Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 73 жолооч согтуугаар жолоо барьж, 98 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1198, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 66, гэмт хэргийн шинжтэй 59 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 73, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 90, хүний биед халдсан 50, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, эрүүлжүүлэх байранд хоносон 98, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 85 тохиолдол гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөөдрийн байдлаар наадам тэмдэглэхгүй 12 аймаг байна

Өвөрхангай, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Орхон аймагт энэ жил наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гараад буйг мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар долоон аймаг наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал,

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тогтоолын дагуу Булган аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын зүгээс өнөө жилийн аймгийн баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Бид баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно.
Өөрсдийн эрүүл мэндийг умартан өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтанууд, аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг эртний сайхан үгээр ард иргэд та бүхэн минь өөрсдийн эрүүл мэндийг сайтар хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай” хэмээжээ.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг хориглох тухай захирамж гарлаа.
Аймгийн баяр наадамд зориулсан хөрөнгийг “Зүрх мартахгүй” төслийн зүрхний хагалгаанд хамрагдах аймгийн хүүхдүүдийн зардалд шилжүүлэх асуудлыг аймгийн ИТХ-д уламжлан шийдвэрлүүлэхийг ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Нямдаваад, сумын баяр наадмын зориулсан хөрөнгийг коронавируст халдварын голомтыг цомхтгох арга хэмжээний зардалд шилжүүлж, зарцуулах талаар төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал боловсруулан сумын ИТХ-д уламжилж шийдвэрлэхийг сумдын Засаг дарга нарт тус тус даалгасан” гэжээ.
Архангай аймгийн хэмжээнд сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэж, “Сумдын баяр надмын тов тогтоох тухай” зургаадугаар сарын 22-ны А/322 тоот захирамжийг хүчингүй болгожээ. Иймд уяачид ард иргэд та бүхэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг хугацаанд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг чанд мөрдөж ажиллаж амьдрахыг ЗДТГ-аас нь уриалсан байна.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын захирамжаар аймаг, сумын баяр наадам, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой, хурдан морины уралдаан зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Түүнчлэн баяр наадамд төсөвлөсөн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймаг есдүгээр сарын 1-н хүртэл ямар нэг ой баяр наадам тэмдэглэхгүй. Өнөөдөр/2021.06.30/ АОК-ийн хурлаар эцэслэн баталж, бусад шийдвэрүүдийг мөн гаргана” хэмээсэн байна.
Баянхонгор аймгийн Онцгой комиссоос баяр наадмын арга хэмжээг зохион байгуулахгүй, тэмдэглэхгүй байхыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт чиглэл болгожээ.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийн А/243 дугаар захирамжаар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Наадам зохион байгуулах төсөв 70.1 сая төгрөгийг цар тахлын эсрэг бүрэн зарцуулна” хэмээн хэлсэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

НҮБ унаач хүүхдүүдийн асуудлаар Засгийн газарт хандан мэдэгдэл гаргалаа

Хурдан морь унаач хүүхдүүдийн талаар НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын багаас Засгийн газар болон олон нийтэд хандан мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, олон нийтэд хандан уриалж байна. Бид Монгол Улс хүүхдийн эрхийг дээдлэн, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж, тэдний сайн сайхны төлөө бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдгийг сайшаан дэмжиж ирсэн билээ.

Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойш хорин жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, саяхан Монгол Улсын Их хурлаар баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.

НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20-нд мэдэгдэл гаргаж, улмаар 12 сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал илгээсэн билээ. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, улмаар амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.

НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно.

НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Салбарын нийт ажилчдын цалинг шударгаар үнэлэх хэрэгтэй” гэв

Цахим наадмыг нэг жилээр хойшлуулахыг эсэргүүцсэн уяачид төв талбайд морьтойгоо жагссан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, төв талбайд жагсаж байна.

Тэдний төлөөлөл болох Эрүүл мэндийн ажилтны байр суурийг сонслоо.


Тэрбээр “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтны төлөөлөл төв талбайд жагсаж байна. Хэдий цөөн хүн байгаа ч мянга мянган ажилтнуудын төлөөлөл юм. Бид халдвар хамгааллын дэглэмээ барьж байгаа. Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Засгийн газарт эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тухай шаардлага хүргүүлсэн. Долдугаар сарын 1-н буюу өчигдөр албан ёсны хариу, тайлбар ирэх ёстой байсан. Гэтэл нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй. Иймд бид шаардлагынхаа хариуг нэхэж байна. Манай салбарын эмч, ажилчид цар тахлын үед хоёр жил гаруй хугацаанд өдөр шөнөгүй, шахуу цагаар цөхөртлөө ажиллаж байна. Төр, засгийн бодлого шийдвэрийг бид өнөөдрийг хүртэл биелүүлсээр ирсэн. Халдварын тархалт цар хүрээгээ тэлж, өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарын ажилчид олноор өвчилж, хүний нөөцийн хомсдолд орж байна.

