Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 349 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 349 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 318 нь Улаанбаатар хотод, орон нутагт 25, эмнэлгээс шалтгаалах халдвар 6 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 49524 боллоо.

Мөн долоон иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 221 болж байна.

  • 94 настай эмэгтэй тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан
  • 61 настай эрэгтэй тавдугаар сарын 12-нд
  • 72 настай эрэгтэй тавдугаар сарын 15 -нд
  • 51 настай эмэгтэй тавдугаар сарын 17-нд
  • 84 настай эмэтгэй тавдугаар сарын 14-нд
  • 81 настай эмэгнтэй дөрөвдүгээр сарын 26-нд
  • 55 настай эмэгтэй “Орхон” аймгий эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 42721 болов.

Биеийн байдал хүнд 523, маш хүнд 104 хүн байна.

Categories
мэдээ спорт

Ц.Цэрэнбат Монголын триатлоны дээд амжилтыг шинэчлэв

Японы Иокохама хотноо триатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гараа тавдугаар сарын 15-нд өндөрлөлөө.

Тус тэмцээний 35-39 насны эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Монгол Улсын иргэн Цэдэндамбын Цэрэнбат стандарт зайг (1500м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт) 2 цаг 15 минут 53 секундэд туулж, Монголын триатлоны түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. 37 настай тэрээр мөн насны ангилалдаа 9 дүгээр байр эзэлжээ.

Барианд орсныхоо дараа Ц.Цэрэнбат “Энэхүү амжилт олон хүмүүсийн тусламж дэмжлэгээр бүтэж, тэдний урам зоригоор эрчлэгдэж байгааг үргэлж санаж мэдэж явдаг юм. Монголын триатлоны дээд амжилтыг шинэчилж чадсандаа баяртай байна” гэв.

Дараагийн тэмцээн зургадугаар сарын 20-нд болох юм.

Categories
гадаад мэдээ

Олон улсын цэргийн хүчин байгуулахыг уриалжээ

Газын зурвас дахь Израилийн арми, Палестины Хамас бүлэглэлийн хоорондох зөрчилдөөн дайнд хүргэж болзошгүйг ажиглагчид онцолсоор байгаа билээ. Өдгөө найм дахь хоногтоо үргэлжилж буй мөргөлдөөний улмаас энгийн иргэд олноороо хохирсоор байна. НҮБ болон бусад олон улсын байгууллагууд энгийн иргэд хохирч байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж, харилцан гал зогсоохыг талуудад уриалсаар буй. Өнгөрсөн ням гаригт эгнээндээ 57 орныг багтаадаг Исламын хамтын ажиллагааны байгууллага Израиль болон Палестины асуудлаар яаралтай чуулжээ. Энэ үеэр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чавушоглу лалын шашинт орнуудад хандан Газын зурвас болон Газар дундын тэнгисийн баруун эрэг дэх Палестины энгийн иргэдийг Израилийн түрэмгийллээс хамгаалах зорилгоор олон улсын цэргийн механизм буюу хүчинг байгуулахыг уриалжээ. Тэрээр Исламын орнууд Палестины төлөө эв нэгдэл, шийдэмгий байдлыг харуулах цаг нь болсон. Турк улс шаардлагатай бүх алхмыг хийхэд бэлэн байна гэсэн юм. Харин Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль Сауд Израиль улс Палестины энгийн иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг хурцаар шүүмжлэв. Тэрбээр Газын зурвас дахь мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг мөн уриалжээ. Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн бямба гаригт Пакистаны гадаад хэргийн сайд Шах Махмуд Курешитай утсаар холбогдсон байна. Тэрээр Газын зурвас дахь хурцадмал байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний мэдэгдсэнээр “ АНУ тус бүс нутагт олон улсын хэм хэмжээ, шударга ёсны эсрэг бодлого явуулж, тусгаар улс байгуулах Палестины бүрэн эрхийг зөрчсөөр ирсэн нь одоо болж байгаа үйл явдлын гол шалтгаан юм. Энэхүү асуудлыг шийдэхгүйгээр Ойрхи Дорнодод хэзээ ч энх тайван байдал тогтохгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч Ойрхи Дорнодод шинэ улс байгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Гадаадын зах зээлд гаргах бүх контентыг Засгийн газар дэмжинэ” гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.05.18/ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтой уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааныг мөнгөөр харах хэрэгтэй байна. Ном, зохиол олон зүйл хийж байгаа, тэр нь зөв. Гэхдээ уламжлалт байдлаа зах зээлтэйгээ уях ёстой байна. Гадаад зах зээлд гарах бүх контентыг Засгийн газар дэмжинэ. Үүнийг бид эдийн засаг гэж харна. Жишээ нь, манай кино урлагийн салбарынхан кино хийгээд олон улсын зах зээлд гаргахыг хүсэж байгаа бол Засгийн газар дэмжинэ. Хамгийн том наадамд та бүхнийгээ аваад очье.

Шаардлагатай бол Ерөнхий сайдын айлчлал хийе, хамт очно. Магадгүй гадаадынхан ирж Монголд кино хийх гэж байгаа бол татварыг нь хөнгөлж болж байна. Монголд ирэх нь амархан гэдэг ойлголтыг дэлхийд түгээе” хэмээн онцоллоо.

Түүнчлэн “Манай урлагийн салбарынхан бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй байдалтай байдаг. Тэгсэн хэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн цөөхөн. Засгийн газрын хувьд ч шүүмжлэлтэй ханддаг олон зүйл бий. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд энэ салбарт эс үйлдэл хийхгүй. Энэ албан тушаалыг зүгээр өнгөрүүлэхгүй, та бүхнийг нэг алхах аваас би хоёр алхахыг хичээнэ. Уул уурхайн салбартай дүйцэхүйц орлого оруулдаг, хүлээн зөвшөөрдөг соёлын бүтээлч салбарыг хамтдаа бүтээхийн төлөө хамтарч ажиллахыг хүсэж байна” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил

Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 18-нд 54 суурин цэгт, 70 явуулын автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40.395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ нөөцөөсөө 80 сая тун вакциныг дэлхийн бусад улс орнуудад хандивлахаар болов

АНУ улс 80 сая тун коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн бусад улс орнуудад хандивлахаар болсныг Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.

