- 66.8 хувь буюу 763.634 нь I тунд,
- 36.6 хувь буюу 418031 нь II тунд хамрагдаад байна.
Монголчууд бид ирэх зургаан жилд Монгол төрийг удирдах Ерөнхийлөгчөө сонгох нэн хариуцлагатай сонголтын өмнө тулж ирээд байгаа. УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх хүмүүсээ хуулийн хүрээнд тодруулж дуусч байх шиг байна. аль намаас хэн хэн дэвшихээр болсон, салж сарнисан нам буцаж нийлсэн, нийлсэн байсан нам нь салсан, хэн намаасаа гарч намд элссэн, удаа ч үгүй бас хөөгдсөн, нэг намын нөхөд хоёр талд хэрхэн яаж өрсөлдсөн гээд улс төрийн энэ бүх үйл явц олны нүдэн дээр өрнөсөн учир тэр тухай юу хэлэх билээ. Цахим ертөнцөд амтай бүхэн л бичиж байна. Харин шинээр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх үүрэг ямар байгааг сайтар анзаарах хэрэгтэй. Ямар ч байсан өмнө нь төрийн тэргүүний албыг хашиж байсан эрхмүүд уг хуулиар хамраа тас цохиулж дахин нэр дэвших эрхгүй болсон.
50-иас дээш насны Монгол Улсын иргэн зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаанд хаших эрхтэй Ерөнхийлөгчийн чиг үүрэг, бүрэн эрхийг Үндсэн хуульд ингэж тусгасан. “УиХ-ын шийдвэрт хориг тавих, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Элчин сайдуудыг томилох эгүүлэн татах, улсын цол цэргийн цол хүртээх, одон медалиар шагнах, уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, улс оронд онцгой нөхцөл бий болбол холбогдох хууль журмын дагуу онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх (энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэрийг УиХ эцэслэж батална), Зэвсэгт хүчний командлагч байх зэрэг бүрэн эрхтэй. Гэхдээ эдгээр эрх үүргээ Ерөнхийлөгч хоёрдмол утгаар хэрэгжүүлнэ гэдгийг олон нийт онцолж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоогийн мөрдөгдөж буй Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийн бүрэн эрх өмнөхөөсөө хязгаарлагдаж байгаа.
Өмнө нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх, прокурор, аТГ-ын тухай хуулиудаар эдгээр хууль хүчний гол байгууллагын удирдлагуудыг томилох, шүүгчдийг томилох гээд онцгой эрхтэй байсан. Тухайлбал, Шүүхийн тухай хуулиар шүүгчдийг ганцаараа мэдэн томилж, чөлөөлөх мөн прокурор болон ын хуулиар эдгээр байгууллагын удирдлагыг санал болгож томилуулах дархан эрхтэй байв. Тэгвэл шинээр мөрдөж буй Үндсэн хуулийн 33-ын 1.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйл заалтад заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж хатуу чанд зааж өгсөн. Тэр нь дээр өгүүлсэнчлэн УиХ-д хориг тавих, уучлал үзүүлэх, цол одон медаль олгох зэрэг юм. Гэхдээ “олгоно” гээгүй, “олгож болно” гэсэн ийм л заалттай. Өмнө нь хууль хүчнийхнийг өөрийнхөө эрх таашаалд нийцүүлэн ганцхан кноп дараад шийддэг байсан бол сүүлд мөрдөгдөж буй Шүүхийн тухай хуулиар гэхэд Ерөнхийлөгч зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны санал болгосон шүүгчдийг томилж, чөлөөлөх үүрэг хүлээсэн гээд заагаад өгчихөж байгаа юм.
Одоогийн мөрдөж буй Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх үүргийг ингэж заажээ. Үндсэндээ төрийн тэргүүн болох хүн хууль журмаараа ийм үүрэгтэй юм байна. Харин монголчууд бид энэ удаа ямар хүнийг Ерөнхийлөгч болгохыг хүсч байгаа вэ.
Уг хариултын үзүүр гогцоог тайлахын тулд сүүлийн дөрвөн жил Монгол төрийг удирдсан, одоо хуулийн дагуу халаагаа өгөхөөс өөр аргагүйд хүрээд байгаа Ерөнхийлөгчийн алдаа оноог авч үзэж таарна. Өдөр болгон аав хүн хөмсгөө зангидчихаад эхнэрээ ч загнаж зандраад, үр хүүхэд рүүгээ ч дайрч давшлаад хэрүүл заргатай, айдас хүйдэстэй гэр орон ямар байх нь мэдээж. Тэр гэрт амар тайван амьдрал, аз жаргал лав байхгүй. Монгол хэмээх айл гэр сүүлийн дөрвөн жил яг л ийм өнгө төрхтэй хүйтэн зэврүүн байлаа. Ерөнхийлөгч маань бараг л өдөр бүр ямар нэгэн хүнийг занаж, шударга бус гэх нэрийн дор хүмүүсийг барьж хорих, өмч хөрөнгө хураах хумих, дандаа л занаж зандарсан, дайрч давшилсан ийм л ажил хийлээ. дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ л 30 гэр бүлийг сүйдэлнэ, хамаг хөрөнгийг нь хурааж улсын орлого болгоно, оффшорт байгаа нөхдийн мөнгийг оруулж ирж бас л хураана гэж ярьж, мөрийн хөтөлбөрийн гол зорилго чиглэл нь ч үүнд байсан. Тэгээд нэг их сүрхий царайлж шударга ёс ярьж ядарсанд тус дэм болох тухайгаа зарласан.
