Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээний төсвийг цар тахлын эсрэг зарцуулахаар боллоо

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан билээ.

Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ.

Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт хичнээн төгрөг суулгахыг УИХ хэлэлцэн батлах юм байна.

Ташрамд дурдахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн турш

  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээх,
  • Монгол Улс НҮБ-д элссэний ойг тэмдэглэх,
  • Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил,
  • Орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жил,
  • Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулах,
  • Хүүхдэд зориулсан цуврал уран бүтээл гаргах,
  • Спортын нэгдсэн наадам зохион байгуулах зэргээр олон салбарт бүтэн жилийн турш зарцуулахаар төлөвлөж байсан юм.
Categories
мэдээ улс-төр

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг ажлын хэсэг танилцуулж болох уу? Олон нийтэд учир агуулга, бэлгэдлийг тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна” хэмээн асуув.

Түүний асуултад Соёлын дэд сайд М.Батбаяр “Ардын хувьсгалын тэгш ойтой жилүүдэд ойн медалийг гаргаж, түүнийг төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд судлаачид, урлаг соёлын зүтгэлтнүүд, ажил хөдөлмөрөө амжилттай эрхэлсэн иргэдэд олгодог.

Медаль үндсэн хоёр хэсэгтэй. Төв хэсэгт дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн цацраг хэлбэртэй, дунд нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан шаргал өнгийн соёмбыг хөх өнгөнд байрлуулсан. Доод хэсэгт сүүн цагаан өнгөн дээр АХ-ын 100 жилийн ойн логог алтан шаргал өнгөөр товойлгож байрлуулсан” гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг 2021 оны төсөв батлах үедээ шийдсэн. Ингэж шийдсэн учраас медалийн асуудлаар МАН, АН-ын гишүүд хамтран шийдвэр гаргасан.

Монголчуудад огт хөндөж болохгүй хоёрхон зүйл бий. Нэг нь бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол. Гурван хувьсгалын үр дүнд харийн түрэмгийллээс бид ангижирч чадсан. Ойн медальд тэрбум төгрөг баталж өгсөн” гэв.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс заалаар үйлчилнэ гэсэн байгууллагын менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаа баривчлан авч явжээ

УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар хоолны болон амралтын газарт тогтоосон хязгаарлалтыг 10 хоногоор сунгаж, зарим газрын үйл ажиллагааг мөн хязгаарлах шийдвэрийг гаргасан билээ. Тус шийдвэрийг эсэргүүцэж зарим байгууллагууд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т мэдэгдээд байсан юм.

Уг мэдэгдлийг анхлан гаргаад байсан “Takesan Miso Ramen” хоолны газрын үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилжээ.

“Takesan Miso Ramen”-ны захирал: “Гаргасан мэдэгдэлдээ бат зогсож үйл ажиллагаагаа хэвийн явуулж тэмцлээ үргэлжлүүлэхээ үүгээр уламжлахын сацуу биднийг дэмжиж байгаа хувь хүмүүс албан байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ирж хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна.

Цагдаа, мэргэжлийн хяналт,УОК-хон ирж хааж, бүтүүмжлэх гэж оролдсон ч бид 24:00 цаг хүртэл ажиллах тул манайхаар үйлчлүүлж байнга хүнтэй байлгаж ухамсартайгаар эсэргүүцлээ илэрхийлнэ үү хэмээн хүсэж байна.

Үйлчлүүлэгч та хүн болон ширээ хоорондын зайгаа барин халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж биднийг дэмжинэ гэж итгэж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Зургадугаар сарын 23 Москвагийн түүхэн дэх хамгийн халуун өдөр болжээ

Зургадугаар сарын 23-нд Москва хотын агаарын температур Цельсийн 34.3 хэм хүрч халж, 73 жилийн өмнөх халууны дээд амжилтыг эвджээ.

