Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр оройн 19:23 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 170 иргэн ирж, 2-р эмнэлэг, Вайтхаус, Ибис, Туушин, БиЖи, Майсон, Намуун зочид буудлуудад тусгаарлалаа.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 31 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдрийн чуулганаар “Хөдөлмөрийн хууль”-ийг шинэчлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл.
Categories
гадаад мэдээ цаг-үе

В.Путин, Жо Байден нарын уулзалт Женев хотноо эхэллээ

ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт Швейцарийн Женев хотноо эхэллээ. Тодруулбал, тэдний уулзалт өчигдөр орон нутгийн цагаар 13.35 цагт Ла-Гранж виллад болсон байна. Энэхүү уулзалт нь хоёр орны харилцаа эрс муудсан үед болж буйгаараа онцлог юм. АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд юуны өмнө хоёр орны харилцаанд бугшсан олон ээдрээтэй асуудлуудыг хөндөх аж.

Жо Байдены хувьд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаа төрийн тэргүүний хувиар В.Путинтэй уулзаж байна. Урьд нь тэд 2011 онд уулзаж байсан билээ. Тухайн үед В.Путин ОХУ-ын ерөнхий сайд, харин Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байв.
Ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү уулзалт нь хоёр их гүрний харилцаанд гэнэтийн өөрчлөлт авчрахгүй ч хамтран ажиллах боломжтой чиглэлүүд, тухайлбал коронавируст цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, цахим аюулгүй байдал, Арктикийн бүс дэх цэргийн үйл ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэлхийн зарим бүс нутгийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний асуудлыг авч хэлэлцэх нь тодорхой ажээ.
Үүнээс гадна хоёр орны удирдагчид мөн Ойрхи Дорнод, Сири, Ливи, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистан, Солонгосын хойг, Уулын Карабах, Украины байдал зэрэг дэлхийн бүс нутгийн хүндрэлтэй асуудлуудаар харилцан байр сууриа илэрхийлсэн байна. Мөн хоёр талыг харилцан цухалдуулж буй Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг, өдгөө шоронд хоригдож буй А.Навальныйн баривчилгаа, АНУ дахь ОХУ-ын дипломат өмчийг хураасан зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн 89 хувь нь бүрэн тундаа хамрагдлаа


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь I тунд, 89 хувь буюу 848.325 нь II тунд хамрагдаад байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 8, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Дархлаажуулалтын цэгийгүүдүүг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон

Зургийн тодорхойлолт алга байна.


Categories
мэдээ цаг-үе

“Өлзий” төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ. Энэ хүрээнд 100 айлын зам буюу “Өлзий” төвийн уулзвараас баруун тийшээ Авто плазагийн уулзвар хүртэлх 340 мерт урт авто замыг сэтэлж, шугам сүлжээний ажлыг хийж эхэллээ. Иймээс зургадугаар сарын 16-ны 23:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа тул иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын ачааллыг тооцон, хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үеийн бадарчин “Танхай банди” Г.Ням-Очир: Малчид малаа шүтэж амьдрах бус мөнгийг шүтэж байна

Сошиалд “Танхай банди” нэрээр нь хүмүүс мэддэг, төвөд судлаач, яруу найрагч, орчин үеийн монгол бадарчин Г.Ням-Очиртой ярилцлаа. Зах хязгаарын нутгаар бадарчилж яваа түүнийг хөдөөгийн эмээ, өвөө нар ч “Танхай банди” гээд андахгүй байна гэсэн шүү.


-Монгол бадарчингийн түүхийн талаарх таны яриаг сонсож байсан. Бадарчин-гийн аялал ихэвчлэн ариун дагшин газар, мөргөлийн замтай холбоотой байсан билээ. Харин орчин үеийн монгол бадарчингийн зорилго юу билээ?