“Хятад, Орос улсууд вакцинаа ашиглан дэлхий дахинд нөлөөгөө тогтоож байна гэсэн яриа их гарах боллоо. Тэгвэл бид ч бас өөрийн үнэт зүйлсээр дэлхийд тэргүүлмээр байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америк ардчиллын гол хүч болж байсан шигээ энэ удаа коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд вакцинжуулалтын хүч болох ёстой” гэж Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Байден хэлжээ.

Хандивын 80 сая тун вакцины 20 сая нь АНУ-д одоо хэрэглэгдэж байгаа Pfizer, Moderna, Johnson & Johnson компаниудын вакцин байх бол 60 сая нь AstraZeneca компанид захиалж авах вакцин нь байх аж.

“Энэ бол дэлхийн аль ч улсын хандивласан вакцинаас доод тал нь тав дахин их, Орос, Хятад улсуудын хандивласныг нийлүүлснээс ч их хэмжээ юм” гэж Байден онцолжээ.

Тэр бас вакцин хандивласныхаа хариуд бусад улс орнуудаас ямар нэг амлалт шаардахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хятадын Синофарм, Синовак компаниуд нийлээд 17.4 сая тун вакциныг бусад улсуудад хандивлаж, 651 сая тунг борлуулсан гэдэг мэдээлэл бий.

ОХУ-ын хувьд үүнээс хавьгүй бага хэмжээтэй вакциныг гадаад зах зээлд нийлүүлээд байгаа. Жо Байден дэлхийн улс орнуудын удирдагчдын бараг тал нь вакцины нийлүүлэлт дээр тусламж үзүүлэхийг гуйж, утсаар холбогдсон тухай өнгөрсөн долоо хоногт ярьж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг хассан гэх жүжиг

Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр 2017 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ажил олгогч болон даатгуулагчийнх тус бүр долоон хувь байсныг 9.5 хувь болгон нэмэгдүүлсэн. Ингэхдээ хуулийн дагуу ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийг тус бүр 2018 оноос нэг хувь, 2019 оноос 0.5 хувь, 2020 онд мөн нэг хувиар буюу гурван жилийн хугацаанд 2.5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Цар тахалтай холбоотойгоор 2020 онд хэрэгжих нэмэгдлийг нэг жилээр хойшлуулсан. Ингээд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хоёр хувиар (ажил олгогч нэг хувь, даатгуулагч нэг хувь) нэмэгдэж байгаа. Энэ нь ажил олгогч болон ажил хийдэг хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. Аль аль нь одоо байгаа шүлс шиг жоохон цалингаа юу ч үгүй болгох нь гэж дургүйцэв. Үүнтэй уялдуулж өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлийн дээрх хоёр хувийг бууруулахыг хэлэлцэж олонх дэмжсэн. Угтаа хоёр хувиар бууруулж байгаа хэрэг огт биш. НДШ-ийг таван хувиар нэмэх гэж байгаад гурвыг нь нэмчихсэн. Үлдсэн хоёр хувийг нь цар тахлаас болоод нэмэхээ больё л гэж байгаа юм. НДШ-ийг хоёр хувиар бууруулчихлаа гэж хөөрцөглөөд ярьж байгаа бүхэн шоу. Шоу хийгээд байгаагаа НДШ-ийг хасч байна гэж яриад байх юм. Бүх зүйл хуучнаараа л байгаа. Иргэд ч энэ бүхнийг чинь мэдэж байгаа.

Нэгэнт нийгмийн даатгалын тухай бичсэнийх манай тэтгэвэр яагаад ийм бага байдаг, даатгалын мөнгө нь яагаад арвиждаггүй тухай хэдэн зүйл эргэцүүлье гэсэн юм. Манай улсын нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо харьцангуй залууд тооцогдох ч ижил хугацаанд, манайхаас сүүлд энэ системийг эхлүүлсэн улс орнуудад энэхүү салбар нь аль хэдийнэ туршлагажин тогтворжчихсон жишээ олонтаа. Харин манай Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан хөгжиж өөдлөх бүү хэл, сангийн сав нь хоосорч дампуурахад ойрхон байна. Иргэд шимтгэл төлсөөр байтал даатгалын сан нь хоосорч, улсаас шууд татаас авах замаар үйл ажиллагаа явуулдаг нь хачирхалтай. Иргэд бүх насаараа хөдөлмөрлөөд шударгаар шимтгэлээ төлөөд явсан байтал нэг л мэдэхэд сан нь хоосорч, хэн нэгэн ялсан намын томилогдож ирсэн дарга хумсалж, бүр алдагдалтай ажилладаг. Түүнийгээ нөхөхийн тулд бүх ачааг ажил хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр үүрүүлдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тоо-цоолсноор сая орчим цалинтай хүний 34.7 хувь нь бүх төрлийн татвар шимтгэлд зарцуулагдаж байна гэсэн тооцоо байна. Энэ нь хүмүүсийн гар дээр тун бага мөнгө үлдэж байна гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилийн дотор НДШ таван хувиар нэмэгдсэнээр иргэдийн орлого 10 хувиар буурч. Татвар нэмэгдсэн ч тэр нь үр ашигтай зарцуулагдсан бол иргэд нь дургүйцдэггүй. Харин манайд татвар үр ашиггүй зарцуулагдаж байгаад л иргэд туйлын дургүйцдэг. Манай улсын хувьд цалингаас суутгах татвар шимтгэл зэрэгт маш болгоомжтой хандах ёстой. Ялангуяа ирээдүйгээ даатгаж байгаа гэсэн итгэлээр Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийнхээ итгэл үнэмшлийг алдах, сөрөг байлгах маш хортой гэж шинжээчид үздэг.

Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч 50, 50 хувиар төлдөг. ААН үүнийг төлөөгүй бол асар их дарамт ирдэг. Гүйлгээг нь зогсоож, дансыг нь хаадаг, ингээд дампууруулах зүйл рүүгээ явдаг. Тэр ажил олгогч өөрийнхөө тавин хувийг төлөхөөс гадна өөрийн байгууллагад ажиллагч хувь иргэний мөнгийг хурааж төлүүлж байх ёстой гэсэн хууль байдаг. Социализмаас салаад ардчилсан нийгэмд 30 жил амьдарчихаад ААН хувь хүнд яагаад санаа зовох ёстой гэж. Хувь хүн өөрөө өөрийнхөө төлөө санаа зовох ёстой. Тэр хүн тэтгэвэрт яаж гарах нь өөрийх нь л санаа тавих ётой зүйл баймаар юм. Ажил олгоод ажилласан хөлсөнд нь ажил олгогчийн өгөх ёстой төлбөрөө төлөөд дахиад хувь хүний өгөх татварыг заавал хурааж авч нийгмийн даатгалд төлж байх үүрэг бол ямар ч хэрэггүй дэмий үүрэг юм. Зүгээр үүрэг байдагсан бол ч яах вэ гэхсэн. Үүнийгээ биелүүлээгүй бол тухайн ажил олгогч шууд шоронд явах хүртэл хатуу хуулийн заалттай байдаг.