ОХУ-ын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвийн захирал Роман Вилфандын мэдээлснээр, өчигдөр Москвагийн агаарын температур 14 цагт 34.3 хэм хүрсэн байна. Өмнө нь 1948 оны зургадугаар сарын 23-нд Москвад 33.6 хэм хүрч халж байжээ.
Москвад халуун өдрүүд үргэлжилсээр...
Оросын ихэнх нутгаар аагим халуун өдрүүд энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид сэрэмжлүүлсэн байна. Пүрэв, баасан гарагт өдөртөө 34-36 хэм, бямба гарагт 33-35 хэм хүрэх төлөвтэй байна гэж тус улсын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төв мэдээлжээ. Москва хотод пүрэв гарагт 33.5 хэм, баасан гарагт 33.1, бямба гарагт 33.6 хэм халуун байх аж.
Categories
мэдээ нийгэм

Үндэсний манлай үйлдвэрийн ажилчдыг төрийн одон медалиар шагналаа

Үндэсний манлай үйлдвэрийн нэг “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн ажилчдын Монгол улсын эдийн засаг салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, компанийн тогтвортой амжилтад өөрийн эрдэм мэдлэг, идэвх зүтгэл, хүч хөдөлмөрөө дайчлан, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасныг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН, АЛТАН ГАДАС ОДОН, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР” шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

“Жем Интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Базарсадын ОЙГОНГЭРЭЛ

АЛТАН ГАДАС ОДОНГООР

  1. Спиртийн үйлдвэрийн Ерөнхий технологич Батбилэгийн НЯМДОРЖ
  2. Архины үйлдвэрийн Зөвлөх Технологич Доржийн ПҮРЭВСҮРЭН
  3. Жем Трейд ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Балдандоржийн БАЙГАЛМАА
  4. Гадаад харилцаа хангамжийн газрын Импортын менежер Жамъянсүрэнгийн ЭНХСАЙХАН
  5. Жем Хужирт ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Цээпилийн НЯМБАТ

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

  1. Жем Интернэшнл ХХК-ийн Ерөнхий технологич Очирбатын САЙНБАЯР
  2. Архины үйлдвэрийн дарга Агиевийн ИТГЭЛСАЙХАН
  3. Архины үйлдвэрийн Технологич Бөхөөгийн УНДРАХ
Categories
мэдээ улс-төр

​Ч.Номин: Төрт ёсоо дээдэлдэг, ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж явах ёстой


Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Өмнөх тогтолцооны үзэл суртлаар хийсэн кино, ном зохиолыг хэвээр нь үргэлжлүүлсээр байна. Үүнийг зохицуулсан заалт хуульд бий юу?

Соёлын биет, биет бус өвийг тээж байгаа хүмүүст хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулсан заалт байна уу. Гуравдугаарт, буддын шашинтай улс үндэсний хувьд бурхан шүтээнийг соёлын үнэт зүйл гэж үзэн, шүтээн талаас нь анхаарахгүй явж ирсэн. Үүнтэй холбоотой тодорхой өөрчлөлт хийсэн зүйл байна уу гэдгийг асууя.

Ажлын хэсэг: Соёлын үнэт зүйлийг цаг хугацааны байдлаар хязгаарлалт тогтоож, хэрэглэнэ хэрэглэхгүй гэдэг байдлаар хуульд тусгаагүй. Соёлын үнэт зүйлийг бүтээх туурвих, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд оролцогч талууд ямар нэгэн хязгаарлалтгүй оролцох үзэл санааны хүрээнд хууль бичигдсэн.

Хоёрдугаарт, соёлын өвийг тээгчтэй холбоотой заалт хуульд орсон. Өнөөдрийн хувьл Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар энэ асуудал зохицуулагдаж байгаа. Цаашид соёлын биет бус өвийг хамгаалах тухай бие даасан хууль гаргаж, соёлыг өвийг тээгч хүмүүсийг хамгаална гэдэг төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар 10,800 гаруй соёлыг биет бус өвийг өвлөн тээгчид бий.

Гуравдугаарт, сүм хийдэд хадгалагдаж байгаа бурхан тахилыг бүртгэлжүүлэх ажилд илүүтэй анхаарсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол бөхчүүд бол соёлын биет бус өв тээгчид. Монгол наадам тэр чигээрээ соёлын биет бус өв. Бид наадмаа сайхан зохион байгуулах ёстой. Гэхдээ энэ асуудал дээр шүүмжлэл гараад байна. Энэ дээр Соёлын сайд хариулт өгнө үү.

