Цар тахлаас шалтгаалан хойшлогдож энэ жилтэй золгосон болон цаг хугацааны хувьд өнөө жил зохиогдох ёстой дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүд яг одоо болон шил шилээ даран хойно хойноосоо үргэлжлэх нигууртай болсон ба спорт сонирхогчдын хувьд гайхалтай зун урд маань байна. НХЛ, НБА, гар бөмбөгийн “Үндэсний лиг”, газрын теннисний Ролан Гаррос, Уимблдон гээд энгийн цагт бол олны анхаарлыг татдаг тэмцээнүүдийг “цааш нь хаяад” дөрвөн жилд ганц удаа зохиогддог томоохон гурван тэмцээн давхацсан энэ цаг үед өрнөж буй үйл явдал цаашид хэрхэх вэ гэдгийг тоймлоё.
АМЕРИКИЙН ЦОМ БУЮУ ӨМНӨД АМЕРИКИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХАМГИЙН ТОМ ТЭМЦЭЭН
Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (КОНМЕБОЛ) Европтой “хөл нийлүүлэн алхана” гэж 2019 онд шийдээд 47 дахь удаагийн цомын тэмцээнээ 2020 онд зохиохоор боллоо гэж тунхаглаж байсан нь саяхан мэт. Даанч нөгөө ковид тэр жил бүх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан тул ухарч өнөө жил ЕАШТ –тэй зэрэгцээд Бразиль улс лугаа шилдэг арван улсийн шигшээ багууд хүчээ үзэж байгаа. Месси, Неймар, Маркиньос гээд Европын шилдэг багуудыг чимдэг гайхалтай хөлбөмбөгчдийг цуглуулсан уг тэмцээн анхандаа Аргентин, Колумб улсуудын нутаг дэвсгэрт зохиогдох байсан ч гэлээ бас нөгөө цар тахлаас шалтгаалан буурь сэлгэн Бразиль руу шилжин зургадугаар сарын 14нөөс гараанаас хөдлөөд явж байна. Австраль, Катарын шигшээ багууд урилгаар нэгдэн уг тэмцээнд оролцох байсан ч ковид гэдэг аймшигаас болж оролцхоосоо татгалзсан. Одоо үлдсэн арван баг нь хоёр хэсэгт доорх байдлаар хуваагдан наадаж буй:
“A” хэсэг Парагвай, Аргентина,Чили, Уругвай, Боливиа
“B”хэсэг Бразили, Колумб, Перу,Эквадор, Венесуэль
Европыг бодвол Өмнөд Америкт ковид хүчтэй шуурч байгаа гэдгийг батлах мэт эхний өдрүүдийн тест шалгалтаар дөрвөн багийн 20 орчим хөлбөмбөгч эерэг хариу үзүүлчихсэн хэцүүхэн л байгаа бололтой. Энэ чигээрээ үргэлжилбэл талбайд гарах хөлбөмбөгч үлдэх нь үү гэмээр. Хэсэгтээ эхний байр эзэлсэн дөрөв, дөрвөн баг цаашлаад хасагдах шатанд шалгарч хоорондоо учрах юм билээ.
“Токио-2020” зуны олимп
Сар гаруй хугацааны дараа япончууд зуны олимпийн нээлтээ хийх нь. Хэрвээ өвчлөл тогтоох аргагүй болтлоо гаарчихгүй бол шүү дээ.
Олимпийн долоон удаагийн аварга, “Токио-2020” олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч хатагтай Сэйко Хашимото хэлэхдээ “долдугаар сарын 23нд зуны олимпийн наадам эхэлж бамбар дүрэлзэх болно гэдэгт зуун хувь итгэлтэй байна” гэсэн байна лээ. Хэдий түшмэлүүд итгэлтэй байгаа ч гэлээ Япон даяар арван ч мужид онцгой байдал тогтоочихсон, коронавирусийн дөрөв дэх давлагаа улс орныг нөмөрлөө гэх таагүй мэдээ цувсан хэвээр. “Асуудал одоо юунд байна аа гэхээр, бид энэ наадмаа яавал аюул багатай зохион байгуулах вэ, япончууд маань ийм их зовлон үүрч байх үед юун олимпийн наадмын тухай ярина вэ гэх шаналал дунд зүтгэж явна” гэж хатагтай Хашимото хэлээд “Хэрвээ олимпийн наадмын үеэр коронавирусийн дэгдэлт даамжирвал үзэгчгүй тэмцээн явуулахаас өөр гарц үлдэхгүй” гэсэн байна лээ. Ямартаа ч өнөөдрийн байдлаар гадаадаас жуулчид, хөгжөөн дэмжигчид Японд ирж баг тамирчдаа дэмжих боломжгүй болсон гэдэг нь баталгаатай. Тэр бүү хэл Паралимпийн олимпод ч гадаадын хөгжөөн дэмжигчдийг оруулахгүй.
