Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 6 суманд нийт 7 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 1.5 /га/, хээрийн 20.410 /га/ нийт 20.412 /га/ талбай өртсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сард Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгууд ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюултай байна.

Нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй байгаа тул ой, хээрт ил гал түлэхгүй байх, тамхи, чүдэнзний гал, дууссан гал асаагуурыг /зажигалки/ ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“​Альтернатив” Отгоо “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаажээ

“Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэг өнөөдөр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо орон зайгаа бий болгож чадсан түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон бүтээл нь залуусын дуулах дуртай дууны нэг болсон.

Авьяаслаг дуучин бүсгүйн хувьд 30 насныхаа босгонд гэр бүлийн амьдрал зохиож байсан бол одоо дөрвөн хүүхдийн ээж болсон. Тэрбээр өнгөрөгч 2019 оноос уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Энэ үеэр цоо шинэхэн пянзаа гаргаад амжсан юм.

Тэрбээр News агентлагт өгсөн ярилцлагадаа “Хамгийн сүүлд 2008 онд өөрийн бие даасан тоглолтоо хийснээсээ хойш гэр бүлийн амьдралдаа анхаарч, чимээгүй байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ганц нэг дуугаа дуулж, 2014 онд өөрийн гурав дахь “Chillout” цомгоо гаргасан. Гэр бүлийнхэндээ илүү цаг зарцуулахын хажуугаар уран бүтээлээ хийж байсан учраас мэдэх хүмүүст маань л хүрсэн болов уу. Харин энэ удаа уран бүтээлийнхээ ажилд илүү шаргуу орж байна” гэдгээ хэлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Дэргэдээ хүлэмжтэй цэцэрлэг

Цахим орчинд Баянзүрх дүүргийн 255 дугаар цэцэрлэгийн гадна тохижилтын талаар эерэг мэдээлэл түгээд байсан билээ. Тус цэцэрлэг нь гадна талбайдаа хүлэмж байгуулж хүүхдүүдээ эрүүл хүнсээр хангадаг юм байна.

Баянзүрх дүүргийн 255 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Цэцэгээтэй ярилцлаа.


Танай цэцэрлэг хашаандаа хүлэмжтэй болсон гэж дуулсан. Хэзээнээс хүлэмжтэй болсон бэ?

-Манай цэцэрлэг 2019 онд ашиглалтад орсон. Үйл ажиллагаа маань явагдаад удаагүй байна. Гадна талбайн тохижилтоо 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай хийж байсан. Энэ төсөлд хүлэмжийн ажил багтсан байсан юм.

Хүлэмждээ хэдэн төрлийн хүнсний ногоо тарьж байгаа вэ?

-Бид цэцэрлэгийнхээ дөрвөн бүлэг, гал тогоогоо оруулаад таван хэсэгт хуваарилж хийсэн. Ингэхдээ өргөст хэмх, помидор, сонгино, сармис зэргийг тарьсан. Багш ажилчид маань хүүхдүүдээ эрүүл хүнсээр хангахын тулд биечлэн оролцож байгаа.

-Хүнс ногоогоо өөрсдөө тариалснаар, худалдан авахгүй байх нөхцөл бүрджээ. Өөр ямар давуу талууд гарч байна?

-Тарьсан ногоогоо хүүхдүүдийнхээ хоолонд хачир, салат хийж өгдөг. Сонгино, сармисыг дархлаа дэмжих зорилгоор байнга хэрэглэнэ. Ойр зуурын хүнс ногоогоо өөрсдөө тарих нь эрүүл хүнсээр хангагдана гэсэн үг. Мөн төсөвт ч нэлээд хэмнэлттэй байгаа. Эцэг эхчүүдэд маань их дэмждэг.

Цаашдаа жимс ногоо нэмж тариалах уу?

-Энэ жил шинэ ногоонууд нэмж тарих төлөвлөгөөтэй байгаа. Одоо цэцэрлэг дотроо үрсэлгээгээ хийсэн. Зургадугаар сард дулаан орохоор хүлэмжиндээ суулгана даа.

Гадна тохижилт их өвөрмөц юм?

-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөлд хамрагдаж зүлэг, хүлэмж, мод, тоглоомын талбай зэргийг байгуулаад буй.

-Хөл хорионы үед танай цэцэрлэгийн үйл ажиллагаа яаж явагдаж байна?

-Багш нар гэрээсээ цахимаар, хамгаалагчид цэцэрлэг дээр ирж ажиллаж байгаа. Хариуцлагатай жижүүр гээд өдөрт нэг хүн ирдэг.

-Цахимаар хичээллэх хэр үр дүнтэй байна вэ?

Нэг хэсэг хатуу хөл хорио тогтоосон үед хүүхдүүд хичээлдээ идэвхтэй оролцдог байсан. Харин хөл хорионы дэглэм буурч аав ээж нь ажилдаа яваад хүүхдүүд ах эгч, эмээ өвөөтэйгөө үлдээд ирэхээр хичээлд оролцохгүй байх, идэвх санаачлага нь буурсан үзүүлэлттэй байгаа.

Н.Цогзолмаа


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN- ТОДРУУЛГА: Шадар сайдын “Эмчилгээний багц” 10 мянга гаруй төгрөгийн үнэтэй байна

Шадар сайдын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-ээс гэрийн тусгаарлалтанд орсон иргэдэд халуунаа хэмжиж өрхийн эмчидээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах эм, дархлаа сэргээх витаминаас бүрдсэн Эмчилгээний багцыг олгоод буй.

Тэгвэл тус багцад байгаа эмийн нэг бүрийн үнийг Монос эмийн сангаас тодрууллаа.


Үүнд, Халуун хэмжигч, Парацетамол, Витамин С-1000, Витамин Д-2000 зэргийг дээрх зурганд байгаагаар бодоход 10 мянга гаруй төгрөг болж байгаа юм.

Витамин С-1000 No.110 Шахмал – 21st Century Health Care, Inc-38500 төгрөг

Витамин Д-2000 №110 Шахмал – 21st Century Health Care, Inc-34000 төгрөг
Халуун хэмжигч DMT-101 – Bioland Technology LTD-5500 төгрөг

Парацетамол 500мг №10 Шахмал – 600 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Үүнийг тооцоолоод үзэхэд, Витамин С-1000 110 шахмал – 38500 юм бол 7*350= 2450 төгрөг

Витамин Д-2000 110 шахмал- 3400 гэвэл 310*6= 1860 төгрөг болно.

Парацетамол 10 шахмал 600 , 60*10=600 нийт дүнг бодоход 10 мянга гаруй төгрөг гэж тооцохоор байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Ганзориг: Сүүлийн хэрэг бидэнд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд нэлээд түлхэц болсон

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдааны үеэр мэдээлэл өглөө.

Тэрээр, Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгдлүүд дангаараа шийдэж чадахгүй. Төрийн цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байна.

Гуравдугаар сарын 28, 29-нд болсон ёсзүйгүй үйл явдал болсон Үүний дагуу салан захирагч Г-г цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Сүүлийн хэрэгтэй холбоотой асуудал бидэнд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр бидэнд нэлээд түлхэц болсон.

Ер нь хүний амь настай холбоотой гэхээс илүү ёс зүйгүй харьцааны асуудал манайд гарч байсан. үүний тоон үзүүлэлтэд 5 жилээр судалгаа хийсэн. Хамгийн оргил үе нь 2018-2019 онд гарч байсан.

Зэвсэгт хүчинд алба хаахаар орж ирж буй хүмүүс бүх нийгмийн давхаргаас ирж байгаа. 2016-2020 онд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал 62 болсон, энэ хугацаанд 2 хүн амь насаа алдсан. Цэргийн бие бүрэлдэхүүн ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Зэвсэгт хүчин рүү ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй.

Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйчээр ажилладаг хүмүүс байгаа ч мэргэшсэн нь нэг бий. Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна.

Хохирсон цэргийн гэр бүлд тэтгэмж өгөхийг хууль эрх зүйн хүрээнд өгнө. Ахлагчийн албан тушаалын цалингаар тооцож өгнө. Хүний амь насыг мөнгөөр хэмжээгүй юм шүү. Хэрэг гарах үед байсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн.

Categories
мэдээ нийгэм

​15 цагийн байдлаар 19590 иргэнийг вакцинжуулжээ

15 цагийн байдлаар 19590 иргэнийг вакцинжуулалтад хамрууллаа.

Нийслэлээс гадна Дархан, Говьсүмбэр, Төв, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Булган зэрэг 10 аймагт вакцинжуулалтын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн 09 цагийн байдлаар 40,381 иргэнийг вакцинжуулжээ.
Categories
мэдээ нийгэм

Хүн амины ноцтой хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг цагдан хорьжээ

Сүүлийн үед гарсан хүн амины гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэргийн явцын талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өглөө.

Тодруулбал,

2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй хамтран амьдрагчийнхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээллийг түүний ар гэрээс Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан өгчээ. Тус цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад сураггүй алга болсон тухайн иргэнийг СХД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдлаар олсон байна.

Уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад амь хохирогчийг хувиараа такси үйлчилгээнд явдаг СХД-т оршин суух хаягтай, 23 настай эрэгтэй дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироосон байж болзошгүй болохыг алба хаагчид урьдчилсан байдлаар тогтоосон байна. Иймд сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжилж байгаа аж. Сэжигтэн нь урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-нөөс 5-ныг шилжих шөнө түргэн тусламжийн эмчээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл шөнийн 03:00 цагт бүртгэгджээ. Хэргийн газрын үзлэгээр Налайх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар амь хохирогч болох 23 настай эрэгтэй, Орхон аймгийн харьяат иргэн цээжин тус газраа хутгалуулж, гаднын нөлөөтэй нас барсан байна.

Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай 23 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, тус этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүртэй нэртэй “Эмчилгээний багц”-ын чинь үнэ хэд вэ, Шадар сайд аа!

Сүртэй нэртэй “Эмчилгээний багц”-ын чинь үнэ хэд вэ, Шадар сайд аа!

Энэ бол гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд өгөх “Эмчилгээний багц” гэдэг сүртэй нэртэй эмчилгээний зорилгоор өгөх тусламж юм байна. Шадар сайдын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-өөс гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд халуунаа хэмжиж өрхийн эмчдээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах эм, дархлаа сэргээх витаминаас бүрдсэн Эмчилгээний багцыг олгож эхэлжээ.

Харин иргэд энэ багцад сэтгэл дундуур байгаагаа сошиалд илэрхийлсээр байна. “Энэ тэгээд өнөө 8 саяын эмчилгээ юу. Ядаж эмээ 14 хоногоор өгч болсонгүй юу”, “Энэ багцын чинь үнэ нь хэд вэ, Шадар сайд аа”, “Ийм юмаар ард түмнийг хуурч, бүү тохуурх”, “Ард түмнийг хямдхан халууны шилээр хуурч гэр бүлийн асуудлаа намдаана гэж битгий эндүүр” зэргээр байр сууриа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Ганзориг: Хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй байна

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдаж байна.

Хүний эрхийн үндэсний комиссод гомдол мэдээлэл цэргийн алба хаагчаас ирээгүй нь гомдол мэдээллийг цэргийн байгууллага дотооддоо шийддэгтэй холбоотой. Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байгаа гэж ХЭҮК-оос мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Дарангуйлагч дэглэмийн үлдэгдэл, хэвшмэл ойлголтыг халах ёстой. Ямар асуудал болохгүй болоод цэргийн дэг байсаар байна вэ? Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар дүрэм гарсан. Тухайлбал цэргийн алба хаагч цол харгалзахгүйгээр дүрмээ биелүүлнэ. Ёс зүй, сахилга зөрчвөл хариуцлага хүлээнэ. Цэргийн ангид сэтгэл зүйч офицер гэж ажиллана гэж заасан. Гэтэл дүрэм яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ. Хүний эрхийн үндэсний комисст цэргийн алба хаагчтай холбоотой хэчнээн гомдол ирсэн бэ?

Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрэмд захирагддаг. Энэхүү дүрэмд цэргийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг зааж өгсөн байдаг. Яагаад дүрэм хэрэгжихгүй байна вэ гэдэгт цаг хугацааны хувьд та бүгдийн дэмжлэг хэрэгтэй байна.

2016-2020 онд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал 62 болсон, энэ хугацаанд 2 хүн амь насаа алдсан. Цэргийн бие бүрэлдэхүүн ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Зэвсэгт хүчин рүү ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй байна” гэв.

Мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байрлалд танкийн ротын захирагч ахлах дэслэгч н.Энхбаярын өгсөн үүргийн дагуу тус ротын механикч, жолооч дэд ахлагч н.Ванданлхагва ротын 17 цэргийг хөнжил, гудсыг нь үүрүүлэн гүйлгэж байх явцад байлдаж н.Алтантулга бие нь муудсаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдсон алба хаагчид зургаан сараас таван жилийн хорих ял авсан.

Дараагийн хүний амь настай холбоотой хэрэг 2019 оны есдүгээр сард 12-нд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан. Өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас байлдагч н.Наранбаяр өвс авчсан машин дээрээс унаж нас барсан. Энэ хэрэгтэй холбоотой асуудал шийдэгдээд явж байгаа.

Дараагийн хэрэг бол энэ оны гуравдугаар сарын 28, 29-нд гарсан ёс зүйгүй хэрэг. Тухайн салаан захирагч Г-г цагдаагийн байгууллагад шилүүлсэн, хариуцлагаа хүлээгээд явна.

Сүүлийн гарсан хэрэг бидэнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нэлээд түлхэц өгсөн. Ер нь хүний амь настай холбоотой гэхээсээ илүү ёс зүйн харилцааны асуудал алба хаагчид дунд гарч байсан. Үүнтэй холбоотой сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтээр бид судалгаа хийж үзсэн. Хамгийн оргил үе нь 2018, 2019 онд байсан. Түүнээс хойш энэ үзүүлэлт 50 хувь буурсан. Холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа, үр дүн гарна гэж бодож байна.

Цэргийн амь насыг хэнээс нэхэх вэ гэж байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох албан тушаалтан хариуцлагаа хүлээнэ. Энэ дээр бид ямар нэгэн хаацайлалт хийж, хэргийг хөнгөвчлөх асуудал гаргахгүй.

Зэвсэгт хүчинд гарч байгаа ёс зүй, хүний амь настай холбоотой асуудлыг бид нар дангаараа шийдэж чадахгүй. Цэргийн ангийн удирдлага хичнээн сайн ажилласан ч энэ асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүй гэж үнэнээ хэлье. Энэ асуудлаар хуралдаан зохион байгуулж байгаа УИХ-ын эмэгтэй гишүүддээ баярлалаа гэж хэлэхээс өөр үг надад алга.

Манай зэвсэгт хүчин бол нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Нийгэмд болж байгаа бүх үйл явдал манай энэ салбарт болж байдаг гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрөөч” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.06) хуралдаан 10 цаг 10 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдааны эхэнд хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Монгол Улсын Их Хурал 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүн нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” нь зөвхөн Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг бүрэн эрхийн хугацаа нь нэгэн адил дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүсэхэд тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлсэн болохыг Ө.Шижир дарга танилцуулав.

Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Цэцийн …гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн маш тодорхой хуулийн заалтыг зөрчиж, Улсын дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй, түүнчлэн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд огт нийцэхгүй байна гэж хоригт дурджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Улсын Их Хурал тодорхой албан тушаалтныг томилж буй шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих нь оновчтой эсэх дээр тал бүрдээ тунгаах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлж байв. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал томилдог. Гэтэл Ерөнхийлөгч ийм байдлаар буюу өөрийн санал болгохоос бусад зургаан гишүүний томилгооны шийдвэрт хориг тавих хэлбэрээр оролцох юм бол Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөл тогтоох нь гэдэг тайлбар хийж болохуйц эрх зүйн гаргалгаа хийж болохоор байна хэмээн тэрбээр хэлсэн. Төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулахуйц нөхцөл үүсгэж болохгүй гэж үзэж байгаагаа Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлээд холбогдох тайлбарыг хэлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих” үндсэн бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр заасан байдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дурдав. Түүнчлэн энэ удаа хэн нэгэн хүний томилгоотой холбогдуулж Ерөнхийлөгч хориг тавиагүй гэдгийг Ө.Шижир дарга онцлоод “Чөлөөлөгдөх болзол хангасан хоёр гишүүний хэнийг нь чөлөөж байгаагаа Улсын дээд шүүх санал дээрээ тодорхойлоогүй байгаа” гэдэг хариултыг өгсөн.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоотой холбоотой шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлд анхаарахгүйгээр, улс төр гэж хандаад байгаа гэх шүүмжлэлийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэлж байлаа. Томилгооны хугацаа нь дуусаад 1.4 жил болсон дээрх гишүүдийг чөлөөлөх, орны томилгоог хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд Улсын Их Хурал байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Улсын дээд шүүхэд үүнтэй холбоотой шаардлагыг тогтмол хүргүүлсээр байсныг хуралдааны үеэр дурдав. Нөгөөтэйгүүр, Улсын дээд шүүх ч Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл явцыг дүрэм журмаараа явуулсны үр дүнд олонхын санал авсан нэрийг ирүүлснийг анхаарах нь зүйтэй гэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ш.Цогтоогийн асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээгүй гэх буруутгал нь үндэслэлгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд Байнгын хороо томилгоог хэлэлцдэг байсан туршлагыг эргэж харах, шаардлагатай бол баримтуудыг нягтлахыг санал болгов. Чөлөөлөх, томилох асуудлыг нэгбүрчлэн яриад, чуулганы хуралдаан дээр томилох нь дэмжигдэхгүй, чөлөөлөх нь дэмжигдэх юм бол орон гарах асуудал үүснэ. Тиймээс төрийн ажлын залгамж чанарыг хангах үүднээс Цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн тохиолдолд чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хамт шийдвэрлэдэг дэгтэйг тайлбарлалаа. Харин Цэц дээрх тодорхой нэг маргаан, асуудалтай холбогдуулж гишүүдийг нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Цэцийн гишүүний үйл ажиллагаа, оролцсон маргаан бүрийг эцэслэхийг хүлээж хэнийг нь чөлөөлж чадахгүй, Үндсэн хуулийн цэцийн гишүүд чөлөөлөгдөхгүй байх нөхцөл үүснэ гэдгийг тайлбарласан.

Хэлэлцэж буй асуудлаар холбогдох тодруулгыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 бүлгийн 15.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” гэж заасан байдаг. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Ажлын хэсэг байгууллаа

Дараа нь ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах, тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулах танилцуулгыг С.Бямбацогт дарга танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны даргын дээрх танилцуулцгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 9 нь дэмжлээ.

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав

Хуралдааны төгсгөлд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч М.Мөнхбатыг нэмэхээр төсөлд тусган байна. Байнгын хорооны даргын энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад ажлын хэсгийн гишүүн, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх хариулт өгсөн.

Дараа нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 7 нь Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч М.Мөнхбатыг Монголын Хуульчдын холбооноос санал болгосны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг дэмжиж, холбогдох тогтоолыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.