Цалингийн 30 хувийг НДШ нэрийдлээр татчихдаг. Энэ нь ААН-үүдэд мөн л дарамт болж ирдэг. Өгч байгаа жаахан цалингийн гучаад хувийг аваад явчихаар тэр хүнд юу үлдэх юм бэ. Тэгээд цалин багатай гэсэн муу нэр ажил олгогчдод очдог. Тэднийг шулаач, харамч, зарж байна гэх зэргээр нийгэм даяараа харааж байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өгөөжийг ажилтан ч, компани ч яваандаа хүртэхгүй болчихоод байгаад гол учир бий. Ажиллаж ажиллачихаад тэтгэвэртээ гарахдаа дөнгөж гурван зуухан мянган төгрөгөөр л гарцгаадаг. Тэгэхлээр энэ салбар дахь тогтолцоо, зохицуулалтын бурууг дан ганц шимтгэл нэмэх хэлбэрээр аврах боломжгүй. Шимтгэл хураамж дээд цэгтээ тулчихаад байна. Үүнээс цааш нэмэх юм бол ажил олгогч ч ажил хийж яваа хүмүүс ч тэсэхгүй. Нийгмийн даатгалын одоо байгаа үрэлгэн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй болоод удаж байна. Дор хаяж иргэдэд өөрсдөд нь сонголтыг өгөх хууль гаргамаар байна. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал бий болж байгаа нь тодорхойгүй. 20 хэдтэй залуу ажилд ороод, тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү.

Ер нь Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж нүсэр том энэ байгууллага байх шаардлага байна уу. Орчин үед бүх зүйл цахимжсан байхад баахан хүн ажиллуулж татвар төлөгчдийн мөнгийг үрж байх хэрэг байна уу. Хагас цэрэгжсэн форм цолтой бараг цагдаа, цэргээсээ том энэ байгууллага юу хийдэг юм бэ. НДЕГ гэж аймаг, сум бүрт салбартай энэ байгууллагад хийх ажил байдаг юм уу. Энэ олон мянган орон тоог цөөлөх хэрэгтэй. Иргэдэд цар тахлын үед улсаас олгосон 300 мянган төгрөг, 50 мянган төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэхэд ганц ч хүний хэрэг байсангүй. Тийм байхад эдний хэрэг байна уу. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг, хэн юу хийдэг нь тодорхойгүй. Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банкинд байршуулаад алдсан. НДШ-д хуримтлуулсан мөнгийг удирдаж буй сайд нь үрээд л дуусдаг. Ийм л жишиг одоо хүртэл явлаа. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Капитал банк дампуурахын өмнөх өдөр тухайн үеийн ХНХ-ын сайд байсан С.Чинзориг 300 тэрбумыг шилжүүлсэн байсан. Нийгмийн даатгалын мөнгийг үрэн таран хийчихээд С.Чинзориг гишүүн сайхан сайхан зүйл яриад одоо УИХ-д сууж байна. Ийм жишээ бүх эрх барьж байсан намд байгаа. Нийгмийн даатгалын мөнгийг өсгөж байна гэдэг нэрийдлээр хүүг нь хулгай хийдэг. Огтхон ч өсдөггүй. Нийгмийн даатгалд хуримтлагдаж байгаа мөнгө гэж байдаггүй. НДШ-ийн мөнгө гэж байхгүй явсаар өдийг хүрсэн. Нүсэр том бүтэцтэй энэ үрэлгэн байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Гэтэл гадны улсад нийгмийн даатгалын мөнгө нь тоо томшгүй өсч байдаг. Нийгмийн даатгал нь ашигтай ажиллаад ирэхээр эргээд тэтгэвэр авагчдадаа сайнаар нөлөөлдөг.

Өссөн мөнгөний ашгаас тэтгэврийнхэндээ олгодог жишээ олон байдаг. Мөн өөр маягаар ч тэтгэвэр олгодог аргууд энэ дэлхийгээр нэг байгаа биз ээ. Хамгийн ойрын жишээ гэхэд бидний өдөр бүр үздэг солонгос сериал дээр тэтгэвэрт гарах болохоор нь бүх төлсөн нийгмийн даатгалаас нь хувиар бодоод нэг дор мөнгийг нь өгчихдөг бололтой юм билээ. Энэ бол байж болох л жишиг. Шударга л санагдаж байна. Хүн амын насжилт тийм ч өндөр биш манай улсын хувьд Нийгмийн даатгалын сан алдагдалтай, ямар ч нөөцгүй байна гэдэг нь энэ сангийн менежмэнт буруу, тэнд намаас очсон луйварчид л хагартлаа баяжиж ирснийг харуулж байгаа юм. Тиймээс бид гадны улсын туршлагаас судлах хэрэгтэй.

Бас нэг инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг шийдвэр саяхан гарсан. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66. Гэтэл тэтгэврийн насыг 65 болгосон. Тэтгэвэрт гараад нэг жил болоод бурхан болсон тохиолдолд насаараа төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл шууд л улсын орлого болдог. Үр хүүхдэдээ өвлүүлэх, үр шимийг нь хүртдэггүй тогтолцоо манайд хэрэгждэг. Энэ бүгдээс харахад, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэгч байгууллага иргэдийг мөлжих байгууллага юм уу. Хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө шимтгэл төлөх хэрэг байна уу гэх зүйл иргэдийн дунд яригддаг.

