Хуулийн нэр томьёогоор бол “Хувиргасан амьд организм” гэж нэрлэдэг. Энэ нь орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организм байх нь. Харин хувиргасан амьд организмаас гаргаж авсан бүтээгдэхүүн нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн болно. Тэгвэл энэ аргыг хэдэн мянгаад жилийн өмнөөс л хүн төрөлхтөн ашиглаж байсан гэх. Хортон шавж, цаг агаарын нөхцөл байдал зэргээс улбаатай тариа буудайны алдагдлаас сэргийлэх зорилгоор. Тэгвэл сүүлийн үед энэ арга улам газар авч танигдахтай зэрэгцээд хүний биед муу гэдэг шуугиан ч дэгдэж байна.
2012 оны 8 сард Франц улсын Каен их сургуульд уг сэдвээр хийгдсэн судалгааны үр дүн хүний биед “муу” гэдгийг дэмжих нэг баримт болсон юм. Хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хооллосон 100 эм хулганы 70% нь, 100 эр хулганы 50% нь элэг, бөөрний томоохон гэмтэл авч, хавдартай болсоны улмаас үхсэн байна. https://www.bbc.com/news/science-environment-19654825
Бидний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орно. Улмаар ферментүүдийн үйлчлэлд орсоноор амин хүчлүүд ба генүүд болж задардаг юм байна. Ийнхүү задралд орж эхэлхэд тэдгээр шинэ генүүдийг бидний ходоод таньж мэдэж боловсруулж чадахгүй учраас дотор гаж хөгжил буюу мутаци гэгч нь эхэлдэг байна. Ингэснээр хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох эрсдэлтэй. Мөн дархлааг сулруулдаг гэнэ. Гэтэл хүний биеийн дархлааны 70% нь өлөн гэдсэнд байдаг юм байна. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед орж ирэх төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах эрхтэнээр дамжаад цусанд шингэж хорт хавдар үүсгэх аюултай гэж судлаачид анхааруулсан.
Гэхдээ юм бүхэн хоёр талтай. Бүгд хүний биед хөнөөлтэй гээд байвал бас үгүй юм аа. 30 хүнээс судалгаа авсан үр дүнг танилцуулъя. “Та генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй вэ?” гэсэн асуултад ердөө хоёр л хүн сайн гэж хариулсан. 53.3% нь дундаж, 36.7% нь муу гэсэн хариултыг өгсөн. Гэтэл яг дараахан нь “Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг хүний биед хор хөнөөлтэй гэж боддог уу?” гэж асуухад 18 хүн тийм гэсэн хариултыг сонгожээ. Яагаад? Өнөөх дундаж, муухан мэдлэгтэй гэсэн хүмүүс маань яаж хүний биед муу гэдгийг нь мэдээд байна?
Үүний хариултыг ШУТИС-ийн ҮТС-ийн Био технологи, шим тэжээлийн салбарын ахлах багш, Биологийн ухааны доктор Д.Дөлгөөн ikon.mn-д өгсөн ярилцлагандаа хэлээд өгсөн гэхэд болно. “Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ айж байна. Ген гэж яг юу болохыг хэлж мэдэхгүй байж генийн өөрчлөлттэй учраас аюултай гэж хардаг. Тиймээс аюултай гэж боддог шалтгаан бол мэдэхгүйгээс үүдэлтэй” гэж хариулсан байна. Үнэхээр л мэдэхгүй байгаа, энэ талаар мэдлэг дутмаг байгаа нь үнэн. Тэгвэл “мэдэхгүй” гэдэг шалтгааныг “мэддэг” болгочихвол ямар өөрчлөлт гарах бол? Мэдье гэсэн хүсэл нь байв ч мэдэх боломж нь байхгүй бол яах вэ?
