Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Шагдарсүрэн: Газар тариалангийн гол бүс нутагт хангалттай чийгтэй байлаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Энэ зуны тухайд хотын ойр орчимд хур тунадас элбэг байгаа ч баруун тал руугаа, тэр дундаа Завхан аймгийн зарим нутгаар ногооны гарц муу, гантай байна гэх юм. Ер нь энэ зуны тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуны тухайд зөвхөн хот орчим төдийгүй ер нь нутгийн зүүн хагастаа хур бороо ихтэй, ялангуяа газар тариалангийн гол бүс нутагт хангалттай чийгтэй байлаа. Цаг уур орчны шинжилгээний газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Орхонтуул, Орхон, Баянгол, Дархан-Уулын Хонгорын 6 дугаар бригад, Алтангадас, Цайдамын талбай, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Дорнодын Халхгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Увсын Баруунтуруун, Хэнтийн Гурванбаянд дунд зэрэг байна гэж мэдээлсэн байна.

Уринш болон гуурстай талбайд чийгийн нөөц Дархан-Уулын Хонгорын Алтангадас, Цайдамын талбай, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариаланд хангалттай байна.

Төмсний талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Төвийн Баянчандмань, Жаргалант, Сэлэнгийн Мандал, Баянгол, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Хэнтийн Өндөрхаанд хангалттай, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Баян-Уул, Сүхбаатарын Баруун-Урт, Төвийн Угтаалцайдамд дунд зэрэг, Дорнодын Чойбалсанд хангалтгүй байна гэжээ.

-Ямар хүчин зүйлээс шалтгаалж ган болдог вэ. Сүүлийн жилүүдэд төвийн аймгуудын нутгаар ган болох үзэгдэл ажиглагдаж байна?

-Бүс нутгийн 30 хүртэлх хувийг хамарсан ган гурван жил тутам болдог гэсэн судалгааны дүн бий. Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, уул уурхай түрэмгийлэл, бэлчээрийн хүрэлцээ, даац хэтрэлт гээд олон хүчин зүйлээс өвс ургамал оройтож гарах, шөнөдөө хэт хүйтэн хонож байгаагаас ургамлын өсөлт удаашрах, зогсох гээд ган болох нөхцөл их байна. Ер нь намрын салхи өн дууддаг, хаврын салхи ган дууддаг гэдэг юм. Энэ хавар тэр чигээрээ, зуны тэргүүн сарын дунд хүртэл тал хээрийн болоод говийн нутаг их салхитай байснаас зөвхөн таны мэдэрсэн хот орчмын нутаг төдийгүй баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгууд, төвийн бүс нутгийн өмнөд хагас тэр чигээрээ гандуу байсан. Харин сүүлийн хэд хоногийн борооны хүчинд говийн бүсийн хойд тал болоод зүүн аймгуудын нутгаар зуншлага эрс сайжирлаа. Хэнтий, Хянганы нуруунаас эх авсан гол мөрөн үерлэж, сүйд байна шүү дээ.

-Малчид гантай нөхцөлд хохирол багатайгаар давж гарахын тулд авч хэрэгжүүлбэл зохих ямар арга хэмжээ байна вэ?

