Categories
мэдээ улс-төр

З.Нарантуяа: Энэ сонгууль эвлэж нэгдэхийн чухлыг сануулсан сүүлчийн анхааруулга байх

УИХын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.


Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцлоо. Сонгуулийн үр дүнгийн тухайд Та улстөрч хүний хувьд юу хэлэх вэ?

-Ардчилсан нам нэгдэж сонгуульд оролцоогүй учраас л ард түмэн дүнгээ тавьсан гэж харж байна. Эвлэж нэгдэхийн чухлыг сануулсан сүүлчийн анхааруулга байх. Одоо бурууг хайж дотроо дахин хагаралдах бус, эргэж буцалтгүй ирээдүйн төлөө зоригтой алхмуудыг хийж, хуучнаа халж, цаг үеэ мэдэрч өөрчлөгдөх нь зүйтэй. энэ л прогресс.

Хэд хоногийн өмнө УИХын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин та гурав Ардчилсан намын асуудалд байр сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн. АН нэгтгэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулахаар болж байгаагаа мэдэгдсэн. Гишүүдийн гарын үсгийг цуглуулснаар намын дотоод асуудал шийдэгдэх боломжтой гэж үзэж байгаа юу, ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Ардчилсан нам ардчилсан арга барилаар л асуудлаа шийднэ. Шүүхээр бус. Ингэж чадахгүй бол ардчилсан нам гэж өөрсдийгөө нэрлэж зарчмын хувьд болохгүй шүү дээ. ийм цагт нэгдэж, хамтаараа хэлэлцэж, асуудлаа шийдэхгүй бол 30 жилийн ардчиллын түүхийг ухрааж буй хэрэг болно.

Санаачилгын зорилго нь намын нэгдмэл байдал, эв нэгдлийг хангах, цаашлаад намын үйл ажиллагааг олонхын саналаар дэмжигдсэн нэг удирдлагатай болгох.

Тусдаа хурал хийж, тусдаа дарга сонгож, тусдаа аппарат ажиллуулж, бие биенээ үгүйсгэсэн гомдол маргааныг хууль, шүүхийн байгууллагаар барьж гүйснээр хэн нь ч ялсангүй шүү дээ. Үүнийг өнгөрсөн сонгууль баталлаа. Ирээдүйгээ, гишүүдээ бодох хэрэгтэй. Сэтгэл зүрхээрээ ардчиллыг дэмжиж ирсэн сонгогчид, гишүүдийн итгэл алдарч байна.Тиймээс үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гишүүдийнхээ олонхын байр суурь, сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Хувь хүмүүсийн хувьд зөрчилдөх олон учир шалтгаанууд байгаа байх. Эцэс төгсгөлгүй үргэлжлээд байгаа энэ маргаан, зөрчилдөөнөө намаас ангид, гал тогооноос гарч байгаад шийдэцгээмээр байна. Хатуухан хэлэхэд, үүнийг дор бүрнээ ухамсарлаж шийдвэртэй алхам хийж чадахгүй бол энэ нам цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нэг хэсэг хүмүүсийн улс төрийн карьертай хамт дуусч, үнэ цэнэгүй болох нь. Бид гурав энэ санаачилгаараа живж яваа хөлөг онгоцоо уснаас хамтаараа гаргацгаая гэж гишүүддээ уриалж байгаа. Дашрамд хэлэхэд, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа гурав дарга болох нь, ард нь Ээбий байна уу, хэн байна гээд л нөгөө улиг болсон уламжлалаараа битгий хардаарай, бидэнтэй хамтраад урагшаа явцгаая гэж Үндэсний бодлогын хорооны гишүүдээсээ чин сэтгэлээсээ хүсмээр байна.

Үр дүнд хүрэх үү?

-Хүрнэ гэж бодож байгаа. Ойлголцож, эвлэж нэгдэж байсан үедээ ялалт байгуулж ирсэн түүхтэй. Ялсан үедээ нийгмийн хөгжлийг урагшлуулах шинэчлэлтүүдийг алдаа оноотой ч зоримог эхлүүлдэг учраас Монголын ард түмэн Ардчилсан намыг дэмждэг. Намд өгсөн олон түмний итгэл бол энэ намыг үүсгэн байгуулж, үүний төлөө зүтгэж байсан үе үеийнхний 30 жилийн хамтын зүтгэлийн үр дүн шүү дээ. Бүтээсэн бүтээлээ өөрсдийн гараар устгахгүй байх аа гэж бодож байна. Ардчилсан нам тарж бутрах нь хэнд нь ч ашиггүй. Салж бутарсан МАН, МАХН 10 жилийн дараа нийлж байна, энэ бол бас л нэг сургамж.

Ардчилсан нам шинэчлэгдэх шаардлагатай болсон гэдгийг сүүлийн хоёр сонгуулийн үр дүн хангалттай сайн харууллаа гэж бодож байна. Таны бодлоор яаж шинэчлэгдэх шаардлагатай юм бэ?

-Ард иргэдийн хүсэн хүлээсэн Ардчилсан намыг цоо шинээр дахин бүтээх.Ардчиллын амин сүнс хүний эрх, шударга ёсны баталгаа нь болох. Сэргэлт, шинэ арга барил, шинэ сэтгэлгээ, шинэ хүч хэрэгтэй байна. Өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа нийгэмтэйгээ, залуу хойч үеийнхэнтэйгээ холбогдож, хүсэл мөрөөдлийг нь мэдэрч, хамтын зорилгоо ойлголцож, бүтээлцэх тогтвортой институци болгох ёстой.Болохгүй байгаа тогтолцоогоо дотор, гаднаас нь засч сайжруулахын тулд бие биенээ үгүйсгэх биш, оюун санаагаа нэгтгэх хэрэгтэй байна.

Ардчилсан намын нөхцөл байдал, нэр хүнд бодит байдал дээр ямар хэмжээнд байна вэ. Улс төрийн хоёр дахь хүчин байхаа больсон байна гэх дүгнэлтийг хүмүүс хэлж байна. Энэ тухайд таны бодол юу вэ?

-Ийм л хүнд нөхцөл байдал үүссэн учраас л сэргэлт, эв нэгдэл хэрэгтэй гээд байгаа юм. Үүний дараа л нэр хүнд, хүчтэй байдлын тухай ярилцана. Эвээ олсон тохиолдолд АН-ын хувьд амархан сэргэнэ. Хүний нөөц, үзэл санаа, шийдэл гарцын нөөц энэ намд бүрэн байгаа. Өмнөх үе нь намаа өмчлөөд байлгүй дараа үедээ илүү боломж өгч, нээлттэй байж, их улс төрд суралцахад нь тусалж, дэмждэг уламжлал, соёлыг бий болгомоор байна. Мэдлэг боловсролтой, туршлагатай, манлайлагч залуучуудын үзэл санааны нэгдэл болж чадвал байр сууриа хадгална.Ялагдана гэдэг шинэчлэгдэх шаардлагатай байгааг л харуулж байгаа хэрэг.

