Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 60 орчим иргэн угаартаж, таван хүн амиа алджээ

Өнгөрсөн шөнө 60 орчим иргэн сайжруулсан түлшний улмаас угаартаж, таван хүн нас баржээ.

Нас барсан иргэдийн гурав нь насанд хүрсэн, хоёр нь бага насны хүүхдүүд байсан бөгөөд ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт гэрт амьдардаг байжээ.

УГААРЫН ХИЙНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Шөнө унтахын өмнө зуухны хүхээний хаалтыг битгий багасга. Багасгамаар байгаа бол өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасга. Хэзээ ч битгий тултал нь хаа.
  • Зуухаа дүүртэл нүүрс битгий хий. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод, таталт нь буурч, угаарын хий гэр дотор тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хий. Ингэснээр утаа болон угаарын хий бага ялгарна.
Categories
мэдээ улс-төр

“Энэ жил 49 сургууль, 10 цэцэрлэг, дөрвөн спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өчигдөр цахимаар болов.

2020 оны хувьд 63 цэцэрлэг, 31 сургууль, 2019 онд 46 сургууль, 76 цэцэрлэг ашиглалтад оруулснаар гурван ээлжээс гарах нөхцөлийг бүрдүүлснийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэлдээ онцоллоо. Мөн 2021 онд 49 сургууль, 10 цэцэрлэг, дөрвөн спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэв.

Хуралдааны эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцын талаарх мэдээллийг сонслоо. Энэ талаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу танилцуулсан. Тэрбээр мэдээлэлдээ, Улсын хэмжээнд нийт 457 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан. Энэ арга хэмжээний ажлын явцаас мэдээлэхэд тендер зарлагдсан 304 буюу 67 хувь, үүнээс тендерийн нээлт хийж, үнэлгээ хийж байгаа 63 буюу 14 хувь, гэрээ байгуулах эрх олгосон 81 буюу 18 хувь, тендер шалгаруулалт зарлагдсан, хүлээж авах эцсийн хугацаа дуусаагүй 160 буюу 35 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү 457 төсөл арга хэмжээний хүрээнд нийтдээ цэцэрлэг 36, сургууль 18, эмнэлэг 16, соёлын төв 7, автозам 9, шугам сүлжээ 11 байгааг онцлов.Нийтдээ 146 төсөл арга хэмжээний зураг төсөв бэлэн болсон бөгөөд үүнээс зурагтай 115, зураггүй 67, магадлал хийгээгүй 40, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр зарласан 35 төсөл арга хэмжээ байна.

Зураг нээх

Төрийн худалдан авах ажиллагааны газарт зарлагдаж байгаа боловсрол, соёл, спортын салбарын төсөл, арга хэмжээний явцаас дурдахад БСШУЯ-ны 47 төсөл арга хэмжээ байгаагаас өнөөдрийг хүртэл 33, Соёлын яамны 10 төсөл арга хэмжээнээс гурав, Биеийн тамир, спортын улсын хорооны төсөвт тусгагдсан долоон төсөл арга хэмжээнээс тавынх нь ажлын даалгавар, зураг төсөв, ТЭЗҮ, холбогдох мэдээлэл ирээгүй байна гэж байлаа.

Зураг нээх

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд улирлын шинж чанартай ийм ажлыг төсөв батлагдсан даруйд худалдан авах ажиллагааг эхлүүлнэ гэж заасан байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулах төсөл арга хэмжээний жагсаалт батлагдсанаас ажлын тав хоногийн дотор зураг төсөв, ТЭЗҮ-гээ холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар ирүүлсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар зөвхөн дээрх гурван салбарын хувьд 41 төсөл арга хэмжээний холбогдох материалыг ирүүлээгүй буюу тендер зарлах боломжгүй байгааг мэдээлэлдээ онцолсон.

Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх, Биеийн тамир, спортын улсын хорооны Дэд дарга Ц.Одонбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэллээ.

Боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт, багш сурагчдыг компьютержүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны төсвийн жилд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан, боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар болон боловсролын цахим шилжилт буюу багш сурагчдыг компьютержүүлэх үйл ажиллагааны талаар тус яамны Мэдээллийн технологи, статистикийн газрын дарга О.Дүнжиннамдаг нар тус тус танилцуулав.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбарт ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр шийдэгдэж, жилд 140 объект ашиглалтад оруулж байна. 2020 оны хувьд 63 цэцэрлэг, 31 сургууль, 2019 онд 46 сургууль, 76 цэцэрлэг ашиглалтад оруулснаар гурван ээлжээс гарах нөхцөлийг бүрдүүлснийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ 2021 онд 49 сургууль, 10 цэцэрлэг, дөрвөн спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэв.

