Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд


Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын 7, суурин 22 цэгт 46 багийн 256 эмч, ажилтан ажиллаж, 6089 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Мөн PCR шинжилгээний 3 цэг ажиллахаар болжээ.

Дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2400 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 2400 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1557 нь Улаанбаатар хотод, орон нутагт 843 байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 93557 боллоо.

Мөн 11 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт болж байна.

-58-93 настай хүмүүс хавсарсан оноштойгоор нас барлаа.

Сүүлийн 24 цагт 503 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Биеийн байдал хүнд 1125, маш хүнд 219 хүн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өндөр өртөгтэй оношилгооны зардлын 70 хувийг ЭМД-аар хөнгөлнө

Даатгуулагчид өндөр өртөгтэй оношилгоог ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгт хийлгэсэн тохиолдолд нийт зардлын 70 хувийг даатгалаар хөнгөлүүлэх боломжтой гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.

Өндөр өртөгтэй оношилгоог ерөнхий оношилгоогоор онош нь тодрох боломжгүй, нарийн оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн эмчийн заалтаар хийх зохицуулалттай.

Зайлшгүй тохиолдолд эмчийн заалтаар MRI болон Компьютер томографи оношилгоог тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөөд тодосгогч бодисын нийт төлбөрийн хэмжээ нь 150 000 төгрөг. Үүнээс 70 хувийг ЭМД-ын сангаас, 30 хувийг иргэн хариуцан төлнө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, 1500 орчим ор дэлгэнэ

Өнөөдрөөс эхэлж тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1000 орчим баллон захиалсан гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцлээ.

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Корона вирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв.

Дүүрэг бүрд Явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч, хүндэрч байгаа нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч орны хүрэлцээ муу байгааг Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцоллоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд хүчилтөрөгчийн аппаратаар хангах асуудлыг шийдэж өгөхийг Шадар сайдад уламжилсан юм.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Нөхцөл байдал амаргүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Мөн хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улсын онцгой комисс онцгой анхаарч ажиллана. Өнөөдрөөс эхэлж тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1000 орчим баллон захиалсан. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 162 иргэн эх орондоо иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр 19:21 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 162 иргэн ирсэн бөгөөд “Орентал”, “Дрийм”, “Наранбулаг”, “Туушин”, “Новотел” зочид буудлуудад тусгаарласан байна.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 46 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Арвин баялаг өв баатарлаг туульсуудын тухай

Ухаант хүн бий болоод, хөгжлийн тодорхой үе шатуудыг дамжсаар өнөөдрийн бид бүрэлдэн бий болсон. Бидний эртний өвөг дээдэс болох хүмүүс тухайн үедээ учраа олчих гээд л, амьдарчих гээд л үзэж тарж байхдаа хадны сүг зургаас эхлээд олон зүйлсийг үлдээсэн. Мэдээж тухайн үедээ агуйд оршин суугч хэн нэгэн “За энд сайхан зураг үлдээчихье байз. Ирээдүйн хүмүүс үзээд баярлаж, гайхаг дээ” гэж тэдгээрийг агуйн хананд сийлээгүй нь лавтай. Харин байгалийн төрөлх зөнгөөрөө “Би энд байсан юм шүү” гэх мэдрэмжээр л чулуун хананд тэдгээрийг сийлж үлдээсэн байх. Гэхдээ тэгж суухдаа ирээдүйн талаар, тэр тусмаа өнөөдрийн бидний талаар огтхон ч бодоогүй нь тодорхой. Хадны сүг зураг ирээдүйн бичиг үсгийн суурь болсон нь тодорхой. Харин хоорондоо ямар нэгэн хэлээр ярьдаг болоод, бичиг үсэгтэй болсны дараа түүх тэс өөрөөр бидэнд өвлөгдөн ирсэн билээ.