-Бадарчин гэдэг маань шашны лам хуврагууд Монголоос Төвөд хүртэл 4000 км аялж, бурхны оронд очин, эргэл мөргөл хийж, ном сурдаг, дулаан сэрүүн янз бүрийн уур амьсгалтай газар нутгаар алхдаг эх үүсвэр нь эзэнт гүрний үеийн монгол цэргийн технологиос улбаатай. Нийгэм өөрчлөгдөхөд бадарчингийн технологи ч мартагдаж байхгүй болсон доо. Монголчууд Лхас явахын оронд Москваг зорих болсон. Би 1997 оноос Л.Хүрэлбаатар багшийнхаа дэргэд ажиллах болсноос хойш хуучны номтой лам нар, бадарчинг сайн мэддэг байсан хүмүүстэй уулзаж, олон зүйлийг бичиж тэмдэглэж авсан юм. Бадарчингийн хавчиг үүрэг ямар байсан, майхан, хоол унд нь ямар байсныг судалж, сэргээхээр оролдож байна. Бадарчингийн эдэлж хэрэглэдэг 47-48 төрлийн эд зүйл байдаг юм билээ. Жишээ нь, ямааны арьсан туламд авч явдаг, шар тосыг маш удаан чанаж, ширгээгээд, арвайн гурилтай багсарч, хатаасан бөөрөнхий бөмбөлөг болгож, хэрэглэдэг байсан юм билээ. Бадарчин гурван сарын хүнстэйгээ явдаг байжээ. Энэ жилийн хувьд би бадарчингийн хувцастай гараагүй, явган алхаж, алхааны техник эзэмшихийг зорилоо. Бадарчин хүний үүргэвч 10-12 кг байдаг. Ойрын гурван жилдээ зун, хавар, намрын сард явган явж, Монгол орноо бүтэн тойрох бодолтой явна. Дэлхийн зах зээлд аяллын хувцас, эд хэрэглэл, үүргэвч майхан тренд болж байна. Хол газар явган алхдаг монгол маягийн технологийг сэргээх бодолтой байгаа юм. Бадарчингийн гутал торгуудуудын өмсдөг тоокуутай төстэй. Энэ гутал норлоо гэхэд галд ээгээд 10-15 минутын дараа сайхан болно. Гэтэл ямар ч аяллын гутлыг норвол нэгээс хоёр өдөр хатаах хэрэгтэй болдог. Энэ мэтээс авахуулаад олон зуун жилийн явцад шалгарсан технологийг сэргээх бодолтой байгаа юм. Энэ удаа тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 14 хүртэл 15 хоног Дорнодоос Халх гол сум руу жаахан алхлаа. Монголын зах хязгаар нутгаар тойрсон аян замын тэмдэглэл бичихээр зорьсон. Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсан юм. Тэдний гаргаж өгсөн маршрутаар явж байна. Замд буудаллаж таарах зах залгаа аймаг сумдын нутгаар хатуу хөл хорио тогтоосон учраас би аяллаасаа буцаж байна. Өвчин гайгүй болсон хойно цаашид аялах бодолтой байна даа.

-Цар тахал хараахан дуусаагүй байхад яагаад аялахаар шийдсэн юм бэ?

-Би төвөд судлаач, бурхны шашинтай, сүсэгтэй хүн. Чингис хаан ба Монголын бурхны шашин сэдвээр ажилладаг. Сүүлийн арваад жил Өмнөдмонгол, Монголдоо судалгаа хийж, Чингис хаантай холбоотой сан тахилгын 53 судар олсон. Энэ судруудаа цээжилж, өөрийн болгох бодолтой явна. Чингис хааны тарни гэж бий. Бадарчин зүгээр нэг алхдаггүй. Тарни тоолох, яваандаа Чингис хааны тахилгыг Монголдоо сэргээх санаатай. Эр хүний шалгуур гэж бий. За энэ хүн гурван жилд Монгол Улсаа бүрэн тойрсон юм билээ. Ингэж явахдаа Чингис хааны сан, тарнийг тэдэн удаа уншсан гэдэг “шалгалт” өгье гэж бодсон. Бид бас ковид гээд хоёр жил хашигдлаа. Ковидын дараа нэг газраа шавж амьдрахад тохиромжгүй боллоо, зах хязгаар нутагтаа тарж амьдрах, эх орон газар нутагтаа эзэн болоход олон залуусыг уриалахыг хүссэн. Илгээлтийн эзэд гэж өмнө нь байсан шүү дээ. Хамгийн цөөн хүн амтай, зүүн хязгаар нутгийн бодит байдлыг ном болгож бичиж үлдээе гэсэн зорилготой гарсан даа. Дорнодоос Халх гол хүрэх замд багагүй олзтой явна.

-Аян замын тэмдэглэл бичих гэснээс сүм хийдүүдээс нэг лам Долнуурт жасаалахаар явах замдаа зах хязгаар нутгийн аж байдлын тухай тайлан бичдэг уламжлалтай байсан гэсэн шүү дээ. Шашнаар дамжуулж мэдээлэл цуглуулдаг байсан нь сонирхолтой санагдсан. Таны замд юу анхаарлыг чинь татав. Ковидын нөхцөлд аялагчаас нутгийн хүмүүс цэрвэх юм уу?

-15 хоног нэлээд амаргүй өнгөрсөн л дөө. Зах хязгаар нутгийн хүмүүст бол Улаанбаатараас ирсэн хүн явдаг вирус гэж харагдаж байна. Хилийн дагуу застав отрядууд бүгд хөл хорионы дэглэмтэй, гадны хүн оруулахгүй байгаа. Гурав, дөрөв дэх хоногтоо шантарч байсан. Би “Лавайн эгшиг” радиогоор хичээл заадаг юм. Түүнийг хөдөөгийнхөн маань сонсдог юм байна. Буддын шашны тухай яриа таниулга хийгээч, маань хөгжөөх талаар зааж өгөөч гэх мэт хүсэлт их байсан учраас сайн явлаа л даа. Ер нь хязгаар нутаг харанхуй болж байна. Зөвлөлт Холбоот Улсын үеэс л хил давж ирсэн тагнуулаас айдаг байсан уламжлалтай. Одоо ч явуулын хүн, дотоодын аялагч нараасаа эмээж болгоомжилж байна. Дотоодын аялал жуулчлал хязгаар нутгаар хөгжөөгүй. Заавал уулын орой руу дайралт хийх бус аажуу уужуу олуулаа явдаг, эх орноо, зах хязгаар нутгаа танин мэддэг байгаасай гэж ийм үлгэр дуурайлал үзүүлэхээс аргагүй. Тиймээс би Үндэсний номын сангийн сэргээн засварлагчийн ажлаа өгөөд, аялалд гарсан юм. Энэ жилийн эхний аяллын тэмдэглэлээ оны эцсээр хэвлэж гаргах бодолтой байна. Хүн судлал, угсаатны зүй, шашны судалгаа хийж яваа гэсэн үг.