Бид бүхэн шударга ёс гэдгийг бусдын хөрөнгийг хурааж, дээрэмдэх гэж ойлгоод хөрөнгөө хураалгаж байгаа тэр нөхдүүд бол Монгол Улсыг цөлмөж дууссан, бараг л хүн бүхний хүртэх ёстой баялгийг зөвхөн гэр бүлээрээ хуваагаад идэж байна гэж ойлгоод дэмжээд байсан. Энэ ч утгаар монголчууд Ерөнхийлөгчийг хаан гэсэн байдлаар сонгож, дээдлэн хүндэтгэдэг байснаа сүүлийн үед ойлгоод больж байгаа. Хаан гэдэг үлгэр домогт гардгаар бусад хүмүүсийн эд зүйлийг нэр төрөөрөө далайлган булаан авч, ямар ч үед дархан эрхтэй байдаг ийм эрх ямба юм. Яг ийм хуучны ойлголтоор ард түмэн Х.Баттулгыг оффшорчдын мөнгийг оруулж ирээд бидэнд өгөх, 30 гэр бүлийн хөрөнгийг хурааж тараах байх гэж горьдоод байсан. Харин энэ бүхэн хуулиараа хориотой гэдгийг сүүлийн үед ойлгосон.
Хамгийн гол нь хувь хүн өөр дээрээ бодож эхэлсэн. Хүний өмч рүү ингэж айхавтар дайрах түүнийг хурааж бусдад өгнө гэдэг чинь хуулиараа хориотой, байж боломгүй гэмт үйлдэл гэдгийг мэдэрч, өөрийнх нь таван мал, амины ганц байшинг нэг л өдөр хураана гээд ороод ирвэл яана гэх айдас төрсөн. 30 гэр бүлийг нураана гээд байдаг, 30 гэр бүл гэдэг бол Монгол Улсын айл өрхийн л нэг. Үүнийг дэмжээд байтал нэг өдөр манайх 300-д нь багтдаггүй юм аа гэхэд 3000 өрхөд багтвал юу болох бол гэсэн болгоомжлол хүмүүст төрж эхэлсэн. Хувийн өмчтэй хүнийг үнэн голоосоо үзэж чаддаггүй социализмын үеийн энэ сэтгэхүй хийсвэрээр оршин тогтнож байсны илэрхийлэл 30 гэр бүл дээр гарч байсан. Харин тэр хөөс одоо хагарч байгаа нь “би ч гэсэн өмчтэй, тэгвэл яагаад өмчтэй байж болдоггүй юм, хүн хувийн өмчтэй, баян тансаг байсныхаа төлөө нийгмийн шаар шавхруу болох ёсгүй” гэх хандлагаар илэрч байна.
Тэгэхээр бид хувийн өмч рүү шударга ёс нэрээр айхавтар дайрсан, шүүх, прокурор хууль хүчний байгууллагыг гартаа оруулах гэж улайрсан, ямар ч нөхцөлд дайсагнахыг уриалсан, тэр ч бүү хэл парламент засаглалтай Монголд парламентыг тараах, эрх барьж буй улс төрийн хүчнийг татан буулгах гэж зүтгэсэн, Монголоо хагалан бутаргах гэсэн ийм Ерөнхийлөгчтэй байж болохгүйг ухаарч байна. Одоо бол хэт хүчирхэг бие хүн болон түүндээ эрэмшин юуг ч үл тоодог бас эрх мэдлээр далайлгасан хонзон өвөрлөсөн төрийн тэргүүнээс залхсан байна. Мөн дээрээс нь тархи оюуныг бус булчинг шүтсэн, мэдлэг боловсрол дулимаг, аливаад хийрхсэн хуйрганасан бас огтхон ч буулт хийдэггүй тэмцэгч, тамирчин зан ааштай хүнээс бүр чиг залхжээ. Монголын ард түмэн мэдлэг боловсролтой, аливаад ухаалаг, ул суурьтай, нэгэн жигд тогтуухан ханддаг, аюул нүүрлэхэд ард түмнээ хаяад зугтахгүй, хамгийн гол нь хуулиа баримталдаг, төрт ёсыг эрхэмлэн дээдэлдэг хүнийг хүсэмжилж байгаа.
Бидэнд одоо тэмцэгч, сэлэмчин, айхавтар том булчин, түүндээ шахагдсан өчүүхэн тархитай хүмүүс хэрэг байхгүй гэдгийг харж байна. Хүний үг сонсдог, хууль дээдэлдэг, монгол түмнийхээ ёс заншлаар тоглоом тохуу хийдэггүй жирийн монгол сэхээтэн хүн хэрэгтэй. Чингисийн үед баатруудаар жанжин тавьдаггүй ёс юутай үнэн байсны ач холбогдол одоо ч арилаагүй байна. Эрдэм боловсролыг дээдэлсэн, жирийн сэхээтэнг гаргаж ирэхээ намууд даанч мэдэхгүй байгаа нь энэ цагийн эмгэнэл болчихсонд хамаг учир бий. Монголыг талцуулсан хүн Ерөнхийлөгч болж болдоггүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа. Үндсэн хуульдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж дэмий ч нэг заагаагүй. Ямар хүн эв нэгдлийг илэрхийлэгч байх вэ гэдэг зан чанарыг харж байж дэвшүүлэх хэрэгтэй. ийм л хүнийг ард түмэн хүсч байна
“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал цахим чуулган үргэлжилж байна.