Харин сүүлийн 20 орчим жил салбарын мэдээллийн технологийн дэд бүтэц, нэгдсэн сан үүсгэх, бүх шатны боловсролын байгууллагын мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх, сургалтын байгууллагуудыг компьютер тоногтөхөөрөмжөөр хангах, цахим сургалтын платформ, цахим контент боловсруулж бүх нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгааг БШУЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн газрын дарга О.Дүнжиннамдаг танилцуулгадаа онцолсон.

Зураг нээх

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс багш нарыг зөөврийн компьютерээр хангахад шаардагдах тооцоо, судалгааг илүүтэй лавлаж байлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн 10 жилийн хугацаанд цахим шилжилтийн ажлыг хийж байна. Томоохон хөрөнгө оруулалтаас дурдвал анх удаа2015 онд 25 мянган багшийг “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд компьютерээр хангасан гэдгийг тус яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан хариултдаа онцолсон. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн 31 мянга, цэцэрлэгийн 9 мянга орчим багшийг компьютерээр хангахад нийтдээ 40 мянган зөөврийн компьютер шаардлагатай бөгөөд нэг бүрийн үнийг 1 сая 500 мянган төгрөгөөр тооцон шууд худалдан авалт хийхэд 60 орчим тэрбум төгрөг болно гэсэн тооцоог гаргасан хэмээн Ажлын хэсгийн зүгээс нэмэлт хариулт өгсөн.

Дараа нь Байнгын хорооны дарга Г.Дамдинням Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулах болсныг мэдэгдэв. Энэ хүрээнд “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Энхтүвшин, Л.Энх-Амгалан, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг болон Төсвийн байнгын хорооны зарим гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтов.

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин хийлээ. Тус Ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтэд;

Зураг нээх

1.Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх гэсэн заалтыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 оны хичээлийн жилд шаардагдах 23.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэх;

2.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, санхүүжилтийг 2022 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах /байрыг стандарт, техникийн зохицуулалтад нийцүүлэн засварлах, өргөтгөх, шинээр барих, стандартын шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж/;

3.Мэргэжлийн хүний нөөц /хоол зүйч, тогооч/-ийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэхасуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох /орон нутагт эхний ээлжид Боловсролын газарт ажиллах хоол зүйчийн орон тоо, цалингийн зардлыг шийдвэрлэх;

4.Сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын түрээсийн орлогыг тухайн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байрны засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжидзарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

5.Сургуулийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээ, инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэн батлах;

6.Орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн аюулгүй хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, хоол үйлдвэрлэлд хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээний дагуу зохион байгуулах;

7.Хүн амыг хоол шим тэжээлийн мэдлэг ойлголттой болгох чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсныг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Өдөр ирэх бүр цөлжиж буй Монгол Улсын говь хээрийн бүсийг ойжуулах, цөлжилттэй тэмцэх үйлсийг манлайлан оролцож, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт олон зуун мянган мод тарьж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд гаргаж буй гарамгай амжилтыг үнэлж, “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз,
  • Монголын үндэсний бүжгийн урлагийг шинэ түвшинд гаргах, хойч үедээ уламжлуулан үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар,
  • Монгол уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон Ховордож буй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах, залуу хойч үедээ малч ухааныг өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн,
  • Дундговь аймгийн Салхитын Мөнгөний ордыг түшиглэсэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг богино хугацаанд чадамгай удирдаж, Монгол Улсын нийт 230 мянган ахмад буурлуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн өрийг тэглэх, 238 мянган ахмадуудад байгалийн хишиг 1 сая төгрөгийн хувь хүртэх боломжийг бүрдүүлж, монгол хүн баялагтаа эзэн болох, баялгийнхаа үр шимийг хүртэх үндэс суурийг тавьсныг үнэлж, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Гавьяат дасгалжуулагч Дамирангийн Баатаржав, Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга нарт Ардын багш цолыг,
  • Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, ард иргэдийн амь насыг авран хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Гавьяат эмч Дамбын Сэржээд Ардын эмч цолыг тус тус хүртээв.
ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэн,