-“Буйр нуур үлийн цагаан оготнод баригдаж, элс нүүж, бэлчээр нь доройтжээ” гэсэн пост оруулсан байна лээ. Газар дээрээ ямар байна вэ?

-Ноднин Буйр нуурын эрэгт майхан хатгах зайгүй олон хүн бужигнасан. Энэ хөл хөдөлгөөн сөргөөр нөлөөлсөн болов уу. Нуурын орчин хурдан цөлжиж, элс нь нүүж, экологийн сүйрэлд өртжээ. Буйр нуурын эргээр гурав хоног явлаа. Амралтын газрууд элсэнд дарагдаж байна. Энэ хавраас Халх гол сумынхан нуураа хамгаалахаар ярьж тэмцэж байгаа юм билээ. Халх гол сумын Цагдаагийн газрын дарга П.Ганхуяг төрийн албан хаагчид, нутгийнхнаа уриалж, “Буйр нуураа хамгаалъя” хөдөлгөөн өрнүүлж байна. Мод тарьж, үлийн цагаан оготнотой тэмцэж байна. Бид ямар ч үнэ төлбөргүй байгальд ирж амарч байгаа шүү дээ. Олон жил энэ нуурын эрэгт ирж амрахын тулд байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна.

-Наадам дөхлөө. Ковидын үед ч хөдөөгийнхөн маань наадамд бэлтгэсэн маягтай байх юм уу?

-Байлгүй яах вэ. Манайхан маш өөдрөг хүмүүс юм байна. Замд таарсан хүмүүс морио уяж, тарлаж байна. Морьдыг наадамд уралдуулах гэхээсээ хоорондоо мөрий тавьж уралдуулдаг болж. Хурдан морь гэдэг баярхал, тансаглалын чанартай зүйл болж. Увс, Ховд, Баянхонгор, Төв аймгаас энд маш олон хүн малаа тууж ирсэн байна. Бэлчээр дагаж ирсэн ч төд удалгүй энд ч бэлчээр талхлагдах төлөвтэй. Зээр цөөрч байгаа нь ажиглагдаж байна.

-Та хөл хорионоос болоод буцахаар болсон гэлээ. Аяллаа зогсоож байгаа юм уу мөд эргэж алхах уу?

-Энэ жил Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэсэн гурван аймгийн нутгаар явах байсан юм л даа. Гэтэл хил дагуу Онгон, Наран, Дарьганга сумд хатуу хөл хорио тогтоосон. Матад суманд олон хүн ойрын хавьталтай, хөл хорьсон байдалтай байна. Сумын иргэд гадны хүн оруулахгүй, хүлээж авахгүй гэдгээ шууд хэлдэг болсон. Айлд очиход “Та PCR шинжилгээний хариугаа, вакцины хоёр тун тариулсан бичгээ үзүүлээч” гэж байна. Нэгэнт эдгээр сумдад нэвтэрсэн тохиолдолд хөл хоригдохоор байгаа учраас буцахаар шийдсэн. Хүн амдаа вакцин хийсэн учраас өвчин дарагдах байх гэж тооцоод гарсан л даа. У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны хүмүүс маш их явсан байна. Ардчилсан намынхан бас явсан байна. “Ерөнхийлөгчийн сонгуулиас болоод өвчин тарлаа” гэж уулзсан хөдөөгийн хүмүүс ярьж байна.

-Та вакцины хоёр тунгаа хийлгэсэн үү?

-Вакцинаа хийлгээд дөч гаруй хонож байгаа л даа.

-Б.Ичинхорлоо найрагчаас авахуулаад яруу найрагчид, найзууд чинь таныг замд гарлаа гэж их бичсэн байна лээ. Тэрэгтэй зураг оруулсан байсан. Та тэрэг түрж гарсан уу?

-Никель Ганбаа бид сайхан найзууд. Никель Ганбаа маань 20 кг ачаа ачдаг хөнгөн дугуйтай тэрэг хийсэн юм. Майхан, үүргэвч, цэвэр ус, хийн плитка зэргээ ачсан хөнгөн тэрэгтэй гарсан. Түүнтэйгээ эхний 120 км яваад, цаашаа явах боломжгүй болсон. Нарийн дугуйтай учраас элсэнд шигдээд явдаггүй. Тэргээ хилийн заставт орхисон. Дараа аяллаа үргэлжлүүлэхдээ хилийн заставаасаа аваад цаашаа явна. 120 км тэрэгтэй, 240 км үүргэвчтэй явлаа.

-Орчин үеийн бадарчин өдөрт дунджаар хэдэн км явах шинжтэй байна?

-Үүргэвчтэй, эсвэл тэрэг чирч байгаагаас шалтгаалаад жаахан өөр. Өдөрт дунджаар 25-30 км явж байна лээ. Нартай биш сэрүүхэн өдрүүд байсан учраас нэлээд алхаад байгаа юм л даа.

-Хаагуур хоноглож байв?

-Эхний шөнө Дорнодоос гараад Сүүжийн ар гэдэг газар майхандаа хоносон. Бороонд нэвт норсон. Хөдөө хээр зэрлэгшсэн нохой олон болжээ. Хүн малаас айдаггүй юм байна. Хоёр золбин нохойд ээрүүлснээсээ хойш айл бараадаж хонодог болсон.

-Бадарчин хоол хүнс, хувцас хунар, өвдсөн үед өөрийгөө анагаах арга чаргатай байсан гэж ойлгосон. Таны хувьд өвдсөн үед өөрийгөө анагаах бэлтгэлтэй байв уу?

-Явж байгаа газрын ургамалаа судлах хэрэгтэй. Ядаж ходоод гэдэс өвдөхөд ургамал буцалгаад уучих мэдлэгтэй байх учиртай. Ойр зуурын эм авч гарсан. Бэртэж гэмтчихгүй бол өвдөх нь гайгүй, өдөртөө сайн хөлөрч байгаа, хоёр кг хассан. Явган алхахад маш сайн эрүүлждэг. Эрүүл агаар бол эм, хоол. Аялалд гарснаас хойш хоол бага идэж, оюун санааны хувьд сүүлийн хоёр жилд хуримтлагдсан стресс, ядаргаа энэ 15 хоногт байхгүй болсон. Буцахад бол харамсалтай л байна.

-Та бадарчны хувцасны талаар ярьсан байна лээ. Бадарчин дотуур хувцасны оронд хүр хорхойн хадгаар биеэ ороодог байсан гэсэн. Хувцаслалтын хувьд хэр анхаарав?

-Орчин үеийн залуус сонирхож магадгүй мэдээллүүдийг номдоо оруулна аа. Аюулгүй аялах технологи, аян замын тэмдэглэл бичих юм. Тэндээс илүү дэлгэрэнгүй уншаарай. Алхах замдаа би бодлоо. Ард түмнээ соён гэгээрүүлэх талаар судлаачид бид их юм хийх хэрэгтэй юм байна. Даргад таалагдах гэж ажиллаж, амьдардаг хүмүүсийг аяллын хэд хоногт илүү их харлаа. Тийм учраас судлаачид, эрдэмтэд төсөв мөнгө харахгүйгээр өөрсдөө үүргэвч үүрээд, явган явж, Монголын ард түмэнд хэрэгтэй байгаа зүйлийг мэдрэх хэрэгтэй байна даа.

Хөдөөгийнхөн фэйсбүүк нэлээд хэрэглэдэг болсон юм байна. “Танхай банди” гэдгээр маань андахгүй байна шүү. Манай уламжлалт соёл гээд байгаа зүйлс маань буддын шашинд суурилсан байдаг учраас буддын шашнаар дамжуулсан соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй юм байна. Малчин айлд яваад ороход бурхан тахилтай айл ховор болсон байна. Нарны эрчим хүч, шинэ соёл, технологи нэвтэрчээ. Гэхдээ мал маллах малчны соёл, философио гээж болохгүй л дээ. Орчин үеийн малчид маань махны ченжүүд шиг л болж дээ. Махны үнэ л асууна. Малаа шүтэж амьдрах бус мөнгөнд шүтэж байна. Ийм л болсон байна даа.

-Аяллын зардлаа та өөрөө гаргасан уу?

-Өөрөө гаргасан. Энэ аялалд зориулж гурван жил бэлтгэсэн. Хувцас хунар жижиг хэрэглэлээ нэг нэгээр нь бэлтгэсэн дээ. Манай найзууд мэднэ. Гурван жил явна гэж ярьж байгаад шууд зориглоод гараад ирсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс 2.5 сая Файзер вакцины эхний ээлжийн 84.240 тунг хүлээн авлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдэх вакцины эхний ээлжийг хүлээн авах ёслолын ажиллагаа зургадугаар сарын 16-нд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд болов.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд зориулж Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлээд байсан билээ. Тэгвэл энэхүү тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Pfizer вакцин манай улсад нийлүүлэгдэх бөгөөд үүнээс эхний 84240 тун вакциныг өчигдөр манай тал хүлээн авлаа.

Шадар сайд С.Амарсайхан Япон Улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа манай ирээдүй болсон хүүхэд залуучуудыг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно гээд Япон Улсын Засгийн газар, японы ард түмэн, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүүхдийн Санд гүн талархал илэрхийлэв. Тэрээр мөн манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэлжээ.

Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн сацуу вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакцин нь вакцинжуулалтыг улам өргөжүүлж, хүн амын дунд вакциндаа хамрагдаж чадахгүй байгаа хэсгүүдэд зориулагдаж байгаагаараа онцлог юм” гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюундарь: Эрх баригчид сонгуулийн үеэр нэр татуулах хэмжээний үндсэн том заалтуудыг огт санаа зовохгүйгээр, эрээ цээргүйгээр зөрчсөн

-ИЙМЭЭС АРДЧИЛСАН НАМААС ХЭН Ч ДЭВШСЭН ЯЛАХААРГҮЙ БАЙЖЭЭ ГЭЖ ДҮГНЭЖ БАЙГАА-


Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.


Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ. Сонгуулийн үр дүн гэнэтийн явдал байв уу?

-Гэнэтийн явдал байгаагүй ээ. Олон янзын судалгаагаар иймэрхүү дүн гарах нь ээ гэдэг таамаглал гарч байсан. Ерөөс Ардчилсан намаас (АН)-аас хэн ч нэр дэвшсэн ялагдах хэмжээний зохион байгуулалтыг эрх баригчид ковидын дэглэмийг ашиглан хоёр жилийн турш тууштай явуулсан, сонгогчдын сэтгэл зүйг бэлэн мөнгөөр “угжиж”, бүрэн бэлтгэлийг хангасан байсан. Ийм нөхцөлд АН-ын хувьд үзэл санаагаа хамгаалах зорилтыг л тэргүүн зорилгоо болгон оролцлоо. Сонгууль гэдэг улс төрийн намын хувьд үнэт зүйл, үзэл санаа, улс төрийн талбарт тунхаглаж буй соёл хандлагаа таниулах давхар зорилгыг агуулсан үйл явц байдаг. Энэ үйл явцын дунд Ардчилсан нам талцаж хуваагдаад байгаа гишүүдийнхээ дунд яг хэд нь улс төрийн намын гишүүн байна гэдэг утга учир, үүрэг хариуцлагаа мэддэг юм бэ, яг хэд нь намынхаа үндсэн дүрмийг ойлгож дагадаг юм бэ гэдгийг ялгаж салгасан том сорилтыг давхар хийж чадлаа гэж бодож байна.

Шударга сонгууль болж чадсангүй. Бүхэл бүтэн төрийн аппарат нэг намын талд ажиллагаа, төсвийн мөнгөөр сонгогчдын саналыг авчихлаа гэх мэдэгдлүүдийг танай намын зарим нөхөд хийсэн. Мөн С.Эрдэнэ дарга асар их луйвар, хар хүчний эсрэг хүчин мөхөстлөө гэж хэлсэн. Энэ тухайд?

-МАН-ын хувьд ковидын дэглэмийг ашиглаж, халамжаар угжих болон “давхар стандарт”-ыг нийгэмд хэвшүүлэх бодлогыг хоёр жил тууштай явуулсан. Үүнийг бид Ковидизм хэмээн тодорхойлсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр “онцгой нөхцөл байдал” гэдэг үгээр халхавчлан нийгэмд давхар стандартыг байх ёстой үзэгдэл болгон хэвшүүлэх бодлого юм. Ингэснээр эрх баригчдад хууль үйлчлэхээ больж, иргэд тэрийг нь “онцгой нөхцөл байдал” тул хууль хамаагүй гэдэг байдлаар хүлээн зөвшөөрөх сэтгэхүйтэй болсон. Тийм ч учраас сонгуулийн үеэр нэр татуулах хэмжээний үндсэн том том заалтуудыг эрх баригчид огтхон ч санаа зовохгүйгээр, эрээ цээргүйгээр зөрчиж байсан. Төсвийн хуулийг уландаа гишгэсэн. Төсвийн энэ жилийн хуульд л лав бүх малчдад бэлэн мөнгөөр бэлэг тараана гэсэн заалт байгаагүй.

Гэтэл 180 мянган малчдын данс руу “Засгийн газрын бэлэг” гээд шууд зуу зуун мянган төгрөг шилжүүлчихэж байгаа юм. Зээлгүй ахмадуудад гээд сая сая төгрөг хийчихэж байна. Бүр шулуухан, ил цагаанаар шүү дээ. Төрийн байгууллагуудыг бүхэлд нь дайчилсан. Төрийн албан хаагчдыг МАН-д санал өгөхийг үүрэгжүүлсэн, зарим газар бүр жагсааж байгаад аваачсан. Өмнө нь бид олон л сонгуульд ажиллаж байсан. Үйлдэл бүрээ цэнэж, өмгөөлөгчдийн баг ажиллуулж, зүйл заалт зөрччих вий гэдэг болгоомжлол, хууль дээдлэх хүндлэлийг сэтгэлдээ тээж кампанит ажлаа зохион байгуулдаг байсан. Гэтэл сая МАН бол хуулийг бүх талаар уландаа гишгэсэн үнэхээр “давхар стандарт” гэж юу байдгийг утгаар нь харуулсан кампанит ажлыг зохион байгууллаа. Сошиал сүлжээнд идэвхтэй байдаг, өөдөөс “цор цор” хийж болзошгүй бүх идэвхтнүүдийг бүгдийг нь “худалдаж” авлаа. Ийм гаж буруу хандлагыг нийгэмд хэвшүүлэх нь эргээд засч залруулшгүй муу үр дагавар дагуулахыг эрх баригчид үл тоож байгаад нь харамсаж байна. Хойч үеэ боддоггүй, зөвхөн өнөөдрийн эрх ашгийг боддог хүмүүсийн хандлага л нэг иймэрхүү байдаг л даа.