Соёлын сайд Ч.Номин: Баяр наадам бол Монголын төр ёсны нэг өв. Хүн болгоны хадгалж, өвөлж авч явж, үр хүүхэддээ таниулан түгээж байх ёстой соёлууд энд шингэсэн байдаг. Нүүдэлчдийн соёл иргэншлийн гол агуулга эрийн гурван наадамд явж байдаг. Тэгэхээр төрт ёсоо дээдэлдэг, ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж авч явах ёстой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар зээлэв

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй зам, тээврийн коридор бий болгоход зориулан 100 сая ам. долларын зээл баталлаа.

Энэ хөрөнгийг Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөлд зарцуулна.

Хурдацтай хотжилтоос шалтгаалан, манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатарт хотын зам, тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Нийслэлд өдгөө 1100 км урттай гудамж, замын сүлжээ байгаа нь тархай бөгөөд хоорондоо төдийлөн холбогдоогүй.

Замын хөдөлгөөний удирдлага, замын аюулгүй байдлыг хангах байгууламж хангалтгүй байгаа нь замын хөдөлгөөнд саатал учруулж, зам тээврийн осол гаргахад хүргэж, түгжрэл үүсгэхэд нөлөөлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тааруу, гудамж, замууд үер болон бусад байгалийн гамшигт өртөмтгий байгаа нь оршин суугчдын амьжиргаанд нөлөөлж, эмзэг, бага орлоготой иргэдэд хохирол учруулж ирсэн. Үүний зэрэгцээ нотолгоонд суурилсан төлөвлөлт, менежмент дутмаг, институцын чадавх сул байгаа нь хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай хуваарилахад саад тотгор болж байна.

Улаанбаатарын авто зам, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд бүх хэрэглэгчийг зам, тээврийн дэд бүтэц, үйлчилгээгээр тогтвортой хангах цогц, урт хугацааны арга зам шаардлагатай.

Төсөл нь сонгосон гудамж, замын коридоруудад дэд бүтцийг санхүүжүүлнэ. Мөн нийтийн тээврийн илүү сайн нэгдсэн систем бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд тэргүүлэх ач холбогдол бүхий сонгогдсон коридоруудад гудамж, замыг өөрчлөн зохион байгуулах, шинэчлэх, шинээр барих, мөн нийтийн тээврийн удирдлагын системийг шинэчлэх, автобусны зогсоолуудыг сайжруулах, ухаалаг тээвэр, ухаалаг зогсоолын менежментийн системүүдийг хот даяар суурилуулах ажил багтана. Төсөл нь мөн хотын захиргаанд зам, тээврийн төлөвлөлт, менежментийн үр дүнтэй институц бий болгоход тус дөхөм үзүүлэх стратегийн судалгаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах нь хотын захиргаа, Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон бөгөөд Дэлхийн Банк энэ чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Микнев хэллээ.
“Төсөл нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, байгалийн гамшгаас үүдэлтэй саад бэрхшээлийг бууруулах замаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний бүх оролцогч тэр дундаа явган зорчигч зэрэг замын хөдөлгөөний эмзэг оролцогчдод ашиг тусаа өгөх зорилготой. Улаанбаатарын авто зам, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд бүх хэрэглэгчийг зам, тээврийн дэд бүтэц, үйлчилгээгээр тогтвортой хангах цогц, урт хугацааны арга зам шаардлагатай” хэмээн Дэлхийн Банкны зам, тээврийн ахлах мэргэжилтэн Ян Чен хэллээ.

“Энэхүү төсөл нь Дэлхийн Банк болон Улаанбаатар хотын захиргаанаас сүүлийн зургаан жилд гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажил, техникийн туслалцааны үр дүнд үндэслэн боловсруулсан Улаанбаатарын тогтвортой авто зам, тээврийн цогц хөтөлбөрийн суурийг тавих юм.”

Улаанбаатар хотын захиргаа уг төслийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг хариуцна. Тус төсөл нь Дэлхийн Банк Группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (ОУСБХБ) бүрэн санхүүжүүлж буй Монгол дахь анхны төсөл гэж Дэлхийн банкнаас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Ё.Дамчаабадгар: Миний бүжиг дэглэх чиглэл хувцастай минь адил нэг хандлагад баригддаггүй


ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжгийн багш, Цагдаагийн дэслэгч, бүжиг дэглээч, МУСТА Ё.Дамчаабадгартай ярилцлаа.