Саяхан явуулсан судалгаагаар япончуудын дал орчим хувь нь олимпийн наадмыг цуцлах хэрэгтэй гэсэн санал өгсөн байх юм. Даанч хугацаа хэтэрхий давчуу, тэртэй тэргүй нэг жилээр хойшлуулсан наадмыг дахин цуцлах боломжгүй агаад тамирчдын амжилт гаргах нас, орон зай гээчийг тооцоолохгүй байх аргагүй юм гэдгийг Хашимото онцолсон байна лээ.
Зуны олимпийн наадам долдугаар сарын 23нд эхэлж наймдугаар сарын 8нд дуусна. Нийт 33 төрлийн спортоор 42 цэнгэлдэх хүрээлэн, спортын барилга байгууламжид 200 гаруй улсын шилдэг тамирчид өрсөлдөнө.
ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН АШТ
Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА) байгуулагдсаныхаа 60 жилд зориулсан 16 дахь удаагийн тэмцээнээ уг нь ноднин зохион байгуулах ёстой байлаа. Даанч ковид дэгдээд жил өнжсөний эцэст ийнхүү яг одоо Европын арван улсын 11 хотын 11 цэнгэлдэх хүрээлэнд хуваагдан хэсгийн тоглолтуудаа эхлүүлчихээд явж байна. Урьд өмнө зохиогдож байсан АШТүүд нь ихэвчлэн нэг улсад, “үсрээд” залгаа хилтэй хоёр улсад зохиогддог байсан бол энэ удаа өрнөд зүгтээ Англид, дорно зүгтээ Азербайжан хүртэл сунаж олон цагийн бүсэд харьяалагдан тоглож байгаа тул монголчууд заримдаа шөнө хугасалгүй оройн цагаар тухлан сууж үзэх боломж гараад байгаа.
Сонгон шалгаруулалтаас торойж үлдсэн 24 баг зургаан хэсэгт дөрөв, дөрвөөрөө хуваагдан зургадугаар сарын 24 хүртэл хэсгээсээ шалгарахын төлөө тоглоно.
“А”хэсэг : Итали, Швейцарь, Уэльс, Турк
“B”хэсэг: Бельги, Финлянд, Дани, ОХУ
“C”хэсэг: Австри, Нидерланд, Украина, Хойд Македони
“D”хэсэг: Чех, Англи, Хорват, Шотланд
“E” хэсэг: Словак, Испани, Швед, Польш
“F”хэсэг: Португаль, Франц, Герман,Унгар
Энд нэг зүйлийг онцлоход, Европын шилдэг багууд цугларсан тул ямар ч маргаангүй эхнээсээ эцсийн өдрөө хүртэл өдөр бүр гал маналзуулсан тоглолтууд үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байгаарай. Учир нь ДАШТ шиг Ази, Африкийн “жуулчин” баг байхгүй, Европынхоо “тарваган багуудыг” жийчихээд тоглож багаа тул эхний өдрөө ИталиТурк гээд эхэлсэн шиг “аймаар, аймаар” тоглолтууд цувах болно гэдэг нь ойлгомжтой. “F” хэсгийг хар л даа. Сүүлийн үед тун сайжирч байгаа Унгарын шигшээг “баян ходоод” гэх юм уу. ГерманФранц гэсэн хос шууд л эхний өдрөө учраа таарч байгаа биз дээ.
Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд дээр харьцангуй өндөр оноо цуглуулж чадсан гуравдугаар байрны дөрвөн баг нэмэгдээд шилдэг 16 баг зургадугаар сарын 27ноос эхлээд плей оффоо эхлүүлнэ. Хасагдах шат долдугаар сарын 12 хүртэл үргэлжилж Лондон хотноо аваргаа шалгаруулах тохиролтой юм билээ.
ЕАШТ эхэлсэн өдрөөсөө л шинэ амжилт, тохиолдол, азгүйтэл, гайхширлын үүд хаалгыг нээж эхэлсэн. Жишээлбэл:
-Хамгийн эхний тоглолтын эхний гоол Туркийн хөлбөмбөгчийн өөрийнхөө хаалганд оруулсан автогоол байлаа.
-Дани улсын шигшээ багийн од Кристиан Эриксэн тоглолтын явцад золтой л хорвоог орхих шахлаа. Түүний зүрх гэнэт зогсож ухаан алдан унахад эмч нар шууд л талбай дээр 15 минут орчим эрчимт эмчилгээ хийсний үр дүнд золгүй явдлыг зогсоож чадав. Ер нь анзаарах нь ээ спортын эм зүй тун өндөр түвшинд хүрчээ. Бараг л мэс заслын танхим шиг юм талбай дээр дэлгэж байна.
-Криштиану Роналду Унгарын шигшээ багийн хаалганд оруулсан хоёр гоолынхоо дараа ЕАШТий түүхэн дэх шилдэг мэргэн бууч(11 гоол) боллоо.
-Германчууд анх удаа нээлтийн тоглолтдоо хожигдож үзлээ
-Англичуудаас мөнхөд ихийг горьдоно, гэвч тэд найдвар даахдаа тун маруухан. Эхний тоглолтоо тэд бас л үлбэгэр өнгөрөөлөө.
Д.БАТ-ЭРДЭНЭ