Ардчилсан нам нэр дэвшигчийн сунгааг цахимаар явуулж, С.Эрдэнэ дарга олонхын санал авч гарч ирсэн гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ дарга нам дотроо анхан, дунд гээд бүх шатанд ажилласан, илүү суурьтай гэсэн шалгуураар гараад ирлээ гэсэн тайлбар явж байсан. АНаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэр дэвшигчийн сунгаа хэрхэн явагдсан юм бэ?

-Өөрийн чинь сонссон тайлбар үнэн. Угаасаа сунгаанд нэр дэвшсэн таван хүнээс яг анхан шатны намаас өгсүүлээд 31 жилийн туршид мерит системээр нэг ч шат алгасалгүйгээр өгссөн хүн бол С.Эрдэнэ байсан. Тэрээр дүүргийн намын даргаар арваад жил ажилласан, дүүргийн иргэдийн хуралд хоёр удаа сонгогдсон, нийслэлийн намын дарга байсан, нийслэлийн иргэдийн хуралд мөн хоёр удаа дэвшээд ялж байсан хүн. Дараа нь УИХ-д гурван удаа сонгогдсон. Ингээд нийт долоон удаагийн сонгуулийг даван, 31 жилийн туршид дандаа сонгогчдоор дүнгээ тавиулан гарч ирж байсан хүн юм билээ. Дээрээс нь сүүлийн дөрвөн жил АН-ын даргаар ажилласан. Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан туршлага нь нэлээд нөлөөлсөн байх.

Нийгмийн даатгалын ерөнхий газар гэдэг бол бүх аймаг сумдад салбартай, өөрөө дарга нь байхдаа энэ байгууллагыг бүтцийнх нь хувьд өнөөгийн түвшинд очтол өсч дэвжих зохион байгуулалтын ажлыг гардаж хийсэн хүн юм билээ. УИХ-д байхдаа мөн сонгогчдод хамгийн хэрэгтэй, амьдралд нь шууд нөлөөлөхүйц хуулиудыг санаачилж баталж байсан хүн. За мөн ардчилсан хувьсгалыг анх санаачилж, гол хүч нь болж байсан МоАХ гэж улс төрийн маш том хүчний даргаар ажиллаж байсан гээд нам доторх массыг хамарсан, намын бүх шатанд “хөл”-тэй ийм л хүн болж таарсан л даа. Бусад нэр дэвшигчдэд бол ийм “намтар” илт дутагдалтай байсан. Мөн тэдний нам доторх дэмжигчдийнх нь мөн чанар ойролцоо байсан нь санал хуваагдахад нөлөөлснөөр С.Эрдэнэд сунгаанд ялах боломжийг гаргаж өгсөн байх. Миний хувьд бол ийм л дүгнэлтийг тухайн үед хийж байсан.

Зарим хэсэг С.Эрдэнэ бол У.Хүрэлсүхийн захиалга байсан. УИХын сонгуульд ялагдал хүлээлгэсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал бага байгааг мэдсээр байж нэр дэвшсэн нь захиалга байхаас зайлахгүй гэж ярих нэгэн байна. Энэ тухайд?

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй, 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг бол У.Хүрэлсүх, Х.Баттулга нар “захиалсан” байх магадлалыг би харин илүү бодитой, амьдралд тохиолдсон үйлдлүүдээр тэр нь нотлогдоод байгаа гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвших боломжгүй болсноор энэ бүх зүйл олон нийтэд ил болж эхэлснийг та бүхэн анзаарсан байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тойрсон ид маргааны үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нэг ярилцлагадаа тун ноцтой зүйл хэлсэн ш дээ. Яг үг, үсэгчлэн санахгүй байгаа ч “Хүрэлсүх уг нь Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж тохирсон байсан. Энэ тохироогоо тэр эвдэж дэвших болсноор ҮХНӨ-ийн тэр заалт болохоо больчихсон. Хүрэлсүх нэр дэвшихгүй гэдэг тохироотой байхад бол тэр заалтад ямар ч асуудал байгаагүй” гэсэн утгатай зүйл ярьсан байдаг. Энэ тохироо яаж бий болсон бэ гэхлээр 2020 оны УИХ-д Х.Баттулгын “захиалга”-аар АН “навс ялагдаж”, МАН үнэмлэхүй ялснаар У.Хүрэлсүх хүчтэй Ерөнхий сайд болох, Х.Баттулга үүнийхээ “шан”-д 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвшиж, хүчтэй Ерөнхийлөгч болох гэсэн ийм тохироо байжээ гэж харагдаж байгаа. Тэгэхээр ҮАБЗ-ийн гурван хүний хамтын ажиллагааны үр дүнд АН “навс” ялагдаж, дахин сэргэхээргүйгээр унах ёстой байсан, тийм ч учраас АН-ыг дотор нь хагалан бутаргах, бие даасан амбицтай залуусын “толгойг эргүүлэх”, хутган үймүүлэх ажил үе шаттай, урт хугацааны турш бодлоготойгоор явагдсан нь өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудаас тодорхой харагдаж байгаа.