Уг чуулгах энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хүн бүр оролцох боломжтой юм.
“Хэнийг орхихгүйгээр хөгжих” уриатай тогтвортой хөгжлийн 17 зорилтын 4 дэх зорилго буюу “Чанартай боловролыг дэмжих” зорилгын хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан гэрээ, Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ хоорондын гэрээг үндэслэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022) хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдаж, иргэн бүрийн оролцоотойгоор байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тогтвортой, чанартай амьдралын хэв маягийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, иргэдийн боловсролоор дамжуулан хөгжлийг авчрах хамтын ажиллагааны загварыг бий болгохоор зорьж байна.
“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулган нь 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний өдөр “Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн боловсрол ба Mонгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга” сэдвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын хүрээлэн, Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн төлөөлөл илтгэл тавьж оролцлоо. Тус өдрийн зөвлөгөөн нь “Бодлогыг уялдуулах”, “Суралцахуйн орчинг хувирган өөрчлөх”, “Сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах”, “Хүүхэд, залуучуудад боломж, эрх мэдэл олгох”, “Орон нутгийн түвшин дэх үйл хэргийг эрчимжүүлэх” гэсэн 5 салбар хуралдаанаар үргэлжлэв. Дэлхий нийтээр зорьж буй тогтвортой хөгжлийн зорилт нь харилцан хамааралтай, нийгмийн бүхий л салбар, бүлгийг хамрахаар төлөвлөгдөж зорьж байгаагаараа онцлог бөгөөд манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн боловсролын алсын хараа, замын зураглалыг энэ удаагийн арга хэмжээ тодорхойлно гэв. Ингэхдээ боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт зэрэг салбар хоорондын бодлого, төлөвлөлтийг уялдуулах шаардлагатай тул өнөөдрийн арга хэмжээ цаашдын зураглалыг үүсгэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд нэмэртэй ажээ.
Хойч үеийнхээ амьдралын чанарыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал
Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир: –Байгаль, нийгмийн аль ч түвшний, ямар ч төвөгтэй үйл явцад тухайн системийн хэвийн үйл ажиллагааг хангахдаа түүний аюулгүй байдлыг хадгалж, өнөөгийн болон хойч үеийнхээ “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал. Энэ нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго нь чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлэх явдал. 2021-2026 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь монгол хүний онцлог, давуу тал, үнэт зүйлийг тодорхойлох; Сургалтын хөтөлбөрийг монголын түүх, эх хэл, зан заншил, эх оронч үзэл хандлага, үндэсний өв уламжлалын агуулгаар баяжуулах; Бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсний тухай боловсрол олгох; Сургалтын цахим платформ хөгжүүлэх; Боловсролын чанарыг олон улсад үнэлүүлэх юм.
Иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, тэгш боломж олгох; сургалтын агуулга, хөтөлбөр, стандартын хэрэгжилтийг үнэлэх, сургалтын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үнэт зүйлсийн агуулгыг тусгах; монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх; боловсролын чанарыг үнэлэх бодлогыг төрөөс баримталж байна.
Цаашид бүх түвшинд гаргах бодлого шийдвэрийн үндсийг боловсруулах, сайжруулах шаардлагатай байна. Монгол Улсад ТХ, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа боловч хэрэгжилт, үр дүн хангалттай биш.Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, багш, ажиллагсдын хүйсийн харьцаа алдагдсан, ерөнхий боловсролд хөвгүүдийн сурлагын амжилт анхаарал татахуйц сул. Хэрэгжилтийг хангах байгууллага (институт), хэрэгжилтийг удирдах үйл явц, засаглалын асуудалд онцгой анхаарал хандуулах чухал байна.
Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгож байна
БОАЖЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Уранчимэг:
– Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, эрдслийг даван туулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” нь 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 он гэхэд зөвхөн “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд Монгол Улс нийт 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргаад байна. Мөн байгальд орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. 2013-2019 онд нийт 55.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татварт оногдох орлогоос чөлөөлсөн. “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд “Хай би Ойл” ХХК, “Цэцүүх трейд” ХХК, “Мсрт” ХХК, “Мон батт” ХХК зэрэг 4 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, мөнгөн урамшуулал олгосон. Цаашдаа байгаль, нийгмийн аль ч түвшинд ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж, “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна.
“Салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж байгаагаараа онцлог”
Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургуулийн төвийн гүйцэтгэх захирал, төрийн удирдлагын докторант Э.Шинэцэцэг:
– Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд Монгол Улсын Засгийн газар баталсан.
Тогтвортой хөгжлийн төслийн хүрээнд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бүх түвшний бодлого, төлөвлөлтэй уялдсан байдлыг тодорхойлох; 2020 оныг хүртэл хүрсэн үр дүнгээ нэгтгэн тоймлох; “ТХБ 2030”-ыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх; Оролцогч талуудын хамтын санаачилга, түншлэлийн арга хэлбэрийг илрүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх, нэгтгэх; Салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааны зураглалын төслийг боловсруулах; Мэдээллийн баазыг баяжуулах, цахим орчинд ажиллах хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хамтын санаачилгыг үүсгэсэн. Байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн үндэсний болон орон нутгийн бүх түвшний төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн институт, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хамруулж, салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, түншлэл, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж буй нь энэ төслийн онцлог юм.