Ер нь нийгмийн даатгалыг улс төрөөс хол байлгах ёстой. Аливаа зүйл улс төртэй хутгалдаад ирэхээрээ л явдаггүй, хөгждөггүй. Улстөржсөн шийдвэрүүд хэрхэн хохирол, алдагдал учруулдаг жишээ энэ салбараас тод харагддаг. Даатгуулагч иргэд, ажил олгогчдод ачаалал үүрүүлдэггүй зөв системд оруулах шийдэл өнөөдөр үгүйлэгдэж байна. Хувийн даатгалын ажил эхлэл төдий байгаа, сайн хөгжиж өгөхгүй л байна. Энэ арга цаашид хөгжинө гэхэд бас хэцүү. Яагаад гэвэл хувийн даатгал хийж байгаа байгууллага цаашид 80 жил байж чадах уу гэдэгт хэн ч баталгаа гаргаж чадахгүй. Дээр нь бидний хэн нь ч зуун жил бизнес хийж үзээгүй, монголчууд бүүр нэг газар, нэг ажил удаан хийх дэмий гэж үздэг. Тэгэхлээр энэ хувийн байгууллага гучин жилийн дараа байх уу гэдэгт хэн маань ч итгэхгүй байна. Мөнгө хурааж байгаад л хулхидаад, дампуурсан гэж хуураад л арилна гэх айх айдас бидний ясанд шингэсэн. Хувийн тэтгэврийн байгууллагууд төртөй хамтарвал бас арай итгэл төрүүлэхүйц юм даа. Эрхбиш улс байх байлгүй дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх байршлууд

УБЦТС ТӨХК- аас өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны мягмар гаригт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ хэмээн УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхбат: Би нэг зүйлд их санаа зовж байна. Монголын ардчилал үнэхээр нэг намын дарангуйллаар солигдох вий гэхээс айж байна

Датаком компанийг үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбаттай ярилцлаа.


Та өмнө нь улс төрд байсан хүн. Улс төрд байх хугацаандаа юу мэдэрсэн бол. Үүнээс яриагаа эхэлье?

-Өнөөдөр Монголд Улсад төрийн гүнзгий хямрал үргэлжилсээр байна. Үүнийг судлаачид системийн хямрал гэж нэрлэдэг. Системийн хямрал тодорхой нэг үйл явц, нэг хоёр хувь хүнээс гэх мэт зүйлээс хамаардаггүй. Системийн хямралыг аргалж, өнгөлөн далдалж болдоггүй. Системийн хямралыг зөвхөн том реформ, шинэчлэл хийж давдаг.

Хэрвээ шинэчлэл хийхгүй бол систем нурах аюултай. Нийгэм дотроосоо тогтворгүй болж, эдийн засгийн өсөлт гацаж, улс орон, иргэд ядуурна. Тиймээс улс төрийн удирдагчдын гол үүрэг нь ийм хямралыг түр аргалж цаг нөгцөөх бус зоригтой шинэчлэл хийж урагшилж явах юм. Монголын системийн хямралын төв нь авлигын эх уурхай болсон улс төрийн намууд. Үүнийг бид бүгдээрээ л харж байна шүү дээ. Жишээлбэл, намууд хэн нь дарга байхаас үл хамаарч байнга л хямарч, төрөө, нийгмээ тогтворгүй болгосоор байна. Нам дахь авлигын бүлэглэлүүд, мөнгөний сонгууль нь намыг өвчлүүлж, үүнийгээ дагаад төр хямраад байгаа юм. Засаглал өвчилж ажиллахаа болихоор улс орны хөгжил зогсож, бүр ухарч эхэлдэг. Үүнийг л би улс төрийн амьдралд явж мэдэрсэн дээ.

Танаас асуулгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал. Тухайн үед яг юу болсон юм бэ. Та юуны төлөө гарч ирж мэдэгдэл хийсэн юм бэ. Буянгийн ЖаргалсайханТаныг айгаад алга болчихсонгэсэн байна лээ. Мэдэгдэл хийчихээд яагаад алга болсон юм бэ?

-Сонгуулийн өмнө байдаг л нэг яриа. Гэхдээ би товчхон хариулъя. Тухайн үед талбай дээр очиж харсан хүн бүр үүнийг сайн санаж байгаа байх. Ер нь 2008 оны УИХ-ын сонгуульд улс төрийн гурван хүчин голлож өрсөлдсөн. МАН, АН, Иргэний эвсэл. Сонгууль будлиантсан. Харин хамгийн жижиг гуравдагч хүчин сонгуулийг будлиантуулж чадах уу? Огт чадахгүй. Харин иргэд эгдүүцэж жагсаж эхэлсэн.

Тэр үед улс төрийн хүчний удирдлагууд талбай дээр гарч ирээд “Энэ асуудлыг бид хамтдаа шалгаж шийдье” гэчихсэн бол олон түмний бухимдал тэгж тэсрэхгүй байсан болов уу. “Жишээ нь, С.Баяр дарга олон нийтийн өмнө гарч ирээд хэлэлцэж шалгах тухай хэлсэн бол бүх зүйл өөрөө явах байсан” гэх хүмүүс ч байдаг. Миний үүрэг нэгэнт сонгуульд орсон улс төрийн хүчнийг толгойлж байсан учир нөгөө хоёртойгоо хамт очиж тэр үгээ хэлэх, үймээн гаргахгүй байх өөрсдийн алхмаа хийх ёстой гэж итгэсэн. Хариуцлага хүлээж буй улсууд хэцүү цагт хэрэгтэй цэгт очих ёстой гэж би боддог. Тэгээд очсон. Дахиад ийм хэцүү цаг ирвэл би дахиад л үүргээ биелүүлэх болно. Миний хэлсэн үгийг телевизүүд бичиж хадгалсан байгааг амархан олж үзэж болно. Би очоод хоёр зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт, жагсаалыг аль нэг намын байрны үүдэнд хийж болохгүй. Хоёрдугаарт, ерөөсөө энэ сонгуулийг будлиантай гэсэн хар байгаа бол хамтран шалгах, тэгээд будилаантсан бол ганцхан суудал авсан Иргэний эвсэл ч өөрийнхөө суудлаас татгалзах ёстой” гэж мэдэгдсэн.

Бусдыг нь та бүхэн мэднэ. Нөгөө хоёр намын удирдагчид гарч ирээгүй. Телевизор үзээд сууж байсан гэдэг. Ийм үйл явдал өрнөж байхад, хариуцлага хүлээсэн улс төрийн хүчний удирдагчид очиж, шийдэх зөв замыг хайхаа амлаж, бухимдлыг тайлах ёстой бус уу. Нэг зүйлийг хэлье. Тэнд очсон хүмүүс сонгуулийг будлиантуулаагүй. Харин ч түүнд бухимдаж очсон. Асуудлыг эхлүүлсэн улсууд тэд биш.