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Магнай трейд” ХХК-ийн захирал Рэгзэндоржийн Ганзориг,

“ГУМ” ХХК-ийн захирал Хашбатын Гиймаа,

“Мах Импекс” ХК-ийн ерөнхий инженер Дамбын Самдан,

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Чүлтэмсүрэнгийн Цогтсайхан,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ахмад настан Рэндоогийн Энхбат,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Жигүүр гранд” группийн арматурчин Ламжавын Эрдэнэчимэг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Дондогийн Гүржав,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

“Аримун” продакшны жүжигчин Доржготовын Ганцэцэг,

“Цирк” студийн захирал Гомбын Доржнамжил,

Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэг,

Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Аюурзанын Цэгмид,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг,

Авто, мото спортын тамирчин Дамдинхорлоогийн Болдбаатар,

Холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Баасанхүүгийн Дамланпүрэв,

Сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

Хөвсгөл аймаг Мөрөн сумын ахмад настан, ахмад хуульч Гомбожавын Балдан,

Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан Ширэндэвийн Эрдэнэбаатар,

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

МҮОНРТ-ийн сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан,

“Талын Монгол” телевизийн захирал, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх,

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатар,

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монгол үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоо,

МИАТ ХК-ийн Тасалбар түгээгүүрийн төвийн ээлжийн ахлагч Дамдинсүрэнгийн Энхтүвшин,

МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан, худалдааны байгууллагын ахмад ажилтан Галсангийн Цэвээндорж,

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

ШУТИС-ын Эрчим хүчний сургуулийн ахмад багш Цагаачийн Бат-Өлзий,

Монголын Шинжлэх ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгч Санжаагийн Бүдням нарыг тус тус шагналаа.

АЛТАНГАДАС ОДОНГООР:

UBS телевизийн сэтгүүлч Онгоогийн Мөнхгэрэл,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан Минтэгсүрэнгийн Энхчимэг,

Монголын ярих урлагийн төвийн тэргүүн Баасанжавын Энхгэрэл,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Чадраабалын Ганжавхлан нарыг тус тус шагнав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Манлайлагчид, салбар салбарын гавшгайчид аа,

Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,

Та бүхэнд зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлгэт сайн өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийн мэнд дэвшүүлж, амжилт, арвин бүтээл, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Төр байхуй дор зүтгэлийг үнэлэхүй байдаг. Улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурьсгаж, тухайн салбартаа зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг төрийн дээд шагналаар мялаалаа.

Өнөөдөр амжилт бүтээлээ үнэлүүлж байгаа манлайлагчдын дундаас Хөдөлмөрийн баатар цол шагнагдсан “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр, Гавьяат эдийн засагч цол шагнагдсан Монголбанкны Ерөнхийлөгч Бядраны Лхагвасүрэн нарыг онцлон дурдаж, ахмад настнууд, нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлмээр байна.

Дээрх эрхэм хүмүүсийг онцлохын учир нь 2019 оны 11 дүгээр сард бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, нотлон баталгаажуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол үзэл санаа нь Монголын ард түмэн, монгол иргэн бүр байгалийн асар их баялгаа өөрсдөө тэгш хүртдэг байх үндсэн агуулгыг шингээж өгсөнд байгаа юм. Монгол Улс баялагтай бол иргэд нь түүний үр шимийг хүртдэг байх ёстой. Өөр хэн ч биш юм.

Энэ үзэл санааны хамгийн эхний бодит биелэл бол өндөр настнууд тэтгэврийн зээлийн дарамтад олноор орж, амьжиргаа нь хүндэрч байгаа асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай санаачилга гаргасан. Үүний дагуу 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, хамтын ойлголцол, зүтгэлээр энэ ажил бүтсэн түүхтэй.

Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчдөг, авлига, хээл хахууль өгөх зэрэг гэмт хэрэгт орооцолдсон Салхитын ордын тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж, улсад авч энэ ордыг түшиглэн “Эрдэнэс Силвер Ресурс” төрийн өмчит компанийг байгуулсан. Үр дүнд нь 2020 онд 228.5 мянган ахмадын 6 сая хүртэлх зээлийг тэглэхэд зарцуулсан 700 орчим тэрбум төгрөг, энэ жил тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага зээлтэй 238 мянган ахмадад нийтдээ 220 тэрбум төгрөгийг олгож, нийт 450 мянган ахмадад 920 тэрбум буюу 1 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг Салхитын мөнгө, алтны ордын баялгийн өгөөжөөс бүрдүүлсэн юм.

Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх нөхцөлийг бүрдүүлсэн Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярт дахин талархал дэвшүүлье. Та эх орон, ард түмэндээ үйлчлэх үүрэг хариуцлагаа нэгхэн жилийн дотор биелүүлсэн.

“Эрдэнэс Силвер Ресурс” компанид ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх УИХ-ын шийдвэрийг биелүүлэхэд Монголбанкны хамт олон болон Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн үүрэг оролцоо санаачилга маш их байсныг тэмдэглэж, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор шагнаж байгаа юм шүү.

Өнөөдөр төрийн цол, шагнал хүртэгсдийн дунд эх орноо, байгалиа хайрлахын үлгэр жишээ болсон нэгэн хүн байна. Тэр бол Дэмчигийн Бараадууз гуай – Говийг ойжуулагч баатар. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улам бүр хуурайшиж, цөлжиж байгаа говь нутгаа ногооруулах ажлыг хэний ч шахалтгүйгээр өөрөө сэтгэл зүрхээрээ санаачлан хийж байгаа баатарлаг үйлстэн. Танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна.

Д.Бараадууз гуай 1992 оноос “Ойн хишиг” мод үржүүлгийн төвийг байгуулж, Өмнөговь аймгийн Булган сумын 9 га газрыг ойжуулжээ. Д.Бараадууз гуай өөрийн ажилтнуудын хамтаар Улаанбаатар хот, зүүн аймгуудад болон Дундговь, Дорноговь аймгийн бүх сумыг тарьц, суулгац, тарих зөвлөмж, аргачлалаар хангаж, олон мянган мод тарьжээ. “Ойн хишиг” төв нийтдээ 300 мянга орчим мод тарьж ургуулаад байгаа бөгөөд 1992 оноос хойш энэ ажлыг тэтгэврийнхээ мөнгөөр санхүүжүүлж байжээ. Эх орноо ам хэлээрээ бус бодит үйл хэргээр хайрлан хамгаалж, байгаль орчноо тордож ирсэнд танд бүх ард түмнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол бидний түүх соёл бол нүүдлийн аж амьдрал, малчны ухаан дээр үүссэн гэдгийг цаг үргэлж санаж явах, хүндэлж дээдлэх учиртай. Гучин жил Галбын улаан тэмээн сүрэг маллан ашиг шим, ноосны гарцыг нэмэгдүүлж, уналга эдэлгээнд сурган олон арван залуу малчдыг малч ухаанд хөтөлж яваа 1,200 тэмээн сүргийн эзэн Жаалдүүгийн Тогтохсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Өвөг дээдсээс өвлөсөн буянт мал сүрэг, эрхэм нандин малч ухааныг улам баяжуулан уламжлуулж, монгол түмний өлзий хишгийг цагийн цагт тэтгэж явах болтугай.

Эрхэм манлайлагчид, гавшгайчид аа,

Оногдсон ажил, үүргээ олон жил үр бүтээлтэй хэрэгжүүлж, манлайлж ирсэн олон жирийн иргэдийг төрийн дээд цол, одон, тэмдгээр шагнаж байна.

“Жигүүр гранд” группийн арматурчин Ламжавын Эрдэнэчимэгийг Гавьяат барилгачин цолоор шагнаж байна. 1980 оноос өрлөгчнөөр ажлын гараагаа эхэлж, 40 гаруй жил барилга барихдаа Эх нялхсын төв, Нэгдүгээр төрөх, 500 хүүхдийн амбулатори, Чингис зочид буудал болон олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны барилгын арматурын ажлыг хийж гүйцэтгэжээ. Танаар бахархаж байна.

Гучин жил үсчин, гоо сайхны салбарт үр бүтээлтэй ажилласан Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоод Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж байна. Д.Одонгоо нь залуусыг ажилд мэргэжилдээ гарамгай болгон сургаж, шавь нар нь Ази, Европ, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аваргаас медаль хүртсэн үсчид түүний шавь нар дунд цөөнгүй бий. Баяр хүргэе!

Урлаг, спортын салбарын гавьяа зүтгэлтнүүдэд цол гавьяаг нь олгож, олон нийтийн хүлээлтийг бас биелүүллээ.