Энэхүү үндэсний виртуал чуулган 4 өдөр үргэлжилж, 13 байгууллага, 75 зохион байгуулагчийн оролцоотойгоор 8 бүлэг сэдвийн хүрээнд форум хэлэлцүүлэг өрнөж, 34 илтгэгч, 70 салбар хуралдааны илтгэгчтэйгээр зохион байгуулагдах болно.
Монгол Улсын ТХБ-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах нь нэгдсэн үйл ажиллагааны гол зорилго юм.
“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл” виртуал чуулганы эхний өдөр ийнхүү “Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, тогтвортой хөгжлийн бодлого ба Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга” үндэсний зөвлөгөөнөөр үргэлжиллээ. Чуулган маргааш “Тогтвортой хөгжлийн түншлэл-Орон нутгийн манлайлал”, “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт олон нийтийн форумаар үргэлжилнэ. Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл https://www.eduexpo.mn/ цахим платформд хандана уу.
– АВЛИГАТАЙ ТӨР БИЗНЕСЭЭ САЙН ЯВУУЛАХ БОЛОМЖИЙГ ХҮН БҮРТ ОЛГОДОГГҮЙ –
Эдийн засагч, нийтлэлч, Defacto Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?
-“Ковид-19” цар тахал ийм өргөн хүрээг хамарна гэж аль ч улс орон таамаглаагүй байсан. Жил хагас манай улсын хил хаалттай байна. Тэгэхээр эдийн засгийн үйл ажиллагаа ямар байх нь ойлгомжтой. Материаллаг баялгийг бүтээдэг салбарууд нь зогссон учир хүмүүсийн хэвийн амьдралыг хангахын тулд төр засаг эдийн засгийн эргэлтийг хадгалахын тулд чадах хэмжээгээрээ ажилласан.
Хил арваад сар хаалттай байж байгаад, вакцин гарах цаг үе рүү харьцангуй ойртож чадлаа. Одоо вакцинжуулалт эрчимтэй хийгдэж байгаа учраас эдийн засаг идэвхжих болов уу. Эдийн засгаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд юуны өмнө мөнгөний эргэлтийг хэвийн байлгах ёстой. Ингэхийн тулд өмнөх Засгийн газар таван их наяд, одоогийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрөөр нэгдүгээрт, эдийн засгийг бүтээж буй хүмүүсийн ажлын байрыг хадгалах. Хоёрдугаарт, үеийн үед л байсан орон сууцны асуудлыг шийдэхэд анхаарахад хөтөлбөрүүд чиглэж байна. Тиймээс бэлэн болсон байрнуудад ипотекийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Хэрэгжилтийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүгд харсан болов уу. Үр өгөөжийн хувьд цаг хугацаа харуулна. ямартаа хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл буюу 650 тэрбум төгрөг эдүгээ олгочихоод байна. Уг зээлийн үндсэн хүү нь есөн хувь, үлдсэн зургаан хувийг Засгийн газар төлж байгаа. Энэ бол төсөвт ачаалал болно. Сангийн сайд саяхан “Төсөвт урьдчилж тооцоогүй ачаалал гарч байгаа. Түүнийг бууруулахын тулд гадаадаас тусламж авах шаардлагатай” гэж хэлсэн.
Үүнээс гадна манайх харьцангуй их өртэй улс. Гадаад өрөө цагт нь төлөх ёстой. Ямартаа ч хамгийн өндөр хүүтэй “Мазаалай” бондын өрөө цагт нь төлсөн. Энэ мэтээр “Ковид-19” цар тахлын үр дагавартай боломжийн хэрээр тэмцэж байна. Хэрвээ бид ковидыг зогсоож чадвал ирэх долдугаар сарын 1-нээс эдийн засаг огцом өсөх болов уу. Жишээ нь, гэртээ удаан суучихсан хүмүүс,хаасан усыг нь тавьчихсан мэт худалдаа хийнэ Худалдаа, мөнгөний эргэлтэд маш хурдан нөлөөлөх байх. Ингээд бизнесийн нийлүүлэлтэд огцом өсөлт авч ирнэ гэж харж байна. Энэ жилийн хоёрдугаар хагаст манай эдийн засгийн огцом өснө.
-Хятадын эдийн засгийн сэргэлт, зэсийн үнийн өсөлт мөн нөлөөлөх болов уу?
-Тийм, Харин өсөлт бол уул уурхайгаас гол хамааралтай эдийн засагтай учраас урд хөршид нүүрс, зэс хүргэж буй дэд бүтцийн чадвараас их хамаарна. Тэр чиглэлийг төмөр зам хурдан ашиглалтад орчихвол сайн байна. Гэхдээ энэ жилдээ бараг амжихгүй байх. Үүнээс гадна нүүрс баяжуулах үйлдвэрээ эхэлж байна гэж сонссон. Мөн цахилгаан станц баригдаж эхлэх ёстой. Энэ мэт том төслүүд нь эхэлчихээр эдийн засгийн эргэлт хурдасна.