Өнөөдөр энэ сэдэв сайн муу гээд аль нэг талд нь бат зогсоход их хэцүү асуудал болж. Сонсох төдийд л муу гэж боддог энэ сэдвийг судлаад үзэхэд яг үнэндээ сайн гэсэн тал нь илүү гарч ирж байх жишээний. Энгийн шар буурцагны тосноос илүү хувиргалтын аргаар гаргаж авсан шар буурцагны тос эрүүл, зүсээд тавихад борлоод байхгүй алим, гербицид-herbicide ашиглах шаардлагагүй гэх мэтчилэнгээр Food and Drug Administration-ийн вэв сайтад “магтсан” гэхэд буруудахгүй. https://www.fda.gov/food/agricultural-biotechnology/how-gmo-crops-impact-our-world
За тэгээд хүн амын хурдтай өсөлт, хүнсний хэрэгцээний нэмэгдэлт, байгалийн баялгийн нөөцийн хомсдол зэрэг асуудлыг нэг дор нь шийдэж байгаа арга бол генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн. Хүнсний өөрийнх нь шим тэжээлээс хэд дахин илүү тэжээллэг болдог, ургах явцдаа шавж хорхойноос хамгаалагддаг, хамгийн гол нь хурдан ургаж боловсорно тэгээд хямд тусна гэх мэтээр хүний биед ямар ч хор хөнөөл байхгүй ээ гэдгийг дэмжсээр буй. Америкад ургаж байгаа шар буурцаг, эрдэнэ шишийн 90% нь генийн өөрчлөлттэй ба хүнсний дэлгүүрүүдэд зарагдаж буй бүтээгдэхүүний 80% нь хувиргасан амьд организмаас гаргаж авдаг юм байна. Ерөнхийдөө хэвийн л үзэгдэл гэсэн үг.
Тэгээд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн сайн ч юм шиг, муу ч юм шиг эргэлзээтэй болчихлоо. Одоо яах вэ? Ийм тохиолдолд тухайн хүний шийдвэр гаргалтын асуудал болно. Харин тэдэнд сонголт хийх эрх, боломжийг нь олгох хэрэгтэй юм. Сайн гэдэгт нь итгээд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээр шийдсэн хүмүүс байгаа бол тэд асуудалгүй л сонголтоо хийгээд хэрэглэчихнэ. Харин муу гэж итгэж байгаа бүлэгт адаг ядахнаа хувиргасан амьд организмаас гаргаж авсан шүү гэдэг мэдэгдэхүүнийг өгөх шаардлага тулгарч байна. Мэдэхгүйдээ биш, мэдээлэл нь байхгүйдээ хүсээгүй сонголтоо хийгээд байгаа бол тэд хохирогчид. Хэдийгээр манай оронд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн тодорхой хувь хүртэл хориглосон байдаг ч хүнсий аюулгүй байдал алдагдаж байдаг улс. Нэг супермаркетэд ороход л ямар ч код хаяг байхгүй задгай жимснүүд.
Уг нь бол 3 эсвэл 4-өөр эхэлсэн дөрвөн оронтой код байвал тухайн жимс эсвэл ногоонд бордоо ашигласан, 9-өөр эхэлсэн таван оронтой кодтой бол органик, 8-аар эхэлсэн таван оронтой кодтой байвал генийн өөрчлөлттэй гээд таних тэмдэг нь байдаг юм байна лээ шүү дээ. Тэгэхээр хүсээгүй сонголтыг нь мэдээлэл дутмагаас болж хийлгэдэггүй байгаасай, үнэхээр л муу биш юм бол ядаж хувиргасан гээд таних тэмдэг тавьчихдаг байгаасай л гэсэн санаа. Ядаж судлаад үзье гээд хайхад хангалттай мэдээлэл нь гарч ирдэг байвал “мэдэхгүй” гэх шалтагт дарлуулаад байхгүй.
Эцсийн дүнд энэ генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэгч нь дэлхийн хүмүүсийг хоёр талд талцуулаад байгаа “айхтар” том асуудал ч юм шиг хэрнээ, арга зам нь тийм хүнд биш л юм шиг…
ХИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн оюутан А.НОМИН