Монголын улс төрийн талаар таны бодол?

-Монголын улс төр үнэлэмжгүй болж байна. Төрийн өндөр албаны хүмүүсийн үг, үйлдэл үнэн байх ёстой. Сонгогдсон, томилогдсон зарим хүмүүсийн нийгэмд биеэ авч яваа үлгэрлэлгүй байдал, гэмт хэрэг зөрчилтэй холбогдсон, төр, хувийн эрх ашгийнхаа эрэмбийг умартсан байдалд ард иргэд үнэхээр дургүйцэж байна. Нам дотроо нэг нэгэндээ зарчмын шаардлага тавьж, алдаа оноогоо шүүж, хариуцлага хүлээлгэх ёс зүйн шүүлтүүрийн механизмтай болохгүй бол улстөрчдийн, намуудын нэр хүнд улам л унана. Эв нэгдэл гэдэг бас муу муухай бүхнээ хааж халхавчилж, хуйвалдахын нэр биш. Өрсөлдөгчөө, өрсөлдөгч намаа хууль бусаар замаасаа зайлуулж, өөртөө таатай байдал бий болгохын тулд нам дамнаж бүлэглэж, зураглаж байгаад ажилладаг болсон байна шүү дээ.Энэ бол улсаа, ирээдүйгээ баллаж байгаа үйлдэл. Эдийн засаг, нийгмийн хөгжилд саад болж буй гол зүйл энэ бохир улс төр.Монголын төрд өөр стандарт, үнэлэмж тогтоохын тулд шинэ үеийн улстөрчдөд энэ системийг бүхэлд нь өөрчлөх үүрэг ирж байна.

УИХын сонгуулиас хойш та нэг хэсэг чимээгүй байлаа, хаана юу хийж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд хийсэн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад судалгаа хийх ажилд нэлээд цагаа зарцууллаа. Болж өнгөрсөн үйл явц бүрийг цаг хугацааны дарааллаар, бодит үр дагаврыг илэрхийлэх хэмжих үзүүлэлттэйгээр нь гаргаж үзэж, алдаа, анхаарах зүйлээ ойлгож авах нь улс төрийн намууд, улстөрчдөд их чухал санагддаг. Хөгжлийн бодлого боловсруулдаг мэргэшсэн институт “think tank” бодлогын судалгааны чадварлаг байгууллагуудаа бүр бодлогоор дэмжиж, датаа мэдээлэл бүрдүүлэх боломжийг нь нээлттэй болгож, бодитой судалгаанд нь үндэслэн шийдвэрээ гаргаж байхгүй бол эрх барьж байгаа нам, улстөрчид энэ улсаар зүгээр л тоглож байна шүү дээ. Дуртай дуртай өнцгөөсөө ярьж, өөрчилж, бужигнуулсаар шилжилтийн үед тавигдсан ардчилал, зах зээлийн нийгмийн үндэс-чөлөөт эдийн засгийн тогтолцоо, хүний эрх, шударга ёсны зарчим бүр алга болох тал руугаа орчихлоо. Тогтвортой бус, байнга савласан, нэгээс нэг рүү үсэрсэн, өмнөхөө үгүйсгэсэн хөрөөний ир шиг үр дагаврыг харуулж байгаа дөрөв дөрвөн жилийн хувирамтгай бодлого арга хэмжээнүүд засаглалыг ч, эдийн засгийг ч сулруулах үндсэн шалтгаан болж байна. Үүнийг бодлогын хувьд өөрчилж чадах чадамж, төлөвшилттэй улс төрийн намыг нийгэм хүсээд байгааг ойлгож, дотоод өөрчлөлт шинэчлэлээ хийх хэрэгтэй байна.

Таны ажилд амжилт хүсье.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Аянга цахилгаантай хүчтэй аадар борооноос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хэдийгээр урьдчилан сэргийлэх мэдээ цацдаг ч гэлээ жил бүр аянга цахилгаанаас олон хүн амь насаа алддаг. Хохирогчдын зарим нь урьдчилан сэргийлэх мэдээг сонсоогүй байхад, зарим нь сонссон хэрнээ арга хэмжээ аваагүй байдаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүлээн авмагцаа, эсвэл тэнгэр муудах хандлагатай байгааг ажиглагмагцаа та аадар борооноос урьтаж нөмөр газарт нуугдах шийдвэр гаргах ёстой.

Авах арга хэмжээ:

  • Урьдчилан сэргийлэх мэдээг цаг тухайд нь хүлээж авсан байх.
  • Өгч буй мэдээг зөв ойлгосон байх.
  • Өгч буй мэдээлэлд итгэсэн, өөртөө тулгарч буй аюул заналыг ойлгосон байх.
  • Өөрийгөө хамгаалах зөв шийдвэр гаргах чадвартай, гарсан шийдвэрээ
  • хэрэгжүүлэх.
  • Аянга цахилгаантай аадар борооны аюулаас хамгаалах талаар гэр бүлийнхээ гишүүдтэй ярилц. Аянга бүхий аадар бороо болж хүчтэй салхи үүсч болзошгүйг мэдэж байх хэрэгтэй.Хүчтэй салхи нь аянга бүхий хүчтэй аадар борооны хүйтэн фронтын дагуу болон урд талд үүсдэг.
  • Оршин сууж буй нутгийнхаа цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоог судлаарай. Танай гэрийн бүх гишүүд энэхүү тогтолцоог мэддэг байх ёстой. Гэртээ байх үедээ орон нутгийн радио, телевизээс сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээг авч байгаарай.
  • Газарт суугаад хөлийнхөө өлмий дээр цагариглан тонгойж сур. Гараа өвдгөн дээрээ тавиад, толгойгоо өвдөгнийхөө завасар оруул. Биеийнхээ гадаргууг аль болох бага болгож, биеийнхээ газартай нийлсэн хэсгийг мөн хамгийн бага байлга. Аянганы хүчдэл ихэвчлэн толгой дээрээс биш, газраар дамжин хүний биед ордог.
  • Аянга бүхий хүчтэй аадар бороо болсон тохиолдолд гэртээ авч орох зүйлсийн жагсаалтыг гарга. Жагсаалт гарсанаар салхинд эвдэрч, хийсч болзошгүй зүйлсээ санахад амар болно.
  • Мод, бутаа тогтмол засч хэлбэржүүлж бай. Хүчтэй салхинд үхширч, гэмтсэн мөчрүүд амархан хугарч, маш хурдтайгаар хийсгэдэг.
  • Гэрийнхээ гадна тал, хашаа саравч, амбаар сав, бэлчээрээ сул хог хаягдал, нуранги зүйлсийг зайлуул. Сул мөчир, түлээний мод нь хүчтэй салхинд таны гэр орныг сүйтгэх хэрэгсэл болж болзошгүй.
  • Мал амьтдаа хамгаал. Малын хашаа саравчаа хамгаалж бэхлэх. Хашаагаа барихдаа үер болсон үед мал өндөрлөг газарт гарч болохуйц байдлаар байрлуулаарай.
  • Цонхны гадуур хамгаалалтын халхавч хийх талаар бодож үзээрэй. Цонхны гадуур халхавч хийснээр цонхоо хамгаалах боломжтой.
  • Аянга буулгагчийг өөрийн гэр малын хороо хашаа бусад байгууламжуудын дээр босгоорой. Аянга буулгагч нь аянганы цахилгаан хүчдэлийг газарт аюулгүйгээр буулгадаг тул аянганаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг эрс бууруулдаг.
  • Хүнс хөдөө аж ахуйн яамаас тариа будааг аадар бороо мөндрөөс хамгаалах зорилгоор даатгалын компанид даатгуулах арга хэмжээг бодлогоор зохицуулах.
  • Аялал зугаалга болон хөдөө хээр удаан хугацаагаар байх ёстой арга хэмжээ төлөвлөж байгаа бол цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сайн судал. Цаг агаар ямархуу байхыг мэдэж байвал та шаардлага гарсан тохиолдолд тохиромжтой хариу арга хэмжээ авахад бэлэн байх болно. Борооны цув, шүхэр, гамшгийн үед хэрэглэх үүргэвч авч явбал цаг агаарын аюулт үзэгдлийг даван туулахад хялбар байх болно.
  • Аянга бүхий аадар бороо хэзээ хэзээгүй болох гэж байвал гадаа зохион байгуулах арга хэмжээнүүдээ хойшлуул. Цаг агаарын аюулт үзэгдэл нь тамирчид, ажилчид, үзэгчдэд хохирол учруулж болзошгүй. Гадаа болох арга хэмжээнүүдээ хойшлуулах нь аюултай байдалд орохоос зайлсхийх шилдэг арга юм.
  • Тэнгэрийн байдлыг ажигла. Аюулт үзэгдэл болох гэж байгааг илэрхийлдэг цаг агаарын шинж чанаруудыг анхааран ажиглаж бай. Тэнгэр харлах, цахилгаан цахих, салхи ширүүсэх зэрэг нь аянга бүхий аадар бороо ойртож байгааг илэрхийлж байж болзошгүй.
  • Ойр орчноо сайн мэдэж бай. Цаг агаарын аюулт үзэгдэл болвол хорогдох газраа урьдчилан тодорхойлсон бай.
  • Аянганы дууг сонс. Хэрэв та аянганы дууг сонсч байвал аадар бороо ойрхон байгаа бөгөөд та аянганд цохиулах магадлалтай гэсэн үг. Аюулгүй газарт бушуухан ор.
  • Аянга бүхий аадар бороо болох тухай албан ёсны анхааруулга аваагүй байсан ч гэсэн тэнгэрийн байдал эвгүйтвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.
Categories
гадаад мэдээ

Австрали хилээ 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл хаана

Коронавируст цар тахалтай холбогдуулан Австрали улс өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх журам гаргасан.

Тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон “Ковидын халдвар даамжирч байгаа энэ үед хилээ нээхгүй байх шийдвэрээ бид 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл сунгахаар боллоо” гэсэн байна. Ингэхдээ зайлшгүй очих шаардлагатай иргэдийн хувьд зочид буудал, тусгай хуаранд 14 хоног тусгаарласны дараа хилээрээ нэвтрүүлж байгаа аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

Байгаль дэлхий, гариг эрхэс, он цаг тооллын бас нэгэн солбицлыг хүн төрөлхтөнд харуулдаг дэлхийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна.

Шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.

Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд 6 сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж. Зуны туйл болох улирал 12 цаг 45 минутад эхэлнэ.

Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Ковид-19 халдвараар өвдсөн нэгнийг ялгаварлан гадуурхахаас зайлсхийе

Ковид-19 халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхах хандлага нийгэмд их гараад байна.

Ялгаварлан гадуурхалд өртсөн иргэн PCR шинжилгээнд хамрагдах, эмнэлэгт хандах хандлага нь буурч нийтээрээ дагаж мөрдөх зүйлсээс татгалзах зэрэг үйлдэл хийх болсон. Мөн халдварын тохиолдол мэдээллэгдэхгүй байх, олон нийтийн дунд сул орших нөхцөлийг бүрдүүлж, тархалтын хариу арга хэмжээнд хүндрэл учруулаад байна. Иймд иргэдийг халдвар авсан нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг уриалж байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ утга-зоxиол

DNN-ЯРУУ НАЙРАГ: Н.МИНЖИНСАЙХАН “УЛИАНГАРЫН ЦЭЦЭРЛЭГТ БИЧСЭН ШҮЛЭГ”…

“DNN-ЯРУУ НАЙРАГ” буланд Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайхан бүтээлүүдээс хүргэж байна.


No description available.Тэрээр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд мэндэлсэн билээ. Аймгийн Ерөнхий Боловсролын сургуулийг 2005 онд төгсөж, 2005-2009 онд “МНТ” Уран зохиолын дээд сургуулийг сэтгүүлч, утга зохиолын шүүмж, судлаач мэргэжлээр дүүргэсэн.

2009-2010 онд “Монголын мэдээ” сонинд сэтгүүлчээр ажиллаж байв.

МӨН ТЭРЭЭР

  • 2010-2011 онд 7 хоног тутмын “Тойм” сэтгүүлд сурвалжлагч,
  • 2011-2013 онд “Монголын Зохиолчдын эвлэл”-д утга зохиолын ажилтан,
  • 2014-2018 онд уран зохиолын “Залуу нас” сонинд сэтгүүлч,
  • 2019 оноос МҮОНР-ийн Нийгмийн нэвтрүүлгийн албанд сэтгүүлчээр ажиллаж байна.

араг үүрсэн хаварӨӨРИЙН БҮТЭЭЛ:

  • 2008 онд “Он саргүй өдрүүд” шүлгийн анхны түүвэр,
  • 2013 онд “Шувуудын ай” дууны шүлгийн түүвэр,
  • 2013 онд “Навчис залбирахад” шүлгийн түүвэр,
  • 2017 онд “Усанд хөвсөн намар”
  • 2020 онд “Сэтгэл чамайг таньсан ч билүү” дууны хос цомог
  • 2021 онд “Араг үүрсэн хавар” шүлгийн түүврээ тус тус хэвлүүлсэн.

ЭМХЭТГЭСЭН БҮТЭЭЛ:

  • Эх орны сэдэвт шүлгүүдийн “Миний төрсөн нутаг монголын сайхан орон” түүвэр 2012 он,
  • “Б.Явуухулан” шүлгийн түүвэр 2012 он,
  • Зуун яруу найрагч Зуун хайрын шүлэг I,II боть 2014-2015 он,
  • Алтан-Өд шагналт яруу найрагч Г.Баярын “Тэнгэрийн сүм эх орон” шүлэг дууны хос цомог, “Бугын толгойтын гарам” яруу найргийн боть 2018 он
  • Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын “Эрх чөлөө” “Уур минь хүрч байна” шүлгийн хос цомгийн редактораар ажилласан.

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн /2011он/
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн/2017 он/
  • Архангай аймгийн утга зохиолын “ХАНТАМИР” төвийн тэргүүн /2018 он /

ТА БҮХЭНД ЯРУУ НАЙРАГЧ Н.МИНЖИНСАЙХАНЫ ШҮЛГИЙН ТҮҮВРЭЭС ХҮРГЭЖ БАЙНА


НАМАР ҮДШИЙН ХӨРӨГ

Морин шоргоолж өвсний шилбээд өгсөж эрэлд гарсан

Наймдугаар сарын тунгалаг үдэш адууны дэл шиг амгалан

Нар жаргахад горхины хоржигноон, хусны өнгө улам тодорч

Буурал ижийн минь барьсан дэнгийн гэрэл шиг сар ургана

Тугалаа хашчихаад усанд явсан жаалхан бага дүү минь

Сарны домгийг сэтгэлдээ томж, шулхагнаг норгон гэр өөдөө тэмцэж ирээд

Ам цагааны үлгэрийг ахин дахин хэлүүлсээр давсанд явахад

Өнгөрсөн намрын гөлөгний дуу хол ойрыг боргох нь тод

Бүрэнхий өтгөрөх тусам хадны хэлбэршил улам илбийн болж

Сөд өвсний толгой “Цагаан уул” цэцгийн гэгээ бараадах нь нялхамсуу

Тооно өөд ширтээд амрагийн тухай цухасхан бодохуй

Тойромд зуссан хос хунгийн дэвээ цээжний гүнд элгэмсүү

Тэргэний мөөрөн дээр суусан бээвгэр бор шувууны

“Суух нь ихдэж, нисэх нь цөөрчээ” гэж Нагац хэлэх нь бүдэгхэн

“Хөөрхий дөө, зайлуул” гэж ижий хариу бас бүдэгхэн

Хөх аргалын галд ханын толгой ч бүдэгхэн

Айраг мөндөрлөж, ааруул эвэрхэд

Нэрсэн хавтгайн үнэр салхиар хийсч ирдэг

Аргамжтай хүлгээ амрааж унаагаа юүлэх тухай

Аядуухан бодох төдийд сар амгаланг олдог

Боронз уулсын дундах ахуй хөдөөгөө санахад

Бортоготой ус цалгих шиг аньсага нүд чийгтэх юм аа

Хадны хаг шиг алаг цоог амьдралын дундаас

Хадгалж миний үлдсэн нэгэн үдшийн хөрөг үү дээ…

2020.08.02


НҮҮХ ГЭТЭЛ…

Тэнгэр цэлийн хөхрөвч

Тэргэнд хөллөдөг хэдэн шар маань алга !

Ишээ дүүртэл ургаад өвс ногоод гандлаа !

Эрээд олдоггүй ээ, хэдэн шар маань алга !

Нуурын захаар идээшдэгсэн, алга !

Нуга хөндийд амардагсан, алга!

Урд уулыг самналаа, алга !

Хойд уулыг домнолоо, алга !

Тэргэнд хөллөдөг хэдэн шар маань алгаа, алга !

Тэнгэр цэлийн хөхрөвч хэдэн шар маань алга !

Нэрстэй уул руу хаа нэг шургалдагсан

Нэгжиж үзлээ, алга !

Нэг бүрчлэн дуран тавьлаа

Нэмэр алга аа !

Алгаа! хэдэн шар маань алга !

Айлын үхэр, тууврын мал

Аль алинд нь алга !

Нүүх гэсэн юм

Нөгөө хэд маань алга аа!

Мэргийн чулуунд бууж өгсөнгүй,

Хэдэн шар маань алга !

Миний хүүгийн зурсан зурганд

Үхэр тэрэг ч бүр алга!

2018.07.17


ГҮҮР

Орчлонд нэгэн гүүр урсан одож

Ондоо нэгэн гүүр гэрэлтэн босчээ

Урсгал усан чадал юүлэн түрхрэвч

Урьд байсан гүүрний модон хөл ёрдойно

Ахуй багад минь суурингийн хэдэн ах нар

Арын уулын модоор бахим бүдүүн гүүр барьсан юм

Олон ч өдөр ус бороонд нар, сартай дэвтэж

Орчлонд тэд мааньхоёр эрэг уулзуулсан юм

Ижийдээ яарах хүүгийн зам дөт болж

Эрлийн хүний мөр, жим богиносож

Хөсөг нүүдлийн бараа алгуур алгуурхан тодроод

Хөх усны дээр модон гүүр гэрэлтсэн юм

Өлзийт ах нарын илбэж барьсан гүүрийг

Үерийн ус мөлий толхин урсахдаа ч

Өвч хүйтний мөс хага ташин тэврэхдээ ч

Элээж ер чадаагүй сэн…

Он цаг хэдий ч өнгөрөө юм бэ дээ?