Хятадын эдийн засаг ковидын дарамтаас түргэн гарч эхэллээ. Зэсийн хэрэгцээ дэлхий даяар ч улам өсч байна. Энэ цаг үед хүн төрөлхтөн технологийн дараагийн шинэчлэлтэд орж байна. Үүнийг манай улс одоохондоо мэдрэхгүй байна. Технологи хөгжүүлэг ч орнуудад. Нэгдүгээрт, 5G, хоёрдугаарт, Blockchain технологи эрч хүчээ авч байна. Энэ хоёр дээр суурилсан цахилгаан машины үйлдвэрлэл огцом өсч байна. Цахилгаан машины үйлдвэрлэлд маш их зэс ордог. Мөн хагас дамжуулагч чипний үйлдвэрлэл хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.Тиймээс зарим машины үйлдвэрлэл төлөвлөгөөнөөсөө хоцорч байгаа. Товчоор цар тахал удалгүй дуусна. Тун удалгүй бид цахилгаан машин руу шилжих юм. Цаг хугацааны асуудал. Үүнтэй зэрэгцээд монголчуудын хувьд ямар асуудал тулгарч байна гэхээр одоо байгаа 300, 400 мянган приус машиныг яах вэ? Бүгдээрээ хуучирсан, нэг машинд хориод ширхэг батарей байдаг. Ялангуяа хөл хорионоос болоод удаан зогссоны дараа хуучин машин асахгүй байна гэсэн. Солих хэрэгтэй, гэхдээ хуучнаа яах билээ? Хаана хаях билээ. Байгальд хортой. Тэгэхээр батарей боловсруулах үйлдвэр барихаас өөр сонголт алга. Учир нь манай хоёр хөрш хуучин батарейг нутаг дэвсгэр дээгүүрээ явуулдаггүй.
-ХҮН-аас өрнүүлсэн “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд олон хүн таны нэрийг дэвшүүлж, уг эвслээс танд санал тавьсан. Саналаас татгалзсан шалтгаан тань юу вэ?
-Надад санал тавьсан ХҮН, нэр дэвшихийг дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаа. Энэ талаар сайн бодож үзсэн л дээ. Гэхдээ би улс төрийн бус, нийгмийн зүтгэлтэн хүн учраас нийгмийн ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодсон. Ер нь ардчилал, ардчиллын үнэт зүйлийг дээрээсээ төр засаг, институци гэхээсээ илүү, доороосоо иргэдээсээ дэмжих ёстой. Учир нь ардчилсан төр засгийг иргэний нийгэм хянадаг, засдаг. Тиймээс нийгмийн идэвхи, та бидний хэвлэл мэдээллийн ажил чухал үүрэгтэй. Харин үүргээ бид сайн ойлгохгүй байна.
Ардчиллын үнэт зүйл болох хүний эрх, чөлөөт зах зээл, хаана амьдрах, юу хийхээ өөрөө сонгох зэрэг агуу эрх чөлөөг хүн төрөлхтний хагас нь мөрөөдөөд ч авч чадахгүй байхад бид авчихсан байгаа. Тэгвэл энэ үнэт зүйлээ яаж бэхжүүлэх, авч үлдэх, яавал эргэж буцалтгүйгээр эх орныхоо хөрсөнд, хүн бүрийн тархинд шингээхийн тулд хүн бүрийн оролцох хэрэгтэй. Иргэдийн оролцоогүйгээр төрийн эрхэнд байгаа хүмүүсийг нэгийг нь нөгөөгөөр нь солиод хөгжихгүй. Төр нь бусад хүний хөрөнгөөр ажиллаж байгаа учраас тийм сайн ажилладаг машин ч биш.
Харин иргэний нийгэм буюу тэдгээр эрх баригчдыг сонгосон, мэдээлэлтэй иргэд төр засгийн өдөр тутмынх нь ажлыг хянадаг, засдаг, сонгуулиар сольдог юм. Бид энэхүү ардчиллын бүхэл бүтэн систем ажиллуулж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь иргэний нийгэм үүсэхгүй, хүмүүс ч идэвхтэй биш байна. Зөвхөн сошиал медиа дээр хэт “хашхирсан”-аас хэтрэхгүй байна. Харин сүүлийн үед хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн бий болж байгаа нь зөв.
Би иргэний нийгмийн хөгжүүлэх чиглэлээр долоо хоног бүр нийтлэл бичиж, телевизийн ярилцлага хийж вэб сайтдаа хэвлээд арваад жил байна. Нийтлэлүүд англи, япон, орос, хятад,солонгос хэлээр бас гардаг. Учир нь ардчилалын үнэ цэнэ, алдаа оноо бол бүх улс оронд хамаатай. Хөршүүдэд маань төрийн удирдлагад гарсан хүн олон арван жилээр солигдодгүй. Манайд бол өөр. Ерөнхийлөгч өмнө нь дөрөв, одоо зургаан жилийн дараа дүнгээ тавиулдаг, солигддог. Үүнээс болж төрийн бодлого нь тогтвортой бус, Засгийн газар олон солигдож байгаа нь үнэн.Гэхдээ энэ бол аль нэг нам, бүлэг монополь эрх авахгүй байх баталгаа болдог. Ардчилал нь олонхын нь шийдвэрээр явдаг. Гэхдээ олонхын нь сонголтоор бий болсон төр засаг цөөнхийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах ёстой. Тэгж бид илүү хурдан хөгжинө. Өнөөдөр манай ардчилсан төр засагт саад болж байгаа ганцхан зүйл бий. Тэр нь авлига. Авлига төр засгийн бүх түвшинд гүнзгий шингэсэн. Эхлээд уул уурхайн лиценз, дараа нь Улаанбаатарын газрын авлига, одоо бол эрх мэдэл, албан тушаал, гадаад томилолт гээд явж байна. Авлигын амьд жишээ нь Богд уулын амууд. Ам бүр авлигын хөшөө. Үүнийг засаж чадахгүй байгаа. Олон залуус маргаашдаа итгэхгүй зугтаж байна. Болж өгвөл л гадагшаа яваад байна.
