Монголд анх удаа хамгийн том спорт комплекс бий болж байгаа юм. Тиймээс “Gan Sport Center” спорт цогцолборын үйл ажиллагааны талаар тус төвийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Батзоригоос тодрууллаа.
–Удахгүй танай спорт цогцолбор нээлтээ хийнэ гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Одоогийн байдлаар Монголын хамгийн том спорт цогцолбор болж байна. 5500 мкв талбайд үйл ажиллагаагаа явуулна. Нэг дор 540 хүн хүлээж авах чадалтай. 2000 мкв талбайд 150 нэр төрлийн 600 гаруй европ стандартын төхөөрөмжийг байрлуулсан. Мөн фитнесс клуб, гүйлтийн зам, зориулалтын тоног төхөөрөмжүүдийг агуулсан CrossFit-ийн танхимтай гээд маш олон төрлийн үйл ажиллагааг явуулах юм.
-Бассейны урт хэд вэ?
-Манай улсад “СrossFit” албан ёсны эрх авсан хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Долоон давхар шүүлтүүртэй, өөрийгөө цэвэршүүлдэг технологи бүхий усан бассейн нь 25 метр урттай, 3 замтай, 130-160 см хүртэлх гүн юм.
Мөн хүүхэд харах тусгай өрөөтэй гэдгээрээ давуу талтай. Тиймээс гэртээ хүүхдээ хараад гарах боломжгүй эцэг эхэд нээлттэй болж байгаа юм. Үүнээс гадна гурван төрлийн студид иог, зумба, спиннинг, бүжиг, баллет, гимнастик гэх мэтчилэн хичээл зааж байна. Дэлхийн стандартын дагуу бүх тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн.
-Үйл ажиллагаагаа хэзээ эхлүүлэх вэ?
-Манай төв үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон. Зөвхөн цар тахлын улмаас тавьсан шийдвэр хэзээ хэвийн болохыг хүлээж байна. Энэ сарын 15-наас вакцины хоёр дахь тундаа хамрагдсан хүмүүст фитнес, бассейн нээлттэй ажиллаж болох юм билээ. Тэгэхээр энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа нээнэ.
-Сургалтад бүх насныхан хамрагдах боломжтой юу?
-Тийм ээ. Бүх насныхан хамрагдаж болно. Зумба, сагсанбөмбөг, газрын теннис, бокс, таеквондо, гимнастик, бөх гээд 15-25 төрлийн хүүхдийн спортын сургалтад хамрагдах боломжтой. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан тураах аппарат, дасгал хосолсон сургалтын танхим бий.
-Дасгалжуулагч багш нарын тухайд?
-Салбар бүрдээ шилдэгт тооцогдох мэргэжлийн, туршлагатай багш, дасгалжуулагчидтай хамтран ажиллана. Манай төвийн усан спортын багш, дасгалжуулагч Б.Ирмүүний хувьд 2017-2020 онд “220K Wellness Center”-т усан сэлэлтийн багш, дасгалжуулагч хийж байсан туршлагатай. Харин иог, хэвлий өгзөг болон хүүхдийн ангийн багшаар Б. Хулан заана. Ер нь аэробик гимнастик, бодибилдинг ОУХМ, уран сайханы гимнастикийн Спортын Мастер, спортын салбарын тэргүүний ажилтан зэрэг цолтой багш дасгалжуулагчаар багаа бүрдүүлсэн.
–Нэг дор 540 хүнд сургалт явуулах боломжтой гэлээ. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?
-Ер нь нэг дор олон хүн зэрэг сургалтад хамрагдаж байгаа учраас ямар нэгэн спортын гэмтэл гарч болзошгүй юм. Тиймээс спортын эмч байгаа. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тоног төхөөрөмжөө сургалт эхлэх болон дуусахад тогтмол хянана. Бүх тоног төхөөрөмж дэлхийн стандартын дагуу хийгдсэн.
-Усан бассейны онцлогийг дурдвал?
-Нэгдүгээрт европ стандартаар хийгдсэн. Хоёрдугаарт, дөрвөн талруугаа халилттай. Энэ нь монголд маш цөөхөн бассейнд хийгдсэн байдаг. Мөн 100 хувь өөрийгөө шүүж бүрэн цэвэршүүлэх долоон давхар шүүлтүүртэй. Аль ч оронд бассейны гол үзүүлэлт бол цэвэр ус байх ёстой. Тухайн бассейнд байгаа хүн цагаан хорхойтох, харшил авах зэрэг асуудлыг бүрэн шийдсэн гэсэн үг. Дээрээс нь агааржуулалтын системийг бүрэн шийдэж өгсөн. Энэ нь тухайн бассейнд мөөгөнцөр, вирус үүсэхээс урьдчилан сэргийлж байгаа юм.
-Олон төрлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Усан эмчилгээ бий юү?
-Монголдоо шилдэгт тооцогдох гэрээт болон үндсэн багш нараар усан сэлэлт, усан сэргээн засалт, акуа фитнес зэргийг заалгах боломжтой. Нуруу нугасны өвчтэй, гэмтэл бэртэл авсан хүмүүс усан эмчилгээнд явах боломжийг бий болгоод байгаараа давуу талтай.
-Спорт цогцолборын байршил хаана вэ?
-Gan Sport Center-ийн байршил нь Нарны хорооллын урд, голын зам дагуу байрлаж байна.
УСАН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Усан спорт нь эрүүл мэндээ хамгаалах, биеийн жингээ хадгалах,хасах, найз нөхөдтэй болох, биеийн болон сэтгэлзүйн эрүүл байдлаа хадгалахад тун тохиромжтой спортын төрөл юм.
Усан спортоор хичээллэх нь эрүүл мэндийн дараах ач холбогдолтой.Үүнд:
- Аливаа түгшил бухимдлын үед өөрийгөө барих,зүрхний цохилтын тоогоо хянах
- Уушиг зүрхний үйл ажиллагааны ачаалал даах чадвар нэмэгдүүлэх
- Булчингийн хүч, тэсвэрийг сайжруулах
- Уушиг, зүрхний үйл ажиллагааг сайжруулах
- Биеийн булчинг жигд хөгжүүлэх
- Биеийн тэнцвэр авах чадварыг сайжруулах
- Биеийн төрх байдлыг засах
- Уян хатан чанарыг сайжруулах
- Сэтгэлзүйн тайван байдлыг нэмэгдүүлэх
Анагаах ухаанд усан эмчилгээний ач холбогдлыг янз бүрийн эмгэгийн үед ашиглаж байна.
Жишээлбэл, Үений үрэвсэлт өвчин,яс сийрэгжих өвчин, булчингийн урагдал гэмтэл зэргийн үед усанд алхах дасгал үр дүнтэй болохыг судлаачид зөвлөсөн байна. Ялангуяа өвдөгний үений остеортритын үед усанд алхах дасгал хийх нь өвдөгний үенд очих даралтыг багасгаснаар өвдөлт бууруулах, алхааны явц дахь үений хөдөлгөөний хоорондын уялдааг хангах, хаван бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Мөн артерийн даралт ихсэх өвчин хавсарсан чихрийн шижинтэй хүмүүсийг усанд дасгал хийлгэх нь өвчтөн амьсгал ,зүрх судасны системийн үйл ажиллагааг сайжруулахад эерэг нөлөөтэй болохыг судлаачид баталжээ.
Н.ЦОГЗОЛМАА