-Саяхан “Rock shoot” эвентэд оролцсон байсан. Тэр үеэр авахуулсан зураг тань нэлээд “од” боллоо. Хувцаслалтынхаа талаар ярихгүй юу?

-“Монголын гэрэл зураг дурлагсдын групп”-ын зүгээс “Rock shoot” эвент хийнэ гэж зарласан юм. Тэгээд тэр зарыг нь хараад өдөрлөгт бэлдэж очсон. Ер нь санаандгүй байхад зураг авдаг. Хувцаслалтын хувьд монгол дээл загварыг яаж костьюм пиджактай хослуулах вэ гэдэг санаанаас үүдсэн юм. Японы самурайгийн өмд нь миний өмссөн хувцастай адилхан байдаг. Хөлөө нийлүүлээд зогсохоор юбка шиг хэрнээ алхахаар өмд болдог. Япон маягийн стилийг дуурайж хийлгэсэн. Ерөнхийдөө классик загварыг монголжуу болгохыг зорьсон.

-Ер нь энэ загвараар хувцасладаг уу?

-Би өөрөө урлагийн хүн. Контемпорари этник бүжгийн төрлөөр дагнаж бүжиглэдэг болохоор содон загварын хувцаслалтад дуртай. Зүгээр энгийн хослол өмсөхөөс илүү авангард стилийн хувцас өмсдөг. Түүнээсээ уран бүтээлийн санаа, мэдрэмжийг олж авдаг гэх юм уу.

No description available.-Та хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?

-Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумынх. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт 2006 оноос хойш бүжиглэж эхэлсэн. Харин 2012 оноос хойш контемпорари этник бүжгийн төрлөөр дагнан хичээллэж, суралцаж байна даа.

-ЦЕГ-ын “Сүлд” чуулгад бүжгийн багшаар ажилладаг гэсэн үү?

-Тийм ээ. “Сүлд” чуулгад бүжгийн багш, бүжиг дэглээчээр ажилладаг. Мөн Цагдаагийн дэслэгч, МУСТА цолтой.

-Залуу МУСТА байх нь ээ…?

-Манай цэргийнхэн залуу үедээ шагнуулж байгаагүй. Харин цирк, уран нугаралт, балетынхан залуудаа шагнагддаг. Ардын урлаг, орчин цагийн хэмнэлээр бүжиглэдэг хүүхдүүд хараахан шагнагдаад байдаггүй юм билээ. Би одоо 25 настай.
-Хувь уран бүтээлч байхаас илүү ЗУРАГЦагдаагийн албан хаагч байна гэдэг асар их хариуцлага байдаг болов уу?

-Манай Цагдаагийн “Сүлд” чуулга маань соён гэгээрүүлэх үүрэгтэй. Цагдаагийн алба хаагч хэрнээ иргэдийг соён гэгээрүүлнэ гэсэн үг. Мөн урлагаар дамжуулан алба хаагчдын стрессийг тайлна. Түүнчлэн хуулиа ч сахиулна. Бидний гаргаж байгаа үйлдэл бүр нийгэмд зөв зүйлийг илэрхийлэх ёстой.
“Rock shoot” эвентэд очсон шалтгаан маань ч үүнтэй холбоотой. Цагдаагийн алба хаагч гэхээр л дүрэмттэй байх ёсгүй шүү дээ.

-Бүжгийн урлагаас юуг олж авдаг вэ?

-Бүжгийн урлаг хүнд зөв төлөвшлийг бий болгодог. 
Би энэ урлагтай холбогдоод 15 жил болж байна. Миний хувьд бүжиг бол төлөвшил. Ер нь бол биеэ авч явах байдал, бусадтай харьцах харьцаа гээд л… Урлагийнхан ер нь бусдыг ойлгох чадвар илүү байдаг гэж боддог шүү. Хүмүүс урлаг, шашингүй байвал хэтэрхий араатан шинж рүүгээ орж эхэлнэ. Араатан шинж гэдэг нь бусдыг үзэн ядах, зэмлэх зэрэг юм. Бүжиглэж эхэлснээсээ хойш надаас үлгэрлэх маш олон хүн байгаа. Тиймээс зөв зүйлийг уриалах хэрэгтэй гэж бодож аливаа зүйлийг хийдэг болсон.

Зургийн тодорхойлолт алга байна.

-Та нийт хэчнээн бүжиг дэглээд байгаа вэ?