Ардчилсан намын зөв сонголт байж, олонхын дэмжлэг авсан хүн нь С.Эрдэнэ байсан юм бол яагаад ердөө зургаан хувийн санал авав. Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй гэж Б.Пүрэвдорж гишүүн хэлж байсан. Гэтэл С.Эрдэнэ дарга 72500 гаруй хүний санал авсан. Үлдсэн 100 гаруй мянган гишүүд хаачсан бэ. Тэд яагаад нүүр буруулав?

-С.Эрдэнэ гэж хүний Ерөнхийлөгчид нэр дэвшсэн тухайд бол та бүхэн мэдэж байгаа, нам хоёр хуваагдчихсан хоёр талаас нэр дэвшилт явах нь тодорхой болсон цаг үед О.Цогтгэрэлийн талаас АН-ын гишүүн биш, УИХ-д бие дааж орж ирсэн Н. Алтанхуяг, МАХН-аас нэр дэвшиж орж ирсэн С.Ганбаатар нар сунгаанд нэрээ дэвшүүлсэн. С.Эрдэнэ үүнийг л сөрж зогсох гэж эцсийн мөчид нэрээ дэвшүүлэн сунгаанд бүртгүүлсэн. 2017 оноос хойш У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын хооронд бий болсон “урт хугацааны хамтын ажиллагааны тохироо”-ны хохирогч нь АН байсан учраас АН-аас энэ удаагийн сонгуульд Р.Амаржаргал ч байсан, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг, ер нь хэн ч байсан ялахааргүй байжээ гэж миний хувьд дүгнэж байгаа. Яахав, авах саналын тоо нь харьцангуй өөр байх байсныг үгүйсгэхгүй, гэхдээ л ялагдах байсан.

Учир нь энэ бүх ажлыг маш том хэмжээнд, урт хугацаанд төлөвлөсөн байсан нь санал хураалтын өмнөх өдөр телевизүүдийн хөтөлбөр эвдэн Ерөнхийлөгч Х.Баттулгын орсон захиалгат нэвтрүүлгээс тодорхой харагдсан л даа. За тэр гишүүдийн тооны хувьд бол АН-ын цахим бүртгэлийн санд 140 мянган гишүүд бүртгэлтэй байдаг. Аливаа дотоод сонгуульд бид “зөв сонголт” гэхээсээ илүү дотоод сунгаанд оролцсон хүмүүсийн олонхын санал авч гарч ирсэн хүнээ цааш дэмжээд явдаг дүрэмтэй. Нэр дэвшигчийг тодруулах цахим санал хураалтад 75 мянган хүн оролцсон, саяын сонгуулийн дүнг харахад бол үндсэндээ тэр хүмүүс л намынхаа төлөө нэр дэвшигч нь хэн байхаас үл шалтгаалан саналаа өгсөн дүр зураг харагдаж байгаа. Ер нь бол бүртгэлтэй 140 мянган гишүүн байгаад, АН-ыг ялсан үед тоо нь өсөөд, ялагдсан үед бага зэрэг буураад явдаг жишигтэй л явж ирсэн. Саяын сонгуулийн дүнг харахадгишүүдийн маань 50 хувь нь ямар ч байсан АН-ын дүрмээ ойлгодог, мэддэг, хариуцлагатай гишүүд юм байна гэдэг нь тод харагдлаа.

Одоо Ардчилсан намд цаашид хэрхэх вэ гэсэн том сорилт тулгарлаа. Үүнд Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс намын онц их хурлыг зарлаж, нэг удирдлагатай болгох асуудлыг яаралтай шийдэх ёстой гэсэн санал шаардлага их ирж байгаа гэж ойлгосон. Цаашдын үйл явц хэрхэн өрнөх вэ?