Монголын бүжгийн урлагийг өнөөгийн өндөрлөгт авчралцсан ноён оргилуудын нэг, Зууны манлай хэмээх эрхэм алдрын эзэн, одоо ч бүтээн туурвиж яваа Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гуайд Хөдөлмөрийн баатар цолыг нь хүртээлээ.

Хүндийн өргөлтийн Дэлхийн хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн аварга, Залуучуудын дэлхийн болон Азийн аварга, Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоосон хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг, Сонирхогчдын боксын Дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, Азийн аваргын алт, хошой хүрэл, Азийн наадмын хүрэл медальт, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй 12 удаа түрүүлсэн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин Мягмардуламын Нандинцэцэг гэсэн олон олон анхдагч амжилтын эзэд, монгол түмний хайртай охидын хөдөлмөр зүтгэлийг Гавьяат тамирчин цолоор шагнаж, цаашдын спортын замналд нь улам их амжилтыг ерөөж байна.

Нийгмийн тусын тулд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр олны хүчийг уриалах, манлайлах, идэвхжүүлэх замаар төрийн хийх ёстой ажлыг төрийн бус байгууллагын шугамаар хийж болохын бодит жишгийг үзүүлж, тогтоож яваа сэтгэл, зүтгэлтэй жирийн нэгэн залууг би онцлон дурдмаар байна.

Чадраабалын Ганжавхлан – “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгааллын төвийн үүсгэн байгуулагч. Нийгэмдээ үзүүлж буй манлайлал, хүүхдүүдийн сайн сайхны төлөө гаргаж буй сэтгэл зүтгэлийг нь хүндэтгэж, Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байна. Өмнө чинь хийж бүтээх их үйлс, урт зам байгаа. Цаашдын үйл ажиллагаанд тань эрч хүч, урам зоригийг ерөөе.

Эрхэм манлайлагчид, гавшгайчид аа,

Та бүхэнд Төрийн цол, одон медаль шагнагдсанд тань дахин халуун баяр хүргэе. Өөрт ногдсон ажил үүргийг чин сэтгэлээсээ хийх, үр бүтээл гаргах, ард түмэндээ бүх боломж, сэтгэл зүтгэлээрээ үйлчлэх нь иргэн хүний хувьд эх орон, ард түмнийхээ өмнө байгуулж байгаа гавьяа юм. Гавьяаг үнэлэх, дэмжих нь төрийн нэгэн үүрэг билээ.

Ерөнхийлөгчид оногдсон үүргээ биелүүлж, би төрийн зүгээс олгох үнэлэмж, цол одон медалийг гардуулж байна.

Та бүхэнд дахин баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор хөдөлмөрч хичээнгүй ардынхаа үйлс зүтгэлээр Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил газар чөлөөлөлтөд 3.8 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо.

Хотын дарга уулзалтын эхэнд Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон түүхэн шийдвэр гаргасан тухай онцлоод, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна” гэв. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа тухай ярилаа.

Тиймээс ирэх жилүүдэд зам, барилга, байгууламж, гүүрэн гарц, нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөхгүйгээр явахгүй. Тиймээс газрын тухай хууль, эрх зүйг өөрчлөх шаардлагатай байна. Цаашид газрын асуудлыг цэгцэлнэ. Үүнд газрын албаныхны хүч, оролцоо, сэтгэл, туршлага хэрэгтэй байна” гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай газрын албыг цахимжуулах ажлыг үе шаттай хийж байгаа талаар онцоллоо. Тэрбээр “Газартай холбоотой 19 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц ямар байгаа талаар “Масс мессэж” үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү мессэж илгээдэг болсон” гэлээ. Түүнчлэн иргэд газрын албаны албан хаагчидтай 7777-1285 дугаарын утсаар холбогдох боломжтой болжээ.

Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлсөн, цахим дуудлага худалдааг жил бүр зохион байгуулж байгаа талаараа танилцууллаа. Тэрбээр “Газар чөлөөлөх ажилд хамгийн их хөрөнгө шаарддаг талаар танилцуулаад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2600 га газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлууд хийсэн” гэлээ.

Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтөд 3.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Газрын албаныхны хувьд хууль, эрх зүй болон ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байгаа талаар санал хэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад хууль, эрх зүй, эдийн засаг сайжраад ирэхээр төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ спорт

М.Анхцэцэгт Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо

Монгол Улсын хүндийг өргөлтийн спортын анхдагч амжилтын эзэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэгт Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо.