-Ган болсон нутагт зуд болох нь ойлгомжтой. “Ганд бүү суу, зудад бүү нүү” гэдэг юм. Эртхэн л аятай нутаг бараадах хэрэгтэй. Үүний тулд нэгд малчид өөрсдөө отор нүүдэлд эртхэн анхаарах. Хоёрт баг, сум, аймгийн удирдлагууд цаг агаарын нөхцөл байдалд дүгнэлт хийж өвс хадлан бэлтгэх, отор нүүдэл хийх ажлаа эрт төлөвлөж очих, буух газрынхаа удирдлагуудтай гэрээ хэлцлээ эрт хийгээсэй. Коронагийн нэг сайн тал нь зунжин, намаржин үргэлжилдэг их найр наадам харьцангуй цөөрөх тул өвөлд бэлтгэх боломж, цаг хугацаа хангалттай байна. Нөгөө талаар малчид маань өөрсдөө хариуцлагатай байгаасай. Өнгөрсөн жил Булган аймгийн нутагт отроор очсон зарим малчид буурь буудлаа цэвэрлэхгүй новширч орхисон мэдээлэл ирж л байна. Иймэрхүү ганц нэг хариуцлагагүй, залхаг заваан нөхдөөс болж аймаг сумынхаа бүх малчдын нэрийг гутааж, дахиж нутаг гуйж очих нүүргүй болж байна. Тийм нөхдийг дахиж хэн нутагтаа хүлээж авах юм бэ? Ёстой “Хохь чинь” гээд хөөх хэрэгтэй.

-Таны тухайд олон жил цаг уурын талаар судалгаа хийж хүмүүст мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хүргэсэн. Монголын цаг уурын сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг дүгнэхгүй юү?

-Энэ бол миний хариулах асуудал биш. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ-аас албан ёсоор асуувал зохино. Би бол нүүдэлчин түмний олон мянган жилийн турш ажиглаж судалж ирсэн цаг агаарын нөхцөл байдлын талаар хуримтлуулсан мэдлэгийг л олон түмэнд дамжуулж явдаг хүн. Жишээ нь, XVII жарны 35 дахь “цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн шороон үхрийн зурагт үхрийн хоёр эвэр, сүүл нь хөх, толгой цагаан, дөрвөн шийр улаан, их бие тэр чигээрээ шар гарсан байдаг. Цагаан өнгө цас, мөндөр, хөх өнгө хур бороо, улаан өнгө салхи бас өвчин, шар өнгө ган хуурайшилт зөгнөдөг гэдэг юм.

-Ер нь ямар шинж тэмдэг илэрвэл байгалийн гамшигт үзэгдэл болдог вэ?

-Гамшигт үзэгдэл гэдгийг хэрхэн ойлгож байгаагаас л хамаарна. Аянга цахилгаан, шороон болон цасан шуурга, үер, мөндөр, цочир хүйтрэл зэрэг богино хугацааны үзэгдэл тэр болгон урьдчилж таамаглах хугацаа өгдөггүй түргэн зуур болоод өнгөрдөг. Гэвч өнгөрсөн гуравдугаар сарын 14-15-ны гамшигт шороон шуурга шиг үзэгдлийг өнөөдөр цаг уурын шинжлэх ухаан маш тодорхой илрүүлэн урьдчилж мэдээлж байна.Харин ган зудыг бол байгалийн үзэгдэл, эд юмс, амьтан, жигүүртэн, огторгуйд орчих од эрхсийн хөдөлгөөний гээд маш олон талаас нь шинжих арга бий. Жишээ нь, намар сүрэг хонины тоос холоос харахад цайвар бөгөөд босоо байвал зуд болно, бараантаж харагдвал өн болно гэж ярьдаг.

Гэтэл өнөөх нь яг цаг агаарын нөхцөлийг хэлж байна уу? Харин малын тарга хүчийг илэрхийлж байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тарга гүйцээгүй малын тоос цайвар хийгээд өндөрт хөөрдөг, сайн тарга авсан малын тоос өтгөн бөгөөд намхан байдаг. Үүнийг цаад утгаар нь тайлбарлах гээд үзвэл тарга гүйцээгүй мал явамхай, хөдөлгөөн ихтэй, тарга хангалттай авсан малын хөдөлгөөн бага, тогтуун, налгар байгааг хэлж байгаа юм биш биз? Тэгж үзэх юм бол тарга гүйцээгүй мал зуд болсон болоогүй өвөл зутарна. Үүнийг мэдээгүй малчин бурууг өөртөө биш, өвөлд тохож таарна. Энэ мэт яриад байвал мөн ч их юм бий дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ц.Цолмон: Нэг улсын ачааг нөгөөгөөс ялгаварлан түрүүлж ачсан бол гомдол гаргаж болно

ТЯНЬЖИНД ГАЦСАН ЧИНГЭЛГҮҮДЭЭ ТАТАХГҮЙ БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ТАСАЛДАНА. ҮҮНИЙ УЛМААС ХОМСДОЛ ҮҮСНЭ, ҮНЭ ӨСНӨ, ОРЛОГО БУУРНА, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭНЭ-

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Ц.Цолмонтой ярилцлаа.


-Манай улсын гадаад худалдааны өнөөгийн байдал ямар байна вэ?

-Эхний таван сарын байдлаар гадаад худалдааны үйл ажиллагаа эрчтэй сэргэж байгаа нь статистик мэдээллээс харагдаж байна. Нийт эргэлт 2020 онтой харьцуулахад 48хувь, экспорт 67 хувь, импорт 30 хувь өссөн дүнтэй гарч худалдааны тэнцэл эерэг хэвээр байна. Эдгээр тоог цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулан харахад эргэлт 347 сая, экспорт 61 сая, импорт 286 сая ам.доллараар өссөн байгаа нь гадаад худалдаа эргээд сэргэж байгааг харуулж байна. Экспортын 95 хувь орчим нь эрдэсийн бүтээгдэхүүн, алт, нэхмэлийн бүтээгдэхүүнээс бүрддэг хэвээр. Харин импортын хувьд тээврийн хэрэгсэл, түлш шатахуун, машин тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нь нийт импортын 72 орчим хувийг эзэлжээ.

-Монголтой хамгийн ойрхон далайн боомт бол Тяньжин. Тэнд одоогийн байдлаар 5000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээлэл байна. Судлаачийн хувьд та энэ гацааны шалтгааныг нь хэрхэн харж байна вэ?

-Хамгийн гол шалтгаан нь эрэлтийн гэнэтийн өсөлт. Дэлхий нийтээр цар тахлын бууралттай холбоотойгоор эрэлт огцом өсөөд байна. Монголын хувьд дээрх шалтгаанаас гадна манай улсын эдийн засгийн идэвхжилтийн үе, ялангуяа уул уурхай, барилгын салбарын оргил үе нөлөөллөө. Мөн гуравдугаар сард Хятадын талаас хилээ сар шахам хаасан зэрэг шалтгаануудын улмаас хуримтлагдсан ачаа гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлснөөр одоогийн энэ нөхцөл байдалд хүрээд байна. Ер нь энгийн үед голдирлоороо явдаг байсан урсгал гэнэтийн өсөлтийн үед ачааллаа даахгүй болсон нь энэхүү бөөгнөрөл, түгжрэлээс харагдаж байна. Мөн дээрээс нь Хятадын өөрийнх нь төмөр зам дагасан хотуудын дотоод ачаа, олон улсын транзитын ачаанууд нэмэгдэж орж ирэхээр Тяньжинаас Эрээн орох төмөр замын хүчин чадал яалт ч үгүй дийлэхгүйд хүрч байгаа.

-Монголын эдийн засаг хилийн боомтууд дээр түгжигдчихээд байхад төр засаг яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бол?

-Огт юм хийхгүй байна гэж болохгүй байх. Миний сонссоноор хоёр улсын тээвэр, гадаад харилцааны яамдын хооронд асуудлыг шийдэх чиглэлээр ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа гэсэн. Иймэрхүү асуудал бас тийм амархан шийдэгдэхгүй.

Гол нь Дэлхийн худалдааны байгууллага(ДХБ), Дэлхийн гаалийн байгууллага(ДГБ) болон Олон улсын тээврийн конвенц, хэлэлцээрүүдэд нийцсэн, тэдгээрийг зөрчөөгүй шийдэл олохын тулд ажиллах хэрэгтэй болно. Олон улсын болон транзитын тээврийн асуудлууд ялангуяа хатуу дэг журам, шаардлагын дор явагддаг, үүнийг зарим тохиолдолд хоёр улс яриад шийдэх боломж ч бага. Шийдвэр нь бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүй байх ёстой. Гэхдээ ийм шийдэл, гарц байгаа гэж бодож байна.

-Асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Ямар гарц байна вэ. Үйл ажиллагаа хэвийн болоход хэдий хугацаа шаардах вэ?

-Тээврийн салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаж байхад зарим нэг боломжит шийдлүүдийг санал болгож байсны нэг нь Монголын зүгээс Эрээн рүү өргөн царигаар орж буй экспортын болон транзитын вагонуудыг хоосон буцаахгүйгээр Тяньжин болон Эрээн дээр гацаад байгаа ачаа, чингэлгүүдийг ачин Монгол руу оруулах шийдэл юм. Тэгэхээр Тяньжинд гацаад байгаа чингэлгүүдийг Эрээн рүү автомашинаар тээвэрлэн авчирна гэсэн үг. Гэхдээ энэ шийдэл нь төмөр замын цариг солигдож сэлгэн ачилт хийгдэх олон улсын хэлэлцээрээр хориглогдсон үйлдэл юм. Тиймээс хоёр улсын засгийн газрын түвшинд уг асуудлыг авч үзэн бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэж чадвал Тяньжинд дараалал хүлээхгүйгээр тээвэрлэлтийн хугацааг хурдасгах боломж байна гэж харж байна. Харин зардал бол яах аргагүй өсөх болно.

-Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэр боомтуудын асуудал цэгцэрнэ гэсэн мэдээлэл байгаа. Тэр болтол ингээд гацаад байж байх уу. Үүний цаана улс төр яваад байна уу?

-Эхлээд асуудлыг шийдэх гарцаа олоод мөн уг шийдэл нь хэрэгжүүлэх боломжтой, бас бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүй, олон улсын байгууллага, хэлэлцээрүүдэд нийцсэн эсэхийг сайтар тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Түүний дараа албан ёсны уулзалт хэлэлцээр хийвэл үр дүнд хүрнэ. Улс орны эдийн засаг, ард иргэд, бизнесийн байгууллагуудын эрх ашигтай холбоотой, нэн яаралтай асуудал яригдаж байхад улс төрийн хүсэл сонирхол ямар ч хамаагүй гэж бодож байна. Цаг хугацааны хувьд аль болох хурдан шийдэхгүй бол эдийн засгийн идэвхжилийн чухал мөчлөгийг өнгөрүүлснээр эдийн засагт сөрөг үр дагавар авчирна.

-Боомтын гацаа бизнесийнхний бухимдлыг дээд цэгт нь хүргэж туйлдуулж байгаа. Ачаа тээврийн компаниуд хүртэл заналхийлэлд өртөж байна гэсэн?

-Бизнесийн байгууллагуудын хувьд маш том эрсдэл, томоохон хэмжээний алдагдлыг бий болгоод байна. Монголын эдийн засаг, бизнес импортоос маш өндөр хамааралтай гэдгийг бүгдээрээ мэднэ. Үндэсний үйлдвэрүүд нь хүртэл үйлдвэрлэлийн тодорхой шатанд импортоос хамааралтай. Худалдааны салбарын хувьд бүр ярилтгүй. Тэгэхээр бараа нь боомт дээр гацаад ирж чадахгүй байна гэдэг бол бизнесийн байгууллагуудын ашиг орлогод шууд сөрөг нөлөөтэй. Дээр нь тээвэрлэлтийн үнэ хөлс нь 2-4 дахин нэмэгдэн орж ирж байгааг мартаж болохгүй. Ийм байдлаар удаан үргэлжлэх нь бизнесийн үйл ажиллагаа тасалдахад хүрч эргээд нөгөө зээл, хүү, түрээсийн дарамтанд орох эрсдэлтэй. Ингэснээр Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үр нөлөөг бууруулж байгаа юм.

-Боомтын бөөгнөрлийг арилгахын тулд айлын талаас ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Ер нь энэ бөөгнөрөл нь зөвхөн ганц Монголын асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад өөрөө дэлхийн том үйлдвэрлэгч улс тул нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудал Хятадтай бизнес хийдэг улс бүрт тулгараад байна. Хятад өөрөө ч экспортоос маш их хамааралтай улс. Тэгэхээр транзитын тээвэрт санаа тавьдаггүй юм аа гэхэд өөрийн экспортын тээвэрлэлтийг саадгүй явуулахын тулд Хятад ч бас шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой. Гэхдээ асуудлыг дангаараа шийдэх боломж бас тааруу байна. Транзит гэхэд олон улсын дүрэм журмаар явагдана. Зөрчвөл конвенцийн дагуу хариуцлага хүлээнэ. Нэг улсыг илүүд үзвэл ДХБ-тай тулах болно. Одоогийн огцом өсөлт нь богино хугацааны шок тул учир зүггүй төмөр зам, дэд бүтцийн шинэ байгууламж барих сонирхол бага байгаа. Тэгэхээр Монголын талын аливаа санал шийдлийг нааштайгаар хүлээн авч хамтран ажиллах нь хамгийн боломжит арга хэмжээ юм болов уу л гэж бодож байна.

-Монголын тал Тяньжинд гацсан чингэлгүүдээ татаж авахгүй бол цаашид учрах эрдсдэл нь эдийн засагт том зургаараа яаж нөлөөлөх вэ?

-Эдийн засаг хямрахад хүрнэ. Хэрэглээний салбартаа бид 80 хувь импортоос хамааралтай. Энгийнээр хэлбэл, үйлдвэрлэл, худалдаа тасалдана, хомсдол үүснэ, үнэ өснө, орлого буурна, ажилгүйдэл нэмэгдэнэ.

-Эрээнд бас нэлээд бөөгнөрөл үүсчихээд байх шиг. Хэвийн болгоход хэдий хугацаа шаардлагатай бол?

-Эрээний бөөгнөрлийн гол шалтгаан нь цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт. Өмнө нь дунджаар 300-400 машин нэвтрүүлдэг байсан боомтоор саяхныг хүртэл 60-100 машин л нэвтрүүлж байсан. Харин энэ долоо хоногоос 100-150 машин оруулж байгаа сурагтай байсан. Монголын вагон Хятадын нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрхгүй тул цаанаас Эрээний ачааг автомашинаар зөөвөрлөн Замын-Үүдэд авчран вагонд ачдаг. Энэ процесс дээр л гацаа үүсчихээд байгаа. Эрээнээс шууд вагонд ачна гэвэл дээр дурдсан хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцоог л хийх хэрэгтэй болно. Түүнээс шууд өргөн царигтай вагонд ачаад гарах эрх зүйн боломж одоохондоо байхгүй. Мэдээж ачих боломжтой болсон тохиолдолд вагоны багтаамж, даац их тул Эрээн дээрх ачааг богино хугацаанд тээвэрлэн импортлох боломжтой.

-Тяньжинд овоорсон 5000 гаруй чингэлгийг Хятад нааш нь явуулахгүй манай ачааг хойш тавиад өөр орнуудынхыг зөөгөөд ийм болсон гэх мэдээлэл байгаа. Далайд гарцгүй орны энэ зовлонг яаж барагдуулдаг вэ, олон улсын ямар байгууллагад хандадаг юм бэ?

-Хөндлөнгөөс харахад, “Манай ачааг зөөхгүй бусад ачааг зөөгөөд байгаа юм шиг харагдах магадлалтай. Учир нь транзитын тээврийн олон улсын хэлэлцээрийн дагуу боомтууд транзитын ачааг хамгийн түрүүнд нэвтрүүлэх зохицуулалт байдаг. Монголд ч транзит тээвэр ингэж явдаг. Тяньжин дээр Европ руу явах их хэмжээний транзит ачаа түгжирсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр конвенцийн дагуу тэдгээр ачаанууд түрүүлэн ачигдаж байгаа байх. Үнэхээр нэг улсын ачааг нөгөөгөөс илтээр ялгаварлан түрүүлж ачуулсан бол ДХБ-ын үл ялгаварлах зарчмын MFN буюу нэн тааламжтай нөхцөл болон бусад тээврийн хэлэлцээрүүдийн заалтыг үндэслэн ДХБ-ын Маргаан шийдвэрлэх хороонд нэхэмжлэл гаргаж болдог. Харин дотоодын тээврийг илүүд үзэх тохиолдолд нотлох магадлал бага байдгаас шалтгаалан гомдол гаргаад амжилт олох магадлал тун бага байдаг.

Далайд гарцгүй орнуудад (44 орон бий) хамгийн түгээмэл асуудал нь тээврийн хараат байдал. Үүний нөлөөг бууруулахаар улсууд өөрсдөө л хичээнэ үү гэхээс яг эрх ашгийг төлөөлсөн том байгууллага байхгүй. Гэхдээ тээврийн ТИРКарнет-д далайд гарцгүй орнуудад зориулсан хөнгөлөлтүүд байдаг. Гэвч илүү тариф, төлбөр болон шалгалтын хувьд хөнгөвчилсөн нөхцөлүүд бий. Мэдээж ДХБ, ЮНКТАД зэрэг байгууллагуудад энэ сул талыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, хэлэлцээрүүд байдаг ч төдийлөн үр дүн сайн биш. Тэгэхээр бид өөрсдөө л илүү хичээж ОХУ-тай хийсэн шиг давуу тал бүхий хэлэлцээрүүдийг хийх хэрэгтэй.

-Тяньжины боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний эхний ээлжийн 943 чингэлэг бараа Замын-Үүд боомтод өчигдөр буужээ. Энэ янзаараа Тяньжины гацааг шийдчих юм биш үү?

-Энэ бол богино хугацааны цөөхөн удаагийн авах арга зам. Товчхондоо гал унтраах маягаар зохион байгуулж буй ажил гэж ойлгож болно. Манай улсын Засгийн газрын зүгээс айлын талд шаардлага тавьсны үр дүнд нэмэлт вагон гаргуулаад чингэлгээ зөөсөн. Урт хугацаандаа байнга ийм маягаар асуудлыг шийдэх боломжгүй. Цаанаас хүлээгдэж байгаа ачаа барааны захиалгууд маш их байгаа. Тиймээс Тяньжинаас Эрээн рүү машинаар авчираад өргөн царигтай вагоноор зөөвөл хугацааны хувьд нааш татах боломжтой.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан морь өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 27, Адъяа гариг. Билгийн тооллын 18, Булаагч одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 4:55 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой ажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 31-33 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Цар тахал АНУ-ын дундаж наслалтыг хоёр гаруй жилээр бууруулжээ

Эрдэмтэд судалгаа явуулж цар тахал АНУ-ын дундаж наслалтыг хоёр гаруй жилээр бууруулсан гэдгийг харуулжээ. 2018 онд Америк иргэн дунджаар 78.7 жил байсан аж. Харин тоо баримт болон тооцоолол ашигласны үр дүнд 2020 онд АНУ-ын хүн амын дундаж наслалт 76.8 жил болсон гэдгийг илрүүлжээ. Энэ нь 1.9 жилийн бууралт юм. Үүнээс Латин болон Африк Америк гаралтай иргэдийн дундаж наслалт цагаан арьстай Америкчуудтай харьцуулахад хоёр дахин багассан байна.

Дундаж наслалт багассаны зарим хэсэг нь хорт хавдар, зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин, уушгины өвчин гэх мэт хүчин зүйлсээс болсон нас баралттай холбоотой аж. Гэвч өнгөрсөн жил АНУ-д “КОВИД-19”-ийн улмаас 347 мянган хүн нас барсан нь хамгийн их нөлөө үзүүлжээ. Судалгааг ахалж бичсэн доктор Стивен Вулф хэлэхдээ “Цар тахал эхлэхэд миний гэнэн таамаг бол дэлхийн хэмжээний тахал болж бүх улс цохилт амсана гэж бодсон явдал юм. Гэхдээ би АНУ цар тахалд ийм хүчтэй нэрвэгдэж, маш олон хүн амь насаа алдана гэж таамаглаагүй”хэмээжээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тоо баримтаас харвал дэлхийн хоёрдугаар дайны үед, 1942-оос 1943 оны хооронд дундаж наслалт 2.9 жилээр буурсан аж. Үүнээс хойш дундаж наслалт нэг их уналтад ороогүй байна. Гэвч цар тахлын улмаас Америкчуудын дундаж наслалт хоёр гаруй жилээр буурчээ. Үүнийг маш олон жилийн турш тохиолдоогүй томоохон үзэгдэл хэмээсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Ковидын үед анхан шатны тусламжийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцжээ

“Коронавируст халдвар (ковид-19)-ын үеийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр цахимаар хуралджээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 67/А/268 дугаар тушаалд өөрчлөлт оруулж буй талаар танилцууллаа.

Хурлын бүрэлдэхүүнд ЭМЯ-ны АШТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхцолмон, ЭМДХ-ийн дарга Б.Бямбасүрэн, СТХ-ийн дарга Б.Бумдэлгэр, НЭМГ-ын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр нар болон холбогдох мэргэжилтнүүд, Дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, өрхийн менежерүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцон санал солилцжээ.

Уг хурлаар ЭМЯ-ны АШТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхцолмон Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тохиолдлыг гэрийн тусгаарлалтад эмчлэх, хянах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар, ЭМЯ-ны СТХ-ийн дарга Б.Бумдэлгэр, НЭМГ-ын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр нар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилагдсан эмийн хуваарилалтын талаар танилцуулжээ.

Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдлын үед эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээ, санхүүжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг тодорхойлов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Монголын баг тамирчид Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцжээ.

Тодруулбал, Олон улсын Мэдээлэл зүйн 33 дахь олимпиадыг 2021 оны зургадугаар сарын 19-25-ний өдрүүдэд Сингапур улс онлайнаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид онлайнаар авьяас чадвараа сорин уралдлаа.

Уг олимпиадад Монгол улсын багийн сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. А.Нямдаваа нь олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн жил дараалан оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болоод байна.

Багийн бусад гишүүд болох

  • Нэст сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй,
  • Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй,
  • Сэлбэ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар тус тус амжилттай оролцлоо.

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын үйл ажиллагаанд БШУЯ-ны дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын ажлыг Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг Зохион Байгуулах Хороо (ММЗО НҮТББ), МУБИС, ШУТИС-ийн МХТС-ийн эрдэмтэн багш нар хоёр сарын хугацаанд хариуцан ажиллалаа. Олимпиадын технологийн орчныг бүрдүүлэх, компьютер болон техник төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад МУБИС, “Эрин системс” ХХК хамтран ажиллажээ.

Categories
мэдээ улс-төр

​МАН Бага хурлын гишүүдээ шинэчилжээ


Монгол Ардын намын Бага хурлын ээлжит XI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хоёр дохь өдрөө үргэлжилж байна.

МАН-ын Бага хурал нь намын удирдах зөвлөл болон Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох болон улс төрийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй байдаг. Өчигдөрийн /06.25/ хуралдаанаар намын даргаа сонгож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болсон.