Та тэр үед тийм аймаар зүйл болно гэж төсөөлж байв уу?

-Хэн ч төсөөлөөгүй байх. Би нөгөө хоёр улс төрийн намын удирдагч шиг үгээ хэлэхгүй байж болох л байсан. Гэхдээ би ямар ч хүнд байсан асуудлыг шийдэх гэж оролдох ёстой, тэр бол мөн миний үүрэг гэж үзсэн.

Та Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн хоёр том хүчинтэй өрсөлдөх гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд маш их хэмжээний мөнгө гарна. Та санхүүгийн хэр их нөөцтэй хүн бэ?

-“Зөв хүн-Электорат” эвслээс ард түмний дунд “Ерөнхийлөгчөө захиалъя” аян зарлаж, санал асуулга явуулсан юм байна лээ. Улс орон даяар явуулсан энэ аянд олон мянган иргэд оролцож саналаа өгснөөс хамгийн олон санал авсан таван хүнд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан. Тодруулбал, Ц.Оюунгэрэл, Дефакто Д.Жаргалсайхан, Б.Болдсайхан эмч, Баабар буюу Б.Батбаяр, би. Тэгээд эцэст нь надад санал тавьсан гэдгийг би мэднэ. “Зөв хүн-Электорат” эвсэл надад “Санхүүжилтээ бид хамтран босгоно. Ямар нэгэн санхүүжилтийн босго тавихгүй” гэсэн. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр бид хамтын ажиллагаагаа тэг баланстайгаар эхлүүлж байна. Бүх зүйлс мөнгөөр хэмжигддэггүй. Мөнгө хүчгүй олон зүйлс бий. Жишээ нь, хүмүүсийн дэмжлэгийг мөнгөөр хэмжих боломжгүй.

Бидний нөгөө талд төрийн нөөцийг дайчилсан аварга машин ажиллаж байна. Сонссоноор, тэд зуу зуун тэрбум төгрөг босгочихсон байгаа. Та бүхэн санаж байгаа. Урьд нь зөвхөн нэг удаагийн үйлдлээр 60 тэрбум гэсэн тоо ярьж байсан нам шүү дээ. Одоо бол түүнээс хэд дахин илүү байлгүй. Жишээ л хэлэхэд, МАН өнөөдөр Улаанбаатар хотын хаагдчихсан байгаа PC тоглоомын газруудыг, аймгийн төвүүдийн үнэтэй зочид буудлуудыг аль эрт түрээсэлчихсэн байгаа гэж сонссон. Маш их мөнгө тарааж байна. Яг үнэндээ бид төрийн их нөөцийг хяналтгүй дайчилсан мөнгөний аварга машин, сүлжээтэй өрсөлдөж байгаа шүү дээ. Бид мөн-гөөр МАН-ыг дийлэхгүй. Үнэндээ тэдний зууны нэгт ч хүрэхгүй. Тиймээс бид ганцхан зүйлээр л ялж чадна. Үнэнийг ярьж, үнэнээр явж. Энэ нь “Монголчууд бид үр хүүхдийнхээ ирээдүйг бодож өөрөөр явах цаг болсон, улс төрийн намууд ингэж ялзарч болохгүй, бүх системээрээ ингэж авлигад автаж болохгүй. Бид олонхоороо хүсвэл улсаа өөрчилж чадна” гэсэн итгэл найдвар шүү дээ. Олон түмэн шинийг хүсч байна. Яг үнэндээ ард түмэн сонгуультай, сонгуульгүй өөрчлөлтийг хүсч байгаа. Тиймээс бид хийх ёстой зүйлээ л хийж байна. Бидний байр суурь мөнгөөр хэмжигдэхгүй. Гүйцэтгэлд мөнгө чухал. Эрх баригч нам биднийг мөнгөөр бяц дарахад бэлэн байгаа. Гэсэн ч яг үнэн худлын дэнсэд очих цагт мөнгө бүхнийг шийддэггүй.

ТаБи ардчиллын хүнгэж хэлдэг. Яагаад АНтай хүч хавсарч улс төрийн зорилгоо нэгтгээд явж болдоггүй юм бэ?

-Монгол Улсын хуулиар Ерөнхийлөгчид ямар нэгэн хүн бие дааж нэр дэвших боломжгүй. Заавал парламентад суудалтай намаас нэр дэвшдэг. Тиймд “Зөв хүн электорат” эвслээс би нэрээ дэвшүүлсэн. Гэтэл АН энэ асуудлаар тэмцэлтэй, хагаралтай явсаар байна. АН бидэнтэй битгий хэл дотроо учраа олоогүй байна шүү дээ. Миний Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон нэг том шалтгаан бол өнөөдөр Парламент, Ерөнхийлөгчийн институци хоёр нэг намын гарт очих нөхцөл үүсчихсэн байгаа байдал юм. АН хагаралдаж ардчиллынхаа тугийг газар унагаачихсан, муудалцаж, сөргөлцөөд явж байна. Зүйрлэж хэлбэл, ардчиллын бамбарыг бүр унтраахгүйн тулд бид ч тэмцэх ёстой. Монголчууд бид олон намын тогтолцоотой хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж тунхагласан биз дээ. Гэтэл МАН-ын зүгээс өнөөдөр ардчиллын тулгуур зарчмуудыг үгүйсгэх хандлага ихэсч байгаа. Хамгийн наад зах нь “чөлөөт зах зээл гэж байхгүй”, “бүхнийг төрийн мэдэлд” гээд яриад байхаар хүмүүс ч түгшиж байна. Дээрээс нь хэвлэл мэдээлэл, интернэтийг цензурдэх оролдлогууд улам ихэсч байгааг хэлэх хэрэгтэй. Тэр дундаа улсын төсөв, эдийн засгийн бодлого хаалттай, хяналтгүй болж байна. Төрийн бүх шийдвэр гаргах процесс хяналтгүй болж байна. Парламент ч бодит сөрөг хүчингүй байна. Монголчууд ардчилал тэнцвэртэй байх ёстой гэдэгт итгэдэг. Мөн ардчилал ямар ямар эрсдэлд байгааг иргэд ойлгож, мэдэрч байгаа байх.

Би АН-ын гишүүн биш. Гэхдээ би ардчиллын талын хүн. Тиймээс бидэнд ч ардчиллыг хамгаалах, ардчиллын унагаасан тугийг босгох үүрэг бас байгаа юм.

МАН аль болох өрсөлдөгчөөтоглоомоосшахаж байна. Гуравдагч хүчнээс нэр дэвшигчид ч аль нэг том нам руу урваж байгаа харагдах юм. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн МАХНаас нэр дэвшинэ гэдгээ эртнээс зарлаж байсан ч нам нь МАНтайгаа нэгдчихлээ. Өөрөө АН руу орчихлоо. “Зөв хүнЭлекторатэвслийн гишүүд ихэвчлэн МАНын угшилтай хүмүүс байдаг, тэр талдаа ч гэх яриа, үйлдэл ч мэр сэр бий

-Би тэр ярианд итгэдэг байсан бол нэр дэвшчихье гэхгүй байсан. Ер нь Монголд байнга л ийм зүйл ажиглагддаг. Юу вэ гэхээр хэрвээ АН-тай зөрчилдвөл МАН-ын тал нэр авдаг, МАН-тай зөрчилдвөл АН-ын тал болж хувирдаг. Гэтэл, яагаад гуравдагч тал байж болохгүй гэж? Миний бодлоор, ХҮН Монголын аливаа гуравдагч хүчний нэгэн адил, өөрийн хэцүү замыг туулж буй нам. ХҮН-аас нэр дэвших гол шалтгаан нь миний өөрийн итгэдэг тулгуур зарчмуудыг ХҮН-ынхан зөвшөөрч байгаа явдал. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, тэд намайг намын байр суурийг бүрэн дагахыг огт шаардаагүй. Хоёрдугаарт, нэр дэвшихэд ямар ч мөнгөний босго тавиагүй. Миний ярьдаг, баримталдаг бодит ардчилал, иргэний нийгэм, мэдээллийн эрх чөлөө гэх зэрэг тулгуур зарчмуудаар ХҮН надтай адил байр суурьтай байгаа учраас би зөвшөөрч, нэр дэвшсэн.

Ер нь өнөөдөр юм болгоныг МАН, АН-ын тал гэж хуваах хэрэггүй. Учир нь Монголын ардчилал насанд хүрээд иргэд аль ч намд нь хамаарахгүй өөрийн бодолтой болчихсон цаг шүү дээ. Тиймээс өөртэй нь таараагүй гээд өөрийнх нь дайсан гэсэн үг биш. Өнөөдөр нийт сонгогчдын багахан хэсэг л намд хамаатай. Үлдсэн нь намд хамааралгүй. Тийм учраас хүмүүст янз бүрийн нэр хаяг зүүж, “дайсан, нөгөө намын тал” гэж ярих нь утгагүй. Энэ нь өөрөө ардчилал биш.

Та бол мэдээллийн технологийн инженер хүн. Технологийн дэвшил монгол хүний ажил, амьдрал, хандлагыг яаж өөрчилнө гэж хардаг вэ?

-Технологи бол өргөн ойлголт. Бүхий л салбарт хамаатай. Би өөрөө мэ-дээллийн технологийн салбар буюу Интернэтийг хөгжүүлэхэд ажилладаг хүн. Эргээд харъя л даа. Интернэт монголчуудын амьдралыг хэрхэн өөрчлөв. Маш их өөрчилсөн шүү дээ. Хүмүүс надаас “Д.Энхбат аа, чи их ярих юм. Яг юу хийж байгаа юм бэ” гэж их асуудаг. Би хүмүүсийн толгой доторхыг өөрчилж байгаа гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, монголчуудаа дэлхийтэй холбох ажлыг хийж, түгээж байна. Энэ чиглэлээрээ олон жил ажиллаж байна. Тиймээс би “Хүмүүсийн толгой доторхыг өөрчлөх нь хамгийн хэцүү ажил шүү” гэж хэлдэг.

Энэ салбарт хамгийн өндөр мэргэжил, чадвартай залуучууд ажилладаг. Технологийн хөгжил зөвхөн хувь хүнийг биш мөн улс орны соёл, улс төр, төр засаг, бизнес гээд бүх салбарыг өөрчилж байгаа. Монгол Улсыг өөрчлөх маш том ажлыг хийж байна гэдэгтээ бид итгэдэг.

Би яагаад улс төр рүү орсон бэ? Бид авлига, хулгайгаас залхаж байна. Улс төр, бизнесийн ялгаа арилж, төрөл бүрийн дарамт, хавтгайрсан халамж нэмэгдэж байна. Бид бүтээмээр байна, үйлдвэрлэмээр байна, гэтэл дарамт улам ихэссээр байна шүү дээ. Энэ бол зөвхөн Энхбатын үг биш. Бизнес эрхлэгч бүр л “Улстөрчид өө, биднийг тайван орхиоч ээ” гэдэг. Учир нь бизнесмэнүүд юу хийхээ мэддэг, хийгээд ч ирсэн. Бид улс орноо зөв замаар хөгжүүлэхэд идэвхтэй оролцмоор байна. Өнөө цагт технологи мэддэг хүмүүс улс төрд дутагдаж байна. XXI зууны, орчин үеийн Монгол Улсыг байгуулахад зөвхөн сонгуульд ялсан байх нь хангалттай биш. Улс орны удирдлагад өндөр мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Дэлхийтэй харьцаж чаддаг, бизнес зохион байгуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд улс орноо идэвхтэй оролцуулж чаддаг хүн хэрэгтэй.

Яагаад заавал хүн бүр зөвхөн намаар дамжиж байж улс орны удирдлагад оролцох ёстой гэж, яагаад сонгууль заавал мөнгөний босготой, боловсон хүчнийг мөнгөөр хэмжих ёстой гэж гэх мэтчилэн олон асуудал бий. Эцэст нь бид нэг асуултын өмнө ирнэ. Тэгээд хараагүй царайлаад, эвлэрээд явах уу, өөрчлөх үү гэж. Би төлөөлж хэлж байгаа болохоос олон хүн надтай адил бодолтой байгаа байх.

Таныг өрсөлдөгчийгөө бодвол төдийлөн танигдаагүй гэх яриа мэр сэр байдаг юм билээ. Та үүнд санаа зовж байна уу?

-Танигдсан, танигдаагүй гэдэг сонгуулийн чухал хэмжүүр ч бодит амьдрал дээр хийж чадах уу, чадвартай юу гэсэн өөр хэмжүүр илүү чухал. Танигдсан эсэхдээ би санаа зовохгүй байна. Ганцхан зүйлд л санаа зовж байна. Дараагийн зургаан жилд бид ямар байдалд байж, ямар замаар явах вэ гэдэгт. Бид өөрсдөөсөө “Би үнэхээр огт хяналтгүй, нэг намын бүрэн эрхшээлд байх төрөөс болгоомжлохгүй байна уу” гэдгийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх. Мөн монголчууд бид улс орныхоо хөгжлийг хэрхэн бүтээх вэ, хэрхэн бүгдээрээ оролцох вэ гэдгийг зөв олж харж хүчээ нэгтгэхийг сайтар бодох цаг ирсэн гэж бодож байна.

Ер нь миний зорилго бол хүнд таалагдсан гоё юм ярих биш шүү дээ. Үүнийг хошин шогийнхон, популистууд илүү хийж чадна. Миний зорилго бол үзэл бодлоо олонд хүргэж, хийх ёстой гэсэн зүйлсээ хийж явах. Тиймээс заримдаа намайг магадгүй бага хүн сонсож болно. Тэглээ гээд хэрэгтэй юмаа хаяад хошин урлагийн салбар луу орж болохгүй шүү дээ. Намайг цөөн хүн сонсож, дэмжиж байсан ч би ярианыхаа сэдвийг өөрчлөхгүй.

-XXI зууны монголчууд нүүрсээр амьдрах уу үгүй юү гэдэг нь эргэлзээтэй болчихлоо. Таны бодлоор бид энэ зуунд юугаар амьдрах вэ?

-Хятад улс 2060 он гэхэд карбон-нейтрал болно. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэглээ нь эрс багасна. Түүнийг дагаад нүүрсний тоног төхөөрөмжийн зах зээл эрс хумигдана. Мөн банкууд нүүрсний төсөлд зээл өгөхгүй гэдгээ одооноос зарлаад эхэлж байна. Товчоор хэлбэл, манайд нүүрс байсан байгаагүй нүүрсний хэрэглээ улам хумигдана. Тиймээс нэг зүйлийг мартахгүй байх хэрэгтэй. Чулуу дууссан учраас чулуун зэвсгийн үе дууссан юм биш шүү гэдгийг. Чулуу дуусаагүй, хүн төрөлхтний хэрэглээ, технологи өөрчлөгдсөн. Хэчнээн их нүүрс байсан ч олон зүйлс өнөөдрөөс эрс өөр болно. Манай улсын экспортын 90 хувийг түүхий эд эзэлж байна. Та улстөрчдөөс “Монголчууд бид 30 жилийн дараа юу зарж амьдрах юм бэ. Бид яаж хоолоо олж идэх юм бэ” гэж асуугаарай. Хамгийн сонирхолтой нь үүнд анхаарч, ярьж байгаа улстөрч тун цөөн. Гэтэл 30 жил бол маш бага хугацаа. Тавдугаар цахилгаан станцыг барих тухай яриад 15 жил болж байгаа биз дээ.

Ерөнхийлөгчийн үүрэг нь юу юм бэ гэхээр ард түмний эв нэгдэл гэж хэлдэг. Тэр нь бидний нийтлэг мөрөөдлийг хөгжүүлдэг, мөрөөдлийнхөө төлөө хамтдаа явах, түүнд бүх хүн оролцох нөхцөлийг хангадаг хүн. Ерөнхийлөгчийн сонгууль болохоор худаг ухсан уу, байшин барьсан уу, зам гүүр тавьсан уу гэж асуудаггүй. Яагаад гэвэл, энэ бол Ерөнхий сайдын ажил. Ерөнхийлөгчийн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хангаж, улс орныг ирээдүй рүү нь харуулж байх зорилготой. Дээрээс нь төрийн нэгдмэл байдлыг хангаж байх үүрэгтэй. Түүнээс аль нэг намын талд, эсвэл аль нэг намын доторх асуудалд оролцоод явдаг хүн огт биш. Би бол системийн инженер хүн. Системийн судалгаагаар олон жил ажилласан. Монголд томоохон реформ хийхгүйгээр нэг хүнийг нөгөө хүнээр солиод шийдэгдэхгүй олон том асуудал бий. Зүйрлэвэл, буруу замаар явж байгаа машины жолоочийг солих, зөв замаа олж явах нь адил асуудал биш биз дээ.

Тэгвэл Монгол Улс авлигаасаа яаж салах вэ?

-“Монголд эдийн засгийн хямрал биш, хулгайн хямрал болж байна” гэж үг байдаг. Энэ бол үнэн үг. Авлигыг арилгана гэдэг бол нэг хоёр хүнийг шоронд хийснээр шийдэгдэхгүй. Авлигын систем ажилласаар л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ил тод биш, хяналтгүй төр, дээрээс нь, улс төрийн намууд болон шүүх, прокурорууд нь бизнестэйгээ хутгалдчихсан, улс төрийн захиалгаар шүүх, прокурор нь ажилласан хэвээр үед хэн нэгэн хүнийг сольсноор дараагийн хүн л гарч ирнэ. Тэгэхээр том шийдэл бол хүн солих явдал биш, ерөөсөө энэ бүх тогтолцоо системийг өөрчлөх тухай ярих ёстой.

Эдгээр нь, дээр хэлсэн, улс төрийн намын реформыг юуны түрүүнд хийж асуудлыг сууриар нь шийдээд эхлэх явдал. Бид том эрх ашгаа харах ёстой. Энэ нь гоё үг шиг сонсогдож магадгүй. Гэхдээ бодит хэрэгцээ тийм л байна. Өнөөдөр бид салаа замын уулзвар дээр байна. Өөрөөр хэлбэл, авлигын тогтолцоо явсаар байгаад АН-ын задрал, нэг намын дарангуйлал руу шилжих хэлбэрээр илэрч байна. Нэг намын дарангуйлал гэдгээр зөвхөн МАН-ыг ч яриад байгаа юм биш. Ямар ч намын хувьд энэ адил үйлчлэх зарчим.

Танд эрх баригчдыг, төрд байгаа бүлэглэлийг сөрөх эр зориг бий юү. Ингэж асууж байгаа учир нь та багагүй хугацаанд улс төрөөс хөндийрсөн, мөн дүрмээрээ явдаг хүн гэж би хувьдаа дүгнэдэг. Нөгөөтэйгүүр улстөрчидэрх ашиг, эрх мэдлээрээ нэгдсэн хүчтэй бүлэглэл Монголын төрд бийгэж өөрсдөө ч хэлдэг?