-Одоогийн байдлаар нарийн тооцоолсон зүйл алга. Цагдаагийн “Сүлд” чуулгад тайзны хэмжээний тоглолтод нийлэгдсэн 40-өөд бүжиг байгаа. Мөн бүрэн хэмжээний дөрвөн бүжиг бий.

-Бүжигчин болохоор бэлтгэж буй гарын шавьтай юу?

-Мэргэжлийн бүжигчин болгохоор бэлтгэж байгаа таван хүүхэд бий. Бүжиглэх сонирхолтой хүүхдүүд гэвэл олон ирдэг. Анх бүжиглэж эхлэхдээ л багшаас сурсан зүйлээ бусад хүүхдүүдэд заадаг байсан. Ер нь өөрийн мэдлэгээ бусдад заана гэдэг асар их чадвар хуримтлуулдаг шүү.

17 хүн болон инээмсэглэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

-Саяхан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт урилгаар бүжиглэж байсан?

-2020 оны аравдугаар сард тоглогдсон “Халил” контемпорари этник бүжгийн нээлтийн бүжиг болох “Эрхшээгч”-ийг бүжиглэсэн. Контемпорари этник бүжгийн төрөл нь Монголд шинээр оруулж ирж буй нэг төрөл юм. Этник бүжгийн төрлийг контемпорари бүжигтэй, контемпорарыг ардын хэмнэлд оруулж ирж буй шинэ урсгал гэж ойлгож болно. Контемпорари нь нэн сүүлийн гэсэн утгатай. Тэгэхээр ардын урлагийг орчин цагт хэрхэн хөгжүүлж, нөлөөлөх вэ гэсэн нэг шийдлийг эрэлхийлсэн. Хэрэв ардын чигээр нь байлгаад байвал устах аюултай. Хөгжүүлэх тусам ардын урлаг маань үнэ цэнтэй болно. Тиймээс үүнийг цаашид хөгжүүлэх тал дээр анхаарч уран бүтээлээ хийж байгаа. Бие биелгээгээ ч мөн адил хуучин хэвээр нь дэглэхийг хичээдэг. Миний бүжиг дэглэх чиглэл хувцастай минь адил нэг хандлагад баригддаггүй. Өргөн цар хүрээтэй дэглэхийг хүсдэг дээ. Хувцаслалт бол миний уран бүтээлийн нэг хэсэг.

-Өнгөрсөн онд “Дэлхийг тойрсон биелгээ” гэсэн шинэ бүжгийн давлагаа эхлүүлж байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол ардын урлагийг орчин үетэй хослуулж орон орны алдартай газруудад очиж бие биелгээгээ таниулахыг хүссэн юм. Тэгээд БНСУ-аас чалленж эхлүүлсэн. Анх 2019 оны хоёрдугаар сард Холбооны Бүгд найрамдах Герман улсад тэмцээнд оролцож байх үеэр эхлүүлсэн ч усан онгоцон дээр явж байхдаа компьютераа усанд унагааснаас болоод бичлэгээ цацаж чадаагүй. Дараа нь 2019 оны аравдугаар сард Солонгост байхдаа тэр чалленжийг эхлүүлж байсан. Уг нь өвөл Улаан талбай үзэсгэлэнтэй харагддаг учир тэнд биелгээ хийх төлөвлөгөөтэй байсан болов ч ковидоос шалтгаалаад цуцлагдсан.

Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн

Тэр үед метронд биелгээ хийхэд хүмүүс хэр хүлээж авч байсан бэ. Дургүйцэх тохиолдол байв уу?

-Солонгосчууд хүнд төвөг удахгүй байхыг хичээдэг ард түмэн. Тиймээс бүжгээ эхлэхээс өмнө бүгдэд нь анхааруулж хэлсэн. Тэр үед олон удаа давтаж бичсэн болохоор зарим нь талархаж хүлээж авсан бол зарим нь жаахан залхсан шинжтэй харагдсан. Харин гудамжинд жуулчид ихтэй байсан учир бичлэг хийж, хамт зургаа татуулж байлаа. Монголын ардын урлагийг дэлхийд таниулж буй хамтлаг бол яахын аргагүй “The Hu” хамтлаг. Тиймээс “The Hu” хамтлагийн дуун дээр биелгээгээ хийсэн. Нөгөөтэйгүүр миний бүжгийн хэмнэл нь орчин үелэг хийгээд ардын урлаг байсан болохоор хамгийн их агаар нэг байсан нь “The Hu” хамтлагийн ая байсан юм. Хувцаслалтаас илүү ая, хөгжим сэтгэл сэргээдэг учир энэ ая надад маш том эрч хүч өгсөн.