Хүн төрөлхтний соёлын гайхамшигт үнэт өвийн нэг бол баатарлаг туульс юм. Цаг хугацааны хувьд яг хэдийнээс үүссэн нь тодорхой биш боловч хүй нэгдлийн үед, эцгийн эрхт ёсны үеэс болов уу гэж таамагладаг. Тэгэхээр 15 000-8 000 орчим жилийн өмнө байх нь. Тухайн үед овгийнхоо ахлагч ч юм уу хамгийн баатарлаг эрийн баатарлаг үйлийг магтан дуулах, алдаршуулан магтах зан үйлээс үүссэн байх гэж үздэг. Улс үндэстэн бүр өөрсдийн хэв маягийг агуулсан баатарлаг туульстай. Жишээ нь, Кухулингийн дуулал, Английн баатарлаг туульс “Беовульф”, Францын баатарлаг туульс “Роландын дуулал”, Испанийн баатарлаг тууль “Сидийн дуулал”, Оросын баатарлаг тууль “Игорын хорооны тууж”, Германы баатарлаг тууль, “Нибелунгудын дуулал” зэргийг дурдаж болно. Эдгээрээс чамгүй олон нь монгол хэлнээ орчуулагдан гарсан. Ер нь Монголын уншигчид Гомерийн “Одиссей”, “Илиад”-ыг л түлхүү мэдэхээс өрнө дахины бусад баатарлаг туульсын талаар төдийлөн мэддэггүй юм шиг санагддаг. Хэдийгээр дунд сургуулийн уран зохиолын хичээл дээр баатарлаг туульсын талаар үздэг ч тэгсхийгээд өнгөрчихөөд ч байгаа юм шиг санагдаад байдаг. Уг нь эдгээрийг ядаж л нэг удаа уншаад үзвэл аль аль нь тунчиг сонирхолтой бүтээлүүд юм. Дэлхий дахинд одоогоор мэдэгдэж байгаагаар хамгийн эртний баатарлаг туульс бол “Гилгамеш”. Судлаачид НТӨ 2000 оны орчимд бичигдсэн гэж үздэг юм билээ. Шавар хавтан дээр бичигдсэн нь өнөө цагийн бидэнд хадгалагдан ирснээрээ хосгүй үнэт өв болж таарна. Энэхүү бүтээл нь тун саяхан буюу XVIII зуунд л олдсон юм. Тийм ч учраас саяхныг болтол нийтийн хүртээл болж чадаагүй аж. Туулийн гол агуулга нь НТӨ 2700 орчим оны үеийн Шумерийн Урук гэх хот улсын хаан Гилгамешийн баатарлаг үйл явдлыг магтан дуулна. Гилгамеш хааны бие бялдар, гоо үзэсгэлэн, эрх мэдлийн талаар өгүүлнэ. Харин эртний шумер хэлнээс Шин лег Юнини гэгч бичээч НТӨ 700 оны орчимд вавилон хэлнээ буулгасан байх юм. Тухайн үеийнхээ орчин цагийн хэлэнд буулгаснаа Ашурбанидал хэмээх хааны номын санд хавтан хэлбэрээр хадгалжээ. Тухайн үед цаас ч байсан биш. Аливааг бичгийн хэлбэрээр үлдээх ганц арга нь шавар хавтангууд байсан байх нь. Уг нь энэ тууль одоо байгаагаас ч илүү урт байсан нь тодорхой болсон бөгөөд төгсгөл хэсэг эрдэмтдийн дунд багагүй маргаан тарьдаг. Яруу найргийн хэлбэр талаас нь авч үзвэл аман зохиолын гаралтай бөгөөд магтуу хэлбэртэй байдаг нь аман хүүрнэл зохиол болохыг нь баталдаг гэнэ. Уг нь бол Гилгамешийн тууль нь хайрын сэтгэл, үнэнхүү нөхөрлөл, уй гуниг, хүн гэгч амьтанд ямагт байх бардам байдал, мөнх бус гэгчийг яруухнаар харуулсан бүтээл билээ. Энэ туулийг 2018 онд монгол хэлнээ бүрэн эхээр нь орчуулан гаргасан учраас олоод уншихад гэмгүй.

Та бүхэн эртний Ромын яруу найрагч Публий Вергилий гэж дуулсан байх. НТӨ 70 онд Италийн Мантуа гэдэг хотын ойролцоо нэлээн чинээлэг гэр бүлд төрсөн тэрээр Ром, Милан зэрэг хотуудад тухайн үедээ л чамгүй өндөр боловсрол олж авсан нэгэн байж. Сурч байсан хотуудынхаа язгууртнуудын хүүхдүүдтэй ойр байж, гүн ухаан, анагаах болон математикийн шинжлэх ухаанд суралцаж байсан дориун толгойтой хүү байсан гэдэг. Вергилийн хамгийн алдартай зохиол нь эзэн хаан Октавианд зориулсан “Энэйн дуулал” юм. Энэйн дууллыг эртний Грекийн төдийгүй өрнө дахины утга зохиолын охь дээд болох Илиад буюу Илионы дуулал, Одиссейтэй эн зэрэгцэх хэмжээний сод бүтээл гэж судлаачид үздэг. Вергилий уг алдартай зохиолоо бичихийн тулд Грек, бага Азийн улсуудаар аялж байсан гэдэг. Вергилий гэх суут нэгэн уг зохиолоо дуусгаж чадалгүй хүнд өвчнөөр насан эцэслэсэн нь харамсалтай. Түүний анхны бүтээл нь НТӨ 42 онд бичигдсэн “Малчны дуун” хэмээх арван бүлэг бүхий хайр сэтгэлийн дуулал. Мөн “газар тариалан” гэх нэртэй сургаалын найраглал ч бичиж байжээ. “Энэйн дуулал” нь Тройн иргэн Энэйн домгоос сэдэв авч, Гомерийн хэлбэр хийцээр бичигдсэн байна. Зохиомжийн талаасаа Энэйн аялал, Энэй Италийг байлдан дагуулсан тухай гэх хоёр хэсгээс бүрддэг. Трой хот эзлэгдсэний дараа Энэй насан өндөр эцэг тэргүүтэй бусад хүмүүсийн хамтаар дайны хөлөөс зугатан тэнгисээр аялсаар Африкт очин, хатан хаан Дидонатай сэтгэлийн холбоотой болох авч Лацийн нутагт очин дайн байлдаанд орж, ялан дийлж байгаа тухай өгүүлнэ. Гол санаа нь Энэй шинэ улсыг үндэслэн байгуулж, үр хойчис нь дэлхийг захирах хувь тавилантайг гаргасан аж. Вергилий энэхүү суут бүтээлээ туурвихын төлөө амьдралынхаа 11 жилийг зориулсан ч дуусгаж чадаагүй нь харамсалтай. Эл туульсын зохиолыг Ш.Одонтөр агсан эх хэлнээ орчуулан гаргасан болохоор уншигч танд бүр ойр болсон гэсэн үг.