-Цаг нь ирэхэд ямар ч том хүчтэй юм нурдаг. Үзэл санаа үргэлж ертөнцийг өөрчилдөг гэсэн үг бий. Мөнгө биш. Мөн хийх хэрэгтэй болох цагт хүн юуг ч хийж чаддаг. Би бол одоо хийх ёстой цаг гэж харж байна. Тиймд хийх л болно.

Оюутан, сурагчид хоёр жил цахимаар хичээллэлээ. Уг нь дэлхий нийтээрээ цахимаар боловсрол эзэмшээд болж байна. Гэхдээ хөдөө орон нутагт малчдын хотонд цахим, теле хичээл төдийлөн үр дүнгүй, нийт сурагчдын 47, 50 хувь нь хичээлийн хоцрогдолтой байна. Боловсролын системийн гажуудлыг яаж засах вэ?

-30 жил бид боловсролоо хаячихсан. Социализмын үеийн боловсролын тогтолцоо инерциэрээ явж байна. Үүнээс гадна Монголын хамгийн бага цалинтай хүн нь багш нар болчихлоо. Ийм байгаа цагт яаж боловсролыг дээш нь татах юм бэ. Уул уурхайн орлого, байгалийн баялаг хавтгайрсан халамжид яваад байна. Уг нь уул уурхайн баялгийг ирээдүй үедээ зарцуулах ёстой гэж боддог. Гэхдээ яаж зарцуулах юм бэ гэхээр багшаар нь буюу боловсролоор нь дамжуулах юм. Багш нарын цалинг ядаж гурав дахин нэмэх хэрэгтэй. Мөн дээрээс нь боловсролыг орчин үеийн сурах бичиг, дэлхийтэй холбох хэрэгтэй.

Сүүлийн гурван жил би “Хаан академи”, “Бизнесийн боловсрол” зэрэг онлайн боловсролын чиглэлд ажиллаж байна. Дэлхийн боловсролын олон асуудалд оролцож явсан. Дэлхий даяараа боловсролын төлөө, тэр дундаа орчин үеийн мэдээллийн технологи ашиглахын төлөө явж байна. Бид тэдэнтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Монголд тийм боломж бүрэн бий. Учир нь өнөөдөр Монголын харилцаа холбооны компаниуд сайн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, технологи дутаагүй. Ухаалаг утас, телевизоргүй айл ховор. Фэйсбүүкийг орон нутгийнхан маш өргөн ашиглаж байна. Солонгост байгаа хүүхэдтэйгээ малчныхаа хотноос шууд ярьчихаж байна шүү дээ.

Асуудал нь, бид дахиад л төр засгийн түвшинд XXI зууны боловсролыг манлайлж явах улс төрийн хүчин алга. Нөгөө талаас багш нарыгаа хамгийн ядуу хүн болгочихсон. Ардчилал бол хамгийн чухал эрх чөлөө. Харин хоёр дахь нь боловсрол. Гурав дахь нь, эрүүл мэнд. Энэ гурав нийлээд хүн. Өнөөдөр монгол хүн байгаа цагт бусад бүх юм болно. Би нүүрс, зэсэнд санаа зовохгүй байна. Монгол хүмүүс чадвартай, чадалтай байгаа цагт бусад бүх зүйлс болно. Нүүрс байхгүй ч болно. Жишээлбэл, чадалтай улс гэгддэг Сингапур, Тайвань, Өмнөд Солонгос байгалийн баялгийн нөөцгүй. Тиймээс чадалтай хүн байгаа цагт бусад нь ямар ч асуудалгүй. Харин чадалтай хүн байхгүй цагт ямар ч нүүрс, ямар ч баялаг аврахгүй.

Гэхдээ бид чадалтай хүнийг лидер болгож байна уу, чадалтай хүн нь улсынхаа төлөө ажиллаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Нөөц баялаг нь байгаад байдаг. Гэтэл удирдагчийн ажил сургууль, цэцэрлэгийн барилгаас гавихгүй байна. Чадалтайгаараа нийгэмд манлайлах нь маш дутмаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм. Мөнгөний сонгуулийн цаад зарчим нь энэ л дээ. Мөнгөний сонгуулиар саналыг нь худалдаад авчихаж байна шүү дээ. Мөнгөний сонгуулийн гол нууц юу гээч. Яг таны хэлдгээр тодорхой бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа эрх ашгийг хангах үүднээс л худалдаад авчихаж байгаа юм. Тиймээс төрийн системд мерит буюу шаталсан шалгаруулалт тогтолцоо нэвтрэх ёстой. Хуучин социализмын үед МАХН бол төрийн боловсон хүчний том тогтолцоо болж байсан. Төрийн тогтолцоонд хүн доороос нь дээшээ насаараа явдаг байлаа. Түүнээс одоогийнх шиг мөнгө өгөөд “лифтэнд сууна” гэсэн ойлголт байгаагүй. Тэр үед коммунист үзэл нь буруу болохоос мерит буюу шаталсан зарчим нь зөв байсан. Манлайлагч байна гэдэг чинь үлгэр жишээ үзүүлж явах тухай яриа. Өөрөөр хэлбэл, хүүхдээ зөв байлгахын тулд өөрөө үлгэрлэх ёстой гэдэгтэй адил. Өөрөө үлгэрлэж чадахгүй бол хүүхдийг хэчнээн загнаад бүтдэггүй гэдэг дээ. Улс орны удирдлагын асуудал яг үүнтэй адилхан. Мөнгөний сонгууль, авлигажсан нам манлайллыг устгадаг. Улс орныг лидергүй болгодог. Үнэндээ хүмүүс сонгуульд зөвхөн хэн нэгнийг дэмжээд байгаа юм биш. Хүмүүс боловсролтой байх юмсан, шинжлэх ухаанч байх юмсан, технологитой болох юмсан, дэлхий нийттэй өргөн харилцах юмсан, бусад орнууд XXI зуунд гээд яриад байхад бид бас адилхан хөл нийлүүлэх юмсан гэсэн хүсэлтэй байна. Тэр хүсэл мөрөөдлөө л хайгаад байгаа юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан бар өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 18, Ангараг гариг. Билгийн тооллын 6, Үнэг одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5:10 цагт мандан, 20:27 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.