-Цаашид өөр орноор явах төлөвлөгөө бий юү?

-Одоогоор төлөвлөөнүүдээ гаргаад, дэглэлтээ хийчихсэн байгаа. Дараа дараагийн чалленжаа эхлүүлэхдээ тус улсын онцлогт тохирсон ая зохиож бүжиглэнэ гэж төлөвлөөд буй.

-Бүжиг дэглээч хүн шинэ зүйлийг эрэлхийлж, туршлага судалдаг байх?

-Гагцхүү бүжигч гэлтгүй уран бүтээлчид маань хотод сууршсан байдаг учир маш олон сэдэв санааг олж хардаггүй санагддаг. Миний хувьд ч ийм байсан. Харин хэдэн жилийн өмнөөс гадаадаар аялж, бусад улсын жишгийг харж өөрийгөө хайрцганд байгаагаа мэдэрсэн. Контемпорари этник бүжгийн төрлийг эхлүүлэх шалтгаан маань энэ. Өмнө нь нэг нь аягатай бүжиг эхлүүлбэл бусад нь түүнийг дагадаг байсан. Өөрөө ямар нэгэн чалленж эхлүүлж, гадаад яваад ирэхээр илүү сэтгэдэг юм билээ. Судалгаа маш чухал.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Шинэ бүжиг гаргах уу?

-Контемпорари этник бүжгийн төрлийг хөгжүүлэхээр бүжгийн дэглэлтүүдээ хийж байгаа. Ганцхан мэргэжлийн бүжигчдэд бус хүүхдүүдэд ч гэсэн зааж байгаа. Олон шавьтай. Шавь нартаа эхлээд бие биелгээ гэдэг зүйлийг ойлгуулах юм. Контемпорари бүжиг Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Тиймээс Монголдоо дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилго­той­гоор бүжгээ дэглэж байгаа. Энэхүү бүжгийн төрөл Ази, тэр дундаа олон улсын томоохон бүжгийн уралдаанд багтдаг төрөл юм. Бүжгийн энэ төрлийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө одооноос илүү хичээж багш нараасаа болон гаднын олон мэргэжилтний туршлагаас судалж байгаа. Одоо СУИС-ийн сургалтад оруулахаар маш том ажил төлөвлөсөн байгаа. Энэ жил Монголын Цагдаагийн 100 жилийн ой тохиож байгаа. Ойг угтсан шинэ уран бүтээл хийж байгаа.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Иргэдэд заалаар үйлчлэх уриалга гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно” гэв

“Иргэдэд заалаар үйлчлэх уриалга гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно”

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар буюу бүх төрлийн ресторан, кофе шопыг заалаар үйлчлэхийг хязгаарласан хугацааг дахин 10 хоногоор сунгах шийдвэрийг өчигдөр Улсын Онцгой комиссоос гаргасан. Мөн фитнес, саун, бассейны үйл ажиллагааг маргаашаас зогсоохоор болоод байна.

Уг шийдвэрийг эсэргүүцэж буй нэр бүхий ресторан, кофе шопууд өнөөдрөөс эхлэн заалаар үйлчилж эхлэхээ мэдэгдсэн билээ. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалга гаргасан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор болжээ.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Д.Амартүвшин Токиог зорих эрх авлаа

Токиогийн олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг жинд Монгол Улсаас хэнийг барилдуулахаа шийдвэрлэх сорил барилдаан өнөөдөр боллоо.

ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нар уг жинд олимпын эрх авахын төлөө өрсөлдөв. Тэдний барилдаан цаг сунган, 18 минут ач тач барилдсаны эцэст Д.Амартүвшин ялж, олимпод оролцох эрхээ өвөртөлсөн байна.

Токиогийн олимпийн наадамд Монгол Улс жүдогийн 12 эрх аваад байгаа бөгөөд Үндэсний шигшээ баг тамирчдаас хэн, хэнийг оролцуулахыг өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлана.