Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Д.Энхбатыг монголчуудын оюун санааны удирдагч байж чадна гэсэн итгэл үнэмшлээр сонголоо

УИХын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


Хөдөлмөрийн үндэсний намаас (ХҮН) “Ерөнхийлөгчөө захиалъяхэмээх санал асуулга явуулсан. Үүний үр дүнд ХҮНаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорсон гэж ойлгосон. Санал асуулга хэдий хугацаанд үргэлжилж, хэдэн хүн тодроод байв?

-“Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөн 45 хоногийн хугацаанд үргэлжилж, 20 мянган иргэд саналаа өгсөн. Нийслэлийн бүх дүүрэг,21 аймаг болоод гадаад оронд оршин суугаа монголчууд маш идэвхтэй саналаа өгсөн. Нийтдээ 140 орчим хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхийг санал болгосон. Зарим санал өгч байгаа хүмүүс өөрсдийгөө ч санал болгож байлаа. Энэ дундаас зарчмаа баримтлан таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм. Үүнд Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьсан. Санал тавьсан эрхмүүд маш эерэгээр хүлээн авч гурав нь зөвшөөрсөн хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн ирцтэйгээр хуралдаад гурван хүн дээр нууц санал хураалт явуулсан.66.7 хувийн саналаар Д.Энхбат нэр дэвшихээр баталгаажсан.”Датакомын” Д.Энхбат 1990 онд интернэтийг Монголд анх оруулж ирж танилцуулсан хүн. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Манай эвслээс гэхээсээ илүүтэй монголчуудыг төлөөлж, оюун санааны удирдагч байж, дэлхийн зах зээлд монголчуудыг төлөөлөх хамгийн сайн дипломатч, нэгтгэгч байна гэсэн итгэлээр шийдвэрээ гаргасан.Эрүүл нийгмийг хүссэн, хуулийн өмнө шударга байдаг зөв хүнийг улс төрийн намууд сонгон дэвшүүлдэг байгаасай гэж хүсч байна. Энэ үзэл баримтлал дээр тулгуурлан бид шийдвэр гаргасан. Монголд оюун санааны лидер, гадаад улсад үйл ажиллагаа явуулах, монгол бизнесүүдэд зах зээлийг нь нээж өгөх, залуучуудад итгэл бий болгон сэргээж өгч чадах ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн юм.

Монголчууд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох ёстой. Нэг нам эвслээс сонгохоос илүүтэй нийт монголчуудын төлөөлөл байх ёстой. ХҮН, “Зөв хүн Электорат” эвсэл энэ хөдөлгөөнийг зарлахдаа өөрсдийнхөө нам,эвслийн гишүүнийг дэвшүүлье гэж бодохгүй байсан. Яагаад гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч нийт монголчуудын төрийн тэргүүн, эв нэгдлийнх нь баталгаа байдаг.Бид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Цаашид бид хуулийн хүрээнд ажиллана.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат ХҮНд гишүүнээр орох уу?

-Өөр намын харьяалалтай биш учраас ХҮН-ын гишүүнээр элсэж болно. Элсэхгүй байсан ч болно. Өмнө нь дандаа хоёр намаас Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд намаа төлөөлөөд байдаг жишиг явсаар өдийг хүрлээ. Угтаа Ерөнхийлөгч ард иргэдийн төлөөлөл байх ёстой. Манай намын эрх ашиг бол 30 дугаар асуудал. Монгол Улсын эрх ашгаас давсан нам хувь хүн, бүлэглэлийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тэр утгаараа одоогийн төрийн тэргүүнийг нам бус хүн байгаасай гэж бид үзсэн. Ерөнхийлөгчөөр сонгогдвол бид монголчуудыг нэг зүгт харуулж, оюун санааных нь удирдагч байж чадах, монголчуудыг гадаад зах зээлтэй холбож чаддаг гадаад харилцааны хамгийн сайн мэргэжилтэн байж чадах нэгэн байх шаардлагыг тавина. Улс төрийн намууд нь шударга зөв хүнээ дэвшүүлдэг байгаасай гэх зарчмыг л бид баримталсан. Манайхаас дэвшсэн Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна. Нэр дэвшигчид бүгд энэ шаардлагыг биелүүлж байгаа.

Танай нам 21 аймагт намын үүрүүдээ байгуулсан уу?

-Бид 21 аймагт намынхаа үүрийг байгуулаад явж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бэлтгэл ажлаа хангаж байгаа. 21 аймагт сонгуулийн штабаа байгуулна. Аль болох цахим орчин сошиал сүлжээг ашиглаж сонгуульд оролцох болов уу. Энэ удаагийн сонгууль ковидын нөхцөл байдал хүндрэлтэй цаг үед зохион байгуулагдах нь. Тиймээс иргэдээ нэг газар бөөгнөрүүлэх, цуглуулах, иргэддээ дарамт бухимдал стресс өгөхгүй байхыг хичээнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр бид иргэддээ итгэл найдвар, гэрэл гэгээ өгөхөөр ажиллана. 16 хоногийн турш сонгуулийн сурталчилгаа үргэлжлэхээр нийслэлийн есөн дүүрэг болоод 21 аймгаар явах боломж бололцоо ховор байх болов уу.

С.Ганбаатар гишүүн танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших саналтай байгаагаа илэрхийлсэн юм уу?

-Албан ёсоор саналаа өгөөгүй. Ойр дотныхоо хүнээр танадуулсан зүйл бол бий.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Сонгуультай жил учраас айхавтар том реформын шинжтэй хуулийн төслүүд орж ирэхгүй. Сонгууль дөхөөд ирэхээр иргэдэд таалагдах гэсэн популист байдлаар хуульд хандах гээд байдаг зүйл ажиглагддаг. Тиймээс аль болох реформын шинжтэй хуулийг сонгуулийн өмнө нь батлах нь буруу. Учир нь иргэдэд яавал нэр хүнд олох вэ, хэрхэн саналыг нь авах вэ гэсэн байдлаар хандаад ирэхээр улс оронд хэрэгтэй зөв хууль батлагдахгүй байх эрсдэлтэй. Харин сонгуулийн дараа хэлэлцэж батлах хуулийн төслийг нягт нямбай үзэж хэлэлцүүлэх хэрэгтэй.

Хөл хорио хэр үр дүнтэй болж байна гэж та бодож байна?

-Хөл хорио тогтоогоогүй бол ковидын тархалт улам л хяналтаас гарна. Өнөөгийн нөхцөлд хөл хорио тогтоохоос өөр замгүй. Харин хөл хориотой зэрэгцүүлээд вакцинжуулалтаа хурдацтай өрнүүлэх ёстой. Манайд бэлэн байдал муу байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ч хангалтгүй байна. Одоо ганц найдвар вакцин л байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин үхэр өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 5, Буд гариг. Билгийн тооллын 24, Чөдөр одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5:28 цагт мандан, 20:10 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Зуны уур буух улирал (14:57 цагт) эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм дулаан байна​

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.04) хуралдаан 14.00 цагт 57.8 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний дотор хэлэлцэн баталдаг. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийлээ.

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Улсын Их Хурал, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Дунд хугацаанд ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийн хумьснаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн төсвийн зарлагын чиглэлд дорвитой шинэчлэл шаардлагатай. Төрийн байгууллагын санхүүжилтийг цагийн бүртгэлээр бус хийснээр нь, цаасан тайлангаар бус бодит үр дүнгээр нь, нийлүүлсэн тоогоор бус хүрсэн чанараар нь тооцдог болохоор ажиллана гэлээ.

Энэ хүрээнд эхний ээлжид эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц арга хэмжээг үргэлжлүүлэх юм байна.

Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-дэзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нар төсвийн зардлыг бууруулах ямар арга хэмжээ авах, төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж 2020 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 2022 онд 26 хувиар нэмэгдэхээр тооцсон нь бодитой эсэх, улсын төсөвт тодотгол хийх эсэх талаар асууж тодрууллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Батжаргал нар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг сануулж, дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсөж байгаа таатай цаг үеийг зөв ашиглаж гадаад өрийг багасгах, эдийн засгийг сэргээхэд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулахаар тогтов.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал, дарамт ирэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд чирэгдэлгүй хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулж, УИХ-ын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар соёрхон батлуулсан.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 156.4 сая ам.долларын хоёр төсөл, төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Харин 2021 онд 100 сая ам.долларын эх үүсвэр бүхий төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн болон 40 сая ам.долларын эх үүсвэр бүхий Ковид-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Мөн цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах ажлын хүрээнд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, 2021 оны 07 дугаар сар хүртэл олгох ажлыг дэмжих зорилгоор 73 сая ам.долларын, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах нийгэм хамгааллын хоёр төслийг батлуулахаар төлөвлөжээ.