IX зууны орчимд бичигдсэн Английн баатарлаг туульс “Беовульф” гэж бий. Хэдийгээр эх хэлнээ бүрэн орчуулагдан гараагүй ч кино нь бол бий. Холливуд энэ туульсаар бүрэн хэмжээний уран сайхны киног хийсэн. Үзэгчийн хувьд сонирхолтой сайн кино болсон гэж боддог. Уншихыг хүсвэл эртний англи хэлнээс орчин цагийн англи хэл рүү хөрвүүлсэн орчуулгууд нь интернэтэд бий. Бас л нэгэн баатар эрийн мандан бадрал, хайр сэтгэлийн тухай өгүүлэх эл туульсын бүтээл нь өрнө дахины утга зохиолд томоохон байр суурийг эзэлдэг билээ. “Беовульф”-ын цорын ганц гар бичмэл нь 1000 орчим жилийн түүхтэй. Гэхдээ судлаачид эл бүтээлийг VII зууны сүүлч, VIII зууны эхээр бичигдсэн гэж ч үзэх нь бий. Тухайн үеийн Англо-Саксийн ихэс ноёдын хэлхээ холбоо үүсэх эхлэлийн үед зохиол бичигджээ. “Беовульф” зохиол нь хаад, дайчид, найр цэнгэл, дайн тулааны ертөнц юм гэх тодорхойлолт хүртэл бий. Тэгэхээр тухайн үеийн нөхцөл байдал ямархуу байсныг эндээс харж болохоор. Манай “Монголын нууц товчоо”-нд гардаг шиг л

Орондоо орох завдалгүй

Олзлолдон байлдаж байсандүр зураг нүдэнд харагдаж байгаа биз.

Хамгийн сүүлд монгол хэлнээ Гомерийн “Илиад” тууль орчуулагдан гараад байгаа. Өмнө нь “Одиссей” орчуулагдан гарсан. Энэхүү суут хоёр бүтээл өмнө нь эх хэлээр бүрэн эхээрээ орчуулагдан гараагүй, харин хэсэгчилсэн байдлаар бол байсан. Эдгээрийг уншихад уйдах завдалгүй байсаар дуусгадаг онцлогтой. Гэхдээ зөвхөн өрнө дахины баатарлаг туульсаас гадна дорно дахины туульсууд ч сонирхолтой. Монголд л гэхэд “Эрийн сайн Хан Харангуй”, “Бум-Эрдэнэ” гээд баатарлаг туульсын арвин баялаг өв сан бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын хувьсгалын 100 жилийн парад цуцлагдлаа

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцалсан гэж мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдвар улам нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.

Гэвч чуулганаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгасан билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Татварын бус орлогын эзэлж байгаа хувь нь бага мэт боловч иргэдийн нуруун дээр дарамт үзүүлнэ

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд ямар байна гэж та харж байна?

-Манай улсын эдийн засгийн өсөлтийг Монголбанк, Сангийн яамнаас 6.5 орчим хувийн өсөлттэй байх болов уу гэсэн таамаг дэвшүүлсэн. Энэ таамаглал оны эхэнд түүхий эдийн үнэ сайн байх нөхцөлд, хоёрдугаарт, коронавирусийн халдварыг намжааж чадсан тохиолдолд бий болно хэмээн төлөвлөсөн тооцоо. Тэгвэл одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ тогтвортой байгаа боловч зэсийн үнэ оргил үнийн өсөлтдөө хүрч эргээд 9500 орчим ам.долларын үнэтэй байна. Он дуустал зэсийн үнэ өсөхгүйгээр 9000-9500 орчим ам.долларын хооронд хэлбэлзэх байх. Манай улсын экспортын орлогыг нэмэгдүүлдэг гол орлого бол зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс. Уул уурхайн эдгээр бүтээгдэхүүний орлогоос улсын төсөв нэг тэрбумаар нэмэгдэж байгаа. Коронавирусийн халдвараас үүдэн оны эхэнд манай улсын эдийн засгийн өсөлт харьцангуй сайн байсан боловч ирэх саруудад хилийн бүсийн худалдаа тааруухан болох төлөвтэй байна. Нүүрсний экспорт зогсоод долоо хонож байна. Тэгэхээр цаашид нүүрсний экспорт хилийн боомтод тодорхой хугацаагаар гацаж магадгүй.Энэ байдлаас хамаараад жилийн эцэст эдийн засгийн өсөлт тав орчим хувьтай байх болов уу. Энэ тооцооллоос дээш гарч чадахгүй байх хэмээн таамаглаж байна.

-Тэгэхээр төсвийнхөө орлогыг ерөнхийдөө бүрдүүлнэ гэж таамаглаж байна уу?