Ойл, хангинуурын дуу бүдэгтэн алсарч

Орчлонгийн сайхан ах нар модон гүүрээ орхиж

Олойр хөндий цээжинд тэнэмэл салхи хургана

Шинэхэн цутгамал гүүрэн дээр саяхан танилцсан хос

Шингэх нарны дор ажиг ч үгүй алхана

Урьд өмнө нь энд хэн ч байгаагүй юм шиг

Усны эргүүлэгт бөмбөрөх хөөс төдийхнийг сонирхоно

2020.12.07


УРТЫН НҮҮДЭЛД

Бор шувууны өндөг шиг хөх чулуудын хэвтэр лүү

Борог өвс шургалаад

Ботго ньэндсэн ингэний гунаганаан шиг

Хаврын салхи сандчаад байна

Аягатай цайны минь мэлтэгнээн дунд

Нэгэн шилбэ өндөлзөөд

Арын уулын сэтэрт хөх сарлаг

Зүүдэн дунд минь тонгочоод байна

Аавын зангидсан хазаар ногтны

Амгай зуузай нь алдраагүй байгаа…

Эгч нуурын минь хөх ус

Эргээ давж халиатаад

Элэг цагаан ногтрууны өд

Энд тэндгүй хийсээд байна

Хусны үйсээр ноцоосон атал

Тулган дахь гал намжаад

Хуруу инчдэхэд өвс бөхийж

Хувилгаан үүлс зангираад байна

Арал тэрэгний минь буулга, хударганы

Алтан шаргал дээс сулраагүй байгаа…

Шарга морьтой танил хүн

Урд тойрмоор алхуулаад

Шар хөллөсөн хөсөг нүүдлийн

Бараа үзэгдэвч бүдэгтээд байна

Усны эргүүлэгт нэгэн навч

Өдөржин шөнөжин ээрэгдээд

Урд уулнаас туулай дэгдэж

Модод гэнэтхэн нүцгэрээд байна

Жим дагасан уртын нүүдэлдээ

Жирэм сураа бид гээгээгүй байгаа…

2018.10.31 – 2019.01.02

Categories
гадаад мэдээ

Н.Саркозид ял оноох хүсэлт тавьжээ

Францын прокурорын газраас тус улсын ерөнхийлөгч асан Н.Саркозид зургаан сарын хорих ял оноох хүсэлт гаргажээ. Түүнийг 2012 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилттэй холбоотой, тэр дундаа сонгуулийн сурталчилгааны зардлаа хэтрүүлсэн зэрэг хэд хэдэн хэргээр шүүж байгаа юм. Шүүх ажиллагааг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлүүлсэн байдаг. Гэвч яллагдагч талын өмгөөлөгч ковидоор халдварласан тул шүүх хурлыг түр хойшлуулаад байсан юм. Францын ерөнхийлөгч асан дээрх хэрэгт буруугүй гэдгээ мэдэгдсэн удаатай.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

Ж.Ганбаатар: Хөдөлмөрийн хууль нь өөрөө хүний хөдөлмөрлөх сэдлийг бууруулж, маргаан руу хөтөлдөг байж болохгүй

УИХын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


Хөдөлмөрийн тухай хууль 20 жилийн дараа шинэчлэгдэх гэж байна. Та уг хуульд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир юу вэ?

-Би өөрөө хөдөлмөрийн харилцаанд олон жил оролцсон хүн. 1993 оноос хойш 2016 онд уих-ын гишүүн болох хүртлээ энэ харилцааны нэг тал байлаа шүү дээ. Тиймээс энэ харилцааг маш сайн мэдэх хүний хувьд зарим талаар шүүмжлэлтэй хандаж байгаа. гэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 70-80 хувьд нь зөв зүйтэй заалтууд бий. хууль олон жилийн дараа шинэчлэгдэж байна гэж та сая хэллээ. Шинэчлэгдэх цаг нь болсон гэдэгтэй санал нийлнэ.хөдөлмөрийн тухай хууль бол бизнесийн салбарт бараг Үндсэн хууль гэж хэлж болно. их чухал хууль л даа. Энэ хуулиар хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтны хоорондын зохистой тэнцвэрт харьцааг хангах учиртай. хуулийн зорилт дээрээ ч ингэж байгаа. Ер нь хуулийг шинэчлэхэд гол анхаарах зүйл бол өмнөх хуулийн зохицуулалтын хүрээнд бий болсон хамгаалалт, баталгааг дордуулахгүй байх явдал. гэтэл энэ төслийн хүрээнд ажилтны эрх ашиг, нийгмийн баталгааг дээшлүүлж байна гээд нөгөө талдаа ажил олгогчийн эрх ашгийг орхигдуулсан зүйл ажиглагдаж байна. ажилтанд давуу байдал олгосноор цаад агуулгаараа бүх талаар сайн гэсэн үг бас биш. үүнийг яг өнөөдрийн хууль хэлэлцэж байгаа шатанд иргэд ч, хууль тогтоогчид ч ойлгохгүй, анзаарахгүй байна. ажил олгогч гэдэг бол ажилтантайгаа, үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран аливааг хийж бүтээхийн төлөө урагшаа харж, хамтдаа зүтгэдэг. үүнийг ч өнөөдрийн нийгэм шаардаж байна. өөрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан аль алиных нь хичээл зүтгэл байгууллагын ашигт ажиллагаанд нөлөөлдөг, тэр нь эргээд хэн алинд нь ч үр өгөөжөө өгдөг байх ёстой гэж хэлээд байгаа юм.

Түүнээс биш хоорондоо маргалдаад “Энэ ажлыг ч хийхгүй, ингэж ч тэтгэмж авна, тэгж ч ажил хаяна” гээд суугаад байвал ажил урагшаа явахгүй, цаашлаад ажлын бүтээмж гарахгүй, ажилчдын цалин нэмэгдэхгүй. Нийгэм хийж бүтээсэн зүйлгүй болно шүү дээ.

Хөдөлмөрийн тухай хуулийг их сайхан хууль болчихлоо, сайн хууль батлагдах нь гэж олон хүн дүгнэж байх шиг байгаа юм. Сайн зүйлүүд олон бий. Би дэмжиж байгаа зүйлээ “Дэмжиж байна аа” гээд хэлж байгаа. Гол нь засах ёстой зүйлүүд байгаа учраас л би анх хэлэлцэж эхлэхээс нь хэлсээр өдийг хүрлээ. Тэгээд ч засагдахгүй байна.

Хуульд орсон ямар зүйл заалтаас болж ажилтан, ажил олгогч хоёрын хоорондын маргаан нэмэгдэх нөхцөл бүрдээд байгаа юм бэ. Та тухайлж ганц, нэг жишээ хэлэхгүй юү?

-Нэг жишээ хэлье.Ажилтан мэргэшил, ур чадвар нь ажилдаа тэнцэхгүй, хичээл зүтгэл гаргахгүй бол мэдээж ажлаас нь чөлөөлнө. Дээр хэлсэнчлэн ажилтан, ажил олгогчтойгоо хамтын зорилготой, идэвх санаачилгатай, бүтээмжтэй ажиллах ёстой шүү дээ. Алдаа дутагдал гаргаад, ахиж сайжрахгүй, аргацаасан байдалтай байгаад байвал чөлөөлөөд явуулахаас аргагүй. Ингээд дараагийн хүнээ авч ажиллуулна. Гэтэл нөгөө нөхөр шүүхэд хандаад, шүүх буцаагаад ажилд нь томил оо гээд шийдвэр гаргачихна. Ингэвэл ажилгүй байсан хугацааных нь цалинг нөхөж өгнө. Ингээд ажил олгогч хоёр хүнд цалин өгнө гэсэн үг. Хүний нөөцийн аппараттай томоохон компаниуд гайгүй байх, ялангуяа энэ жижиг дундын салбарт тушаал шийдвэрээ хуулийн үндэстэй гаргаж чаддаг нь хэд байх бол.

Нөгөө талаас хөдөлмөрийн гэрээнд заагаагүй л бол ажилтнаар өөр ажил хийлгэхээр шаардаж болохгүй гэж байгаа юм. Амьдрал баян. Ямар ч гэнэтийн, шуурхай ажил гарч ирж болно. Тэр болгонд ажилтан “хөдөлмөрийн гэрээнд байхгүй, би зөвшөөрөхгүй байна” гэвэл ажил хийхгүй байх нөхцөл бүрдэж байна. Хөдөлмөрийн гэрээнд бүгдийг нэг бүрчлэн тоочин бичих боломж ямар билээ. Үүнийг л хүний хөдөлмөрлөх сэдлийг бууруулах гэж хэлнэ. Ингээд л ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үл ойлголцол үүснэ. Ажил гацна. Хөдөлмөрийн харилцаа цуцлах тухай асуудал яригдана. Түүнчлэн ажлаас халаад явуулна. Дахиад л шүүхэд хандана. Ингээд шүүхийн шийдвэр гараад ажилд нь буцаагаад тогтоочихвол ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөж олгоно. Таван жилийн дараа шийдвэр гарвал таван жилийн цалинг нь олгоно. Нэгэнт ингээд цалингаа нөхөөд авчихдаг юм чинь ажил хийхдээ биш, шүүхдэх маргахдаа анхаарна.

Энэ мэтчилэн маргаан тасрахгүй хөвөрнө өө…

Хуульд ажил олгогчид дарамт учруулах өөр ямар заалтууд байна вэ?

“Ажилтан ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол ажил олгогч зургаан сараас дээш ажилласан ажилтанд тэтгэмж олгох”-оор байгаа. Энэ хүрээнд ажилтан өөрөө ажиллах сонирхолгүй, аргацаасан байдалтай явж байгаад ажилдаа тэнцэхгүй юм байна аа гээд ажлаас нь гаргасан тохиолдолд ажил олгогч нь заавал тэтгэмж олгох үүрэг хүлээхээр байгаа нь ажилд бүртгүүлээд хэсэг хугацааны дараа ажлаас гарч, тэтгэмж авдаг тогтолцоог бий болгох хуулийн заалт болоод байна. Нөгөө талаас хуулийн төслийн хүрээнд ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаанд орсон л бол бүх хүн цалин авч, НДШ төлөгдөхөөр байгаа. НДШ-ийг ажил олгогч тодорхой хувийг төлдөг. Төлсөн нийгмийн даатгалаасаа ажилгүйдлийн тэтгэмжээ авч байгаа ажилтанд давхар ажил олгогчоос тэтгэмж олгохоор зохицуулж байгаа нь ажил олгогч нарт санхүүгийн дарамт үзүүлсэн заалт болсон.

Мөн “Ажил олгогч тогтоосон хугацаанд цалингаа тавиагүй бол түүнд гурван төрлийн санхүүгийн хариуцлага гэх юм уу, дарамт ирүүлэхээр хуулийн төсөлд байгаа юм. Эхнийх нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцох зохицуулалт. Хоёрдугаарт нь, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах. Гуравдугаарт нь, ажил олгогч цалин олгох хугацааг хэтрүүлсэн бол ажилтан ажлаа хийхээс татгалзана, татгалзсан хугацааны цалинг ажил олгогч нөхөн олгоно гэдэг заалт. Жижиг дунд аж ахуйн нэгжийн хувьд цалингаа тогтмол, яг цагтаа тавьж чаддаг байх амаргүй. Харин мөнгө байсаар байтал цалингаа тавихгүй, ажилтантайгаа муудалцаад байж байдаг ажил олгогч хаана ч байхгүй. Энэ жишээ юуг харуулж байна гэхээр хууль дээр ажилласан хүмүүс нэг талд нь ажил олгогч цалинг нь өгөхгүй гүрийгээд байдаг юм байна, нөгөө талд нь хэдэн хүмүүс цалингаа авах гээд яваад байдаг юм байна гэсэн логикоор асуудалд хандсаныг харуулж байгаа юм. Ер нь ажилтан зүгээр л нэг цалин авахын төлөө ажилладаггүй шүү дээ. Хамт олонтой байх, нийгмийн харилцаанд орох, соёлд суралцах, бусдын дунд биеэ зөв авч явах, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон чадвар, мэдрэмж ажилтанд суудаг. Мөн дээрээс нь ажил олгогчтойгоо нийлж аливаа асуудлын ард гарч, тэндээсээ урам зориг авах, өмнөх хийснээсээ илүү урагшлахын төлөө хамтарч зүтгэх сэдэл авдаг. Гэтэл хууль санаачлагчид ажилтан, ажил олгогч хоёр хоорондоо үргэлжид маргаад байж байдаг, тэрийг нь л зохицуулъя гэсэн байдлаар энэ хууль дээр ажилласан юм шиг байгаа юм.