“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг баталснаар Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 170 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг олгох юм байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү 2 хувь байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байхад анхаарах ёстой сануулж, дахин бонд босгож, зээл авах эсэхийг тодрууллаа.

Азийн хөгжлийн банкнаас авах зээлийг төсвийн дэмжлэг болон цар тахлын эсрэг вакцин худалдан авахад зарцуулна. Гадаад өрийг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа учраас тодорхой зохицуулалтыг хийж ажиллана гэдгийг Сангийн сайд хариултаа онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа. Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөхийг байнгын хорооны гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүд вакцин хийлгэжээ

Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогчид Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоосоо өмнө коронавирусийн вакцин хийлгэжээ.

Багийн гишүүдийн зарим нь Милан хотод вакцин хийлгэсэн бол өөр нэг хэсэг нь Ром хотод байрладаг Халдварт өвчний хүрээлэнд вакциндаа хамрагдсан байна.

Өмнө нь Италийн эрх баригчид Ром хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтуудыг үзэгчидтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн юм. Зургадугаар сарын 1-нээс эхлэн спортын уралдаан тэмцээнүүдэд үзэгчдийг эрүүл ахуйн дүрэм журмыг чанд сахих нөхцөлтэйгээр байлгахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

АН-ын тамгын маргааны давж заалдах шатны шүүх хурал хойшилжээ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний 13:30 цагаас АН-ын тамга тэмдэгийн маргааныг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх товтой байна. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөн хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Categories
мэдээ улс-төр

“Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэл, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа туршлага солилцох цуврал уулзалтын хүрээнд “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт өнөөдөр (2021.05.04) боллоо.

Цахим уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Монгол Улсын парламент цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахыг зорьсон. Энэ эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиуд тодорхой заасан.Мөн 2019 онд баталсан Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлахдаа УИХ-ын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн оролцоог хангах гэж тодорхойлж парламентын үйл ажилллагааг ил тод болгох хүрээнд хийх ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа иргэд, олон нийтийг оролцоог хангах хүрээнд зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийн төсөлд бичгээр болон цахимаар санал өгөх, хуулийн төслийн ажлын хэсэгт оролцох зэрэг хэлбэрүүдийг ашиглаж байна. 2020 оны 12 дугаар сараас эхлэн ил тод, цахим парламент болох зорилтын дагуу “зөвлөлдөх ардчилал” буюу https://za.parliament.mn цахим системийн хүрээнд хууль санаачлагчдад зориулсан www.lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэд, олон нийт санал өгөхөд зориулсан www.lawforum.parliament.mn зэрэг цахим платформыг ашиглаж байна. Иргэдийн хүсэлтийг цахимаар авдаг E-petition системийг нэвтрүүлсэн. Иргэдийн идэвхийг сайжруулахын тулд УИХ-аас Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж, батлахаар ажиллаж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

АНУ-ын Конгрессын гишүүн асан Боб Гүүдлатте парламентын гишүүдэд хууль тогтоох үйл ажиллагаанд тойргийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах уламжлалт болон цахим хэрэгслийг хэрхэн үр дүнтэй, оновчтой ашиглах талаарх туршлагаасаа хуваалцлаа. Мөн цахим уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын үед парламентын гишүүд тойрогтоо ажиллах, иргэдтэй харилцах талаар ярилцаж, санал солилцсон юм.

Парламентын гишүүд сонгогчидтойгоо байнгын харилцаатай байж, тогтмол яриа хэлэлцээ, уулзалт зохион байгуулж, харилцааг нээлттэй байлгаснаар тойргийн сонгогчдоо ойлгох, тэдний оролцоог хангах, сургах, зөвлөлдөх, төлөөлөх боломжтой болно. Мөн парламентын гишүүний хувьд зорилгоо амжилттай биелүүлэхийн тулд үр дүнтэйгээр олон аргыг хольж ашиглах хэрэгтэйг ноён Боб Гүүдлатте илтгэлдээ онцлов.

Ингэснээр бүх сонгогчид тухайн гишүүнээс тогтмол мэдээлэл авч, өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, хүсэлт тавих, дэмжлэг эрэлхийлэх боломжоор хангагдах болно. Дэлхий дахинаа парламентын гишүүд сонгогчдодоо мэдээлэл өгөх, тэдний оролцоог хангах зорилгоор олон төрлийн цахим хэрэгслийг ашиглах нь улам бүр нэмэгдэж байна. Эдгээр хэрэгслүүд нь залуусыг татан оролцуулахад онцгой ач холбогдолтой боловч илүү өргөн хүрээнд олон нийтэд хүрэх томоохон боломжийг олгодог. Мөн. төлөөлөл муутай, мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслийг хангалттай ашиглаж чаддаггүй бүлэг, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүрч ажиллахад анхаарах хэрэгтэй болохыг хэллээ.“Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Булгантуяа, Д.Цогтбаатар, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Н.Наранбаатар, Н.Учрал, Г.Ганболд Ж.Сүхбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон Тамгын газрын ажилтнууд нийт гаруй 50 хүн оролцов.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ парламентын ардчиллыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаад АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, БНОУХ-д талархлаа илрэхийлж дараагийн мэдээлэл солилцох цахим уулзалтыг “Парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах нь” сэдвээр зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Тавдугаар сарын 8-наас томоохон худалдааны төвүүдийг нээхгүй, долоо хоног сунгахаар төлөвлөж байна

Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөөд буй. Тус комиссын Ажлын зөвлөл эхний байдлаар журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд хөл хориог бүрэн сулруулахгүй байх хувилбарыг ярьжээ.

Учир нь өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо буурахгүй байгаа тул бүх үйл ажиллагааг зэрэг нээх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, УОК-оос том худалдааны төвүүдийг энэ сарын 8-аас нээхгүй, дахин долоо хоног сунгах саналыг гаргаад байгаа аж. Харин үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний газрыг нээхээр төлөвлөжээ.

Цаашид халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. Эл асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар батлуулах аж. Өнөө орой УОК-ын Ажлын зөвлөл дахин хуралдах юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Fortnite өнгөрсөн жил 5 тэрбум ам.долларын ашиг олжээ

АНУ-д байрлалтай “Epic Games” компанийн 2017 онд нийтэд зарласан “Fortnite” тоглоом хүүхэд залуусын дунд ихээхэн алдаршаад байгаа билээ.

App Store-оос олдог орлого нь нэмэгдэх үед Apple компанитай шүүхийн маргаанд хүрсэн тус тоглоом нээлтээ хийсэн эхний жилдээ буюу 2018 онд 5 тэрбум ам.долларын (14.2 их наяд төгрөг) ашиг олсон юм.

2019 онд ашгийн хэмжээ нэг тэрбумаар буураад байсан тоглоомын орлого 2020 онд 3.6 тэрбум болж буурах төлөвтэй байв. Гэвч саяхан гаргасан тайлангаар 2020 оны ашгийн хэмжээ 5.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхий даяар 3200 гаруй ажилтантай Epic Games компанийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ нь 2018, 2019 онд нийт 235 сая ам.долларын орлого оруулсан нь “Fortnite” ямар чухал бүтээл болох нь харагдана.

Тиймдээ ч Apple-ийн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр App Store-оос хассан тус тоглоомыг iPhone хэрэглэгчдэд хүргэхийн тулд шүүх дээр хүчтэй маргаан дэгдээд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Оюу Толгой төслийн талаар сөрөг нэхэмжлэл гаргажээ

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо өнөөдөр хуралдав.

Түр хорооны хуралдаанаар “Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ажлын багийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонсов.

Засгийн газрын мэдээллийг Ажлын багийн дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Ажлын ерөнхий төлөвлөгөө баталсан. Энэ онд Ажлын баг санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах, Засгийн газрын яриа хэлэлцээний явц байдлыг УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганд танилцуулахаар төлөвлөсөн. Мөн хоёр талын уулзалтууд зохион байгуулахаас гадна зөвлөхийн гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, АНУ-ын Акип Гамп хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын Фихтнер компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байна.

Маргааны хувьд, одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сарын 30-нд арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан. Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойс Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зэрэг багтаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг дөрөвдүгээр сарын 9-нд хөрөнгө оруулалтын нэмэлт зээлийн хэлэлцээр хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркт шалгаж байгаа. Мөн Оюу Толгой далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн, удахгүй танилцуулна гэв.