-Төсвийн орлогын хувьд ерөнхийдөө төлөвлөгөө биелэх боловч гол нь зарлага дээр нэмэлт ачаалал нэлээд нэмэгдэнэ. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийж таарах байх. Хүүхдийн мөнгө, коронавируст цар тахалд зарцуулах зардал өсөх байх. Тиймээс төсвийн алдагдлаа нэмж батлах шаардлага үүсэх байх. Одоогийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвөөр 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ тоо цаашид багадаа нэг их наядаар нэмэгдэж батлагдах байх. Тэгэхээр төсвийн тодотголоор 3-3.5 их наядын төсвийн алдагдал батлагдах байх хэмээн таамаглаж байна. Одоогийн батлагдсан байгаа 2.1 их наядын төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөрт орсноос хойш төсвийн алдагдлын эзлэх хувийг бууруулаад явж байсан. Гэтэл 2020 онд төсвийн алдагдал өндөр гарсан. Тэгэхээр төсвийн алдагдлаа бууруулах зорилт цар тахалтай холбоотойгоор дахиад биелэхгүй, нэмэгдэх хандлагатай гарах байх.

-Манай улс төсөвтөө хүү торгуулийн орлогыг тусгаж өгдөг. Өөрөөр хэлбэл, иргэдээ торгох, шийтгэх замаар төсвийнхөө тодорхой хэсгийг бүрдүүлдэг шүү дээ. Бусад улс орнуудад ийм жишиг байдаг юм болов уу?

-Тухайн улс орны эдийн засгийн бүтцээсээ хамаараад өөр өөр байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хүү, торгуулийн орлого улсын төсөв бүрдүүлэхэд өндөр хувь эзэлдэггүй. Манай улс нэг хэсэг шилжилтийн эдийн засаг гэж нэлээд явсан. Хоёрдугаарт, манай улс 2009 оноос уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай болсон. Төсвийн орлогын 40-50 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна. Нэгэнт уул уурхайгаас хамааралтай учраас эдийн засгийн савалгаа их.Төсвийн орлогын бүрдүүлэлт өөрчлөгддөг, алдагдал нэмэгддэг. Дээрээс нь сонгуулийн жилүүд улсын төсөвт нөлөөлдөг. Энэ бүх савалгаанаас хамаараад төсвийн орлого буурсан жилүүдэд бусад орлогоор төсвөө бүрдүүлэх бодлого баримтладаг. Ялангуяа, 2015, 2016 онд түүхий эдийн ханш буурсан байх үед төсвийн алдагдал ихээр нэмэгдсэн учраас нэгдүгээрт, гадаадаас зээл их хэмжээгээр авсан. Хоёрдугаарт, дотоодынхоо боломжит бүх орлогыг шавхсан. Тэгэхээр эдийн засгийн бүтцээсээ хамаараад бусад орлого буюу хүү торгууль гэх мэт орлогууддаа найдлага тавьдаг. Энэ оны байдлаар татварын бус орлого буюу хүү торгуулийн орлого ороод нэг их наяд төгрөг байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл төсвийн орлого 13 их наяд төгрөг гэж тооцсноос 12 орчим их наяд нь татварын орлого эзэлж байна. Үлдсэн нэг их наяд төгрөг нь татварын бус орлого буюу хувьцааны ногдол, хүү торгууль гэх мэт орлогоос бүрдүүлж байгаа юм. Улсын нийт орлоготой харьцуулахад татварын бус орлогын эзэлж байгаа хувь нь бага мэт боловч гол нь иргэдийн нуруун дээр багагүй дарамт үзүүлэх сөрөг нөлөөтэй.

-Нэгэнт улсын төсвийн орлоготоо татварын бус орлогын хэмжээг заагаад өгчихөөр хэмжээнд нь хүргэхийн тулд хууль, цагдаагийн байгууллагууд иргэдээ торгохын төлөө ажиллаж эхлэх нь ойлгомжтой байх. Зарим иргэд төр нь иргэнээ торгохын төлөө ажилладаг гэж шүүмжилдэг шүү дээ?

-Хүү торгуулийн орлого гэдэг жил бүр нэмэгдээд байх орлого бол биш. Аль ч улс оронд тогтвортой л байх ёстой. Өөрөөр хэлбэл, орлогын төрөл биш. Өнгөрсөн жилүүдийн татварын бус орлогын хэмжээг харахад маш их савалгаатай байсан. Хүү торгуулийн орлогын гүйцэтгэлүүдийг харахаар дунджаар 140-150 тэрбум төгрөг байгаа юм. Улс орны эдийн засаг хүндэвтэр байсан 2015, 2016 оны үед нэлээд өндөр буюу 200 тэрбум төгрөгт хүрсэн байна.Зарим жилүүдэд 250 тэрбум төгрөгт хүрсэн үе ч бий. Харин ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2017 оноос буурч, 75 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ цагаас жигд өссөөр 2021 оны төсвийн төсөл дээр 138 тэрбум төгрөгийн хүү торгуулийн төсөв бүрдүүлэхээр тусгасан байна. Цаашид энэ орлогыг төлөвлөхдөө бид өсгөж төлөвлөж болохгүй. Өмнөх жилийн гүйцэтгэлийн түвшинд юм уу түүнээс бууруулах бодлого барих ёстой. Ялангуяа иргэдийн орлого буурч байгаа нөхцөлд үүн дээр анхаарах ёстой. Хоёрдугаарт, торгуулийн орлгого хаанаас бүрдэж байна гэдгээ нарийн тооцоолох хэрэгтэй. Ихэнх нь цагдаагийн байгууллагаас орж ирж байна уу, бүртгэлийн байгууллагуудаас орж ирж байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой хүү торгуулийн орлого өсөх ёсгүй. Угтаа иргэдэд замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж, мөрдөх чиглэлд энэ мөнгө зарцуулагдах ёстой болохоос түүгээр улсын орлого бүрдүүлэхэд чиглэгдэх ёсгүй. Хамгийн наад зах нь иргэдийг жолооны үнэмлэхээ биедээ авч яваагүй гэдэг шалтгаанаар торгодог. Торгоно гэдэг асуудлыг үндсээр нь шийдэж байгаа хэрэг биш. Дээрх тохиолдолд тухайн иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг хувийн мэдээллээр нь дамжуулаад цахим технологийн хөгжил ашиглаад шалгах боломж бий. Энэ мэтчилэн асуудлын шийдэл олох арга замд тус орлого зарцуулагдах юм бол нийгэмд олон дэвшил бий болно.