-Ардчилсан чөлөөт нийгэмд ямар нэг иргэн улс төрийн намд оръё гэдэг шийдвэрийг гаргахдаа тухайн эвлэлдэн нэгдсэн бүлэг нөхдийн буюу тухайн улс төрийн намын дүрмийг хүлээн зөвшөөрч, тэр дүрмийг дагана гэдгээ илэрхийлж намын гишүүн болдог шүү дээ. Хэрвээ тэр дүрэм таалагдахгүй бол тухайн намын гишүүн нам дотроо нөлөөллийн ажил хийж, улмаар дүрмээ өөрчлөх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй. Хэрэв тийм оролдлогыг хийгээгүй, эсвэл хийхийг хүсэхгүй бол тухайн дүрмийг үл хүлээн зөвшөөрөөд намаас гардаг, ийм л энгийн зүйл. Улс төрийн нам гэдэг чинь иргэдийн сайн дурын эвлэлдэн нэгдсэн процесс шүү дээ. Нэгэнт орсон бол тэр чигтээ байгаад бай гэж хэн ч хэлдэггүй. Тийм ч учраас дүрэм нь таалагдахгүй байна аа, дарга нь таалагдахгүй байна гээд АН-аас гарч яваад, бие дааж нэр дэвшээд УИХ-ын гишүүн болчихсон, өмнө нь манай намын дарга байсан хүн ч УИХ дотор одоо байж л байна. Энэ чинь сайн дурын нэгдэл. 2017, 2018 онд АН доторх залуусын шинэчлэлийн хөдөлгөөнийхний идэвхтэй оролцоотойгоор АН-ын өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн дүрэм шинэчлэгдэн батлагдсан. Энэ дүрэмд “Онц их хурал” гэдэг заалт огтоос байхгүй. Гэтэл дүрэмд байхгүй заалтаар гишүүдийг үймүүлэх гээд элдэв санаачилга гаргаад, төрөл бүрээр оролдоод байгаа явдлыг би л лав АН-ын төлөө хийгдэж байгаа үйлдэл гэж харахгүй байгаа. Үнэхээр намынхаа цаашдын ирээдүйд санаа тавьж байгаа бол цагаан дээр хараар бичигдсэн дүрэм, улс төрийн намуудын тухай хууль зэргээс л гарц гаргалгаагаа хайцгаамаар байна.

МАН хүчтэй гэхээс илүү АНын дотоод хуваагдал голлох нөлөө үзүүллээ гэж ярих нэгэн байна. –Зөвшилцөлд хүрэх боломж бий юу. Дотоод эв нэгдлийг хэрхэн хангах ёстой вэ. Тухайлбал, та бүхэн буулт хийх үү?

-Өнгөрсөн 31 жилд АН-ын хийсэн маш том “алдаа” бол сонгуулийн ялалтын төлөө “механик” нэгдэл хийсээр ирсэн явдал. Үзэл санаа, зарчим, дүрэм дээрээ нэгдэж байгаагүй. Ялалт гэдэг “өчүүхэн” зорилго дээр нэгдэж ирснээр ялалт байгуулсан хэдхэн хүнийг тойрч шимэгчилдэг бүхэл бүтэн үеийг бойжин бий болоход нөлөөлсөн байна. Иймд одоо хийх нэгдэл бол их өөр байх ёстой. АН-ын дүрмээ ойлгодог хүндэтгэдэг маш хариуцлагатай 75 мянган гишүүд байна, энэ хүчээ сууриа болгоод АН үзэл санааны нэгдлийг зоригтойгоор, маш хүчтэйгээр хийх ёстой. Богино хугацааны “сонгуулийн ялалт” гэдэг өчүүхэн богинын зорилго дээр үндэслэсэн механик нэгдлийн хор уршгийг бид хангалттай амссан.

УИХ, Засаг, Ерөнхийлөгч нэг талдаа гарлаа. Хяналтын тогтолцоо алдагдлаа. Үүнээс үүдэлтэй эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

-Давхар стандартыг хэвшүүлсэн, хяналтгүй төрд дураар авирлах эрх баригчдын бүх оролдлого Монгол Улсын ирээдүйд асар хор уршигтай үр дагаврыг авчрах болно. Ийм учраас АН, түүний гишүүд дэмжигчид, иргэд олон нийт, бусад намууд бүгд маш өндөр сонор сэрэмжтэй байж, нягт хамтран ажиллах нь хамгаас чухал байна. Ордонд ч бай, орцонд ч бай, Ардчилсан нам хаана ч байсан хүний үндсэн эрх, тэр дундаа үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн эрх, өмчийн эрх зөрчигдсөн аливаа үйлдлийг эрс эсэргүүцэн, таслан зогсоохын төлөө бүх хүчээрээ сөрөн тэмцдэг төрөлх зөн совинтой нам. Тийм ч учраас төрд тавих хяналтын тогтолцооны эхлэлийг АН эрх барьж байхдаа шилэн дансны хууль, төсвийн ил тод байдлын тухай хууль, төрийн албаны ашиг сонирхлын зөрчлийн тухай зэрэг олон хууль, бодлогуудаар тавьж чадсан. Одоо иргэдтэйгээ хамтран эрх баригчдыг шахаж шаардах бүхий л арга замыг эрэлхийлж, илүү идэвхтэй ажиллахыг зорино.

Г.БАТЗОРИГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан бич өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 17, Бархасбадь гариг. Билгийн тооллын 7, Бага морь одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4:52 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.