Ийнхүү боловсон хүчний бодлогоороо намаа шинэчилж, улстөрийн хувьд ээлжээ хүлээлгэн өгч, залуу үедээ итгэл хүлээлгэж байгаа нь намын удирдлагуудын хувьд том зориг бас алсын хараа гэлтэй.

Өнөөдрийн хуралдаанаар зарим гишүүдээ чөлөөлж, Бага хурлын шинэ гишүүдээ сонгосон байна. Тухайлбал,

  • МУ-ын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин
  • МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэ
  • УУХҮ-ийн дэд сайд, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч О.Батнайрамдал
  • Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан

болон бусад гишүүдийг шинээр сонгож, МАХН-ын харьяалалтай гишүүдийг нэмжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

38 дахь удаагийн “Болор цом ” наадмын тэргүүн шүлэг

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадам өнөөдөр “Сүлд” чуулгад боллоо.

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийн “Болор цом” наадам өнөөдөр халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүй зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдууллаа.

Ийн Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд оров.

Эрхэм уншигч танд энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.

Цасан шуурга

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар, тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нүүж байна

Хоёр хөл минь

Хоосорч ханхайсан цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч

Араар гол мөрөн шургалан холдож

Ой модод чиний араас шажигналдан хийсэж

Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна

Шуурах цасан гаднаас дайравч

Шүүрэх зүрхэн дотроос хайравч

Мэдээ алдсан хөл минь

Алхам бүртээ чам руу л тэмүүлж

Зүгээ алдсан нүд минь

Аних бүртээ чамайг л харж байна

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нуугдаж байна

Хоёр хөл минь

Хүндээс хүнд цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хүйтнээс хүйтэн нүүрээ дараад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Дээшээ хот суурин хашгиралдан хөөрч

Доошоо хад чулуу харшилдан бууж

Өвс, ногоо чиний араас зулгаран шуугиж

Өвөл, хавар чиний хойноос урагдан унаж байна

Шуурах салхин гаднаас түлхэвч

Шүүрэх зүрхэн дотроос татавч

Хүнийх болсон хөл минь

Чиний төлөө алхаж

Чинийх болсон итгэл минь

Миний төлөө зовж байна

Галзуу догшин…

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нурж байна

Хоёр хөл минь

Хов хоосон цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би чамаас хагацаж байна

Шуурах цасан дотор орж ирлээ

Шүүрэх зүрхэн гадагш гарч одлоо

Шархиран өвдөхийг ч мэдэхээ болилоо

Шаналан харуусахаа ч мэдэхээ байлаа

Categories
гадаад мэдээ

Колумбын Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг рүү гал нээжээ

Колумбын Ерөнхийлөгч Иван Дукегийн сууж явсан, Өмнөд Америкийн бүгд найрамдах улсын зүүн дээгүүр нисч явсан нисдэг тэрэг рүү өнгөрсөн Баасан гариг (2021.06.25)-т үл таних этгээдүүд гал нээсэн талаар “Semana” сэтгүүл мэдээлсэн байна. Дукегийн хэлснээр, энэ явдал Баасан гаригийн үдээс хойш Норте де Сантандерын зүүн дээгүүр нисч явах үеэр болжээ.

Нисдэг тэргэнд зургаан сум туссан байна. Тус агаарын хөлөгт мөн Колумбын Үндэсний батлан хамгаалахын сайд Диего Молано, Дотоод хэргийн сайд Даниэл Паласиос нар байсан аж. Халдлагын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд холбогдох албаныхан тус хэргийг шалгаж эхэлжээ.

Колумбын удирдагч твиттер хуудастаа энэхүү халдлагыг “хулчгар үйлдэл” хэмээн жиргэсэн байна. Иван Дуке “Эрх баригчид Колумб улсад үйл ажиллагаа явуулж буй бүх гэмт бүлэглэлтэй үргэлжлүүлэн тэмцэнэ” хэмээн цохон тэмдэглэжээ.