-Зөрчлийн хуулийн дагуу торгуулж байгаа иргэд олон байгаа шүү дээ. Энэ орлого ч мөн хүү торгуулийн орлогод тооцогдох уу?

-Энэ асуудлыг Хууль зүйн сайдын төсвийн ангиллаас харах ёстой байх. Тус ангилалд хүү торгуулийн орлого гэж байна уу, төсөвт байгууллагын өөрийн орлого гэж байна уу. Ойролцоо нэртэй хоёр орлого бий. Энэ хоёр орлогын аль алийг нь төлөвлөхдөө иргэдийнхээ орлогыг тооцож, өсөлт бага, жигд байхаар төлөвлөх хэрэгтэй. Учир нь манай эдийн засгийн төсвийн орлогын дийлэнх хувь нь уул уурхайн төсвөөс бүрдэж байна. Тэр дундаа түүхий эдийн үнийн өсөлтөөс олж байгаа орлого ихээхэн хувийг бүрдүүлж байгаа. Зарим жилүүдэд төсвийн орлогын 10 хүртэл хувь нь үнийн өсөлтийн орлогоос бүрдэж байгаа нөхцөлд төсвийн орлого гэдэг талаас хүү торгуулийн орлогыг харж болохгүй. Тэгвэл ямар нэгэн байдлаар, аль нэг байгууллага хүү торгуулийн орлогыг бүрдүүлэхийн тулд шамдан ажиллах шаардлагагүй болно. Энэ бол гол орлого биш, дагалдах орлого. Түүнчлэн аж, ахуйн нэгжүүддээ дарамт учруулахгүйн тулд бусад төрлийн орлогоо аль болох багаар төлөвлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Тухайн жилийн хүү торгуулийн орлогыг тооцохдоо, ямар үндэслэлээр тооцоолж гаргадаг юм бэ?

-Нэгдүгээрт, өнгөрсөн оны гүйцэтгэлийг харж байгаа байх. Хоёрдугаарт, хүү торгууль бүрдүүлж байгаа байгууллагын зардлын хэрэгцээнээс хамаардаг. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын ирэх жилийн төсвийн эрэлт хэрэгцээ хоёр их наяд төгрөг байна гэж тооцъё. Өнгөрсөн оны зарлагаас энэ дүн өссөн байвал, улсаас тухайн төсвийг бүрэн олгож чадахааргүй байвал, тодорхой хэсгийг төсөв бүрдүүлсэн өөрийн орлогоос бүрдүүлэх үүрэг өгдөг. Энэ байдал нь өөрийн орлогыг үүсгэхэд нөлөөлж байна. Тэгэхээр тухайн байгууллагын зарлагын төлөвлөлт ч маш чухал. Яг ямар үндэслэлээр тухайн байгууллагын зарлага нэмэгдэж байна. Үр ашигтай, ач холбогдолтой зардал мөн үү, биш үү гэх мэтээр аль аль талаасаа, төлөвлөж байгаа байгууллага болон Сангийн яам ч нарийн тооцоолж бодохгүй бол болохгүй.

-Цар тахлаас үүдээд иргэн аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг хүнд байгаа. Энэ үед торгууль, шийтгэлээ төлөх эдийн засгийн чадамжтай иргэн, аж ахуйн нэгж хэд байгаа бол. Төсөөлсөн хэмжээгээр хүү торгуулиа төлөхгүй бол орлого тасалдах уу?

-Нийт хүү торгуулийн зөрүү сүүлийн хоёр жил маш их зөрүүтэй гарч байгаа. Нийт торгуулийн 70-80 хувь нь төлөгдөөгүй байгаа. Тэгэхээр энэ тоо бодит байдлыг харуулж байгаа. Тухайлбал, Тээврийн цагдаагийн газраас 10 тэрбум төгрөгийн бид хүү торгуулийн орлого оруулахаар тооцоолсон байхад цаана нь төлөгдөөгүй хүү торгууль, он дамжсан төлбөр үүнээс ч их байдаг. Тэгэхээр хамгийн гол нь ажлын байрыг хадгалах бодлого чухал. Ажилгүй, орлогогүй иргэн, аж ахуйн нэгжид ямар ч төрлийн төлбөр дарамт болно. Тиймээс бизнес эрхлэгчдэд тавьдаг торгуулиа багасгах хэрэгтэй. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж ядаж байгаа жижиг бизнес эрхлэгчдэд торгууль том дарамт болж байгаа. Тодорхой хугацаа заагаад торгуулийн хэмжээг багасгах, тодорхой хувийг төлсөн тохиолдолд үлдсэн хувийг нь торгуулиас чөлөөлнө гэх мэт урамшуулал, уян хатан байдлаар хандаж аль аль талдаа өрөө цэгцлэх бодлого барих нь зүйтэй. Үгүй бол хүү торгуулийн орлого хугацаандаа төлөгдөхгүй байх магадлал өндөр.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: 1.8 их наяд төгрөгийн гадны зээл, тусламжийн зарцуулалт туйлын бүрхэг байгаа нь харамсалтай

УИХын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.


Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд тань асуухад А.И.Филатоваг цагаатгасан тухай шийдвэр гарсан байна. Эхлээд энэ тухай мэдээлэл өгөхгүй юү?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд А.И.Цэдэнбал-Филатовагийн нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргасан. Уг асуудлаар үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн юм. Энэ сарын 7-нд А.И.Филатоваг цагаатгуулах тухай өргөдлийг Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовад олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй байна гэсэн үндэслэлээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатоваг цагаатгаж шийдвэрлэлээ.

Тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн талаар нарийн мэдээлэл төдийлөн түгээмэл биш. Ер нь яг яаж хэлмэгдсэн юм бэ?

-1990 оны дөрөвдүгээр сарын 18-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэсэн Ю.Цэдэнбалд олгосон БНМАУ-ын Маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар зэрэг цолыг цуцалж хураан авахдаа мөн эхнэр А.И.Филатовад олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон зэрэг шагналыг нь хураан авсан байдаг. Ийнхүү төрийн тэргүүн байсан нөхөрт нь оноосон бүх ял шийтгэлийг “Хүүхдийн төлөө фонд” гэдэг олон нийтийн байгууллагын ТУЗ-ийн дарга гэх албан тушаалтай байсан эхнэрт нь ижил оноосон нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ын “Олон улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн явдал байсан юм.

А.И.Филатова дөч гаруй жил ханилсан нөхрийнхөө хамт 1984-1991 он хүртэл долоон жилийн турш Москвад гэрийн хорионд байсан бөгөөд нөхрийгөө оршуулсан өдөр нь буюу 1991 оны дөрөвдүгээр сарын 29-нд прокурорын байгууллага шөнө дөл болтол түүнээс байцаалт авч эд хөрөнгийг нь комиссын худалдаагаар зарж борлуулах, битүүмжилсэн байсан хадгаламжийн мөнгийг нь хураан авах баримт үйлдсэн байдаг. Харин шалгалтын явцад “Хүүхдийн төлөө фондын” хөрөнгөөс ашиглан завшсан үйлдэл нь тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны үндэслэл тогтоогдоогүй тул БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан А.И.Филатовад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтоосон байдаг юм. Гэвч албан ёсны шүүхийн шийдвэрээр түүнийг цагаатгасан баримт бичгийг өдий болтол гаргаагүй байсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар шүүхэд өргөдөл гаргасан юм.

-XX зуунд улс орныхоо хагас зуун жилийн түүхийг бүтээсэн удирдагчийн талаар хэр их баримт, материал үлдсэн байдаг юм бол?

-Төр, засгийн шугамаар түүхийн холбогдолтой бичиг баримтын зүйлс нь харьцангуй сайн хамгаалагдаж үлдсэн юм байна. Харин манай улсын 40 гаруй жилийн түүхтэй холбоотой 670 нэрийн 1880 гаруй эд зүйлийг амьдарч байсан байрнаас нь хураан авсан байдаг. Хувийн архив, гэрэл зураг, ном, бэлэг дурсгалын зүйлс зэргээс нэлээд нь Үндэсний түүхийн музей болон архивт очоогүй алдагдсан нь тухайн үеийн баримт материалаас харагддаг юм.

1995 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Комсомольская правда” сонинд А.И.Филатова ярилцлага өгсөн байдаг. Тэрээр “Хүүхдийн төлөө фондын” ТУЗ-ийн даргаас өөр албан тушаал хашиж байгаагүйгээ, энэ ажлыг эрхэлж байхдаа хүүхдийн олон арван цэцэрлэг, сургууль, олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Залуу техникчдийн ордон, Пионерийн ордон, Гэрлэх ёслолын ордон зэрэг хүүхэд, залуучуудын төлөөх бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн шийдвэрлүүлж байснаа ярьсан нь үлдсэн. Тэрээр 2001 онд 81 насан дээрээ өөд болсон. Харин түүний хүү Ц.Зориг “Сүүлчийн долоон жил” гэсэн ном гаргасан байдаг юм.

Монголын хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хийж чадах бүхий л боломжит санаачилга, сэтгэл, зүтгэлээ дайчилж явсан энэ эмэгтэйн олон жил гутаан доромжлогдсон нэр төрийг сэргээж, амьд сэрүүн ахуйд нь уучлал гуйж амжаагүй нь нэн харамсалтай ч, ямар ч л байсан Монгол Улс түүнийг албан ёсоор цагаатгаж, түүхэнд гавьяа зүтгэлийг нь хэвээр үлдээж байгаа нь шударга ёсонд нийцсэн улс төрийн чухал ач холбогдолтой юм.

Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлийг байнгын хороогоор хэлэлцсэн. Ер нь та хүний эрхийн асуудалд ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Манай улсад хүний эрхийн талаар зөв ойлголтыг хэвшүүлэх хэрэгтэй. Шийдвэр гаргагчдын дунд ч тэр, иргэдийн дунд ч байдаг буруу ойлголт бол хүний эрх зөрчигдсөн талаар ярихаар тухайн эрх нь зөрчигдсөн хүний талаар муулаад, шүүмжлээд, давхар яллаад үндсэн асуудлыг бүдгэрүүлээд байдаг. Тэр хүн хэн байх нь чухал биш, төрийн тэргүүн байна уу, дарга цэрэг байна уу, ял эдэлж байгаа хоригдол байна уу хамаагүй тухайн хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн үү. Зөрчигдсөн бол хэрхэн хамгаалсан юм гэдгийг анхааран авч үзэх ёстой.

Танай намын дотоод асуудлын талаар асуумаар байна. Намын жирийн гишүүдээс 100 мянган гарын үсэг цуглуулж, Онц их хурал зарлах тухай УИХын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар мэдээлсэн. Гэтэл нөгөө талд хэсэг залуус хэвлэлийн хурал хийсэн. Хоёр талд Онц их хурал зарлах юм биш биз дээ. Тэгвэл шүүх хүлээж авах юм уу?

-Би Ардчилсан эмэгтэй-чүүдийн холбооны тэргүүний ажлыг хийдэг. Миний хувьд өнөөдрийг хүртэл хоёр талаа эвлэрүүлэхийн төлөө нэлээд хүчин чармайлт гарган ажилласан. Нэгдэх эвлэрэх уулзалтуудыг зохион байгуулж өөрөө ч оролцсон. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй ээ. Эхэндээ намын гишүүд маань зөв бурууг ялгаж салгахыг хичээж байсан бол сүүлдээ нэгдчихээч дээ гэж аймаг дүүргүүдээс гишүүд хандаж байсан. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс уг асуудлаар санал асуулга явуулсан бөгөөд гишүүдийн олонх нь дэмжсэнээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо эвлэрэн нэгдэхийн тулд Онц их хурлыг дэмжиж байгаа юм.

Сонгуулийн өмнөхөн Оросоос авах Спутник вакциныг гацаасан хүн нь та болон таны нөхрийг гээд Л.ОюунЭрдэнэ сайд мэдээлээд байсан. Та энэ асуудалд тайлбар өгөхгүй юү. Ерөнхий сайд ямар учраас тийм мэдээлэл тараав. Та шүүхэд хандсан уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн Газрын 100 хоногийн тайлан мэдээллийн үеэр“УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт вакцины татан авалтад саад хийсэн” хэмээн баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж цахим орчинд худал мэдээлэл тараасан. Энэ мэдэгдлийг нь сонсоод би ч их гайхсан. Хэт олонхоос бүрдсэн Засгийн газарт шийдвэр гаргах бүх эрх мэдэл байгаа ба вакцин гэрээлэх, оруулж ирэхийг бүрэн хариуцаж байгаа. Гэтэл сөрөг хүчний ганц гишүүн Засгийн газрын ажил гацаасан гэж мэдэгдэж буй нь нэг талаас туйлын хариуцлагагүй явдал ба нөгөө талаар ийм юм ярьж буй Засгийн газар ямар чадамжтай вэ гэдэг нь тодорхой харагдсан. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж буй ганц гишүүн яаж нөлөөлж чадах вэ дээ. Харин төсвийн хэлэлцүүлгээс эхлэн вакцины мөнгийг төсөвт суулгах, чанартай вакцин худалдан авах хэрэгтэйг сануулж ирсэн. Гэтэл гадны тусламж дэмжлэгт найдахын зэрэгцээ байгаа багахан төсвөө машин тэрэг, байшин барилга, тавилга хэрэгсэлд зарцуулж байгааг шүүмжилж байсан. Мөн “Засгийн газрын 100 хоног 170 хүний нас баралттай эхэлж байна шүү” гэж шүүмжилсний төлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараан, нэр төрд халдсан. Энэ хэргээр миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно.Өнөөдрийн байдлаар Ковидоор нас барсан хүний тоо 400 хүрсэнд маш их харамсаж байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хил гааль дээр бөөгнөрөл үүсч манай эдийн засаг тэнд түгжигдчихээд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргаа ч муудлаа. Сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд шилжсэн 1990-ээд оны эдийн засгийн гүн хямралаас хойш анх удаа 2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувь хүртэл агшив. Энэ хямралыг дотоодын нийт бүтээгдэхүүн буурах төдийхнөөр төсөөлж болохгүй. Томоохон компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсоноор ажлын байраа цомхтгож, тухайн салбарт хийгдэх гадаадын хөрөнгө оруулалт буурав. Харин ажлын байрны 80 шахам хувийг бий болгодог жижиг, дунд үйлдвэрүүдийн эзэд хямралаас шалтгаалан хаалгаа барьж, ажилтнуудаа халахын зэрэгцээ өөрсдөө ч ажил орлогогүй болж өр, зээлийн дарамтад оржээ. Бүхэлдээ ажилгүйдэл өссөнөөс, орлогогүй иргэд ядуурлын түвшин рүү унаж байна. Макро түвшинд баялаг бүтээгч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хямарснаас улсын төсвийн татварын орлого буурлаа. Эрүүл мэнд, боловсрол, төрийн алба татварын орлогоор л санхүүждэг тул дагаад үйл ажиллагаанд нь хүндрэл учирч байна. 2020 онд улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсны шалтгаан нь энэ. Түүхэндээ Монгол Улсын төсвийн алдагдал ийм өндөр дүнтэй гарсан удаа өөр байхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурч, Улсын өр Төв банкны гадаад өглөгийг оруулснаар ДНБ 92.4 хувь болж өсчээ. Хүнсний бүтээгдэхүүний инфляци өссөөр 8.5 хувьд хүрээд байгааг Азийн хөгжлийн банк анхаарууллаа. Инфляциас шалтгаалан иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалах, ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газар яаралтай хариу арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шаардлага үүсчээ.

Хэр хэмжээний санхүүжилтийг гадаадын орнуудаас татсан бэ?

-Хангалттай. 21 аймгийг Улаанбаатар хоттой холбосон замыг санхүүжүүлсэн Чингис бондтой тэнцүү шахуу мөнгийг авсан байна. 1.8 их наяд төгрөгийн гадны зээл, тусламжийн зарцуулалт туйлын бүрхэг байгаа нь харамсалтай. Олон Улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл, тусламж авахаар гэрээ байгуулжээ. Үүний 532.5 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авахаар тохирсон юм. Гадаадын зээл тусламжийг юунд хэрхэн зарцуулсан талаарх тайланг өнөөдрийг хүртэл хэн ч гаргасангүй. Цар тахлын байдал зээл авахын өмнөх үеэсээ хэдэн зуу дахин дордсон байгаагаар бол мөнгийг цар тахлын эсрэг зарцуулсан эсэхэд эргэлзмээр!

Засгийн газрын зүгээс эдийн засгаа аврах гарцыг эрэлхийлж чадаж байна уу?

-Манай улсын үйлдвэрлэж, экспортолсон бараа бүтээгдэхүүнүүд өмнөх жилээс илт багассан байхад эсрэгээр зах зээл рүү их хэмжээний мөнгийг нийлүүлжээ. 2021 оны дөрөвдүгээр сарын мөнгөний нийлүүлэлт гэхэд 26.6 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл яг нэг жилийн өмнө манай санхүүгийн зах зээлд 20.2 их наяд төгрөг эргэлдэж байв. Ганц жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь инфляцийг хөөрөгдөж байгаа үндсэн шалтгаан юм. Оны эхэнд хоёр хувь байсан инфляци одоо зургаан хувьд хүрсэн нь үр дүн. Цаашид ч өсөх хандлагатай байна. Инфляци өсөх нь бага, дунд орлоготой иргэдийн хувьд маш муу үзүүлэлт. Нэг жишээ гэхэд 2016 оны тавдугаар сард үхрийн ястай мах нэг кг нь 8590 байсан бол энэ оны мөн үед 14289 төгрөг, хонины цул мах нэг кг нь 7771 төгрөг байсан бол 12125 төгрөг болж 56-66 хувиар үнэ нь өсчээ. Эдгээр тоог нийслэлийн статистикийн газрын сайтаас харж болно.

Манай улсын гадаад өрийн талаар ямар бодолтой байна вэ?

-Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгуулиар МАН нэг хүнд 12 сая төгрөг ногдож байна. Нас барсан хөгшид ар гэртээ 13 сая төгрөгийн өр үлдээж байна. Дөнгөж төрсөн хүүхэд 13 сая төгрөгийн өр гэртээ авчирлаа гэх бохир сурталчилгаа явуулж байсан. Тэр хэмжүүрээр нь авч үзвэл өнөөдөр манай иргэн бүр 29 сая төгрөгийн өртэй болсон байгааг ҮСХ болон Монголбанкны сайтад бэлээхэн байна. Энэ бол Монгол Улсын нийт өрийн хэмжээ. Харин Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны хоёрдугаар улирлаас хойш 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Их наяд төгрөгөөр бүхэл бүтэн 330 сум шинээр барьчих тооцоог нэг эдийн засагч хийж байсныг санаж байна. Гэтэл ийм хэмжээний мөнгө хаачсан, юу хийсэн нь тодорхойгүйгээр зээлэгдэж, төлөх үүрэг нь иргэдийн нуруун дээр буухаар хүлээгдэж байна даа. Ам, ажлын зөрүү хэр их байгааг эндээс ойлгочихож болно.

Ингэхэд энэ Засгийн газрын хийсэн ажлуудаас сайн зүйл харагдаж байна уу?

-Гадаадад байгаа монголчуудын асуудалд шуурхай хандан, нислэгүүдийг олноор зохион байгуулж чадсан. Ямартаа ч гадаадад байгаа иргэдээс ирэх гомдлууд зогссон.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин гахай өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 20. Адъяа гариг. Билгийн тооллын 10, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан 20:55 цагт жаргана. Энэ өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдах авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч нэмнэ.