Мөн дээрээс нь энэ хуулиар ажил олгогчоос ажилтанд тэтгэмж, нөхөн олговор олгох 13 тохиолдлыг шинээр бий болгосон. Чуулганы хуралдаан дээр намайг энэ асуудлыг хөндөхөд ажлын хэсгийн ахлагч гуйвуулаад “13 төрлийн тэтгэмж шинээр бий болгосон юм байхгүй ээ” гээд өнгөрч байна лээ. Тэтгэмжийн төрөл биш, тэтгэмж, нөхөн олговор олгох тохиолдлын тоо шүү дээ. Энэ чинь дахиад л нөгөө өсч өндийх гэж байгаа ажил олгогчид хүндрэлийг л үүсгэнэ. Томоохон аж ахуйн нэгжүүд бол үүнийг тоохгүй байх. Харин ч яаж ажилчдаа урамшуулах вэ, яаж өөртөө татаж удаан ажиллуулах вэ гэж уралдаж байгаа. Намайг ингээд ярихаар өөрийгөө хамгааллаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Яахав, тэгж харах нэг нь хараг. Яг хууль хэрэгжээд 2-3 жилийн дараа хүмүүс ойлгоно. Зөрчлийн хуулин дээр ч гэсэн яг л ийм зүйл болж байсан. Одоо ямар нөхцөл байдалтай байгаагаа ойлгож байгаа байх.

Энэ мэтчилэн ажил олгогчид ирэх дарамтыг ихэсгэх тусам ажил олгогч нар олон ажилтантай болох сэдэл төрөхгүй болох нь ойлгомжтой. Дагаж өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулиар л гэхэд 26 төрлийн торгуулийг шинээр бий болгох гэж байна. Ингээд ирэхээр нөгөө ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго яаж биелэх вэ. Эцсийн дүндээ ажил олгогчоо дэмжиж байж л бүтээлч нийгэмтэй болно. Бүтээлч нийгэмтэй болж байж бид хөгжинө. Энэ өнцгөөс би яриад байгаа юм.

Та ажил олгогчдыг тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үүсч болох хүндрэлүүдийг төсөөлж ярьж байна л даа. Танд тэдгээр бизнес эрхлэгч, ажил олгогчдоос саналаа хэлж хандсаар байна уу?

-Саналууд ирсэн. Тухайлбал, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим гэдэг байгууллагаас УИХ-ын даргад ирсэн хүсэлт над дээр цохогдсон нь энд байна.Хүсэлтийн гол агуулга нь “Ажил олгогчид хэд хэдэн санхүүгийн ачаалал үүсгэж байгаа нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх,хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд үйлдвэрчний эвлэл болон төрийн байгууллага илүү нөлөөтэй байхаар тусгасан байгаагаас ажил олгогчийг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр бизнесийн үйл ажиллагаагүйгээр явуулахад хүндрэл үүсгэх, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх олон шат дамжлага бий болгосон нь шийдвэрлэгдэх хугацааг шалтгаангүйгээр удаашруулах, ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын тохиролцооны үндсэн дээр тодорхойлж болох асуудлуудаар олон шаардлага, хязгаарлалт тогтоосон нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны уян хатан байдлыг хязгаарлах” гэх мэт сөрөг үр дагаврууд үүсгэхээр байна гэдэг саналыг ирүүлсэн байдаг.

Энэ хуульд хөдөлмөрийн харилцаан дахь Үйлдвэрчний эвлэлийн оролцоо хэр байхаар зохицуулсан бэ, өмнөх хуулиас шинэлэг ямар зохицуулалтууд туссан бэ?

-Япон, АНУ, Герман, Англи зэрэг улсуудад хуулийн зарим зүйл заалтаар Үйлдвэрчний эвлэлийг хязгаарладаг, зарим газруудад Үйлдвэрчний эвлэлд ач холбогдол өгдөггүй. Жишээлбэл, АНУ-д Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хүчтэй байсан үе бий. Үйлдвэрчний эвлэл, ажилтан, ажил олгогч хоорондын асуудлаас болж тухайн үед Детройд хотод ажил хаялт байнга болдог, зарим гудамжинд нь жагсаал болдог байсан. Одоо Детройд хотыг хар.Өнөөдөр АНУ-д үйлдвэрлэл ямар байна. Гэтэл тухайн үед дэлхийд номер нэг, хамгийн сайн хөгжиж байсан улсын үйлдвэрлэлийн ихэнх хувь нь одоо гадаадаас хараат байна шүү дээ. Одоо буцаад үйлдвэрлэлээ босгох гээд тэмцэж байна. Тэгэхээр Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллагын оролцоог хэр түвшинд байлгах вэ гэдгээ сайн бодолцох хэрэгтэй.

Манай улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 10 мянгаас дээш ам.долларт хүрсэн ч гэдэг юм уу тодорхой түвшинд хүрчихсэн, бүх хүн ажилтай болчихсон, бизнес эрхлэх сонирхол өндөр болчихсон тохиолдолд бид бусад улсын жишгийг авах нь зөв байх. Гэхдээ тэр цаг нь одоо мөн үү, үгүй юү гэдгээ бодох хэрэгтэй.

Эдийн засгийн агуулгаараа ч гэсэн бид төсвийн алдагдлыг гадны зээлээр өр тавьж нөхдөг биш, хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлж, татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлэх замаар шийдвэрлэдэг байх ёстой. Ингэж байж эдийн засгийн болоод хөгжлийн зөв тойрогтоо орно.Энэ нь бидний эцсийн зорилго байх учиртай. Гэтэл энэ хууль энэ зорилгоос хойш нь чангаах гэж байна. Татвар төлөгчдийгөө өөд нь татах, тэдэндээ боломж олгох ийм цаг үед хооронд нь маргалдуулах, бие биендээ өсөрхөх байдалтай хууль гарч болмооргүй байгаа юм.

Миний байнга хэлээд байгаа “Ххүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлэх” гэдэг бол зүгээр ч нэг хүмүүсийг ажил хийлгэе гэдэг агуулга биш, цаад утгаараа нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх учиг гэдгийг улстөрчид ойлгох цаг нь ирсэн.

Зөрчлийн тухай хуулиар энэ жил 138 тэрбум төгрөгийн торгуулийн төлөвлөгөөтэй гэж сонссон. Иргэд, аж ахуйн нэгжээ торгож төсвөө бүрдүүлэх нь хэр зөв юм бэ?

-Зөрчлийн тухай хуулиар төсөв бүрдүүлэх заалт байхгүй. Торгож төсөв бүрдүүлээд байгаа нь л буруу. Уг нь торгохоосоо өмнө эхлээд анхааруулах ёстой. Гэтэл Зөрчлийн тухай хуульд анхааруулах тухай заалт байхгүй. Ерөөсөө л торгоно. Би МХЕГ, ЦЕГ-ыг буруутгахгүй. Хууль нь ийм юм. Жишээ татахад, хүүхдүүд гэртээ чимээ гаргах, жолооныхоо үнэмлэхийг гэртээ мартах зэрэг чинь санаатай биш санамсаргүй үйлдэл шүү дээ. Эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрэхгүй зүйлийг Зөрчлийн тухай хуулиар шийддэг. Уг нь эхлээд ийм үйлдлийг нь анхааруулах ёстой. Гэтэл шууд торгодог болсны гол гажуудал. Үүнийг би тухайн үед батлагдаж байхад нь хэлж байсан. Миний үгийг үл хайхарсаар байгаад л ингэж баталсан. Өнөөдөр бүр хууль гаргаж өршөөх хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ. Ер нь батлагдаж буй хууль болгоныг дагаж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа.