Риогийн олимпод VIII байрт шалгарч, ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны медалийг хүртсэн тэрбээр 2021 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа. Тэрбээр ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэхдээ Монгол Улсын дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоосон байдаг. Нялх биетэй байхдаа бэлтгэлдээ орж, ДАШТ-нд амжилттай оролцож байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нисэхийн ажилчдын хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн баярын өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт нисэхийн ажилчдын хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо.

210 ортой уг цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн 49 дүгээр цэцэрлэгийн Буянт-Ухаа салбар болж ажиллах юм. Шинэ цэцэрлэгтэй болох талаар анх ИНЕГ-ын даргын зөвлөлөөс шийдвэрлэжээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн цэцэрлэгийг нээж хэлэхдээ “Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа нийгмийн байдлыг шийдвэрлэх үүднээс тус цэцэрлэгийг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, салбарынхандаа 96 жилийн ой дээр нь бэлэг барьсандаа баяртай байна” гэлээ. Тэрбээр нийтийг хамарсан коронавирусийн хүнд байдалд байгаа нисэхийн салбар эргэн сэргэх үед дахин нэг цэцэрлэг нэмж барихаар төлөвлөж буйгаа дуулгалаа.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Чихэвчний чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг

Дуу, хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнэ баталсан.

Тэгвэл чихэвчний чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг гэж Их Британийн Лестерийн их сургуулийн шинжээчид мэдээлжээ.

Чихэвчээ дээд цэгт нь чангалж, хөгжим сонсох үед 110 децибел буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдэрдэг гэнэ. Үүний улмаас хэсэг хугацаанд дүлийрэх, чимээгүй орчинд байсан ч чих шуугихаас гадна яваандаа сонсголгүй болдог байна. Түүнчлэн тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхүүлийг цочроож, гэмтээдэг аж. Шинжээчид энэ үйлчлэлийг ион гэрлээр бичиж, баталгаажуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Д.Ганцэцэг Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо

“Аримун” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр аж үйлдвэр, спорт, эрчим хүч, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, мал ахуйн ахуйн төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн “Алтан Гран-При”-д манай 20 бөх зодоглоно

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран-При тэмцээн тавдугаар сарын 27-30-нд Красноярск хотод болно.

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнийг Монголын шигшээ багийн 20 тамирчин зориод байна.

Манай тамирчид Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэх бол шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Х.Ганболд, Г.Амархүү нар ажиллана.

Красноярскт зодоглох бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн

  • 57 кг: Пүрвээгийн Дашцэрэн
  • 61 кг: Намсрайн Ганбаяр
  • 65 кг: Эрдэнэбатын Төгсжаргал
  • 74 кг: Дарханбаярын Тэнгис,
  • 74 кг: Олонбаярын Сүлдхүү
  • 79 кг: Алтанзулын Дөлгөөн
  • 86 кг: Мэндбилэгийн Тэмүүжин
  • 92 кг: Дагвадоржийн Оргилох

Эмэгтэйчүүдийн

  • 50 кг: Долгоржавын Отгонжаргал,
  • 50 кг: Батбаатарын Энхзул
  • 53 кг: Батхуягийн Хулан
  • 55 кг: Баяраагийн Халиунаа,
  • 55 кг: Батцоожийн Марал
  • 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
  • 59 кг: Баатаржавын Шоовдор
  • 62 кг: Энхбатын Гантуяа
  • 65 кг: Зоригтын Болортунгалаг
  • 68 кг: Очирбатын Насанбурмаа
  • 72 кг: Энх-Амарын Даваанасан,
  • 72 кг: Доржсүрэнгийн Цогзолмаа
Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин А.Цэгмэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа

Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин А.Цэгмэдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо.

Жүжигчин А.Цэгмэд нь Монголын кино урлагийн салбарын алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн нэг юм.

Тэрбээр, “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй”, “Их замын тоос”, “Нийслэл хүүхэн” зэрэг олон уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Хунгийн сүүлчийн дуу” гэх мэт хэдэн арван тайз, дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа залуу насаа мөнхөлж, бяцхан үзэгчдийн алга ташилт дунд дүүлж явсан тэрбээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон дүрийг бүтээсэн. Тухайлбал Марко Поло, Улаан дөрвөлжин, Хүдэн зэрэг дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэн.