Categories
мэдээ улс-төр

Д.Энхбат Зөв хүн Электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг зөвшөөрчээ

Дангаасүрэнгийн Энхбат УИХ-д суудалтай ХҮН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналыг хүлээн авч байгаагаа мэдэгджээ.

Тэрээр “Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Зөв хүн – Электорат эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна” хэмээн жиргэжээ.

ХҮН 2020 оны УИХ-ын сонуульд бусад намуудтай нэгдэн, Зөв хүн элезторат эвслийг байгуулан, сонуульд өрсөлдсөн. Тус эвслээс Т.Доржханд гишүүн Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүн болсон юм. Гэвч тус эвслийн гишүүд дунд ерөнхийлөгчийн хуулийн шаардлага буюу 50 нас хүрсэн байр ёстой гэсэн босгыг давах улс төрч байхгүй. Иймд тус эвсэл “Ерөнхийлөгчөө сонгоё” аяныг нээлттэй зарлан, иргэдээс хэнийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэйг асуусан юм. Санал асуулгад Дефакто буюу эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, Д.Болдсайхан эмч, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар хамгийн их санал авчээ.

Зөв хүн Электорат эсвлээс хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эцсийн шийдийг УЗ-ийн 9 гишүүн эцэслэн шийднэ.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос Жо Байденыг тус улсын эсрэг дайсагнасан бодлого явуулсан гэж үзжээ

Умард Солонгос улс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг тус улсын эсрэг дайсагнасан бодлого явуулж байгаа учир хариу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Умард Солонгостой цөмийн зэвсгээс зайлсхийх дипломат хэлэлцээ хийхэд нээлттэй гэж мэдэгдсэн. Гэвч энэ мэдэгдэл нь “дайсагнасан үйлдлээ далдлах хуурамч үг” гэж Умард Солонгосын гадаад хэргийн яамнаас хэллээ.

Умард Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-тай холбоотой хэрэг эрхлэх газрын дарга Кон Жон Гун “Жо Байдены хэлсэн үг АНУ өнгөрсөн 50 жилийн турш Умард Солонгосын эсрэг явуулж буй дайсагнасан бодлогын үргэлжлэл гэдгийг нотоллоо” хэмээжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Одоо Байдены бодлого тодорхой болсон тул бид хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам АНУ хүнд байдалд орно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аян зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хамгийн том асуудал зогсоол байдаг. 40 орчим түргэн үйлчилгээний цэгтэй. 20-ынх нь үйл ажиллагааны зөвшөөрлийг сэргээж байгаа. Үлдсэн 20-ынх нь үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоохоор ярьж байна. Мөн мод усалгааны асуудал хүндрэлтэй учраас жилд 3000-5000 мод тарьдаг. 31 төрлийн мод, модлог ургамал бий. Хүүхдийн тоглоомын талбай нэн шаардлагатай байгаа. Барилгын компаниуд хашаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар руу тэлж барьсан асуудал бий. Бид албан бичиг хүргүүлсэн. Мөн цэцэрлэгт хүрээлэнд “Playtime” гэх мэт залуучуудыг хамарсан үйл ажиллагаа хийдэг болмоор байна” гэв. Түүнчлэн гүйлтийн зам, дугуйн замаа өргөтгөх боломжтой. Хүрээлэн дотор аялал хийдэг болохыг настай хүмүүс хүсдэг. Тиймээс хүрээлэн дотор явдаг автобус байх хэрэгтэй байгааг ярилаа. Хотын дарга энэ асуудлыг шийдэж өгөхөө илэрхийлсэн юм.

Энэ жил газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа. Ирэх 2022 онд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой болно. Ойнуудыг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газрын тос, геологи, уул уурхайн салбарынхны хүндэтгэлийн талбай байгуулах санаачилга гаргаж, газрын асуудлыг шийдвэрлэлээ. УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Хоёр га газар бүтээн байгуулалтын ажил хийнэ. Хүрээлэнгийн шаардлагаар ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай хийх боломжтой” гэсэн.

Мөн “Гэрэлт гэр” төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч Т.Улаанбаатар “220 метр урт гэрэлт гудамжинд нийт 220 км гэрэл ашигласан. Энэ нь Дархан орох хэмжээний гэсэн үг. Азидаа хамгийн урт гэрэлт гудамж. Гэрээг шинэчлэх, Улсын комисс ажиллах шаардлагатай байгаа” гэхэд Хотын дарга залуучуудаа дэмжиж, шийдэл, гарц, гаргалгааг олж, шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн туйлын чухал. Иймээс энэ чиглэлд хотын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа. Өдөрт 12-15 мянган иргэн ирж, цэцэрлэгт хүрээлэнд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, агаар салхинд гарах боломжийг бүрдүүлнэ. Засаж, сайжруулах, урсгал засвар хийх зайлшгүй шаардлагатай зүйлс байна. УУХҮЯ-ны төлөөлөл ойн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг нэмэх, баруун талаас орж ирэх хаалганд тохижуулалт, үйлчилгээний ажлууд хийхэд хөрөнгө оруулалт гаргаж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд энэ салбарын сайд байсан хүний хувьд баяртай байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв, санхүүжилтийг нэмэхэд анхаарна. Монгол наадам цогцолборт бүртгэлтэй 60 автобус байгаа. Түүний 20-ыг цэцэрлэгт хүрээлэнд өгч, хүүхэд, залуучууд, настай хүмүүс сууж, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ танилцах байдлаар зохицуулах санал гаргасныг дэмжиж байна. Улаанбаатарт зүлэгжүүлэлт муу байна. Тиймээс цаашид Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аяныг моджуулах аянтай хамт явуулах ёстой. Үүнийг хийх чиглэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Хот тохижилтын газар, Нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг, чиглэл өгнө” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өмнөговийн нутаг, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөөдөр Завханы зүүн болон хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус.

Бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Идэр, Тэс голын хөндийгөөр эрс сэрүүсч, 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3-НААС 7-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи тавдугаар сарын 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Маргааш ихэнх нутгаар эрс сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Энэ сарын 4-нд нутгийн баруун, 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймаг 12500 тун вакциныг хүлээн авлаа

Говь-Алтай аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалтыг эрчимтэй хийж байна.

Тус аймагт дөрөвдүгээр сарын 6-наас хийж эхэлсэн дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар эхний тунд 5848, хоёр дахь тунд 878 иргэн хамрагдаад байна.

Тавдугаар сарын 1-нд 60-аас дээш насныхан хамрагдсан бол өнөөдөр 40-өөс дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна.

Түүнчлэн өнөөдөр ЭМЯ-наас хуваарилсан 12500 тун вакцин Говь-Алтай аймагт буусныг холбогдох албаныхан хүлээн авч, сумдад хуваарилах ажлыг хийж байгаа ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Улсын хэмжээнд 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэжээ

Монгол орны нутаг дэвсгэр олон жилийн дунджаар жилд 608.300.0 сая шоо мерт усны нөөцтэй.

Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багассантай холбоотойгоор усны нөөц 564,800.0 сая шоо метр болж буурчээ.

Усны нийт нөөцийн 34.600.0 сая шоо метрийг гол, мөрөн, 500.000.0 сая шоо метрийг нуур, 19.400.0 сая шоо метрийг мөнх цас, мөсөн гол, 10.800 сая шоо метрийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьтай тэнцэх талбайд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэж бий болдог. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомсдол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн төсөл болох Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрийн усны нөөцийг тогтоох ажлыг 2019 онд хийж гүйцэтгэжээ. Баруун шинэ эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил болон туршилт шавхалтын ажлын үр дүнд газрын доорх усны нөөцийг Шувуун фабрикийн хэсэгт 885 л/с буюу 76,460.0 м.куб/хоног, Биокомбинатын хэсэгт 736 л/с буюу 63.590.0 м.куб/хоног, нийт 1,621.0 л/с буюу 140,050.0 м.куб/хоног байхаар баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсгийг ундны усны эх үүсвэрээр хангах боломж бүрджээ.

Харин улсын хэмжээнд ахуйн чанарын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа 30 гаруй сум, суурин байдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр сумыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны эх үүсвэрээр хангах, мөн зарим аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа учир дахин усны нөөц тогтоох ажлыг зохион байгуулах, гидрогеологийн хайгуул судалгааны ажилд шаардагдах зардал, хөрөнгийг шийдвэрлэж, жил бүрийн төсөвт тусгах шаардлага тулгарч байгааг салбарын сайд онцолж байв.

Хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн дүн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Ганболд: Энэтхэг улсад суугаа 20 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлсэн

Энэтхэг улсад Covid-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт хэдэн зуун мянган шинэ тохиолдол илэрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нас баралт нэмэгдсээр байна. Тус улсад өнөөдрийн байдлаар манай улсын 280 иргэн байгаагаас 270 орчим нь 3-4 шашны хийдэд шавилан суудаг ламхай нар юм.

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболд “Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр Энэтхэг улсад ажиллаж, амьдардаг, түр хугацаагаар ирсэн 1000 орчим иргэний 700 нь эх орондоо буцсан. Манай улсын 270 орчим ламхай нарын хувьд тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Эх орондоо буцах хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд хүсэлтээ гаргах ёстой. Одоогоор 20 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд хүн амын 43 хувь нь вакцины I тунд, 20 хувь нь II тунд хамрагджээ

Манай улс “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж буй билээ. Улсын хэмжээнд өчигдөр (2021.05.01) 82683 иргэн “Covid-19”-ийн эсрэг вакцинд хамрагджээ.

Үүний 49711 иргэн нь нийслэлд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд 695946, хоёрдугаар тунд 370563 хүн хамрагджээ.

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.05.02) дархлаажуулалтын 110 цэгт 75904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгааг албаныхан мэдээллээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийн 43 хувь нэгдүгээр тун, 20 хувь хоёрдугаар тундаа бүрэн хамрагджээ.

“Covid-19”-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэж мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад тараах эрсдэлтэй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатайг ЭМЯ анхааруулсаар байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүний тоо 100 сая давлаа

АНУ-д энэ сарын 1-ний өдрийн байдлаар насанд хүрсэн 100 сая гаруй иргэн “COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна.

Тодруулбал, Америкийн иргэдийн 30.5 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. Мөн 144 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгээд байгаа нь хүн амын 43.6 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд 308 сая гаруй тун вакциныг түгээгээд байгаагаас 240 сая орчмыг нь тарьсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүрэгт ажилдаа орсон эхний 100 хоногтоо 200 сая тун вакцин тарих зорилт тавиад байсан бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлээр энэхүү зорилтдоо хүрсэн юм.

“COVID-19”-ийн вакцинжуулалтыг өнгөрсөн 12 дугаар сараас эхлүүлсэн АНУ-д гурван вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгон хэрэглэж байна.

“CDC”-ийн мэдээллээр, өнөөдрийн байдлаар “Pfizer/BioNTech”-ийн 127 сая тун, “Moderna”-гийн 104 сая тун, “Johnson & Johnson”-ы 8.5 сая тун вакциныг тарьжээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт нэг өдрийн дотор шинээр халдвар авсан хүний тоо 401.993 боллоо

Бямба гарагт Энэтхэг даяар илэрсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдол анх удаа 400,000-ын босгыг давжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 401,993 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс өмнөх 10 өдөр дараалан 300,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдэж байв.

Бямба гарагт нийт 3,523 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 211,853 хүрсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсын хэмжээнд вакцины нөөц дууссанаас олон бүс нутагт дархлаажуулалтын хөтөлбөр нь саатжээ. Дотоодод үйлдвэрлэж буй вакцины нийлүүлэлт хангалтгүй байгаа тул гадаадаас вакцин нэмж авах ажлыг эрчимжүүлсэн байна.

Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдээлснээр тус улс Оросын Спутник V вакцины 150,000 тунг хүлээж авсан бөгөөд цаашдаа нэмж хэдэн сая тун вакцин ирэх гэнэ.

Нийслэл шинэ Дели хотын Батра эмнэлэгт өчигдөр хүчилтөрөгчийн нөөц дууссанаас найман хүн нас барсны нэг нь тус эмнэлгийн эмч байжээ.

“Дели хотод 976 тонн хүчилтөрөгч шаардлагатай байна. Гэтэл өчигдөр ердөө 312 тонныг тараалаа. Ийм бага хүчилтөрөгчөөр Дели хот хэрхэн амьсгалах билээ?” гэж тус хотын захиргааны өндөр албан тушаалтан Кежривал твиттер хуудсандаа бичсэн байна.

Энэтхэг улсад коронавирусийн халдварын тохиолдол дөрөвдүгээр сарын эхнээс огцом нэмэгдсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус улсын эрдэмтэд маш аюултай вирусийн хувилбар бий болсныг бүр гуравдугаар сарын эхээр эрх баригчдад анхааруулж байжээ.

Гэвч ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар сонгуулийн үйл ажиллагаагаа саадгүй хэрэгжүүлэхийн тулд эрдэмтдийн анхааруулгын мөрөөр ямар нэг арга хэмжээ аваагүй хэмээн буруутгагдаж байна.

Өнөөдрийн байдлаар АНУ, Австрали, Их Британи, Герман, Итали, Сингапур, Канад, Шинэ Зеланд зэрэг улсууд Энэтхэгээс ирэх зорчигчдод агаарын хилээ хаагаад байгаа юм.