Увс аймаг нь мөнх цаст өндөр уулс, ой тайга, тал хээр, говь цөл зэрэг дэлхийн бүхий л бүс бүслүүрийг өөртөө шингээсэн онгон дагшин нутагтай, дэлхийд ховордсон ан амьтантай тул жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг билээ.
Уур амьсгалын хувьд ч эрс тэс, хатуу ширүүн. Өвөлдөө -50 хэм хүрч хүйтрэн, зундаа 45 хэм хүрч халдаг. Газар нутгийн 18.3 хувь нь улсын тусгай хамгаалалтад, 6.6 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 759 м өргөгдсөн Увс нуур, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4278 м өргөгдсөн Дэглий цагаан ноён оргил билээ.
Увс аймаг нь засаг захиргааны хувьд 19 сум, 92 багт хуваагддаг. Аймгийн төвд хамгийн ойрхон сум Түргэн 28 км, хамгийн алслагдсан нь Зүүнхангай сум 365 км зайтай. Тус аймагт дөрвөд, баяд, халх, хотон ястнууд голлон амьдардаг.
Увс нуурын ай сав газар нь 1993 онд Дархан цаазат газар, 1997 онд Дэлхийн Шим мандлын нөөц газарт, 2003 онд Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн. Түүнчлэн, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай РАМСАР-ын конвенцид Айраг нуур 1999 онд, Увс, Ачит нуур 2004 онд тус тус бүртгэгдсэн байдаг.
Тус аймагт аялал жуулчлал Ховор амьтдын өлгий нутгийн аялал жуулчлалын бүс, Амралт, рашаан сувиллын аялал жуулчлалын бүс, Түүх соёлын аялал жуулчлалын бүс, Тусгай сонирхлын аялал жуулчлалын эко бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжиж байна.
Ховор амьтдын өлгий нутгийн аялал жуулчлалын бүсээр аялах маршрутад Цагаан шувуут, Түргэн уул, Баянзүрх уул, Гоожуурын хүрхрээ зэрэг нэн ховор ба ховор ургамал, амьтны бүрдэл бүхий дархан цаазат газрууд багтана. Энэхүү аяллын бүсэд өндөр уулын мөнх цас, мөсөн гол, түргэн урсгалт голууд, хүрхрээ, нуур зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газар их бий.
Ханхөхий, Хархираа, Түргэний уулсаар буга, гахай, аргаль, янгир, ирвэс, шилүүс, хадны суусар, нохой зээх, хээр тал зарим голын хөндий, уулархаг нутгаар чоно, үнэг, дорго, тарвага зэрэг ан амьтан ихээр амьдардаг. Увс, Хяргас, Үүрэг, Айраг, Ачит нуурт хун, нугас, хотон шувууд, уул талаар хойлог, тоодог, тас, бүргэд, ёл, Ховд, Бөхмөрөний голд алтан гургалдай, тогоруу зэрэг төрөл бүрийн жигүүртэн шувууд бий. Агнуурын амьтдаас хярс, мануул, өмхий хүрэн, солонго гахай, бор гөрөөс, ногтруу, дагуурын ятуу элбэг тархсан.
Амралт, рашаан сувиллын аялал жуулчлалын бүсэд Хяргас нуурын Хар тэрмисийн сувилал, Улаангомын Чандмань уулын рашаан, Зүүнговийн Уртбулаг, Түргэний Бургастай, Дэлгэрмөрөн, Хавцал, Наранбулагийн Халиунбулаг, Өлгийн Сондуулт, Хяргасын Модот, Хуст, Зүүнхангайн Хүнх, Өмнөговийн Ногоон цэгээн, Бөхмөрөний Ганц харгай зэрэг төрөл бүрийн өвчнийг анагаах үйлчилгээтэй эмчилгээний рашаанууд багтсан байдаг.
Зүүнговийн Уртбулагийн рашаан нь элснээс бургилан гардаг өвөрмөц сонин рашаан бөгөөд ходоод, цөс, үе мөч, бөөр зэрэг өвчнөө эмчлэхээр жилдээ 120 гаруй хүн зорин очдог юм.
Тус аймгийн нутаг дэвсгэрт эртний түүх соёлын дурсгалт зүйл болон хүн чулуу 129, буган хөшөө 26, хадны сүг зураг 101 цэгт 41500 гаруй, бичиг тэмдэгт хөшөө 25, гэрэлт хөшөө 1, түүнчлэн Өмнөговь сумын Улиастайн шил, Давст сумын Торхилог багийн нутагт эртний хотын үлдэгдэл, олон мянган хиргисүүр, цөөнгүй тооны эртний сүм, хийдийн үлдэгдэл, туурь бүртгэгдсэн байдаг. Мөн Улаангомын Чандмань уулын аркеологийн олдвор нь эртний түүх соёлын нандин өвд тооцогддог билээ. Түүнчлэн он цагийн хувьд Хүрэл зэвсгийн үед хамаарагдах 5, чулуун зэвсгийн үед хамаарагдах 4, төмөр зэвсгийн үеийн 3, Хүннүгийн үед хамаарагдах ховор олдворууд, дундад зууны үеийн 1 хадны зураг Увс аймагт бий. Иймээс эдгээр түүх соёлын дурсгалт зүйлсийг үзэх гэсэн жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.
Тусгай сонирхлын аялал жуулчлалын эко бүсэд адал явдалт, усан, явган, хөдөөний аялал, нуурын усанд орох, элсэн дээр хэвтэж биеэ шарах зэрэг төрөл бүрийн аялал багтдаг бөгөөд үүнээс жуулчин өөрөө сонгож дурын чиглэлдээ аялах боломжтой юм.
Одоогийн байдлаар Увс аймагт 6 жуулчны бааз, амралтын газар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд тус аймагт ирж байгаа жуулчдын 50 хувь нь Хархираа, Түргэн, Цагаан шувуутын уулсаар, 25 хувь нь Увс, Хяргас нуур, 5 хувь нь Алтан элс, Хан хөхийн чиглэлээр аялжээ.
Холбоо харилцаа сайн хөгжсөн тул жуулчид дэлхийн аль ч улс оронтой саадгүй харилцах боломжтой.
Энэ жилийн хувьд хэдийгээр зуны урин дулаан цаг ирсэн ч гэсэн улс орон даяар коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоогоод байна. Гэвч цар тахал намжиж, сайн сайхан цаг ирэхээр уул, усны диваажин Увсын цэнхэр хязгаараар тухлан саатаарай. Таныг сонирхолтой, адал явдалтай, бас зугаатай аялал хүлээж байна.