EURO 2020-ийн шөвгийн 16-гийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж шөвгийн наймын оноолтууд бүрэн тодорлоо. Шөнийн 00:00 цагаас Англи алдарт “Wembley” цэнгэлдэх хүрээлэндээ Германыг хүлээн авч 2-0 харьцаагаар хожсоноор шөвгийн наймд шалгарлаа.
Англи 2-0 Герман (Рахим Стерлинг 75′, Харри Кейн 86′)
Хоёр баг тоглолтын эхнээс нэгнийгээ тандсан, маш хянуур байсан бөгөөд хамгаалалтдаа гол анхаарлаа хандуулж байв. Харин хоёрдугаар үеийн дундуур хийсэн багуудын сэлгээ тоглолтын хувь заяаг шийдсэн юм.
Герман эхний сэлгээгээр Тимо Вернерийг суулгаж Серж Гнабриг оруулж ирсэн бол Англи Букаяо Сакаг суулгаж Жак Грилишийг оруулж ирсэн. Грилишийн богинын холбоос дамжуулалт, гоолын боломжийг алдалгүй ашиглах чадвар Люк Шод гоолын дамжуулалт өгөх нөхцөлийг бүрдүүлж Рахим Стерлинг 75 дахь минутад гоол оруулсан юм.
Англи хэсгийн шатанд ердөө 2 гоол оруулсныг Рахим Стерлинг хийгээд байсан ба ийнхүү гурав дахь гоолоо орууллаа. Германчууд олон янзаар довтлох гэж оролдсон ч Английн хамгаалалт амжилттай болж 85 дахь минутад Харри Кейн хожлын гоолыг Рахим Стерлингийн дамжуулалтаар оруулснаар тоглолт өндөрлөсөн.
Ийнхүү хэсгийн шатнаас нэг ч гоол алдалгүй гарч ирсэн Англичууд энэ удаад ч хаалгаа хуурай манаснаар EURO 2020-д гоол алдаагүй байгаа цор ганц баг хэвээр үлдлээ.
Энэхүү ялалт Английн хувьд 1966 оны ДАШТ-ээс хойш 55 жилийн дараа Германыг хасагдах шатанд буулган авсан явдал бөгөөд EURO-гийн хасагдах шатны үндсэн цагт анх удаа хожиж үзлээ.
Тоглолтын шилдгээр Английн төвийн хамгаалагч Харри Магуайр нэрлэгдэж тоглолтын дараа Германы шигшээ багийн гайхалтай тоглогч Тони Кроос зодог тайлав.
Швед 1-2 Украин (Эмил Форсберг 43′, Александр Зинченко 27′, Артем Довбик 120+1′)
Шөнийн 03:00 цагаас Польш, Испани, Словактай хэсгээс нэг ч хожигдолгүй гарч ирсэн Шведүүд, шөвгийн 16-д хамгийн сүүлийн эрхээр, чадан ядан шалгарсан Украинтай тоглов.
Довтолгоо сайтай Украин, хамгаалалт сайтай Шведийн хаалганд эхний гоолыг оруулсан нь Зинченкогийн сум шиг цохилт байв. Гэхдээ түүний хариуг өөр нэг сум шиг цохилтоор Эмил Форсберг барьснаар тоглолтын эхний үе, цаашлаад үндсэн цаг 1-1 харьцаагаар өндөрлөсөн.
Тоглолтын үндсэн цагт Шведүүд илүү тоглож байв. Гэвч нэмэлт цагт бүх зүйл өөрчлөгдөж, Шведийн төвийн хамгаалагч Маркус Даниелсон улаан хуудас хүртэж талбайг чөлөөлснөөр Украинчууд хүний илүүтэй довтолж эхэлсэн юм.
Тэд боломжоо ч ашиглаж нэмэлт цагийн төгсгөлд сэлгээгээр талбайд орж ирсэн Артем Довбик Зинченкогийн дамжуулалтаар гоол оруулж Украин шөвгийн наймд шалгарлаа.
Тэд дараагийн шатанд хаалгандаа гоол алдахыг мэдэхгүй яваа Англитай хүч үзнэ.
Шөвгийн наймын оноолт:
- Долоодугаар сарын 3. 00:00 цаг. Швейцар – Испани
- 03:00 цаг. Бельги – Итали
- Долоодугаар сарын 4. Чех – Дани
- 03:00 цаг. Украин – Англи