-Улс төрийн намуудад өрнөж байгаа үйл явцыг та хэрхэн дүгнэж байна.Эрх барьж байгаа намаас Ерөнхийлөгч сонгогдчихвол нэг намын дарангуйлал тогтоно хэмээн зарим улс төрчид, хүмүүс ярьж байна л даа. Төрийн эрхийг нэг нам давамгайлж барих нь ардчилалд нөлөөлөх үү?
-Ардчилсан нийгэмд төрийн эрх барьдаг ганц институци бол улс төрийн намууд. Гэхдээ улс төрийн намууд олон байж, ядаж сонголттой байх хэрэгтэй. АН-ыг үзэл бодол ашиг сонирхлоороо нийлсэн хүчтэй бүлэг болж жигдрээд байна гэж бодтол одоо хоёр толгойтой болчихлоо. МАН, АН хоёр Монголын улс төрийн гол хүчин болж ирсэн. Гэтэл хоёр баганын нэг багана нь дотроо хоёр болчихсон ганхаж байна. Яагаад ийм болчихов гэсэн асуулт гарч ирж байна.Улс төрийн намуудын санхүүжилт нууц,түүнийг нь эс үйлдлээрээ төр засаг зөвшөөрч буйгаас их мөнгөтэй нь сонгуульд ялж байна. Монголын улс төрд эрх мэдлийн төлөө зодоон болж байна. Төрд байгаа нь эрх ашгаа хамгаалах, авч үлдэх гэж оролдож байна. Намууд өөрсдийг нь санхүүжүүлж буй бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн хүмүүсийн бөөгнөрөл болжээ.
Төрд бүлэглэлээ хамгаалах, нөгөө бүлэглэлээ дарах, шударга өрсөлдөөнийг алга болгох, зөвхөн өөрсдийн хүмүүстээ албан тушаал өгөх зорилготой болжээ. Олон арван хөгжиж буй орон ингэж ардчилаасаа ухарсан байдаг. Санхүүгийн тайлангаа иргэдэд гаргаж өгдөггүй, улс төрийн намуудыг бид өдий болтол дэмжээд ирлээ. Энэ байдал удах тусам ардчилал хэврэг болно. АН-ын өнөөгийн байдал үүнийг харуулж, түгшүүрийн дохио нийгэмд өгч байна.
МАН бол харьцангуй институц болсон ч дотоод ардчилал нь сул, гол шийдвэрүүдийг нь дарга нар нь голдуу гаргаж байна. Энэ бол ноцтой асуудал. Хэрвээ намын шийдвэрийг зөвхөн дарга нар нь гаргаад, гишүүд оролцдоггүй бол АН нам шиг хямрал бол цаг хугацааны л асуудал. Дефакто институциэс Израилийн институцитэй хамтарч намын дотоод ардчилал ямар байгаа талаарх судалгааг сүүлийн гурван жил хийж, англи, монгол хэлээр гаргаж байна.
Нөгөөтэйгүүр иргэний нийгэм яагаад чухал болохыгманай хэвлэлүүд тэр бүр ярихгүй байна. Хэвлэлийнхэн МАН-ын, эсвэл АН-ын талд орохоосоо өмнө, мэргэжлийн бодитой үнэлгээ өгөх хэрэгтэй байна. Аль нэг талыг зөвтгөх гэсэн хандлага гаргаж буй нь сэтгүүлзүйн мэргэжлийн нэр хүнд, сэтгүүлчийн цалинг унагаж байгаа юм. Өнөөдөр манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч 75 хувийг нь улстөрчид эзэмшиж байна.
-“Мэдээллийн урсгал” нэвтрүүлгийг юу гэж дүгнэж байна?
-Яг үнэндээ би үүнийг ойлгоогүй. Нэг суваг нөгөө сувгаасаа үзэл баримтлал, хандлагаараа ялгаатай байх ёстой. Бүгдээрээ нэгдчихээд мэдээлэл өгөөд байвал олон ургалч үзлийг хаанаас олгох юм бэ. Ойн шувууд бүгд адилхан дуугардаг болчихвол яах билээ.
Үзэл бодол олон байж хүчтэй байдаг.Нэгдэл гэдэг олон янзын үзэл бодолтой хүмүүс нэгдэхийг хэлдэг болохоос нэг ижил үзэл бодолтой хүмүүс хамт байхыг хэлдэггүй. Тиймээс ардчиллын үнэ цэнийг бэхжүүлэхэд урагшаа алхам хийлээ гэж үзэхгүй байна.
-Ер нь өдрөөс өдөрт ардчилал хэврэгшээд байна уу. Цаашид яах бол?
-Улам хэврэг болоод байна. Цаашид яах нь иргэд яаж ойлгосноос хамаарна.
-Өнөөгийн нөхцөлд иргэдэд орлого л чухал болохоос нийгмийн асуудал төдийлөн чухал биш байна шүү дээ. Энэ нь улс төрийн нам, улстөрчдөд олз болоод байх шиг байна л да…
-Тийм. Ийм байх тусмаа улс төрийн намуудад ашигтай. Тэдний ил далд тарааж байгаа бэлэн мөнгөнд хууртагдах нь улам өндөр болж байна. Нөгөө талд авлигатай төр хүн бүр бизнесээ сайн явуулах боломжийг олгодоггүй. Өөртэй нь холбоотой хүмүүст илүү боломжөгөөд байна. Үүний тод илрэл нь төрийн нэртэй ч, намын эзэмшилтэй том компаниуд бий болж байна. Энэ нь шударга өрсөлдөх боломжийг хаагаад байгаа юм. Засгийн газар “Би ард түмэндээ хайртай учраас үнийг хязгаарлана” гэдэг. Үнэндээ хорлож байгаа юм. Бензиний үнийг хайрцаглаад барихын оронд чөлөөтэй болгочихвол компаниуд зардлаараа өрсөлдөнө. Үүний дүнд бид хямд бензин авна. Учир нь бид бараг 30-иад нийлүүлэгчтэй. Засгийн газраас “Та нар энэ үнээс хэтрүүлэхгүй шүү”,“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх мэтээр арга хэмжээ авч байна. Энэ бол дандаа улс төрийн лобби. Чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас компаниуд өрсөлдөж, ажлын байр шинээр бий болгож чадахгүй байна. Ажилгүйдэл ихсээд байна. Хэвлэл мэдээллийн салбарт ч тэр. Ажлаасаа халагдах хамгийн их магадлалтай хүмүүс нь сэтгүүлчид. Учир нь чөлөөт өрсөлдөөн байхгүй. Яаж та Ерөнхийлөгчийн, сайдын веб сайт, телевизтэй өрсөлдөх юм бэ. Ингээд чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас дуулгавартай хүн авна, хараат бусыг нь халж, эсвэл цалинг нь бууруулна. Нийгэм даяар чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас ажлын байр хомстож иргэд Солонгос руу зугтаад байгаа юм. Иргэдийн орлого багасаж, улстөрчид саналыг нь худалдаж авахад улам амар болоод байна. Ийм л чөтгөрийн тойрогт эргэлдээд байна.
-Авлигыг бууруулахын тулд хаана нь ямар реформ хийх хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Хоёрдугаарт, шүүхийн засаглалыг шударга болгохын тулд гол гол шүүгчдийг УИХ-ын гишүүд шиг сонгочихмоор байгаа юм. Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын шүүхэд нөлөөлөх нөлөөллийг зогсоох хэрэгтэй.
Нэг нь шийдвэр буюу хууль гаргаж нөгөөх нь хэрэгжүүлдэг. Гурав дахь нь энэ нь зөв хийгдэж, хэрэгжиж байна уу гэдгийг хянадаг хараат бус байгууллага байх ёстой атал бүх шүүгчид энэ хоёр байгууллагаасаа хараат болчихоод тэр явцдаа өөрсдийнхөө ашиг сонирхлыг хэрэгжүүлээд байна. Ингээд монголд шударга ёс алдагдаад байна л даа. Шударга ёс алдагдсан газар хүмүүс сайхан амьдардаггүй. Ер нь үүнийг эрт хязгаарлаж барьж авахгүй бол үймээн самуун гардаг. Олон үндэстэнтэй улсад иргэний дайн,олон шашинтай газар шашны мөргөлдөөн гардаг. Үүнийг цаагуураа улс төрчид нь дэмждэг. Тиймээс би юу хэлэх гээд байна гэхээр зөвхөн чөлөөт эдийн засаг, нээлттэй ардчилсан засаглалтай улс оронд эдийн засаг нь хөгждөг. Энд Сингапурыг жишээ болгох юм. Сингапур хэдий диктатурын дэглэмтэй ч эдийн засагтаа сая дурдсан аргачлалуудыг зөв хийж өгсөн. Гуравдугаарт, өнөөдрийг хүртэл төр нийтийн хөрөнгийг завшсан бүх хүмүүстээ хуулийн дагуу шүүхээр хариуцлага тооцох хэрэгтэй. Ардчилсан нийгэмд өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн зүйл л чиний хөрөнгө болохоос юу ч хийгээгүй мөртлөө гэнэт хөрөнгөжсөн бол, түүнийгээ тайлбарлаж чадахгүй байгаа бол бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Тэд гэхдээ ингэж чадахгүй. Учир нь өөрсдөө холилдчихсон. Тиймээс улс төрийн асар том шударга ёсны реформ хийх хэрэгтэй. Үүнийг сайн ойлгоогүй иргэдэд МАН, АН гэж өнгөн дээр нь талцуулах нь тэдэнд ашигтай байгаа юм. Сайн мэдэхгүй, ажилгүй, ядуу голдуу нөхдүүд МАН, АН гэж хандаж байна.Намайг жаахан байхад улаан, цэнхэр ороолттой хулгианууд хоорондоо зодолддог байсан. Яг одоо тийм зүйл болж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байхыг хуулиар заачихсан. Гэхдээ өнөөгийн түвшинд зарчмын хувьд, хувь хүний хувьд ямар Ерөнхийлөгч манайд хэрэгтэй байна вэ?
-Шударга хүн байх хэрэгтэй. Ерөнхийлөгч хэн ч болсон бай ах дүү, хамаатан садангийнхаа материаллаг баялгийн төлөө юу ч хийж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ганцхан удаа сонгогдох зохицуулалттай болсон учраас дараагийн удаад гэж бэлдэхгүй байх. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсны бэлэг тэмдэг байх ёстой. Эв нэгдлийн гэхээсээ илүү шударга ёсны бэлгэ тэмдэг байх Ерөнхийлөгч өнөөдөр Монгол Улсад хэрэгтэй байна.
Бид ер нь эгзэгтэй үед байна. Бүтээлч, хийсэн бүтээсэн зүйлээ эдийн бус виртуал хөрөнгө дээр дэлхийн зах зээлд гардаг хүүхэд залуусыг бид хурдан бэлдэх хэрэгтэй. Тэгвэл blockchain-д программ бичээд сарын 10 мянган долларын цалин авах боломж нээгдэхээр байна. Бусад улсын хүүхдүүд сурч болоод байхад манай хүүхдүүд сурчихна. Flexible resilient education system гэдэг. Ялангуяа дунд ангиа хүртэл хүн болгоход илүү анхаарах хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил бие биенээ хүндлэх, хайрлах, өөрийгөө илэрхийлэхэд сургах хэрэгтэй. Үүнийхээ дараа мэдлэг олгохгүй хэрэгтэй.Үүнийг би олон жил судалсан, манайд Финландын боловсролын систем манайд яг тохирох юм байна лээ. Тэнд дөрөв, тавдугаар анги хүртэл нь хүүхдэд дүн тавьдаггүй. 16 настай Финлянд хүүхдүүд дэлхийн олимпиадад түрүүлдэг шүү дээ.
-Шинжлэх ухаан залуус ховор болж. Боловсролын системийн бодлогын хаана нь алдаа гараад шинжлэх ухаанч залуучууд ховордчихов оо?
-Төр засагт мэдлэгтэй бус улстөрч хүмүүсийг гаргаад байгаа юм. Мөн багш нар ч мөн мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Системийн хувьд ямар асуудал байна вэ гэхээр жишээлбэл, багшийн цалинд байна. НДШ-д цалингийхаа 25 хувийг бүгд төлж байгаа. Уг нь энэ шимтгэл нь даатгал бус, хуримтлал байх ёстой. Учир нь таны мөнгө учраас та тэтгэвэрт гарахаараа энэ мөнгөө буцааж авах ёстой. Шимтгэлийг нь хоёр дахин их болгож төрөөс өгдөг бол багш тэтгэвэрт гарахдаа асар их мөнгө авна. Багшийн мэргэжлийн нэр хүнд өсч, сайн сурлагатай хүүхдүүд энэ мэргэжлээр суралцдаг болно. Ингэж сайн багш нар “төрж” шинжлэх ухааныг ямар агуу гэдгийг зааж өгнө. Өнөөдөр болохоор хуульч, инженер болно гэж явсаар байгаад, хамгийн сүүлд үлдсэн сул хүүхдүүд нь багшийн хуваарийг авч байна.
Финляндад багш болохын төлөө маш том өрсөлдөөнд болдог. Багшийн цалин, нэр хүнд маш өндөр байдаг. Финляндын бүх шатны бүх багш нар мастер цолтой. Тэнд багш нараа хоёр гурван жил тутам дахин, тасралтгүй бэлтгэж, шинэ технологид сургадаг. Хүүхэд бүр ipad-тай, нэг ангид 20 хүрэхгүй хүүхэд хичээллэдэг.
Р.ХИШИГЖАРГАЛ
Аргын тооллын тавдугаар сарын 4, Ангараг гариг. Билгийн тооллын 23, Тооно одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5:29 цагт мандан, 20:09 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 8-13 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Доржханд “Д.Энхбатыг
монголчуудын оюун
санааны удирдагч
байж чадна гэсэн итгэл
үнэмшлээр сонголоо” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай.
“Хар модот давааны араас Урьхан, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэл хуучин замаараа хөдөлгөөнд оролцох боломжтой” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Супер циклээс яавал
илүүг хүртэх вэ?” хэмээн өгүүллээ.
Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа Шар хадны эцсийн гэр
хорооллоос хүргэж байна. “Ажил, орлогогүй иргэд хатуу хөл хорионы үед зээлээс зээлийн хооронд аргацааж байна” гэв. Энэ тухай сурвалжлагыг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.
Загвар өмсөгч С.Эрдэнэцогт “Би хар
тамхины хэргээр шалгагдаагүй” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6853 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 94 хувь буюу 5972 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 4 хувь буюу 226 нь гомдол, 2 хувь буюу 172 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 95 хувь буюу 6510 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 13,784 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 11,567 буюу нийт дуудлагын 83 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
2021 оны тавдугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг, орон нутагт Орхон, Өвөрхангай аймагт 3 улсын байцаагч нийт 30 зах, дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж ажилласан.
Даваа гаригт Орос, Монголын хил орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлэв.
Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос /225 мянга орчим хүн амтай/ баруун өмнө зүгт 269 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун өмнө зүгт 23 км-ийн зайтай газар 10 км-ийн гүнд байсан байна.
Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн талаар мэдээ байхгүй байна.