гаргасан шийдвэр нь туйлбаргүй, хэд хоноод солигдчихдог гээд иргэдийн төр засагтаа итгэх итгэл нь унтарч байх шиг?

-Засгийн газарт итгэх, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй байна. Дэлхийг хамарсан халдварт өвчин иргэдийн амьдрал, улсын эдийн засагт ноцтой нөлөөлж байна. Засгийн газраас халдварыг хязгаарлах, сэргийлэх, дархлаажуулах болон иргэд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авахын тулд бүх бололцоогоо дайчлан хэрэгжүүлж байна. Иргэдийн идэвх санаачилга, хариуцлага чухал байна. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг уриалмаар байна.

-Тэгвэл одоогийн парламентын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Нийгмийн зарим хэсэг нь УИХ-ын гишүүдийн олонх сонгогдсон намынхаа эсрэг дуугарч чадахгүй, иргэдийн төлөөлөл болж чадахгүй байна. Харин сөрөг хүчин нь үүргээ бүлх залгисан мэт л байна хэмээн шүүмжилдэг?

-Одоогийн Парламентын ганц танхим Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан байдаг. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д байдаг. Би хувьдаа шуудхан хэлэхэд, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандмаар юм байдаг. Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа төрийн байгууллыг боловсронгуй болгох асуудлыг УИХ анхааралгүй орхисон.Тухайлбал, парламентыг хоёр танхимтай болгож, Төрийн эрх барих дээд байгууллага буюу Дээд танхимыг бий болгон Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс хаяналт тавьдаг болгох чухал асуудлын ач холбогдлыг мэдэж байсан боловч авч хэлэлцэлгүй орхисон.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргахдаа төлөвлөлтийн асуудлыг нь орхигдуулсан.Монгол Улсыг цэгцтэй бодлогоор хөгжүүлэхийн тулд Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай, дунд хугацаанд буюу таван жил бүрт хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой.Гэтэл УИХ урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай, тав ба арван жилийн хөгжлийн үндсэн чиглэлтэй, зөвхөн нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй байх хууль гаргасан. Таван жилийн тодорхой төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэхээс зайлсхийгээд байдаг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яам байгуулах асуудлыг шийдэхээс цааргалсаар байгаа юм.

Саяхан хөдөлмөрийн тухай хууль баталж гаргалаа. Уул уурхайн компаниудын ажилчдыг 14 хоног ажиллуулаад 14 хоног амраадаг байх болж байгаа бололтой. Энэ утгаар нь үзвэл уул уурхайн ажилчид жилийн хагаст нь ажилладаг болох юм байна. Хөдөлмөрийн хөлс урамшууллын асуудлыг ажил олгогчид шийдэж байх боломжийг хязгаарласан байна. Үйлчилж байгаа бусад хууль журамтай зөрчилдсөн, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, өртөг зардал нэмэгдүүлэхэд хүргэх заалтууд орсон бололтой. Баялаг бүтээгч, татвар төлөгч, улсын эдийн засгийн гол зүтгүүр болох уул урхайн салбарт хөрөнгө оруулагч нарын өртөг хямдруурах, ашигт ажиллагааг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлөхгүй байх даа.Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ шинэ хуулийг судалж, ирэх оноос хэрэгжүүлэх явцад ямар дутагдалтай хууль гаргаад байгаа нь тодорхой болох байх.

Хэрэв парламентад дээд танхим бий болж, тогтоож байгаа хууль шаардлага хангаж байгаа эсэхээр хяналт тавьдаг болчихвол иймэрхүү алдаа дутагдал багасна.

-Та Монгол Улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс хэд дахин илүү гараад байгаа гадаад өрийг багасгах, иргэдийн гуч орчим хувийн ядуурлыг арилгах явдал ойрын жилүүдэд шийдэх ёстой эдийн засгийн эрхэм зорилт. Энэ зорилтыг зохистой ухаалаг бодлого төлөвлөгөөний үндсэн дээр богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой бөгөөд тийм нөөц бий.Хамгийн гол нь мал аж ахуй болон уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, өрсөлдөх чадвартай бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж экспортод гаргах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм бодлогоор ажилласан нөхцөлд үр ашигтай үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр бий болж улмаар гадаад өрийг багасгах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзан ядуурлыг арилгах нөхцөл бүрдэнэ. Үүнтэй холбогдуулж би яаралтай хэрэгжүүлэх дараахь саналыг дэвшүүлдэг. Нэгдүгээрт, ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноосыг цэвэршүүлэн хялгаснаас ялгаад 100 хувь ноолууран утас хийх үйлдвэрүүдийг бий болгож, түүнийгээ сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болгоод экспортод гаргадаг болох. Үүнээс барагцаалбал 2,5- 3 тэрбум ам.долларын орлого олно.

Хоёрдугаарт, жилд 20-24 сая арьс ширийг хамгийн шилдэг технологи ашиглан боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах. Үүнээс мөн хэдэн тэрбум долларын орлого олно.

Гуравдугаарт, манай улсад зэсийн нөөц байгаа бөгөөд цаашид нэмэгдүүлэх боломж бий. Зэс хайлуулах үйлдвэр, мөн зэсийг гүнзгий боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулж, тус хотод амьдардаг олон зуун инженер техникийн ажилтнуудын мэдлэг туршлагыг ашиглах бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.Машин техник, эрчим хүчинд ашиглагддаг зэс, зэс эд анги их хэмжээгээр нэмэгдэх юм билээ. Дөрөвдүгээрт, газрын ховор элементийн хайгуул олборлолт болон ховор металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй.

Ер нь геологи хайгуулын ажлыг өргөтгөх шаардлагатай.

-Манай улсын өр ДНБ-ээсээ хоёр дахин давчихсан. Үүнийг шийдэх гарц гаргалгааг та юу гэж харж байна?

-Боловсруулах үйлдвэр хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь гарц гэж харж байгааг дээр хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны сонгуулийн үеэр Монгол Ардын Нам “Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болгох“ зорилт дэвшүүлсэн. Энэ чухал зорилтыг хэрэгжүүлж эхлээсэй, үүний тулд тодорхой төсөл арга хэмжээнүүдийг төлөвлөөсэй, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан яамыг яаралтай байгуулаасай гэж хүсч байдаг.

-Цар тахлаас шалтгаалж боловсролын асуудал ихээхэн хүнд болчихлоо. Сурагчдын бараг 50 орчим хувь нь хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарсан байсан. Есдүгээр сараас тахимаар хичээллэх эсэх нь эргэлзээтэй байна. Боловсролын асуудлыг яаж шийдэх вэ?

-Цар тахлаас шалтгаалсан асуудал бол түр зуурын хэрэг. Харин биотехнологи, мэдээллийн технологи, компьютерийн программчилал зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд онц анхаарч залуу үеэ XXI зуунд ажиллаж амьдрахад бэлтгэх асуудлыг цаг алдахгүй шийдэж эхлэх шаардлагатай.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 7945 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр /2021.08.05/ Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7945 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 5, Бархасбадь гариг. Билгийн тооллын 27, Хэрцгий охин одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5:34 цагт мандан, 20:22 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 24-26 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгин зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Тагнуулчийн дууль III” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “МАН-ын эрх барьсан зургаан
жилийн хугацаанд мах,
цагаан будаа, ургамлын тос,
ам.доллар, шатахууны үнэ
хамгийн их өсчээ” гэснийг IX нүүрээс уншаарай.

БШУСЛ Л.Энх-Амгалан “Есдүгээр сарын
1-нээс эхлэн 5 хоног танхимаар,
5 хоног цахимаар хичээллэнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Тагнуулчийн дууль III” хэмээн өгүүллээ.

Засгийн газарт
улс төрийн шаардлага
хүргүүлсэн иргэн Т.Бат-Оргил “Халамжийн
тогтолцоо гэдэг бол авлига юм” гэснийг “Улс Төр” нүүрээс уншаарай.

Сэтгэл зүйч П.Мягмаржаргал “17-25 насныхан бүлэг
найз нөхөдтэйгөө байхдаа гэмт хэрэг үйлдэх
магадлал түгээмэл байдаг” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

Ховд аймгийн үндэсний
бөхийн холбооны гарын
даа Т.Амарсайхан “Найраагүй наадахын тулд л
улсын цолтнуудыг барилдуулахаас татгалзлаа” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Якутад дэгдсэн ойн түймрийг унтраахаар инженерингийн компани илгээжээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам Якатуд дэгдсэн ойн түймрийг унтраахаар инженерингийн компани болон тусгай тээврийн хэрэгслүүдийг илгээжээ.

“Батлан хамгаалах яамны сайд, армийн генерал Сергей Шойгугийн шийдвэрээр Бүгд Найрамдах Саха Улсад /Якут/ дэгдсэн ойн түймрийг унтраахаар 109 ажилтан бүхий инженерингийн компанийг 16 тээврийн хэрэгслийн хамтаар илгээсэн” гэж тус яам мэдэгджээ.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Батлан хамгаалах яам ойн түймэртэй тэмцэж буй Якутад идэвхтэй тусламж үзүүлж байгаа юм. Тодруулбал, 5 тонн, 42 тонны багтаамж бүхий ус шүрших төхөөрөмжөөр тоноглосон “Ми-8” нисдэг тэрэгнүүд, “Ил-76” ачааны онгоцнуудыг илгээсэн байна.

“Якутад ойн түймрийн аюултай улирал эхэлснээс хойш түймэр 4 420 000 га талбайг хамраад байна. Тодруулбал, энэ улиралд 1326 түймэр дэгдээд байна. Өнгөрсөн оны хувьд 1598 түймэр дэгдсэн. Хэдийгээр түймрийн тоо бага байгаа боловч хамрах хүрээ нь өргөн байна” гэж тус бүс нутгийн Экологийн яамны ойн асуудал хариуцсан газрын дарга Андрей Михайлов мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, одоогийн байдлаар асаж байгаа 171 түймэр нь хоёр сая гаруй га талбайг хамарч байгаа бөгөөд тэдгээрээс 17 дүүрэг дэх 58 түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11300 га талбайг хамарсан найман ойн түймрийг бүрэн унтраажээ.

Якут нь Оросын ойн түймэр дэгдэх хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутгуудын нэг юм. Тус бүс нутагт долоодугаар сарын 1-нээс хойш онцгой байдал тогтоогоод байгаа бөгөөд хүмүүсийг ой модонд очихыг хориглоод байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Ана Марсела Кунья 10 км зайг хоёр цагийн дотор сэлж, олимпийн аварга боллоо

Олимпийн наадмын хамгийн их тэсвэр тэвчээр шалгадаг төрлүүдийн нэг марафон сэлэлтийн тэмцээн өнөөдөр болж Бразилын тамирчин Ана Марсела Кунья түрүүллээ.

Уг төрөлд өрсөлдөх тамирчин 10 км зайг зөвхөн сэлж туулдаг бөгөөд 29 настай Ана Марсела Кунья 1 цаг 59 минут 30.8 секундэд барианд орж алтан медалийн эзэн боллоо.

Харин түүний араас Нидерландын Шарон ван Рувендал түрүүлсэн тамирчнаас 0.9 секундийн ард, Австралийн Карина Ли 1.7 секундийн ард барианд орж мөнгө болон хүрэл медалийг хүртсэн байна.

Ана Марсела Кунья анх 2008 оны Бээжингийн олимпод оролцож 5-р байр эзэлж байсан бөгөөд дахин найман жилийн дараа Риогийн олимпод оролцон 10-т орж байсан.

Хоёр настайдаа сэлж суран, найман наснаасаа задгай усны спортод өрсөлдөж эхэлсэн Ана Марсела гол, далайн эрэгт сэлэх дуртай гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Турк улсад гарсан галын хүрээг хумьсан ч бүрэн унтраагаагүй байна

БНТУ-ын 35 хотод өнгөрсөн долоо хоногт гал түймэр гарч эхэлсэн. Нийт 129 гал гарснаас 122-ыг унтраажээ. Гал түймрийн улмаас 8 хүн амиа алдаж, олон зуун хүн түлэгдсэн байна.

Гал унтраахаар Туркийн зэвсэгт хүчний цэргүүдийг ч дайчилжээ. Найм дахь өдрөө үргэлжилж буй гал түймрийг унтраахаар Испанийн агаарын хүчний хоёр онгоцны баг буюу 27 нисгэгч Туркт ирээд байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд томоохон гал түймэр гарах болсон. Эрдэмтэд шалтгааныг нь дэлхийн дулаарал, хуурайшилттай холбон тайлбарладаг.

Хамгийн олон хүний аминд хүрсэн гал түймэр АНУ, Австралид гарч байв. 2020 онд Австралид анх нэг тосгонд гарсан гал маш хурдан тархсан юм. Иймд Австраличууд 186 мянган км кв талбай шатсан гал түймэр гарсан тул 2020 оны зуныг хар зун гэж нэрлэх болов. Тус улсад 34 хүн амиа алдаж, 3 тэрбум амьтан үрэгдсэн юм.