Манай салбарын ажилчдын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Үүнийгээ төлж чадахгүй, өвдсөн ажилчид эм тангаа ч авч чадахгүй хүнд байдалд хүрээд байна

Манай ажилчид дэлхийн түвшинд нийцэхүйц эмчилгээ, ур чадвар гаргаж чадаж байгаа. Гэтэл гадаадын орнуудын эм, ажилчдын цалинтай харьцуулбал бид 8-10 дахин бага цалин авч байна. Бид нэг удаагийн тэтгэмж, дэмжлэг хүсээгүй. Хийсэн ажлынхаа хөлсийг шударгаар үнэлүүлэхийн тулд жагсаж байна.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарын нийт 56 мянган ажилчдын 13 мянгыг халдварын улаан бүсэд ажиллаж байгаа гэж үзэн илүү цагийн мөнгө зэргийг олгож байгаа боловч улсын хэмжээнд бүх эмнэлэг “Ковид”-ын тасагтай болоод байна. Тэд ч мөн улаан бүсэд ажиллаж байгаа. Тиймээс салбарын нийт ажилчдын цалин хөлсийг шударгаар үнэлэх хэрэгтэй” гэв.

No description available.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймагт байшин шатсаны улмаас долоон настай хүүхэд энджээ

рорө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатсаны улмаас долоон настай хүүхэд энджээ.

Тухайлбал, Байшин шатсан тухай дуудлагыг долоодугаар сарын 2-ны өдрийн 02:32 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:36 цагт очиж, 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 19 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт долоон настай хүүхэд өртөж нас барсан ба цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эхээсээ төөрсөн бамбаруушийг тайгад нь тавилаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд өнгөрсөн тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод, өнөөдөр (2021.07.02) тайгад нь тавьсан байна.

Төөрсөн бамбарууш нь 2-3 сартай, 6 кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж, өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзжээ.

Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг өнөөдөр ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулжээ.

Бамбаруушийг сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавьсан байна. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглах ажээ.

Categories
гадаад мэдээ

Ханхүү Уиллиам, Харри нар ээждээ зориулан хөшөө босгожээ

Ханхүү Уиллиам, Харри нар өөрсдийн ээж, Уэльсийн гүнж Дианагийн 60 жилийн ойд зориулан босгосон хөшөөний нээлтэд оролцжээ. Энэ хөшөө тэдний хооронд боссон ханыг нураахад тусална гэж үзэж буй. 2018 онд ханхүү Харригаас ахтайгаа ямар харилцаатай байдаг талаар асуухад “Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл бид бие биетэйгээ холбогдсон” хэмээн хариулж байжээ.

Гэвч түүнээс хойш олон зүйл өөрчлөгдсөн байна. Тэдний салаа зам улам холдсон гэж хэвлэлээр бичих болсон юм. Уиллиам, Харри нар нэгдмэл байгаагаа харуулдаг ч тэдний хооронд байсан дотно харилцаанд ан цав үүсчээ.

Хөшөөний нээлтэд Уиллиам, Харри болон Диана гүнжийн хоёр эгч, дүү болон хөшөөг босгосон хүмүүс оролцсон байна. Харри, Уиллиам хоёрын хэн нь ч хөшөөний нээлтэд үг хэлээгүй бөгөөд бие биетэйгээ нөхөрсөг харилцаатай, инээлдэж байгаа нь харагджээ. Тэд ээждээ зориулсан энэ өдрийг таагүй харилцаанаасаа болж баллахыг хүсээгүй болов уу хэмээн хэвлэлээр бичсэн байна.

Ханхүү Уиллиам, Харри нар ээждээ зориулсан хөшөөний талаар “Бид түүний хайр, тэсвэр хатуужил, хүчтэй зан чанарыг санан дурсаж байна. Эдгээр чанарууд нь түүнд дэлхийн өнцөг булан бүрд сайн үйлс хийж, тоо томшгүй олон хүний амьдралыг өөрчлөхөд тусалсан. /Энэ хөшөө/ үүрд түүний бэлэг тэмдэг болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.02) 10 цаг 40 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалсан.

Хуралдааны эхэнд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналтай гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв.

Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитйн газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн.

Тус Байнгын хорооны харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар товч танилцуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 90 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 71 байгууллагад дүгнэлт гаргаж, 9 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 8 байгууллагад итгэл үзүүлж, 2 байгууллага аудитад хамрагдаагүй. Дүгнэлт гаргасан 71 байгууллагаас 64 байгууллагад “Зөрчилгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгч, 1 байгууллагад Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 61 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 55 байгууллагад дүгнэлт гаргаж, 4 байгууллага аудитын түүвэрт хамруулан, 2 байгууллагад итгэл үзүүлсэн. Дүгнэлт гаргасан 55 байгууллагаас 46 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг”, 1 байгууллагад Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан гэв.

No description available.

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

No description available.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, тодруулга авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухалбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тайлант хугацаанд хөдөө, аж ахуйн чиглэлээр байгуулагдсан үйлдвэр байгаа эсэх талаар тодруулахад, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барих ажил хийгдээгүй, аудитаар гараагүй гэсэн тайлбарыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв. Ингээд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,731.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,748.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,691,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна гэв.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Наадам тэмдэглэх 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна.


Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Эрүүл мэндийн яам болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс энэ удаа “Үндэсний баяр наадам тэмдэглэвэл 12 мянган хүний бөөгнөрөл үүсч, 3000 орчим хүн халдвар авах магадлалтай байна” гэх судалгааг танилцуулсан. Тиймээс УОК өчигдөр баяр наадмыг хойшлуулэх, эсхүл цуцлах шийдвэрийг Засгийн газарт оруулж ирсэн учраас өнөөдөр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.

Баяр наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтоор зорчих тээврийн урсгалыг долдугаар сарын 7-ноос 31-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд мутацид орсон вирус хурдтай тархаж байгаа учраас дээрх хязгаарлалтыг хийлээ. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14897 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 388 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14897 иргэн байна. Үүнээс нийслэлд 50 эмнэлэгт 6594, тусгаарлан ажиглах 23 байранд 960 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3831 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.