Та ярилцлагын эхэнд хуулийн төслийн 70-80 хувийг дэмжиж байгаа гэж хэллээ. Тэгвэл ярилцлагын төгсгөлд энэ хуулийн төслийн өмнөх хуулиас сайжирсан, дэвшилттэй заалтуудаас онцлохгүй юу?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 онд батлагдсан, 24 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон хууль байгаа. Шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ гүйцэтгэж ирсэн ч өнөөгийн зах зээлийн эдийн засгийн үед шинэ тутам бий болж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болсон нь ийнхүү шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлагыг бий болгосон. Төслийг ерөнхийд нь харахад ажилтан, хөдөлмөр эрхлэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалт зонхилсон шинжтэй байгаа. Үүний үр дүнд хүний нөөцийн тогтвортой байдал хангагдаж, цаашлаад зах зээл дээрх ажиллах хүчний нөөц нэмэгдэх эерэг өөрчлөлтийг авч ирнэ гэж итгэж, хуулийн төслийг зарим талаар дэмжиж байгаагаа хэлсэн.

Хуулийн төслийн хүрээнд шинээр зохицуулагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, бүтээн байгуулалтын салбарт маш чухал нэг заалт бол хөдөлмөр эрхлэлтийн хувийн албад буюу ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээний талаарх зохицуулалт. Хувийн хэвшилд өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр, туслах шинжтэй ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага их гардаг. Мөн хуулийн төслийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах харилцааны онцлог зохицуулалтуудыг тусгаснаар дээр дурдсанчлан хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж, аж ахуйн нэгж байгууллагууд ч энэ шинэ зохицуулалтад уялдуулан хөдөлмөр зохион байгуулалтаа өөрчилж шинэчлэх боломжтой.

Түүнчлэн ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, дундаж цалин хөлс тодорхойлох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд тогтоох, хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох, байгууллага болон салбар, салбар дундын хөдөлмөрийн норм нормативтай болох тухай зохицуулалтууд тусгагдсан.

Цаашлаад ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглосон, хөдөлмөрийн гэрээний хугацааны асуудлыг маш тодорхой болгосон гэх мэт сайн заалтууд бий.Тэдгээрийг дэмжиж байгаагаа дахин хэлье.

Танд ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?

-Энэ хуулинд бас нэгэн төрийн хүнд суртлыг бий болгохоор заалт орсон. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбарт оролцох төрийн оролцоо дахиад нэмэгдэх нь. Тэр нь шат шатны Засаг дарга нарын дунд Үндэсний хороо гэж байгууллага байгуулагдаж байгаа.Шат шатны гэдэг нь сум, дүүрэг, аймаг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд байгуулагдана гэсэн үг. Хэдэн хүнтэй, ямар бүтэцтэй байхыг одоогоор хэлж мэдэхгүй юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүд энэ хорооноос зөвшөөрөл авна, магадгүй татвар хураамж төлнө. Тус хорооноос сургалт явуулж, зөвлөгөө өгснийг нь үндэслэж нэг юм байгууллага ажлаа эхлэх нь. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт авч байж гарааны бизнесээ эрхэлдэг шиг Үндэсний хорооноос зөвшөөрөл авч байж л ажил олгогч ажлаа эхэлнэ. Хараат байх бас нэг төрийн байгууллага нэмэгдэнэ. Үүнийг дагаад дахиад л төрийн данхайсан нэг бүтэц гарч ирж байгаа юм. Энэ бас бодох л ёстой асуудал.

Төгсгөлд нь дахиад хэлье. Улсын төсөв нь гадаадын зээл тусламжаас хараат байдаг биш өөрөө өөрийгөө аваад явдаг, хүн ажиллуулдаг, татвар төлдөг, ам нь биш гар нь хөдөлдөг хүмүүсээ дэмжсэн, тэдэнд боломж олгосон улс орон хөгждөг жамтай. Тэд л бүтээмжийг бий болгоно. Баялаг бүтээнэ шүү дээ. Үүнээс өөрөөр хөгжилд хүрсэн улс хаа ч байхгүй. Энэ бол эдийн засгийн болоод улс орны хөгжлийн зөв тойрог юм аа.

Р.ЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэг, Өлзий төвийн уулзвараас Долоон буудал хүртэлх зам дагуу мод тарьж байна

2020 онд Сүхбаатар дүүрэг, Өлзий төвийн уулзвараас Долоон буудал хүртэлх зам дагуу 1040ш улиас мод шинээр тарьж ногоон зурвас байгуулж байсан.

Энэ онд уг ажлын үргэлжлэл болгон тус ногоон зурвас бүхий 3720м.кв сул шороон хөрстэй талбайг зүлэгжүүлж замын зүүн талаарх Улиас моддын голоор 306 нүхэнд 1900ш хайлаас тарих ажлыг Ногоон төгөл ХХК гүйцэтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт зүлэгжүүлэлтийн ажлыг бүрэн дууссан, одоо зөвхөн усалгаа арчилгаа хяналт л шаардлагатай.

Усалгааг хийхдээ шүршиж, зөөлөн даралтаар услах ёстой боловч хариуцсан ажилчид хайнга хандаж модоо услахдаа өндөр даралттай усаар, услах явцдаа зүлэгт талбай бүрэн соёолоогүй үр элсийг тарааж, үгүй хийж байгааг зогсоожээ.

Хяналт сул байгаагаас нэг ажлыг нөгөөгөөр үгүй хийх явдал их байна. Гүйцэтгэгч байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгч, ажилчиддаа мэргэжил арга зүйн заавар зөвлөмж тогтмол өгч, хяналттай ажиллахыг үүрэг болголоо хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2231 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 11765 сорьцод шинжилгээ хийхэд 2231 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн нь 1289 Улаанбаатар хотод, орон нутагт 934, эмнэлгээс шалтгаалах 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 98050 боллоо.

Мөн 12 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 459 болж байна.

Сүүлийн 24 цагт 886 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.